Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 1069

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б, Л.Г.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор О.Гэрэл,     

          орчуулагч Ч.Батчулуун,

          шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин,

          шүүгдэгч Л.Г.М /L.G/, түүний өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар,

          иргэний хариуцагч Б.Г.Ш /Bai Guixing/-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одончимэг,

          нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

         

          Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 721 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, Л.Г.М, шүүгдэгч Л.Г.Мий өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар, шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Г.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б, Л.Г.М нарт холбогдох ................... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б.Б, 1984 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Хятад хэлний орчуулагч, багш мэргэжилтэй, ...................... захирал ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ..................................... оршин суух бүртгэлтэй боловч ..............................тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:................................./;

 

2. Л.Г.М /L.G/, 1978 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр  Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тиан жин хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засаг, гадаад худалдааны менежер мэргэжилтэй, ...................... ерөнхий захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, .....................................................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................./, гадаад паспортын дугаар ...........................;

 

1. Б.Б нь өөрийн нөхөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Л.Г.М, мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ц.Ж.И, Фу Лиан Жан нартай бүлэглэн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутаг дэвсгэр болон Монгол Улсын нутаг дэвсгэр буюу Улаанбаатар хотын Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрүүдэд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 30-ны өдрүүдийн хооронд гадаад улсын арилжааны банкны цахим картын мэдээлэл бүхий картыг хуурамчаар үйлдсэн гэдгийг мэдсээр байж Хаан банкны Пос терминал төхөөрөмжинд 209 удаагийн хандалтаар 137 ширхэг картыг уншуулснаас 134 удаагийн хандалт, 98 ширхэг картын гүйлгээ амжилттай хийгдэж ашигласан гэмт хэрэгт,

Мөн Б.Б нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Л.Г.М, Ц.Ж.И, Фу Лиан Жан нартай бүлэглэн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутаг дэвсгэр болон Монгол Улсын нутаг дэвсгэр буюу Улаанбаатар хотын Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрүүдэд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 30-ны өдрүүдийн хооронд гадаад улсын арилжааны банкны цахим картын мэдээлэл бүхий хуурамч картыг ашиглан нууцаар, хууль бусаар Хаан банкнаас 172.913.723 төгрөгийг хулгайлж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

2. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Л.Г.М нь өөрийн эхнэр Монгол Улсын иргэн Б.Б, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ц.Ж.И, Фу Лиан Жан нартай бүлэглэн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутаг дэвсгэр болон Монгол Улсын нутаг дэвсгэр буюу Улаанбаатар хотын Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрүүдэд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 30-ны өдрүүдийн хооронд гадаад улсын банкны цахим картын мэдээлэл бүхий картыг хуурамчаар үйлдсэн гэдгийг мэдсээр байж Хаан банкны Пос терминал төхөөрөмжинд 209 удаагийн хандалтаар 137 ширхэг картыг уншуулснаас, 134 удаагийн хандалт, 98 ширхэг картын гүйлгээ амжилттай хийгдэж ашигласан гэмт хэрэгт,

Мөн Л.Г.М нь Б.Б, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ц.Ж.И, Фу Лиан Жан нартай бүлэглэн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутаг дэвсгэр болон Монгол Улсын нутаг дэвсгэр буюу Улаанбаатар хотын Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрүүдэд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 30-ны өдрүүдийн хооронд гадаад улсын арилжааны банкны цахим картын мэдээлэл бүхий хуурамч картыг ашиглан нууцаар, хууль бусаар Хаан банкнаас 172.913.723 төгрөгийг хулгайлж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Л.Г.Мий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ширээтгэгээн овогт Байгальсайханы Б.Б, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Л.Г.М /L.G/ нарыг бүлэглэн “цахим карт хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн,

“бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж, бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Б.Б, Л.Г.М /L.G/ нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил хорих ял,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 02 /хоёр/ жил хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б, Л.Г.М нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жил хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 02 /хоёр/ жил хорих ялыг нэмж, тэдгээрийн эдлэх ялыг нийт 03 /гурав/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 03 /гурав/ жил хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад, шүүгдэгч Л.Г.М /L.G/-д оногдуулсан 03 /гурав/ жил хорих ялыг нээлттэй эрэгтэйчүүдийн хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож, Б.Бд авсан хувийн баталгаа гаргах, хилийн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Б.Бгийн урьд цагдан хоригдсон 136 хоногийг, шүүгдэгч Л.Г.Мий урьд цагдан хоригдсон 143 хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, энэ хэрэгт нэгтгэсэн хэрэггүй, яллагдагч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ц.Ж.И, Фу Лиан Жан нарт холбогдох хэргийг тусгаарласан болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди, хард диск залгуурын хамт хэрэгт хавсаргаж, Iphone-6 рlus загварын гар утсыг шүүгдэгч Л.Г.Мд, Хаан банк гэсэн бичиглэлтэй Пос терминал төхөөрөмжийг Хаан банкинд тус тус буцаан олгож, шүүгдэгч Б.Б, Л.Г.М /L.G/ нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, прокурорын зөвшөөрлөөр Хөрөнгө шилжилт хөдөлгөөний хязгаарласан шүүгдэгч Б.Бгийн нэр дээрх Хаан банк дахь 5027497379, 5170011158 дугаартай данс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн иргэн Ваi Guoxing /СНN7104284М паспортын дугаартай/ нэр дээрх Хаан банк дахь 5013172072 дугаартай данс, Б.Бгийн нэр дээрх Голомт банкны 2105103608, 3105111171 тоот төгрөгийн, 1605036887 тоот юаны данс, Б.Бгийн нэр дээрх 42-42 УБО улсын дугаартай Nissan Glotia, 03-44 УНП улсын дугаартай Тоуоtа mагк-2 загварын тээврийн хэрэгсэл, Ү2204044179 дугаартай Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны Намъянжугийн гудамж, Ногоон төгөл хотхоны 74 дүгээр байрны 10 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгө болон 5240336 регистрийн дугаартай газрын бичиг, 5421837 регистрийн дугаартай Хуягтцамхаг, 5604664 регистрийн дугаартай Бөх-Оч, 5615437 регистрийн дугаартай Даймондгласс зэрэг ХХК-ийн бүртгэлийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг тус тус хүчингүй болгож, мөрдөгчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б.Г.Ш / Ваi Guoxing/-ийг иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б, Л.Г.М /L.G/ нарын насанд хүрээгүй хүүхдүүдэд асран хамгаалагч тогтоохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж, Б.Б, Л.Г.М /L.G/ нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 721 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. 

Би тухайн үед нөхөртөө болон түүний нутгийн дүү нар гэх хүмүүст итгэж байсан учраас, үнэхээр л хамтарч бизнес эрхлэх юм байна гэж ойлгоод, тэдэнд аль болох тусалж байсан минь эцэст нь хэрэгтэн болж хувирлаа.

Нөхөр бид хоёр 2017 оны 10 дугаар сард Тяньжин хотын Хангуо мужийн улсын сургуульд сурдаг байсан 2 хүүхдээ очиж эргээд, би буцаад Монголдоо түрүүлээд ирчихсэн, миний нөхөр Л.Г.М хамаатныхаа хүний хуримын баярт оролцох, бизнесийн хамтрагч судлахаар Хятадад үлдсэн ба тэндээс анх над руу утсаар хэлэхдээ “Монголд очиж бариа заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулах сонирхолтой нутгийн хоёр залуутай танилцлаа. Манайх бариа заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ажлын байраа энэ хоёрт түрээслүүлээд, хамтарч ажиллаад, олсон ашгийнх нь тодорхой хувийг гэрээ хийгээд аваад байвал ямар вэ” гэж эхнэртэйгээ зөвшилцөх маягаар асуухаар нь би “чи өөрөө мэдэж байгаа юм бол тэгээ тэг” гэж зөвшөөрсөн. Тэгээд нөхөр маань “бариа засал ажиллуулахаар яриад байгаа нөгөө 2 хятад залуу, монгол хэл мэдэхгүй учраас үйлчилгээний төлбөрийн тооцоог Пос машин ашиглаж төлбөр тооцоо хийх нь амар байдаг гэнэ” гэхээр нь би өмнө нь хөөцөлдөж байгаад орхичихсон Пос машинаа авахаар Хаан банк руу хандаж, улмаар 2017 оны 11 дүгээр сарын 16-нд “ Баяр” бариа заслын газартаа Пос машинаа авсан. Хаан банкнаас бол өөрөө очиж авсан. Голомт банк бол манай бариа заслын газарт өөрсдөө ирж суурилуулж, байршуулж өгсөн. Хаан банкны Пос машинаа авсан талаараа нөхөртөө утсаар хэлсэн.

Тэгээд нөхөр маань би өөр газар явж байна, тэр хоёр залуу Эрээнд байгаа, ажлын байрны талаар мэдээлэл авах болон бусад байдлаар харьцвал чи хэлж өгч байгаарай, чиний “Wechat”-ыг өгчихлөө гэсэн. Мөн энэ залуучууд одоо ажиллаж байгаа бариа заслын газрынхаа ажлын байрны зургийг явуул гэж байна, бодвол ямар ямар техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нэмж авах хэрэгтэйг нь харах гэж байгаа байх, мөн төлбөр тооцоо хийх Пос машинаа авчирч үзүүл гэнэ, надад итгэхгүй байгаа юм болов уу, тэр авсан Пос машинаа нааш нь явуулчих уу гэхээр нь би өөрийн компанийн хятад хэлний орчуулагч Ч.Баатарчулуунаар Пос машинаа өгч явуулсан. Манай нөхөр тэр хоёрт үзүүлээд, буцаагаад над руу явуулсан байсан. Дахиад 2-3 хоногийн дараа дахин Пос машинаа Баатарчулуунаар өгч явуулсан ба Эрээн ороод манай нөхөртэй холбогдоод хаана, хэнд аваачиж өгөхийг нь заалгаж асуугаарай гэж хэлээд явуулсан.

Үүнээс хойш удалгүй манай нөхөр болон тэр хоёр хятад залуу Монголд ирсэн бөгөөд нөхөр маань бариа заслын газраа тэр хоёр хятадад үзүүлнэ гэж байсан ба тэр хоёрын төлбөр тооцооны хэрэгсэл болох карт нь кредит карт учраас монголд АТМ уншихгүй байна гэнэ, Пос машинаар мөнгө уншуулж гаргах хэрэгтэй гэнэ, машинаа өгч хэрэглүүлье, мөн манай Пос машинаар уншуулсан мөнгөнөөсөө 2%-ийн шимтгэлийг дансанд үлдээх гэнэ гэхээр нь би нөхрөө юмаа мэдэж л байгаа биз гэж итгэж бодоод, хэн алиндаа ашигтай юм бол тэгнэ л биз гэсэн ба нөхөр маань Пос машиныг тэр хүмүүст аваачиж өгсөн байх, би бол өөрийн гараар өгөөгүй, Пос машиныг бариа заслын газар дээр л тэр хүмүүс ашиглаж байгаа гэж ойлгож байсан. Дараа нь өдөр бүрийн орой миний утсанд дансны мэдээлэл ирэхдээ, их мөнгө уншигдаад байхаар нь нөхрөөсөө асуухад тэд нар мөнгөө нэгтгэж төвлөрүүлээд хөрөнгө оруулалтаа хийх гэж байгаа байхаа гэхээр нь санаанд ороогүй. Бариа заслын газар дээр л тэр хоёрыг байрлаж байгаа гэж ойлгосон ба ирснээсээ хойш хэд хоногийн дараа манай нөхөрт “үйлчилгээний газарт хөрөнгө оруулж хамтарч ажиллах хүмүүс амьдрахад хэцүү байна гэсэн” гэхээр нь төрсөн ахынхаа бусдад түрээслүүлэх гэж байсан байранд 10 дугаар хороололд оруулсан. Би тэр хоёрыг нилээн том хөрөнгө оруулалт хийж, тогтвортой ашигтай, удаан хугацаанд хамтарч ажиллах хүмүүс гэж ойлгосон болохоор бараг уулзангуутаа л гэрээ хийж, мөнгө авах юм ярих нь эвгүй юм гэж бодсон ба нөхөр бид хоёр тэгж ярилцаад хөрөнгө оруулагч нартаа эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүй аль болох ойртуулах гэсэн санаагаар хандаж байсан юм. Тийм ч учраас тэдний асуусан, сонирхсон болгонд нь утсаар болон “Wechat”-аар хариулж тайлбарлаж өгч тусалж байсан. Манай нөхөр ч тэгсэн гэж байсан. Би энэ хоёртой нэг их уулзаж дотносож танилцаагүй, манай нөхөр л уулзаж харьцаж байсан байх. Надтай “Wechat”-аар харьцаж байсан ба Пос машиныг ажиллуулахад цаасан дээр хэвлэгдсэн мэдээллийг юу гэж байгааг болон миний дансанд хэдэн төгрөг орж ирж байгааг байнга надаас асууж, Пос машинаас хэвлэгдсэн нарийхан цаасан дахь монгол, англи бичвэрүүдийн зургийг аваад над руу явуулж, энэ юу гэж байгаа юм бэ гээд асуудаг байсан. Би асуусан болгонд нь завтай үедээ хариулж хэлж өгдөг байсан ба миний гар утсанд Пос машинаар уншуулж авсан мөнгөний дүнг тусгасан мэдээлэл орой болгон ирдэг байсан. Би 2 хувийн ашиг авна гэж л бодож байснаас цаана юу хийж байгаа, дараа нь юу болохыг нэг их анзаараагүй ба нөхөр маань буруу юм хийхгүй гэж бодож, итгэлтэй байсан учраас түүний цаад хятадуудын саналыг зөвшөөрөөд надаар дамжуулж хий гэснийг нь хийж, орж ирсэн мөнгийг нь шилжүүлж байсан.

Хожим нь цагдаад баригдсаныхаа дараа л, Пос машинаа хүнд ашиглуулснаар банкинд их хэмжээний хохирол учруулснаа ойлгосон. Тэр хүмүүсийг гадаадын иргэний мэдээллийг ашиглаж, тийм үйлдэл хийчихнэ гэж санаанд огт ороогүй, нөхөр бид хоёрын хувьд тийм карт хуурамчаар хийж чадахгүй, гадаадын хүний бүү хэл өөрсдийнхөө мэдээллийг ч банкны төлбөр тооцооны хэрэгсэл болгож банкнаас авсан зөвшөөрөгдсөн картгүйгээр чадахгүй, цахим мөнгөний хэрэгсэл гэсэн үг хэллэгийг ч сайн ойлгохгүй хүмүүс байгаа юм.

Тухайн үед миний нэр дээр байгаа Пос машинаар уншуулж, уг машинд суурилагдсан дансанд орж ирсэн монгол төгрөгийг, юань болгон Хятадад дансанд төвлөрүүлж байгаад, хөрөнгө оруулалтаар оруулж ирж үйл ажиллагаа явуулах юм байна гэж нөхрийгөө хэлэхээр нь би Эрээнд валют сольдог таньдаг хүн рүүгээ ярьж, орж ирсэн мөнгийг нь тоо ёсоор нь шилжүүлээд тэдний төвлөрүүл гэсэн данс руу нь хийх юм шүү гэж хэлж байсан минь тэр хоёрт бүр ч ашигтай боломж бүрдүүлсэн юм байна гэдгийг хожуу ойлгож, буруу зүйл хийснээ ухаарч гэмшээд банкнаас нэхэмжлэсэн бүх хохирлын мөнгийг бүгдийг нь ариун цагаан хөдөлмөрөөрөө олсон мөнгөөрөө нөхөр бид хоёр төлсөн. Уг нь хэрэг хийсэн хүнээ заагаад бариад өгчихсөн, луйвардаж авсан мөнгө нь Эрээнд Бай Гуй Шаний дансанд битүүмжлэгдчихсэн юм чинь хуулийн байгууллага тэр мөнгийг шууд татаж аваад эргүүлээд банкийг хохиролгүй болгочих байх, буруутай хүмүүсийг ч хуульд заасан хариуцлагыг нь хүлээлгэх байх гэж эхний үед хүлээцтэй хандаж харж байсан ба анх шалгаж эхэлсэн байцаагч нар ч та хоёрт ч нэг их хамааралгүй юм байна гэж байсан болохоор нь тайвширсан юм. Гэтэл биднийг тайвшруулж байгаад, тухайн үед хэрэгт ажиллагаа хийж байсан хуулийн ажилтнуудтай тэр хоёр хуйвалдаад, нөхөр бид хоёрыг хэрэгтэн болгож орхиод зугтаачихна гэж даанч төсөөлсөнгүй.

Миний хувьд ямар ч хуурамч төлбөр тооцооны хэрэгсэл гэх виза-цахим карт байхыг огт хараагүй, тэр хоёрын миний дансанд Пос машин ашиглан оруулсан мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй, тэр машиныг ямар нэг хэлбэрийн хууль бус ажиллагаа явуулахад зориулж аваагүй, бариа заслын газраа түрээслүүлэхдээ дагалдах хэрэгсэл болгож ашиглуулахаар тэдэнд өгсөн.

Иймээс миний нөхөр Л.Г.Мтэй танилцан Монгол Улсад орж ирж, манай “Баяр” бариа заслын газрыг түрээслэн хөрөнгө оруулалт хийж, их мөнгө олж ашгаа хуваана гэсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Цао Жун Ин, Фу Лиан Жан нарт итгэн, тэднийг хуурамч төлбөр тооцооны хэрэгсэл ашиглан, миний эзэмшлийн Хаан банкны Пос төхөөрөмжөөр бусдын их хэмжээний мөнгө хууль бусаар авч байна гэдгийг тухайн үедээ анзаараагүй ч, би мэдэх ёстой байснаа ойлгож байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрч гэм буруудаа гэмшиж байна. Тийм ч учраас Хаан банкинд учирсан хохирлын бүх мөнгийг төлчихсөн.

Тэдэнтэй хамтарч тэр ашиглагдсан Пос машиныг би уншуулаагүй, хэний ямар картаар яаж гүйлгээ хийж байгааг нэг ч удаа хараагүй, тийм юм хийж байна гэж надад хэлж мэдээлээгүй тул би тэдний хулгай хийхэд оролцоогүй, хулгай хийж байна гэдгийг мэдээгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсныг хүчингүй болгож өгнө үү.

Мөн бие эрүүл мэндийн хувьд, хөхний хорт хавдар өвчтэй, Хятад улсад эмнэлгийн хяналтанд орж эмчилгээ хийлгэдэг, эцэг эх бид хоёр хоёулаа шоронд байгаа учраас ар гэрт маань 10-13 насны 2 хүүхэд маань эцэг, эхийн хайр халамжгүй, хараа хяналтгүй хэцүүдэж, бага насны хүүхдийн эрх ашиг хохирч байгаа зэргээс гадна манай гэр бүл барилгын салбарт 15 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж, хөл дээрээ тогтож байр сууриа олсон, өөрийн гэсэн татвар төлөгч компанитай, бизнес эрхэлдэг тул тухайн үед бусдаас хулгай хийгээд байхааргүй хөрөнгө мөнгөтэй, төлбөрийн чадвартай байсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хорихоос өөр төрлийн ялыг оногдуулж өгнө үү. Гэмшиж байна. Мөнгө авч хэрэглээгүй. Бие муудан, хавдар хүндэрч байна. Үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Л.Г.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Л.Г.М би Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 721 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Би Хятад Улсын Иргэн Ц.Ж.И, Фу Лиан Жан нартай 2017 оны 10 дугаар сард уулзсан. Тэд надад хамтран ажиллах ашигтай, эрсдэлгүй бизнес байна гээд хамтран ажиллах санал тавьсан. Тэд анхнаасаа надад хэлэхдээ хууль ёсны гэж итгүүлсэн. Тэгж миний итгэлийг олж авсан. Намайг хуурч мэхлэн, залилж байгааг үнэхээр мэдсэнгүй. Эцэстээ тэдэнд би залилуулж, эд хөрөнгөөрөө хохирч, эцэстээ ялтан болж 6 сар шоронд сууж байна. Хамтран ажиллахад миний зүгээс “банкны Пос машин л олоод өгчих" гэсэн. Тэгээд тэдний гуйлтаар Хаан банкнаас “Баяр” массажны газарт массаж, чийрэгжүүлэх үйлчилгээний хөлс авна гэж хэлж, материал бүрдүүлж эхнэр Б.Бгийн нэр дээр авсан. Б.Б юу хийх гэж байсан талаар ямар ч мэдээлэлгүй, энэ талаар ямар ч мэдлэггүй, оролцоогүй. Үнэндээ би ч юу хийх гэж байгаа талаар түүнд тайлбарлах нь битгий хэл өөрөө ч тийм мэдлэггүй байсан.

Улмаар Ц.Ж.И, Фу Лиан Жан нар нь цахим карт уншуулсан байсан. Надад хүний картын мэдээллийг авах, хуурамч карт үүсгэх, түүнийг ашиглах, хуурамч карт ашиглаж байгаа эсэхийг мэдэх мэдлэг, чадвар, боловсрол байхгүй. Энэ байдлыг ч Ц.Ж.И, Фу Лиан Жан нар гаргууд мэдэж байж дээ гэж одоо бодогдож байна. Маш олон уншуулсан, уншуулах оролдлого хийснийг, тэдгээр картын мэдээлэл нь хуурамч байсныг хожим мэдсэн. Би мэдэх үед нэгэнт оройтсон байсан. Олон улсын төлбөр тооцооны ВИЗА карт эзэмшигч гадны иргэдэд 172.913.723 төгрөгийн хохирол учруулсан байна. Энэ бүхнийг гардаж үйлдсэн Хятад Улсын иргэн Ц.Ж.И, Фу Лиан Жан нарыг хууль хяналтын байгууллагынхан оргуулаад алдчихсан. Миний бие мөрдөх ажиллагаанд идэвхтэй тусалж, хэргийн учрыг олъё гэсэн, надад болон миний эхнэрт бүх хариуцлагыг үүрч дуусаж байгаад харамсалтай, гомдолтой байна. Бид ч энэ хэргийн хохирогч. Биднийг хуурч мэхлэн, залилсан байна.

Миний эхнэр Б.Б нь 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Цан Сянь эмнэлэгт шинжилгээ хийлгэж байсан бөгөөд эмгэг судлалын онош нь “1. Зүүн талын хөхний булчирхайн инвазив хэлбэрийн хавдар, 2. Суганы тунгалагийн зангилааны хавдар" гэж гарсан. Бие муутай. Хэвтэж эмчлүүлэх ёстой хүн, өнөөдөр хорих ял эдэлж байна. Тэр минь ямар ч буруугүй. Түүнийг минь ял зэмлэлээс хэлтрүүлж өгөөч. Бид шударгаар олсон бүхий л хөрөнгө, эд зүйлээ зарж байж хохирлыг төлсөн. Бага насны 2 хүүхдээ өнчрүүлэн, бусдын асрамжид эцэг, эхгүй үлдчихлээ.

Миний хэлсэн ярьсан бүхэн үнэн. Надад нууж хаах, хууль бус зүйл байхгүй. Гэнэн, хууль эрх зүйн мэдлэггүйгээсээ болоод энэ хэрэгт холбогдсондоо гэмшиж байна. Эхнэр, эцэг, эх, нялх үр хүүхдээ зовлонд унагаачихлаа. Үүндээ гэмшиж байна.

Би хууль эрх зүйн мэдлэггүй. Миний үйлдэл, гэм буруу, зүйлчлэлийн талаар миний өмгөөлөгч хэлж, ярина. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Хохирлын мөнгөө төлсөн. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Г.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 721 тоот шийтгэх тогтоолыг хэргийг буруу зүйлчилж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Хорих ял эдэлж буй үйлчлүүлэгчтэйгээ биечлэн уулзаж, хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудтай танилцан, нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийхэд:

1. Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 16-нд өөрийн ажиллуулдаг бариа заслын газарт бэлэн бусаар төлбөрийн тооцоо хийх зориулалтын Пос терминаль төхөөрөмж ашиглах эрх, зөвшөөрөл авч, улмаар тухайн бариа заслын газарт хөрөнгө оруулалт хийж өргөжүүлэн хамтарч ажиллая гэсэн нөхрийн танил, нутаг нэгтэй гэх Цао Жун Ин, Фу Лиан Жан нарт Пос терминал машинаа ажлын байртайгаа хүлээлгэн өгсөн байна. Уг Пос терминал төхөөрөмж нь Б.Бгийн 5170011158 тоот дансанд гүйлгээ хийлгэхээр суурилагдсан, дансны гүйлгээний мэдээлэл нь түүний гар утсанд ирдэг байсан байна. Энэ бариа заслын газарт Голомт банкны Пос машин ч суурилагдсан байсан байна.

Машиныг ашиглаж байсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэд нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ноос 30-ны хооронд өдөр бүр өндөр дүнтэй гүйлгээ хийж байсан нь Б.Бд мэдээлэгдэж байсан ч, хөрөнгө оруулж хамтарч ажиллах хүнээ алдахаас болгоомжилж нарийн учрыг нь асуулгүй, дансанд орж ирсэн мөнгийг нь Эрээнд байдаг валют арилжааны бизнес эрхэлдэг танилдаа хэлж, монгол төгрөгөөс хятад юаниар солиулан, цааш нь дамжуулж Хятадуудын төвлөрүүлэх данс руу хийхийг хүсэж шилжүүлдэг байсан байна.

Гэвч бариа заслын үйлчилгээ хүнд үзүүлснээр өдөрт тийм их хэмжээний орлого олохгүй гэдгийг мэдэх боломжтой тул эхний 1-2 гүйлгээний дараа ашиглуулж буй Пос машинаа буцаан авч, тэдний хууль бус үйлдлийн талаар зохих байгууллагад мэдэгдэх ёстой байхад “хөрөнгө оруулагчаа алдахгүй” гэсэн өрөөсгөл сэтгэлгээндээ хөтлөгдөн тэдний хууль бус ажиллагааг таслан зогсоож чадаагүй байна. Хаан банк ч үүнийг эрт илрүүлэх боломжтой байхад ажиглалт хийсээр хугацаа алдсан байна.

Б.Б нь   өөрийнх нь хэрэгцээний Пос машиныг ашиглан 2 хятад хүн гэмт хэрэг үйлдэж байгааг мэдэх боломжтой байхад, зохих байгууллагад мэдээлээгүй нь “хөрөнгө оруулагч, хамтран ажиллах хүмүүсээ алдахгүй" гэсэн хууль эрх зүйн мэдлэггүй байдлаар асуудалд хандсантай холбоотой боловч түүний энэ эс үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 15.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай хүнд гэмт хэрэг үйлдсэнийг мэдсээр байж мэдээлээгүй” гэж үзэж захиргааны хариуцлага хүлээлгэхээр байна.

