Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2019/01685

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г.О-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: У.Ч-д холбогдох

 

Өмчлөх, ашиглах эрхээ эдлэхэд саад учруулж буй үйлдлийг арилгуулж, хууль бус барьсан ханыг нураалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.О  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2017 оны 10-р сарын 18 өдөр Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Найрамдал зуслан дахь 000-р байрны зоорийн В1 давхрын №3 тоот авто зогсоолыг худалдаж авсан. Найрамдал зуслан нь өвөлдөө маш хүйтэн мөн гадагшаа удаан хугацаагаар явахад авто машинаа үлдээх шаардлагатай байдаг тул уг зогсоолыг худалдан авч өмчилсөн болно.

Гэтэл хариуцагч буюу №1, 2 тоот авто зогсоолын эзэн У.Ч нь авто машинаа хийхээс гадна, эд юмс хураах агуулахын зориулалтаар ашиглахаар өөрийн 1, 2 тоот авто зогсоолын 2 талын ханыг тоосгоор битүүлж шавардаад хаалга хийн битүүлэх гэж байхад нь байрны оршин суугчид бид эсэргүүцэж хаалгыг нь хийлгүүлээгүй болно.

Уг 1, 2 тоот авто зогсоолыг зориулалтын бус агуулах хэлбэрээр ашиглах, хана барьж тусгаарлах нь оршин суугчдад эрсдэлтэй, юу хадгалж байгааг мэдэх боломжгүй, урд эгнээний галын ус шүрших хайрцаг нь уг битүүлсэн авто зогсоолд байгаа зэрэг нь галын аюултай нөхцөл байдлыг бий болгож байна.

Мөн 3 тоот авто зогсоолын өмчлөгч миний өмчлөх, эзэмших, ашиглах эрхээ чөлөөтэй эдлэхэд саад учруулж байгаа тул хануудыг албадан нураалгахаар нэхэмжлэл гаргаж байна.

У.Чулуундоржийн байшин дотор байшин барьсан уг үйлдэл нь Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 418 дугаар тушаалын 1-р хавсралт болох Барилгын норм, дүрмийн /Авто Зогсоол/ 5.35-дахь заалтыг /Газар доорх авто зогсоолд авто тээврийн хэрэгсэл зогсох талбайг тусдаа бокс болгон хаалтаар тусгаарлахыг хориглоно/ мөн Барилгын тухай хуулийн 46-р зүйлийн 46.1.3-дахь /барилга байгууламжийн ундсэн хийц, бүтээцийг арчлан хамгаалах, зориулалтыг өөрчлөхгүй байх/ заалтуудыг тус тус зөрчиж байна.

1, 2 тоот авто зогсоолын өмчлөгч У.Ч-ийн энэ хууль бус үйлдэл нь хөрш 3 тоот авто зогсоолын өмчлөгч Г.О  миний авто зогсоолоо саадгүй чөлөөтэй эзэмших, ашиглах эрхийг зөрчиж байна. Хөгшин настай ээжийгээ болон хүүхдүүдээ чөлөөтэй буулгаж суулгаж чадахгүй байна.

Найрамдалд байрлах уг байрны оршин суугчид өөрсдийн авто зогсоолдоо машинаа үлдээгээд олон хоногоор явах, өвлийн хугацаанд машинаа дулаан зосоолдоо үлдээх тохиолдол их байдаг. Энэ хугацаанд галын аюултай нөхцөл байдал үүсэхэд галын дотуур усан хангамжийн усны цэгийг хааж хана барьсан нь олон хүний өмч хөрөнгө цаашлаад дээр амьдарч байгаа хүмүүсийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Найрамдал зуслан дахь 000-р байрны зоорийн В1 давхрын авто зогсоолыг Орон сууцны батлагдсан зураг төслийн дагуу анхны төлөв байдалд нь оруулж, хууль журам зөрчин барьсан 2 ханыг нураах буулгах шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.

 

Хариуцагч У.Ч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Би 2018 оны 1-р сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо Найрамдал зуслангийн 143 айлын орон сууцны В1 давхрын №1, 2 тоот авто зогсоолыг М компаниас нэг бүрийн нь 15 сая төгрөгөөр буюу 30 сая төгрөгөөр худалдан авсан. М ХХК-ийг төлөөлж Г овогтой У-аас худалдаж авахдаа зогсоолынхоо 2 талд хана барьж болно гэвэл 2 зогсоол авья болохгүй гэвэл 1 зогсоол авья гэж хэлэхэд “Болохгүй зүйл байхгүй, бид компанийхаа өмчийг мэдэж байна” гээд ерөнхий инженер Б-сээ утсаар асуусан. Тэгсэн “Болно гэж байна, асуудалгүй” гэж хэлээд шууд гэрээ хийсэн. Би гэрээ хийхдээ танай М компани надад барьж болно гэсэн бичиг хийж өгөөчээ гэж хэлсний хариуд мөн л “өрөөл бусдад ямар ч саад болох зүйлгүй юм чинь бичиг цаас болж сүржигнээд юу гэхэв дээ” гэж уцаарлангуй хариулсан. Тэгэхээр нь би бусдын уур ундууцлыг хүргээд яахав гээд л дуугай гэрээгээ хийсэн.

Би анхнаасаа Иргэний хуулийн 101-р зүйлийн 101.1 “Өмлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэсэн зүйл заалтыг харж үндэслэл болгон авто машинаа бусдын гэмт халдлагаас хамгаалах хана барьсан. Мөн тухайн барилгыг анх барьсан компани болон компаний барилгын инженерээс зөвшөөрөл авчихсан, дээрээс нь өөрийнхөө өмчлөлийн зүйлийн хэмжээ хязгаарын дотор тухайн ханыг барьсан. Ер нь бол би ийм маргаан үүсэхийг мэдэж байсан бол анхнаас нь 2 биш 1  зогсоол л авах байсан юм. Энэ М компани нь анхнаасаа намайг хуурч, мэхэлж зарсан болж таарлаа. Мөн Г.О од стандарт хэмжээнээсээ дутуу зогсоол зарж, 2 иргэнийг хооронд нь муудалцуулчихаад үл тоомсорлосон шинжтэйгээр өнөөдрийг хүрч байгаа нь туйлын харамсалтай байна. Энэ хэргийн гол үндэслэл нь Г.О од М компани нь стандартын шаардлага хангахгүй, үндсэн хэмжээ хязгаараасаа бага зогсоол зарсанд байгаад байгаа юм. Ийм учир М компанийг хамтран хариуцагчаар татуулах хүсэлтэй байна.

Би 2018 оны 01 сарын 18-аас 2018 оны 04 сарын 3-ны хооронд 2 сар гаруй хугацаанд биеийн байдал болон баяр ёслол, монголын цагаан сарын баяр таарцан байсан учраас хамгаалалтынхаа ханыг барих боломж буюу тухайн тоосгуудыг өрж өгөх барилгын тусгай мэргэжлийн хүмүүс олдохгүй байсан учраас бариагүй юм. Дээрхи 2 сар гарны хугацаанд найрамдал зусланд байх орон сууцандаа очиж өөрийн авто машиныхаа зогсоолуудад машинаа тавих гэхээр өөр гадны хүмүүс манай зогсоолыг эзэмшиж ашиглаад байсан учраас тухайн орон сууцны СӨХ-ийн хүн гэх ахад зогсоолдоо машин тэргээ тавьмаар байна гэж өөрийнхөө дүүгээр хэлүүлж байж ганц хоёр удаа машинаа тавихад эхний удаад нь манай хажуу талын 3 тоот зогсоолын эмэгтэй Г.О ын талаас машины хаалгаараа манай машиныг цохисон сэв суулгасан байсан. Би тэр дор нь тухайн 3 тоот зогсоолд зогсож байсан машины утсыг хайсан боловч олдоогүй. Тэгээд цаг давчуу байсан учраас заа, заа жижиг сэвнээс болж хажуу хөрштэйгөө муудалцаж яахав гээд л юм дуугараагүй өнгөрсөн. Түүний дараа мөн л машины баруун хэсэгт урт нарийн сэв гарсан байсан. Энэ яагаад ийм юм болов гээд граж дотор дугуй болон скүүтр унаж тоглож байсан хүүхдүүдээс асуусан чинь “ахаа таны машиныг нэг хүүхэд дугуйгаараа мөргөчихөөд зугтаачихсан” гэж хэлсэн. Тэр үед нэг бичиг, цаас бариад явж байсан хүнд хандаж “та энэ М компаний хүн мөн үү” гэж асуухад “яасан юу гэсэн юм болоо” гэж хэлэхэд нь би хариуд нь “миний машинд ингээд сэв суулгачихжээ. Одоо яах уу” гэж асуухад “манай М компани ашиглалтыг чинь хариуцдаг болохоос хамгаалалтыг чинь хариуцахгүй, тэр цагдаа сэргийлэхэд нь наад хүүхдээ өгнө биз дээ” гэж хэлээд яваад өгсөн. Заа, заа миний хүүхэдтэй ялгаа юу байхав хүүхэд л юм хойно болгоомж алдсан юм байлгүй дээ гээд хүүхдийн гэнэн цагаан сэтгэлд нь сэв суулгалгүй цагдаад хандалгүй тэр чигт нь хаясан. Мөн нэг орон сууцанд цуг амьдарч байгаа хүмүүстэйгээ машины жижиг сэвээс болж хэрүүл шуугиан үүсгээд яахав гэж бодоод мөн л зүгээр орхисон. тухайн орон сууцны гражийн хэсгээс гарах болон ороход маш эвгүй, амьтан хүн мөргөчих гээд байдаг мөн нэгдсэн харуул хамгаалалт байхгүй, ганцхан хүнийг СӨХ-ийн төлөөлөл гэж байлгадаг. Ганц хүнийг СӨХ-ийн төлөөлөл гэж байлгадаг нь тухайн ажлынхаа хаана аа ч хүрдэггүй юм шиг байна лээ. Дээрхи байдалтай адилаар ахин дахин хохироод байх нь хэцүү юм. Би өөрөө өөрийнхөө юманд эзэн болохгүй бол энгээд хохироод байвал хэн ч хариуцлага хүлээхгүй шинжтэй юм байна лээ. Тэгээд л анх М ХХК-аас хана барьж болно гэж аман зөвшөөрөл авсан байсан учир хана барих тоосго цементээ өөрийн авто машины зогсоол дээр буулгасан. Ер нь бол буулгахаасаа өмнө М компаний ерөнхий инженер Б рүү утсаар ярьж “одоо тоосго, цементээ буулгалаа шүү” гэж хэлсэн түүний хариуд “тэгээ тэг асуудалгүй” гэж хэлсэн. Буулгаж байх явцдаа М буюу СӨХ-ийн төлөөлөл Дашзэвэгг хана барих гэж байгаагаа ч хэлсэн, яаг миний хажууд Д гуай инженер Б болон У нар луугаа утсаар асуусан. Бид барихыг зөвшөөрсөн юм гэж хэлж байсан. Тэгээд түүнээс хойш хэд хоногийн дараа очиж хана барих ажлаа эхлүүлэхдээ мөн л утсаар Б-д “ханаа өнөөдрөөс барьж эхэллээ” гэж хэлсэн. Хариуд нь Б “ажлаа эхлүүл, барьж дуусаад сайхан ижил өнгөөр нь будчихаарай” гэсэн. Мөн СӨХ-ын хүнд ус цахилгаанаар хангаж өг гэсний дагуу СӨХ-ын Д узелээс ус яаж авахыг зааж өгч зарим түмпэн, сав багаж хэргэслээр хангаж өгсөн мөн тог, цахилгаан яаж асааж, унтраах талаар зааж өгсөн тэгээд хамгаалалтын ханаа бариж дуусаж байхад 3 тоот зогсоолын эмэгтэй гэх хүн орж ирж биднийг үг хэлээр доромжилж бас 20,0 сая төгрөг нэхэж дарамталж байгаад л гараад явсан. Би тухайн эмэгтэйд М ХХК-ийн инженер Б болон анхны гэрээ хийсэн У-аас зөвшөөрөл авсан гэдгээ хэлсэн тэгсэн чамайг шалны алчуур болгоно оо гэж агсраад байсан би ч олон юм ярилгүй инээсээр байгаад л гаргасан.

Тухайн бүх болсон зүйлийг барилгын ажил хийж байсан хүмүүс болон М ХХК-ийн буюу СӨХ-ийн төлөөлөл гэх Д гэж хүн харсан, мэдсэн. Эдгээр хүмүүсийг гэрчээр шүүхэд оруулж өгнө үү.

Тэр өдрөөс хойш энэ эмэгтэй өнөөдрийг хүртэл энэ тэнд очиж өргөдөл, гомдол өгсөөр явна. Мэргэжлийн хяналтад өгсөн өргөдөл гомдлын дагуух акт нь захиргааны хэргийн шүүхийн тогтоолоор хүчингүй болсон мөн онцгой байдлаас надад нэрлэсэн мэдэгдэл байсан. Ирүүлсэн мэдэгдэл нь дүгнэлт биш гэдгийг иргэн Г.О  нь ойлгохгүй байгаа бололтой юм. Энэ нь тодорхой хугацааны дотор ирж бичгээр хариу мэдэгд гэсэн байсан. Би очиж уулзаж хариу мэдэгдсэн. Түүний хариуд галын орц гарц хаагааүй байна гэсэн бичиг хийж өгсөн. Харин та өөрийн хөрөнгө мөнгөөр гомдол гаргасан эмэгтэйн З тоот зогсоолын ард галын шланкыг буюу галын колистраацийг нэмэлтээр байрлуулж зөрчлөө арилга гэсний дагуу би бүх юмыг авч суурилуулахад бэлэн болгосон зураг нь энд хамт байгаа. Яагаад өнөөг хүртэл суурилуулаагүй вэ гэвэл тухайн үед мэргэжлийн хяналтын байгууллагын акт захиргааны хэргийн шүүх дээр хэлэлцэгдэж байсан. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хаашаа гарахыг мэдэхгүй учраас өөрийн зүгээс суурилуулахаас түр татгалзаад байсан юм. Захиргааны хэргийн шийдвэр нь 2018 оны 10-р сарын 10-ны өдөр гарч 11 сарын 20-ны өдөр онцгой байдлын хэлтэст тухайн гал унтраагуурыг байрлуулах болон суурилуулахад мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч туслаач гэсэн хүсэлтийн хариуд манай байгууллагын зүгээс мэргэжил арга зүйн зөвлөгөө үзүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн дүгнэлт маань ирсэн. Хавтаст хэрэгт мөн хавсаргасан байгаа. Тэгээд л зөрчлөө арилгах гээд байж байтал тус танай шүүхэд иргэн Г.О  гомдол гаргасан.

Ер нь бол би тухайн барьсан ханандаа анхнаасаа хаалга үүд хийх зорилгогүй байсан. Мөн Г.О  нь нэхэмжпэлдээ агуулахаар ашиглах гэж байна гэсэн байна лээ. Би зориулалтынх нь дагуу л ашиглаж байсан. Цаашид ч зориулалтаар нь ашиглана. Хаалга үүд хийх шаардлага байхгүй учир паар болон агааржуулалтыг хаахгүй одоо ч хаагаад битүүмжилсэн зүйл байхгүй ээ. Мөн нэхэмжлэлдээ Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 5.35 дахь зүйл заалтад “газар доорх авто зогсоолд авто тээврийн хэрэгсэл зогсох талбайг бокс болон хаалтаар тусгаарлахыг хориглоно” гэж заасан нь 1-рт “Монгол улсын үндсэн хууль болон бусад хуулиудад , монгол улсын хууль нь хоёрдмол утга санаагүй байна” гэж заасан зүйл заалтуудыг зөрчсөн утга санааны илэрхийллийн хувьд алдаатай тушаал юм.

Монгол улсын хуулиудаас илүү давсан сайдын тушаал гэж байхгүйг хэн бүхэн ойлгож байгаа биз ээ. Тухайн тушаалын үг өгүүлбэрийг задлан ойлговол бокс гэдэг үг нь зориулалтын бээлий өмсөж зохих дүрмийн ёсоор тоглох спортын төрөл гэж монгол хэл бичгэнд орчуулагдаж байна. Мөн хортой уур, халдварт өвчний юм зэрэгтэй ажиллахад зориулсан тусгай өрөө болон ширээн дээрх соруултай хайрцаг хэлбэрийн хэрэгсэл гэж тус тус хөрвүүлэгдэж байгааг Монгол улсын шинжлэх ухааны академи, Хэл зохиолын хүрээлэнгээс ирүүлсэн албан бичигт дурдагджээ. Тухайн хэл зохиолын хүрээлэнгээс авсан албан бичгийг нотлох баримтаар хавтаст хэрэгт өгсөн. Би өөрийн авто зогсоолыг боксын ринг буюу дэвжээ болгон ашиглах гээгүй зориулалтынх нь дагуу ашиглаж ирсэн цаашид ч ашиглах болно.

Мөн нэхэмжлэлдээ барилгын тухай хуулийн 46.1.3 дахь зүйл заалтыг дурьджээ. Тухайн 46.1.3 дахь зүйл заалтанд “барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцийг арчлан хамгаалах, зориулалтыг өөрчлөхгүй байх” гэж заажээ.

1. Энэ хуулийн эхний хэсэгт барилга байгууламжийн үндсэн хийц гэж бичигдсэн байна. Би үндсэн хийцийг нь өөрчилж, хана туурга эвдэж нураасан, сүйтгэсэн зүйл байхгүй. Харин ч бүтээн байгуулалт хийсэн.

2. Энэ хуулийн удаах хэсэгт бүтээцийг арчлан хамгаалах гэсэн байна. Би өөрийнхөө өмчлөлийн зүйлийг тордон хамгаалж явах нь Иргэний хуулийн 101.1-д заасан үүрэг болон эрх билээ. Би үүрэг, эрхээ бусдаар хэлүүлж заалгах оюун санааны ядууралд орсон хүн биш гэдгийг Г.О  та ойлгоно биз ээ.

3. Энэ хуулийн төгсгөл хэсэгт зориулалтыг өөрчлөхгүй байх гэж бичигджээ. Би авто зогсоолыг өмнө нь ч авто зогсоолынх нь чиглэлээр ашиглаж байсан, одоо ч ашигласаар байна, цаашид ч авто зогсоолынх нь чиглэлээр ашиглана.Ер нь миний эдэлж хэрэглэж ашиглах зүйлд иргэн Г.О  та битгий санаа зовоо. Миний ойр дотны хүн биш гэдгээ ойлго, сэтгэл гаргасанд тань баярлахыг хичээе.

Ер нь би тухайн хамгаалах ханаа барихдаа барилга байгууламжийн үндсэн хийцэд нөлөөлсөн зүйл байхгүй. Хана туургыг нь нурааж бүтээцийг нь өөрчлөөгүй, харин ч үндсэн нурууны доогуур тулгуур хана баригдсан болно. Мөн нотлох баримтандаа М ХХК-нь торгуулахаасаа айж арьсаа хамгаалж бичсэн бичгийг оруулсан байна лээ. Бид хана барихыг зөвшөөрөөгүй, хаалга хийх гэж байхад нь болиулсан гэсэн байна лээ. Тэр бичгийн хариуг дээрх инженер Б, У, Д гэх хүмүүст хуулийг нь сануулаад л шүүх асуухад бэлээхэн хэлээд өгчих байх. Дээрх М ХХК өөрсдөө мэргэжлийн хяналтаас торгоно гэхээр нь өөрсдийгөө хамгаалж анхны хэлцлээсээ нүүр буруулсан. Тийм учир анх хуурамч хэлцэл хийсэн энэ М ХХК-аас иргэн У.Ч би 2 зогсоолын мөнгө болох 30 сая төгрөгөө нэхэмжилж байна. Мөн тухайн ханыг барихад гарсан зардал болох 1,200,000 төгрөгөө нэхэмжилж байна. Иргэн У.Ч би аль нэгэн компаний хариуцлагагүй үйлдлээс болж мөнгө төгрөгөөрөө хохирч чадахгүй. Монгол төрийн шүүх зальт этгээдүүдийг үнэн зөвөөр шүүж, хуулийн дагуу арга хэмжээ авна гэдэгт найдаж байна гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч У.Ч-д холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Найрамдал зуслан дахь 000-р байрны зоорийн В1 давхрын авто зогсоолыг Орон сууцны батлагдсан зураг төслийн дагуу анхны төлөв байдалд нь оруулж, хууль журам зөрчин барьсан 2 ханыг нураах буулгах шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч У.Ч нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасанчлан авто машинаа бусдын гэмт халдлагаас хамгаалах зорилгоор өөрийн зогсоол дээрээ хана барьсан, барилга байгууламжийн үндсэн хийцийг нь өөрчилж, эвдэж нураасан, сүйтгэсэн зүйл байхгүй. Харин ч бүтээн байгуулалт хийсэн. Авто зогсоолыг зориулалтаар нь ашиглана, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, галын хайрцгийг шилжүүлэн суулгахад бэлэн, зөвшөөрлийг нь Онцгой байдлын газраас өгсөн байгаа гэж татгалзсан тайлбарыг гаргадаг.

 

Нэхэмжлэлийн үндэслэл, татгалзсан тайлбараас үзэхэд талуудын хооронд өөр өөрсдийн өмчлөлийн зүйл болох автозогсоолуудыг эзэмших, ашиглах, хамгаалахтай холбоотой асуудлаар маргаж байх тул энэ нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэсэн зүйл заалтад нийцэх бөгөөд өмчлөх эрхийг зөрчиж буй этгээдээс зөрчлийг арилгуулах, хууль бус үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй болно.

 

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...байшин дотор байшин барьсан уг үйлдэл нь Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 418 дугаар тушаалын 1-р хавсралт болох Барилгын норм, дүрмийн /Авто Зогсоол/ 5.35-дахь заалтыг /Газар доорх авто зогсоолд авто тээврийн хэрэгсэл зогсох талбайг тусдаа бокс болгон хаалтаар тусгаарлахыг хориглоно/, мөн Барилгын тухай хуулийн 46-р зүйлийн 46.1.3-дахь /барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцийг арчлан хамгаалах, зориулалтыг өөрчлөхгүй байх/ заалтуудыг тус тус зөрчиж байна. Мөн галын аюултай нөхцөл байдал үүсэхэд галын дотуур усан хангамжийн усны цэгийг хааж хана барьсан нь олон хүний өмч хөрөнгө цаашлаад дээр амьдарч байгаа хүмүүсийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж байна. 1, 2 тоот авто зогсоолын өмчлөгч У.Ч-ийн энэ хууль бус үйлдэл нь хөрш 3 тоот авто зогсоолын өмчлөгч Г.О  миний авто зогсоолоо саадгүй чөлөөтэй эзэмших, ашиглах эрхийг зөрчиж байна гэж тайлбарладаг бөгөөд тухайн шаардлага хуулийн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Тодруулбал, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасны дагуу өөрийн өмч хөрөнгөө халдлагаас хамгаалж тусгаарлах хана барьсан гэдэг. Мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 “Өмчлөгч бусдад гэм хор учруулах замаар өмчлөх эрхээ урвуулан ашиглахыг хориглоно. Харин ашиг сонирхлоо хамгаалахын тулд зайлшгүй шаардлагаар хийсэн түүний үйлдэл хууль ёсны болох нь тогтоогдсон бол эрхээ урвуулан ашигласан гэж үзэхгүй” гэж заажээ.

 

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд хариуцагч эрх бүхий этгээдээс хана барих зөвшөөрөл авсан эсэх, хана барих зайлшгүй шаардлага бий болсон эсэх, тухайн үйлдэл хууль ёсны эсэх талаарх өөрийн татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.  

 

Нэхэмжлэгч талаас ирүүлсэн нотлох баримтуудаас хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн албан шаардлага, иргэн У.Ч-д хандсан СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагчийн мэдэгдэл зэргийг хариуцагч тал ...тухайн шаардлага нь Захиргааны шүүхээр хянагдаад хүчингүй болсон гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрөөгүй, мөн нэхэмжлэгч талаас шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан тул шүүхээс мэргэжлийн байгууллагыг шинжээчээр томилсон.

 

Шүүхийн шинжилгээний тухай хууль болон шүүгчийн захирамжид заасны дагуу барилга хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрөл бүхий “Эм Эм инженеринг” ХХК-иас ирүүлсэн дүгнэлтэд “...Тус автограж нь халаалтын нэгдсэн системтэй ба 1, 2 тоот автозогсоолд халаах хэрэгсэл суурилагдсан. Энэ нь нэгдсэн системээр төлөвлөгдсөн учраас халаалтын систем доголдоно, Цэвэр усны галын кран 25м радиус дотор 1 төлөвлөгддөг, тэр нь тухайн 1, 2 тоот автозогсоолд барьсан хашлага хаалтан дунд байрласан, Агааржуулалтын нэгдсэн системтэй бөгөөд тухайн 1, 2 тоот автозогсоолд агааржуулалтын сорох хоолой байрлаж байна, гэрэлтүүлгийн нэгдсэн системтэй бөгөөд нийтээр болон хэсэгчлэн унтраах унтраалгатай байна. Дүгнэлт, дээрээс харахад 10-р байрны В1 давхар нь холбогдох БНбД-ийн дагуу нэгдсэн системтэй байдлаар төлөвлөгдсөн байгаа бөгөөд нэг ба хэд хэдэн автозогсоолыг нэгтгэж тусгаарлах хана, хаалга хийх боломжгүй” гэжээ.

 

Маргаан бүхий автозогсоолын тусгаарлах ханыг шинжээч биечлэн очиж үзлэг хийсэн, мөн тухайн зоорийн давхрын зураг болох “Бат-инспайрин” ХХК-ийн боловсруулсан ажлын зурагт үндэслэсэн байх бөгөөд тус зураг тухайн барилгын зоорийн давхрын зураг болох нь барилгын ажлын холбогдох бичиг баримт, гэрээ, ажлын зураг зэрэг баримтуудыг хавсаргасан, 1, 2 тоот автозогсоолын өмчлөгчийн талаарх Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

Хариуцагч У.Ч-ийн зохих зөвшөөрлийн дагуу ханыг барьсан, хуулийн дагуу эд хөрөнгөө хамгаалж байгаа, барилын үндсэн хийцийг өөрчлөөгүй эвдээгүй, дүрэм журам зөрчөөгүй гэх тайлбар нь 2018 оны 6 сарын 6-ны өдрийн Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн “...Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалт, 19 дугээр зүйлийн 19.1 Барилга байгууламжийн хийц, бүтээцийн шийдэл нь гал түймэр гарсан тохиолдолд хүн амын аюулгүй байдлыг хангахуйц, гал түймрийг бага хохиролтойгоор унтраах бололцоог хангасан байна, 19.3.Барилга байгууламж, тээврийн хэрэгсэл гал түймэр унтраах анхан шатны багаж, хэрэгслээр хангагдсан байна. Анхан шатны багаж, хэрэгслийг өөр зориулалтаар ашиглахыг хориглоно. 20 дугаар зүйлийн 20.1 Галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийг албан тушаалтан, иргэн үйл ажиллагаандаа удирдлага болгон дагаж мөрдөх үүрэгтэй, Барилга байгууламжийн галын аюулгүй байдал БНбД 21-01-02, Олон нийтийн иргэний барилга БНбД 31-03-03 норм дүрмийг үндэслэн шалгалтыг явуулахад иргэн авто зогсоолын эзэн У.Ч нь орон сууцны нийтийн эзэмшлийн В1 давхарын гал түймэр гарсан үед гал унтраах галын дотуур усан хангамжийн системийн усны цэгтийг хааж шаардлага гарахад ус өгөхөд бэлэн байх усны цэгийг хаасан байна ...гал түймрийн нөхцөл байдал үүссэн үед гал унтраах үйл ажиллагаа явуулахад цаг хугацаа алдагдах нөхцлийг бүрдүүлсэн байна” гэх мэдэгдэл, иргэн Г.О од хандсан “М” ХХК-ийн 2018 оны 4 сарын 19-ний өдрийн 145 дугаартай “...В1 давхрын 1, 2-р автозогсоолыг эзэмшигч У.Чулуундоржид тусгаарлан хана хийх зөвшөөрлийг албан ёсоор өгөөгүй” гэх албан бичиг, шинжээч “Эм Эм инженеринг” ХХК-ийн дүгнэлтээр тус тус үгүйсгэгдэж байх тул хариуцагч У.Ч-ийн өөрийн эзэмшлийн авто зогсоолд хана барьж тусгаарласан үйлдэл хууль ёсных гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн хана барьсан үйлдэл нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг буюу өмчлөлийн зүйл, эд хөрөнгөө аливаа халдлагаас хамгаалах эрхийг зөрчиж байна гэж үзнэ.

 

Хуулиас давуу эрхтэй сайдын тушаал байх учиргүй гэх хариуцагчийн тайлбарын хувьд Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 “Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 5.1.1, 5.1.2-т заасан барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг батална”, 5 дугаар зүйлийн 5.1 “Барилгын үйл ажиллагааг доор дурдсан норм, нормативын баримт бичгээр зохицуулна, 5.1.1.барилгын норм, дүрэм, 5.1.2.барилгын болон техникийн дүрэм, заавар, цомог, аргачлал... гэж заасны дагуу Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаас 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 418 дугаар тушаалын 1-р хавсралт, Монгол Улсын Барилгын норм ба дүрэм,  суудлын авто тээврийн хэрэгслийн газар доорх авто зогсоол, 5.35-д “Газар доорх авто зогсоолд авто тээврийн хэрэгсэл зогсох талбайг тусдаа бокс болгон хаалтаар тусгаарлахыг хориглоно” гэсэн шийдвэрийг гаргасан нь хуулийн дагуу байна.

 

Иймээс нэхэмжлэгч Г.О ын хууль дүрэм журам зөрчин барьсан автозогсоолын 2 ханыг нураах, буулгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Найрамдал зуслан дахь 000-р байрны зоорийн В1 давхрын хариуцагч У.Ч-ийн өмчлөлийн 1, 2 тоот авто зогсоолын тусгаарлах хануудыг албадан буулгаж шийдвэрлэв. 

 

Хариуцагч У.Ч нь “...нурууны өвчин хүндэрч босч чадахгүй хэвтэрт байгаа” гэх үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг гаргасан хэдий ч дээрх үндэслэл баримтаар нотлогдоогүй, шүүхэд ирэх боломжгүйгээ нотлоогүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж шүүхээс дүгнээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд талуудын тайлбар, баримт нотолгоог үндэслэн хэргийг шийдвэрлэсэн бөгөөд шүүгчийн захирамжийн дагуу шинжээчээр томилогдсон “Эм Эм инженеринг” ХХК-ийн зардлыг тус байгууллагын 396,000 төгрөгийн 03-02/2018 дугаарын нэхэмжлэхийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу хариуцагчид хариуцуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Найрамдал зуслан дахь 000-р байрны зоорийн В1 давхрын хариуцагч У.Ч-ийн өмчлөлийн 1, 2 дугаартай авто зогсоолын тусгаарлах хануудыг албадан буулгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Ч-оос 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, шинжээчийн зардал 396,000 төгрөг гаргуулан “Эм эм инженеринг” ХХК-д тус тус олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.АМИН-ЭРДЭНЭ