Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2039

 

 

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2019/02039

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Б

Хариуцагч: Д.О

Хариуцагч: Ж.Б

Гэрээний үүрэгт 157.245.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б, өмгөөлөгч Б.Гантөмөр, хариуцагч Ж.Б, Д.О, нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээтэй 42 айлын орон сууцын барилгыг 2012 оны 07 дугаар сараас эхлэн барьж 2013 онд айлууд нь орж 2015 онд ашиглалтад оруулсан. Ж.Б бид хоёр найз нөхдийн харилцаатай бөгөөд миний захиалан бариулсан орон сууцны барилгын 1 давхарын 98 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай ажлын байрыг 250.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Ингээд Д.О-т 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо орон сууцны барилгын 1 давхарын 01 тоот 80 мкв тайлбайтай орон сууцыг 200.000.000 төгрөгөөр худалдаж Орон сууц захиалгын гэрээ байгуулж Д.О урьдчилгаа 30.000.000 төгрөг төлж 2013 оны 11 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл эмнэлгийн үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Энэ бол анхны гэрээ. 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Орон сууцны захиалгын гэрээг сүүлд нөхөж хийсэн гэрээнүүд байгаа юм. Энэ байранд Д.О эмнэлгийн үйл ажиллагаа явуулж ирсэн. Орон сууцны төлбөрт Хаан банкны дансаар цувуулж 59.370.000 төгрөг авсан. 5.800.000, 13.000.000 төгрөгний баримтаар надад дансаар мөнгө шилжүүлээд буцаагаад Ж.Б тэр дороо гаргуулж авсан тул төлбөрт тооцохгүй. Бид анх байрыг 250.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирч гэрээг 200.000.000 төгрөгөөр хийсэн. Учир нь энэ хүмүүс ипотекийн зээлэнд хамрагдах байдлаар бага үнийн дүн бичиж өгөөч гэсний үндсэн дээр 200.000.000 төгрөгөөр худалдах гэрээ хийгдсэн. Энэ нь хавтас хэргийн 36 дугаар талд байгаа бид гурвын гурвуулаа сууж байгаад тохиролцож бичсэн баримт гэсэн бичгээс тодорхой харагдана. Энэ тохиролцоогоор 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар надад нийт 50.000.000 төгрөг өгсөн. Бидний итгэлцлээр би байрны ордерийг гаргаж өгсний дараа 120.000.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сард төлж, үлдэх 80.000.000 төгрөгт хариуцагч Д.О, охин Б.А нарын эзэмшилд байгаа 26 мкв 2 өрөө байрны эзэмшил дээр Д.Б намайг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор хамтран өмчлөгчөөр оруулан төлбөр бүрэн төлөгдөж дууссаны дараа Д.Б миний нэрийг хасуулахаар тохирч энэхүү баримтыг үйлдсэн юм. Бодит үнэн ийм л байгаа. Тэр 200.000.000 төгрөгийн гэрээ нь зээлэнд хамрагдахын тулд хийгдсэн, 120.000.000 төгрөгийн гэрээ нь ордер авахад татвар бага төлнө хамгийн багаар хийгээд өг гэдгээр зурсан гэрээ. Энэ гэрээг үндэслэн татвараа төлж ордероо авсан. Өөрсдөө бичээд өгчих, чи бичиг хийгээд өгчих гэж шалсаар хийлгэсэн гэрээнүүд. Ж.Б бид хоёр нэг гудамжид тоглож өссөн хүмүүс. Тэдэн төгрөгнийн гэрээ хийгээд өгчих, одоо ийм гэрээ хийе зураад өг гэж өөртөө тааруулж баахан гэрээ хийлгэчихээд тэрийгээ миний эсрэг баримт болгоод ашиглаад байгаад би үнэхээр гайхаж харамсаж байна. Энэ хүмүүст хэрэгтэй гэхээр нь гэрээнд зурж явсан нь одоо энэ хүмүүсийн аманд унах шалтаг болоод байна. Түүнээс биш илүү мөнгө авах гээд ингээд байгаа юм биш. Анх 250.000.000 төгрөгөөр тохиролцож худалдсан боловч нэгэнт 200.000.000 төгрөгний гэрээнд Д.О бид хоёр гарын үсэг зурсан тул энэ гэрээгээр мөнгөө нэхэмжилнэ. Би илүү нэг ч төгрөг нэхэмжлээгүй шүү. Гэрээнд зааснаар би алданги нэхэхгүйгээр үндсэн төлбөрөө өгчих зохицъё гэж зөндөө хэлсэн. Одоо тэгэхгүй, гэрээнд заасан 0,3 хувийн алдангийг тооцно. Иймд хариуцагч Д.Оээс байрны үндсэн төлбөрт 98.330.000 төгрөг гэрээнд зааснаар алданги 49.165.000 төгрөг нийт 147.495.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ж.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдөр анх энэ байрыг худалдаж авах гэрээ хийгдсэн. Үүнээс өмнө Д.О Д.Бг таньдаг ч үгүй байсан. Бид хамт байж байгаад 200.000.000 төгрөгийн гэрээ хийж Д.О урьдчилгаа 30.000.000 төгрөгийг төлсөн. Байрыг 2013 оны 09 дүгээр сард хүлээж аваад 2 сар засвар хийгээд 11 сард нь орсон. Мэргэжлийн хяналт хүлээж аваагүй тул байрны ордер гараагүй. Улсын комисс 2015 оны 02 дугаар сард хүлээж авснаар байрны ордер гарсан байдаг. Энэ байрыг балгас байхад нь орж зассан. Засвар хийсэн мөнгөө тооцоод Д.Оээс би дараа аваад өгье гэж энэ гэрээг хийсэн. Дараа нь Д.О-тэй уулзаад 120.000.000 төгрөгийн гэрээ хийсэн. Энэ 120.000.000 төгрөгнөөс 116.670.000 төгрөг төлөгдсөн. Одоо 3.000.000 гаруй төгрөгний үлдэгдэлтэй байгаа. 2015 оны 10 дугаар сард 3.500.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 5.000.000 төгрөг Д.О бэлнээр өгсөн. 13.500.000 төгрөгийг өөрийнх нь дансруу шилжүүлсэн. Гэтэл энэ бүгдийг аваагүй гэж гүрийгээд байна. 2014 оноос Д.О байрны төлбөрт сард 1.000.000 төгрөг дансаар шилжүүлж байсан. Д.Бгийн худалдсан байрыг мэргэжлийн хэмжилт хийдэг компаниар хэмжилт хийлгэхэд 98 мкв биш 88.18 мкв гэж гарч ирсэн. Хэрэв тохиролцохгүй бол бид квм-ийн зөрүүг нэхэмжилнэ. Бид хоёрын дунд өр төлбөрийн асуудал байхгүй тул 120.000.000 төгрөгний гэрээний төлбөрөө Д.О-тэй ярих хэрэгтэй. Надад яриад байх зүйл байхгүй гэв.

Хариуцагч Д.О шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2012 онд Д.Бг би огт таньдаггүй байсан. Анх Д.Бтэй 2013 оны 07 дугаар сард уулзахад байрны 1 давхарын тоосгыг өрж байсан. Байрыг худалдаж авч үйл ажиллагаа явуулъя гэж тохироод урьдчилгаа 30.000.000 төгрөг төлж анхны гэрээг хийсэн. Би Гялс төв дээр хувийн эмнэлэг ажиллуудаг байсан. Тэндээсээ 2013 оны 11 дүгээр сард нүүж худалдаж авсан энэ байрандаа орсон. Нүүж ороод бүх засварыг өөрсдөө хийсэн. 200.000.000 төгрөгний гэрээ хийж засвар шаварын асуудлыг тохиролцохгүй явсаар өнөөдөр ийм байдалд хүрсэн. 2014 оны 120.000.000 төгрөгний гэрээг хийхдээ энэ байдлыг тохиролцоод гэрээ хийсэн. 120.000.000 төрөгнөөс чиний тооцоог хийнэ шүү гэж хэлсэн. Байрны үнийг дансаар шилжүүлдэг байсан. 8.500.000 төгрөгийг баримтаар авснаа одоо аваагүй гэж байна. Зуруулж өгөөгүй нь миний алдаа болсон байна. 2015 оны 10 дугаар сард Д.Б, Ж.Б хоёр манай ажлын өрөөнд орж ирээд одоо мөнгөө өгөхгүй бол зөндөө удлаа гэж ярьсан. Тэр үед улсын комисс хүлээж аваагүй байсан. Хэдийгээр улсын комисс хүлээж аваагүй ч гэсэн байр бариулж байгаа хүнд мөнгө төгрөг хэрэгтэй гээд хамгийн анх 3.500.000 төгрөг бэлнээр өгсөн. Үүний дараагаас эхлээд мөнгийг дансаар шилжүүлж эхэлсэн. 2019 оны 02 дугаар сард Д.Б нэг хүнтэй орж ирээд Ж.Быг асуугаад өр төлбөртэй гэсэн бичигт надаар гарын үсэг зуруулаад, өгөхгүй бол шүүхдэнэ гэсэн. Боломжоороо төлөөд явж байхад алданги тооцно гэж хүний дургүй хүргэсэн юм яриад байх юм. Би байрных нь доор бүтэн 5 жил эмнэлэг ажиллуулаад байж байхад орж ирж хэлээгүй мөртлөө энэ зэрэгтэй хүргэж байгаад сэтгэл дундуур байна. Би 98 мкв байрны ашиглалтын зардлыг төлж ирсэн. 2016 оны 08 дугаар сард охин бид хоёрын байранд нэрийг чинь оруулна гэж ярьсан талаар би мэдэхгүй юм байна. Өнгөрсөн жилээс мөнгө болохгүй болоод өгсөн мөнгөө аваад байрыг чинь буцааж өгье гэдгээ хэлсэн. Тэр үед боломжоороо дуусгачих гэсэн. Одоо 120.000.000 төгрөгөөс төлбөрөө тооцуулж үлдэгдэл мөнгийг нь төлнө гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Д.О, Ж.Б нараас гэрээний үүргийн биелэлтэд 157.245.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд хариуцагч Ж.Баас татгалзаж, Д.Оээс гэрээний үүрэгт үндсэн төлбөр 98.330.000 төгрөг, алданги 49.1635.000 төгрөг нийт 147.495.000 шаардсан байна.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагчаас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

Зохигч 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны барилгын 1 давхарын 01 тоот 80 мкв тайлбайтай орон сууцыг 200.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч худалдан авагч урьдчилгаа 30.000.000 төгрөгийг хүлээлцэж Орон сууц захиалгын гэрээ байгуулсан болох нь шүүх хуралдаанд зохигчийн тайлбарласан тайлбар, 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаартай гэрээ, 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 30.000.000 төгрөг хүлээлцсэн Мөнгө хүлээлцсэн баримтаар тус тус тогтоогдож байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ Орон сууц захиалгын гэрээ нэртэй боловч зохигчийн тайлбараар Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь гэрээгээр тохирсон үнийг төлөх үүрэгтэй байна.

Шүүх хуралдаанд хариуцагч нь 120.000.000 төгрөгний гэрээ хийгдсэн тул энэ гэрээнээс тооцож төлбөрийг төлнө гэж тайлбарласан боловч 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдөр урьдчилгаа 30.000.000 төгрөгийг шилжүүлж энэ өдөр 200.000.000 төгрөгний үнийн дүнтэй гэрээ байгуулагдсан талаар шүүх хуралдаанд зохигч хэн аль нь тайлбарласан тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Хэдийгээр хариуцагч Ж.Б, нэхэмжлэгч Д.Б нар 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэрээг дүгнэж, энэхүү баримтаар 1 давхарын 1 тоот 98 мкв талбайтай байрыг нийт 250.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч урьдчилгаанд нийт 2016 оны 08 дугаар сарын 31-ний байдлаар 50.000.000 төгрөг төлсөн, цаашид итгэлцлээр байрны ордер гаргаж өгсний дараа 120.000.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сард өгч үлдсэн 80.000.000 төгрөгийг оноос өмнө багтаан төлөхөөр тохирсон боловч нэхэмжлэгч нь Д.О-тэй байгуулагдсан 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 200.000.000 төгрөгний үнийн дүнтэй гэрээний үүргийг шаардана хэмээн тайлбарласан, хариуцагч Д.О 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 120.000.000 төгрөгний гэрээ байрны ордер гарахаас өмнө 2016 онд нөхөж хийсэн гэрээ болохыг зөвшөөрч энэ үнийн дүнгээс тооцож үл хөдлөх эд хөрөнгийн татварыг төлж орон сууцны гэрчилгээг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гаргуулж авсан болохоо зөвшөөрч тайлбарласан тул хариуцагчаас 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн гэрээний үүргийг тооцож гаргуулах нь зүйтэй байна.

Хариуцагч Д.О нь гэрээ байгуулагдсан өдөр урьдчилгаа 30.000.000 төгрөг, Хаан банкны шилжүүлгээр дансаар 78.170.000 төгрөг нийт 108.170.000 төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Баатархүүгээс татгалзаж, Д.Оээс гэрээний үүргийг шаардсан тул хариуцагч Д.Оээс гэрээний үүргийн биелэлтэд /200.000.000-108.170.000=91.830.000/ 91.830.000 төгрөг, гэрээний 3.4-т зааснаар алданги 45.915.000 төгрөг нийт 137.745.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгож, үлдэх 9.750.000 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.Оээс 137.745.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгож, үлдэх 9.750.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.157.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Оээс 846.675 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгосугай.

3. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Баас татгалзсан болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА