Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 67

 

Э.С, А.У нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Э.С-ын өмгөөлөгч О.Баярбаясгалан, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 782 дугаар магадлалтай, 201726010695 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.С-ын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1996 онд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Э-ын С.

2. Монгол Улсын иргэн, 1998 онд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт А-ийн У нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлох” гэмт хэрэгт холбогджээ. 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.С, А.У нарыг дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч тус бүрт 3 жил 6 сар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, шүүгдэгч А.У нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.С гаргасан гомдолдоо “Миний бие өөрийн үйлдсэн хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлж, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байна. Гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлыг төлж барагдуулснаас гадна хохирогчоос уучлалт гуйсан. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг бүрэн төлөхөө илэрхийлсэн. Ажил хөдөлмөр эрхлэх насандаа торны цаана сууж байгаад харамсаж байна. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан хуульд заасан ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Э.С-ын өмгөөлөгч О.Баярбаясгалан хэлсэн саналдаа “Шүүгдэгч Э.С-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжин шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгдэгч Э.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, мөрдөн байцаалтын шатнаас үнэн зөв мэдүүлэг өгч, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд хувийн байдлыг нь харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг баримтлан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.С, А.У нар нь бүлэглэн хохирогч О.Б-ын эд зүйлийг нь хүч хэрэглэж авсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч нарын үйлдсэн гэм бурууд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.С-ын гаргасан гомдлыг үндэслэн Э.С, А.У нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Э.С, А.У нар нь 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 5 дугаар гудамжинд иргэн О.Б-ын эд зүйлийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан “Galaxy note 4” загварын гар утас, түрийвч, иргэний үнэмлэх, автобусны карт зэрэг эд зүйлийг дээрэмдэж 193,010 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.С, А.У нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн тэднийг дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан гэж үзнэ.

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хуулиар тогтоосноос  хөнгөрүүлэх, чөлөөлөх журмыг шүүх хэрэглэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээд гэм буруугаа хүлээсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэх учиртай.

Хяналтын шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхээр тогтоогдоогүй нөхцөл байдал буюу хохирол, хор уршгийг арилсан гэж тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх эрхгүй тул шүүгдэгч Э.С-ын гаргасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх гомдолд дурьдсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэх боломжгүй гэж дүгнэлээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.С-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 371 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 782 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.С-ын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                       

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                                         ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН