| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 130/2019/00602/И |
| Дугаар | 001/ХТ2021/01238 |
| Огноо | 2021-10-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2021/01238
Капитрон банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 130/ШШ2019/00676 дугаар шийдвэр,
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 212/МА2020/00001 дүгээр магадлалтай,
Капитрон банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,
Балбал тас ХХК, Т.Арман нарт холбогдох,
3ээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд 60,949,118.17 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Балбал тас ХХК-ийн төлөөлөгч С.Бауыржан, хариуцагч Т.Арман нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ержан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймгийн харьяалалтай Балбал тас ХХК нь Капитрон банктай 2017.11.09-ний өдөр, 3005-2017/88 тоот зээлийн гэрээ байгуулан, 18 сарын хугацаатай, 80,000,000 төгрөгийн байгууллагын бизнесийн эргэлтийн хөрөнгийн зээл авсан ба зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, банкнаас удаа дараа хүргүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй, банктай байгуулсан гэрээний хугацаа хэтрүүлсэн тул 52,523,351.85 төгрөгийн үндсэн зээлийн, 5,453,061.48 төгрөгийн хүүгийн төлбөр, 964,748.53 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 58,941,161.86 төгрөгийн өр төлбөртэй ба хариуцагч нар төлбөрийн чадваргүй хэмээн мэдэгдэж байна. Иймд хариуцагч нар болох Балбал тас ХХК болон Т.Арман нараас 58,941,161.86 төгрөгийн өр төлбөрийг гаргуулах. Хэрэв хариуцагч нар манай банканд төлөх өр төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөөгүй нөхцөлд нэр бүхий зээлийн барьцаа хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар албадан борлуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, өр төлбөрийг барагдуулж өгнө үү.
Хариуцагч нар болох Балбал тас ХХК, Т.Арман нараас нийт 58,941,161.86 төгрөгийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр нэмэгдүүлж байна. 2019.09.23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч нарын банканд төлөх өр төлбөрийн хэмжээг 2019.09.22-ны өдрөөр тасалбар болгон нэхэмжилсэн ба нэхэмжлэл гаргаснаас хойш шүүхээр хянан шийдвэрлэх хүртэлх хугацаа болох 2019.11.13-ны өдөр хүртэл 1,673,282.42 төгрөгийн үндсэн хүү, 334,673.89 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр тус тус нэмж тооцогдсон байх тул нийлбэр дүн болох 2,007,956.31 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна гэжээ.
Хариуцагч Балбал тас ХХК-ийн төлөөлөгч С.Бауыржан, хариуцагч Т.Арман нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баян-Өлгий аймаг дахь Капитрон банкны салбараас тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Балбал тас ХХК болон Т.Арман нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлага, үндэслэлээ тодорхой дурдаагүй байна. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл гэх нэр томьёолол байхгүй байгаа нь шүүхэд гаргах нэхэмжлэлийн хэлбэр, загварыг зөрчжээ. Түүнчлэн Капитрон банкны салбараас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хүүгээс хүү, нэмэгдсэн хүү зэргийг үндэслэлгүйгээр нэмж тооцсон явдлыг хүлээн зөвшөөрөхгүй ба энэ нь үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй нэгэн адил болжээ. Зүй нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа ямар нэгэн хүү нэхэмжлэх эрхгүй. Хариуцагч тал нэгэнт төлбөрийн чадваргүй болсон тул зээлээ төлөх боломжгүй. Нэхэмжлэгч байгууллагаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...хэрэв хариуцагч талыг төлөх өр төлбөрийг төлөөгүй нөхцөлд зээлийн барьцаа хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар албадан борлуулан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, өр төлбөрийг барагдуулж өгнө үү... гэжээ. Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ авсан зээлийг төлөх, төлөхгүй эсэх асуудлыг шийдвэрлэхээс биш тухайн барьцаат хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар борлуулан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах замаар асуудлыг шийдвэрлэхгүй болохыг дурдаж байна. Түүнчлэн, иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшлийн зүйлд хууль бусаар халдахыг хатуу хориглосон хуулийн зохицуулалттай гэдгийг анхааруулж байна. Дээрх байдлаас харахад, нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа ба 58,941,161 төгрөг гаргуулах эсхүл барьцаа хөрөнгийг дуудлага худалдаагаар албадан борлуулан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зэрэг нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл дээрх 2 шаардлагын чухам аль нь нэхэмжлэлийн үндсэн шаардлага байгаа нь ойлгомжгүй тодорхой бус болжээ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т ...Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно... гэж заасан. Капитрон банкны салбараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд хүүгээс хүү тооцож, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй болно. Нөгөө талаар, шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцын хугацаанд дахин хүү нэхэмжлэх эрхгүй. Иймд нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 130/ШШ2019/00676 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1,453 дугаар зүйлийн 453.1-ийг тус тус баримтлан хариуцагч Балбал тас ХХК болон хамтран үүрэг гүйцэтгэгч Т.Арман нараас 52,523,351,85 төгрөг, хүү 7,126,343,9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,299,422,42 төгрөг, нийт 60,949,118,17 /жаран сая есөн зуун дөчин есөн мянга нэг зуун арван найман төгрөг, 17 мөнгө/ төгрөгийг гаргуулан Баян-Өлгий аймаг дахь Капитрон банкны салбарт олгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Балбал тас ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Бауыржан, Т.Арман нар нь зээлээ төлж чадаагүй тохиолдолд үл хөдлөх барьцааны гэрээгээр барьцаалуулсан Баян-Өлгий, Өлгий сумын 4-р баг, Их булан-д байрлах, Ү-0213007481 улсын бүртгэлийн дугаартай, 119,12 м.кв талбайтай, үйлдвэрийн ажилчдын байр, Баян-Өлгий, Өлгий сумын 4-р баг, Их булан-д байрлах,Ү-0213007482 улсын бүртгэлийн дугаартай, 220 м.кв талбайтай, үйлдвэрийн байр, Баян-Өлгий, Өлгий сумын 4-р баг, Их булан-д байрлах, Ү-0213007483 улсын бүртгэлийн дугаартай, 63 м.кв талбайтай, үйлдвэрийн байр, Баян-Өлгий, Өлгий сумын 4-р баг, Их булан-д байрлах, Ү-0213007484 улсын бүртгэлийн дугаартай, 60,3 м.кв талбайтай үйлдвэрийн ажилчдын байр, Баян-Өлгий, Өлгий сумын 4-р баг, Их булан-д байрлах 000322223, 8312015200 улсын бүртгэлийн дугаартай, 2500 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, Баян-Өлгий, Өлгий сумын 4-р баг, Их булан-д байрлах 000322226, 8312016903 улсын бүртгэлийн дугаартай, 2500 м.кв талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, улсын мэргэжлийн хяналтын газрын 000015 гэрчилгээтэй байгалийн чулуу боловсруулах үйлдвэрийн иж бүрдэл тоног төхөөрөмжүүд чулуу өнгөлөх машин 1 ширхэг, чулууны сан хөрөө 1 ширхэг, чулуу захлах машин 2 ширхэг, чулуу дан хөрөө 2 ширхэг, чулууны презер 1 ширхэг, трансформатор дэд станц 250 кв, Маз 500 Автокран цэнхэр өнгийн хөд№756990, арал №106024, 7909БӨТ, Краз 4561 Автокран шар өнгийн хөд№16636, арал№0707116, 1735 БӨТ зэрэг эд хөрөнгүүдийг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймаг дахь Капитрон банкны салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 462,694 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Балбал тас ХХК болон Т.Арман нараас 462,694 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Баян-Өлгий аймаг дахь Капитрон банкны салбарт олгож шийдвэрлэжээ.
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 212/МА2020/00001 дүгээр магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 130/ШШ2019/00676 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 462,700.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч Балбал тас ХХК-ийн төлөөлөгч С.Бауыржан, хариуцагч Т.Арман нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.13-ны өдрийн 130/ШШ2019/00676 дугаартай шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.16-ны өдрийн 212/МА2020/00001 дугаартай магадлалыг тус тус эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлага, үндэслэлээ тодорхой дурдаагүй, энэ талаар анхан шатны болон давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлд нэхэмжлэлийн хэлбэр, 62 дугаар зүйлд нэхэмжлэлийн бүрдүүлбэрд дараах зүйлийг тусгахыг зүйлчилсэн байх ба 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага зэргийг тусгахаар байгаагаас үзвэл нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл гэх нэр томъёолол байхгүй байгаа нь шүүхэд гаргах нэхэмжлэлийн хэлбэр, загварыг зөрчсөн. Капитрон банкны салбараас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хүүгээс хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг үндэслэлгүйгээр нэмж тооцсон явдлыг хүлээн зөвшөөрөхгүй ба энэ нь үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй нэгэн адил.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т ...Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно... гэж заасан. Капитрон банкны салбараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд хүүгээс хүү тооцож, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.
Учир нь, хариуцагч талаас зээлийг хугацаандаа төлөхөөс татгалзсан явдал нь гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэн. Энэ тохиолдолд гэрээний нэг тал үүргээ зөрчсөн буюу гэрээ цуцлагдсан гэж үзэх бүрэн боломжтой байхад анхан шатны шүүхээс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох хууль зүйн үндэслэл байхгүй.
Хариуцагч тал нэгэнт төлбөрийн чадваргүй болсон тул зээлээ төлөх ямар нэгэн бололцоо боломжгүй. Нэхэмжлэгч байгууллагаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...хэрэв хариуцагч талыг төлөх өр төлбөрийг төлөөгүй нөхцөлд зээлийн барьцаа хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар албадан борлуулан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, өр төлбөрийг барагдуулж өгнө үү... гэжээ.
Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ авсан зээлийг төлөх, төлөхгүй эсэх асуудлыг шийдвэрлэхээс биш тухайн барьцаат хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар борлуулан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах замаар асуудлыг шийдвэрлэхгүй болохыг дурдаж байна. Түүнчлэн иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшлийн зүйлд хууль бусаар халдахыг хатуу хориглосон хуулийн зохицуулалттай гэдгийг анхааруулж байна.
Дээрх байдлаас харахад нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа ба 58,941,161 төгрөг гаргуулах эсхүл барьцаа хөрөнгийг дуудлага худалдаагаар албадан борлуулан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зэрэг нь ойлгомжгүй болжээ.
Иймд анхан болон давж заалдах шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцжээ.
Нэхэмжлэгч Капитрон банкны Баян-Өлгий аймаг дахь салбар Балбал тас ХХК, Т.Арман нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 60,949,118.17 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
1. Зохигч 2017.11.09-ний өдөр №3005-2017/88 дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч Капитрон банк ХХК 80,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, жилийн 22.8 хувийн хүүтэй, байгууллагын эргэлтийн хөрөнгийн зориулалтаар Балбал тас ХХК-д зээлдүүлэх, зээлдэгч зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохирч, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангахтай холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ тус тус байгуулж, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, хариуцагч Т.Арман гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцжээ.
Зохигчийн хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д нийцсэн, зээлийн болон барьцааны гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Зээлийн гэрээгээр банк, эрх бүхий этгээд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, зохигч зээлийн гэрээний 2.1.5., 3.1.4.-т нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ.
Зээлдэгч Балбал тас ХХК, Т.Арман нар нь гэрээний хугацаанд үндсэн зээл 27,476,648.15 төгрөг, үндсэн хүү 21,945,480.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 233,471.04 төгрөгийг тус тус төлсөн байна.
Хэргийг шүүхэд шийдвэрлэх үед үндсэн зээлийн үлдэгдэл 52,523,351.85 төгрөг, үндсэн хүү 7,126,343.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,299,422.42 төгрөгийн, нийт 60,949,118.17 төгрөгийн төлбөртэй болох нь Балбал тас ХХК-ийн өр төлбөрийн тооцооллын дэлгэрэнгүй болон хураангуй тооцоо, дансны хуулгаар нотлогдсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй.
2. Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасныг дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүргээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулахаар шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, барьцааны эрх нь зээлийн гэрээний үүргээс салгаж үл болох эрх тул нэхэмжлэгч барьцаалагдсан хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1. дэх заалтыг зөрчөөгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэгч нь зээлийн төлбөр, эсхүл барьцаагаар хангуулах шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан баримтад үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451, 452, 453, 175 дугаар зүйлүүдийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг хянаж, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийсний үндсэн дээр шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.
4. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой, банк зээлдэгчээс гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь хууль зөрчөөгүй байна.
Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, барьцааны зүйлийг хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдах талаар Иргэний хуулийн 158, 159, 175 дугаар зүйлд зохицуулсан.
Иймд ...нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн, ...хариуцагч зээлийг хугацаандаа төлөхөөс татгалзсан явдал нь гэрээ цуцлагдсан гэж үзэх боломжтой тул шүүхээс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох хууль зүйн үндэслэлгүй, ...иргэн хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшлийн зүйлд хууль бусаар халдаж барьцааны хөрөнгийг дуудлага худалдаагаар албадан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй... гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Дээр дурдснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 130/ШШ2019/00676 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 212/МА2020/00001 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Балбал тас ХХК-ийн төлөөлөгч С.Бауыржан, хариуцагч Т.Арман нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Балбал тас ХХК-иас 2020.02.10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 462,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
Х.СОНИНБАЯР
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД