Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 1068

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор П.Ганбаатар,

          хохирогч Ж.Энхтуяа, О.Зоригт, Б.Нармөнх,

          шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч П.Эрдэнэтуяа,  

          нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

         

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 2019/ШЦТ/748 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ж.Энхтуяа, О.Зоригт, Д.Ичинхорлоо нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон хохирогч А.Анхбаяр, Б.Нармөнх нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Х.Баатасүрэнд холбогдох  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х.Б, 1967 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ….............. захирал ажилтай, ам бүл 1, ....................... суух бүртгэлтэй, /РД:.................../,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 230 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Х.Бд оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

Х.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэлбэ плаза” төвийн 405 тоотод үйл ажиллагаа явуулах .............................. захирлаар ажиллаж байхдаа иргэн Ж.Энхтуяаг Сингапур Улс руу хөдөлмөр эрхлэхэд зуучилна гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 4.900.000 төгрөгийг,

- 2017 оны 11 дүгээр сарын 22-ноос 27-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэлбэ плаза” төвийн 405 тоотод үйл ажиллагаа явуулах .............................. захирлаар ажиллаж байхдаа иргэн Ж.Нямгэрэлийг Сингапур Улс руу хөдөлмөр эрхлэхэд зуучилна гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 4.800.000 төгрөгийг,

- 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэлбэ плаза” төвийн 405 тоотод үйл ажиллагаа явуулах .............................. захирлаар ажиллаж байхдаа иргэн Х.Төмөртогоог Америкийн Нэгдсэн Улс руу явуулж өгнө гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2.440.000 төгрөгийг,

- 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэлбэ плаза” төвийн 405 тоотод үйл ажиллагаа явуулах .............................. захирлаар ажиллаж байхдаа иргэн О.Зоригтийг Сингапур Улс руу хөдөлмөр эрхлэхэд зуучилна гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2.500.000 төгрөгийг,

- 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 2 дугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэлбэ плаза” төвийн 405 тоотод үйл ажиллагаа явуулах .............................. захирлаар ажиллаж байхдаа иргэн С.Буянтыг Сингапур Улс руу хөдөлмөр эрхлэхэд зуучилна гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 6.660.400 төгрөгийг,

- 2018 оны 3 дугаар сарын 20-ноос 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэлбэ плаза” төвийн 405 тоотод үйл ажиллагаа явуулах .............................. захирлаар ажиллаж байхдаа иргэн Б.Гүнсэлмааг Сингапур Улс руу хөдөлмөр эрхлэхэд зуучилна гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 4.800.000 төгрөгийг,

- 2018 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сэлбэ плаза” төвийн 405 тоотод үйл ажиллагаа явуулах .............................. захирлаар ажиллаж байхдаа иргэн Ч.Галмандахыг Америкийн Нэгдсэн Улс руу явуулж өгнө гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 5.172.800 төгрөгийг,

- 2018 оны 4 дүгээр сарын 2-ноос 4-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах .............................. захирлаар ажиллаж байхдаа иргэн Т.Болортуяаг Сингапур Улсад хөдөлмөр зуучлалаар ажиллуулна гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 4.800.000 төгрөгийг,

- 2018 оны 4 дүгээр сарын 12-ноос 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэлбэ плаза” төвийн 405 тоотод үйл ажиллагаа явуулах .............................. захирлаар ажиллаж байхдаа иргэн Б.Ариунбилэгийг Сингапур Улс руу хөдөлмөр эрхлэхэд зуучилна гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 3.000.000 төгрөгийг,

- 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэлбэ плаза” төвийн 405 тоотод үйл ажиллагаа явуулах .............................. захирлаар ажиллаж байхдаа иргэн Ж.Сансармааг Арабын Нэгдсэн Эмират Улсад хөдөлмөр эрхлэхэд зуучилна гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 1.322.200 төгрөгийг,

- 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөс 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэлбэ плаза” төвийн 405 тоотод үйл ажиллагаа явуулах .............................. захирлаар ажиллаж байхдаа иргэн Б.Нармөнхөөс онгоцны тийзийн мөнгө өгнө гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 16.782.200 төгрөгийг,

