Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 181/2018/02539/И |
Дугаар | 001/ХТ2021/01222 |
Огноо | 2021-10-12 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 001/ХТ2021/01222
Иргэний нисэхийн ерөнхий газрын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/02339 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 119 дүгээр магадлалтай,
Иргэний нисэхийн ерөнхий газрын нэхэмжлэлтэй,
Уран өнгө ХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 14,850,000 төгрөгийг алданги 6,088,500 төгрөгийн хамт гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгч М.Батнямын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэний нисэхийн Ерөнхий газар нь 2015.07.23-ны өдөр Уран өнгө ХХК-тай харилцан тохиролцож, Нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан фото зургийн альбом нийлүүлэх ИНЕГ/УЗ/ТББ/Б-15/15 дугаар гэрээ байгуулсан болно. Гэрээнд нийт 2,500 ширхэг фото зургийн альбомыг нэг бүрийн үнэ 19,800 төгрөгөөр, гэрээний нийт үнэ 49,500,000 төгрөгөөр нийлүүлэхээр тусгасан байна. Гэрээ ёсоор дээрх ажил нь 2015.07.23-ны өдөр эхэлж 2015.09.07-ны өдрийн дотор нийлүүлж хүлээлгэж өгөх байсан. Захиалагч буюу Иргэний нисэхийн Ерөнхий газар нь дээрх гэрээний тусгай нөхцөлийн 4 дүгээр зүйлийн 4.7.1.1 дэх заалтын дагуу гэрээгээр гүйцэтгэх ажлын урьдчилгаа төлбөр болох гэрээний нийт үнийн дүнгийн 30 хувь буюу 14,850,000 төгрөгийг 2017.07.27-ны өдөр шилжүүлсэн байдаг. Гэтэл нийлүүлэгч буюу Уран өнгө ХХК нь 2018.02.15-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд нэг ч ширхэг фото зургийн альбом ирүүлээгүй, хүлээлгэж өгөөгүй байна. Иймд 2017.07.27-ны өдөр шилжүүлсэн гэрээний нийт үнийн дүнгийн 30 хувь болох 14,850,000 төгрөг, 1 хоногийн алданги 0,05 хувиар тооцоход 7,425 төгрөг, 820 хоногийн алданги болох 6,088,500 төгрөг, нийт 20,938,500 төгрөгийг Уран өнгө ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч М.Батням шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэний нисэхийн Ерөнхий газраас 2015 онд зарлагдсан Нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан фото зургийн альбом хэвлэн нийлүүлэх тендерт зохих журмын дагуу төлбөр төлөн, тендерийн материалыг худалдан авч, бүрдүүлэх шаардлагатай баримтуудыг бэлдэн оролцсон. Иргэний нисэхийн Ерөнхий газраас манай компанийг сонгон шалгаруулж, хоёр тал ажлын хэсэг байгуулсан. 2015.07.23-ны өдөр гэрээ байгуулагдсан. Гэрээ 2 сарын хугацаанд 200 хуудас бүхий 2,500 ширхэг альбом хийхээр тохирсон. Иргэний нисэхийн Ерөнхий газрын удирдлага солигдсоноор бидний хоёр талын 2015.07.23-ны өдөр ИНЕГ/УЗ/ТББ/Б-15/ дугаартай ажил гүйцэтгэх гэрээт ажил гацаж, одоо манай компаниас урьдчилгаа төлбөр болон алдангийг нэхэмжилж байгааг бид зөвшөөрөхгүй байгаа гэдгийг мэдэгдсэн байгаа. Бид эх бэлтгэх, хэвлэх үүрэгтэй, нэхэмжлэгч нь төлбөр төлнө, альбомд орох материал буюу зураг, түүхийн буюу архивын материалаар хангах ёстой байсан.
Гэрээний дагуу ажил гүйцэтгэхээр ажлын хэсэг байгуулахад нь манай дизайнер орж ажилласан боловч зураг, материал гаргаж өгөх завгүй байна гээд байсан. Тэгээд 9 сараас хойш гаргая гэсэн. Бид өөрсдийн нөөц бололцоогоор ерөнхий рам гаргаж, эх загвараа гаргаж өгсөн. Гэтэл 9 сард дарга нь солигдож, урдах даргын ажлыг ажил биш гээд ажил зогссон. Иргэний нисэхийн Ерөнхий газраас нийт 100 гаран зураг гаргаж өгснийг ерөнхий загварт оруулсан, Ц.Эрдэнэбилэг дарга өөрөө Нисэхийн бүх байгууллагуудыг хамруулсан түүхийг харуулсан альбом гаргах ёстой гэж хэлээд гэрээний хугацааг хойшлуулсан. Материал, зураг их орох, архив ухах их ажилтай байсан учир ажил хойшлогдсон. Түүнээс бид хурдан зургийг хэвлээд мөнгөө авах хүсэлтэй байсан. Гэрээт ажил зогссон байдалд бидний буруу байхгүй, урьдчилгаа 14,850,000 төгрөгт тохирох ажлыг хийж, бэлтгэсэн эхээ нэхэмжлэгчид өгсөн байгаа. Мөнгийг буцаан өгөх боломжгүй, харин үлдэгдэл мөнгөө өгвөл альбомыг гүйцээж өгөхөд бэлэн байгаа гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/02339 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2, 355.6-д заасныг тус тус баримтлан Уран өнгө ХХК-аас 20,938,500 төгрөг гаргуулахыг хүссэн Иргэний нисэхийн Ерөнхий газрын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 119 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/02339 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 20,938,500 төгрөг гаргуулахыг хүссэн Иргэний нисэхийн ерөнхий газрын нэхэмжлэлийн шаардлагыг гэснийг 14,850,000 төгрөгийг Уран Өнгө ХХК-аас гаргуулж, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт олгож, үлдэх 6,088,500 төгрөгийг гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч М.Батням хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020.01.17-ны өдрийн 119 дүгээр магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
1. Тус нэхэмжлэлийн дагуу Нийслэлийн иргэний хэргийн анхан шатны шүүх Захиалагч гэрээний 7.1.1-д заасны дагуу 14,850,000 төгрөгийг 2015.07.27-ны өдөр төлж, ажлын хөлсний урьдчилгаа төлөх гэрээний үүргээ биелүүлсэн ба харин ажил гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд багтаан ажлыг гүйцэтгэж хүлээлгэж өгснөө болон гэрээний хугацааг сунгасан тайлбараа баримтаар нотлоогүй байна гэжээ. Үүнд:
ИНЕГ, Уран өнгө ХХК нарын хооронд хийсэн ажил гүйцэтгэх гэрээнд гүйцэтгэгч өөрийн материалаар ажил гүйцэтгэнэ гэсэн заалт байхгүй. Мөн тухайн үед тус гэрээг ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж, тус ажил гүйцэтгэх гэрээг баталсан Ц.Эрдэнэбилэг нь гэрчийн мэдүүлэгтээ цаг хугацааны хувьд би өөрөө амжаагүй, яараагүй. Би өөрийн туслах Мягмарсүрэн, хамтын ажиллагааны дарга К.Энхбаяр нарыг оролцуулан үүрэг чиглэл өгсөн. Материалаар ханга гэж хэлж байсан боловч тэдний ажил бас болоогүй, нэгэнт 90 жилийн ой өнгөрсөн учраас аажуу тайван хийнэ гэж ярьж байсан. /2015 оны 5 сард Нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн ой болсны дараа 2015 оны 7 сард ажил гүйцэтгэх гэрээ хийсэн/ Харин өнөөдрийг хүртэл түүхийн намтарт байгаа архивын баримт байхгүй болсон. Энэ альбомдоо өөрөө оролцоно, ажлын хэсэг байгуулж байгаад хамтраад орно гэж бодсон гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Энэ гэрчийн мэдүүлгээр гэрээний хугацааг талууд амаар тохиролцон сунгасан нь харагдаж байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /хх-97/ шүүх хуралдаан дээр Ц.Эрдэнэбилэг нь өөрөө дарга байсан ба уг альбомыг хийлгэх ажлыг өөрсдөөсөө болж хийгээгүй, холбогдох зураг материалыг нь өгөөгүйгээс болсон гэж тайлбарласан байх тул уг байдлыг нь одоогийн удирдлагад танилцуулж, хариуцагчтай эвлэрэх боломжтой эсэх талаар ярилцаж байж хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэсэн нь гэрч Ц.Эрдэнэбилэгийг буруүтайг хүлээн зөвшөөрч байгаа нь илт харагдаж байгаа юм. Мөн ИНЕГ нэхэмжлэл өгөх хүртлээ Уран өнгө ХХК-д гэрээний гүйцэтгэлийн талаар шаардлага тавьж байсан удаа байхгүй бидэнтэй уулзаагүй, асуугаагүй. Манайх хэзээд энэ ажлыг дуусгаж үлдсэн мөнгөө авах сонирхол маш их байсан. Харин ч удаа дараа манайх материалаа нэхэж шаардлагаа тавьдаг байсан. Нэгэнт урьдчилгаа мөнгөндөө зардал гаргаж ажлаа хийсэн болохоор бидний хувьд ажлаа дуусгаж ашгаа гаргаж авах хүсэл байсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас хархад Ц.Эрдэнэбилэг энэ ажлыг хариуцаж байсан ба өөрөө нүсэр ажил байгаа тул тухтай хийе гэсэн санаатайгаар хугацаа шахаж, материалаа гаргах тал дээр яараагүй гэдэг нь илт харагдаж байгаа юм.
Гэтэл тухайн үед хариуцан ажиллаж байсан Ц.Эрдэнэбилэгийн өөрийн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан байхад Нийслэлийн шүүх нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлалгүйгээр гэрээний хугацааг сунгасан тайлбараа баримтаар нотлоогүй байна гэж үзсэн нь буруу юм.
2. Тус магадлалд хариуцагч буюу ажил гүйцэтгэгч нь 2017.08.15-ны өдөр фото зургийн альбомын эхийг бэлтгэж, цахим шуудангаар хүргүүлсэн гэснийг шүүхийн үзлэгээр баталгаажуулсан байх бөгөөд үүнийг урьдчилгаа төлбөрийн хэмжээнд хийгдсэн ажлын үр дүн гэж үзэх, тодруулбал, цахим шуудангийн хавсралт файлд байгаа 36 хуудас зурагт урьдчилгаа төлбөр 14,850,000 төгрөгийг бүрэн зарцуулсан буюу зардал гарсныг нотлох баримт гэж үзэх боломжгүй, тодруулбал ажил гүйцэтгэгчийн эх бэлтгэсэн, хэвлэсэн ямар ажиллагаанд хэзээ, хэдэн төгрөгийн зардал гарч 14,850,000 төгрөг бүрэн зарцуулагдсаныг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. гэжээ. Үүнд:
Ажил гүйцэтгэх гэрээний дагуу Уран өнгө ХХК /хх-24-70 дугаар тал/ талаас гаргаж өгсөн фото зургийн хуулбар, үзлэг хийж бэхжүүлсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг байгаа бөгөөд Уран өнгө ХХК-ийн дизайнер М.Нарангэрэл мэдүүлэгтээ нэхэмжлэгч байгууллага огт зураг өгөөгүй. Би өөрөө сүүлдээ зураг олж ирсэн, Ц.Эрдэнэбилэг дарга надад нэг ном өгөөд тэр номын дагуу би уншиж эх сурвалжаа гаргасан. 28-64 хуудсан дахь зурагнуудыг би өөрөө судалгаа хийж гаргасан зурагнууд гэсэн байдаг.
Хэвлэлийн ажил нь эхнээсээ эхлээд хамгийн сүүлийн ажлыг бүгдийг гаргаж байж бий болдог. Нэг нэгээрээ цуварч гардаг ажил биш бөгөөд өөрөө нэлээд мэдлэг чадвар, цаг хугацаа шаардсан өвөрмөц зориулалттай олон төрлийн программ дээр геометрийн нарийн дүрсүүдээс эхлээд нэлээд нийлмэл обьектыг дүрслэн гаргаж хэд хэдэн зүйлийн үйлдлээс шалтгаалсан харилцаа бүхий онцлогтой өвөрмөц ажил юм. Магадгүй мэргэжлийн бус мэдлэггүй хүмүүсийн нүдээр энэ ажлыг хэдэн зураг хуулбарлаад хэвлээд тавьсан мэт ойлголттой төрсөн байх. Гэтэл энгийн хар үгээр тайлбарлахад макет дэглэх, текст өрөх, зургаар чимэглэх, шрифт сонгох, эх бэлтгэх, жинхэнэ эхийг хэвлэх, график дизайны редактор, хянагч, зураач, үсэг өрөгч, хэвлэгч зэрэг олон талын зориулалттай олон төрлийн программ хангамж хэрэглэж олон судалгаа шинжилгээний үндсэн дээр бүтээгдэхүүнээ бий болгодог нарийн мэргэжил шаардсан ажил юм. Энэхүү ажлыг тус бүр үнэлж үнэлгээ гаргах ямар ч боломжгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой юм. Гэтэл шүүх хариуцагчийн авсан ажлыг хийе гэсэн хүсэл эрмэлзлээр өөрийн нөхцөл бололцоог ашиглан хийсэн ажлыг огт үнэлэлгүй 14,850,000 төгрөг бүрэн зарцуулагдсаныг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна гэсэн нь хүний хийсэн хөдөлмөрийг үгүйсгэж байгаа нь өөрөө хууль бус юм. Аливаа байгууллага өөрсдийн түүхэн замнал үүсэл хөгжлийн талаар өөрсдөө мэдээллээр хангах үүрэгтэй байх ба ажлаа хийлгэх гэж байгаа тэр тусмаа 90 жилийн түүхтэй альбомоо хийлгэх гэж буй байгууллага нь өөрсдөө шаардагдах фото зураг, материалаа гаргаж өгөхгүй бол яаж тэрхүү ажлыг захиалагчийн өмнөөс олж цуглуулж хийж гүйцэтгэх билээ. Хэрэв нэхэмжлэгч тал өөрсдөө материалаа гаргаад өгсөн бол хариуцагч тал цаг хугацаандаа ажлаа дуусгах бүрэн боломжтой байсан юм. Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тайлбар мэдүүлэг дээр өөрсдөө материалаа гаргаж өгөөгүй гэдэг дээр маргаагүй байдаг. Энэхүү 30%-ийн урьдчилгаанд манай тал тохирсон ажлыг бүрэн гүйцэтгэсэн ба энэ тал дээр нэхэмжлэгч тал ч маргаагүй юм. Гэтэл нийслэлийн шүүхийн магадлал дээр огт ажил хийгээгүй гэж үзэж Уран өнгө ХХК-аас 14,850,000 төгрөг гаргуулахаар шийдсэнд гомдолтой байна.
Иймээс дээрх үйл баримтын үндсэн дээрээс хариуцагчийг буруутгах үндэслэлгүй ба ажил гүйцэтгэгч буруугүй байхад захиалагч гэрээг цуцалснаар ажил гүйцэтгэгчийн эдийн засгийн байдал дордох учиргүй юм. Тиймээс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020.01.17-ны өдрийн 119 дугаар магадлалын Уран өнгө ХХК-иас 14,850,000 гаргуулж Иргэний нисэхийн ерөнхий газарт олгосугай гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газар Уран өнгө ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 14,850,000 төгрөгийг алданги 6,088,500 төгрөгийн хамт гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, урьдчилгаанд өгсөн мөнгөөр ажлыг гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, харин үлдэгдэл мөнгөө өгвөл альбомыг гүйцээж өгөхөд бэлэн байна гэжээ.
Зохигч 2015.07.23-ны өдөр Нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан фото альбом нийлүүлэх ажлын №ИНЕГ/УЗ/ТББ/Б-15/15 дугаартай гэрээ байгуулж, гүйцэтгэгч Уран өнгө ХХК 2,500 ширхэг зургийн альбомыг 2015.07.23-наас 2015.09.07-ны өдрийн дотор нийлүүлэх, захиалагч ИНЕГ ажлын хөлсөнд 49,500,000 төгрөгийг төлөхөөс урьдчилгаа төлбөрийн дүн 30% байна, үлдэгдэл төлбөрийг бараа хүлээн авсан актыг үндэслэн төлөхөөр харилцан тохиролцжээ.
Гэрээний дагуу захиалагч урьдчилгаа 30% болох 14,850,000 төгрөгийг 2015.07.23-ны өдөр шилжүүлсэн боловч гэрээний хугацаа дуусахад ажлыг хүлээлгэж өгөөгүй, үндэслэлээр захиалагч гэрээг цуцалж, урьдчилгаанд шилжүүлсэн төлбөрийг шаардсан, гүйцэтгэгч материалаа өгөөгүй хугацаа хэтрүүлсэн гэж маргажээ.
Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн маргаан үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д нийцсэн байна.
Анхан шатны шүүх хариуцагч хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй, гэрээ цуцлах хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн ажлын хөлсийг талуудын гэрээгээр тогтоосон хэмжээгээр хохиролд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Захиалагч гэрээнээс татгалзсан нь хууль зөрчөөгүй тул гэрээний дагуу шилжүүлсэн урьдчилгаа төлбөрийг буцаан гаргуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт хийж, хариуцагчаас ажлын урьдчилгаанд өгсөн 14,850,000 төгрөгийг гаргуулж, гэрээ цуцлагдсан үндэслэлээр алданги шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2., 205 дугаар зүйлийн 205.1. дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.
Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
Хариуцагчийн төлөөлөгч гомдлын үндэслэлээ: ...хэрэгт хариуцагч талаас хийсэн ажлыг фото зургаар /36 хуудас нотлох баримт/ хүргүүлснийг үзлэгээр баталгаажуулсан, үүнийг урьдчилгаа төлбөрийн хэмжээнд хийгдсэн ажлын үр дүн гэж үзэх боломжтой байхад шүүх ажил гүйцэтгэгчийн эрх бэлтгэсэн, хэвлэсэн ямар ажиллагаанд хэдэн төгрөгийн зардал гарч, урьдчилгаа төлбөрийг бүрэн зарцуулагдсаныг нотолсон баримт хэрэгт авагдаагүй гэсэн нь хариуцагчийн хийсэн ажлыг огт үнэлээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн, ... гэрээ цуцлахад хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байхад захиалагч гэрээг цуцалснаас ажил гүйцэтгэгчийн эдийн засгийн байдал дордох учиргүй. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалын хариуцагчаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.
Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх үүрэгтэй, үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид гэрээний зүйлийг буцааж өгсөн, ...хохирол нөхөн төлөх шаардлага үүсээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгчид зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1., 205.6.-д зохицуулсан.
Зохигч өөрийн шаардлага татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж цуглуулж өгөх үүрэгтэй байтал хариуцагч урьдчилгаа төлбөрийг ажлын эхний хэсэгт зарцуулсан гэх тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. Тухайлбал, ажлын үр дүн бий болоогүй, нэхэмжлэгчээс урьдчилгаанд өгсөн 14,850,000 төгрөгийн зарцуулалтыг хариуцагч нь баримтаар нотлоогүй, энэ талаар мэтгэлцэж сөрөг нэхэмжлэл гаргаагүй байна.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв боловч нэхэмжлэлийг хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулалгүй орхигдуулсан, магадлалд нэхэмжлэгчийг хариуцагч гэж ташаа тодорхойлсон байх тул хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж алдааг засна.
Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 119 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/02339 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 355 дугаар зүйлийн 355.2., 205 дугаар зүйлийн 205.1., 232 дугаар зүйлийн 232.4.-т заасныг тус тус баримтлан хариуцагч Уран өнгө ХХК-иас 14,850,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,088,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч Уран өнгө ХХК-иас 232,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч М.Батнямын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн төлөөлөгч М.Батнямаас 2020.02.14-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262,643 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Х.СОНИНБАЯР
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД