Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 01986

 

 

 

 

 

 

  2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2019/01986

                 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Е Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О Ш ХХК-д холбогдох,

 

О Ш ХХКхолбогдох 315,269,210 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, Е Э ХХК-д холбогдох 49,186,881.22 төгрөг гаргуулах тухай  сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оргил, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хэрлэнчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Баярцэцэг оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Е Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оргил шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Е Э ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “Омни шиппинг” ХХК-тай тээврийн зуучийн үйлчилгээний гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу “Омни шиппинг” ХХК нь манай компанийн захиалсан бараа бүтээгдэхүүнийг Монгол улсын нутаг дэвсгэрт оруулж ирэхэд тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэхээр тохиролцсон байсан. Манай компани нь Польш улсын Амика Сполкс Акижна компанитай худалдах, худалдан авах гэрээгээр хамтран ажилладаг бөгөөд уг компаниас 79,090,69 еврогийн үнэ бүхий бараануудыг зээлээр худалдан авч О Ш ХХКмэдэгдсэн.

Худалдагч талаас 2016-12-23 өдөр SK2626312 дугаартай баталгаагаар тээврийн компанид захиалсан барааг шилжүүлсэн байдаг. Мөн худалдагч талаас манай компанид тус бараануудын 631602739, 631602732 дугаар бүхий  үнийн  нэхэмжлэхүүдийг 2016  оны 12 сарын 22, 23-ны өдрүүдэд ирүүлсэн бөгөөд илгээсэн бараа удахдаа 60 хоногийн дотор ирдэг манай компани барааг борлуулж, мөнгийг 2017 оны 04 сарын 21-ний өдрийн дотор шилжүүлэх үүрэг хүлээдэг. Гэтэл бараа ирээгүй. Гэсэн ч манайх барааны үнийг төлөх үүргийнхээ дагуу 2017 оны 04 сарын 25-ны өдөр 29,875 евро, 2017 оны 05 сарын 16-ны өдөр 49,215.69 еврог худалдагч компанийн дансанд шилжүүлсэн.

Авто тээврээр ачигдсан дээрх бараанууд өнөөдрийг хүртэл Монгол улсын нутаг дэвсгэрт орж ирээгүй бөгөөд замдаа хулгайд алдагдсан гэх мэдээллийг О Ш ХХК-иасманайд өгсөн. Тээврийн үйлчилгээг Германы компанид даатгуулсан,  даатгалын компаниас мөнгө орж ирэхээр мөнгийг манайд төлнө гэж хариуцагч хэлсэн учир даатгалын байгууллагаас нөхөн төлбөр олгохыг өнөөдрийг хүртэл хүлээсэн боловч даатгалын байгууллагаас О Ш ХХКямар нэгэн нөхөн төлбөр олгосон эсэх  талаар манайд хэлэхгүй, мэдээлэл өгөхгүй байна.

Манай компани нь тус бараануудыг зээлээр худалдан авдаг, бараа ачигдаад цаад хугацаа нь 60 хоногт ирчихдэг тул  худалдан борлуулсны дараа төлбөрөө төлдөг.  Гэвч бараа ирээгүй, барааны үнийг төлөх хугацаа болчихсон тул гэрээнд заасан хугацаанд барааны үнийг бүрэн төлж барагдуулсан болно. Үүний улмаас манай компани нь эргэлтийн хөрөнгийн доголдолд орж өнөөдрийг хүртэлх хугацаанд энэхүү доголдлоос гарч чадаагүй,    бараагаа худалдан борлуулж, олох ёстой байсан ашгийг мөн алдаад байна.

О Ш ХХК-иасбарааны үнэ 79,090,69 евро буюу 210,089,466.24 төгрөг, олох ёстой ашиг 105,179,744.15 төгрөг, нийт 315,269,210.38 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш тооцоог дахин хийж үзээд барааны үнэ 79,090,69 евро буюу 210,089,466.24 төгрөгийн шаардлагаа багасгаж, 66,317.92 евро буюу 176,356,003 төгрөгийг олох ёстой ашиг 105,179,744.15 төгрөгийн хамт нийт 281,535,747 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Е Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оргил сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Манайх сөрөг нэхэмжлэлтэй холбоотой тээвэрлэлтийн хөлс 30,239,342 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь үүрэг гүйцэтгэгч хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тул алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үүнийг гэрээнд төлөхөөр тусгаагүй. Гол нь хулгайд алдагдсан бараа өнөөдрийг хүртэл ирээгүй байгаа тул хасагдаж тооцогдох ёстой гэжээ.

 

Хариуцагч О Ш ХХК-иасшүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хэрлэнчимэг шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Талуудын байгуулсан гэрээний дагуу бараа алдагдахаас өмнө тээвэрлэлт хийгдсэн. Польш улсаас 2016 оны 11 дүгээр сарын 04-ний  өдөр ирсэн ачаа 5,510 ам.доллар, БНХАУ-аас 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ирсэн ачааны хөлс 3,510 ам.доллар, Словак улсаас 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ирсэн ачааны хөлс 1,440 евро, Польш улсаас 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ирсэн ачааны тээврийн хөлс 1,575 евро буюу 32,792,134,95 төгрөг, алданги 16,394,746.27 төгрөг нийт 49,186,881.22 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  Монгол банкны тухайн үеийн ханшаар тооцож үзэхэд тээвэрлэлтийн хөлс 30,239,342.45 төгрөг болж байгаа. Үүнийг төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэж гэрээний 3.2-д заасны дагуу алданги тооцож үзвэл алдангид 15,119,671.22 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нэхэмжлэгчээс нийт 45,359,013 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч О Ш ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хэрлэнчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайхаас тухайн барааг алдагдсан учир барааны үнэ 176,356,003 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин олох ёстой орлогыг хүлээн зөвшөөрөхгүй. Тээвэрлэлтийн ханшаар тээвэрлэгчид тухайн олох ёстой орлого хамааралгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Е Э ХХК нь хариуцагч О Ш ХХКхолбогдуулан тээвэр зуучийн гэрээний дагуу барааны үнэд төлсөн 210,089,466,24 төгрөг, олох байсан ашиг 105,179,744,15 төгрөг нийт 315,269,210 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, тээвэр зуучийн гэрээний дагуу тээвэрлэлтийн хөлс 32,792,134,95 төгрөг, алданги 16,394,746.27 төгрөг нийт 49,186,881.22 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 315,269,210 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 281,535,747 төгрөг гаргуулахаар, хариуцагч 49,186,881.22 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 45,359,013 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилсэн болон хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Тээврийн зуучийн үйлчилгээний 2016/004 дуугар гэрээг байгуулж, нэхэмжлэгчийн худалдан авч буй бараа бүтээгдэхүүнийг Монгол улсын нутаг дэвсгэрт оруулж ирэх тээвэрт хариуцагчаас тээвэр зуучийн үйлчилгээг авахаар тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч Польш улсын “Амика сполкс акижна” компаниас 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 631602739 дугаар төлбөрийн нэхэмжлэхээр 65,725,92 еврогийн үнэ бүхий цахилгаан бараа, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 631602732 дугаар төлбөрийн нэхэмжлэхээр 592 еврогийн барааг авто замын тээвэрт шилжүүлсэн тухай мэдээлэл, холбогдох баримтыг гэрээний дагуу хариуцагчид өгчсөн байна.

 

Талуудын гэрээ байгуулахаар илэрхийлсэн хүсэл зориг, гэрээний агуулгаас дүгнэвэл Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 386 дугаар зүйлийн 386.1 дэх хэсэгт заасан ачаа тээвэрлэлтийн гэрээнд хариуцагч зуучлахаар тохирч, Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан тээвэр зуучийн гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.

 

Зохигч гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний дагуу тээвэр зуулчлал хийсэн Польш улсаас 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ирсэн ачааны хөлс 5,510 ам.доллар, БНХАУ-аас 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ирсэн ачааны хөлс 3,510 ам.доллар, Словак улсаас 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ирсэн ачааны хөлс 1,440 евро, Польш улсаас 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ирсэн ачааны хөлс 1,575 евро буюу нийт 30,239,342.45 төгрөгийг нэхэмжлэгч төлөөгүй талаар маргаагүй.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас барааны үнэ 210,089,466,24 төгрөгт холбогдох хэсгийг хариуцагч, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тээвэрлэлтийн хөлс 30,239,342.45 төгрөгт холбогдох хэсгийг нэхэмжлэгч төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас худалдан авсан барааг худалдан олох байсан орлого 105,179,744 төгрөгт холбогдох хэсгийг хариуцагч, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тээвэрлэлтийн хөлсөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүйтэй холбоотой алданги 15,119,671.22 төгрөгт холбогдох  хэсгийг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан. 

