Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2021/01034

 

Э.Оюунсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/01657 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1729 дүгээр магадлалтай,

Э.Оюунсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баянчимэг, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.03.14-ний өдрийн 183/ШШ2019/00606 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.05.01-ний өдрийн 772 дугаар магадлалаар төлбөр төлөгч Э.Оюунсүрэн надаас 52,795,301 төгрөгийг гаргуулан Капитрон банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 26/1 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206021835 дугаартай, 146,6 м.кв талбай бүхий 90 хувийн гүйцэтгэлтэй аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа. Хөрөнгийн хураан авах ажиллагаа хийгдэж, 2020.03.02-ны өдрийн 4/6554 дугаартай мэдэгдэлд Үл хөдлөх эд хөрөнгийг 248,900,000 төгрөгөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу зах зээлийн үнийг үнэлгээчин тогтоосон болохыг мэдэгдье гэж, миний хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ хөрөнгө нь хотын төвд байршилтай, ирээдүйд үнэ цэнэ нь өсөх үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд зах зээлийн үнэ нь Монголын худалдааны төв сайт болох Unegui.mn сайтад нийтлэгдсэн мэдээллээс үзвэл 800,000,000 төгрөгөөс 1,000,000,000 төгрөгийн үнэлгээтэй байна. Хөрөнгийг үнэлүүлэх талаар мэдэгдээгүй, хэт бага үнэлснийг зөвшөөрөхгүй байгаа юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа явуулж, хөрөнгийг төлбөрт хураан авах талаар 2020.03.02-ны өдөр 4/6554 дугаартай мэдэгдэл гаргасныг надад огт мэдэгдээгүй бөгөөд битүүмжилсэн болон хураасан эд хөрөнгийн талаар мэдэгдээгүй, хурааж авсны дараа үнийн санал аваагүй зэрэг хэд хэдэн ажиллагааг зөрчсөн. Мэдэгдлийг би 2020.03.18-ны өдөр хүлээн авсан. Мөн 2020.03.02-ны өдрийн 4/6554 дугаартай мэдэгдэлд Шинжээчийн тайланг хавсарган хүргүүлэв гэсэн атлаа тухайн шинжээчийн тайланг хавсарган ирүүлээгүй. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасныг зөрчсөн бөгөөд шийдвэр гүйцэтгэгч надад эд хөрөнгийг маань хураан авсан тухайгаа мэдэгдээгүйгээс болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т зааснаар 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах эрхээ эдэлж чадаагүй. Иймд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 26/1 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206021835 дугаартай, 146,6 м.кв талбай бүхий 90 хувийн гүйцэтгэлтэй аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 248,900,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.03.14-ний өдрийн 183/ШШ2019/00606 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.05.01-ний өдрийн 772 дугаар магадлалаар төлбөр төлөгч Э.Оюунсүрэнгээс 53,287,427 төгрөгийг гаргуулж, Капитрон банк ХХК-нд олгохоор, мөн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд түүний өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 26/1 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206021835 дугаартай, 146,6 м.кв талбай бүхий 90 хувийн гүйцэтгэлтэй аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгсөн бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тул дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2020.01.14-ний өдрийн 19290861/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2020.02.06-ны өдрийн 19290861/02 тоот тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч Э.Оюунсүрэнд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналаа 2020.02.10-ны өдөр ирүүлэхийг мэдэгдэн, шуудангаар хүргүүлсэн боловч заасан хугацаанд үнийн саналаа ирүүлээгүй. Төлбөр төлөгч Капитрон банк ХХК нь 2020.02.11-ний өдөр 353 дугаар албан бичгээр шинжээч томилуулах хүсэлтээ ирүүлсэн. Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-ийг 2020.02.11-ний өдрийн 109 дүгээр тогтоолоор шинжээчээр томилоход 248,900,000 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн тайланг 2020.03.02-ны өдрийн 4/6554 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч Э.Оюунсүрэнд мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу ажиллагаа хийгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.     

