Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 135/2019/00617/И |
Дугаар | 001/ХТ2021/01134 |
Огноо | 2021-09-28 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2021/01134
С.Чойжамцын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 995 дугаар шийдвэр,
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 104 дүгээр магадлалтай,
С.Чойжамцын нэхэмжлэлтэй,
Б.Оюун-Ундрам болон Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдох,
Хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийг зөв бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, хариуцагч Б.Оюун-Ундрамын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, хариуцагч ДУА-ийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Долгоржав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч С.Чойжамц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч С.Чойжамц миний бие 2017 оны 6 дугаар сард анх 2010 онд өөрийн үүсгэн байгуулж ажиллаж байсан Дархан ээж шүтээн ХХК-ийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан билээ. Манай компани нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш өөрийн эрхлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлийнхээ дагуу тогтвортой үйл ажиллагаа эрхлэн явуулж ирсэн. 2010-2017 оныг хүртэл компанийн захирлаар ажиллаж байсан Ч.Чинбат нь миний багын найз бөгөөд бид харилцан тохиролцож компанийн удирдлагыг түүний нэр дээр явуулдаг байсан юм. 2017 оны 6 сард компанийг миний бие өөрийн нэр дээр шилжүүлж авснаас хойш буюу 2018.3.14-ний өдөр Ч.Чинбатын эхнэр Б.Оюун-Ундрам нь Дархан ээж шүтээн ХХК-ийн хувьцаа бэлэглэх тухай гэрээг хуурамчаар хийж, миний гарын үсгийг дуурайлган зурж, улмаар тус гэрээнд үндэслэн компанийн дүрэм, шийдвэр гэх зэрэг баримтыг мөн гарын үсгийг минь дуурайлгаж хуурамчаар үйлдэж, 2018.3.21-ний өдөр компанийн захирлаар Б.Оюун-Ундрам өөрийгөө бүртгүүлж, Улсын бүртгэлийн байгууллагаар баталгаажуулсан байна. С.Чойжамц миний бие 2018 оны 3 сард компанийн хувьцаа, эрх зэргийг шилжүүлэх тухай ямар нэгэн гэрээ хэлцлийг хэн нэгэнтэй огт хийж байгаагүй бөгөөд Б.Оюун-Ундрамд хувьцаагаа бэлэглэсэн зүйл байхгүй. Энэ бүхнийг миний бие найз нөхдийн хүрээллийн хүмүүс Б.Оюун-Ундрам чиний компанийн нэрээр үйл ажилагаагаа явуулаад байна гэсэн яриагаар ам сонсоод 2019.5.23-ны өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргаж компанийн хувийн хэргийн материалаас баримт гаргуулж, лавлагаа гаргуулснаар олж мэдээд ийнхүү шүүхэд хандаж байна. Б.Оюун-Ундрам нь ийнхүү С.Чойжамц надад мэдэгдэлгүйгээр гарын үсгийг минь дуурайлган зурж, хуурамч гэрээ хэлцэл баримт бүрдүүлэн компанийг минь өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авч, ашиг олж үйл ажиллагаа явуулсаар байгаад гомдолтой байна. Иймд шүүх нэхэмжлэлийг минь хүлээн авч, Дархан ээж шүтээн ХХК-ийн хувьцаа бэлэглэх тухай 2018.3.14-ний өдрийн хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулж, Дархан ээж шүтээн ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг зөвтгөн бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай шийдвэр гаргаж иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Оюун-Ундрам шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Оюун-Ундрам миний нөхөр Ч.Чинбат Дархан ээж шүтээн ХХК-ийг 2010.9.23-ны өдөр анх гишүүнээр үүсгэн байгуулж барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар дүрэм, үүсгэн байгуулах гэрээ хийж, өөрөө захирлын үүрэг гүйцэтгэж үйл ажиллагаа эхэлсэн юм. 2016.5.23-ны өдөр Барилга хот байгуулалтын яамнаас БУ37-821/16 тоот тусгай зөвшөөрлийг авч, уг тусгай зөвшөөрөл одоог хүртэл захирал Ч.Чинбатын нэр дээр бүртгэлтэй байдаг. Миний нөхөр Ч.Чинбат нь нэхэмжлэгч С.Чойжамцтай олон жилийн өмнөөс ойр дотно, найз нөхдийн холбоотой явж ирсэн бөгөөд 2017.6.05-ны өдөр төрийн албанд буюу Дархан хот байгуулалт, барилга захиалагчийн газарт ерөнхий инженерээр томилогдох болж өөрийн нэр дээр байгуулсан Дархан ээж шүтээн ХХК-ийг өөрийн дотны найз С.Чойжамцад итгэж төрийн албанаас халагдах хүртэл хугацаанд түр шилжүүлэхээр амаар тохиролцож бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн юм. С.Чойжамц энэ компанийг өөрийн нэр дээр болгож авснаас хойш удалгүй 2018 оны 3 сард миний нөхөр Ч.Чинбат өөрийн компаниа буцааж авахаар С.Чойжамцтай тохирч, тухайн үед төрийн албанаас халагдаагүй байсан тул эхнэр болох Б.Оюун-Ундрам миний нэр дээр шилжүүлэхээр бэлэглэлийн гэрээ хийж, Дархан ээж шүтээн ХХК-ийг миний нэр дээр шилжүүлсэн юм. Компанийн эрх шилжүүлэх гэрээ бусад баримт бичгийг С.Чойжамц өөрөө зөвшөөрч шилжүүлсэн бөгөөд энэ компани анхнаасаа С.Чойжамцын компани байгаагүй юм. С.Чойжамц нь багын найз Ч.Чинбатын төрийн албанд орохдоо итгэж шилжүүлсэн компанийг нь өөрийн нэр дээр шилжүүлсэн байдлыг далимдуулж, өөрийн болгож авах гэж увайгүй, хүн чанаргүй зан гаргаж байгаад бид маш их гомдолтой байгаа тул компаниа С.Чойжамцад шилжүүлж өгөх үндэслэл байхгүй гэж үзэж байна. С.Чойжамц нь хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийг зөв бүртгэхийг даалгах тухай шийдвэр гаргаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа нь уг гэрээ болон бүртгэл хүчин төгөлдөр бус болохыг одоогоор тогтоосон ямар нэгэн шийдвэр байхгүй байна, улсын бүртгэлийг зөв бүртгэхийг Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлага нь иргэний хэргийн харьяаллын бус нэхэмжлэлийн шаардлага байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Долгоржав шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 онд батлагдсан/ 16-р зүйлд заасныг үндэслэн баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, хуулийн этгээд байгуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр, хуулийн этгээдийн дүрэм, хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан эсэхийг холбогдох төрийн байгууллагаас шалгуулж баталгаажуулсан баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг бүрдүүлэн 2010.9.27-ны өдөр 4256298 регистрийн дугаар /ТА80041975/-ыг бүртгэсэн байна. 2017.5.07-ны өдөр Дархан ээж шүтээн ХХК-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 онд батлагдсан/-ийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу хувьцаа бэлэглэх тухай гэрээ, баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг нотлох баримтыг үндэслэн үүсгэн байгуулагч, удирдлагаар Сэнгээгийн Чойжамц /ТВ81101479/-ын нэр дээр шилжүүлэн бүртгэсэн. Мөн иргэн Б.Оюун-Ундрам нь хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг бүртгүүлэхээр 2018.3.19-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу 236 дугаар тойргийн нотариатч Б.Энхболдын гэрчилсэн 2018.3.14-ний өдрийн Дархан ээж шүтээн ХХК-ийн хувьцаа бэлэглэх тухай гэрээ, эрх шилжүүлэх шийдвэр, дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, тэмдэг, баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл зэрэг нотлох баримтыг үндэслэн дээрх нэмэлт өөрчлөлтийг хууль зүйн дагуу бүртгэсэн. Иргэн Б.Оюун-Ундрам нь Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг бүртгүүлэхээр 2019.6.14-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /одоо мөрдөгдөж байгаа 2018.6.21-ний өдөр батлагдсан/-ийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасны дагуу эрх, үүрэг хувьцаа шилжүүлэх нотариатын гэрээ, баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтыг үндэслэн иргэн Чулуунхүү овогтой Чинбат /ТА80041975/-ын нэр дээр эрх шилжүүлэх өөрчлөлтийг бүртгүүлсэн. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, /2003, 2015, 2018 оны/ хуулийн этгээд, түүний салбар төлөөлөгчийн газрын Улсын бүртгэл хөтлөх журам, Монгол Улсын Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг үндэслэн нотлох баримтуудыг хүлээн авч, бүртгэл хийсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд иргэн С.Чойжамцаас Б.Оюун-Ундрамд эрх шилжүүлсэн 2018.3.14-ний өдрийн бүртгэл нь хууль зүйн дагуу хийгдсэн гэж үзэж байна гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 995 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10, 56.5, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5-д тус тус зааснаар Дархан-ээж шүтээн ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлд оруулж, компанийн захирлаар С.Чойжамцыг бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Оюун-Ундрамаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 104 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 995 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Чойжамцын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр үйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: С.Чойжамцын нэхэмжлэлтэй Б.Оюун-Ундрамд холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа өмгөөлөгч Б.Содболд миний бие тус хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан шийдвэрлэсэн Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.02-ны өдрийн 104 дугаар магадлалыг эс зөвшөөрч ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтыг баримтлан дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж хэргийг шийдвэрлэхэд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ нотлоогүй, нотлох баримт гаргаж өгөөгүй гэх зэрэг нөхцөл байдалд дүгнэлт хийгээд талуудын хооронд анхнаасаа гэрээ хийгдээгүй тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй, шүүхийн харьяаллын хувьд захиргааны хэргийн шүүхээр маргааныг шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь тус маргаан бол иргэний хэргийн шүүхийн харьяаллын маргаан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Улсын бүртгэлийн хэлтэс компанийн удирдлагыг өөрчилж бүртгэхдээ хүчинтэй, хүчин төгөлдөр бус ч аль нэг гэрээ хэлцэл дээр үндэслэж компанийн бүртгэлд холбогдох өөрчлөлтийг оруулна. Бүртгэлийн байгууллага тус гэрээ хэлцэл нь хуурамч уу? эсвэл хууль ёсных уу? гэдгийг урьдчилан мэдэх боломж байхгүй. Энэ тохиолдолд бүртгэлд өөрчлөлт оруулах гол үндэслэл болсон гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг, эсвэл хүчин төгөлдөр бусад тооцуулах асуудлыг Иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх ёстой. Ийнхүү иргэний шүүх гэрээ хэлцлийн хүчин төгөлдөр эсэх асуудлыг хэрхэн шийдвэрлэснээс хамаарч компанийн улсын бүртгэлд шүүхийн шийдвэрийн дагуу өөрчлөлт оруулах асуудал давхар шийдвэрлэгдэх боломжтой. Энэ маргаан бол Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш, учир нь Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэр, үйл ажиллагаа, эсвэл эс үйлдэхүйтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл компанийн бүртгэлийг өөрчлөн бүртгэсэн үйл явдал нь улсын бүртгэлийн байгууллага, холбогдох улсын бүртгэгчийн хууль бус үйлдэлтэй холбоотой тохиолдолд нэхэмжлэгч Захиргааны хэргийн шүүхэд хандах боломж бүрдэх юм. Харин манай хэргийн тохиолдолд улсын бүртгэлийн байгууллага, улсын бүртгэгчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй, шийдвэр ямар нэгэн байдлаар огт нөлөөлөөгүй. Хариуцагч Б.Оюун-Ундрамын хуурамч гарын үсэг зурсан үйлдэл, гэрээ хэлцэл хуурамчаар хийсэн үйлдэлтэй холбоотой тул нэхэмжлэлийн шаардлагын дагуу ИХ-ийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар үр дагаврыг арилгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлсэн нь үндэслэлтэй юм. Иймд шүүх гомдлыг минь хүлээн авч Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.02-ны өдрийн 104 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.24-ний өдрийн 995 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч С.Чойжамц нь хариуцагч Б.Оюун-Ундрам болон Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийг зөв бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргасан байх ба анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх ...шинжээчийн дүгнэлт болон хэргийн оролцогчийн тайлбар зэргээс үзэхэд зохигчдын хооронд компанийн хувьцаа бэлэглэх гэрээ байгуулагдаагүй. ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлцэл хийгдээгүй тул 56 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахыг шаардах болон хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, үнийг төлөх зэргээр шаардах боломжгүй... гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д заасантай нийцэхгүй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч С.Чойжамцаас ...Ч.Чинбатын эхнэр Б.Оюун-Ундрам нь 2018.3.14-ний өдөр хувьцаа бэлэглэх тухай гэрээг хуурамчаар үйлдэж, миний гарын үсгийг дуурайлган зурж, Дархан ээж шүтээн ХХК-ийн захирлаар өөрийгөө хууль бусаар бүртгүүлсэн гэж маргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Дархан ээж шүтээн ХХК-ийг 2010.9.23-ны өдөр Ч.Чинбат үүсгэн байгуулж, компанийн захирлаар томилогдон ажиллаж байгаад 2017.6.06-ны өдрийн компанийн хувьцаа бэлэглэх гэрээгээр өөрийн эзэмшлийн 100 хувийн хувьцаа /1,000,000 төгрөгийн үнэ бүхий 1000 ширхэг/-г С.Чойжамцад шилжүүлж, компанийн үүсгэн байгуулагчийн шийдвэрээр компанийн захирлаар С.Чойжамцыг томилж, Дархан ээж шүтээн ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулсныг улсын бүртгэлд бүртгэсэн байна.
Улмаар 2018.3.14-ний өдрийн Дархан ээж шүтээн ХХК-ийн хувьцаа бэлэглэх гэрээгээр С.Чойжамц нь компанийн дүрмийн сангийн өөрийн эзэмшлийн 100 хувийн хувьцааг Б.Оюун-Ундрамд бэлэглэснийг үндэслэн компанийн хувьцаа эзэмшигчээр болон гүйцэтгэх захирлаар Б.Оюун-Ундрам томилогдсон тухай мэдээлэл улсын бүртгэлд бүртгэгдсэн байх боловч тус компанийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах үндэслэл болсон 2018.3.14-ний өдрийн үүсгэн байгуулагчийн шийдвэр, мөн өдрийн Дархан ээж шүтээн ХХК-ийн хувьцааг С.Чойжамцаас Б.Оюун-Ундрамд бэлэглэх гэрээнд зурагдсан гарын үсэг С.Чойжамцын гарын үсэг биш болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019.9.03-ны өдрийн 82 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, 42 дугаар зүйлийн 42.2-т аливаа нэг этгээд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийж болох бөгөөд бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болохыг хуульчилсан.
Дээрх байдлаар 2018.3.14-ний өдрийн Дархан ээж шүтээн ХХК-ийн хувьцаа бэлэглэх гэрээнд бэлэглэгч С.Чойжамц гарын үсэг зураагүй нь тогтоогдсон тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. Иймд анхан шатны шүүх ...Дархан ээж шүтээн ХХК-ийн хувьцаа бэлэглэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар дээрх хэлцлийн үр дагаврыг шаардах эрхтэй, мөн бүртгэлийн байгууллага нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5-д заасны дагуу ...улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, тус компанийн захирлаар С.Чойжамцыг бүртгэх үүрэгтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, тухайн маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 104 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 995 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
Г.ЦАГААНЦООЖ