Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 1261

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Х.М-ын  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Б -д холбогдох,

 

Газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Бямбасүрэн, хариуцагч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Мөнхбаяр нь 2004 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг Б.Б тай байгуулсан. Тус гэрээгээр Гоодойн аман дахь газарт 7:8 харьцаа бүхий 2 давхар зуслангийн байр барьж гүйцэтгэж, нийт 6.791.120 төгрөгийн зардал гарч, ажлыг 2004 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээлгэж өгсөн. Х.М  гэрээний дагуу ажлыг хүлээлгэж өгсний дараа Б.Б ыг гэрээгээр тохирсны дагуу 194,04 мкв талбай бүхий Баянгол дүүрэгт байрлах газрыг Х.М ын өмчлөлд шилжүүлэхээр тохирсон боловч шилжүүлж өгөөгүй. Иймд ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлбөрийг Б.Б ыг төлбөрөө төлөөгүй гэж үзэж байна. Улмаар 2004 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Б.Б аас Баянгол дүүргийн 16-р хорооны засаг дарга газрын өмчлөх эрхийг шилжүүлж өгөх өөрийн хүсэлтийг гэрчилгээний хамт өгч, засаг дарга зохих бичилт хийхийг даалгасан цохолт хийсэн байдаг. Ингээд Улсын бүртгэлд бүртгүүлэх гэхэд Б.Б  ирдэггүй, утсаа авахгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Утсаар маш олон удаа холбогдож шилжүүлэх талаар ярьсан. 2015 онд мэдэгдэх хуудас өгсөн. Иймд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан” гэв.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х.М  нь манай Баянгол дүүрэг дэх газрын хөрш айл байгаа. Би зуслангийн байртай нь танилцаад ийм байр барьж өгөх юм бол манайх газраа өгье гэж тохирч ажил эхэлсэн. 2004 онд Улсын их хурлын сонгууль болж, би н.Гантөмөрийн менежерээр ажиллаж байсан. Ажил хүлээлцэх үед танилцаагүй. Хөршүүд танай байрыг шоронгийн хоригдлуудаар бариулж байна гэж хэлсэн. Сонгуулийн дараа танай байшин бэлэн болсон гэж хэлсэн. Гаднаас нь харахад дажгүй харагдсан. Шал нь далий харагдахад бөмбөг өнхрүүлж үзүүлээд тэгш гэж хэлсэн. Сүүлд мэргэжлийн хүнд үзүүлэхэд суурь хазгай байна, шалаар тэгшилсэн байна гэж хэлсэн. Ингээд бид чанарын шаардлага хангаагүй учир газар шилжүүлэхгүй гэж хэлсэн. Тэгтэл Х.М  тэгшилж өгнө гэж хэлсэн. Ингээд тэгшилж өгөхийг 2012 оны зун хүртэл хүлээсэн. Тэр хүртэл манайх тус байранд ороогүй. Тиймээс газар өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй гэж хэлж байсан. 2012 онд манай аав нас барсан. Нас барахаасаа өмнө байшингаа өөрсдөө буулгаж, баръя гэж хэлсэн. Нэг талдаа 38-аас 45 см-ийн хазгай суурьтай байшин барьчихсан байсан. Сүүлдээ нуралт өгөх хэмжээнд болчихсон байсан. Ингээд бид байшингаа буулгаад дахин бариулсан. Тэгэхэд хуучин материалыг ашиглах боломжгүй байсан учир шинээр барьсан. 2018 онд мөнгөний хэрэгцээ гарч, тус газрыг зарах гэж уулзсан. Бидний хувьд чанарын шаардлага хангасан байр барьсан байсан бол өмчлөх эрх шилжүүлэхэд татгалзах зүйл байгаагүй. Чанарын шаардлага хангаагүй учир бид шилжүүлж өгөөгүй. Тиймээс бид буулгаж, илүү зардал гаргаж ашиглаж байгаа. Анхнаасаа мэргэжлийн бус хүмүүсээр хийлгэсэн байсан учраас доороосоо усанд нэвчиж, муудсан. Тиймээс тухайн байрыг буулгаж, дахин барихаас өөр аргагүйд хүрсэн. Иймд нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.М  нь хариуцагч Б.Б д холбогдуулан Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 5-78 тоотод байрлах 194,4 м.кв талбайтай газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь доголдолтой ажил гүйцэтгэсэн тул ажлын үр дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2004 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу Гоодойн аманд байрлах газарт зуслангийн байшин барьж өгөх, ажлын хөлсөнд Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 5-78 тоотод байрлах 194,4 м.кв талбайтай газрыг шилжүүлэхээд тохиролцсон гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ.

 

Нэхэмжлэгч Х.М  нь ажлын үр дүнг 2004 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээлгэн өгч, акт үйлдсэн, мөн уг өдөр газрын албанд уг газрыг шилжүүлэн өгөхөөр  хүсэлт гаргаж байсан болох нь баримтаар нотлогдож байна.

 

Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 5-78 тоотод байрлах 194,4 м.кв талбайтай газар нь хариуцагч Б.Б ы өмч болох нь талуудын тайлбараар нотлогдож байна. /талууд маргаагүй болно./

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил”, 82 дугаар зүйлийн 82.1-д “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.” гэж тус тус заажээ.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үйл баримт нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 5-78 тоотод байрлах 194,4 м.кв талбайтай газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 5-78 тоотод байрлах 194,4 м.кв талбайтай газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ЭНХБАЯР