 

Нэхэмжлэгчийн олох байсан ашиг буюу өөрт учирсан хохирол 105,179,744 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

 

Талууд байгуулсан гэрээний дагуу зуучлуулагч тээвэрлэлтийн захиалгыг зуучлагчид өгөх, тээвэрлэгдэх ачааны талаар шаардлагатай мэдээллээр хангах, тээврийн хөлс, нэмэлт зардлууд, зуучлалын үйлчилгээний төлбөрийг төлөх, зуучлагч нь тээвэрлэлтийн явцад гарах тээвэрлэлттэй холбоотой төлбөр тооцоог, хил боомтын болон сэлгэн ачилтын зардлыг үйлчлүүлэгчийн өмнөөс төлөх, олон улсын конвенцод заагдсан хугацаанд  ачааг хүргэх, ачаа тээвэрлэгчийн хариуцлагын даатгалыг шийдвэрлэх үүрэг хүлээсэн. Гэвч хариуцагч  гэрээгээр тохирсон хугацаанд, барааг ирүүлэх үүргээ биелүүлж чадаагүй байх бөгөөд гэрээний 2.12-т заасны дагуу тээвэрлэлтийн явцад ачааны аюулгүй байдлыг хангах талаар үйлчлүүлэгчийн өмнөөс холбогдох тээврийн байгууллагуудтай хамтран ажиллаж, эвдрэл гэмтэл, дутагдал гарсан тохиолдолд тээвэрлэгч байгууллагаас акт тодорхойлолт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт заасны дагуу ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачааг алдсан хариуцлагыг хүлээх үүрэгтэй. Мөн хуулийн 395 дугаар зүйлийн 395.1 дэх хэсэгт зааснаар тээвэрлэлтийн гэрээнээс үүсэх шаардах эрхийн хөөн хэлэлцэх нэг жил байх бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгч  хариуцагчтай байгуулсан гэрээний 2.1.4, 2.1.10, 2.1.12 дахь хэсэгт заасан үүргийг  түүнээс  шаардсан  байна. Хариуцагч ачаа алдагдсан талаар нэхэмжлэгчээс гаргасан гомдлын шаардлагын дагуу даатгалын болон тээвэрлэгч нараас холбогдох мэдээлэл авах, өгөх, хохирлыг барагдуулах талаар хариу өгч байсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн “Е Э” ХХК-ийн ажилтан н.Тэмүүжингийн [email protected], [email protected] цахим шууданд хийсэн үзлэг, талуудын тайлбар зэргээр нотлогдож байна.

 

Ачаа алдагдсанаас хойш 2 жил өнгөрсөн хэдий ч хариуцагч Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт заасны дагуу ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачааг алдсан хариуцлагыг хүлээж энэ үүргээ гүйцэтгээгүй. Үүнтэй холбоотой нэхэмжлэгч ачааны үнэ, олох байсан орлого буюу хохирлоо нэхэмжилсэн. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасны дагуу нэхэмжлэгч үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.

 

Алдагдан барааны үнэ, ашгийн талаар шүүхээс томилсон шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дүгнэлтийн 5 дахь хэсгийн А-д барааны зах зээлийн нийт үнэ 421,450,000 төгрөг, Б-д алдагдсан боломжийн өртгийн тооцоолол 2017 оны цэвэр ашиг 207,791,512.40 төгрөг, олж болох байсан цэвэр ашиг 257,588,164.65 төгрөг гэжээ.

 

Шинжээчийн дүгнэлт болон хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэн нэхэмжлэгчид олох байсан ашиг 105,179,744 төгрөгийг учирсан хохиролд тооцож хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тээвэрлэлтийн хөлс төлөөгүйгээс алданги 15,119,671.22 гаргуулахаар шаардсан шаардлагын тухайд

 

Талуудын байгуулсан гэрээний 3.2-т зуучийн нэхэмжилсэн тээврийн хөлс болон бусад нэмэлт зардлыг төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлбөр зохих мөнгөн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байна.

 

Хариуцагч нь тээвэр зуучлагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн ч нэхэмжлэгч хөлс нийт 30,239,342.45 төгрөг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 410 дугаар зүйлийн 410.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу алданги 15,119,671.22 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлтэй байна. Энэхүү үүрэг нь нэхэмжлэгчийн 2016 онд хариуцагчийн тээвэр зуучлагчаар зуучилсан алдагдсан бараа, гэрээний үүрэгт хамааралгүй учир нэхэмжлэгч гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. 

 

Иймд хариуцагч “Омни шипинг” ХХК-иас 281,535,747 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Е Э ХХК-д, нэхэмжлэгч “Евро-Электроникс” ХХК-иас 45,359,013 төгрөгийг гаргуулан хариуцагч “Омни шипинг” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 410 дугаар зүйлийн 410.1, 393 дугаар зүйлийн 393.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасны дагуу хариуцагч “ О Ш” ХХК-иас 281,535,747 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Е Э ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 410 дугаар зүйлийн 410.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу нэхэмжлэгч “Е Э” ХХК-иас 45,359,013 төгрөгийг гаргуулан хариуцагч “О Ш” ХХК-д олгосугай.

 

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Е Э” ХХК-иас улсын   тэмдэгтийн хураамжид төлсөн 1,734,300 төгрөгийг, хариуцагч “О Ш” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 403,884 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,565,628 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 403,884 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АЗБАЯР