Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2021/0820

 

      2021         12          06                                  128/ШШ2021/0820

                                                                             

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэл гаргагч: М.Э /РД: /

Хариуцагч: НЗД

Гуравдагч этгээд: НХБХГ

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, иргэдийн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч М.Э, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          ”Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/******* дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалтаар *******, ******* нэгж талбарын дугаар бүхий 3565 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 000******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.

          М.Э нь Нийслэлийн газрын албатай Газар эзэмшүүлэх гэрээг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулж, жил бүрийн газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж, гэрээний нөхцөлийн дагуу газрыг эзэмшиж, ашиглаж, хууль болон тус гэрээнд заасан үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлж ирсэн болно.

          Гэтэл миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бусаар цуцалсан шийдвэр гарсан талаар огт мэдээгүй явж байгаад Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд 2020 оны 8 дугаарт сарын 25-ны өдөр өөрийн биеэр очиход маргаан бүхий захирамж болон тус захирамжийг хүргүүлсэн гэсэн агуулгатай 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 03-06/2604 тоот албан бичгийн хуулбарыг хүлээж авснаар миний газар эзэмших эрхийн гэрчилгээ цуцлагдсан болохыг анх олж мэдсэн.

          Засаг даргын зүгээс миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль бусаар цуцлаад зогсохгүй Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг хэрэгжүүлээгүй.

          Нийслэлийн засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай ******* дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 33 дугаар зүйлийн 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэл болгосон нь Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль ёсны аль ч үндэслэлд хамаарахгүй, хамааралгүй заалтууд тул тус захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байхзарчимд нийцээгүй юм.

          Өөрөөр хэлбэл Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдийн аль нэг нь бий болсон тохиолдолд л иргэний эрхэд халдах эрхээ хэрэгжүүлэх боломж үүсэхээр байсан. Гэтэл захирамжийн үндэслэл болон агуулгад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуульд заасан 7 үндэслэлийн алийг нь ч баримтлаагүй, бодит нөхцөл байдал дээр тухайн 7 үндэслэлийн аль нь үүсээгүй байхад хууль бус захирамж гаргаж, эрх ашгийг минь зөрчиж байгаад маш их гомдолтой байна.

          Түүнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл журмыг заасан атал маргаан бүхий захиргааны актад анх газар олгосон өмнөх засаг даргын захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон тул миний газар эзэмших эрхийн гэрчилгээний хүчин хүчин төгөлдөр байдлыг эргэлзээтэй болгосон ойлгомжгүй шийдвэр юм. Учир нь миний биед Газрын албанаас (хуучин нэрээр) олгосон 000******* дугаартай 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон юм.

          Засаг даргын захирамжид газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох асуудлыг хуульчилсан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг үндэслээгүй захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана гэсэн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.3 дахь заалтуудыг шууд зөрчсөн байна.

          2. Мөн Засаг дарга захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д заасныг үндэслэн гаргасан байх боловч Захиргааны ерөнхий хуулийн 48.2-д эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно” гэж заасан мөн хуулийн 48.2.1-т “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүний хүчингүй болгохоор заасан” гэжээ.

          Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т “эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно” гэж заасан атал Засаг даргын зүгээс захирамж гаргаж миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь миний биед чиглэсэн ашиггүй, эрхийг цуцалсан сөрөг нөхцөл байдлыг болгосон захиргааны акт тул Засаг даргын зүгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж захирамж гаргасан гэж үзэж байна.

          Үүнээс дүгнэж үзэхэд маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д "захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна" гэж заасан, мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан захиргааны актыг бичгээр гаргахад тавигдах шаардлагуудыг хангаагүй. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай ******* дугаартай захирамж нь тус газрыг хууль ёсоор эзэмших ашиглах эрх болон зориулалтын дагуу ашиглаж, орон сууц барьж үйл ажиллагаа явуулах нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол тул тус захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/******* дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3565 м.кв газрыг М.Эд үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна.

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтын зарчмыг баримтлахгүйгээр иргэн М.Эд 3565 м.кв газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн байх тул Нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны ******* дугаар захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 , 4.1.4 , 33 дугаар зүйлийн 33.4 , 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус үндэслэсэн болно. Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 03-06/1109 дугаар албан бичгээр М.Эгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар мэдэгдсэн болно.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн A/683 дугаар захирамж нь хуульд нийцэн гарсан захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэгч М.Э нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/******* дугаартай захирамжаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалтаар 3565 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшдэг. Уг газрыг Нийслэлийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай ******* дугаар захирамжаар хүчингүй болгожээ.

Уг захирамжийн үндэслэл нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтын зарчмыг баримтлалгүйгээр эзэмшүүлсэн үндэслэлээр хүчингүй болгосон.” гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны тайлбарыг дэмжиж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Э нь тус шүүхэд НЗДд холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар[1] захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хэрэгт хуульд заасан журмаар авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбарыг үнэлж бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/******* дугаар[2] захирамжаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт М.Эд 3565 м.кв газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн.

Мөн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар захирамжаар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмыг баримтлахгүйгээр газар эзэмшүүлсэн гэсэн үндэслэлээр 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/******* дугаар захирамжийн М.Эд газар эзэмшүүлсэнийг хүчингүй болгосон байна.

Нэхэмжлэгч М.Э  2018 оны 4 дүгээр сарын 04-ны өдөр НЗДд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмших хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлт болон хүсэлтэд хавсарган ирүүлсэн кадастрын зураг, Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлын тэмдэглэлд[3] 1180 м.кв газрын хэмжээ тусгагдсанаар М.Э 1180 м.кв газар эзэмших хүсэлт гаргасан болох нь нотлогддог.

Гэтэл тус шүүхэд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ирүүлсэн Газар эзэмших, ашиглах эрхийн хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэлд[4] М.Эд 3565 м.кв газрыг эзэмшүүлэхээр тусгагдсаны дагуу нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/******* дугаар захирамжаар иргэн М.Эд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байршилтай 3565 м.кв газрыг үйлчилгээ, орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

   Хариуцагч НЗД нь М.Эд газар эзэмшүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/******* дугаар захирамжийн М.Эд холбогдох хэсгийг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар захирамжаараа хүчингүй болгохдоо М.Эд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмыг баримтлахгүйгээр газар эзэмшүүлсэн хууль бус шийдвэрээ хуульд нийцүүлэн хүчингүй болгосон гэж тайлбарладаг.

          Ийнхүү хүчингүй болгохоос өмнө Нийслэлийн газар зохион байгуулалтын 2020 ны 3 дугаар сарын 12-ны өдрийн 03-06/1109 дүгээр[5] албан бичгээр М.Эд мэдэгдэл хүргүүлж, газар эзэмших эрхийг цуцалсан тухай 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 03-06/2604 дүгээр[6]  албан бичгээр мэдэгдсэн байна.

          Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/******* дугаар захирамжаар иргэн М.Эд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байршилтай 3565 м.кв газар нь нийслэлийн 2016, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй[7] бөгөөд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т ...энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага, худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж зааснаар дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын журмаар эзэмшүүлэх газарт хамаарч байна.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01-07/6161 дүгээр[8] албан бичгээр нэхэмжлэгч М.Эд эзэмшүүлсэн газарт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явагдаагүй болохыг дурдсан бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.

Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явагдаагүй байхад М.Э 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнэ 35.500.000 төгрөгийг төлсөн, төлбөрийн үлдэгдэл болох 82.145.000.00 төгрөгийг төлж барагдуулахаар[9] тохиролцсоныг дуудлага худалдааны үнэ төлсөн гэж үзэх боломжгүй тул М.Э дээрх төлбөрийг буцаан шаардах эрхтэй.  

Мөн маргаан бүхий газарт төлөвлөгдсөн авто зам, замын байгууламжийн нөлөөлөлд нэхэмжлэгчийн эзэмшил газрын зарим хэсэг болох 1444 м.кв газар өртөж байгаа нь хэрэгт авагдсан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01-11/6496[10] , 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 01-06/5765[11]  Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн 08/4606 [12], Нийслэлийн авто замын хөгжлийн газрын 2020 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн 2/3182[13], 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 3/123, 3/126 дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байна.

Эдгээр нөхцөл байдлаас үзвэл нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар захирамжаар М.Эд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмыг баримтлахгүйгээр газар эзэмшүүлсэн гэсэн үндэслэлээр 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/******* дугаар захирамжийн М.Эд газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгосон нь хуульд нийцжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно, 48 дугаар зүйлийн 48.2-д эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно гэж, мөн хуулийн 48.2.1-т хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан,

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан... уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж зааснаар НЗД өөрийн хууль зөрчсөн шийдвэрээ хүчингүй болгох эрх олгогдсон.

Тодруулбал, НЗД дээр дурдсан хуульд заасан эрх хэмжээний хүрээнд М.Эд газар эзэмшүүлсэн эерэг нөлөөлөл бүхий захиргааны актаа хуульд нийцүүлэн хүчингүй болгосон байна.

Түүнчлэн “...Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны тайлбарыг дэмжиж байна.” гэж дүгнэсэн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн саналыг шүүх бүрэлдэхүүн үндэслэлтэй гэж үзэв.

Иймээс нэхэмжлэгч М.Эгийн НЗДд холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4, 48 дугаар зүйлийн 48.2, 48.2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Эгийн НЗДд холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэл гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                      

                         ШҮҮГЧ                          Б.АДЪЯАСҮРЭН

                       ШҮҮГЧ                         Н.ДУЛАМСҮРЭН

                       ШҮҮГЧ                         Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                

 

[1] 1 дүгээр хавтасны 12 дахь тал

[2] 1 дүгээр хавтасны 56 дахь тал

[3] 1 дүгээр хавтасны 46 дахь тал

[4] 2 дугаар хавтасны 251 дэх тал

[5] 1 дүгээр хавтасны 63 дахь тал

[6] 1 дүгээр хавтасны 60 дахь тал

[7] 2 дугаар хавтасны 148, 189 дэх тал

[8] 1 дэх хавтасны 143 дахь тал

[9] 1 дүгээр хавтасны 40-41 дэх тал

[10] 1 дүгээр хавтасны 188 дахь тал

[11] 2 дугаар хавтасны 128 дахь тал

[12] 1 дүгээр хавтасны 209-211 дэх тал

[13] 1 дэх хавтасны 152 дахь тал