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/01657 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Э.Оюунсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Оюунсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1729 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/001657 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.17-ны өдрийн 183/ШШ2020/01657 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхийн 2020.08.07-ны өдрийн 1729 дугаартай магадлалд ИХШХШТХ-ийн 167 дугаар зүйлийн 167.5 болон 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн магадлалаар төлбөр төлөгч Э.Оюунсүрэн надаас 52,795,301 төгрөг гаргуулан Капитрон банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг магадлалын дагуу Хан-Уул дүүргийн, 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 26/1 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206021835 дугаартай, 146.6 м.кв талбайтай, 90% гүйцэтгэлтэй аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгөд гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа болно. Хөрөнгийг хураан авах ажиллагаа хийгдэж, 2020.03.02-ны өдрийн 4/6554 дугаартай мэдэгдэлд ...үл хөдлөх эд хөрөнгийг 248,900,000 төгрөгөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу зах зээлийн үнийг үнэлгээчин тогтоосон болохыг мэдэгдье. гэж миний хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ хөрөнгө нь хотын төвд байршилтай, ирээдүйд үнэ цэнэ нь өсөх үл хөдлөх хөрөнгө бөгөөд зах зээлийн үнэ нь Монголын худалдааны төв сайт болох Unegui.mn дээрээс үзвэл 800,000,000 төгрөгөөс 1,000,000,000 төгрөгийн үнэлгээтэй байна. Хөрөнгийг үнэлүүлэх талаар мэдэгдээгүй, хэт бага үнэлснийг зөвшөөрөхгүй байгаа юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаа явуулж, хөрөнгийг төлбөрт хураан авсан талаар 2020.03.02-ны өдөр 4/6554 дугаартай мэдэгдэл гарсан байдаг боловч шийдвэр гүйцэтгэгч нь албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч надад нэг ч удаа мэдэгдээгүй, мэдэгдэх хуудас ирүүлээгүй, миний хөрөнгийг битүүмжилсэн болон хурааж авч байгаа талаар мэдэгдээгүй, хурааж авсны дараа үнийн санал аваагүй зэрэг хэд хэдэн ажиллагааг зөрчсөн байна. Ингээд мэдэгдлийг 2020.03.18-ны өдөр шуудангаар хүлээж авсан. Мөн 2020.03.02-ны өдрийн 4/6554 дугаартай мэдэгдэлд Хувийг шинжээчийн тайланг хуулбарлан хавсаргав. гэж заасан боловч шууданд шинжээчийн дүгнэлтийг хавсаргаагүй. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасныг зөрчиж байна. Шийдвэр гүйцэтгэгч нь миний хөрөнгийг хурааж авсан талаар надад мэдэгдээгүйн улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасны дагуу 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах эрхээ эдэлж чадаагүйд гомдолтой байна. Иймд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 26/1 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206021835 дугаартай, 146.6 м.кв талбайтай, 90% гүйцэтгэлтэй аялал жуучлалын зориулалттай хөрөнгийг үнэгүйдүүлэн 248,900,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн байна. Мөн магадлалд ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар 1 сарын хугацааг бие даан худалдан борлуулах санал гаргах боломжийг олгоогүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ... гэсэн байдаг. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т Хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно.. гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгчид шинжээчийн дүгнэлтийг танилцуулж, тэмдэглэл хөтлөх байсан боловч тэдгээрийг гүйцэтгээгүй байна. Албадан дуудлага худалдаанд орж байгаа үл хөдлөх хөрөнгө нь төлбөр төлөгчийн хувьд өмч хөрөнгө нь бөгөөд хуульд заасны дагуу түүнд мэдэгдэж, хөрөнгийг нь албадан дуудлага худалдаанд оруулах талаар мэдэгдэх үүрэгтэй байсан боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүнийг гүйцэтгээгүйг шүүх дутуу дүгнэж, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх нь ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасны дагуу хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа учир хяналтын журмаар гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Э.Оюунсүрэн нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах шаардлага гаргасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/00606 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 772 тоот магадлалаар хариуцагч Э.Оюунсүрэнгээс зээлийн гэрээний үүрэгт 52,795,301 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 492,126 төгрөгийг гаргуулж Капитрон банк ХХК-д олгох, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 26/1 тоотод байрлах, 146,6 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлжээ.             

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч нь шүүхийн шийдвэрт заасан үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан журмаар битүүмжилж, хураан авч, төлбөр төлөгч Э.Оюунсүрэнд Хөрөнгийн үнэлгээний санал-аа 2020.02.10-ны өдөр ирүүлэх тухай мэдэгдэх албан бичгийг шуудангаар явуулсан, мөн төлбөр авагч нь хөрөнгийн үнэлгээний талаар шинжээчийн дүгнэлт гаргуулахыг хүссэн байна.

Иймээс ...хөрөнгийг битүүмжилсэн болон хурааж авч байгаа талаар мэдэгдээгүй, хурааж авсны дараа үнийн санал аваагүй зэрэг хэд хэдэн ажиллагааг зөрчсөн байна гэсэн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

  Хариуцагч байгууллага 2020.02.11-ний өдрийн 109 тоот тогтоолоор шинжээчээр хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-ийг томилж, хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байх бөгөөд шинжээч шүүхийн шийдвэрт заасан үл хөдлөх эд хөрөнгийг 248,900,000 төгрөгөөр үнэлгээ тогтоосон тухай баримт хэрэгт авагджээ.            

Шинжээч нь дээрх үнэлгээг гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудтай танилцсан, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу тайланг гаргасан нь хууль зөрчөөгүй. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн бодит үнээс хэт доогуур үнэлэгдсэнийг нотлох, мөн харьцуулан судлах баримтыг шүүхэд ирүүлээгүй, тухай анхан шатны шүүх дүгнэхдээ хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.       

Түүнчлэн ... Unegui.mn сайтаас авсан мэдээллээр 800,000,000-1,000,000,000 төгрөгөөр үнэлэгдэхээр байна гэж нэхэмжлэлд дурдсан боловч шинжээчийн гаргасан үнэлгээний тайланд уг сайтаас авсан мэдээллийг харьцуулан дүгнэсэн байх тул ...хэт доогуур үнэлсэн гэсэн гомдлыг хангахгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасны дагуу 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах эрхээ эдэлж чадаагүйд гомдолтой гэсэн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй буюу тэрээр ийм агуулга бүхий хүсэлт гаргаж байсан тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч нь Үнийн санал ирүүлэх болон үнэлгээний талаар бидэнд танилцуулж, мэдэгдээгүй гэсэн тайлбараа нотлоогүй, хариуцагчийн ирүүлсэн баримтыг няцааж чадаагүй байх тул анхан шатны шүүх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай Э.Оюунсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэх ёстой хуулийн заалтыг оновчтой хэрэглээгүй, найруулга зүйн хувьд алдаатай байгааг давж заалдах шатны шүүхээс засч чадаагүй байх тул хяналтын шатны шүүхээс залруулна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1729 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/01657 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Э.Оюунсүрэнгийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2020.02.20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ-г хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Х.СОНИНБАЯР

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД