Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 13

 

Д.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

                                                                            Хэргийн индекс: 149/2016/00381/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,

                             Ерөнхий шүүгч                              Б.Батзориг

                             Шүүгчид                                         С.Оюунцэцэг

                                                                                    Г.Давааренчин

                               

                                     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн Мандал сум  дахь сум  дундын шүүхийн шүүх хуралдаанаас гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор Д.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй С.Шагдарт холбогдох “Зээлийн гэрээний үүрэг болох 15.450.000 төгрөгийг гаргуулах” иргэний хэргийг 2018 оны 02 дүгээр  сарын  02-ны  өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

      

Нэхэмжлэгч Д.Мөнхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...С.Шагдар нь мөнгөний хэрэгцээ байна гээд надаас 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 12.500.000 төгрөгийг нотариатаар баталгаажуулан 1 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл 1 сар болсон боловч мөнгөө өгдөггүй би банкны зээлтэй байсан учир маш хүнд байдалд орсон. С.Шагдараас мөнгөө байнга нэхэж байсан боловч өгнө гэсээр өдий хүртэл явлаа. Одоо гэрээний дагуу 12.500.000 төгрөгийг алданги 6.250.000 төгрөг бүгд 18.750.000 төгрөг нэхэмжлэхээс С.Шагдар нь 2014 оны 7, 8, 9, 10, 11 дүгээр саруудад сар бүр 500.000 төгрөг, бүгд 2.500.000 төгрөг өгсөн. 2015 оны 03 дугаар сард 3 хонины мах өгснийг 500.000 төгрөгөөр тооцсон, 2016 оны 04 дүгээр сард 200.000 төгрөг, 11 дүгээр сард 10.000 төгрөг тус тус өгсөн тул бүгд 3.300.000 төгрөгийг хасч үлдэх 15.450.000 төгрөгийг С.Шагдараас гаргуулахаар нэхэмжилж байна. С.Шагдар нь тэр үед надаар банкны зээл авахуулж байгаад дээрх мөнгийг авсан ба би тухайн үед байраа барьцаалсан байсан бөгөөд зээлээ төлж чадахгүй байраа зарж зээлээ төлсөн. Энэ байдлаа С.Шагдарт хэлсэн боловч хүн чанар даан ч гаргаагүй.

Иймд Самдангийн Шагдараас 15.450.000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд одоо нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж алдангиас татгалзаж үндсэн зээл болох 12.5 сая төгрөгнөөс С.Шагдарын өгсөн 3.3 сая төгрөгийг хасч тооцоод 9.2 сая төгрөгийг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Шагдар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Миний  бие Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд “Хүдэр хайрхан” ХХК-ийг 1997 оны 10 дугаар сарын 20-ны өдөр үүсгэн байгуулж гэр бүлээрээ ажиллуулж байхдаа 2011 онд нэхэмжлэгч Д.Мөнхжаргалтай хамтран амьдарч эхэлсэн. 2011 онд хүү Ш.Уранхүү худалдан авагчид бүтээгдэхүүн /банз/ нийлүүлэх ашигтай саналыг хүлээн авч Д.Мөнхжаргал бид хоёрыг мөнгө зээлдүүлэхийг хүссэн юм. Ингээд бид хүүдээ тусалъя гэж ярилцаад нэхэмжлэгч Д.Мөнхжаргал өөрийн эзэмшлийн байраа барьцаанд тавьж Хаан банкнаас 15 сая төгрөг зээлж өгсөн.  Ингэж анх нэхэмжлэгчтэй мөнгөний харилцаа үүссэн юм. Бид тухайн үед эхнэр, нөхөр болж амьдарч байсан болохоор мөнгийг нь хэд хэд хувааж төлсөн ба 2016 он болоход нийт 22.879.500 төгрөгийг дансаар шилжүүлж төлсөн. Би Д.Мөнхжаргалаас 2012 онд 15 сая төгрөгийг нэг л удаа авсан. Гэтэл Д.Мөнхжаргал нь 2014 онд Төрийн банкнаас цалингийн зээл аваад надад 12.5 сая төгрөгийг зээлдүүлсэн гэж байгааг зөвшөөрөхгүй. Би уг мөнгийг үнэхээр аваагүй. Д.Мөнхжаргал худлаа ярьж байна. Би Д.Мөнхжаргалаас зээлж авсан 15 сая төгрөгөндөө л мөнгө төлж байсан ба 15 сая төгрөгийг 22.7 сая төгрөг болгож төлсөн. 12.5 сая төгрөгийг аваагүй байж зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь миний буруу. Би одоо Д.Мөнхжаргалын нэхэмжилж байгаа 9.2 сая төгрөгийг зөвшөөрөхгүй, төлөх үндэслэлгүй юм гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр  хянан хэлэлцээд 10 дугаартай шийдвэрээр:

-Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Шагдараас 7.156.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Мөнхжаргалд  олгож, нэхэмжлэлээс 2.044.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,   

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Мөнхжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235.000 төгрөгийг  Сэлэнгэ аймаг Мандал сумын Төрийн сангийн 100130400941 тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.Шагдараас 129.446 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мөнхжаргалд олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч С.Шагдар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Би нэхэмжлэгчээс 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 15.000.000 төгрөгийг зээлж авсан. Нэхэмжлэгчтэй тухайн үед зээлийн гэрээ хийгээгүй авсан. Энэ хугацаанд 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл зээлэнд нийт 19.402.500 төгрөгийг төлсөн. Д.Мөнхжаргал зээлийг хаахдаа үлдэгдэл хүүг төлсөн гээд мөнгө нэхсэн. 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээг нөхөж хийнэ гэж дарамтлаад гэрээг хийсэн. Тэр үед Д.Мөнхжаргалыг төрийн банкнаас 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж мөнгө авсныг мэдээгүй байсан. Хамтын амьдралтай байгаагүй болохоор мэдэх боломж ч байхгүй байсан. Үлдэгдэл хүүг байнга нэхээд байсан болохоор 2.927.000 төгрөгийг төлж нийт 22.329.500 төгрөгийг Д.Мөнхжаргалд өгсөн юм.

Нэхэмжлэгч анх нэхэмжлэхдээ 15.000.000 төгрөгний зээл аваад надад өгсөн гэж 15.450.000 төгрөгийг нэхэмжилж байсан боловч хурал удаа дараа хойшлогдон 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаас хойш гэнэт Багануурын төрийн банкнаас 13 сая зээл авсан гэж ярих болсон. Үүнийг шүүх огт тодруулаагүй дүгнэлт хийсэн. Яагаад 15 сая төгрөгийн нэхэмжлэл гаргасан ч дараа 12.500.000 төгрөгний зээлийн үүргийн гүйцэтгэлийн маргаан гаргах болов гэдэгт шүүх ямар ч дүгнэлт хийсэнгүй. Намайг 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 12.500.000 төгрөгний зээлийг аваагүй гэдгээ нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй гэж шүүх дүгнэсэн хэдий ч нэхэмжлэгчийг зөвхөн гэрээгээр мөнгө зээлсэн гэж дүгнэж байгаа нь маш учир дутагдалтай юм. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлсэн гэх мөнгийг шилжүүлэн өгч байж гэрээ байгуулсанд тооцогдоно. Гэтэл энэ нь нотлох баримтаар тогтоогдоогүй. Анх 15.000.000 төгрөгийн зээлийг надад өгөхдөө Хаан банкны зээл буцаан төлөх хуваарь дээр надаар болон миний хүүгээр гарын үсэг зуруулж байсан баримт хавтаст хэрэгт авагдсан. Энэ зээлийн асуудлаас болоод 2014 оноос 01 дүгээр сараас хамтран амьдрахаа больсон байсан хүн юу гэж 2014 оны 07 дугаар сард дахин надад зээл авч өгөх билээ. Банкны зээлийн баримтанд миний ямар ч гарын үсэг байхгүй болно. 15 сая төгрөгийн зээлийн үлдэгдэл болох мөнгө төлснийг 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн төлбөрт төлж байна гэдэг дүгнэлт хийж байгаа нь шүүх маргаантай үйл баримтыг зөв тал бүрээс нь нягтлан үзсэнгүй гэж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Цогзолмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүхээс 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хэрэг буцсанаас хойш өнөөг хүртэл 8 сарын хугацаанд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийнхээ үндэслэл шаардлагыг нотолж чадаагүй, өөрөөр хэлбэл  нэхэмжлэгч Д.Мөнхжаргал хариуцагч С.Шагдарт 12.500.000 төгрөг өгсөн гэж өөрөө ярьж, бичиж байгаагаас өөрөөр нотлоогүй хэвээр байгаа. ...Шүүх хариуцагч С.Шагдарыг 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 12.500.000 төгрөгийг аваагүй гэдгээ нотолж чадаагүй гэж дүгнэсэн атлаа Нэхэмжлэгч Д.Мөнхжаргалыг мөнгө зээлсэн гэж үзэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.2 дахь хэсэгт шүүх нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан байдаг. Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцогдоно гэж заасан байдаг. Гэтэл энэ нь нотлох баримтаар тогтоогдоогүй тул Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Мөнхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Шагдар нь надаас 2012 оны 07 дугаар сард 15.000.000 төгрөг зээлдүүлэн авч 2014 оны 05 дугаар сард төлж дуусгасан.  Үүний дараа дахин мөнгөний хэрэг байна удаахгүй эргүүлж өгнө гээд 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр цалингийн зээл 13.000.000 төгрөг авахуулсан. Энэ мөнгийг авахад С.Шагдар хамт явж байсан. Үүнээс 12.500.000 төгрөгийг С.Шагдарт тоолж өгсөн. Үүнээс хойш хэд хоногийн дараа Улаанбаатар хотод очиж зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Үүний учир нь урд авсан зээлээ хугацаа алдуулж төлж байсан учраас харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. С.Шагдар ...2015 оны 04 дүгээр сараас хойш таг болж мөнгөө нэхэхэд өгнө гэсээр өгөхгүй байсан тул 2016 оны 12 дугаар сард би хуулийн байгууллагад хандсан. Би шүүхэд анх Хаан банкнаас авсан зээлийн гэрээний баримт, Төрийн банкнаас авсан зээлийн гэрээний баримт, 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний баримтаа гаргаж өгсөн. Хэрэв С.Шагдар мөнгө аваагүй бол зүгээр хүнд мөнгө өгөхгүй хүн болох нь 2016 оны 12 дугаар сараас хойш шүүхэд өгсөн тайлбаруудаас харагдаж байгааг шүүх үнэлж цэгнэсэн байх. Хариуцагч С.Шагдар нь надад 12.500.000 төгрөг өгсөн нотлох баримт байхгүй гэсэн байна. Мөн 12.500.000 төгрөг өгснөө нотолж чадаагүй гэж гомдол гаргасан байна. Өөрөө тэгвэл шүүхэд 12.500.000 төгрөг аваагүй гэдгээ нотолж, үгүйсгэж чадаж байгаа юм уу? С.Шагдар нь 12.500.000 төгрөгөө авснаа нотолж зээлийн гэрээ байгуулсан нь үнэн. Шүүх С.Шагдарт ашигтайгаар шийдвэрлэж 2.200.000 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн. Би Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 281.4 дэх хэсэгт зааснаар С.Шагдарт 12.500.000 төгрөгийг өгч, зээлийн гэрээ байгуулсан нь үнэн тул 2018 оны 01 дүгээр сарын 10-ны 10 тоот шүүхийн шийдвэрийг хэвээр баталж өгнө үү гэв.  

