Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2016/0205/З |
Дугаар | 154 |
Огноо | 2017-05-01 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 154
Д.Загд-Очирын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насандэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Түвшинтамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батзориг, гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Давхарбаяр нарыг оролцуулан хийж, Д.Загд-Очирын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1037 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0153 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1037 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Мфикс капитал” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Blue sky хотхонд байрлах 44В байрны 66, 67 тоот авто зогсоолуудын улсын бүртгэлийн Ү-2206014127, Ү-2206014128 дугааруудтай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000104090, 000104091 дугаартай бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгож, тус авто зогсоолуудын өмчлөгчөөр иргэн Д.Загд-Очирыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх зогсоолуудын өмчлөх эрхийг Д.Загд-Очирын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгохыг Хан-Уул дүүргийн Эрхийн улсын бүртгэлийн тасагт даалгах шаардлага бүхий нэхэмжлэгч Д.Загд-Очирын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0153 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1037 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насандэлгэр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0153 дугаар магадлал нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул эс зөвшөөрч, хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
1. Давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд: Давж заалдах шатны шүүх иргэн Д.Загд-Очирын өмчлөлийн 44В байрны 66, 67 тоот авто зогсоолуудыг “Мфикс капитал” ХХК болон “Капитрон банк” ХХК нарын хооронд байгуулагдсан 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Зээлийн барьцааны гэрээ”-гээр барьцаалагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь, дээрх “Зээлийн барьцааны гэрээ”-ний барьцааны зүйл болох 205 ширхэг авто зогсоол нь 2007 онд бий болоогүй байсан ба бие даасан үл хөдлөх хөрөнгөөр 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр анх удаа улсын бүртгэлд бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан атал “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 28 дугаар зүйлийн 28.4-д “Энэ хуулийн 28.2-т заасан эрхийн улсын бүртгэлийг уг барьцаагаар үүрэгжсэн өмчлөх эрхийн бүртгэлтэй нэгэн зэрэг хийнэ” гэж заасан хуулийн заалтыг баримтлалгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Зүй нь, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан хариуцагч байгууллагын татгалзлын үндэслэл болж буй барьцааны гэрээний бүртгэлийн асуудалд дүгнэлт хийхдээ 2007 онд барьцаагаар үүрэгжсэн хөрөнгө бий болсон байсан эсэх, хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэхэд анхаарал хандуулж шийдвэрлэх ёстой байсан. “Капитрон банк” ХХК, “Мфикс капитал” ХХК нар нь нэхэмжлэгчийн өмчлөлийн 66, 67 тоот авто зогсоолуудын 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулсан атал 2007 оны барьцааны гэрээгээр авто зогсоолуудыг барьцаалсан гэж дүгнэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-д заасныг баримтлаагүй нь үндэслэлгүй байна.
2. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлд “Энэхүү хуулийн зорилт нь улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоотой холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 2 дугаар зүйлийн 2.1-д “Улсын бүртгэлийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Иргэний бүртгэлийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Статистикийн тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн актаас бүрдэнэ” гэж тус тус заасан байдаг.
Гэтэл давж заалдах шатны шүүх улсын бүртгэлийн харилцааг нэгтгэн зохицуулсан ерөнхий хууль буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18.1.8 болон 18.1.10-д заасныг үндэслэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ тухайн маргаан бүхий харилцааг нарийвчлан зохицуулсан Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1.9-д заасныг баримтлаагүй байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1.9-д “Мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн тэр нь хүчинтэй байгаа бол улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, буцаана”, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох барилга байгууламж, хөлөг онгоц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 182.1-д заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасан. Иймд, дээрх хуулийн 14.1.9-д заасан “өмнө бүртгэгдсэн эрх” гэдэгт “Мфикс капитал” ХХК-ийн авто зогсоолуудын өмчлөх эрхийн бүртгэлийг ойлгох бөгөөд уг хуулийн 3 дугаар зүйлд заасан барьцаа, түрээс, сервитут зэрэг эрхийн бүртгэлийн хэсгийг 2009 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон юм.
Гуравдагч этгээд “Мфикс капитал” ХХК нь өмчлөх эрхийн бүртгэлийг иргэн Д.Загд-Очирын нэр дээр бүртгэхэд татгалзах зүйлгүй талаар удаа дараа тайлбар гаргаж, хүлээн зөвшөөрч энэ талаар гарсан шүүхийн хүчин төгөлдөр захирамж байсаар атал анхан болон давж заалдах шатны шүүх “Капитрон банк”-ны барьцааны эрхийн бүртгэлийг үндэслэж нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан хариуцагч байгууллагын үйлдлийг зөвтгөх хууль зүйн үндэслэл байхгүй байна.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн магадлалдаа Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан “...хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрлийг заавал авсан байх” гэснийг баримтлан иргэн Д.Загд-Очирыг “Капитрон банк” ХХК-аас зөвшөөрөл авч, бүртгүүлэх боломжтой гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Иргэн Д.Загд-Очир нь “Мфикс капитал” ХХК-тай 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдөр “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, гэрээний үүргээ 2008 оны 07 дугаар сарын 08-ны өдөр бүрэн биелүүлж, төлбөр тооцоог барагдуулсан байх буюу нэхэмжлэгчийн өмчлөх эрх “Капитрон банк” ХХК-ийн барьцааны эрхээс өмнө үүссэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд тодорхой байна. Гэтэл иргэн Д.Загд-Очирын өмчлөх эрхээс хойш бий болсон, нэхэмжлэгчийн хууль ёсны зөвшөөрлийг авалгүйгээр хийгдсэн “Капитрон банк” ХХК болон “Мфикс капитал” ХХК нарын хооронд байгуулагдсан “Зээлийн барьцааны гэрээ”-ний барьцаалагч этгээд болох банкийг Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох этгээд”-д хамааруулж, шийдвэр гаргасан нь үндэслэлгүй, “Капитрон банк” ХХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах эсэх асуудал, өмчлөгч өөрчлөгдсөн ч барьцааны эрх нь хүчин төгөлдөр байх эсэх асуудлыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой. Гэтэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу өмчлөх эрхээ бүртгүүлэхээр гаргасан иргэний мэдүүлгийг хуульд заагаагүй үндэслэлээр буюу Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1.9-д заасныг баримтлан, хариуцагч байгууллага татгалзаж байгаа нь буруу байна.
Иймд, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1037 дугаар шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0153 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.Загд-Очирын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...барьцааны зүйл болох 205 ширхэг авто зогсоол нь 2007 онд бий болоогүй байсан, бие даасан үл хөдлөх хөрөнгөөр 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр анх удаа улсын бүртгэлд бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан, ...өмчлөх эрхийг Д.Загд-Очирын нэр дээр бүртгэхэд “Мфикс Капитал” ХХК нь татгалзаагүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан, ...шүүхийн хүчин төгөлдөр захирамж байхад “Капитрон банк”-ны барьцааны эрхийн бүртгэлийг үндэслэж нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан нь хууль бус” гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.Загд-Очир, гуравдагч этгээд “Мфикс капитал” ХХК-ийн хооронд байгуулсан 2008 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 101 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу баригдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Blue Sky хотхонд байрлах 44В байрны зоорийн давхарт байрлах 66, 67 тоот автомашины зогсоолууд нь “Мфикс капитал” ХХК болон Капитрон банкны хооронд 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Т07/141 тоот зээлийн болон барьцааны гэрээний дагуу барьцаалсан үл хөдлөх хөрөнгөнд багтсан байна.
Тухайлбал, дээрх Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээний 3.1-д зааснаар талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлийн барьцаанд зээлээр санхүүжүүлэн барих 5 блок 120 айлын орон сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт, 205 автомашины гарааш зэргийг барьцаалсан, улмаар 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Т07/252 тоот зээлийн барьцааны гэрээгээр 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга болох 44В,44Г байрны барилга, газар зэргийг тус тус барьцаалсан, тус барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэлтэй байжээ.
Түүнчлэн, дээрх зээл, зээлийн барьцааны гэрээнд заасан нэмэлт, өөрчлөлт оруулах нөхцөлийн дагуу Капитрон банкны шаардсанаар гуравдагч этгээд “Мфикс капитал” ХХК нь дээрх, зээлийн хөрөнгөөр санхүүжин баригдсан барилгын 44А,Б,В,Г байрны доор баригдсан автомашины 205 зогсоолын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлэхээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлэг гаргасныг үндэслэн авто зогсоолуудын өмчлөх эрхийг тус компанийн нэр дээр бүртгэсний дотор 66, 67 дугаар зогсоол багтсан бөгөөд эдгээр зогсоолыг үл хөдлөх хөрөнгийн Ү-2206014127, Ү-2206014128 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000104090, 000104091 дугаарын гэрчилгээ олгосон байна.
Улмаар 205 автомашины зогсоолыг “Мфикс капитал” ХХК-ийн Капитрон банктай байгуулсан 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон, Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г шинэчлэн байгуулж, уг гэрээний дагуу автомашины зогсоол тус бүрээр Капитрон банкинд барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлсэн, уг бүртгэл хүчинтэй байна.
Иймд бүртгэлийн байгууллага, нэхэмжлэгч Д.Загд-Очирыг маргаан бүхий авто зогсоолуудын өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д заасантай нийцсэн, хариуцагч хууль зөрчөөгүй талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.
Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг тодорхойлсон ба 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглоно” гэж заасан, мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж буцаахаар заажээ.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт өнөөдрийг хүртэл маргаан бүхий Blue Sky хотхонд байрлах 44В байрны зоорийн давхарт байрлах 66, 67 тоот автомашины зогсоолуудыг барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ бүртгэлтэй тул бүртгэлийн байгууллага хуулийн дээрх заалтыг баримтлан өмчлөх эрхээ бүртгүүлэхээр 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гаргасан Д.Загд-Очирын мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.
Түүнчлэн, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар, мөн 19.2-т эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд зөрчигдөж болох этгээдийн зөвшөөрлийг заавал авсан байх, зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байх гэж хуульчилжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 1537 дугаар захирамжаар 44В байрны 66, 67 тоот авто зогсоолуудын өмчлөгчөөр Д.Загд-Очир тогтоогдсон, тэрээр уг шийдвэрийн дагуу тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авах эрхтэй боловч тухайн хөрөнгийн өмчлөгчөөр “Мфикс капитал” ХХК-ийг 2010 онд бүртгэсэн бүртгэл хүчинтэй хэвээр байна.
Нэхэмжлэгч Д.Загд-Очирын нэр дээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг бүртгэхийг гуравдагч этгээд “Мфикс капитал” ХХК хүлээн зөвшөөрч байгаа ч Д.Загд-Очирыг өмчлөх эрхээ бүртгүүлэхээр мэдүүлэг гаргах үед маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ бүртгэлтэй, уг бүртгэл хүчинтэй байхад Капитрон банкны зөвшөөрөлгүйгээр эрхийн улсын бүртгэлд өмчлөгчийг өөрчилж, өмчлөлийн зүйлийг нэхэмжлэгч Д.Загд-Очирын нэр дээр бүртгэх хууль зүйн боломжгүй юм. Харин нэхэмжлэгч нь өмчлөгчөөр тогтоосон иргэний шүүхийн шийдвэрийн үндсэн дээр улсын бүртгэлд өөрчлөлт оруулах замаар өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжтой талаар шүүхүүд зөв дүгнэжээ.
Иймд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “барьцааны зүйл болох 205 ширхэг авто зогсоол нь 2007 онд бий болоогүй байсан, авто зогсоолын өмчлөх эрхийг Д.Загд-Очирын нэр дээр бүртгэхийг “Мфикс Капитал” ХХК нь хүлээн зөвшөөрсөн, мөн шүүхийн хүчин төгөлдөр захирамж байхад Капитрон банкны барьцааны эрхийн бүртгэлийг үндэслэж нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг бүртгэхээс хууль бусаар татгалзсан” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй байна.
Шүүхүүд хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий 66, 67 тоот автомашины зогсоолуудыг өөрийн өмчлөлд бүртгүүлэхээр гаргасан нэхэмжлэгч Д.Загд-Очирын мэдүүлгийг бүртгэхээс татгалзаж буцаасан нь бүртгэлийн тухай хуульд нийцсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хуулиудын зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1037 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0153 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА