Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 35

 

 

Л.Лхачинхүүд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Д.Дуламжав, хохирогч Р.Батмөнхийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, шүүгдэгч Л.Лхачинхүү түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 189 дугаар шүүгчийн захирамжтай Л.Лхачинхүүд холбогдох эрүүгийн 1736000200006 дугаартай хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, 1961 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 7 дугаар гудамж 02 тоотод оршин суух, 57 настай, эрэгтэй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Лхамсүрэнгийн Лхачинхүү нь Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багийн нутаг дэвсгэр Элстэй гэх газарт 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Ховд-АЗЗА ТӨХК-ний эзэмшлийн 45-82 ХОА улсын дугаартай Донгфенг маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх заалт, мөн дүрмийн 21.8-д заасан тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт хүн тээвэрлэхийг хориглоно гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган улмаар 93-47 ГАА улсын дугаартай УАЗ пургон маркийн тээврийн хэрэгсэлийг мөргөж, тухайн тээврийн хэрэгсэлд сууж байсан Р.Баянмөнхийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Хэргийг хэрэгсэхгүй болгож, прокурорт буцааж” шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гарсан тайлбартаа: Прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь зам тээврийн осол нь Л.Лхачинхүүгийн гэнэт хөдөлгөөн эхлүүлсэн шалтгааны улмаас зам тээврийн осол гарсан болох нь 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 88 дугаартай 9 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан Л.Лхачинхүү нь замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх нөхцлийг хангана гэсэн заалтыг зөрчсөн байна. Жолооч Ж.Идэржав нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл алга байна гэсэн дүгнэлт болон гэрч С.Мөнхзаяа, С.Батцэцэг нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.Түүнчлэн 45-82 ХОА улсын дугаартай авто машины жолооч Л.Лхачинхүү нь гэнэт хөдөлгөөн эхлүүлсэн болох нь дээрх гэрчүүдийн мэдүүлэг болон гэрч С.Ганболдын өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд тухайн 45-82 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 45-84 ХОА улсын дугаартай авто машины ард талд 83-60 УБУ улсын дугаартай сонсмол маркын тээврийн хэрэгслийн урд талаас хөдөлгөөнд оролцсон болох нь тогтоогдож байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т шинжээч нь шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээ хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах үүрэгтэй талаар хуульчилж өгсөн байна. Энэхүү үүргийнхээ хүрээнд шинжээч нь дүгнэлт гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоохын тулд заавал шинжилгээ хийлгэнэ гэж хуульчилсан байна. Дээрх хуулийн заалтын дагуу хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгчийн зүгээс Пургон маркын авто машин болон Донгфенг маркын тээврийн хэрэгсэлд сууж явсан хүмүүсийн биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. Анхан шатны шүүх нь хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Улсын яллагч яллах дүгнэлтийг уншиж сонсгосноор шүүхийн хэлэлцүүлэг эхлэнэ, мөн уншиж сонсгосны дараа шүүх хуралдааны даргалагч шүүгдэгчээс хэргийн талаар мэдүүлэг өгөх эсэхийг асууж, зөвшөөрвөл түүнээс мэдүүлэг авна гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Хохирогч Р.Батмөнхийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хуралдааныг шөнийн явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч Л.Лхачинхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад буруу байхгүй би ажлаа хийж байсан. Шүүх бүрэлдэхүүн үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12-д зааснаар бидний хүсэлт, гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцсэн. Мөн хуулийн 6.13 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримт гаргуулах журам зөрчигдсөн талаар гомдлыг удаа дараа гаргасан. Хэрэг 2 жилийн хугацааг дамжиж явж байгаа нь шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шалтгаалаагүй. Мөрдөн шалгах ажиллагаагаа хууль дүрмийн дагуу хийхгүй байгаа учраас шүүхээс энэ хэрэг 2 удаа мөрдөн байцаалтын шатанд буцаж байгаа.

 Прокуророос шинжээчийн дүгнэлтийг дахин дахин гаргуулж байгаа учраас буцаж байгаа юм. Иймд би шүүгчийн хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжийг дэмжиж оролцож байна гэв.

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх  ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн  шүүгчийн захирамж нь  хууль ёсны бөгөөд үндэслэлтэй  болж чадаагүй байна.

            Л.Лхачинхүү нь Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багийн нутаг дэвсгэр Элстэй гэх газарт 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Ховд АЗЗА Төрийн өмчит хувьцаат компаний эзэмшлийн 45-82 ХОА улсын дугаартай Донгфенг маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар бүлгийн 6-д заасан “ Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана . . . “ гэх заалт мөн дүрмийн 21.8 “ . . . Тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт “ хүн тээвэрлэхийг хориглоно . . . “ гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар 93-47 ГАА улсын дугаартай УАЗ Пургон маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, тухайн тээврийн хэрэгсэлд сууж байсан Р.Батмөнхийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.      

            Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжав нь шүүгдэгч Б.Лхачинхүүгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж уг хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хэргийг хэрэгсэхгүй болгож, прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны   шүүхийн шүүгчийн захирамж нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн алдаа гаргажээ. Учир нь:

Анхан шатны шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тухай 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 171 дугаартай шүүгчийн захирамж / 4-р хх-н 203-208х / гарган шүүх хуралдааныг 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн  08 цагт  хийхээр товложээ.

            Хэргийн баримтаас үзэхэд  Л.Лхачинхүүд холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2019 оны 09 дүгээр  сарын 04-ны өдөр хийж, гэм буруугийн шүүх хуралдаан явуулсан байтлаа, шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-д заасан “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна“ гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “ шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2 . . .   дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй “ учир ноцтой зөрчил гэж үзэхээр болжээ.

            Л.Лхачинхүүд  холбогдох  хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж байгаа тул прокурорын бичсэн эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

            Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр  Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2019/ШЗ/189 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Л.Лхачинхүүд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2.Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Л.Лхачинхүүд  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Н.ТУЯА

              ШҮҮГЧИД                                                М.НЯМБАЯР

                                                                                                     Б.ДАМБА