 

Нэхэмжлэгчийн  өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: С.Шагдар нь 2012 онд Д.Мөнхжаргалаар 15 сая төгрөг банкнаас зээл авахуулж мөнгийг 2014 оны 5 сард төлж дууссан ба өөрөө энэ талаар сайн мэдэж байгаа ба шүүхэд удаа дараа тайлбар гаргасан байдаг. Мөн энэ зээлийн дараа 2014 оны 5 сард дахин банкнаас зээл авахуулан 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 12.500.000 төгрөг зээлж авсан тухай зээлийн гэрээ байгуулж үүнээс хойш 8, 9, 10, 11, 12 сар хүртэл 500.000 төгрөг, түүнээс хойш хонины мах, мөнгө шилжүүлж байсан нь 12.500.000 төгрөг авсан ба зээлийн гэрээг зохих ёсоор биелүүлж байсан болох нь нотлогдож байна. Харин С.Шагдар өөрөө 12.500.000 төгрөг аваагүй гэдгээ нотолж шүүхэд ямар ч баримт гаргаагүй болно. Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсэгт заасны дагуу ...шүүх хуралдаан дээр тайлбараа тодорхой ярьж тайлбарлан үүнийгээ нотолж Төрийн банкны Багануурын салбараас 13 сая төгрөгийн цалингийн зээл авсан баримт, 2014 оны 6 дугаар сард 12.500.000 төгрөгийг бэлэн тоолж өгсөн ба үүнийг үндэслэн хийсэн, 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хуульд заасны дагуу 1 сарын хугацаатай нотариатаар батлуулан хийсэн зээлийн гэрээг шүүхэд нотлох баримт болгон гарган өгсөн. С.Шагдар нь 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 1 сарын хугацаатай байгуулсан зээлийн гэрээний дагуу 1 сарын хугацаанд зээлээ төлөөгүй боловч тодорхой хэмжээнд гэрээний дагуу 2014 он, 2015 он, 2016 онуудад мөнгийг өгч гэрээний үүргийг гүйцэтгэж байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Хариуцагч С.Шагдарын 12.500.000 төгрөгийг аваагүй, Д.Мөнхжаргал нь намайг дарамталж зээлийн гэрээг байгуулсан гэсэн тайлбарыг ярьдаг боловч үүнийг нотлох баримтыг шүүхэд гаргаагүй ба энэ тухай хэрэгт ямар ч нотлох баримт байхгүй болно. Нэхэмжлэгч Д.Мөнхжаргал, хариуцагч С.Шагдар нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээ нь өөрсдийн хүсэл зоригийн дагуу хийгдсэн. Иргэний хууль болон Нотариатын тухай хуулийн дагуу хийгдсэн, хууль зөрчөөгүй хүчин төгөлдөр гэрээ юм . Иймд хариуцагч С.Шагдар, түүний өмгөөлөгч Ц.Цогзолмаа нар давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 тоот шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Мөнхжаргал нь хариуцагч С.Шагдарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 15.450.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 9.200.000 төгрөг болгон багасгажээ. Хэргийн хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй зээлийн гэрээ байгуулаагүй гэж маргасан байна.

 

 Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэжээ.

 

Хэргийн хариуцагч болон түүний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлынхоо үндэслэлээ  зохигчдын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулсан боловч  Иргэний хуулийн 282-р зүйлийн 282.4 дэх хэсэгт “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцогдоно” гэж заасан тул нэхэмжлэгч мөнгө шилжсэн гэдгээ нотлоогүй байхад шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан хэмээн дүгнэсэн гэж тайлбарлажээ.

 

Хэргийг судлан үзвэл:   Зохигчдын хооронд 2014 оны 07 сарын 04-ний өдөр 12.500.000 төгрөгийг  нэг сарын хугацаатай зээлсэн тухай гэрээ байгуулан  улмаар энэхүү  гэрээ байгуулснаас хойш хариуцагч С.Шагдар нь 2014 оны 09 сарын 16-ны өдрөөс 2016 оны 11 сар хүртэлх хугацаанд  нийт 2.907.000 төгрөгийг  нэхэмжлэгчид шилжүүлсэн  болох нь түүний шүүхэд ирүүлсэн банкны мөнгө шилжүүлсэн тухай, цалингаас суутгал хийсэн тухай баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэдийгээр хариуцагч нь 2014 оны 07 сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр бус, хэрэгт авагдсан 2014-2016 онуудад нэхэмжлэгчид шилжүүлсэн мөнгө нь 2012 онд байгуулсан зээлийн гэрээний төлбөр байсан гэж тайлбарлаж байгаа боловч хэргийн 42, 80 дугаар талд авагдсан  Хаан банкны 2014 оны 05 сарын 12-ны өдрийн  мөнгөн шилжүүлэгчийн баримт, болон Хаан банкны 2014 оны 02 сарын 14-ний өдрийн  албан бичиг, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгч Д.Мөнхжаргал Хаан банкнаас 15.000.000 төгрөгийн өрхийн зээл авч С.Шагдарт өгсөн, С.Шагдар нь  тухайн зээлийг банканд төлж улмаар 2014 оны 05 сарын 12-ны өдөр зээлийн үлдэгдэл 2.177.31878 төгрөгийг төлснөөр  2012 онд зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ дуусгавар болсон гэж үзэхээр байна.

 

Хариуцагч С.Шагдараас нэхэмжлэгчид 2014 оноос хойш шилжүүлсэн гэх мөнгө нь 2012 онд авсан зээлийн төлбөрт бус харин  2014 онд  талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний төлбөрт шилжүүлсэн гэж үзэхээр байх тул зохигчдын  хооронд 2014 онд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан  зээлийн гэрээний харилцаа үүссэн байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэх тухай гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж үзлээ.  

 

Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байх тул хариуцагч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хариуцагчаас нэхэмжлэгчид зээлийн төлбөрт шилжүүлсэн мөнгөн дүнд тооцооллын алдаа гаргасан байх тул түүнийг шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан засах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь   хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын  шүүхийн 2018 оны  01 сарын 10-ны өдрийн 10 дугаартай шийдвэрийн “Тогтоох” хэсгийн:

 1 дэх заалтыг:  

“Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Шагдараас 6.293.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Мөнхжаргалд  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.907.000 төгрөгт   холбогдох хэсгийг  хэрэгсэхгүй болгосугай.” гэж,  

2 дахь заалтыг

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-т зааснаар Д.Мөнхжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235.000 төгрөгийг  төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Шагдараас 115.638 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мөнхжаргалд олгосугай.” гэж  тус тус  өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129.446 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                  ШҮҮГЧИД                           С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                              Г.ДАВААРЕНЧИН