- 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэлбэ плаза” төвийн 405 тоотод үйл ажиллагаа явуулах .............................. захирлаар ажиллаж байхдаа иргэн Д.Ичинхорлоогийн хүүхдүүдийг Турк, Чех Улс руу явуулна гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 11.565.000 төгрөгийг,

- 2018 оны 6 дугаар сард Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэлбэ плаза” төвийн 405 тоотод үйл ажиллагаа явуулах “Дэлгэр Баян Од Трейвэл" ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа иргэн А.Анхбаярыг Сингапур Улс руу хөдөлмөр эрхлэхэд зуучилна гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 3.600.000 төгрөгийг, нийт 13 удаагийн үйлдлээр бусдыг залилан мэхлэж 72.342.600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Х.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сартуул овогт Хоролбадамын Х.Бг үргэлжилсэн үйлдлээр хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Х.Бг 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Бд оногдуулсан 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бгийн цагдан хоригдсон 45 /дөчин тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бгээс 46.559.600 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Болортуяа /РД:УД89112103/-д 1.500.000 төгрөг, хохирогч Д.Ичинхорлоо /РД:ФД68011505/-д 11.565.000 төгрөг, хохирогч Б.Ариунбилэг /РД:ШВ79102009/-д 3.000.000 төгрөг, хохирогч Х.Төмөртогоо /РД:ХК82100314/-д 2.440.000 төгрөг, хохирогч Ж.Нямгэрэл /РД:ЦГ77080114/-д 4.800.000 төгрөг, хохирогч С.Буянт /РД:ДА94012450/-д 6.660.400 төгрөг, хохирогч Ч.Галмандах /РД:АЮ84090771/-д 4.772.000 төгрөг, хохирогч Ж.Сансармаа /РД:ЛЕ92041200/-д 1.322.200 төгрөг, хохирогч Ж.Энхтуяа /РД:РЭ65083165/-д 4.900.000 төгрөг, хохирогч А.Анхбаяр /РД:КЮ90011072/-д 3.600.000 төгрөг, хохирогч О.Зоригт /РД:АИ95041031/-д 2.000.000 төгрөг тус тус олгож, шүүгдэгч Х.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.                                                                                                                                                                                            

 

Хохирогч Ж.Энхтуяа, О.Зоригт, Д.Ичинхорлоо нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Х.Бгийн эсрэг гомдол гаргаж, хохирлоо төлүүлэх хүсэлтэй байна. О.Зоригтоос 2.000.000 төгрөг, Ж.Энхтуяагаас 4.900.000 төгрөг, Д.Ичинхорлоогоос 11.565.000 төгрөгийг Х.Б нь Сингапур улс руу ажилд зуучилж гаргах нэрийдлээр залилан хийж, бид нарт сэтгэл санааны болон эдийн засгийн маш их хохирол учруулсан. Иймд бид нар хүмүүсээс хүүтэй мөнгө авч, хашаагаа зарж энэ хүнд залилуулсан. Маш их гомдолтой байна. Х.Бгээс хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байгаа тул бид бүгдийн хохирлыг барагдуулж шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

 

Хохирогч А.Анхбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Х.Б нь А.Анхбаяр миний хохирлыг огт барагдуулаагүй тул Х.Бгийн эсрэг гомдол гаргаж, хохирлоо төлүүлэх хүсэлтэй байна. Миний бие А.Анхбаяраас 3.800.000 төгрөгийг Х.Б нь Сингапур улс руу ажилд зуучилж гаргах нэрийдлээр худал ярьж, мөн Дубай руу явуулна, мөн Турк рүү, сүүлдээ явуулах гэх нэрийдлээр худал ярьж миний мөнгийг залилсан. Миний хувьд эдийн засгаар болон сэтгэл санаагаар хохирсон, маш их гомдолтой байна. Х.Бгээс хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байгаа тул миний болон хамт залилуулсан бид бүхний хохирлыг бүрэн барагдуулж шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

 

Хохирогч Б.Нармөнх гаргасан давж заалдах гомдолдоо: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 2019/ШЦТ/748 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Х.Б нь надад учруулсан хохирол болох 14.782.200 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр миний ажил дээр ирж, хохирлын дүн өндөр байгаа тул хорих ял авч магадгүй байгаа, хохирлын мөнгийг 2019 оны 9 дүгээр сараас өмнө төлж барагдуулна. Тийм учраас хохирлыг өгсөн гомдолгүй гэж өргөдөл бичүүлэн нотариатаар уг хэлцлийг баталгаажуулсан. Уг шийтгэх тогтоолд Б.Нармөнх миний хохирлыг төлөгдсөн гэж тусгагдсан байна. Шүүгдэгч нь миний хохирлыг огт барагдуулаагүй тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, Х.Бгээс миний хохирол болох 14.782.200 төгрөгийг надад олгуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

 

Хохирогч Ж.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна. ... гэв.

 

Хохирогч Зоригт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Дан ганц 2.000.000 төгрөгөөс гадна хүмүүсээс хүүтэй мөнгө зээлж авсан байхад гадаад улс руу гарахааргүй болж их хэмжээний хохирол учирсан боловч баримтгүй тул нэхэмжлээгүй байгаа. Миний хувьд гомдолтой байна. Гомдлоо дэмжиж байна. ... гэв.

 

Хохирогч Б.Нармөнх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад 14.782.200 төгрөгийн хохирол үлдсэн байгаа. Өмнө нь бид хоёр нотариатаар гэрээ хийсэн. Би ийм олон хохирогч нар байгаа гэж мэдээгүй. Миний хохирлын хэмжээ их байсан учраас “чиний хохирлыг төлсөн гэвэл бараг хорих ял авахгүй байх” гэж байсан. Эгч нь мөнгийг чинь 9 дүгээр сараас өмнө төлнө гэсэн. Гэтэл шүүхийн шийдвэрт намайг хохиролгүй гэж дүгнэсэн байна. Иймд шийтгэх тогтоолд миний хохирлыг оруулж өгнө үү. ... гэв.

 

Шүүгдэгч Х.Бгийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч нар шүүхийн тогтоолыг дахин хянуулах тухай бус “...хохирол барагдуулж шийдвэрлэж өгнө үү..." хэмээн гомдол гаргажээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор X.Х.Бг “...бусдад их хэмжээний хохирол учруулж, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нарт учирсан хохирлыг шүүгдэгч X.Х.Бгээс гаргуулахаар...” шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хохирогч нарын хохирсон хэмжээ болон нөхөн төлүүлэх хэмжээг бүрэн зөв тооцож, гэм буруутай этгээдээс гаргуулахаар нэгэнт шийдвэрлэсэн байна. Мөн шүүгдэгчээс хохирол, төлбөр гаргуулж хохирогч нарт олгох ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын эрх хэмжээний асуудал бөгөөд хохирогч нар энэ тухай хүсэлт гомдлоо харьяаллын дагуу зохих журмаар нь гаргах эрх нь нээлттэй бөгөөд энэ эрхийг нь хөндөөгүй. ... гэв.

 

Шүүгдэгч Х.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо барагдуулах болно. Б.Нармөнхийн хохирлын мөнгийг шийтгэх тогтоолд оруулж өгнө үү. ... гэв.

 

Прокурор П.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг буруу хэрэглэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдлуудыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, хууль ёсны үндэслэлтэй болж чадаагүй байна.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Х.Б нь Чингэлтэй дүүгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 230 дугаартай магадлалаар Х.Бд оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан” болох нь тогтоогдож байх бөгөөд Х.Б нь 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс дахин залилах гэмт хэрэг буюу санаатай гэмт хэрэг үйлджээ.

 

Анхан шатны шүүх, Х.Бд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэсэн зохицуулалтыг хэрэглэх эсэх талаар дүгнэлт хийгээгүй байна.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, анхан шатны шүүхийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. 

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Бд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

 

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоол хүчингүй болсонтой холбоотойгоор хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, хохирогч нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 2019/ШЦТ/748 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Бд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Х.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                               Б.ЗОРИГ

 

                                ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