Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 66

 

Э.З-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 218 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 71 дүгээр магадлалтай, 201709000157 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаагийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний орчуулагч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Э-ийн З нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан “Догшин авирлан танхайрах” гэмт хэрэгт холбогджээ. 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар Э.З-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж 2 сарын хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.З-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа гаргасан гомдолдоо “...Хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарын хүсэлтээр анхан шатны шүүх хурлыг хоёр удаа хойшлуулж, гурав дахь удаагаа шүүх хуралдааныг товлож хэргийг хянан шийдвэрлэсэн. Уг шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчийг 20-55 минут хүлээгээд ирээгүй тул “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан” гэсэн үндэслэлээр хэргийн бусад оролцогч нарын хүсэлтийг үндэслэж хурлыг хийсэн. Өмгөөлөгч Б.Тэнгис Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу “шүүхийн товлосон хугацаанд өмгөөлөгч оролцоно. Хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүй бол урьдчилж мэдэгдэнэ” гэсэн заалтыг зөрчсөн. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “шүүх 1-2 цаг хүлээнэ” гэсэн хуулийн зохицуулалт байхгүй байтал давж заалдах шатны шүүхийн магадлалд “анхан шатны шүүх 1-2 цаг өмгөөлөгчийг хүлээж хохирогчийг өмгөөлүүлэх эрхээр хангах боломжтой” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Энэ байдлаас үзэхэд шүүх хурлыг товлоход цаг заах шаардлагагүй болж өмгөөлөгч шүүх хуралдаанд ирсэн үед л шүүх хуралдааныг явуулахаар болж байгаа мэт харагдуулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар хэргийг анхан шатны шүүх зөв шийдвэрлэсэн. Мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн  6.1-6.17-г дуустал заагдсан гомдол, хүсэлт, саналыг хохирогч болон шүүгдэгч тал гаргалгүйгээр анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэж шүүгдэгч Э.Зол-Эрдэнийн гэм бурууг тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна. Дээрх санал, хүсэлт, гомдлыг хохирогч болон шүүгдэгч тал хэн аль нь гаргаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Б.Тэнгис хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад тулгуурлан зөв шийдвэр гаргасан. Миний бие тухайн шүүх хурлын өмнөх өдөр Булган аймагт шүүх хуралдаантай байсан бөгөөд тэндээс шууд наашлан хуралдаанд 25 минут хоцорч ирсэн. Хохирогч Б.Б өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байгаагаа шүүх бүрэлдэхүүнд хэлсэн байдаг. Хурал давхацсан гэсэн шалтгаанаар нэг удаа би хурлыг хойшлуулсан. Миний бие анхан шатны шүүх хэргийн үйл баримтад  дүгнэлт хийхдээ хэт нэг талыг барьсан байна гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргасан. Шүүгдэгч Э.З-тэй хамт явсан М гэгч нь шүүгдэгчтэй үгсэн тохиролцоогүй ч үйлдлээрээ нэгдэн оролцсон шинж байна. Үүнтэй холбоотой мөрдөн байцаалтын ажил дутуу хийгдсэн талаар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо тодорхой дурдсан. Давж заалдах шатны шүүх хэргийг тал бүрээс нь бодитой дүгнэж, “өмгөөлөгчийн гаргасан гомдол хууль зүйн үндэслэлтэй, шүүх хуралдааныг хохирогчийн өмгөөлөгчөөр хангаж оролцуулах нөхцөл байдал үүссэн байхад ханган шийдвэрлэлгүй шүүх хуралдааныг явуулсан нь хууль зөрчсөн” гэсэн дүгнэлт гаргасан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд прокурор Х.Батчимэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Хэргийн үйл баримтад дүгнэлт хийж байхад М-ын оролцоо харагддаг. Гэвч 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 56 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгосон байдаг. Мөрдөн байцаалтын шатанд нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлгээс үзэхэд М гэгч хохирогч Б.Б-ыг бүлэглэн зодсон үйлдэл, оролцоо харагддаг. Иймд хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэлтэй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаагийн гаргасан гомдлыг үндэслэн Э.З-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “хохирогч өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.З-д холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ хохирогч Б.Б-ын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

Хохирогч Б.Б нь анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргаж, түүний өмгөөлөгч шүүх хуралдаан товлогдсон цагаас хоцорч ирж байгаа шалтгаанаа тайлбарлаж шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ илэрхийлсээр байхад үл харгалзан хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчжээ.

Мөн хохирогчийн мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд З.М-ын энэ хэрэгт оролцсон оролцооны талаар өгсөн мэдүүлгүүд, хохирогчийг З.М-тай нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тодорхойлоогүй нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Давж заалдах шатны шүүх дээрх зөрчлүүдийг арилгуулахаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлтэй гэж дүгнэв.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 71 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                     

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН