Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 236

 

 Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар       

Нэхэмжлэгч: Жаран овогт Ш.Г   /РД:Ч................./, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 4 дүгээр баг ......................... тоот

Хариуцагч: Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

 2019 оны 05 сарын 14-ний өдөр зохион байгуулагдсан “Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3 дугаар баг, Гаалийн хорооны хойд талд байрлалтай 840 м2 талбайтай 2 давхар үйлчилгээний зориулалттай барилга, дээрх хаягт байрлах 460 м2 талбайтай газар”-г албадан борлуулах дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Г  , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э , нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Г   шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 03 сарын 20-ны өдөр Ш.Г   би “ГБ ” ХХК-н Өмнөговь аймаг дахь салбараас 250 000 000 /хоёр зуун тавин сая/ төгрөгийн “Хөрөнгө оруулалтын зээл” авсан. Эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн гэж үзэн ГБ  ХХК-н төлөөлөгч 2015 оны 09 сарын 07-ны өдөр ЗГ5205015509 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан. Ингээд гэрээ байгуулсан 2014 оны 03 сарын 20-ны өдрөөс 2015 оны 09 сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд бодогдсон үндсэн хүү 27.337.596,44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 595.644,91 төгрөг дээр зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 216.800.000 төгрөгийг нэхэмжилсэн. Нийтдээ 244.733.241,35 төгрөгийг Ш.Г   надаас нэхэмжилсэн. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж 244.733.241,35 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрт барьцаа хөрөнгөөр хангуулах талаар заагаагүй. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 25-ны өдрийн 421 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явуулж байгаа. 2015 оны 421 дугаар шийдвэрийг гүйцэтгэх үүднээс 2019 оны 05 сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3 дугаар баг, Гаалийн хорооны хойд талд байрлалтай 840 м2талбайтай 2 давхар үйлчилгээний зориулалттай барилга, дээрх хаягт байрлах 460 м2 талбайтай газрын хамт Ш.Г   миний өмч гэж нэгдүгээр албадан дуудлага худалдаанд оруулсан. Дээрх албадан дуудлага худалдаанд оруулсан 840 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай обьектийг Ш.Г   би Д.Д тэй хамтран өмчилдөг. Тус обьектийн 2 дугаар давхар нь миний өмч. Д.Д ийн өмчлөлийн хэсгийг нь дуудлага худалдаанд оруулж байгаа. Би дээрх үл хөдлөх хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ тодорхойлуулсны дараа дуудлага худалдаа, албадан борлуулах ажиллагаанд оруулах саналтай байна. Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2019 оны 04 сарын 26-ны өдрийн 04/03 дугаартай “Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай” тогтоолын дагуу 2019 оны 05 сарын 14-ний өдөр зохион байгуулагдсан дуудлага худалдаанд 840 м2 талбайтай обьектийг 70 хувь болох 656312160 төгрөгөөр анхны үнийг тогтоож дуудлага худалдаанд оруулсан боловч дуудлага худалдаанд нэг ч хүн оролцоогүй гээд хоёр дахь дуудлага худалдаанд үнэлгээний 50 хувиар дуудлага худалдааны анхны үнийг тогтоож 2019 оны 06 сарын 04-ний өдөр худалдахаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гараад байна. Анхны дуудлага худалдаанд оруулахдаа миний болон Д.Д ийн өмчлөлийн хэсгийг салгаж, тодорхойлоогүй тул 840 м2 обектийг худалдан авах хүн гараагүй. Ногдох хэсгээр нь 420 м2 талбайтай 2 дахь давхрын хэсгийг нь худалдах талаар тогтоол гаргаад, нийтэд мэдээлж дуудлага худалдаанд оруулсан бол миний хөрөнгө бодит үнээрээ зарагдах байсан. Шийдвэр гүйцэтгэх газрын дээрх буруутай үйлдлээс болоод миний хөрөнгийг 2 дахь дуудлага худалдаанд үнэлгээний 50 хувиар үнэ бууруулан оруулах болоод байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2019 оны 04 сарын 26-ны өдрийн 04/03 дугаартай “Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай” тогтоолын дагуу 2019 оны 05 сарын 14-ний өдөр зохион байгуулагдсан “Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3 дугаар баг, Гаалийн хорооны хойд талд байрлалтай 840 м2 талбайтай 2 давхар үйлчилгээний зориулалттай барилга, дээрх хаягт байрлах 460 м2 талбайтай газар”-г албадан борлуулах дуудлага худалдааг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Г   шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолоор 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр албадан дуудлага худалдаа болсон. Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан дуудлага худалдаа битгий хийгээч ээ, өөрөөр шийдээч ээ гэсэн хүсэлтүүдийг олон удаа тавьсан боловч авч хэлэлцээгүй. Миний обьектыг бүгдийг нь борлуулах гээд байгаа нь тухайн обьектыг үнэ цэнэгүй болгож байна. Тухайн обьект нь 2 хүний өмч байдаг. Тийм учраас тухайн обьектын надад хариуцсан хэсгийг тусад нь салгаад борлуулахад зах зээлийн үнээр хангалттай төлбөр төлөгдөх боломжтой. Мөн тухайн обьектын үнийг 50 хувь бууруулаад, дахиад 50 хувь бууруулахад буюу нийт үнийн 25 хувь нь миний төлөөд явж байгаа банкны үлдэгдэл 200 000 000 төгрөгийн төлбөрт хангалттай хүрч байхад заавал бүхлээр нь борлуулах гээд байгааг хүлээн зөвшөөрөхгй байна. Бүхэл бүтэн барилгын үнийг албадан дуудлага худалдаанд оруулж 50 хувь бууруулчихаад, дахиад 50 хувь бууруулаад 2 дахь албадан дуудлага худалдааг явуулах гэж байгаа нь тухайн хөрөнгийг үнэгүйдүйлж, намайг эрсдэлд оруулж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б , Д.Ж  нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 143/ШШ2015/421 дугаар шийдвэрээр Шагдарсүрэн овогтой Ш.Г   /..................../-гээс 244.733.241 төгрөгийг гаргуулж ГБ  ХХК-ны Өмнөговь салбарт олгохоор шийдвэрлэгдсэн. Төлбөр төлөгч Ш.Г  гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцахад: Өмнөговь аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 143/ШШ2015/421 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгагдсан ЗГ-5205015509 дугаартай 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Ш.Г   болон Д.Д  нарын ГБ тай байгуулсан зээлийн гэрээнд тусгагдсан 000499103 тоот гэрчилгээний дугаартай, НТД-4608002688 тоот улсын бүртгэлийн дугаартай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг Гаалийн хорооны хойно байрлах 14 жилийн хугацаатай 460 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрх гэрчилгээ, Ү-1105002780 тоот Улсын бүртгэлийн дугаартай дээрх хаягт байрлах 840 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай объектыг барьцаалсан гэрээнээс үүдэн Ш.Г  гээс төлбөр гаргуулах ажиллагаа үүссэн болох нь харагдаж байна.

Шүүхийн шийдвэрт төлбөрийг гаргуулахаар заасан бөгөөд хэний ямар хөрөнгөөр төлбөрийг гаргуулах талаар тодорхой заагаагүй тул шийдвэр гүйцэтгэгч би төлбөр төлөгчийн хөрөнгүүдийг судалж үзээд 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төлбөр авагч “ГБ ” ХХК-ны барьцаанд бүртгэгдсэн хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж дуудлага худалдааг зарласан. Төлбөр авагч ГБ тай байгуулсан ЗГ-5205015509 дугаартай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д “зээлдэгч зээлээ хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангаж болохыг тодорхой дурдсан бөгөөд төлбөр төлөгч Ш.Г   түүний гэр бүлийн гишүүн Д.Д  нар нь зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч зээлийн гэрээний хуудас бүрт гарын үсэг зурсан байгаа нь зээлийн гэрээг шалгахад харагдаж байна. Гэр бүлийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т “Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна” гэж заасны дагуу Ш.Г   нь тухайн зээлийг авахдаа Д.Д ээс зохих зөвшөөрөл авсан эсэхийг шалгаж өгнө үү.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д “Энэ хуулийн 86.2, 86.4-т заасан хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулна. Мөн хуулийн 86 дугаар зүйлийн 86.7-д Төлбөр авагч нь төлбөр төлөгчид ногдох хөрөнгийн хувь, хэмжээг тогтоолгохоор шүүхэд хандана” гэж заасан бөгөөд төлбөр төлөгч нь шүүхэд дундын хөрөнгөө тогтоолгохоор хандана гэж заагаагүй болохыг анхаарч үзнэ үү. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд Д.Д , Ш.Г  гийн өмч гэж заасан байхаас тодорхой хувийг заагаагүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Ш.Г  , Д.Д  нарт мэдэгдэх хуудас гардуулан өгч, үнийн саналыг авахад 1 м2 талбайг 1300,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд тухайн үнийн саналыг гаргаж байхдаа дундын хөрөнгөө тогтоолгоогүй байж 2 дахь шатны албадан дуудлага худалдаа явуулахад шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж байгаа нь илтэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байна. Анхан шатны дуудлага худалдаа болон 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах бүрд талуудад төлбөрийн үнийг дүнг төлсөн тохиолдолд дуудлага худалдааг зогсоох болохыг албан бичгээр сануулсаар байтал төлбөрийг төлөөгүй болно. Нэхэмжлэлийг хүчингүйд тооцож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай явуулах боломжоор хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 421 дугаартай шийдвэрээр Ш.Г  гээс 244 733 241 төгрөгийг гаргуулж “ГБ ” ХХК-ны Өмнөговь салбарт олгохоор шийдвэрлэгдсэн. Тухайн шийдвэрийг манай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүлээж аваад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг өнөөдрийг хүртэл явуулж байгаа. Анхан шатны дуудлага худалдаанд худалдан борлуулсан хөрөнгийн тухайд шийдвэр гүйцэтгэгч тухайн төлбөр төлөгчийн хөрөнгийг судалж үзээд нэн түрүүнд худалдан борлуулах боломжтой гэж үзсэний үндсэн дээр Өмнөговь аймгийн Гаалийн хорооны хойд талд байрлах 14 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 460 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай газрыг үнэлгээ тогтоолгосон байгаа. Одоо бол анхан шатны дуудлага худалдаа зарлагдсан хоёр дахь шатны дуудлага худалдаа зарлагдахын өмнө шүүхээс түдгэлзүүлсэн байгаа. Төлбөр төлөгч төлбөр авагч “ГБ ” ХХК-тай байгуулсан ЗГ5205015509 дугаартай гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зээлдэгч зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангаж болохыг тодорхой дурдсан бөгөөд төлбөр төлөгч Ш.Г  , түүний гэр бүлийн гишүүн Д.Д  нар нь зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч зээлийн гэрээний хуудас бүрт гарын үсгээ зурсан нь зээлийн гэрээг шалгахад харагдаж байгаа. Үүнийг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Гэр бүлийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт гэр бүлийн гишүүдийн хэн нэгэн хамтран өмчлөх, дундын өмчийн үл хөдлөх хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчилүүлсэн зөвшөөрлийг заавал авна гэж заасан байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт энэ хуулийн 86.2, 86.4-т заасан хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулна гэж заасан. Мөн хуулийн 86.7 дахь хэсэгт төлбөр авагч нь төлбөр төлөгчид ногдох хөрөнгийн хувь, хэмжээг тогтоолгохоор шүүхэд хандана гэж заасан бөгөөд төлбөр төлөгч нь шүүхэд дундын хөрөнгөө тогтоолгохоор хандана гэж заагаагүй болохыг анхаарч үзнэ үү.

Д.Д  2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр манай байгууллагад 1 мкв орон сууцын барилгыг үнэлсэн үнэлгээгээ нотариатчаар гэрчлүүлж ирүүлсэн хүсэлт нь байгаа. Үүнийг дуудлага худалдаа зарлах улмаар худалдан борлуулах гэж байна гэдгийг Ш.Г   болон Д.Д  нарт удаа дараа мэдэгдсэн. Мөн албан тоотоор өгсөн байгаа. Нотлох баримтаар хэрэгт хавсаргасан байгаа. Иймд дуудлага худалдаанд орохоос өмнө хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа.

Нэхэмжлэгч Ш.Г   яг энэ албадан дуудлага худалдаатай холбоотойгоор гаргасан гомдол байгаа. Миний өмнөх шийдвэр гүйцэтгэгч буюу миний тойрог дээр энэ ажиллагааг хариуцаад явж байсан Батболд гэдэг хүнтэй төлбөр төлөгч Ш.Г   нь маргалдаж байхдаа албадан дуудлага худалдаатай холбоотой асуудлаар шүүх дээр эвлэрсэн байна. Шүүхийн шийдвэр нь хувийн хэрэгт нь байгаа. Яг энэ процесс өмнө нь давтагдаж байсан гэсэн үг. 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 193 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байсан байна. Шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Д.Д ийг гуравдагч этгээдээр оруулж ирсэн. Миний хувьд өнгөрсөн долоо хоногт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор итгэмжлэл авсан байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Д.Д ийн эрх ашиг яагаад хөндөгдөж байна гэвэл Иргэний хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар гэрлэгчдийн хэн нэгэнээс төлбөр гаргуулах тохиолдолд тухайн хүний хуваарьт болон дундын эд хөрөнгөөс өөрт нь оногдох хэсгийг тодорхойлж байж түүнээс нь төлбөр гаргуулах зарчмаар явдаг. Нэхэмжлэгчийн хэлж байгаагаар 200 000 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй юм байна.  Дуудлага худалдаанд оролцуулаад байгаа обьектыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнэлсэн үнэлгээ нь 937 588 800 төгрөг байгаа. Үүнийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны анхан шатны дуудлага худалдаанд хэн ч оролцохгүй, хоёр дахь шатны дуудлага худалдаанд оролцууллаа гэхэд энэ обьектын үнийн 50 хувийг нь дахиад 50 хувиар бууруулаад тооцоход 25 хувь нь 234 000 000 төгрөг болоод төлбөрийн үлдэгдлийг барагдуулахад Ш.Г  гийн өөрийнх нь хөрөнгө хангалттай хүрэлцэхээр байхад гуравдагч этгээдийн хөрөнгийг давхар албадан дуудлага худалдаанд оролцуулах нь энэ хүний өмчлөх эрхэд халдаж байна, хууль бус, үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнийг харгалзаж үзнэ үү гэв.

Шүүх хэргийн оролцогчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                         

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Г   нь Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2019 оны 04 сарын 26-ны өдрийн 04/03 дугаартай “Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай” тогтоолын дагуу 2019 оны 05 сарын 14-ний өдөр зохион байгуулагдсан “Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3 дугаар баг, Гаалийн хорооны хойд талд байрлалтай 840 м2 талбайтай 2 давхар үйлчилгээний зориулалттай барилга, дээрх хаягт байрлах 460 м2 талбайтай газар”-г албадан борлуулах дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ш.Г   нэхэмжлэлийн үндэслэлээ “...шийдвэрт барьцаа хөрөнгөөр хангуулах талаар заагаагүй, Д.Д  бид хоёрын хамтран өмчлөлийн хөрөнгийг бүхэлд нь дуудлага худалдаанд оруулсан, ...улмаар хөрөнгийг үнэ цэнэгүй болгож миний өмчлөх эрхэд ноцтой хохирол учрахаар байна” гэж тайлбарладаг.

Хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй хэмээн маргаж байна.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 143/ШШ2015/421 дугаар шийдвэрээр Ш.Г  гээс 244.733.241,35 төгрөгийг гаргуулж “ГБ ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийн дагуу Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж Ш.Г  , Д.Д  нарын хамтран өмчлөлийн Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3 дугаар баг, Гаалийн хорооны хойно хаягт байрлах Ү-1105002780 дугаартай 840 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, дээрх хаягт байрлах 460 м2 талбайтай газрыг битүүмжилж, албадан дуудлага худалдаанд оруулахаар үнэлэх ажиллагааг явуулж, 2019 оны 04 сарын 26-ны өдрийн 04/03 дугаартай албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолын дагуу 2019 оны 05 сарын 14-ний өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан боловч эд хөрөнгө худалдан борлогдоогүй, үнийн санал ирээгүй үйл баримт тогтоогдож, талууд энэ талаар маргаагүй.

Дээр дурдсан шүүхийн шийдвэр болон уг шийдвэрийг үндэслэсэн гүйцэтгэх баримт бичгийн агуулгаас үзэхэд Ш.Г  гээс 244.733.241,35 төгрөгийг гаргуулж “ГБ ” ХХК-д олгохоор, харин барьцааны хөрөнгийг хэрхэх талаар тусгаагүй байна.

Маргааны зүйл болж буй Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3 дугаар баг, Гаалийн хорооны хойно хаягт байрлах Ү-1105002780 дугаартай 840 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, дээрх хаягт байрлах 460 м2 талбайтай газар эзэмших эрх нь ГБ  ХХК болон иргэн Ш.Г  , Д.Д  нарын хооронд 2013 оны 03 сарын 20-ны өдрийн ипотекийн болон барьцааны гэрээгээр үл хөдлөх хөрөнгийн барьцааны зүйл болсон байна. Уг барьцаагаар хангагдах зээлийн гэрээний үүргийг барьцаалуулагч биелүүлээгүй учир зээлдүүлэгч шүүхэд ханджээ. Уг үүргийн гүйцэтгэлийн талаар шүүх Ш.Г  гээс 244.733.241,35 төгрөгийг гаргуулж “ГБ ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба шийдвэрт барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах талаар шийдвэрлээгүй нь ипотекийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаалагчийн шаардлагыг хангахад саад болохгүй. Барьцаалагч шүүхийн шийдвэрийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлэх явцад Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн барьцааны зүйлийг худалдах буюу албадан дуудлага худалдаагаар албадан худалдахыг шаардах эрхтэй юм.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Д  нь маргааны зүйл болж буй үл хөдлөх хөрөнгийн нэг өмчлөгч тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу албадан дуудлага худалдааны санал болгох үнийг нэхэмжлэгч Ш.Г  гийн хамт гаргаж энэхүү ажиллагаа хуульд заасан журмын дагуу хийгджээ.  

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлд заасан дарааллаар ажиллагааг хийх учиртай ба нэхэмжлэгч энэ талаар маргаагүй хэдий ч талуудын тайлбар, хэрэгт авагдсан “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдэл” /2016/03/14-ний өдрийн/, шийдвэр гүйцэтгэгчийн холбогдох тэмдэглэл, мэдэгдэл зэргээс үзэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь тогтоосон хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэж, төлбөрийг бэлнээр болон дансанд тушаахыг удаа дараа шаардаж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд төлбөр төлөгчийн зүгээс шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй байна. Иймд Өмнөговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс төлбөр төлөгч Ш.Г  гийн хамтран өмчлөх хөрөнгө буюу барьцааны зүйлээс төлбөрийг гаргуулахтай холбоотой ажиллагаа хийснийг буруутгах үндэслэлгүй байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй гэж заасан.

Нэхэмжлэгч Ш.Г   нь шүүхэд энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотойгоор эд хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн талаараа тайлбар гаргасан, мөн албадан дуудлага худалдаатай холбоотой гомдол гаргаж шийдвэрлүүлж байсан талаарх хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй ба нэхэмжлэгчийн гомдлыг шүүх дахин хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ш.Г  гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй болно.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 421 дугаартай шийдвэрийг үндэслэн явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлснийг сэргээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Г  гийн Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 2019 оны 04 сарын 26-ны өдрийн 04/03 дугаартай “Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай” тогтоолын дагуу 2019 оны 05 сарын 14-ний өдөр зохион байгуулагдсан “Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3 дугаар баг, Гаалийн хорооны хойд талд байрлалтай 840 м2 талбайтай 2 давхар үйлчилгээний зориулалттай барилга, дээрх хаягт байрлах 460 м2 талбайтай газар”-г албадан борлуулах дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Ш.Г  д буцаан олгосугай.

3.Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 421 дугаартай шийдвэрийг үндэслэн явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсүгүй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар талууд 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ОТГОНСҮРЭН