Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 181/2019/01374/И |
Дугаар | 001/ХТ2021/01036 |
Огноо | 2021-09-14 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2021/01036
Ньювояж ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/00493 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 805 дугаар магадлалтай,
Ньювояж ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 640 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Борхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадорж, Т.Баттүшиг, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: 2011 оны 11 дүгээр сард ММК ХХК-тай автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулан 4 чирэгч толгой, 4 чиргүүл худалдаж авсан. Уг гэрээтэй холбоотой маргаан үүсч Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх 2014.05.30-ны өдрийн 2678 дугаар шийдвэр гарсан. Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014.08.27-ны өдрийн 837 дугаар магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулан 103,091,080 төгрөгийг төлсөн тохиолдолд авто чирэгч болон чиргүүлийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгаж шийдвэрлэсэн. Үүний дагуу ажиллагаа явагдаж байсан боловч 2017.09.28-ны өдрийн 640 дугаартай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасан үндэслэлээр ажиллагааг дуусгавар болгосон байна. Энэ тогтоолоо Ньювояж ХХК-д огт танилцуулаагүй нуун дарж өнгөрүүлсэн. Энэ тогтоолыг 2018.03.01-ний өдөр мэдэж, очиж авсан. Харин манай компанийн автомашиныг Б.Мөнхсоёлд шилжүүлсэн тухай баримтыг 2017 оны 9 сард шүүхийн шатанд байх явцдаа мэдсэн ба мөнгөө буцааж авах талаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон уг тогтоолыг мэдээд холбогдох эрх бүхий байгууллагад нь удаа дараа хандсан боловч эрх ашгаа хамгаалуулж чадахгүй, тогтоол үндэслэлтэй хариуг удаа дараалан авч байна. Хариуцагч нь төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн гүйцэтгэх баримт бичигт заасан ажиллагааг бүрэн хийлгүйгээр ажиллагааг дуусгавар болгон тогтоолыг төлбөр авагчид танилцуулаагүй. Иймд шийдвэр гүйцэтгэгчийн 2017.09.28-ны өдрийн 640 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014.05.30-ны өдрийн 2678/с дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014.08.27-ны өдрийн 835 дугаар магадлалаар Ньювояж ХХК-иас 103,728,485 төгрөгийг гаргуулж ММК ХХК-д олгож, хариуцагч Ньювояж ХХК нь 103,728,485 төгрөгийг төлсөн тохиолдолд авто чирэгч болон чиргүүлийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг ММК ХХК-д үүрэг болгож шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч хуулийн этгээдийн захирал Н.Цэвгээ нь Б.Мөнхчулуунд 1465, 1467 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг, иргэн Б.Мөнхсоёлд 1482, 1462 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшүүлж, гуравдагч этгээдээс авах авлагаар шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах тайлбар гаргаж байсан нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдаж, хувийн хэрэгт авагдсан байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Ньювояж ХХК-ийн өмнөөс төлөх төлбөрийг Б.Мөнхсоёл ММК ХХК-ийн дансанд төлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Нэхэмжлэлд дурдагдсан тээврийн хэрэгслүүдийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хэн нэгэн рүү шилжүүлээгүй бөгөөд Ньювояж ХХК-ийн захирал Н.Цэвгээ хууль бусаар Шонхорын хүлэг ХХК болон бусад хуулийн этгээдийн эзэмшилд шилжүүлсэн байгаа нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд дурдагдсан байна. Төлбөр авагч хуулийн этгээдээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийг ирүүлсэн. Ньювояж ХХК-ийн захирал Н.Цэвгээ нь Б.Мөнхсоёл, Б.Мөнхчулуун нарыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож байгааг мэдсэн төдийгүй 2016.10.24-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд гарын үсэг зурснаар баталгаажиж байна. Мөн 2017.01.02-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл дээр Ньювояж ХХК-ийн захирал Н.Цэвгээ нь тайлбар өгөхдөө Б.Мөнхсоёл надад өгөх мөнгөө шууд ММК ХХК-д өгөхөөр болсон, үлдэгдэл төлбөрийг 2017.02.01-ний өдрийн дотор төлөх гэрээг Б.Мөнхсоёл, ММК ХХК-тай байгуулсан гэх тайлбар өгч байсан нь тэмдэглэлээр нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/00493 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4, 122.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ньювояж ХХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 640 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Ньювояж ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 805 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/00493 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасны дагуу хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 9 дүгээр 28-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон тухай 640 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай гэж, 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ньювояж ХХК-д буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014.05.30-ны өдрийн 2678/с дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014.08.27-ны өдрийн 835 дугаар магадлалаар Ньювояж ХХК-аас 103,728,485 төгрөгийг гаргуулж ММК ХХК-д олгож, хариуцагч Ньювояж ХХК нь 103,728,485 төгрөгийг төлсөн тохиолдолд авто чирэгч болон чиргүүлийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг ММК ХХК-д үүрэг болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Ньювояж ХХК-ийн нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.17-ны өдрийн 493 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.08-ны өдрийн 805 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэгчийн 2016.10.24-ний өдрийн тэмдэглэлд Ньювояж ХХК-ийн захирал Н.Цэвгээ, тээврийн хэрэгслүүдийг эзэмшиж байгаа гэх Б.Мөнхсоёл, Б.Мөнхчулуун нараас тайлбар авахад Б.Мөнхчулуун 14-65, 14-67 УНУ дугаартай тээврийн хэрэгслийг 100 сая төгрөгийн орлогыг Н.Цэвгээд оруулсны дараа Б.Мөнхчулуун миний өмчлөлд шилжүүлж өгөх гэрээ хийн 100 сая төгрөгийн орлого оруулсан учир Н.Цэвгээ надад 2016 оны 5 дугаар сард миний нэр дээр шилжүүлж өгсөн байгаа гэх тайлбар, Б.Мөнхсоёл 14-82, 14-62 УНУ дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшилд байгаа Н.Цэвгээтэй холбоотой 100 сая төгрөгийн төлбөр тооцоо байгаа боловч 85 сая төгрөг Н.Цэвгээд төлнө гэсэн тайлбарыг гаргаж байсан. Энэ тэмдэглэлийг биет байдлаар Н.Цэвгээ, Б.Мөнхчулуун, Б.Мөнхсоёл нарыг байхад бичиж гарын үсгээр баталгаажуулсан. Дээрх тэмдэглэлээр Н.Цэвгээ нь 4 ширхэг авто чирэгч болон чиргүүлийг 2 иргэнд эзэмшиж ашиглуулж, ашиг орлого олж, өөрөө шилжүүлж өгсөн нь тогтоогдож байхад Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул 2020.04.08-ны өдрийн 835 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Ньювояж ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2017.09.28-ны өдрийн 640 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүйд тооцуулах шаардлага гаргасан.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон тухай 640 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг хангасан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2678/с дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 835 дугаар магадлалаар Ньювояж ХХК-аас 103,091,080 төгрөг гаргуулж, ММК ХХК-д олгож, Ньювояж ХХК нь 103,091,080 төгрөгийг төлсөн тохиолдолд авто чирэгч болон чиргүүлийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг нэхэмжлэгч ММК ХХК-д үүрэг болгон шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулжээ.
Хэргийн баримт, зохигчдын тайлбараас үзэхэд талууд дээрх үйл баримтад маргаагүй, харин шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон хууль зүйн үндэслэлийн талаар маргасан байна.
Нэхэмжлэгч нь ...авто чирэгч болон чиргүүлийн өмчлөх эрхийг манай компанид шилжүүлэх ажиллагааг хийгээгүй, авто чирэгч, чиргүүлийг өөр этгээдэд шилжүүлж, төлбөр авагч ММК ХХК-ийг манай компанитай эвлэрсэн мэтээр баримтыг бүрдүүлэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хуульд нийцээгүй гэж шаардлагынхаа үндэслэлийг тайлбарласан, ...төлбөр авагч ММК ХХК-ийн хүсэлтийг үндэслэн 2017.09.28-ны өдрийн 640 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон гэж хариуцагч байгууллага нь маргажээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөнөөс гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзнэ.
Хэрэгт авагдсан төлбөр авагч ММК ХХК-ийн 2017.09.26-ны өдөр 17/008 дугаартай албан бичигт компани өөрсдөө төлбөрөө төлүүлсэнтэй холбогдуулан шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллын гэрээний дүнг өөрчилж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт илэрхийлэгдсэн, харин төлбөр төлөгч Ньювояж ХХК-тай эвлэрсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох агуулга тусгагдаагүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар эвлэрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан үндэслэл бий болоогүй байхад хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон нь буруу гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна. /I-хх-61/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1.4-т заасан төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан гэсэн үндэслэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон тухай 640 дүгээр тогтоол-д заасан боловч талуудын эвлэрсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 805 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.СОНИНБАЯР
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД