Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/01078

 

Г.Ариунсарнайгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2019/02099 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2129 дүгээр магадлалтай,

С.Ариунсарнайгийн нэхэмжлэлтэй,

АЯА энтерпрайсес ХХК-д холбогдох

Хөдөлмөрийн гэрээний үүрэгт 1,149,289 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

Байгууллагад учруулсан хохирол 550,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг              

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн 

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Н.Өлзийжаргал, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.Ариунсарнай нь 2018.07.01-ний өдрөөс эхлэн АЯА энтерпрайсес" ХХК-д санхүүгийн төлөвлөлтийн менежерээр ажилд орсон бөгөөд 2018.05.15-ны өдөр ажлын байрны нэр, үүрэгт өөрчлөлт орж улмаар 2019.06.13-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Тус байгууллагын захирал Борис Громовт ээлжийн амралтын 16,5 хоногийн олговорт 1,136,689 төгрөг шилжүүлэхийг хүссэн боловч хариуцагч бусад улсын туршлагыг дурдан, утасны дугаар блоклон, хариу и-мэйлдээ би чиний салсан нөхөр биш гэх мэтээр амралтын мөнгийг шилжүүлэхээс эрс татгалзсан. Г.Ариунсарнай нь тухайн байгууллагад ажиллаж байхдаа урьдчилан мэдэгдэлгүйгээр, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, санхүүгийн тайлан гаргах үеэр ажлын байраа орхиж яваагүй. Тайлан гарах үе гэдэг нь 2019.07.01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хооронд тооцогддог. Г.Ариунсарнай 2019.06.04-ний өдөр Борис Громовын хүссэнээр ажлаа хүлээлгэж өгсөн. 2019.06.04-ний өдөр АЯА энтерпрайсес ХХК-д ажилласан 5 дугаар сарын цалин авсан. Тухайн үед Борис Громовт тайлангуудаа файлаар компьютерт нь нэрээр хадгалж, тайлбарлаж өгсөн. Г.Ариунсарнайгийн буруугаас компанид 550.000 төгрөгийн хохирол учраагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд хариуцагч байгууллагаас 16,5 хоногийн амралтын олговор болох 1,136,689 төгрөгийг баталгаат орчуулга, нотариатад төлсөн хөлс 12,600 төгрөгийн хамт гаргуулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Г.Ариунсарнай нь манай байгууллагад 2018.07.02-ны өдөр Санхүүгийн төлөвлөлтийн менежерийн албан тушаалд ажилд орсон бөгөөд 2019.06.04-ний өдрийг хүртэл нийт 11 сар ажиллаад урьдчилан мэдэгдэлгүйгээр, тодорхой шалтгаангүй ажлаа орхин явсан. Г.Ариунсарнайг 2019.06.13-ны өдрийг хүртэл нийт 9 хоног хүлээгээд түүнийг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Г.Ариунсарнайтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.9 дүгээр зүйлд ажилтан 1 жил буюу 12 сар ажилласан тохиолдолд жилийн чөлөө буюу ээлжийн амралт авч болох талаар тусгасан боловч Г.Ариунсарнай нь нийт 11 сар ажиллаад хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасны дагуу ажилтан нь хөдөлмөрийн гэрээг цуцлах өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй. Гэтэл Г.Ариунсарнай нь эд хариуцсан, хариуцлагатай албан тушаал хашдаг атлаа урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэт ажлын байраа орхин явснаас манай байгууллагын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан. Манай байгууллага Мэжик консалтинг ХХК-тай Санхүүгийн тайлангийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж санхүүгийн тайланг гаргуулж төрийн эрх бүхий байгууллагад тушаасан. Мэжик консалтинг ХХК-тай байгуулсан гэрээний төлбөр нь 550.000 төгрөг бөгөөд энэ нь Г.Ариунсарнайгийн ажлын байраа орхиж явснаас манай байгууллагад учирсан хохирол. Г.Ариунсарнайгаас ажлын байраа орхиж явсны улмаас манай байгууллагад учирсан хохирол болох 550,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.  

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2019/02099 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 55 дугаар зүйлийн 55.1, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч АЯА энтерпрайсес ХХК-аас 959,841 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ариунсарнайд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 189,448.3 төгрөгийн шаардлагыг, хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан 550,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019.06.24-ний өдөр урьдчилан төлсөн 32,132 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 2019.10.23-ны өдөр урьдчилан төлсөн 20,000 төгрөгийн 17,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч АЯА энтерпрайсес ХХК-аас 27,586 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ариунсарнайд, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 2,850 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч АЯА энтерпрайсес ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2129 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2019/02099 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Зохигчид 2018.07.02-ны өдөр хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан, нэхэмжлэгч 2019.06.03-ны өдрөөс хойш дур мэдэн ажлаа орхин явсан байхад шийдвэрийн үндэслэлд ...2018.07.01-ний өдрөөс 2019.06.04-ний өдрийн хугацаанд ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн гэх үйл баримтад талууд маргаагүй, ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгосон гэж шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч 2019.06.13-ны өдөр ажлаас халсан гэж нэхэмжлэлдээ дурдсан, зохигчийн хооронд үйлдэгдсэн гарын үсэг, тамга бүхий мэдэгдлийг 2019.06.13-ны өдөр үйлдсэн нь хариуцагчийн саналаар гэрээ цуцлагдаагүй буюу 2019.06.03-ны өдрөөс хойш 13-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч ажилдаа ирээгүй, дур мэдэн ажлаа орхиж явсан үйл явдлыг шүүх буруу дүгнэсэн, шүүх энэ талаар огт дүгнэлт өгөөгүй... ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасны дагуу шүүхээс энэхүү үйл баримтыг хэрхэн үнэлж байгаа тухай заагаагүй байна. Мөн ажил олгогч нь 2019.06.04-ний өдөр нэхэмжлэгчийн үүрэн утсанд ажилдаа ирэхийг хүссэн шуудан илгээсэн ба хөдөлмөрийн гэрээний дуусах хугацаа болон хуульд заасан хугацааг баримтлан ажиллахыг хүсч, мэдэгдэл талуудын гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг шүүхэд гаргаагүй тул шүүх нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн үндэслэл хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт өгөх шаардлагагүй, мөн ажлаас халагдсан гэх хугацааг шүүх буруу дүгнэсэн нь хэт нэг талыг баримталж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болсон.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн гол үндэслэл бол нэхэмжлэгч ажлаа хаяж явсан нь байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлсэн тул хөндлөнгийн байгууллагаар санхүүгийн тайлан, тооцоо, төлөлт зэргийг хуульд заасан хугацаанд гаргахад хүндрэл учирсан. Тухайлбал: хариуцагч нэмэгдсэн өртгийн албан татварыг дараа сарын 10-ны дотор, онцгой албан татварыг дараа сарын 5-ны дотор тайлагнаж, төлөх зэрэг нарийвчилсан зохицуулалтыг шүүх дурдалгүй зөвхөн ...санхүүгийн тайланг 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор цахим хэлбэрээр хүргүүлнэ гэж өрөөсгөл дүгнэлт гаргаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүх шийдвэрийн үндэслэлдээ ...2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан үүрэг хариуцлагыг өөрчилж батлах болон цалингийн өөрчлөлт нэртэй баримтыг үндэслэн худалдааны ажил үүрэг гүйцэтгэх чиг үүрэг бүхий ажлын байранд компанийн санхүүгийн тайлан тооцоог гаргах үүрэгтэй байсан гэж үзэх боломжгүй гэж үндэслэсэн бусад тохиролцоог дурдалгүй хэт нэг талыг баримталж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Тус баримтад, нэхэмжлэгчийн санхүүгийн тайлан, тооцоо, төлөлт зэрэгтэй холбоотой хариуцсан ажлын байр хэвээр байгаа нь нотлогдоно. Гэрээний 2.4-т нягтлан бодох бүртгэл, татварын тооцоо, хамтын сангийн ажил болон удирдлагын ажлуудыг хариуцан гүйцэтгэнэ гэсэн заалтыг ...нягтлан бодох бүртгэл, татварын тооцоо, бодлого боловсруулах болон удирдлагын ажлуудыг хариуцан гүйцэтгэнэ гэж өөрчилсөн бөгөөд санхүүгийн тайлан тэнцэл гаргах үндэслэн ажлын байрны тодорхойлолт хэвээр бөгөөд хамтын сангийн ажлын үүргийг хариуцахгүй гэсэн хасалтыг ажлын байрны тодорхойлолтод оруулсан. Иймд дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Г.Ариунсарнай нь АЯА энтерпрайсес ХХК-д холбогдуулан ээлжийн амралтын олговорт 1,136,689 төгрөг, баталгаат орчуулга болон нотариатын үйлчилгээний хөлсөнд төлсөн 12,600 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хохиролд 550,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх АЯА энтерпрайсес ХХК-аас 959,841 төгрөг гаргуулан Г.Ариунсарнайд олгох, нэхэмжлэлээс 189,448.3 төгрөгийн шаардлагыг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон байна 

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Г.Ариунсарнай нь АЯА энтерпрайсес ХХК-д 2018.07.01-ний өдрөөс санхүүгийн төлөвлөлтийн менежерээр, 2019.05.17-ны өдрөөс худалдааны ажилтнаар ажиллаж байгаад 2019.06.04-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн үйл баримтын талаар хоёр шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Талуудын хооронд 2018.07.02-ны өдөр хийгдсэн хөдөлмөрийн гэрээ 1 жилийн хугацаатай, ажлын байрыг санхүүгийн төлөвлөлтийн менежер гэж заасан, ажилтныг 2019.05.17-ны өдрөөс худалдааны ажилтнаар ажиллуулсан боловч гэрээнд энэ тухай өөрчлөлт оруулаагүй, ажил олгогчийн 2019.06.13-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо ажилтныг ажил тасалсан гэж үндэслэл заасан, Г.Ариунсарнай хөдөлмөрийн гэрээний дагуу 11 сар ажилласан, ээлжийн амралтын олговор олгогдоогүй үйл баримт тогтоогджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговрыг олгоно, 55.2 дахь хэсэгт ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно гэж заасан ба талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 2.9-д ажилтны ээлжийн амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу тооцно гэсэн нь хуульд нийцжээ.

... гэрээг 12 сарын хугацаатай байгуулсан учир 12 сар ажиллаж байж хуульд заасан амралтаа эдлэнэ гэсэн хариуцагчийн татгалзлыг ажилтны ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговрыг олгохгүй байх үндэслэл болохгүй тухай анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Г.Ариунсарнайд Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, 79.5, мөн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар ээлжийн амралтын олговрыг 947,241 төгрөгөөр тодорхойлж, хариуцагчаас гаргуулж шийдвэрлэхдээ хэргийн баримтыг хуульд зааснаар үнэлжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад худалдааны ажилтнаар ажиллаж байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар санхүүгийн тайлан тооцоо гаргах үүрэгтэй биш гэж дүгнэн, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэлийг зөв гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, ...Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт энэ хуулийн 4.1.1-д заасан стандартыг мөрдөх үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллага нь эхний хагас жилийн санхүүгийн тайланг 07 сарын 20-ны өдрийн дотор... санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлнэ гэж заасан ба уг хугацаанаас 1 сар 7 хоногийн өмнө буюу 2019.06.13-ны өдөр ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгосон тул санхүүгийн тайлан гаргах үүргийг биелүүлээгүй гэж Г.Ариунсарнайг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

...хариуцагчийн саналаар гэрээ цуцлагдаагүй буюу 2019.06.03-ны өдрөөс хойш 13-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч ажилдаа ирээгүй, дур мэдэн ажлаа орхиж явсан... гэсэн ажил олгогчийн гомдол үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, ажилтан Хөдөлмөрийн тухай хуульд заасан ямар үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн нь ажилтны ажилласан хугацааныхаа ээлжийн амралтаа эдлэх, түүнтэй холбоотой шаардлага гаргах эрхэд хууль зүйн хувьд хамааралгүй юм.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэсэн байх тул ...хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2019/02099 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2129 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 42,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

Б.МӨНХТУЯА

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД