Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 183/2019/02376/И |
Дугаар | 001/ХТ2021/01149 |
Огноо | 2021-10-05 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 001/ХТ2021/01149
Праймери энержи ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/02404 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 32 дугаар магадлалтай,
Праймери энержи ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Сауд гоби коэл транс ХХК-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,036,109,579 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алтантулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани нь Сауд гоби коэл транс ХХК-тай 2018.10.19-ний өдөр 2018/а/17 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулан хамтран ажиллаж ирсэн. Бид гэрээний дагуу Сауд гоби коэл транс ХХК-д 2018 оны 10 сард 375,513,600 төгрөгийн, 2018 оны 11 сард 768,634,600 төгрөгийн, 2018 оны 12 сард 1,246,371,000 төгрөгийн, 2019 оны 01 сард 1,206,614,000 төгрөгийн, 2019 оны 02 сард 943,673,000 төгрөгийн, 2019 оны 03 сард 1,094,258,100 төгрөгийн, 2019 оны 04 сард 170,839,500 төгрөгийн, нийт 5,430,390,200 төгрөгийн дизелийн түлшийг нийлүүлсэн. Сауд гоби коэл транс ХХК нь 2018 оны 11 сард 375,513,600 төгрөгийн төлбөрийг гэрээний хугацаанд нь төлсөн. 2019.01.18-ны өдөр 768,634,600 төгрөгийн, 2019.02.28-ны өдөр 1,246,371,000 төгрөгийн, 2019.03.25-ны өдөр 1,206,614,000 төгрөгийн, 2019.05.24-ний өдөр 500,000,000 төгрөгийн төлбөрийг тус тус хугацаа хэтрүүлэн төлсөн. Сауд гоби коэл транс ХХК нь хамгийн сүүлд 2019.05.24-ний өдөр төлөлт хийж 1,708,770,600 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болсон. Гэрээний 5.1-д Худалдан авагч энэхүү гэрээний 2.5.-д заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийг дүнгийн 0.2 хувийн алданги төлнө гэж тохиролцсон. Сауд гоби коэл транс ХХК-аас төлбөр төлөхөө илэрхийлж албан бичиг өгч байсан боловч өнөөдрийг хүртэл зээлээр худалдан авсан дизелийн түлшний төлбөрөө төлөхгүй байна. Иймд Сауд гоби коэл транс ХХК-аас зээлээр худалдан авсан шатахууны үндсэн төлбөр 1,508,770,600 төгрөг, алданги 527,338,979 төгрөг, нийт 2,036,109,579 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай байгууллага нэхэмжлэгч байгууллагатай 2018.10.19- ний өдөр 2018/а/17 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулан, дизель түлш зээлээр худалдаж авсан, үндсэн төлбөрийн талаар маргахгүй. Төлбөрийн үлдэгдлийг өнөөдрийг хүртэл төлөх боломжгүй хүндэтгэх нөхцөл байдал манай компанийн хувьд үүссэн. Алдангийн хүлээн зөвшөөрөхгүй. Ашигт малтмал, газрын тосны газрын 2019.08.12-ны өдрийн 405 тоот тушаалаар ашигт малтмал, газрын тосны 2 лицензийн тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн. 2019.08.14-ний өдрийн Засгийн газрын 319 дүгээр байгалийн нөөцөд авах тухай тогтоолоор ашигт малтмалын талбайг байгалийн нөөцөд авсан. Энэхүү зөвшөөрлийг цуцалснаар хариуцагч компанийн хэвийн үйл ажиллагаа явуулах, нүүрс олборлох боломжгүй нөхцөл бий болсон. Нүүрс олборлох үйл ажиллагааг 2017 оны 11 дүгээр сараас эхэлж, 2019, 2020 оноос ашгаа өгнө гэсэн тооцоотой байсан боловч эрх бүхий байгууллагаас зөвшөөрлийг цуцалсан. Ийм нөхцөл байдал бий болсныг, алдангийг багасгах талаар нэхэмжлэгч компанид удаа дараа албан бичгээр мэдэгдэж байсан. Нүүрс олборлолтын үйл ажиллагаа нь дан ганц манай компанийнх биш олборлогч, туслан гүйцэтгэгч олон компани үйл ажиллагаа явуулдаг. Сауд гоби коэл транс ХХК нь Монгол улсын болон гадаадын хуулийн этгээдэд бараг 7 орчим тэрбум төгрөгийн өртэй үйл ажиллагаа явуулж байна. Иймд Сауд гоби коэл транс ХХК-д үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангийн хэмжээг бууруулж өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/02404 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сауд гоби коэл транс ХХК-аас гэрээний үүрэгт 1,508,770,600 төгрөг, алданги 301,754,120 төгрөг, нийт 1,810,524,720 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Праймери энержи ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 225,584,859 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Праймери энержи ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,839,551 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сауд гоби коэл транс ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 9,210,574 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Праймери энержи ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 32 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/02404 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сауд гоби коэл транс ХХК нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.12-ны өдрийн 183/ШШ2019/02404 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.03-ны өдрийн 32 дугаар магадлалын алдангид 301,754,120 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг ИХШХШ тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Магадлалын хянавал хэсэгт Талууд Иргэний хуулиин 263 дугаар зүйлийн 263.2.3-т заасан хүүгийн хэмжээ тохиролцоогүй тул мөн хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй байна гэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2018.10.19-ний өдөр 2018/а/17 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ-г бичгээр байгуулсан байдаг ба уг гэрээгээр Праймери энержи ХХК нь газрын тосны бүтээгдэхүүнийг Сауд гоби коэл транс ХХК-д нийлүүлэх, Сауд гоби коэл транс ХХК нь үнийг тооцоо нийлснээс хойш 60 хоногийн дараа төлөх үүрэг хүлээсэн байдаг. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд хийгдсэн дээрх тохиролцоо, гэрээний агуулга, бие биенийхээ өмнө хүлээсэн үүргээс дүгнэхэд талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэх үндэслэлтэй байгаа юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээг Худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэнд гомдолтой байна. Талуудын хооронд байгуулагдсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцааг Худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж буруу дүгнэсэн тул цаашид үүсэх эрх зүйн үр дагаврыг тооцох, зөв дүгнэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж байна. Тухайлбал, зохигчдын хооронд байгуулагдсан Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээ бичгээр байгуулагдсан хэдий ч мөн зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар
гэрээнд заавал тусгах зүйлсийг гэрээндээ тусгаагүй байдаг. Өөрөөр хэлбэл, гэрээнд үнэ эсхүл түүнийг тодорхойлох журмыг гэрээний 2.2-т тусгасан байх боловч бусад бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, төлбөл зохих хүүгийн хэмжээ зэргийг тусгаагүй болно. Гэрээний хавсралтаар гэрээний үнийг хэрхэн тогтоох тухай тохиролцсоноос биш бусад нөхцөлийг нарийвчлан тусгаагүй байдаг. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4-т заасны дагуу нэгэнтээ талуудын хооронд Иргэний хуулийн 263.2 дах хэсэгт заасан Зээлээр худалдах, худалдан авах гэрээнд заавал тусгавал зохих зүйлийг тусгалгүй хуульд заасныг зөрчиж гэрээ байгуулсан байх тул Сауд гоби коэл транс ХХК-ийн хувьд эд хөрөнгийн үнийг буюу Газрын тосны бүтээгдэхүүний үнийг төлөх үүрэг хүлээж байна. Тиймээс манай компанийн хувьд Праймери энержи ХХК-аас 1,508,770,600 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаагаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч дээрх үндэслэлээр алдани төлөх үүрэг үүсэхгүй гэж үзэж байна. Хэрэв анхан болон давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэсэн бол дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй болох юм. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт Иргэний хуулиин 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт алдангийн хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан ба хариуцагч гэрээний үүргийн дийлэнх хэсгийг гүйцэтгэсэн ба гүйцэтгээгүй үүргийн эзлэх хувьтай харъцуулан дүгнэж 20 хувиар алдангийг тооцсон нь зөв болжээ гэсэнтэй санал нийлэхгүй байна. Хяналтын шатны шүүхээс Сауд гоби коэл транс ХХК нь нэхэмжлэгч талын өр төлбөрийг өнөөдрийн байдлаар төлж барагдуулах санхүүгийн боломжгүй нөхцөл байдал үүссэн байгааг шүүхийн зүгээс анхаарч үзэхийг хичээнгүйлэн хүсч байна. Учир нь Сауд гоби коэл транс ХХК нь Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу нийт 5,430,390,200 төгрөгийн үнэ бүхий газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авсан бөгөөд 2019 оны 8 сарын байдлаар 4,297,133,200 төгрөгийн төлбөрийг барагдуулж 1,508,770,600 төгрөгийн үлдэгдэлтэй болсон юм. Ашигт малтмал газрын тосны Кадастрын хэлтсийн даргын 2019.08.12-ны өдрийн 405 тоот шийдвэрээр манай Сауд гоби коэл транс ХХК-ийн МУ-017038, МҮ-019036 дугаар бүхий 30 жилийн хугацаатай олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон бөгөөд өнөөдрийн байдлаар уурхайн үйл ажиллагаа бүрэн зогсоод байгаа ба энэхүү үйл явдлаас шалтгаалан харилцагч компаниуддаа их хэмжээний өр төлбөрийн асуудал үүсээд байна. Энэ талаарх холбогдох баримтуудаа нотлох баримтаар гарган өгсөн болно.
Манай компанийн хувьд дээр дурдсан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нүүрсний олборлолтын үйл ажиллагаа явуулдаг байсан ба нэхэмжлэгчээс авсан газрын тосны бүтээгдэхүүнийг тухайн үйл ажиллагаандаа зарцуулж байсан. Үүнийг нэхэмжлэгч тал мэдэж байгаа. Аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлогоороо бусдаас авсан бараа, ажил үйлчилгээний төлбөрийг төлдөг манай компанийн хувьд дээрх нөхцөл байдал нь Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт шууд нөлөөлсөн байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүйд гомдолтой байна. Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан Зээлээр худалдах, худалдан авах гэрээний зохицуулалт, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн алданги шаардсан хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх бүрэн боломжтой байхад шат шатны шүүхээс дээрх хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхийн 32 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.12-ны өдрийн 183/ШШ2019/02404 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.03-ны өдрийн 32 дугаар магадлалын хариуцагчаас ... алдангид 301,754,120 төгрөг гаргуулахаар ... шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Праймери энержи ХХК хариуцагч Сауд гоби коэл транс ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1,708,770,600 төгрөг, алданги 627,549,675 төгрөг, нийт 2,336,320,275 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагыг 1,508,770,600 төгрөг, алданги 527,338,979 төгрөг, нийт 2,036,109,579 төгрөг болгож багасгасан, хариуцагч алданги 527,338,979 төгрөгийг эс зөвшөөрч, маргажээ.
Праймери энержи ХХК, Сауд гоби коэл транс ХХК-тай 2018.10.19-ний өдөр Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээгээр талууд 2018.10.19-ний өдрөөс 2019.10.19-ний өдөр хүртэл нийлүүлэх бүтээгдэхүүн, хэмжээ, хугацаа, бүтээгдэхүүн хүлээн авах, төлбөр төлөх хугацаа, алданги зэргийг тохиролцсон байх бөгөөд, 2018.10.19, 2018.11.01, 2018.12.01, 2019.01.01, 2019.02.01, 2019.03.01, 2019.04.01, 2019.05.01-ний өдрүүдэд гэрээний хугацаа, дизель түлшний литрийн үнэ, төлбөр төлөх хугацаанд тус тус өөрчлөлт оруулсан үйл баримтыг хоёр шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.
Талууд гэрээгээр тохиролцсон төлбөрт хүү буюу нэмэлт үнэ тохиролцоогүй, төлбөр төлөх хугацааг газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авсан өдрөөс хойш төлөхөөр тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй гэж хоёр шатны шүүх дүгнэхдээ хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна. Иймд хоёр шатны шүүхийг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг хэрэглэх ёстой байсан гэсэн хариуцагчийн гомдлыг хангахгүй.
Худалдагч гэрээний дагуу 2018 оны 11 сараас 2019 оны 04 сард нийт 5 удаагийн нийлүүлэлтээр 5,430,390,200 төгрөгийн бүтээгдэхүүнийг худалдан авагчид нийлүүлсэн, Сауд гоби коэл транс ХХК нь гэрээний үүрэгт 1,508,770,600 төгрөгийг төлөөгүй үйл баримтын талаар талууд маргаангүй байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй гэрээний 5.1-д худалдан авагч төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар тооцож, хоног тутамд алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн, тохиролцоо хүчинтэй байгаа талаар хоёр шатны шүүх зөв дүгнэсэн, худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд бүтээгдэхүүний үнэ төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Хариуцагч нь ...гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн боловч дээрх гэнэтийн нөхцөл шалтгааны улмаас санхүүгийн хүнд байдалд орсон тул алдангийг багасгаж өгнө үү гэж холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь зохицуулалтыг хэрэглэж, хариуцагчийг гэрээний үүргийн дийлэнх хэсгийг гүйцэтгэсэн ба гүйцэтгээгүй үүргийн эзлэх хувьтай харьцуулан дүгнэж, 20 хувиар алдангийг багасгаж тооцсон нь үндэслэл бүхий болжээ.
Иймээс хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/02404 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 32 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 1,666,725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.ЦАГААНЦООЖ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД