Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 05

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, шүүгч С.Олзод нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөж,          

иргэдийн төлөөлөгч Б.Баянбилэг

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Цэндсүрэн,

хохирогч Д.Бат-Өлзий, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг,

шүүгдэгч Г.Гэрэлт-Ундрам, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Д.Энхбаяр, О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

  Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Онхор овогт Галбаатарын Гэрэлт-Ундрамд холбогдох 201526031233 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хорооллын 11 дүгээр байрны 40 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Онхор овогт Галбаатарын Гэрэлт-Ундрам /РД: УК89080515/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Гэрэлт-Ундрам нь 2015 оны 12 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө 04 цагийн үед Минт баарны гадна, автомашины зогсоол дээр шалтаг шалтгаангүйгээр буюу танхайн сэдэлтээр хохирогч Д.Бат-Өлзийгийн толгойн тус газар нь гараараа цохиж, зодож бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Гэрэлт-Ундрам шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би Минт бааранд найзтайгаа хамт ороод нилээн байсны дараа Тунгалагтамиртай тааралдсан. Тэгээд Тунгалагтамир миний найз сайн уу, юу хийж байна. Удаан уулзсангүй гээд хүрч ирээд Бөөнөөрөө сууж юм яръя гэхээр нь би тэд нарын ширээн дээр 10-20 минут л юм ярьсан. Тухайн үед баар хаах цаг болсон байсан. Тэр үед нэг залуу бид нарын хажууд ирээд бухимдаад байх шиг байсан. Би тэд нарын нэгийнх нь найз залуу юм байх гэж бодсон. Тэгж байтал Ганбат одоо явъя гэхээр нь бид хоёр баарнаас гарсан юм. Би бичиг баримтаа орхисон байсан ба цагдаа шалгаад байхаар нь 10.000 төгрөгөөр жолооч хөлслөөд гэрийн рүүгээ явсан. Би тэр үед утсаа санаад Ганбатын утсаар өөрийн утас руу залгуулахад Тунгалагтамир миний утсыг авсан байсан. Би миний утас чамд байгаа юм бол би ойрхон явж байна, буцаж очоод авъя гээд эргээд бааранд очсон. Баарны гадаа машин явдаг хэсэгт нь машинаа тавьсан учраас яаралтай баар руу ороод гарах хэрэгтэй байсан. Би баар руу ороод гар утсаа аваад гарахад Тунгалагтамирын эгч ухаангүй тасарсан байдалтай байсан. Тэд нар яаж гарах уу гээд хоорондоо бодоод байж байсан. Тэгэхээр нь тэд нарт би туслах гэтэл нэг залуу зүгээр бай гэж хэлээд Тунгалагтамирын эгчийг аваад гарсан. Тэгээд би гадаа гараад утсаа асааж байтал хажуугаар нөгөө залуу Тунгалагтамирын эгчийг шуудайтай юм үүрч байгаа юм шиг үүрээд явж байсан. Тэгэхээр нь би нөгөө залуугийн араас туслах уу гэхэд нөгөө залуу машин зогсоодог хашлаганд тээгэлдээд машин хүчтэй мөргөөд унасан. Тэгэхээр нь би Тунгалагтамирын эгчид санаа зовоод татаж босгохдоо наадах чинь ямар мах биш дээ, чи аятайхан өргөөд яваач гэж хэлэхэд тэр залуу намайг тохойлдсон. Тэр үед би дотроо Тунгалагтамиртай багын найз. Гэтэл танихгүй залуу яаж байнаа гэж бодоод зөрүүлээд нөгөө залуугийн баруун шанаа руу нь нэг удаа цохьсон. Тэгээд маргалдаад байж байтал жолооч болон Ганбат нар намайг явъя гээд байсан. Бид нар машинаа баарны үүдэнд тавьсан учраас хамгаалагч нь биднийг яваач гээд байсан. Би Тунгалагтамирыг гарч ирэхээр нь утсаар ярьж байгаад эгчийг нь өгчихье. Манай багын найз юм чинь гэж бодоод эгчийг нь хүргэж өгөх зорилгоор аваад явсан. Эгч нь нимгэн плажтай байсан учраас би орхиж явж чадаагүй. Тунгалагтамир, Сундарь нарын утас нь болохгүй болохоор нь хүлээж байтал Сундарь өөрөө залгасан. Тэд нар 19-ийн энд явж байна хүрээд ир гэж хэлсэн. Ганбат River Garden хотхон руу явах байсан болохоор эгчийг нь дөхүүлээд өгчихье гээд аваад явсан. Минт баар 13 дугаар хороололд ойрхон байдаг болохоор би түрүүлээд буусан гэв.  

 

Хохирогч Д.Бат-Өлзий шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 20-нд шилжих шөнө өөрийн найз Тунгалагтамир, түүний найзууд болох Сундарь, Маралмаа нарын хамт Минт бааранд шөнийн 01.00 цагийн үед орсон. Тухайн үед 00-46 дугаартай Тунгалагтамирын улаан өнгийн машинтай явж байсан. Би тэднийг шинэ жилээ тэмдэглэснийх нь дараа хүргэж өгөх гэж байсан тул би архи уугаагүй эрүүл явж байсан. Тунгалагтамир бааранд нагац эгч Ариунзултайгаа хувцасны өлгүүр дээр тааралдаад хамт суухаар болсон. Би машинаа байрлуулаад эргээд ирэхэд текны цаад талын ширээнд суусан байсан. Бид нар шөнийн 04.00 цаг хүртэл тэнд суусан. Тэгээд тооцоогоо хийхэд Тунгалагтамир намайг гадаа машинаас цүнх аваад ирээч гэхээр нь би гарч цүнхийг нь авчирч өгсөн. Гэтэл тэд нар дээр Гэрэлт-Ундрам, Ганбат гээд 3 залуу ирсэн байсан. Би жаахан дургүйцээд тэдгээр залуучуудтай танилцаад өнгөрсөн. Тэдгээр залуучууд гарч явсны дараа хар өнгийн I phone маркийн утас дуугараад Тунгалагтамиртай ярьснаас хойш 15-20 минутын дараа Гэрэлт-Ундрам ирсэн. Бид албан ёсоор танилцаад 5 минут хиртэй юм ярьж суусан. Тэгээд баарнаас гарах үед Ариунзул бөөлжсөн байдалтай биеэ авч явч чадахааргүй байсан. Тунгалагтамир эгчийгээ намайг үүрээд гар гэхээр нь би түрүүлээд эгчийг нь үүрээд гарахад Гэрэлт-Ундрам миний араас түших маягтай явж байсан. Тунгалагтамир, Сундарь нар баарны өлгүүрээс бидний хувцсыг авах гээд үлдсэн. Бид хувцасгүй гарсан. Гадаа гарахад Харер маркийн машинтай залуу ийшээ оруулаачээ гээд байсан. Тэгэхээр нь би цаашаа өөрийн унаж байсан машин руугаа авч явж байгаад хальтираад унасан. Тэгээд босож ирээд Гэрэлт-Ундрамаар Ариунзул эгчийг түшүүлсэн. Би цааш яваад улаан өнгийн машинаа авчраад машиндаа суулгах гэтэл Гэрэлт-Ундрам өөрийн машиндаа суулгана гээд бид маргалдсан. Тэгээд Гэрэлт-Ундрам миний нүүрний зүүн тал руу 2-3 удаа цохьсон. Сүүлийн цохилтын дараа миний хамраас цус гарсан. Би өөрийн утаснаас Хан-Уул дүүргийн цагдаа руу залгасан. Тэгээд Цагдаагийн газар очоод өргөдөл өгөх гэтэл хэтэрхий орой болсон байна гээд миний өргөдөлийг аваагүй. Тэгэхээр нь би шууд Гэмтлийн эмнэлэгт очиход тэнд нилээн их оочертой байхаар нь гайгүй байх гэж бодоод ойролцоо байрлах зочид буудалд хоноод өглөө 9-10 цагийн үед 6 дугаар бичил хороолол руу явсан. Тэндээс эмнэлэгт очоод рентгенд үзүүлэхэд гайгүй байна гэсэн. Би тэндээсээ Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт өргөдөл гаргахад миний нүд хавдартай байсан болохоор шүүх эмнэлэгт үзүүл гэсэн. Тэгээд шүүх эмнэлэгт үзүүлэхэд 16-17 цаг болсон. Намайг томографийн зургаа авахуул гэхээр нь доошоо буугаад зургаа авахуулах гэтэл  томоргафийн зураг авдаг газар нь хаасан байсан. Маргааш нь зургаа авахуулаад хариугаа авахад намайг Гэмтлийн эмнэлэгт яаралтай үзүүл гэж хэлсэн. Тэгээд Гэмтлийн эмнэлэгт үзүүлээд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл эмнэлэгт хэвтсэн. Бидний үл ойлголцлоос болж ийм байдалд хүрсэн нь хүндрэлтэй байна. Миний биед учирсан гэмтлийг Гэрэлт-Ундрамын цохилтоос үүссэн үү эсхүл уналтаас үүссэн үү гэдэгт эргэлзээд байгаа. Гэрэлт-Ундрам бид 2 адилхан залуу хүмүүс олон жил хорих ял авбал харамсалтай байна. Надад гомдол, санал байхгүй гэв.

Мөн хавтаст хэргээс:

Хохирогч Д.Бат-Өлзий мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2015 оны 12 дугаар сарын 20-ны шөнийн 01 цагийн орчимд найз охин Э.Тунгалагтамир, түүний найз Сундарь, өөр нэг найз Маралаа нарын хамт Минт бааранд орсон. Орсныхоо дараа Тунгалагтамирын эгч Ариунзултай тааралдсан. Бид бөөнөөрөө нэг ширээнд суугаад нэг шил архи, хэдэн шил пиво авсан. Би орсны дараа машинаа янзалж байрлуул гэж намайг утсаар дуудсан. Тэгээд гарч машинаа зөв байрлуулчихаад эргэж ирэхэд эгч Ариунзул текен дээр хундагатай виски ууж байсан, яг хэдэн грамм гэдгийг би мэдэхгүй. Удалгүй  Ариунзул эгчийн найз болон Маралаа нар цувраад явцгаасан. Тэгээд 04 цаг өнгөрөөгөөд баар хаах болсон. Би тооцоогоо хийхийн тулд машинаасаа мөнгө авахаар гарсан. Буцаад ороод ирэхэд Гэрэлт-Ундрам гэх залуу хоёр найзын хамт манай ширээнд сууж байсан. Ариунзул гарахын өмнөхөн аймаар согтоод, бөөлжөөд байсан. Тунгалагтамир мөн нилээн согтсон байсан. Миний хувьд машин барьж байсан болохоор архи уугаагүй. Би ширээнд суусан залуучуудтай танилцсан болоод найз охиндоо дургүйцэж юун залуучууд юм бэ гэсэн. Тэгээд удалгүй нөгөө залуучууд яваад өгсөн. Тэдгээр залуучууд манай ширээн дээр ирэхдээ гадуур хувцасаа өмссөн байсан ба Тунгалагтамирын дунд сургуулийн найзууд гэсэн. Бид нар гарахаар болоод эгч Ариунзулыг яах вэ гээд ярьж байтал нөгөө Ундрам гэх залуу гар утсаа орхисон байна гээд хүрээд ирсэн. Тэгж ярьж орж ирэхдээ надад нэрээ хэлээд танилцсан, хэсэг бид нар хоорондоо юм ярьж суусан. Тэр хооронд Гэрэлт-Ундрам руу Ганбат гэдэг найз нь залгаад утсаар яриад байсан. Тэгээд Ариунзул эгчийг авч гарах болсон бөгөөд Гэрэлт-Ундрам би үүрээд гаръя гэхэд Тунгалагтамир хэрэггүй, манай найз авч гарна гэхээр нь би үүрээд гарч явахад Ундрам би өргөлцье, чи ганцаараа яаж дийлэх юм бэ гээд туслах маягтай явсан. Ундрамыг найзууд нь Харьер маркийн машинтай хүлээж байснаа наашаа суулга гээд байсан. Би үгүй гэж хэлээд өөрийнхөө машиныг авчирсан, тэр хооронд Ундрам Ариунзул эгчийг түшиж байсан. Би машинаа аваад Гэрэлт-Ундрамаас эгчийг аваад машиндаа суулгах гэтэл Гэрэлт-Ундрамын найзуудын машин ойртоод ирсэн. Гэрэлт-Ундрам аятайхан, эелдэг зантай залуу байснаа утга учиргүй юу яриад байгаа юм гээд намайг цохиод эхэлсэн. Би Ариунзул эгчийг баруун гараараа түшээд зүүн гараараа Гэрэлт-Ундрамын цохилтоос өөрийгөө хамгаалж байсан. Гэвч миний гарыг давж нүүрний зүүн тал руу 5-6 удаа цохисон байх, хамгийн сүүлд хамар руу цохисон бөгөөд хамраас цус гарахад би эгч Ариунзулыг тавьсан. Нөгөө машинтай найзууд нь аваад машиндаа суулгачихсан. Би Ундрамд уурлаад зодолдох гэсэн чинь гар хөдөлж өгөхгүй байсан, сүүлд нь Ариунзул эгчийг үүрснээс гар чилсэн байна гэж бодсон. Тухайн үедээ зодолдож чадаагүй, Гэрэлт-Ундрам орилж хашгираад л байсан. Тэгж байгаад машиндаа суугаад явсан, туранхай найз залуу нь ирээд намайг зүгээр үү, яг эгч чинь мөн юмуу гэсэн. Би эгчийгээ авья гээд машин руу нь дөхтөл машиндаа суугаад явчихсан. Би Минт баар руу орж найз охин руугаа явтал өөдөөс Тунгалагтамир, Сундарь нар хувцас хунар аваад гараад ирсэн. Би найз охиндоо танай найз нар намайг зодоод, эгчийг чинь аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд би өөрийн 99015067 дугаарын утаснаас цагдаад дуудлага өгсөн. Намайг цагдаа нартай уулзаж байхад Сундарь гаднаас орж ирээд эгч хүрээд ирлээ гэсэн. ...Гэмтэл хүн ихтэй болохоор нь бид нар буудалд орж унтчихаад маргааш нь гэмтлийн эмнэлэг орсон. Эхлээд рентгенд харуулсан, компьютер томографит 2015 оны 12 дугаар сарын 22-нд харуулсан, эмч нь гэмтэлтэй байна, Гэмтлийн эмнэлэгт оч гэхээр нь очиход намайг эрт ирэхгүй яасан юм бэ гээд шууд эмнэлэгт хэвтүүлж эмчилсэн. Тархи, гавлын тасагт хэвтээд 2015 оны 12 дугаар сарын 30-нд эмнэлгээс гарсан. Миний хамрыг бас гэмтсэн байна гэсэн. 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хамар хааяа хааяа бага зэрэг битүүрч эхэлсэн, өмнө нь тэгдэггүй байсан гэжээ. /хх-ийн 1-р хавтас 8-11-р хуудас/,

Гэрч Н.Ариунзул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2015 оны 12 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө би найз Сарангоотой Миньт баар руу 00 цаг нэлээд өнгөрч байхад орсон. Би такс аваад хувцсаа өлгүүлж байхдаа дүү Тунгалагтамиртай тааралдсан. Тунгалагтамир найз залуу Бат-Өлзий болон хоёр найз охидын хамт явж байсан ба Бат­Өлзий машинаа байрлуулаад ирье гээд гарсан. Тэр хооронд би найз Сарангоотой виски захиалаад Бат-Өлзийг орж ирэхээр нь архи, ундаа захиалсан. Ууж дуусахад манай найз Сарангоо согтоод байна гээд түрүүлээд явсан, би таксинд суулгаж өгсөн. Бат-Өлзий архи уугаагүй, манай дүү ч бас нилээн согтсон. Тэгээд би согтоод юу болсныг мэдэхгүй байна, ямар ч байсан баарны гадна бүдэг, бадаг сэрэхэд залуучууд Бат-Өлзийг зодоод байгаа юм шиг харагдсан. Тэгээд би гэртээ сэрсэн, сэрээд Бат-Өлзий рүү залгахад дүү нь таныг хамгаалах гэж байгаад зодуулчихлаа гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 1-р хавтас 12-р хуудас/,

Гэрч Э.Тунгалагтамир мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...би эгчийгээ явж чадахааргүй байна гээд найз залуу Бат-Өлзийг үүрчих гэхэд Гэрэлт-Ундрам би үүрэх үү гэхээр нь хэрэггүй гээд Бат-Өлзийд үүрүүлсэн. Араас нь харахад Бат-Өлзий эгчийг үүрээд, Гэрэлт-Ундрам дагаад хамтдаа гараад явсан. Сундарь бид хоёрыг гартал Бат-Өлзий танай найзад зодуулчихлаа гээд нүүр ам нь цус болчихсон байсан. Гэрэлт-Ундрам эгчийг яагаад авч явсныг үнэхээр мэдэхгүй байна, цагдаад хандлаа гэхэд л айсандаа цагдаагийн гадаа авчирч өгсөн байх гэж бодсон гэжээ. /хх-ийн 1-р хавтас 15-р хуудас/,

 

Гэрч Д.Сундарь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Тунгалагтамир бид хоёрыг гарахад Бат-Өлзий зодуулчихсан, эгч нь байхгүй байсан. Ундрамын хамт явж байсан найз нь миний 99633666 дугаар руу Ундрамын утсаар яриад хаана байгаа юм бэ, та нар гэхээр нь би дахиж үг хэлэхийн завдалгүй та нар өөрсдөө хаана байна, яг одоо эгчийг авчирч өг, Бат-Өлзий зодуулсан цагдаад хандана гэж хэлсэн.Тэгээд бид нар цагдаа дээр ирсэн ба Ундрамтай хамт явсан найз нь Тунгалагтамир эгчийг жижиг машинаар авчирч өгсөн. Бат-Өлзий намайг ийм болгочихоод эгчийг чинь аваад явчихлаа, араас ирээд нүүр рүү цохисон гэж ярьсан. Бат-Өлзийгийн хамар далийсан, зүүн нүд нь хавдсан байсан гэжээ. /хх-ийн 1-р хавтас 17-р хуудас/,

          Гэрч Б.Ганбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2015 оны 12 дугаар сарын 19-ний оройн 23 цаг орчим Гэрэлт-Ундрамтай хамт Минт бааранд ороод би текэн дээр сууж байгаад 1-2 пиво уусан. Харин Гэрэлт-Ундрам болохоор маргааш өглөө эрт ажилтай гээд  пиво уугаагүй. Би тухайн үед Харьер маркийн 90-03 УНК гэсэн машинтайгаа явж байсан бөгөөд Гэрэлт-Ундрам машин барьж байсан. Тэгээд бааранд текэн дээр зогсож байхад Гэрэлт-Ундрамын найз гэх эмэгтэй уулзаад ширээ рүүгээ дагуулж явсан. Ширээн дээр очиход миний зүс мэдэх охидууд 2-3 залуугийн хамт сууж байсан. Гэрэлт-Ундрамаас бусад залуучуудыг нь би танихгүй. Би Гэрэлт-Ундрамыг явъя гэж очсон. Тэгээд Гэрэлт-Ундрамыг дагуулаад машинаа бариулах гэтэл би үнэмлэхээ орхисон байна гэхээр нь такси зогсоогоод, жолоочид нь өөрийнхөө машиныг бариулахаар тохирсон. Гэрэлт-Ундрамыг хүргэж өгөхөөр 13 дугаар хороолол явж байтал гар утас алга гээд буцаад баар руу очсон. Удалгүй Гэрэлт-Ундрамтай нэг залуу согтуу охиныг түшээд, Гэрэлт-Ундрам араас нь түшилцээд гараад ирсэн. Тэгэхээр нь би хөөе хаачих гэж байгаа юм бэ гэхэд нөгөө согтуу охинтойгоо хамт унаад байхаар нь очиход Гэрэлт-Ундрам, нөгөө залуу хоёр хоорондоо маргалдаж байгаа нь харагдаагүй. Тэгээд би Гэрэлт-Ундрам бид хоёр согтуу охиныг аваад явсан. Гэрэлт-Ундрам би гэртээ бууна, охиныг найзууд руу нь хүргэж өгнө гээд найзууд руу нь залгасан. Утсаар яриад 19-о хороололд цагдаа дээр хүргэж ир гэсэн учраас Гэрэлт-Ундрам үлдээд би жолоочийн хамт тэр охиныг цагдаа дээр хүргэж өгсөн. Гэрэлт-Ундрам тэр залууг цохиж зодож байгааг хараагүй, харин нөгөө залуу согтуу охинтойгоо өөрийнхөө машины тэр хавьд өнхөрч унасан гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 13-14-р хуудас/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 220 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Д.Бат-Өлзийгийн биед зүүн дух яс, зүүн ухархайн дээд ханын хугарал, зүүн дух хэсгийн  хатуу хальсан дээрх цусан хураа, суурийн хөндийн цус хуралдалт, зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрдээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 22-р хуудас/,

 

Шинжээч эмч Д.Мөнхбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Д.Бат-Өлзийгийн биед учирсан зүүн дух яс, зүүн ухархайн дээд ханын хугарал, зүүн дух хэсгийн  хатуу хальсан дээрх цусан хураа, суурийн хөндийн цус хуралдалт, зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйчлэлээр үүсэх боломжтой. Харин хохирогчийн унах үед /нүүрээр/ үүсэх боломжгүй, нүүрний төвгөр хэсэгт зулгаралт /дух, хөмсөг, хамрын төвгөр, хамар/ гэмтэл үүсээгүй байсан. Харин хүний гараар 1 удаа цохиход үүсэх боломжтой гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 26-27-р хуудас/

 

          Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 241 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

Д.Бат-Өлзийд духны зүүн хэсгээс ухархайн дээд хана руу үргэлжилсэн хугарал, духны зүүн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, суурийн хөндийн цус хуралт, зүүн зовхины цус хуралт гэмтэл учирчээ. Дух ясны хэсгээс ухархайн дээд хана руу үргэлжилсэн хугарал, духны зүүн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, суурийн хөндийн цус хуралт, зүүн зовхины цус хуралт тогтоогдож байна. Эдгээр гэмтлүүд нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэл буюу нэг удаа гараар цохиход үүсч болно. Хамрын таславчийн муруйлт нь хуучин гэмтэл байна. Дух ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 1-р хавтас 24, 25-р хуудас/,

 

шүүгдэгч Г.Гэрэлт-Ундрамын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 34-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

Шүүгдэгч Г.Гэрэлт-Ундрам нь 2015 оны 12 дугаар сарын 20-ны үүрээр 04 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутагт байрлах Минт баарны гадна автомашины зогсоол дээр шалтаг шалтгаангүйгээр буюу танхайн сэдэлтээр хохирогч Д.Бат-Өлзийгийн толгойн тус газар нь гараараа цохиж, бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Д.Бат-Өлзийгийн ...Би Ариунзул эгчийг авч гарах болсон бөгөөд Гэрэлт-Ундрам би үүрээд гаръя гэхэд Тунгалагтамир хэрэггүй, манай найз авч гарна гэхээр нь би үүрээд гарч явахад Гэрэлт-Ундрам би өргөлцье, чи ганцаараа яаж дийлэх юм бэ гээд туслах маягтай явсан. Гэрэлт-Ундрамыг найзууд нь Харьер маркийн машинтай хүлээж байснаа наашаа суулга гээд байсан. Би үгүй гэж хэлээд өөрийнхөө машиныг авчирсан. Тэр хооронд Гэрэлт-Ундрам Ариунзул эгчийг түшиж байсан. Би машинаа авчираад эгчийг машиндаа суулгах гэтэл Гэрэлт-Ундрамын найзуудын машин ойртоод ирсэн. Гэрэлт-Ундрам аятайхан, эелдэг зантай залуу байснаа утга учиргүй юу яриад байгаа юм гээд намайг цохиод эхэлсэн. Би Ариунзул эгчийг баруун гараараа түшээд зүүн гараараа Гэрэлт-Ундрамын цохилтоос өөрийгөө хамгаалж байсан. Гэвч миний гарыг давж нүүрний зүүн тал руу цохиод байсан. 5-6 удаа цохисон байх, хамгийн сүүлд хамар руу цохисон бөгөөд хамраас цус гарахад би эгч Ариунзулыг тавьсан, нөгөө машинтай найзууд нь аваад машиндаа суулгачихсан. Гэмтэл хүн ихтэй болохоор нь бид нар буудалд орж унтчихаад маргааш нь Гэмтлийн эмнэлэг орсон. Эхлээд рентгенд харуулсан, компьютер томографит 2015 оны 12 дугаар сарын 22-нд харуулахад эмч нь гэмтэлтэй байна, Гэмтлийн эмнэлэгт оч гэхээр нь очиход намайг эрт ирэхгүй яасан юм бэ гээд шууд эмнэлэгт хэвтүүлж эмчилсэн. Тархи, гавлын тасагт хэвтээд 2015 оны 12 дугаар сарын 30-нд эмнэлгээс гарсан. Миний хамрыг бас гэмтсэн байна гэсэн. 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хамар хааяа хааяа бага зэрэг битүүрч эхэлсэн, өмнө нь тэгдэггүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 8-11-р хуудас/,

          Хохирогч Д.Бат-Өлзий шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан ...Тунгалагтамир эгчийгээ намайг үүрээд гар гэхээр нь би түрүүлээд эгчийг нь үүрээд гарахад Гэрэлт-Ундрам миний араас түших маягтай явж байсан. Тунгалагтамир, Сундарь нар баарны өлгүүрээс бидний хувцсыг авах гээд үлдсэн. Бид хувцасгүй гарсан. Гадаа гарахад Харьер маркийн машинтай залуу ийшээ оруулаачээ гээд байсан. Тэгэхээр нь би цаашаа өөрийн унаж байсан машин руугаа авч явж байгаад хальтираад унасан. Тэгээд босож ирээд Гэрэлт-Ундрамаар Ариунзул эгчийг түшүүлсэн. Би цааш яваад улаан өнгийн машинаа авчраад машиндаа суулгах гэтэл Гэрэлт-Ундрам өөрийн машиндаа суулгана гээд бид маргалдсан. Тэгээд Гэрэлт-Ундрам миний нүүрний зүүн тал руу 2-3 удаа цохьсон. Сүүлийн цохилтын дараа миний хамраас цус гарсан. Миний биед учирсан гэмтлийг Гэрэлт-Ундрамын цохилтоос үүссэн үү эсхүл уналтаас үүссэн үү гэдэгт эргэлзээд байгаа. Гэрэлт-Ундрам бид 2 адилхан залуу хүмүүс олон жил хорих ял авбал харамсалтай байна гэх мэдүүлэг,

 

          Гэрч Э.Тунгалагтамирын ...би эгчийгээ явж чадахааргүй байна гээд найз залуу Бат-Өлзийг үүрчих гэхэд Гэрэлт-Ундрам би үүрэх үү гэхээр нь хэрэггүй гээд Бат-Өлзийд үүрүүлсэн. Араас нь харахад Бат-Өлзий эгчийг үүрээд, Гэрэлт-Ундрам дагаад хамтдаа гараад явсан. Сундарь бид хоёрыг гартал Бат-Өлзий танай найзад зодуулчихлаа гээд нүүр ам нь цус болчихсон байсан. Гэрэлт-Ундрам эгчийг яагаад авч явсаныг үнэхээр мэдэхгүй байна, цагдаад хандлаа гэхэд л айсандаа цагдаагийн гадаа авчирч өгсөн байх гэж бодсон гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 15-р хуудас/,

 

          Гэрч Н.Ариунзулын ...Би Минт бааранд дүү Тунгалагтамир түүний найз залуу Бат-Өлзий болон найз охидтой тааралдсан. Д.Бат­-Өлзий машинаа байрлуулаад ирье гээд гарсан. Тэр хооронд би найз Сарангоотой виски захиалаад Бат-Өлзийг орж ирэхээр нь архи, ундаа захиалсан. Ууж дуусахад манай найз Сарангоо согтоод байна гээд түрүүлээд явсан. Бат-Өлзий архи уугаагүй, манай дүү ч бас нилээн согтсон. Тэгээд би согтоод юу болсныг мэдэхгүй байна, ямар ч байсан баарны гадна бүдэг, бадаг сэрэхэд залуучууд Бат-Өлзийг зодоод байгаа юм шиг харагдсан. Тэгээд би гэртээ сэрсэн, сэрээд Бат-Өлзий рүү залгахад дүү нь таныг хамгаалах гэж байгаад зодуулчихлаа гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас12-р хуудас/,

 

Гэрч Д.Сундарийн ... Тунгалагтамир бид хоёрыг гарахад Бат-Өлзий зодуулчихсан, эгч нь байхгүй байсан. Гэрэлт-Ундрамын хамт явж байсан найз нь миний 99633666 дугаар руу Гэрэлт-Ундрамын утсаар яриад хаана байгаа юм бэ, та нар гэхээр нь би дахиж үг хэлэхийн завдалгүй та нар өөрсдөө хаана байна, яг одоо эгчийг авчирч өг, Бат-Өлзий зодуулсан цагдаад хандана гэж хэлсэн. Тэгээд бид нар цагдаа дээр ирсэн ба Гэрэлт-Ундрамтай хамт явсан найз нь Тунгалагтамир эгчийг жижиг машинаар авчирч өгсөн. Бат-Өлзий намайг ийм болгочихоод эгчийг чинь аваад явчихлаа, араас ирээд нүүр рүү цохисон гэж ярьсан. Бат-Өлзийгийн хамар далийсан, зүүн нүд нь хавдсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 220 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

 

1. Д.Бат-Өлзийгийн биед зүүн дух яс, зүүн ухархайн дээд ханын хугарал, зүүн дух хэсгийн  хатуу хальсан дээрх цусан хураа, суурийн хөндийн цус хуралдалт, зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрдээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 22-р хуудас/,

 

Шинжээч эмч Д.Мөнхбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Д.Бат-Өлзийгийн биед учирсан зүүн дух яс, зүүн ухархайн дээд ханын хугарал, зүүн дух хэсгийн  хатуу хальсан дээрх цусан хураа, суурийн хөндийн цус хуралдалт, зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйчлэлээр үүсэх боломжтой. Харин хохирогчийн унах үед /нүүрээр/ үүсэх боломжгүй, нүүрний төвгөр хэсэгт зулгаралт /дух, хөмсөг, хамрын төвгөр, хамар/ гэмтэл үүсээгүй байсан. Харин хүний гараар 1 удаа цохиход үүсэх боломжтой гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 26-27-р хуудас/,

 

          Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын 241 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

Д.Бат-Өлзийд духны зүүн хэсгээс ухархайн дээд хана руу үргэлжилсэн хугарал, духны зүүн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, суурийн хөндийн цус хуралт, зүүн зовхины цус хуралт гэмтэл учирчээ. Дух ясны хэсгээс ухархайн дээд хана руу үргэлжилсэн хугарал, духны зүүн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, суурийн хөндийн цус хуралт, зүүн зовхины цус хуралт тогтоогдож байна. Эдгээр гэмтлүүд нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэл буюу нэг удаа гараар цохиход үүсч болно. Хамрын таславчийн муруйлт нь хуучин гэмтэл байна. Дух ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 24-25-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

           Шүүгдэгч Г.Гэрэлт-Ундрам хохирогч Д.Бат-Өлзий нар нь урьд өмнө бие биеэ таньдаггүй, тэдний хооронд ямар нэг хувийн таарамжгүй харьцаагүй үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй харин хохирогч Д.Бат-Өлзий нь найз охин Э.Тунгалагтамирын эгч Н.Ариунзулыг сайн танихгүй Гэрэлт-Ундрамд өгч явуулахгүй гэснээр шалтаглан толгойн тус газар нь цохиж бие махбидод нь хүнд гэмтэл учруулсныг танхайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

        Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Бат-Өлзий нь өөртөө учирсан гэмтлийг машин мөргөж унахдаа авсан уу эсхүл Г.Гэрэлт-Ундрамын цохилтоос авсан уу гэдэгт эргэлзээд байгаа. Өөрөөр хэлбэл хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байна. Түүнчлэн гэрч Б.Ганбатын мэдүүлэгт ач холбогдол өгөхгүй хэргийг хэт нэг талыг барьж байна. Иймд Г.Гэрэлт-Ундрамд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү гэж мэтгэлцэж байгаа боловч өмгөөлөгч нарын санал дараах үндэслэлээр няцаагдаж байна. Үүнд:

 

1. Хохирогч Д.Бат-Өлзий шүүхийн хэлэлцүүлэгт ...би өөрийн унаж байсан машин руугаа авч явж байгаад хальтраад унасан. Тэгээд босож ирээд Гэрэлт-Ундрамаар Ариунзул эгчийг түшүүлсэн. Би цааш яваад улаан өнгийн машинаа авчраад машиндаа суулгах гэтэл Гэрэлт-Ундрам өөрийн машиндаа суулгана гээд бид маргалдсан. Тэгээд Гэрэлт-Ундрам миний нүүрний зүүн тал руу 2-3 удаа цохьсон. Сүүлийн цохилтын дараа миний хамраас цус гарсан. Ариунзул эгчийг үүрч явахдаа унаснаас гэмтсэн үү, Г.Гэрэлт-Ундрамын цохилтоос гэмтэл авсан уу гэдэгт эргэлзээд байгаа гэж мэдүүлж байгаа боловч мөрдөн байцаалтанд болон 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаан, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд ...Г.Гэрэлт-Ундрам миний нүүрний зүүн тал руу 5-6 удаа цохисон, хамгийн сүүлд хамар руу цохиход хамраас цус гарсан гэж тус тус мэдүүлж байсан ба Г.Гэрэлт-Ундрам түүний толгойн зүүн хэсэгт цохисон талаар тодорхой мэдүүлсэн тул хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

 2. Гэрч Б.Ганбатын мэдүүлэгт ач холбогдол өгөхгүй байна гэх боловч түүний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 13-14-р хуудас/ нь 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтэй тохирохгүй, шүүх хурлын тэмдэглэлийн 8-9-р хуудасанд ...хохирогч Д.Бат-Өлзийг газар унахдаа толгойгоороо машин мөргөсөн, мөн халтираад машин налж мөргөөд газар унасан гэх мэтээр /хх-ийн 1-р хавтас 2244-245-р хуудас/ зөрүүтэй мэдүүлдэг ба гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байна.

 

Түүнчлэн гэрч Э.Тунгалагтамирын ...би эгчийгээ явж чадахааргүй байна гээд найз залуу Бат-Өлзийг үүрчих гэхэд Гэрэлт-Ундрам би үүрэх үү гэхээр нь хэрэггүй гээд Бат-Өлзийд үүрүүлсэн. Сундарь бид хоёрыг гартал Бат-Өлзий танай найзад зодуулчихлаа гээд нүүр ам нь цус болчихсон байсан гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Сундарийн ... Тунгалагтамир бид хоёрыг гарахад Бат-Өлзий зодуулчихсан, эгч нь байхгүй байсан. Бат-Өлзийгийн хамар далийсан, зүүн нүд нь хавдсан байсан гэх мэдүүлэг,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 220 дугаартай дүгнэлтийн: Хэсэг газрын үзлэгт: зүүн нүдний дээд, доод зовхи хавдсан, тод хөх ягаан өнгийн цус хуралттай, эмзэглэлтэй гэж тэмдэглэгдсэн,

 

шинжээч эмч Д.Мөнхбат ...хохирогчийн биед учирсан гэмтэл нь унах үед /нүүрээр/ үүсэх боломжгүй, учир нь нүүрний төвгөр хэсэгт зулгаралт /дух, хөмсөг, хамрын төвгөр, хамар зэрэгт / гэмтэл үүсээгүй байсан гэх мэдүүлэг зэргээс үзвэл: хохирогч Д.Бат-Өлзийгийн биед учирсан дээрх гэмтэл нь тэгш гадаргуу бүхий талбайд унасны улмаас үүсээгүй харин хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу гараар цохих үед үүссэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.         

 

Дээрх баримтуудаар гэрч Б.Ганбатын мэдүүлэг няцаагдаж байх тул түүний мэдүүлгийг эргэлзээгүй үнэн зөв гэж үзэх үндэслэлгүй байна.  

 

 Иймд шүүгдэгч Г.Гэрэлт-Ундрамыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

  Шүүгдэгч Г.Гэрэлт-Ундрамын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Д.Бат-Өлзийд эмчилгээний зардал болон дутуу авсан цалин хөлс зэрэгт нийт 6.000.000 төгрөг төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Гэрэлт-Ундрам нь анх удаа хорих ялаар шийтгүүлж байгаа хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүний хорих ял эдлэх дэглэмийг хуульд заасны дагуу хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд

Шүүгдэгч Г.Гэрэлт-Ундрам нь хохирогч Д.Бат-Өлзийд нийт 6.000.000 төгрөг төлсөн ба хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

           Шүүгдэгч Г.Гэрэлт-Ундрам нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдаж, компьютер томографийн 4 ширхэг рентген зургийг  хохирогч Д.Бат-Өлзийд буцаан олгох нь зүйтэй байна.

 

      Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                       

ТОГТООХ НЬ:

1. Онхор овогт Галбаатарын Гэрэлт-Ундрамыг бусдын бие махбодид танхайн сэдэлтээр хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн  551.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-т зааснаар Онхор овогт Галбаатарын Гэрэлт-Ундрамыг 5 жил /таван жил/ хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Г.Гэрэлт-Ундрамд оногдуулсан 5 жил /таван жил/ хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.Гэрэлт-Ундрам нь хохирогч Д.Бат-Өлзийд 6.000.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Г.Гэрэлт-Ундрам нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Г.Гэрэлт-Ундрамд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс тоолсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компьютер томографийн 4 ширхэг зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.Бат-Өлзийд буцаан олгосугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гэрэлт-Ундрамд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Х.ОДБАЯР

 

                            ШҮҮГЧИД                                         С.ОЛЗОД

 

                                                                                    Д.АЛТАНЖИГҮҮР