Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 01478

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ын Б/РД: ХИ73061015/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э-д холбогдох,

 

Эрүүл мэндийн сайдын 2010 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаар тушаалаар батлагдсан “Өлсгөлөнгийн үед эмнэлэгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар”-ын 2.1, 3.1 дэх заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “БЗД-ийн 26-р хорооны иргэн Б.Б миний бие нь 2017 оны 10-р сарын 16-наас эхлэн Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 12 дах хэсэгт заасан “иргэд төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь гаргасан өргөдөл гомдлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх үүрэгтэй” гэж заасан эрхээ хамгаалахын тулд буюу уг эрхэд минь халдаж буй Нийслэлийн Засаг дарга С.Батболд, НХТ, ЕТГ-ын дарга Э.Анар нарт хариуцлага тооцож, огцруулахыг МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс шаардаж, өлсгөлөн зарласан билээ.

Иргэн Б.Б миний бие нь өлсгөлөн зарлах тухайгаа ЧД-ийн Засаг даргад урьдчилан мэдэгдсэн боловч 2017 оны 10-р сарын 10-ны өдрийн 2/1747 тоот албан бичгээр “Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар өлсгөлөнтэй холбоотой нарийвчилсан зохицуулалт байхгүй тул бүртгэж авах боломжгүй байна” гэсэн хариу ирсэн. Иймд үзлэг шинжилгээ хийлгэж, хяналт тавиулахаар ЧД-ийн Эрүүл мэндийн төвд хандахад, төвийн зүгээс: “Эрүүл мэндийн сайдын 2010 оны 06 дугаар сарын 28-ны 233-р тушаалаар батлагдсан “Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар”-ын 2-р зүйлийн 2.1-д “Хууль хяналтын байгууллагаас тухайн иргэнд өлсгөлөн зарлахыг зөвшөөрч, эрүүл мэндийн байдалд нь дугнэлт гаргуулахаар эрүүл мэндийн байгууллагад хандсан тохиолдолд эмнэлгийн байгууллага зохих журмын дагуу эрүүл мэндийн иж бүрэн үзлэг, шинжилгээ хийж, дүгнэлт гарган холбогдох байгууллага, удирдлагад хүргүүлнэ” гэж заасан заалтын дагуу хууль хяналтын байгууллагаас зөвшөөрөл авчирч байж, бид хяналтаа тавина” гэсэн.

Өлсгөлөнгийн үйл ажиллагааг МУ-ын хуулиар зохицуулаагүй бөгөөд МУ-ын Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн дээд хэлбэр юм. Гэтэл “Өлсгөлөнгийн үед үзүүлэх тусламж үйлчилгээг үзүүлэх тухай” зааврын 2.1 дэх заалт “Хууль хяналтын байгууллагаас тухайн иргэнд өлсгөлөн зарлахыг зөвшөөрч”, 3.1 дах заалтуудад “Өлсгөлөн зарлахыг хүсч, хууль хяналтын байгууллагаас зөвшөөрөл авсан иргэний”, 3.3 дах заалт “Өлсгөлөнд оролцох зөвшөөрөл авсан” гэж тус тус заасан нь хуулиар хориглоогүй асуудлаар буюу өлсгөлөн зарлах зөвшөөрөл хэнд хандаж, хаанаас авах нь тодорхойгүй, МУ-ын хууль, дүрэмд заагаагүй юм.

Ингээд өлсгөлөн зарласан 2 хоногт эмнэлгийн байгууллагын хяналт огт байгаагүй бөгөөд харин ЧД-ийн Цагдаагийн 1-р хэлтсээс 2017 оны 10-р сарын 17-ны өдөр 140/5013 тоот албан бичгийг ЧД-ийн Эрүүл мэндийн нэгдэлд явуулж байж, уг төвд 17 цагийн орчим үзлэг, шинжилгээ, хяналтанд орсон юм.

ЧД-ийн Эрүүл мэндийн төвийн 2017 оны 11-р сарын 01-ний өдрийн 360 тоот албан бичгийг үндэслэн Чингэлтэй дүүргийн засаг дарга 2017 оны 11 сарын 01-ний өдрийн А/698 тоот захирамжаар албадан эмчилгээ хийх нэрийн дор хүчээр эмнэлэгт хэвтүүлсэн. Гэвч энэ үед миний биеийн байдал сайн байсан бөгөөд Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-д “халдварт өвчнөөс бусад тохиолдолд эмчилгээ, оношлогоо, шинжилгээ хийлгэхээс татгалзах” гэсэн эрхийнхээ хүрээнд албадан эмчилгээнд оролгүйгээр өлсгөлөнгөө үргэлжлүүлж, 2017 оны 11 сарын 14-ний өдөр хүртэл нийт 29 хоног үргэлжлүүлсэн.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн журмаар Эрүүл мэндийн сайдын 2010 оны “Өлсгөлөнгийн үед үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тухай” 233-р тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан юм. Хүчингүй болгох нэг үндэслэл нь 233-р тушаалаар баталсан Өлсгөлөнгийн үед үзүүлэх тусламж үйлчилгээг үзүүлэх тухай заавар нь Захиргааны хэм хэмжээний акт гэж миний бие үзсэн юм.

Гэвч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2017.11.10-ны өдрийн №221/ШЗ2017/1821 тоот захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, шийдвэрлэжээ. Захирамжийн Үндэслэх нь хэсэгт:

“ЭМСайдын 233-р тушаалаар баталсан Өлсгөлөнгийн үед үзүүлэх тусламж үйлчилгээг үзүүлэх тухай зааврыг Захиргааны хэм хэмжээний акт биш” гэж үзжээ.

Гэтэл бодит байдалд: Эрүүл мэндийн сайд нь 2010 оны 233-р тушаалдаа 1998 оны Эрүүл мэндийн тухай хуулийн 8.1.2 дах заалтыг хэрэгжүүлэх зорилгоор тушаасан байдаг. Уг хуулийн 8.1.2 дах заалт нь “эрүүл мэндийг хамгаалах, дэмжих асуудлаар төрийн захиргааны бусад төв байгууллага, аймаг, нийслэлийн хэмжээнд мөрдөх журмыг батлах;” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл зөвхөн аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт үүрэг болгоогүй, нийтээрээ буюу бусад төрийн захиргааны байгууллагууд дагаж мөрдөх заавар юм.

Уг тушаалын 2-рт “нутгийн захиргаа, хууль хяналтын байгууллагатай хамтран зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт үүрэг болгосугай” гэсэн нь нийтээрээ дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт болох нь тодорхой байна гэж миний бие нь үзээд 2010 оны 233-р тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн журмаар гаргасан боловч хүлээн авахаас татгалзсан тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 221/ШТ2017/0847 дугаартай тогтоолоор “захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус” гэж үзсэн тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дах “бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох” гэсэн заалтын дагуу гомдол гаргаж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргаж байгааг хүлээн авч, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 233-р тушаалаар батлагдсан “Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар”-ыг хүчингүй болгож өгнө үү.

“Баянзүрх дүүргийн 26-р хорооны иргэн Б.Б миний нэхэмжлэлтэй, Эанд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

Хүчингүй болгохоор шаардсан заавар, журмын 2.1 дэх заалт, 3.1 дэх заалтыг хүчингүй болгох.

Иймд ИХШХШТХ-ийн зохих заалтын дагуу миний гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авна уу.” гэв.

 

Хариуцагч Эны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хэрлэнчимэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Б.Бийн ЭМЯ-нд холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй” гэж заасан байдаг.

Эрүүл мэндийн сайдын 2010 оны 233 дугаар тушаалаар батлагдсан “Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар” нь эрүүл мэндийг хамгаалах, тусламж үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг зохицуулсан зохион байгуулалтын шинжтэй буюу өөрийн харъяалах аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газарт хандаж гаргасан заавар юм.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9-р зүйлийн 9.1-д: Гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ, 9.3-т: Засаг дарга жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор түүнийг бүртгэсэн эсэхээ бичгээр мэдэгдэнэ гаж заасан байдаг.

Иймд Эрүүл мэндийн сайдын 2010 оны 233 дугаар тушаалаар батлагдсан өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар” нь хууль зөрчөөгүй бөгөөд өлсгөлөн зарлах нь хэдийгээр хүний эрхийн асуудал боловч хүний амь нас, эрүүл мэндэд нөхөж баршгүй хор уршиг, үр дагавар дагуулах эрсдэл учрах аюултай учраас энэхүү шийдвэрийг гаргасан хүмүүст эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн заавар юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Иргэн Б.Бийн ЭМЯ-нд холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүлээн авч, танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн сайдын 2010 оны 233 дугаар тушаалаар батлагдсан “Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар”-ын 2.1, 3.1 дэх заалтыг хүчингүй болгуулахаар нэхэмжпэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

Эрүүл мэндийн сайдын 2010 оны 233 дугаар тушаалаар батлагдсан “Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар”-ын 2.1, 3.1 дэх заалтыг хүчингүй болгуулснаар эрүүл мэндийн байгууллага нь өлсгөлөнгийн үед ямар ч дүгнэлт гаргах боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байна.

Мөн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дээрх заавар нь нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сонирхлыг хөндсөн, “заавар”-ын тодорхой заалтыг хүчингүй болгуулснаар нэхэмжпэгчийн ямар эрх ашиг сонирхол хэрхэн сэргэхээ тодорхойлоогүй, энэ талаар нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагад огт дурдагдаагүй байна.

Эрүүл мэндийн сайдын 2010 оны 233 дугаар тушаалаар батлагдсан “Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар” нь эрүүл мэндийг хамгаалах, тусламж үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг зохицуулсан зохион байгуулалтын шинжтэй буюу өөрийн харъяалах аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газарт хандаж гаргасан заавар юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Эанд холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаар тушаалаар батлагдсан “Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар”-ын 2.1 дэх заалт, 3.1 дэх заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 15 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч Эны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хэрлэнчимэгт 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр утсаар мэдэгдсэн боловч хариуцагч Э хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Эны эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Хариуцагч Э нь заавар нь эрүүл мэндийг хамгаалах, тусламж үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг зохицуулсан зохион байгуулалтын шинжтэй буюу өөрийн харъяалах аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газарт хандаж гаргасан заавар гэх тайлбар ирүүлсэн.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Эрүүл мэндийн сайдын 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаар тушаалаар батлагдсан “Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар” нь захиргааны актад хамаарахгүй болох нь Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0847 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийг тус шүүх хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаар тушаалаар батлагдсан “Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар”-ын 2-ын 2.1-т “Хууль хяналтын байгууллагаас тухайн иргэнд өлсгөлөн зарлахыг зөвшөөрч ... зохих журмын дагуу эрүүл мэндийн иж бүрэн үзлэг, шинжилгээ хийж дүгнэлт гарган холбогдох байгууллага, удирдлагад хүргүүлнэ.”, 3-ын 3.1-т “Өлсгөлөн зарлахыг хүсч, хууль хяналтын байгууллагаа зөвшөөрөл авсан иргэний эрүүл мэндийн байдалд суурь үнэлгээ хийж ... дараах шинжилгээ-оношлогоо, үзлэгийг хийнэ.” гэжээ.  

 

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6-д “Гудамж, талбайд өлсгөлөн зарлахыг хөндлөнгөөс зориуд зохион байгуулахыг ... хориглоно.”, 9 дүгээр зүйлийн 1-т “Гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ ...” гэж заасан.

 

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйл, 9 дүгээр зүйлд зааснаар өлсгөлөн зарлахад хуулийн байгууллагаас зөвшөөрөл авах тухай заагаагүй ба өлсгөлөн зарлахад мөрдөх журмыг хуулиар нарийвчилан тогтоогоогүй байна.

 

Хариуцагчаас баталсан 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар”-ын 2-ын 2.1, 3-ын 3.1-т зааснаар хууль хяналтын байгууллагаас өлсгөлөн зарлахыг зөвшөөрсөн иргэнд үзлэг, оношлогоо хийх тухай заасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6-д “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй ...” гэж заасан.

 

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад жагсаал, цуглаанд оролцож байгаа иргэн өөрийн хүслээр өлсгөлөн зарлахад хууль хяналтын байгууллагаас зөвшөөрөл авах тухай заагаагүй ба хариуцагчаас баталсан зааврын 2-ын 2.1, 3-ын 3.1-т зааснаар хууль хяналтын байгууллагаас зөвшөөрөл авсан иргэнд үзлэг, шинжилгээ хийхээр тогтоосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан Монгол Улсын иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхийг хязгаарласан байна.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Иргэний эрхийг дараахь аргаар хамгаална:”, 9.4.7-д “бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох;” гэж заасан.

 

Жагсаал, цуглаанд оролцож байгаа иргэн өөрийн хүслээр өлсгөлөн зарлахад хууль хяналтын байгууллагаас зөвшөөрөл авах тухай хуульд заагаагүй байх тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.4.7 дахь заалтад зааснаар хариуцагчийн 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаар тушаалаар батлагдсан “Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар”-ын 2-ын 2.1, 3-ын 3.1 дэх заалтыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.4.7 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Эны Эрүүл мэндийн сайдын 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаар тушаалаар батлагдсан “Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар”-ын 2-ын 2.1, 3-ын 3.1 дэх заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.4.7 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Эны Эрүүл мэндийн сайдын 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаар тушаалаар батлагдсан “Өлсгөлөнгийн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх заавар”-ын 2-ын 2.1, 3-ын 3.1 дэх заалтыг хүчингүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