Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 211

 

“Саяндевелопер” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болдбаатар, өмгөөлөгч П.Баасанжав нарыг оролцуулан хийж, “Саяндевелопер” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 20 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0221 дүгээр магадлалтай захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 20 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр 40.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Саяндевелопер” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/11 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоон “Саяндевелопер” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0221 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 20 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Саяндевелопер” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дүгээр тушаалын “Саяндевелопер” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрцэцэг хяналтын шатны журмаар гаргасан гомдолдоо: ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 20 дугаар шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0221 дүгээр магадлалыг үндэслэлгүй гэж үзэж, хяналтын гомдол гаргаж байна. Үүнд:

  1. Анхан шатны шүүх “шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтээ бичгээр гаргасан байхад шүүх хурлыг мэтгэлцэх зарчмаар явуулаагүй, нэхэмжлэгч талыг байлцуулж, хариуцагчийн төлөөлөх эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн” гэж үзэж байна.
  2. Улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, төсөл байхгүй, газрын төлбөр төлсөн, нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн гэдэг боловч үүнийг нь нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Анхнаасаа хуулийн дагуу газар ашиглах эрхээ шударгаар олж аваагүй тул 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаалын “Саяндевелопер” ХХК-д холбогдох хэсэг нь өөрөө илт хууль бус тушаал.
  3. Нэхэмжлэлийн шаардлага болох “Байгаль орчин, аялал жуулчлалын 2016 онь 8 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дүгээр тушаалын “Саяндевелопер” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага гаргасан байхад нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлж “Байгаль орчин, аялал жуулчлалын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/11 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоон “Саяндевелопер” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэж нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлж тогтоох хэсэгт заасан нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэж байна.
  4. Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст “Саяндевелопер” ХХК-ийг маргаж байгаа газартай холбогдуулан шалгагдаж байгаа ба шүүхийн журмаар нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй.

Шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 10303 дугаар захирамжаар “Саяндевелопер” ХХК-ийн газар ашиглах эрхтэй холбоотой хэрэг, зөрчлийг эрүүгийн журмаар шалгаж байгаатай холбоотой баримт материалууд нь маргаан бүхий актын үндэслэл, үр дагавартай шууд хамааралгүй, хэргийг шийдэхэд ач холбогдолгүй гэж үзэж байна” гэж дүгнэсэн ч яагаад маргаан бүхий актын үндэслэл үр дагавар хамааралгүй болохыг тайлбарлаж дурдаагүй. Гэвч “Саяндевелопер” ХХК нь газар ашиглах эрхийг компаниа шилжүүлэх нэрээр газрыг худалдсан байгаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хариуцагчийн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах, мэтгэлцэх эрхийг хангалгүй хэргийг шийдсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 20 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0221 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Саяндевелопер” ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн тушаалаар Хан-уул дүүргийн 14 дүгээр хороо, Түргэний аманд 2 га газрыг аялал, жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг олгосон байна. Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/11 дүгээр тушаалаар тус компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байх ба хариуцагчаас тус компани газар ашиглах эрхийг шударгаар олж аваагүй, газар олгосон шийдвэр илт хууль бус гэсэн тайлбар, гомдол гаргажээ. 

Нэхэмжлэгч нь дээрх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/11 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гарган, “Манай компанид газар олгосон шийдвэр хуулийн дагуу гарсан... хууль, журамд заасны дагуу холбогдох төлбөрийг төлсөн... Манай компани уг газарт байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн. Энэ ажилд багагүй хөрөнгө зарцуулсан байхад хууль бусаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосон” гэж маргасан байна.

Анхан шатны шүүхээс Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1/12091 тоот албан бичиг хүргүүлж, нэхэмжлэгч “Саяндевелопер” ХХК-иас тус яаманд гаргасан газар ашиглахыг хүссэн өргөдөл, холбогдох баримтууд /кадастрын зураг/, газар ашиглах эрх олгосон тушаал, газар ашиглах гэрээ, гэрчилгээний хуулбар зэргийг ирүүлэхийг хүссэн байх боловч тус яамнаас 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10/2720 тоот албан бичгээр “Тус яаманд “Саяндевелопер” ХХК нь газар ашиглахыг хүссэн өргөдөл гаргаж байгаагүй” гэсэн хариуг ирүүлжээ.

Ийнхүү нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон нотлох баримтын талаар илт зөрүүтэй тайлбар гаргасан байхад шүүх тус яамны архивын бичиг баримтад үзлэг хийж, нэхэмжлэгч компани Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35-37 дугаар зүйлд зааснаар газар ашиглах хүсэлтийг хэзээ гаргаж, ямар баримт бүрдүүлсэн, захиргааны байгууллага юуг үндэслэн газар ашиглах эрх олгосон талаарх баримтуудыг бүрэн цуглуулж, тэдгээрт дүгнэлт өгөх шаардлагатай байна. 

Мөн нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон маргаан бүхий, 2016 оны А/11 дүгээр тушаалд үндэслэлийг Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хооронд байгаль орчныг хамгаалах талаар байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг хангах, гадаад дотоодын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, жуулчлалын тав тухтай аялах, амрах орчинг нэмэгдүүлэх гэж заасан.

Анхан шатны шүүхийн нотлох баримт гаргуулахаар хүргүүлсэн тодруулгад Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 10/46 тоот албан бичигт “...А/11 дүгээр тушаалаар Монгол Кувейтийн судалгааны төвийн газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн ба өөр бусад газар ашиглуулахтай холбоотой шийдвэр гаргаагүй” гэжээ. Иймээс Монгол Кувейтийн судалгааны төв нь ямар хэмжээний газар ашиглах эрхтэй болох, тус судалгааны төвийн газар ашиглах эрхийг цуцлах болсон үндэслэлийг шүүх тодруулан холбогдох нотлох баримтыг цуглуулах нь хэрэгт хамааралтай байна.

Иймд, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай дээрх нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, тэдгээрт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 20 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0221 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.БАТСҮРЭН

                               ШҮҮГЧ                                                            Б. МӨНХТУЯА