Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2019/00451

 

2019 оны 02 сарын 25 өдөр                  Дугаар 183/ШШ2019/00451                             Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ... тоотод оршин суух, А.А  /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ... байранд байрлах, Н ХХК /РД:..../-д холбогдох,

 

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н , нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Д , С.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.

 

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Н ХХК-ийн борлуулалтын салбар Номин хайпермаркет-32 тойргийн эрхлэгчийн албан тушаалд эргүүлэн тогтоолгож, шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай шаардлага гаргасан. Нэхэмжлэгч А.А  нь Н ХХК-д 2005 оноос хойш 2018 он хүртэл нийт 18 жил ажилласан, энэ хугацаанд касс, ахлах касс, нярав, заал зохион байгуулагч, зохион байгуулагч, эрхлэгчийн албан тушаалтанд дэвшиж ажилласан. 2012 оны 7 дугаар сараас эхлэн салбарын эрхлэгчийн албан тушаалд томилогдоод тогтвортой ажилласаар 2016 оны 11 дүгээр сараас эхлээд Номин хайпермаркет-32 тойрогт эрхлэгчээр ажиллаж байсан. Дээрх хугацаанд үр бүтээлтэй ажиллаад 2017 онд тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулж байсан. Гэтэл 2018.04.13-ны өдөр Н ХХК-ийн борлуулалт хөгжлийн бизнес эрхэлсэн захирал н.Хосбаяр гэх хүн тушаал гаргаад ажлаас нь чөлөөлсөн. Тухайн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслээд А.А  нь доорх зөрчлүүдийг гаргасан гэж үзсэн. Үүнд: ажлын хариуцлага алдаад 2018.02.12-ны өдөр түрээсийн тасгийн борлуулагч н.Эрдэнийн худалдан авалтад өөрийн бонус картыг уншуулан 25,000 төгрөгийг хувьдаа авч ашигласан, цаг төлөвлөлтийг дур мэдэн өөрчилсөн, 2018.02.05-ны өдөр банкны дараа төлбөрийн картыг ашиглан удаа дараа кассаар уншуулан бэлэн мөнгө болгон авсан нь тогтоогдсон гэж үзээд хөдөлмөрийн гэрээний 6.5.5.6, 6.5.5.8 дахь заалтыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн байдаг. Гэвч бодит байдал дээр хөдөлмөрийн гэрээнд заасан тухайн зөрчлүүдийг гаргаж байгаагүй. Ажилдаа хариуцлагатай үр бүтээлтэй ажилласаар ирсэн учраас үндэслэлгүй хууль бус шийдвэр гэж үзээд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь 2018.04.13-ны өдөр ажлаас халагдсан тул ажилгүй байсан хугацааны цалинг өнөөдрийг хүртэл буюу 2019.02.25-ны өдрийн байдлаар 10 сар 12 хоногийн цалинг тооцоолон нийтдээ 36,314,555 төгрөгийг гаргуулъя, ажилдаа эргэж орно, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүсч байна. Нэхэмжлэгчид 2018.02.09-ний өдөр урамшуулал гэж 5,329,360 бонусыг ажил олгогчоос картанд нь хийсэн байдаг тул сүүлийн 3 сарын цалингийн дундажаар тогтоосон” гэв. 

 

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Д  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. А.А  нь Н ХХК-ийн борлуулалт үйлчилгээний салбарын Номин хайпермаркет-32 тойрогт 2016.11.10-ний өдрөөс хойш 2018.04.13-ны өдрийг хүртэл эрхлэгчээр ажилласан, уг хүн маань 2005 оноос 2018 он хүртэл Номинд 18 жил ажилласан. Эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа А.А  нь ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ зөрчиж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зэргийг зөрчсөн учир түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 6.5.5.6, 6.5.5.8 дахь хэсгүүдэд зааснаар цуцалсан байгаа. 1-рт нь 2018.02.12-ны өдөр А.А  нь 32 тойргийн салбарт талбай түрээслэн бэлэн хувцасны худалдаа эрхэлдэг н.Эрдэнэ гэх хүнээс зээлээр бараа авсныхаа төлбөрийг түүний худалдан авалтыг хөнгөлөх замаар буюу 52,373 төгрөгийн барааны 50 хувь болох 26,193 төгрөгийг А.А  нь 90620020 дугаарын номин бонус картаар авах хөнгөлөлт журмын бус картын гүйлгээ хийж, номин бонус картын үйл ажиллагааны журмын 9.4.5 дахь хэсэгт заасан зөрчлийг гаргасан. Энэ зөрчил нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.5.5.8 дахь хэсэгт заасан ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болсон. А.А ийн уг зөрчил нь ахлах касс н.Аюурзаны 2018.03.13-ны өдөр Эрх зүйн газарт бичгээр гаргасан тайлбараар илэрч, түрээслэгч н.Эрдэнийн 2018.03.13-ны өдрийн бичгээр гаргасан тайлбар, 2018.03.13-ны өдөр татаж хэвлэсэн 90620020 дугаартай бонус картын дэлгэрэнгүй тайлангаар тогтоогдож, 2018.03.15-ны өдөр уг үйл баримтыг өөрөө хүлээн зөвшөөрч баталж, дахиж ийм алдаа дутагдал гаргахгүй гэдэг талаараа бичгээр гаргасан тайлбар зэргүүдээс бүрэн батлагдсан юм. Энэ зөрчил нь 2018.02.12-ны өдөр үйлдэгдэж, 2018.03.13-ны өдрийн баримтаар илэрч, мөн зөрчил гаргасан нь бүрэн тогтоогдсон учраас 2018.04.13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор шийтгэл ногдуулна гэж заасантай нийцэж байгаа. 2-рт А.А  нь 2016.01.10-ны өдөр Номин 32 хайпермаркетын эрхлэгчээр томилогдоод 2016.11.22-ны өдөр захиргаандаа хандаад ажилдаа ирж очих цагийг 9-өөс 18 цаг болгох хүсэлтийг тавьснаар уг хүсэлтийг захирал н.Хосбаяр хүлээн авч, ирэх цагийг 9 цаг, тарах цагийг оройн 18 цаг болгож өөрчилсөн. Ажилдаа ирж очих цагт нь ийнхүү өөрчлөлт оруулж өгсөөр байтал төлөвлөж өгсөн цагаас байнга хоцорч тасалж байсан тул бүтэн жилийн хугацаанд дэлгүүрийн нээлтэнд 2-хон удаа оролцсон. Ажлын байрны тодорхойлолтод 7 хоногт 1-ээс 2 удаа заавал нээлтэнд оролцож, ажилтануудад заавар чиглэл өгөх ёстой гэж заасан байдаг. Дэлгүүрийн нээлт гэдэг бол эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтод тусгагдсанаар өдөр тутмын үндсэн үйл ажиллагааных нь нэг хэсэг бөгөөд нээлтэнд эрхлэгч биечлэн оролцсоноор борлуулалтын үйл ажиллагааны талаар компанийн голлох шийдвэрийг ажилтнуудад танилцуулах, шинэ бараа бүтээгдэхүүний талаар мэдлэг олгох, аюулгүй ажиллагааны болон үйлчилгээний стандартын талаар танилцуулж, хугацаа дууссан ямар бараа байна, тасгийн барааны өрөлт хураалт, ямар барааг онцлох, хямдруулах, урамшуулал худалдааг яаж зохион байгуулах гэх мэтчилэн үйлчилгээний стандарт нормыг мөрдөж ажиллуулах ийм үүрэгтэй. Үүнийг хийсний дараа дэлгүүрийг тогтсон цагт нь нээж өгдөг ийм ажиллагаа байдаг. Уг нээлтийг албан ёсоор бүтэн жилийн хугацаанд 2 удаа л хийсэн байдаг. Иймд ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй хийсэн гэж үзсэн. Мөн шалгалтын үеэр А.А  нь өглөө цагтаа ирдэггүй, байнга хоцордог гэсэн асуудал их яригдсан. Бүх асуудал ихээхэн анхаарал татсан учраас А.А ийн 2018 оны 02 дугаар сарын буюу хамгийн сүүлийн цагийн гүйцэтгэлийн балансыг гаргаж үзэхэд зөрчилгүй харагдаж байсан. Гэвч хүний нөөцийн менежер н.Ууганчимэгийг 2018.04.14-ний өдөр бичгээр гаргасан тайлбар болон А.А ийн хурууны хээ дарсан тайланг татаж үзэхэд ихээхэн хэмжээний таслалт, зөрчил илэрсэн. Үүнийг судлан үзэж тайлан гаргадаг баталгаажуулсан хүмүүстэй нэг бүрчлэн уулзаж үзэхэд зохион байгуулагч н.Эрдэнэсувд нь А.А  эрхлэгчтэйгээ үгсэн хуйвалдаад өөрийн болон эрхлэгчийнхээ хоцорсон тасалсан цагийг засаж, хуурамч төлөвлөлт өгч, улмаар 2 сарын гүйцэтгэлийн цагийн балансыг хуурамчаар гаргасан байдаг. Энэ зөрчлөөс зохион байгуулагч н.Эрдэнэсувдад сахилгын арга хэмжээ авагдсан байгаа. Цагийн балансыг хуурамчаар үйлдсэн А.А ийн зөрчил нь өөрийн эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн гэж үзэж байгаа. Үүний улмаас байгууллагаас гарах ёсгүй цалингийн зардал гарсан юм. Үүнээс гадна салбарынхаа ажилтнуудын ажлын цаг ашиглалтад хяналт тавьж, удирдан зохион байгуулах үүрэгтэй удирдлагын хүн мөртлөө ажилтнууддаа үндсэн ажлаас нь өөр ажил үүрэг даалгадаг, ажлын байрыг эзэнгүй орхиж байсан зөрчил удаа дараа гарсан байдаг. Үүнээс дурдвал ажлын цагаар хүүхдүүдээ сургуулиас нь авахуулсан зөрчил 2 удаа гарсан,мөн ажлын цагаар амралтын газар үзээд ир гэж явуулсан. Энэ талаар харуул хамгаалалтын албаны ажилтнууд шаардлага тавихад би энд яаж ажиллахаа өөрөө мэднэ гэсэн ийм тайлбарыг тавьдаг. Мөн ажилтнаас чөлөө олгосныхоо төлөө дарс, пицца зэргийг хүлээн авч, ёс зүйгүй үйлдэл гаргасан. Ажилтнууд эрхлэгчээс чөлөө авахад дарс, набор өгдөг юм байна, тэрнээс өөрөөр чөлөө өгдөггүй гэсэн ийм ойлголттой болсон. Үүний цаана жинхэнэ чөлөө авах ёстой байсан, эрүүл мэндийн шалтгаантай байсан хүнийг хохироож ээлжийн амралтгүй эмнэлэгт үзүүлэх чөлөөгүй ажиллуулж байсан. Энэ бол эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, цагийн балансыг зассантай холбоотой. 3-рт нь А.А  нь өөрийн дараа төлбөрт зэс картыг кассын терминалд уншуулан дэлгүүрийн орлогоос бэлэн мөнгө авдаг байсан нь ахлах касс н.Аюурзанын 2018.03.13-ны өдрийн тайлбараар илэрч, уг үйл баримтыг өөрөө хүлээн зөвшөөрсөн. Кассын орлого дутаагүй боловч худалдан авалт хийгээгүй мөртлөө кассын орлогоос бэлнээр авч бэлэн бусаар шилжүүлж байгаа энэ үйлдэл нь албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн, банк болон бэлэн мөнгөний машинаар үйлчлүүлэх цаг хугацаа болон гүйлгээний шимтгэлээ хэмнэж, өөртөө ашигтай байдал бий болгосон. Ийнхүү терминал ашигласан гүйлгээний шимтгэлийг компани Монгол банкнаас тогтоосон хувь хэмжээгээр тухайн арилжааны банкинд тухай бүр нь төлж байсан. Ийм шударга бус үйлдэл гаргасан. Н ХХК, Хаан банк нарын хооронд төлбөрийн картаар бэлэн мөнгө олгох хамтран ажиллах гэрээтэй байдаг. Уг гэрээг баримтаар шүүхэд өгсөн байгаа. Уг гэрээний дагуу кассын терминалд картаа уншуулаад бэлэн мөнгө авдаг ийм үйлчилгээг нэвтрүүлсэн. Хаан банкны бүх төрлийн картаар номингийн пос төхөөрөмж дээр терминалаар гүйлгээ хийн харилцагчдад бэлэн мөнгө олгодог, нэг удаа хамгийн дээд тал нь 200,000 төгрөг хүртэл авах боломжтой. Гэтэл харилцагчтай байгуулсан гэрээ, үйлчилгээний стандарт журмаа зөрчөөд 500,000 төгрөгөөс 800,000 төгрөгийг олон удаагийн үйлдлээр касснаас бэлнээр авч Голомт банкны зэс картаа уншуулдаг байсан гэдгийг ахлах кассчин мэдүүлсэн. Дээрх зөрчлүүдээс харахад энэ хүн нь ажиллаж байсан хугацаандаа албан тушаалаа хэтрүүлэх урвуулах зөрчлийг гаргадаг байсан гэж дүгнэсэн байгаа. Мөн албан тушаалаа хэтрүүлсэн урвуулсан зөрчлийн хүрээнд маш их зөрчил гаргасан байгаа. Дэлгүүрүүдэд хариулт өгөх зорилгоор олгодог тусгайлан захиалж банкнаас шинээр нь авдаг шинэ мөнгөн дэвсгэртүүдийг хуучин мөнгөн дэвсгэртээр сольж, чанар байдлыг нь доройтуулж дэлгүүрийн нэр хүндийг унгасан. Ажил тасалсан үндэслэлээр ачигч н.Нямдаваа руу үдээсний машинаа шидэж, зодож танхайрсан байдаг. Мөн ажилтнуудынхаа үр дүнг шударгаар үнэлээгүй, хугацаа нь дууссан хиам ав, авахгүй бол үр дүнг чинь хасна гэж хүчээр шахаж байсан, харилцагчаас олгосон бэлэг урамшууллыг компанийн данс бүртгэлд бүртгэхгүйгээр хувьдаа авдаг байсан, мөн удирдлаган доорх ажилтнууддаа шаардлага тавихдаа худалдааны зааланд орилж хашгирч, зарим нэг ажилтнуудынхаа биед халдах, балаар хатгах, чимхэх зэргээр маш бүдүүлэг авир гаргадаг. Мөн ажлын цагаар албан өрөөндөө нягтлан, нярав, зохион байгуулагч, ахлах касс зэрэг захиргааны ажилтнуудтай нийлж хоол хийж иддэг байсан. Ийм олон зөрчил илэрсээр байсан юм. Үүнээс нотлох баримтаар цаг хугацаатай тодорхой зөрчлүүд нь буюу тушаалд дурдсан 3 үндэслэлээр хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан журмын дагуу ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. А.А ийн дээрх зөрчлүүд бол Номингийн 25 жилийн хугацаанд бий болгосон номин бонус картын журмын бус хэрэглээ, тогтсон дүрэм журмыг зөрчиж, ажилтнуудад буруу үлгэр дуурайлал үзүүлсэн явдал. Мөн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээс харш үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь баримтаар тогтоогдсон учраас энэ бол ноцтой зөрчил гэж үзсэн юм. Ажилтантай уг зөрчлийг урьдчилан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байгаа. Үүнийг А.А  хүлээн зөвшөөрөөд хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан. А.А  нь өөрөө Номин компанид 13 жил ажилласан, компанид ямар дүрэм журам үйлчилдгийг маш сайн мэдэж байгаа. Хөдөлмөрийн гэрээнд тухайлсан зөрчлийг тухай бүр нь баримтаар тогтоогдож, баталгаажсан энэ 3 зөрчил дээр хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг цуцалж, шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Иймд ажилд эргүүлэн тогтоолгох шаардлага бол үндэслэлгүй гэж үзэж байна. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагын тухайд ажилд эргүүлэн тогтоох шаардлага хэр үндэслэлтэй эсэхээс хамаараад шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх боломжтой шаардлага учраас үүнийг тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна. Н ХХК-ийг хариуцагчаар татсан байхад хэрэгт өгсөн дүрэм, журам баримтууд нь Номин холдинг ХХК-ийнх гэж маргаж магадгүй. Н ХХК нь 67 хувь нь Номин холдинг ХХК, 33 хувийг н.Баярсайхан эзэмшдэг. Номин холдинг ХХК-ийг 100 хувь н.Баярсайхан эзэмшдэг. Тэгэхээр энэ 2 компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг шүүхэд өгсөн байгаа. Н ХХК бол Номин холдинг ХХК-ийн нэгдэлд багтах хуулийн этгээд юм. Номин компани нь 5,000 гаруй ажилтантай, үүнээс 3,000 гаруй ажилтнууд нь борлуулалт үйлчилгээний салбар дэлгүүрүүдэд ажилладаг. Ийм том компанид нэг л дүрэм журам үйлчилдэг. Дүрэм журмынхаа хамрах хүрээ хэсэгт Номин холдинг ХХК-ийн салбар нэгдэлд багтах бүх компани хуулийн этгээдүүд дагаж мөрдөнө гэсэн байгаа учраас цалин хөлс тооцож олгох журам, бонус картын үйл ажиллагааны журам болон холбогдох бусад журмууд нь Номин холдинг ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын тушаалаар батлагдсан ийм дүрэм, журмуудыг татаж өгсөн байгааг анхаарах байх. Бонус картын үйл ажиллагааны журам нь Номин холдинг ХХК-ийн 2017.12.26-ны өдрийн 1/85 дугаар тушаалаар батлагдсан. Уг журмын 1.2 дахь заалт, мөн 2016.08.30-ны өдөр батлагдсан хөдөлмөрийн дотоод журмын 1.2 дахь заалтууд нь Н ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журамд багтах дүрэм журмууд мөн гэдэг нь харагдаж байгаа юм. Ингээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.У шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Тушаалд 3 зөрчлийг заасан байгаа. 1-д ажлын цаг төлөвлөлтийг өөрчилсөн гэсэн. А.А ийн хувьд ажлын цаг төлөвлөлтийг өөрчлөх эрх мэдэл байхгүй, мөн техникийн боломж байхгүй. Ажлын цаг төлөвлөлтийг Хүний нөөц болон салбарынх нь зохион байгуулагч хийдэг. Ажлын цагийг өөр байдлаар төлөвлөсөн гэдэг асуудал дээр ажил олгогчийн зүгээс ажилтан н.Эрдэнэсувд гэх хүнд сахилгын шийтгэл ногдуулсан байгаа. А.А ийн тухайд ажлын цагийг өөрчлөх программд хандах эрх байхгүй. Тийм байхад нэхэмжлэгчийг ажлын цаг төлөвлөлтийг дур мэдэн өөрчилсөн гэсэн тайлбар нь үндэслэлгүй, н.Хосбаяр гэх захирлын зөвшөөрөлтэйгөөр ажлын цагийг өөрчилсөн гэдэг нь харагдаж байгаа. 2-т бонус карттай холбоотой н.Эрдэнэ гэх хүнд 25,000 төгрөгийн хөнгөлөлт олгосон гэх асуудлыг зөвшөөрөхгүй. Бонус карт гэдэг нь ажил олгогчийн зүгээс А.А т өгсөн урамшуулал. А.А ийн өөрийнх нь хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмын дагуу өөрийнх нь өмчлөл эзэмшилдээ захиран зарцуулахаар өгсөн төгрөг. Нэг бонус оноо нь нэг төгрөг гэдгийг хариуцагч тал хэлсэн. Өөртөө олгогдсон мөнгөө хэрхэн яаж зарцуулах нь өөрийнх нь эрх. н.Эрдэнэ гэх хүнийг 50,000 төгрөгийн бараа авахад нь 25,000 төгрөгийг өрөндөө өгсөн гэдгийг А.А  хүлээн зөвшөөрсөн. Өөрийнхөө урамшууллын дагуу авсан мөнгөө захиран зарцуулж байгаа хэлбэр гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн гэрээний 6.5.8 дахь хэсэгт бонус карттай холбоотой дүрэм журам зөрчсөн гэсэн зүйл байгаа. Номин бонус карттай холбоотой дүрэм журам гэхээр Номин холдинг ХХК-ийн тодорхойлж болохооргүй дүрэм журмууд гарч ирээд байна. Энэ нь өөрөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт заасан ажилтны гаргах зөрчлийг тухайлан заасан нөхцөл шаардлагыг хангахгүй байгаа. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн тушаалд заасан номин бонус карттай холбоотой дүрэм журам зөрчсөн гээд байгаа 6.5.8 гэсэн заалт нь өөрөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй заалт учраас 6.5.5.8 дахь заалтыг үндэслэж ажлаас халсан нь үндэслэлгүй байна. 3-т албан тушаал урвуулан ашигласан нь тодорхойгүй байна. А.А ийн хувьд Н ХХК-иас завшсан нэг төгрөг ч байхгүй. Ажилтнуудтайгаа хамт пицца захиалж идсэн зүйл байдаг. Нэг байгууллагад ажилладаг хүмүүс баяр наадмаар ч юм уу тодорхой нэг тохиолдлуудад пицца захиалж идэх асуудал байж болно. Үүнийг чөлөө олгосныхоо хариуд нь авсан гэж үндэслэлгүй тайлбар гаргаж байна. Мөн дэлгүүрт байгаа бүх мөнгөө задгай мөнгө болгож байгаа нь дэлгүүрт ашигтай зүйл хийж байгаа. Хүн дэлгүүрт мөнгө задлаад өгөөч гэхээр нь мөнгийг нь задлаад дэлгүүрт хэрэгтэй байгаа 1 төгрөг, 5 төгрөг, 10 төгрөг болгоод авч байгаа асуудлын талаар А.А ийн тайлбар байдаг. Салбарын эрхлэгч учраас тухайн салбарын задгай мөнгөний хэрэгцээ шаардлагатай үед нь хүний задгай мөнгийг аваад бүхэл болгоод өгч байгаа асуудал. Хариуцагчийн зүгээс ажилтны зөрчлийг 2018.03.01-ний өдөр мэдсэн атлаа 2018.04.13-ны өдөр хариуцлага тооцсон асуудал байгаа. Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилтны зөрчлийг мэдсэнээс хойш сарын дотор хариуцлага тооцно гэх шаардлагыг хангахгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн учраас ажлаас халсан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.  

 

 

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Шүүх А.А ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлагыг гаргасан, хариуцагч тал ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч А.А  нь 2005 оноос хойш Н ХХК-д ажилласан, улмаар 2012 оны 7 дугаар сараас эхлэн салбарын эрхлэгчийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан бөгөөд Н ХХК-ийн Борлуулалт үйлчилгээний бизнес эрхэлсэн захирлын 2018.04.13-ны өдрийн 3-13/31 тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан байна.

 

Дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 6.5.5.6, 6.5.5.8 дахь заалтуудыг үндэслэсэн байх бөгөөд А.А ийг ажлын хариуцлага алдаж, 2018.02.12-ны өдөр түрээсийн тасгийн борлуулагч Эрдэнийн худалдан авалтад өөрийн бонус картыг уншуулан 25,000 төгрөгийг хувьдаа ашигласан, удирдлагын зөвшөөрөлгүйгээр өөрийн ажлын цаг төлөвлөлтийн дур мэдэн өөрчилсөн, 2018.02.05-ны өдөр банкны дараа төлбөрт картуудыг ашиглан удаа дараа кассын терминалаар уншуулан бэлэн мөнгө болгон авсан нь тогтоогдсон гэж үзээд тус компанийн Борлуулалт үйлчилгээний салбарын Номин Хайпермаркет 32 тойрогт эрхлэгч ажилтай А.А ийн хөдөлмөрийн гэрээг 2018.04.13-ны өдрөөс эхлэн цуцалсан байна. 

 

Ажлаас чөлөөлөх тухай тушаал нь эрх зүйн акт болохын хувьд актад тавигдах шаардлагыг хангасан, үндэслэл болгосон хуулийн зохицуулалт нь тохирсон байхыг шаардах бөгөөд Н ХХК-ийн Борлуулалт үйлчилгээний бизнес эрхэлсэн захирлын 2018.04.13-ны өдрийн 3-13/31 тоот тушаал хүүльд нийцсэн байна гэж үзлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.4-т заасан “...эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэх заалтыг үндэслэсэн, талуудын хооронд байгуулсан 2017.03.01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 6.5.5-д “ажилтан дараахь зөрчил гаргасан тохиолдолд ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, ажил олгогчийн санаачлагаар гэрээг шууд цуцална”, 6.5.5.6-д “албан тушаалаа урвуулан ашигласан, хэтрүүлсэн”, 6.5.5.8-д “Номин карттай холбоотой дүрэм, журам  зөрчсөн”, 6.5.5.9-д “компанид учруулсан өр дутагдлын хэмжээ нь ажилтны 3 сарын нийлбэр цалингаас давсан бол ноцтой зөрчилд тооцох”-оор тус тус заажээ.

 

Номин Холдинг ХХК-ийн 2018.02.14-ний өдрийн 01/19 дугаартай хяналт, шалгалтаар илрүүлсэн зөрчилд арга хэмжээ тооцуулах тухай мэдэгдэл, Номин Холдинг ХХК-ийн Эрх зүйн газарт бичгээр өгсөн 2018.03.15-ны өдрийн А.А ийн тайлбар, 2018.02.28-ны өдрийн гүйцэтгэлийн сарын баланс зэргээс үзэхэд Номин-32 хайпермаркетын эрхлэгч А.А ийн ажлын цаг ашиглалт хангалтгүй байхад гүйцэтгэлийн сарын балансад ажилласан цаг нь бүтнээр ордог, мөн өөрийнхөө бонус картаараа түрээслэгч Н.Эрдэнийн худалдан авалтыг хөнгөлөх замаар түүнд төлөх өрийг төлж бонус картын үйл ажиллагааны журам  зөрчсөн, өөрийн Голомт банкны Зэс дараа төлбөрт карт болон Хаан банкны Алтан дараа төлбөрт картуудыг ашиглан удаа дараа терминалаар уншуулан бэлэн мөнгө болгон авсан үйлдлүүд нь тогтоогдсон байна. 

 

Номин бонус картын үйл ажиллагааны журмын 9.4.5-д Номин холдинг ХХК түүний нэгтгэлд багтах хуулийн этгээдүүд, тэдгээрийн бүх газар хэлтэс, албад салбар нэгжийн ажилтнууд нь бусдын картыг ашиглахыг завдах болон ашиглах, өөрийн картаар бусдын бараа бүтээгдхүүнийг /хөнгөлөх/ хямдруулахыг оролдох, хямдруулах, бусад ажилтнуудтай эвсэн хуйвалдаж картыг журмын бус зориулалтаар ашиглахыг хориглоно”, мөн 10.2-т “журмын 9.4.5-д заасан заалтыг зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд тухайн ажилтны үндсэн цалинг 20 хувь бууруулах ба давтамж болон учирсан хохирлоос хамаарч ажлаас халах, хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шийдвэрлүүлэх арга хэмжээ авна” гэж тус тус заажээ.

 

Дээрх зөрчлүүд нь А.А ийн хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл байх бөгөөд гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцож тогтоосон, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээний 6.5.5.6, 6.5.5.8, 6.5.5.9-д заасан байх тул хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болсон байна.

 

Тушаалын үндэслэл болон дурдсан зөрчлүүдийн талаар нэхэмжлэгч тал үгүйсгэсэн баримт ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь үүрэг хүлээх бөгөөд тухайлбал 25.2.1-д шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болно.

 

Номин холдинг ХХК-ийн дотоод журмын 1.2-т “энэхүү журмыг Номин холдинг ХХК, түүний нэгдэлд багтах хуулийн этгээдүүд тэдгээрийн бүх газар, хэлтэс, алба, салбар, нэгжийн ажиллагсад дагаж мөрдөнө”, хөдөлмөрийн дотоод журмын 5.4-т “бизнес эрхэлсэн захирал, газрын захирал, Холдингийн нэгдэлд багтах компани  болон салбар нэгжийн гүйцэтгэх захирал нь хууль тогтоомж, гэрээнд заасан эрх хэмжээний хүрээнд салбарын үндсэн, өдөр тутмын үйл ажиллагааг хангах зорилгоор хөдөлмөрийн харилцаа болон шаардлагатай бусад үйл ажиллагааг зохицуулах тушаал гаргана” гэж тус тус заажээ.       

 

А.А ийн ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд Н ХХК-ийн Борлуулалт үйлчилгээний салбарын эрхлэгч байх бөгөөд шууд харъяалагдах албан тушаалтан нь Борлуулалт үйлчилгээний бизнес эрхэлсэн захирал байх тул Н ХХК-ийн Борлуулалт үйлчилгээний бизнес эрхэлсэн захирал тушаал гаргасаныг буруутгах үндэслэлгүй болно.

 

Энэхүү маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.А  нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                                                                                ТОГТООХ нь:

 

 

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт зааснаар Н ХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай А.А ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Д.ЭНХЦЭЦЭГ