Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/01398

 

,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,, нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн

 тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/03374 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 481 дүгээр магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,, нарын нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох

2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, орон сууцыг барьцаанаас чөлөөлж буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамуух, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Шагдарсүрэн, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,, нар бэлэг хүлээн авагч ,,,,,,,,,,,,,,,,,д Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 6б байрны ,,,,,,, тоот, 50 м.кв 4 өрөө орон сууцыг бэлэглэхдээ хариуцагчийн үгэнд итгэж, хөнгөмсөгөөр найдаж дүр үзүүлсэн хэлцэл хийж өмчлөх эрхийг шилжүүлсэн. Бэлэг хүлээн авагч орон сууцыг барьцаалан “,,,,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК-аас 80,000,000 төгрөгийн зээл авч одоог хүртэл төлөөгүйгээс болж нэхэмжлэгч нар цагдаа, прокурорын газраар явж, өмгөөлөгч хөлслөн 3 жил амьдрах газаргүй болж, орон сууцны ашиглалтын төлбөр одоог хүртэл төлөгдөөгүй. Мөн бэлэг хүлээн авагч тухайн орон сууцанд амьдраагүй хаягдсан байдалтай бэлэглэгч нарыг ноцтой гомдоож, улмаар ах, дүүгийн холбоо тасарсан. Нэхэмжлэгч нар бэлэг хүлээн авагчийн дээрх үйлдлээс болж сэтгэл санаа, эд хөрөнгө, эрүүл мэндийн хувьд ноцтой хохирч байна. Бэлэглэлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийн асуудал яригддаг. “,,,,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК, ,,,,,,,,,,,,,,,,, нарын зээлийн гэрээний асуудал бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй. Маргаан бүхий орон сууцны өмчлөл анх худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр хариуцагчийн өмчлөлд шилжсэний дараа түүний хүсэлтээр бэлэглэлийн гэрээ байгуулагдсан. Хаан банкны хувьд аль гэрээг үндэслэн зээл олгосныг мэдэхгүй. Зээлийн 80,000,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,,,, ах ,,,,,,,,,,,,,ийн хамт үгсэж авсан үеэс гомдсон. Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгосноор худалдах-худалдан авах гэрээ хүчингүй болж нэхэмжлэгч нар орон сууцаа буцааж авах тул банкны зээлтэй холбоотой асуудал хамаагүй. Иймд бэлэглэгч Иргэний хуулийн 179 дүгээр зүйлд зааснаар бэлэглэлийн гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт зааснаар бэлэглэлийг хүчингүй болгож, байрыг барьцаанаас чөлөөлж, буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нар маргаан бүхий орон сууцыг барьцаалж “,,,,,,,,,,, ,,,,,,,”  ХХК-аас зээл авсан байсан. Тухайн зээлийн хүү өндөр, бага хүүтэй зээл авмаар байна, бид зээлтэй тул зээл олгогдохгүй гэснээр тухайн үед хэн хэнд нь мөнгө хэрэгтэй байсан тул орон сууцыг миний өмчлөлд шилжүүлж “,,,,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК-д барьцаалж, зээл авсан. Үүнээс нэхэмжлэгч нар 20,000,000 төгрөгийг авч “,,,,,,,,,,, ,,,,,,,”  ХХК-ийн зээлийг төлж дуусгасан. ,,,,,,,,,,,,,,,ийн хуучин нөхөр ,,,,,,,,,,,,, бид 2 зээл хөөцөлдсөн. Тэрээр ,,,,,,,,,,,,, гэж нэрээ өөрчилсөн. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,гийн данс руу 20,000,000 төгрөг шилжүүлсэн нь баримтаар тогтоогдоно. “,,,,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК-аас авсан зээлийг миний бие төлж байгаа. ,,,,,,,,,,,,, татвар төлөхөөс зайлсхийж бэлэглэлийн гэрээ хийх санал гаргаж уг гэрээ хийгдсэн. Орон сууцыг би эзэмшиж, ашиглаагүй, өөрсдөө орон сууцандаа амьдарч болно. Ашиглалтын төлбөрийг өөрсдөө төлөх үүрэгтэй. “,,,,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК-аас авсан зээлээс өөрсдийн хэрэглэсэн мөнгөн хөрөнгийг банкинд төлөөд дуусгавал орон сууцны өмчлөх эрхийг буцаагаад шилжүүлчихнэ. Нэхэмжлэгч нар зөвшөөрснөөр дээрх зээлийг авсан байтал одоо зээлийн үүргийг хамт хүлээхгүй орон сууцаа авна гэж байгаа тул бэлэглэлийг хүчингүй болгохыг зөвшөөрөхгүй. Мөн нэхэмжлэгч нарыг гомдоосон зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “,,,,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК нь зээлдэгч ,,,,,,,,,,,,,,ыг орон сууц худалдан авахад зориулж 2015.4.20-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 80,000,000 төгрөгийг, жилийн 19,2 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай олгосон. Зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор нэхэмжлэлд дурдсан 4 өрөө орон сууцыг барьцаалсан гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ юм. Нэхэмжлэгч, хариуцагч нар орон сууцны зээл авах зорилгоор маргаан бүхий орон сууцыг банкинд барьцаалах хүсэл сонирхолтой байсан нь тэдгээрийн тайлбарт тодорхой байна. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан байдаг. Орон сууцны өмчлөгч ,,,,,,,,,,,,,,,,, болох нь 2015.4.17-ны өдрийн Улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдсон тул зээлдүүлэгч “,,,,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК нь түүнийг өмчлөгч гэж үзэж зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, бүртгэлийн талаар нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь буруу ташаа гэж эсэргүүцээгүй. “,,,,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК нь барьцааны эрхийг хууль ёсоор олж авсан тул гэрээний төлбөр дуусах хүртэл уг орон сууцыг банк барьцаанаас чөлөөлөх боломжгүй. Тэдний хооронд үүссэн маргааны улмаас хууль ёсоор барьцааны эрхийг олж авсан “,,,,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК-ийн эрх ашиг зөрчигдөх ёсгүй тул гуравдагч этгээдийн эрх ашгийг харгалзан үзнэ үү гэжээ.

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/03374 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1, 280.2-т зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, байрыг барьцаанаас чөлөөлж буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,, нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 728,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 481 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2019/03374 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 657,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.16-ны өдрийн 3374 дүгээр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,, нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрт нэхэмжлэгч нар давж заалдах журмаар гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй, өмнөх зөрчлийг арилгаагүй гэх үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. Миний бие уг магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч талаас тодруулах үүргийнхээ дагуу нэхэмжлэлээ тодруулж, тодруулсан шаардлагын дагуу хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн 2020.03.22-ны өдрийн 481 дүгээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,, нараас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, орон сууцыг барьцаанаас чөлөөлж буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Зохигчид маргаан бүхий орон сууцыг 2015.04.16-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, өмчлөлийг ,,,,,,,,,,,,,,ын нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, хариуцагч 2015.04.20-ны өдөр “,,,,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 80,000,000 төгрөгийг зээлдэн, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар орон сууцыг барьцаалсан үйл баримт хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон, талуудын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ нь орон сууцны өмчлөлийг шилжүүлэх зорилгоор хийгдсэн, нэхэмжлэгч тал хариуцагчийг “,,,,,,,,,,, ,,,,,,,,,” ХХК-аас зээл авсан өдрөөс эхэлж гомдсон гэж тайлбарлан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохыг шаардсан боловч Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3-т бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй байхаар заасан бөгөөд энэ шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэсэн дүгнэлтийг хийжээ.

Давж заалдах шатны шүүх “... анхан шатны шүүх Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.08.05-ны өдрийн 1463 дугаар магадлалаар дурдсан ажиллагааг бүрэн гүйцэд хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй, орон сууцыг худалдах- худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, анхан шатны шүүх энэ талаар тодруулж, дүгнээгүй, тодруулах ажиллагаа явуулж, дүгнэлт хийснээр орон сууцны өмчлөх эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлэх буюу нэхэмжлэгчийн шаардах эрх, түүний үндэслэл тодорхой болж, хэрэглэвэл зохих хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох тул  давж заалдах шатны шүүх дээрх зөрчлийг залруулж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй...” гэсэн дүгнэлтийг хийж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасныг буруутгах үндэслэлгүй байна.

Учир нь, хэдийгээр нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа “бэлэглэлийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон ч шаардлагын үндэслэлдээ “...маргаан бүхий орон сууцыг анх худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр хариуцагчийн өмчлөлд шилжсэний дараа түүний хүсэлтээр бэлэглэлийн гэрээ байгуулсан... “ гэж, хариуцагчаас “... нэхэмжлэгч нар орон сууцаа барьцаалж “,,,,,,,,,,, ,,,,,,,”  ХХК-аас зээл авсан байсан, “тухайн зээлийн хүү өндөр, бага хүүтэй зээл авмаар байна” гэсний дагуу хэн хэнд нь мөнгө хэрэгтэй байсан тул орон сууцыг миний өмчлөлд шилжүүлж, барьцаалан Хаан банкнаас 80,000,000 төгрөгийн зээл авсан, үүнээс нэхэмжлэгч нар 20,000,000 төгрөгийг авч ББСБ-ын зээлээ төлсөн, авсан хэсгээ банкинд төлж дуусгавал орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхэд татгалзах зүйлгүй...” гэж тайлбарлажээ.

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл, маргааны үйл баримтыг бүрэн тодруулах шаардлагатай, тухайлбал талуудын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр эсэх, бодит байдалд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, эсхүл уг орон сууцыг барьцаалж хүү багатай зээл авах зорилготой байсан эсэх, тухайн зээлээс нэхэмжлэгч нар 20,000,000 төгрөгийг авсан эсэх зэргийг зайлшгүй тодруулж, холбогдох баримтын хүрээнд зохигчийг мэтгэлцүүлсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.  

Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнээгүй асуудлаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул “давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх” хүсэлтэй хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 481 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Х.ЭРДЭНЭСУВД

                                    ШҮҮГЧИД                                                      Г.БАНЗРАГЧ

                                                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                           Б.МӨНХТУЯА

                                                                                                           Х.СОНИНБАЯР