Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2019/01411

 

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2019/01411

Улаанбаатар хот

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ... 48 тоотод оршин суух, Ихбилэгт овогт Ц А /РД:ЙЮ75012379/-ын нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: ... тоотод оршин суух, Боргочууд овогтой Г  А /РД:УХ58092208/,

 

Хариуцагч: _... 27 байрлах, А ХХК /РД:2838931/ нарт холбогдох, 

 

2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 202/54 тоот худалдах-худалдан авах гэрээг цуцалж, гэрээний урьдчилгаанд төлсөн 30 000 ам.долларыг /2019.01.09-ний өдрийн ханш 2 663.98 төгрөгөөр/ тооцож, нийт 79 919 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагч А ХХК-ийн төлөөлөгч М.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.А  шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Г.А  Чингэлтэй дүүргийн ОСГ-ны 2-р хороонд байрлах, худалдаа үйлчилгээний зориулалттай 1052 дугаартай 4 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 40 000 ам.доллараар худалдаж авахаар тохиролцон Г.А 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 202-54 дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан юм. Гэрээний дагуу тухайн өдөр буюу 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр урьдчилгаа төлбөр болох 30 000 ам.долларыг Г.А  төлөөлөгч С.Анастасияд бэлнээр төлсөн билээ. Гэтэл миний санхүүгийн байдал эрс муудаж үлдэгдэл 10 000 ам.долларыг төлөх боломжгүй болсон тул энэ тухайгаа Г.А 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мэдэгдэж гэрээ цуцлах санал гаргасан боловч Г.А  урьдчилгаа төлбөрт төлсөн 30000 ам.долларыг маань буцаан олгох боломжгүй гэсэн хариуг 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн бөгөөд А ХХК-ийн ерөнхий захирал Г.А  ирүүлсэн мэдэгдэлдээ Таны худалдан авсан 4 м.кв талбайтай 1052 тоот павилионы үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг гэрээний 6.5-д заасан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг буцаахгүй гэсэн заалтаар цуцлахгүй бөгөөд манай компанид төлөгдсөн талбайн төлбөр болох 30 000 ам.долларыг буцаан олгох боломжгүй болно гэж хариу өгсөн. Г.А нь Ц.А  худалдсан талбайг шилжүүлж өгөхгүй, тус талбайд удаан хугацааны түрээсийн гэрээтэй хүн байгаа учраас түрээсийн хугацааг дуустал шилжүүлж өгөхгүй, өөр лангуунд байж бай гэж хэлсээр 2 жилийн хугацаа өнгөрсөн. Харин уг бичгийг өгөх үед тухайн талбайг Ц.А авч чадаагүй, өөр талбай дээр байсан. Тухайн лангууг хариуцаж ажилладаг компани нь Г.А  100 хувийн эзэмшлийн А ХХК байдаг бөгөөд Ц.А нь өөрийн мөнгө төлсөн хөрөнгөө эзэмшиж, ашиглаж чадахгүй 1062 тоот лангуунд түрээс төлж байгаад шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 1052 тоот лангуундаа шилжсэн боловч, мөнгө л 1 м.кв-д сарын 100 000 төгрөгийг төлж байгаа. Энэ нь шударга биш бөгөөд бид нэгэнт Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан нөхцлөөр гэрээнээсээ татгалзсан тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Өөрөөр хэлбэл хүн хөрөнгө худалдаж авахаар мөнгөө төлсөн байхад хөрөнгийг нь шилжүүлэхгүй бүтэн 2 жил хохироож, хууль зөрчсөн гэрээний заалтаар хаалт хийж байгааг зөвшөөрөхгүй байна. Иймд 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 202-54 дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний урьдчилгаанд төлсөн 30 000 ам.долларыг 2019.01.09-ний өдрийн Монгол банкны ханшаар тооцож, нийт 79 919 400 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед байгуулагдсан гэрээгээр худалдах худалдан авах гэрээндээ талууд гэрээг цуцалж, мөнгийг буцаахгүй гэсэн заалт байдаг. Үүнийг үндэслэн Г.А захирал нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэлж байгаачлан тухайн тоот гэрээг цуцлах боломжгүй гэх агуулгатай хариуг өгүүл гэж байсан. Нэхэмжлэгч мөнгөө буцааж авья гэдэг. Гэтэл лангууг худалдан аваад 2011 оноос хойш ашиглаж, хохиролгүй, алдагдалгүй ажиллаж байгаа мөртлөө одоо ашигласны дараа мөнгө авья гэж байгаа нь үндэслэлгүй байна. Бид нар мөнгийг нь аваад хөөж гаргаад үйл ажиллагааг нь зогсоосон зүйл байхгүй. Үндсэн хариуцагчийн тайлбарыг мэдэхгүй байна. Манайх гэрээний нэг тал биш тул хариуцагч биш гэв.

 

Хариуцагч Г.А  төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ц.А  нэхэмжлэлтэй, Г.А , А ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах явдал зөвхөн хүчин төгөлдөр гэрээний хувьд байх ойлголт юм гэдгийг юуны өмнө дурьдах нь зүйтэй. Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, 30,000 ам доллар гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн гаргаж байна гэж ойлгож байна. Гэрээний аль нэг тал үүргээ гүйцэтгээгүй бол нөгөө тал нь гэрээнээс татгалзах эрхтэй байхаар гэрээ байгуулсан. Монгол улсын Иргэний хуульд зааснаар Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байхаар заасан. Г.А нь гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа бөгөөд нэхэмжлэгч А нь гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй мөртөө маргаан бүхий талбайг Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ашиглаж, ашиг орлого олсоор байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу төлбөр тооцоо дууссанаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ А  нэр дээр гарах боломжтой бөгөөд үлдэгдэл 10,000 ам долларыг төлсөн тохиолдолд гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргаж, өмчлөлийг шилжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсээр байгаа болно. Ц.А үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах хууль болон гэрээнд заасан үндэслэл байхгүй, түүний гэрээний үүргээ зөрчсөн явдалд худалдагч тал буруугүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Г.А холбогдуулан шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 202/54 тоот гэрээг хүчингүйд тооцуулж, урьдчилгаанд төлсөн 73 789 800 төгрөг гаргуулахаар шаардснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилж, хамтран хариуцагчаар А ХХК-ийг оролцуулж Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 202/54 тоот гэрээг цуцалж, урьдчилгаанд төлсөн 30 000 ам.доллар буюу 79 919 400 төгрөгийг гаргуулах болгож, өөрчилжээ.

 

Шүүх хариуцагч Г.А холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Алжин санаа ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Г.А нь Ц.А  худалдсан 1052 тоот талбайг удаан хугацааны түрээсийн гэрээтэй хүн байгаа учраас түрээсийн хугацааг дуустал шилжүүлж өгөхгүй, өөр лангуунд байж бай гэж хэлсээр 2 жилийн хугацаа өнгөрсөн. Худалдагч тал гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан учраас гэрээнээс татгалзаж, мөнгөө авах саналыг өгсөн боловч гэрээний заалтаар гэрээг цуцлах үндэслэлгүй гэсэн. ...Иймд гэрээний үүргээ биелүүлж 1052 тоот лангууг Ц.А  өмчлөлд шилжүүлж өгөөгүй тул бид үлдэгдэл 10 000 ам.доллар төлөхөөс татгалзаж, гэрээг цуцалж, төлбөрөө гаргуулна. гэх тайлбарыг гаргажээ.

 

Хариуцагч тал ...Г.А нь гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа бөгөөд нэхэмжлэгч Ц.А нь гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй мөртөө маргаан бүхий талбайг Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ашиглаж, ашиг орлого олсоор байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. гэж, хариуцагч А ХХК ...Манайх гэрээний нэг тал биш тул хариуцагч биш гэх тайлбарыг гаргаж, маргасан байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Чингэлтэй дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт САПУ худалдааны төвийг Даян-Өндөр ХХК-ийн захиалгаар барьж, барилга байгууламжийг ашиглА оруулах  улсын комиссын  2012 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 280/2012 тоот актаар улсын комисс хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 29-33/

Дээрх барилгыг барьж ашиглалтад оруулсан Даян-Өндөр ХХК нь 1 үүсгэн байгуулагч, 1 хувьцаа эзэмшигчтэй байх ба 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч нь Г.А болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх ба Г.А  худалдан авагч нартай байгуулсан гэрээний дагуу уг үл хөдлөх эд хөрөнгөнд нийт 102 захиалагч өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар тогтоогдож байна./хх-ийн 88/

Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Г.А нарын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр №202-54 Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Ц.А нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах худалдаа, үйлчилгээний зориулалтын барилгын 1052 дугаартай 4 м.кв талбайг 40 000 ам.доллараар худалдан авахаар тохиролцжээ.

Талуудын байгуулсан гэрээнд урьдчилгаа болон үлдэгдэл төлбөрийг хэдийд хэд хувааж төлөх тохиролцоо байхгүй хэдий ч нэхэмжлэгч Г.А нь гэрээний үүрэгт 30 000 ам.долларыг гэрээ байгуулсан өдрөө шилжүүлсэн болох нь тогтоогдож байх ба зохигчид эдгээр асуудлаар маргаагүй байна.

 

Харин хариуцагч Г.А нь гэрээний зүйл болох 1052 дугаар лангууг хүлээлгэж өгөөгүйгээс маргаан үүсч, улмаар 2016 оны 11 сарын 17-ны өдөр гэрээг цуцлах талаарх мэдэгдлийг нэхэмжлэгч Ц.А хариуцагч Г.А бичгээр хүргүүлж байсан талаарх баримт хавтаст хэргийн 9 дүгээр талд, мөн хавтаст хэргийн 211 дүгээр талд Алжин санаа ХХК-ийн ерөнхий захирал Г.А  ...худалдан авсан 4 м.кв талбайтай 1052 тоот павилионы үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг гэрээнд заасан заалтаар цуцлахгүй бөгөөд ...төлбөр болох 30 000 ам.долларыг буцаан олгохгүй болно. гэсэн хариу хүргүүлсэн баримт тус тус авагдсан байна.

Дээрхээс дүгнэхэд талууд гэрээ байгуулагдсан эсэх, түүнчлэн гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдагч нь ...хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэснээр хариуцагч Г.А нь гэрээгээр тохирсон эд хөрөнгө болох 1052 тоот лангууг хүлээлгэж өгөөгүй гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэхээр байх ба адил төрлийн лангуу ашиглуулж байсныг уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэхээргүй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь гэрээ байгуулагдсан 2014 оны 9 сарын 01-ний өдрөөс 1062 тоот лангуунд үйл ажиллагаа явуулж, улмаар 1062 тоот лангууны 1 м.кв-ийн ашиглалтын болон түрээсийн төлбөрийг 2014.12.10-ний өдрөөс 2016.9.11-ний өдрийг хүртэл төлж байсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан байх ба хариуцагч нь 1052 тоот лангууг дээрх хугацаанд хүлээлгэн өгөөгүй үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь гэрээгээр худалдаж авсан эд хөрөнгөө өөрийн өмчлөлд эзэмшиж, ашиглаж чадаагүй байна.

Түүнчлэн хариуцагч тал гэрээний 6.5-д заасан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг буцаахгүй гэсэн заалтаар цуцлахгүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд гэрээний дээрх заалт нь гэрээ цуцлах, гэрээнээс татгалзах нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.8-д заасан хүчин төгөлдөр бус байх нөхцалд хамаарч байна. Иймд нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзах эрхгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

Иймд Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар дээрх гэрээний 6.5 дахь заалтаас бусад хэсэг нь хүчин төгөлдөр гэж үзэв.

         

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Г.А Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасанаар гэрээнээс татгалзах саналыг хүргүүлснийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэхээр байна.

Дээрх гэрээг цуцлах тухай шаардах эрхийг гэрээнээс татгалзах эрхтэй адилтган ойлгох ба энэ тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь гэрээний үүрэгт төлсөн 30 000 ам.долларыг биет байдлаар буцаан шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Хариуцагчаас буцаан шилжүүлж буй 30 000 ам.долларын төлбөрийг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсан 2019 оны 01 сарын 09-ний өдрийн Монгол банкны ханш  1 ам.доллар 2663.98 төгрөгтэй тэнцэх ханшаар /https://www.Mongolbank.mn/ тооцож 79 919 400 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэв. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс 2019.01.09-ний өдрийн Монгол банкнаас зарласан 1 ам.долларын ханшийг 2666.36 төгрөг гэж зөрүүтэй бичсэн байсныг зөвтгөж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Дээрхийг нэгтгээд Г.А , Ц.А нарын хооронд байгуулагдсан 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 202/54 тоот худалдах-худалдан авах гэрээг цуцалж, гэрээний урьдчилгаанд төлсөн 30 000 ам.долларыг буюу 79 919 400 төгрөгийг хариуцагч Г.А  гаргуулан нэхэмжлэгч Ц.А  олгож, хариуцагч Алжин санаа ХХК нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Шүүх 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг хариуцагчийн төлөөлөгч С.Анастасиягийн өмгөөлөгч Г.Урантогос, Д.Ичинхорлоо нартай оролцох хүсэлтийг хангаж, шүүх хуралдааны товлож хойшлуулсан бөгөөд хариуцагч Г.А  төлөөлөгч С.Анастасия шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурж, хурлын тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, түүнчлэн өмгөөлөгч Г.Урантогос шүүх хуралдаан давхцсан шалтгаанаар, өмгөөлөгч Д.Ичинхорлоо гадаад улсад ажлаар явсан гэх шалтгаанаар ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.А , Ц.А нарын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр №202-54 Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хариуцагч Г.А  30 000 ам.доллар буюу 79 919 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.А  олгож, хариуцагч А ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 630 210 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.А  улсын тэмдэгтийн хураамжид 557 545 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.А  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