Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 1078

 

МАГАДЛАЛ

2019 оны 10 сарын 24                                №1078                                           Улаанбаатар хот

/Төсөл/

 

Д.Шд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч                С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Болормаа,

хохирогч П.Бы өмгөөлөгч Ю.Батболд,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/1383 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Одгалын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Д.Шд холбогдох 1906 02397 1269 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

А овгийн Дын Ш, 1984 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Д.Ш нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хөөмий” нэртэй караоке бааранд иргэн П.Бтай маргалдаж түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Шгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А овогт Дын Шг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Шд 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Д.Шд оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Шд сануулж, Д.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдэвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Шгээс 1.271.420 төгрөг гаргуулж хохирогч П.Бд олгож, хохирогч П.Б нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Д.Шгээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Одгал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч П.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шүүх эмнэлэгт үзүүлсэн байдаг ба тухайн үйл явдал нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр болсон гэх ба энэ асуудлыг шалгаж тогтоогоогүй. Хохирогч нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өөрөө шүүгдэгч Д.Шгийн толгойн тус газар хөлөөрөө өшиглөж агсам согтуу тавьсан ба энэ үедээ караокены өрөөнд байсан ширээний өнцөг мөргөж унасан. Дээрх нөхцөл байдлыг шалгах тогтоох шаардлагатай. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 он 4 дүгээр сарын 25-ны өдрийн 4711 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн гэмтэл нь үйл баримт болсон үеийн гэмтэл үү, хуучин гэмтэл үү гэдгийг тогтоогоогүй байна. Иймд дахин шинжээч томилуулж П.Бы биед учирсан гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоогдох эсэх, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 4711 дугаартай шинжээчийн дүгнэлт нь үндэслэлтэй эсэх, П.Бд учирсан гэмтэл нь хуучин гэмтэл үү, тухайн үед үүссэн гэмтэл үү гэдгийг тогтоох шаардлагатай байна. Иймд Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Ю.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хохирогч нь 2 удаа хагалгаанд орсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор П.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ял шийтгэл оногдуулсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Д.Ш нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хөөмий” нэртэй караоке бааранд иргэн П.Быг тодорхой шалтгаангүйгээр нүүрэн тус газар цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч П.Бы “...бөгжтэй зангидсан гараараа миний зүүн нүд рүү маш хүчтэй цохисон, гал манараад л шокийн байдалд орчихсон үед дараалан миний дух баруун талын шанаа руу 5 удаа цохисон. Миний дух цоорчихсон их хэмжээний цус гарч, миний өмсөж явсан даашинз цус болчихсон байсан. ...” гэх /хх 38-39/,

гэрч Б.Эрдэнийн “...Амгаланбаатар бид хоёр караокены өрөөнд орж ирэхэд шалаар цус болсон Амгаланбаатарын эхнэрийн нүүр нь цус болсон байдалтай байсан. ...Б нь Амгаланбаатарт “намайг Ш цохисон, цагдаа дуудъя” гэж хэлж байсан. ...” гэх /хх 42-43/,

гэрч А.Амгаланбаатарын “...би буцаж орж ирсэн. Манай эхнэрийн дух болон хамраас нь цус гарсан байдалтай ... манай эхнэр Б “Ш цохисон” гэж надад хэлсэн. ...хамар нь муруйгаад, таславч гэмтэж, уйланхай үүссэн байсан. Хоёр хөмсөгний голд язарсан байсан. Шал цус болсон байсан ... цус ширээнээс зайтай байсан. ...” гэх /хх 44-45/,

гэрч О.Жавхлантөгсийн “...настай байрын эгчийг сүүлд гарч явах үед нь текэн дээр харсан, нүүр нь хавдчихсан байсан. ...” гэх /хх 81-82/, мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “...1. П.Бд хамрын таславчийн мурийлт, зовхинд цус хуралт, нүдний алимны доргилт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь 2018 оны 12 дугаар сарын 26-нд үүссэн байна. ...” гэх №4711 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 47/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Шг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Шгийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд түүнд уг зүйлд зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Одгалын “...мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь, хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Шгийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ бүхий байдлыг үүсгээгүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Одгалын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/1383 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Одгалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧ                                                               М.АЛДАР

                    ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