Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2021/01226

 

П.Аюушбилэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Сонинбаяр, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/00008 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 359 дүгээр магадлалтай,

П.Аюушбилэгийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.10.19-ний өдрийн 2316 дугаар захирамжаар П.Аюушбилэгээс 46,227,294 төгрөг гаргуулж, "Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа хийгдэж байсан болно. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2019.10.22-ны тогтоолоор П.Аюушбилэгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 52 дугаар байрны 2/201 тоотод байрлах, Ү-2206019689 улсын бүртгэлийн дугаартай, 103.3 м.кв орон сууцыг үнэлэх үнэлгээчнээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилж тус үнэлгээний төвийн 2019.11.08-ны өдрийн 484 дугаартай дүгнэлтээр орон сууц, авто зогсоолыг нийт 241,555,000 төгрөг гэж үнэлсэн байна. Үнэлгээний тайланд зах зээлийн үнийг зах зээлийн харьцуулах хандлагын аргаар тооцсон үнэлгээг бодитой гэж үзэн орон сууцны м.кв талбайг 2,096,400 төгрөг, нийт 216,555,000 төгрөгөөр үнэлсэн байгаад гомдолтой байна. П.Аюушбилэгийн байр нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамжид Улаанбаатар хотын хамгийн эрэлт ихтэй бүсд байрладаг ба төвийн инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон бүрэн цутгамал хийцтэйн зэрэгцээ төв замын хажууд байрлалтай, цөөхөн оршин суугчтай, тэдний тав тухыг бүрэн хангасан байр юм. Үнэлгээчин зах зээлийн харьцуулалт хийхээр сонгосон орон сууцнууд нь үнэлж буй орон сууцтай дүйцэхүйц гэж үзэхээргүй байна. Иймд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 2 хэсэг Зайсангийн гудамж 52 дугаар байрны 2/201 тоотод байрлах, 103.3 м.кв талбайтай Ү-2206019689 улсын бүртгэлийн дугаартай орон сууц, авто зогсоолыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус шүүхийн шүүгчийн 2018.10.19-ний өдрийн 2316 дугаар захирамжаар П.Аюушбилэгээс 45,710,790 төгрөгийг гаргуулж, Нэткапитал финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч П.Аюушбилэгт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй байх тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан /17027/, Зайсангийн гудамж, 52 байр, 2/201 тоот, 103.3 м.кв 3 өрөө орон сууц, 18 м.кв авто зогсоолыг 2019.06.04-ний өдрийн 19290546/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2019.12.18-ны өдрийн 19290546/02 дугаартай эд хөрөнгийг хураах тогтоолоор хураан авсан. Төлбөр төлөгчид үнийн санал өгөхийг мэдэгдэхэд 700,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Нэткапитал финанс ББСБ ХХК нь хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар үнэлүүлэхэд орон сууцыг 216,555,000 төгрөг, авто зогсоолыг 25,000,000 төгрөг, нийт 241,555,000 төгрөгөөр үнэлсэн тул 2019.11.08-ны өдрийн 4/25053 дугаар албан бичгийг төлбөр төлөгчийн 91912992 дугаарт холбогдон мэдэгдэж хаягаар баталгаат шууданд хийж, мөн охин Э.Шинэтуяад 2019.11.08-ны өдөр гардуулсан. Иргэний хуулийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 169,088,500 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2019.11.29-ний өдөр оруулахаар нийтэд зарласан боловч тус шүүхийн шүүгчийн 2019.11.21-ний өдрийн 13726 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулаагүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч П.Аюушбилэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/00008 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 52 дугаар байрны 2/201 тоот, 103.3 м.кв 3 өрөө орон сууц, 18 м.кв авто зогсоолыг үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай П.Аюушбилэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 359 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/00008 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.24-ний өдрийн 183/ШШ2020/00008 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах щатны шүүхийн 2020.02.14-ний 359 дугаар магадлалыг ИХШХШ тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт Нэхэмжлэгч нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлсэн үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнээс доогуур, түүнчлэн тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бусад үл хөдлөх эд хөрөнгийн үнэтэй харьцуулахдаа төв замаас хол байршилтай, үнэ хямд байрнуудтай харьцуулж үнэлсэн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25-р зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй тул үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэх боломжгүй болно гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг нотлох зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38-р зүйлийн 38.6, мөн хуулийн 47-р зүйлийн 47.1-д заасныг үндэслэн шүүхийн журмаар орон сууцны үнэлгээг шинжээч томилж хийлгүүлэх хүсэлт гаргасан боловч шүүх үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгчийн маргаан үүсгэж буй Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээг туйлын үнэн гэж үзэн хэргийг хянан шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Орон сууцны үнэлгээ нь зах зээлийн бодит ханшаар хийгдсэн эсэхийг харьцуулах зорилгоор шүүхийн журмаар үнэлгээ хийлгэх хүсэлтийг гаргасан ба үнэлгээг тусгай мэдлэг бүхий, тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн үнэлгээчин иргэн, аж ахуйн нэгж хийх боломжтой юм. Гэтэл шүүх үнэлгээ хийлгэх хүсэлтийг хүлээн аваагүй атал нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотолж чадаагүй гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76-р зүйлийн 76.1.1-т заасныг зөрчиж буюу нэхэмжлэгчээс өөрийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг нотлох зорилгоор гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж, нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх эрхийг хязгаарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг үндэслэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.24-ний өдрийн 183/ШШ2020/00008 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.14-ний өдрийн 359 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч П.Аюушбилэг нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан орон сууц болон авто зогсоолыг үнэлсэн үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Анхан шатны шүүх П.Аюушбилэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан ...нэхэмжлэгчийн маргаан үүсгэж буй Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээг туйлын үнэн гэж үзэн хэргийг хянан шийдвэрлэсэн, ... хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2316 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг 45,710,790 төгрөгийн хэмжээнд баталсан байх бөгөөд хариуцагч П.Аюушбилэг нь гэрээнд заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон байна.

П.Аюушбилэг нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн хариуцагч байгууллага 2019.04.29-ний өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, нэхэмжлэгчийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан /17027/, Зайсангийн гудамж, 52 байр, 2/201 тоот, 103.3 м.кв 3 өрөө орон сууц, 18 м.кв авто зогсоолыг хуульд заасан журмын дагуу битүүмжилж, хураажээ.

Төлбөр төлөгч болон төлбөр авагч нарын ирүүлсэн үнийн санал нийлээгүй байх тул хариуцагч байгууллага 2019.10.22-ны өдрийн 330 дугаар тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй, шинжээч нь дүгнэлт гаргахдаа өртгийн болон зах зээлийн хандлагын аргыг хэрэглэж, орон сууцыг 216,555,000 төгрөг, авто зогсоолыг 25,000,000 төгрөг буюу нийт 241,555,000 төгрөгөөр үнэлсэн байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээчийн үнэлсэн үнэлгээний 70 хувь буюу 169,088,500 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон тухай мэдэгдлийг нэхэмжлэгч П.Аюушбилэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасны дагуу 2019.11.08-ны өдөр хүргүүлжээ.

Үнэлгээчин ямар аргачлал, үндэслэлээр уг орон сууцыг 216,555,000 төгрөгөөр үнэлсэн нь ойлгомжгүй, төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч хөндлөнгийн шинжээчээр хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн гэж үзэхгүй гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэж хоёр шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Хариуцагч байгууллага хөрөнгийн үнэлгээ хийлгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шинжээчийн гаргасан үнэлгээг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул ...хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/00008 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 359 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

Х.СОНИНБАЯР

П.ЗОЛЗАЯА

Д.ЦОЛМОН