Учир нь Б.Б, тэр хоёр хятадыг олон улсын виза картыг эзэмшигчээс нь ямар нэг аргаар авч уншуулж байна уу, гадаадын иргэний мэдээллийг ашиглан интернетээр хакердаж Пос машинаар мөнгө уншуулж байна уу, хуурамч карт өөрсдөө хийж үйлдээд байна уу гэдгийг аль алиныг нь мэдээгүй, одоо ч Пос машинаар тэр хятадууд яаж мөнгө уншуулсан аргыг нь зөөврийн компьютерт нь үзлэг шинжилгээ хийж мөрдөж шалгаад нотлох баримтаар тогтоож чадаагүй байна. Нэг ч төлбөр тооцооны хэрэгсэл болох виза карт олж, эд мөрийн баримтаар одоо болтол тооцоогүй байна. Харин сэжигтэй гүйлгээ хийж байгаа нь дансны мэдээллээр нь Б.Бд шууд мэдэгдэж байсан нь ойлгомжтой тул Б.Б тэр хоёр хятадыг хууль бус зүйл хийгдээд байна гэдгийг мэдсэн ч банкинд болон цагдаагийн байгууллагад мэдээлээгүй нь тодорхой байгаа юм. Ер нь бариа заслын газартаа Пос машинтай болох гэж материал бүрдүүлэн өгсөн байсан боловч өмнө нь өгсөн материал нь олдохгүй байгаа, тухайн үед уг төхөөрөмжийг авах ажиллагааг хурдавчлуулах шаардлагатай болсон талаар нэг ангид сурч байсан банкны ажилтан найздаа хэлж тусламж хүсэж байсныг Хаан банкны ажилтан Г.Бямбажав гэрчилжээ. /4 дүгээр хавтас, 221-226 хуудас/ Мөн Цао Жун Ин, Фу Жан Лиан нар Эрээнд байхдаа 2 удаа Пос машиныг үзье гэж, Л.Г.Мээр дамжуулан Монголд байгаа эхнэр рүү нь хэлүүлж, түүнийг нь Б.Бгийн “Даймондгласс” ХХК-ний /барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг/ орчуулагч Ч.Баатарчулуун нааш, цааш зөөж байсан ба тэр гэрч ...Эрээнд аваачаад Л.Г.Мд өгдөг байсан, тэнд очоод задлахыг нь харахад мөнгө уншдаг Пос машин байсан. Л.Г.Мий нутгийн дүү нар гэх хятад хүмүүс Монголд очиж бариа заслын үйл ажиллагааг хамтарч явуулна гэж ярьж байсан” гэж мэдүүлсэн байгаа нь /1 дүгээр хавтас 210-211 хуудас/ болон “Wechat”-аар “бэр эгч-дүү гэсэн нэрээр хооронд харьцаж байсныг үзлэг хийж, орчуулга хийсэн нотлох баримт зэргийг харьцуулж дүгнэлт хийхэд Б.Б нь үнэхээр тэр хоёр хятадыг “хөрөнгө оруулагч” гэж ойлгон өөрөө хууртагдсан байх магадлалтай байгаа юм.

2. Хэрэв Б.Бгийн нөхөр нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Цао Жун Ин, Фу Лиан Жан нартай анхнаасаа үгсэн тохирч, их хэмжээний мөнгө олох зорилгоор эхнэрээрээ дамжуулан “бариа заслын газартаа ашиглана” гэж банкны ажилтанд ойлгуулан, Пос машин захиалуулан авч, тухайн төхөөрөмжийг гэмт хэрэг үйлдэхдээ ашиглах хэрэгсэл болгосон гэж үзвэл, мөн банк хохирогчоор тогтоогдож байгаа тохиолдолд эдгээрийн үйлдэл нь хулгайн гэмт хэрэг бус харин залилах гэмт хэргийн шинжийг харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, банкийг залилж тэдний төхөөрөмжийг өөрсдөөр нь зөвшөөрүүлж аваад түүнийгээ гэмт хэрэг үйлдэх хэрэгсэл болгосон гэсэн үг юм. Нөгөөтэйгүүр төлбөр тооцооны хэрэгсэл болох картаа ашиглуулсан гадаадын иргэд нь хохирогчоор тогтоогдсон бол тэдний өмчийг эзэнд нь мэдэгдэлгүй сэм аргаар нууцаар хулгайлсан гэж үзэж болох ч энэ гэмт хэргийг үйлдэж байгаа хүмүүс нь Б.Б, Л.Г.М нар биш, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Цао Жун Ин, Фу Лиан Жан нар юм. Харин Б.Бгийн үйлдэлд ямар ч сэм арга, нууц зүйл байгаагүй, Пос машинаа ашиглуулсан нь тодорхой, данс нь банкны хяналтанд байж мэдээлэл нь өөрт нь ирдэг бүх зүйл нь ил тод байх тул сэм аргаар нууцаар бусдын их хэмжээний мөнгийг хулгайлахад оролцсон гэх субъектив талын шинж огт байхгүй юм.

Банк мэдэхгүй нууц далд ажиллагаа Б.Бгийн үйлдэлд байгаагүй, банк бол толинд харж байгаа мэт бүгдийг нь мэдэж байсан. Харин картанд мэдээлэл нь сууж уншигдсан картын эздийн хувьд мөнгөө алдсанаа мэдээгүй тул тэд хохирогчоор тогтоогдсон бол картыг нь уншуулж буй хятадуудын үйлдэл хулгайн гэмт хэргийн шинжтэй болно. Энэ талаар банкны хуулийн зөвлөх Д.Нарангийн хохирогчоор өгсөн мэдүүлэгт “мэдээллийг нь Пос машинд суулгаж, мөнгийг нь авсан хүмүүс нь дандаа гадаадын иргэд байсан ба Олон улсын банкны дүрмийн дагуу манай банк төлөх ёстой байдаг тул төлбөрийг хариуцна” гэсэн байна. /1 дүгээр хавтас 205 дугаар хуудас/

3. Б.Б 2017 оны 11 дүгээр сарын 30-ны шөнө 2 хятадаас Пос машинаа аваад, ажлын байран дээрээ Хаан банкныханд шалгуулахаар очоод цагдаад баригдсан үеийн анхны мэдүүлгээсээ эхлээд болсон үйл явдалд өөрийнхөө болон нөхрийнхөө хэрхэн оролцсон байдал, юу гэж ойлгож байсан талаараа болон тэр хоёр Хятад иргэний хэлж, хийж байсан зүйлүүдийн талаар, мөн “Wechat”-аар харьцаж байсан талаараа бүгдийг нь үнэнээр нь хэлж, тэр хоёр Хятадын байгаа газрыг зааж өгч, гэртээ ажлын байрандаа, хамааралтай бүхий л газрууддаа үзлэг нэгжлэг хийлгэн Пос машинаас уншигдсан мөнгөний баримт, шилжүүлэг хийсэн баримт, Хятадад дансанд хийж байсан болон бусад нотлох баримтуудыг сайн дураараа гарган өгч байсан нь өөрийнх нь болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон байна. Ямар ч Пос машин, ямар ч мөнгөний карт мэдэхгүй гэж илт худал мэдүүлж байснаас үзэхэд, харилцан эсрэг сонирхолтой эдгээр хүмүүсийн мэдүүлгээс Б.Бгийн мэдүүлгийг үнэн гэж нотлох баримтын хэмжээнд үнэлэхээр байна. Нөгөөтэйгүүр мөрдөгч 2017 оны 11 дүгээр сарын 30-ны орой Б.Бг нөхөртэй нь баривчлаад, хууль бус ажиллагаа явуулж буй Хятадуудын талаар тэднээс мэдээлэл авч маргааш өглөө нь тэднийг байцаахдаа Б.Б, Л.Г.М, Ц.Ж.И, Фу Лиан Жан нарыг ганцхан Аптанзаяа гэдэг өмгөөлөгчийг оролцуулан байцаасан байх бөгөөд энэ өмгөөлөгчийг эдгээр хүмүүсийн хэн нь сонгосон болох нь тодорхойгүй, мөрдөгч өөрөө өмгөөлөгч томилсон тогтоол шийдвэргүй байх тул энэ өмгөөлөгчийг оролцуулан дээр нэр дурьдсан хүмүүсээс авсан мэдүүлэг нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх боломжгүй тул мөрдөн байцаалтаас зугтсан Хятадуудын мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх боломжгүй бөгөөд худал мэдүүлэг өгчихөөд зугтсан Хятадуудыг байлцуулахгүйгээр хэргийг тусгаарлаж шийдвэрлэх ч боломжгүй байхад, тусгаарлан шийдвэрлэснийг буруу гэж үзэж байна.

Иймээс Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 721 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Б.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Л.Г.Мийн өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 721 тоот шийтгэх тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шийтгэх тогтоолоор шүүгдэгч Л.Г.М, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, 03 жилийн хорих ялаар тус тус шийтгэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн болох нь дараах үндэслэлээр тогтоогдож байна.

Шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “1. Шүүгдэгч Ширээтгэгээн овогт Байгальсайханы Б.Б, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Л.Г.М /L.G/ нарын бүлэглэн “цахим карт хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан ” гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэжээ.

1. Эрүүгийн хуулийн 17.1-д заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжгүй бөгөөд зүйлчлэх ёсгүй байсан тухайд:

1.1. Шүүгдэгч нарыг цахим картыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан тул Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон бөгөөд мөн Хаан банкнаас их хэмжээний эд хөрөнгө хулгай хийсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар давхар ялласан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн 18.7 зааснаар “цахим карт ... хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ... ашигласан... ” үйлдэл нь нэгэн төрлийн хулгай. Цахим картын мэдээллийг хууль бусаар, “хулгайлж” олж авдаг. Ийнхүү олж авсан картын мэдээллийг “ашиглана” гэдэг нь дансан дахь мөнгийг татах, түүгээр төлбөр хийсэн үйлдлээр илэрдэг. Өөрөөр хэлбэл, цахим картыг ашиглах үйлдэл нь тухай эзэмшигчийн дансан дахь мөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр олж авах, төлбөр хийх байдлаар хэрэгждэг. Цахим карт нь төлбөр хийх л зориулалттай. Өөрөөр ашиглагддаг зүйл биш. Нэгэн төрлийн өвөрмөц хулгайн хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд зааснаар миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон. Мөн энэ үйлдэлд нь дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй, эрх зүйн байдлыг хэт дордуулсан шийдвэр болсон. Зүйрэлбэл, 1986 оны Эрүүгийн хуулийн 123' дугаар зүйлд заасан “мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн этгээдэд, дахин ердийн хулгайн гэмт хэрэгт ялладаггүй байсантай ижил юм.

1.2. Мөн Л.Г.Мий үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангахгүй. Учир нь, хулгайлах гэмт хэргийн объект болох хөрөнгийг зөвхөн өмчлөгчөөс авсан байх шаардлагатай атал “Хаан банк” нь тухайн хөрөнгийн өмчлөгч биш бөгөөд зөвхөн тухайн хөрөнгийг өөр дээрээ байршуулсан этгээд болохоо мөрдөн шалгах ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч зөвшөөрч байсан.

1.3. Гэтэл Ц.Ж.И, Фу Лиан Жан нар нь хууль бус үйлдэл хийгээд тэрхүү мөнгө нь Л.Г.М, Б.Б нарын үйлдлээс үл шалтгаалан Б.Бгийн дансанд орж ирсэн байдаг. Энэхүү гэмт хэргийг үйлдсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэд болох Ц.Ж.И, Фу Лиан Жан нар нь Б.Бгийн эзэмшлийн Пос машиныг ашиглан, хуурамч эсэхийг нь Л.Г.М, Б.Б нар мэдэх боломжгүй карт уншуулж, бусдын хөрөнгийг хууль бусаар авч байхад Л.Г.М, Б.Б нар нь хамт байгаагүй байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогддог тул хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж болохгүй юм.

1.4. Шүүгдэгч Л.Г.М, Б.Б нарыг цахим картыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэж гэм буруутайд тооцсон хэрнээ, энэхүү үйлдлийн улмаас учирсан хохирлын хэмжээг харгалзан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан боловч Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь хохирол, хор уршиг шаарддаггүй гэмт хэрэг тул Эрүүгийн хуулийн 17.1 дэх хэсэгт заасныг давхардуулан зүйлчилж ялласан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэл, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцож болохгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хохирол шаардаагүй байтал хуурамч карт гэдгийг мэдсээр байж ашигласан учраас хохирол учирсан тул өөр гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Цахим карт хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан үйлдэл гэдэг нь тухайн картыг ашиглан хөрөнгө авсан үйлдлийг ойлгох бөгөөд энэхүү үйлдлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх ёстой юм. Өөрөөр хэлбэл, цахим карт хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласны улмаас ямар ч хэмжээний хохирол учирч болох бөгөөд энэхүү хохирлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүх тогтоох юм.

Мөн Л.Г.М, Б.Б нарыг цахим картыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашиглан бусдад хохирол учруулсан болохыг тогтоохдоо энэхүү үйлдэл нь хулгайлах гэмт хэргээс өөр төрлийн гэмт хэргийн шинжтэй эсэхэд дүгнэлт хийгээгүй.

Харин Л.Г.М, Б.Б нарын үйлдэл, оролцоо нь “... цахим карт ... хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ... ашигласан... ” гэмт хэргийн шинжийг хангасан буюу тус гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байгаа болно.

Иймд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 712 тоот шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.  

 

Иргэний хариуцагч Б.Г.Ш /Bai Guixing/-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одончимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүгдэгч Б.Б, Л.Г.М нар гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө Дун Шао Минээр юань болгон солиулдаг байсан. Үүний тулд Б.Г.Ший дансанд төгрөг шилжүүлж, Дун Шао Минээс (Туяагаас) юань болгон авдаг байснаа нотлон мэдүүлсэн. Л.Г.Мий мэдүүлэгт “Эрээн хотод явж байгаад Туяатай танилцсан, тэр валют арилжааны ченж хийдэг байсан ба юаны хэрэгцээ гарвал Туяад ханддаг байсан. Б.Б Эрээн хот дахь Туяагийн данс руу шилжүүлээд Туяа нь Хятад данс руу шилжүүлдэг байсан.” гэдэг.  Мөн Б.Бгийн мэдүүлэгт “Туяад шилжүүлж юань болгоод энэ хүмүүст өгсөн. Туяагийн нэрийн хуудас, дансны дугаар байгаа. Б.Г.Шийг танихгүй.” гэдэг. Тэгэхээр Б.Б, Л.Г.М нар гэмт хэрэг үйлдэж, олсон мөнгөө Дун Шао Минээр валют арилжаа хийлгэхээр Б.Г.Ший дансанд шилжүүлж, улмаар юань болгон арилжиж авсан үйл баримт нотлогдож байна. Шүүгдэгч нар хохирлоо бүрэн төлсөн. Гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө бусдын дансанд шилжүүлэх замаар мөнгөн тэмдэгтийн төрлийг өөрчилж, солиулж авчихаад гэмт үйлдлийнхээ хариуцлагыг гэм буруугүй гэрч Б.Г.Шээр төлүүлэхээр мэдүүлж, тайлбарлаж, дүгнэж буй нь шударга бус хэрэг. Энэ тайлбар нь шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байгаа юм. Валют солиулсан Дун Шао Мин буюу Туяа, Б.Г.Ш нарын хэнээс ч валют солиулахаар өгсөн мөнгийг валют болгон арилжиж өгсөнгүй гэх аливаа хэлбэрийн шаардлага гаргаж байгаагүй буюу арилжсан валютаа авсан, арилжиж авсан хэмээн бүх шатанд тайлбарлан мэдүүлсэн. Өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар гэмт хэрэг үйлдсэн Бүгд Найрамдах Хятад Ард улсын 2 иргэн гэмт үйлдлийн журмаар олж авсан мөнгөө бүрэн авсан тухай тайлбарлан хэллээ. Тиймээс гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдээгүй Б.Г.Шд хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй. Б.Г.Шийг иргэний хариуцагчаар татах хууль зүйн үндэслэлгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Г.Ш тус хэрэгт огт холбогдолгүй нь тогтоогдсон байхад хяналтын прокурор түүний дансны зарлагын хөдөлгөөнийг хаах буюу битүүмжлэх шийдвэр гаргасан нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар тогтоосон журам, заалтыг зөрчсөн. Үүний улмаас Б.Г.Ш өөрийн хөрөнгөө чөлөөтэй захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлж чадахгүйд хүрч, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас бараа худалдан авах мөнгөө авч чадахгүй, олох ёстой орлогоо алдаж, санхүүгийн алдагдал хүлээн хохирч байна. Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн. гэв.

 

Прокурор О.Гэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Өмгөөлөгч нар тухайн гэмт хэргийг залилах гэмт хэрэг байсан гэж дүгнэж байна. Виза картын олон улсын гүйлгээний дүрмээр Хаан банк дундын сангаасаа учирсан хохирлоо төлсөн. Мөн мөнгө авч байгаа үйлдэл нь Хаан банкинд мэдэгдэхгүй. Энэ нь сэм далд үйлдэл гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. гэв.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдлуудыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

   Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Прокуророос Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Л.Г.М үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тус тус зүйлчилжээ.

 

Л.Г.М, Б.Б нар нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ц.Ж.И, Фу Лиан Жан нартай бүлэглэн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутаг дэвсгэр болон Монгол Улсын нутаг дэвсгэр буюу Улаанбаатар хотын Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрүүдэд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 30-ны өдрүүдийн хооронд гадаад улсын арилжааны банкны нэр бүхий иргэдийн цахим картаар гүйлгээ хийж, 172.913.723 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг гэж үзэж зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

“Шинжилгээнд ирүүлсэн зөөврийн компьютер нь интернетэд холбогддог, интернет хөтчид хандсан 192 ширхэг хандалт байгааг хавсралтаар хүргүүлэв, шинжилгээнд ирүүлсэн зөөврийн компьютерт бусадтай харилцсан мэдээлэл байхгүй байна, интернет орчинд 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 20:38:04 секундэд компьютерт зориулсан Wechat программ ашигласан байна, шинжилгээнд ирүүлсэн зөөврийн компьютерт 14 ширхэг программ суулгагдсан байна, сэргээгдсэн мэдээлэлд төлбөр тооцооны хэрэгсэлтэй холбоотой мэдээлэл, гадаад улс орны банкны картын мэдээлэл, мөнгөний сүлжээний мэдээлэл, хуурамч картын мэдээлэл байхгүй байна, устгагдсан мэдээллийг хэзээ устгасанг тогтоох боломжгүй, шинжилгээнд ирүүлсэн зөөврийн компьютерт кодоор нэвтэрдэг программ байна. Интернет орчинд кодоор нэвтэрдэг программ ашигласан байна, нуугдсан файл байхгүй байна, шинжилгээнд ирүүлсэн зөөврийн компьютерт интернет банкны программ байхгүй байна, шинжилгээнд ирүүлсэн зөөврийн компьютер нь банкны Пос терминал машинтай холбогдох боломжтой эсэхийг тогтооход шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй байна” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2932 тоот /4 хх 96-102/,

“Картын дансны дугаар, эзэмшигчийн талаарх мэдээлэл, картны үлдэгдэл картан дээрх мэдээлэлд байдаггүй учраас карт гаргасан байгууллагатай холбогдон мэдэх боломжтой, хоёр төлбөрийн карт /6227000061960573157, 6217850100006614427/ нь жинхэнэ, хуурамч картад брэнд картын лого, холограм зэрэг нь нүүрэн талд хэвлэгдээгүй байдаг, Чиптэй картны мэдээллийг хуулбарлаж, өөр чиптэй картанд суулгах боломжгүй байдаг” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хх 245-248/ гэснээс үзэхэд хуурамч цахим хэрэгсэл ашиглаж, уг залилангийн хэргийг үйлджээ.

 

Олон улсын визагийн дүрмээр тухайн гүйлгээ хийгдэж байгаа улсад байрлах гишүүн банк нь картын гүйлгээнд хяналт тавьж, хуурамч картаар гүйлгээ хийгдсэн тохиолдолд эрсдэлийн санд байршуулсан валютаар хохирлыг барагдуулах үүрэг хүлээжээ. Тухайн банк гүйлгээнд хяналт хэрэгжүүлж, гэмт хэргийн шинжтэй гүйлгээг илрүүлэх хүртлээ жинхэнэ карт эзэмшигч гүйлгээ хийж, мөнгө гарган авснаар ойлгодог онцлогтой.

 

Банкыг дээрх байдлаар хуурах, төөрөгдүүлэх байдлаар хуурамч карт ашиглан хууль бусаар мөнгө авсан үйлдлийг залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй гэж үзэв.

 

Залилах гэмт хэргийн хуурч мэхлэх арга гэдэг нь бусдын эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд бодит байдлыг нуух эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг ойлгодог.

 

Хуурч мэхлэх арга нь дүрс болон дууны авианы бичлэг, техник хэрэгсэл, компьютерийн мэдээлэл, сүлжээ ашиглах зэргээр илэрдэг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...цахим хэрэгсэл ашиглаж... гэж тодорхойсон.

 

Шүүгдэгч Б.Б, Л.Г.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар давхар зүйлчлэх нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Цахим картыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласнаар тухайн гэмт хэрэг төгсөх бөгөөд харин шунахайн сэдэлтээр тухайн хуурамчаар үйлдсэн картыг ашиглан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авснаар залилах гэмт хэргийн шинжийг хангасан үйлдэл болно.

 

Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлд заасан хуурамч цахим карт ашигласан гэх ойлголт нь хохирол шаардахгүйгээр төгс үйлдсэнд тооцогдох бол 17.3 дугаар зүйлд заасан цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн байдалд уг үйлдлийн улмаас хохирол учирснаар төгссөн гэмт хэрэгт тооцогддогоороо ялгаатай гэж үзнэ.

 

Иймд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Б, Л.Г.М нарын Хаан банкны Пос терминал төхөөрөмжинд 209 удаагийн хандалтаар 137 ширхэг картыг уншуулсанаас, 134 удаагийн хандалт, 98 ширхэг картын гүйлгээ амжилттай хийгдэж ашигласан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч нарын гадаад улсын арилжааны банкны цахим картын мэдээлэл бүхий хуурамч картыг ашиглан бусдад 172.913.723 төгрөгийг хохирол учруулсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан ...цахим хэрэгсэл ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол... залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул хэргийн зүйчлэлийг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

 

Б.Б нь өөрийн нөхөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Л.Г.М, мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ц.Ж.И, Фу Лиан Жан нартай бүлэглэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутаг дэвсгэр болон Монгол Улсын нутаг дэвсгэр буюу Улаанбаатар хотын Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрүүдэд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 30-ны өдрүүдийн хооронд гадаад улсын арилжааны банкны цахим картын мэдээлэл бүхий картыг хуурамчаар үйлдсэн гэдгийг мэдсээр байж Хаан банкны Пос терминал төхөөрөмжинд 209 удаагийн хандалтаар 137 ширхэг картыг уншуулснаас 134 удаагийн хандалт, 98 ширхэг картын гүйлгээ амжилттай хийгдэж ашигласан гэмт хэргийг,

Мөн Б.Б нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Л.Г.М, Ц.Ж.И, Фу Лиан Жан нартай бүлэглэн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутаг дэвсгэр болон Монгол Улсын нутаг дэвсгэр буюу Улаанбаатар хотын Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрүүдэд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 30-ны өдрүүдийн хооронд гадаад улсын арилжааны банкны цахим картын мэдээлэл бүхий хуурамч картыг ашиглан Хаан банкнаас 172.913.723 төгрөгийг залилан, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Л.Г.М нь өөрийн эхнэр Монгол Улсын иргэн Б.Б, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ц.Ж.И, Фу Лиан Жан нартай бүлэглэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутаг дэвсгэр болон Монгол Улсын нутаг дэвсгэр буюу Улаанбаатар хотын Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрүүдэд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 30-ны өдрүүдийн хооронд гадаад улсын банкны цахим картын мэдээлэл бүхий картыг хуурамчаар үйлдсэн гэдгийг мэдсээр байж Хаан банкны Пос терминал төхөөрөмжинд 209 удаагийн хандалтаар 137 ширхэг картыг уншуулснаас, 134 удаагийн хандалт, 98 ширхэг картын гүйлгээ амжилттай хийгдэж ашигласан гэмт хэргийг,

Мөн Л.Г.М нь Б.Б, Ц.Ж.И, Фу Лиан Жан нартай бүлэглэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нутаг дэвсгэр болон Монгол Улсын нутаг дэвсгэр буюу Улаанбаатар хотын Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрүүдэд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 30-ны өдрүүдийн хооронд гадаад улсын арилжааны банкны цахим картын мэдээлэл бүхий хуурамч картыг ашиглан Хаан банкнаас 172.913.723 төгрөгийг залилан, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Бичиг баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх 68-70/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 73-76/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 77-83/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 84-85/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 хх 86/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1 хх 87-92, 93-161, 162/, зөөврийн компьютерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх 163/, бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 176-177/, эд зүйл хүлээлгөн өгсөн тэмдэглэл /1 хх 178/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэлүүд /1 хх 179-186, 187-190/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 хх 192, 198-200, 4 хх 104/, Дун Сяо Мэйгээс тайлбар авсан тэмдэглэл /2 хх 216-218/, Бао Сарангэрэлээс тайлбар авсан тэмдэглэл /2 хх 219-220/, картаар үйлчлэх байгууллагатай хамтран ажиллах гэрээ /2 хх 223-240/, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх гэрээ /2 хх 232/, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /2 хх 233/, яллагдагч Л.Г.М, Ц.Ж.И нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тэмдэглэл /2 хх 137-144/, яллагдагч Л.Г.М, Фу Лиан Жан нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тэмдэглэл /2 хх 145-152/, эрүүгийн хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол /4 хх 81/, хохирол төлсөн тухай баримт /5 хх 76-78, 79, 98, 100-101/,

Хохирогч Д.Наран /1 хх 203-205, 206-207, 4 хх 133-134, 162-163/, гэрч Б.Цогтбаяр /1 хх 208-209/, Ч.Баатарчулуун /1 хх 210-211/, Б.Г.Ш /1 хх 212-213, 217-218, 219-220/, Э.Уянга /1 хх 227-228/, иргэний хариуцагч Б.Г.Ш /4 хх 5-6/, шинжээч эмч Ц.Болор-Эрдэнэ /4 хх 36-37/ нарын мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс Л.Г.Мд оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн, түүний гэм бурууд тохирсон, хэргийн зүйлчлэл зөв, үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Л.Г.Мий гаргасан “...Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэх, түүний өмгөөлөгч Ж.Эрхэмбаатарын гаргасан “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэх давж заалдах гомдлыг тус тус хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, бага насны хоёр хүүхэдтэй, бага насны хоёр хүүхэд нь сэтгэцийн эмгэгтэй болсон талаарх эмнэлгийн байгууллагын тодорхойлолт зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр тус тус торгож, ял шийтгэлийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Харин шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарын “Хаан банкнаас мөнгө авсан үйлдэлд хамтран оролцоогүй” гэсэн давж заалдах гомдлын хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрхи дурьдсан өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 721 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос шүүгдэгч Ширээтгэгээн овгийн Байгальсайханы Б.Б, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Л.Г.М /L.G/ нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн ирүүлснийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчилсүгэй. гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...“бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж, бүлэглэж” үйлдсэн... гэснийг “...цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн...” гэж,

- шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Б.Б, Л.Г.М /L.G/ нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 02 /хоёр/ жил хорих ялаар” гэснийг

Б.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар, Л.Г.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил хорих ялаар гэж,

- шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б, Л.Г.М нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 02 /хоёр/ жил хорих ялыг нэмж тэдгээрийн эдлэх ялыг нийт 03 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай. гэснийг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж, торгох ялын хэмжээг 17.000.000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Бгийн нийт цагдан хоригдсон 200 хоногийн 1 хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцон торгох ялаас 3.000.000 төгрөгийг хасч тооцож, шүүгдэгч Б.Бгийн торгох ялын хэмжээг 14.000.000 төгрөгөөр тогтоож, Л.Г.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж, нийт 3 жил хорих ялаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 03 /гурав/ жил хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад” гэсэн хэсгийг хүчингүй болгосугай.

 

4. Шүүгдэгч Б.Бг нэн даруй суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Г.М, түүний өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг, шүүгдэгч Б.Бгийн хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгох, түүний өмгөөлөгчийн  хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