Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 134/ШШ2019/00118

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Орбит-13-178 тоотод байрлах И х у ХХК /РД:5923654, Улсын бүртгэлийн дугаар 9011527011/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр багт байрлах, Ш О ХК /РД:204879/-д холбогдох

 

Гэрээний үүрийн гүйцэтгэлийн үлдэгдэл 68 447 586 төгрөг, алданги 34 223 793 төгрөг, нийт 102 671 379 төгрөг гаргуулах тухай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И х у ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь анх Ш О ХК-тай 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр № ШО17-2/65 дугаартай худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нийт 13 нэр төрлийн 38 704 600 төгрөгийн сэлбэгийг нийлүүлсэн бөгөөд гэрээний 2.1 дэх хэсэгт заасан 14 хоногийн хугацаанд бүрэн нийлүүлсэн. 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр №ШО17-2/67 дугаартай худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нийт 7 нэр төрлийн 34 311 200 төгрөгийн сэлбэгийг нийлүүлсэн бөгөөд гэрээний 2.1 дэх хэсэгт заасан 14 хоногийн хугацаанд бүрэн нийлүүлсэн. Мөн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр №ШО17-2/72 дугаартай худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нийт 7 нэр төрлийн 41 668 000 төгрөгийн бараа, сэлбэгийг нийлүүлсэн бөгөөд гэрээний 2.1 дэх хэсэгт заасан 14 хоногийн хугацаанд бүрэн нийлүүлсэн. Манай компани нь дээрх 3 гэрээнд заасан бараа, сэлбэгийг гэрээнүүдийн хавсралтанд заасан тоо, хэмжээгээр биет байдлыг доголдолгүйгээр гэрээний 1.4-т заасны дагуу өөрийн тээврээр гэрээний 2.1-т заагдсан хугацаанд хүргэж өгч гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн. Худалдагч тал буюу манай компани нь гэрээний 3.1-т заасан үйлдвэрлэгчийн техникийн нөхцөл, мөрдөгдөж буй стандартад нийцсэн, худалдан авагчийн хүсэлтийг хангасан бараа, сэлбэгийг нийлүүлсэн бөгөөд хариуцагч буюу худалдан авагч талаас гэрээний 3.2-т заасны дагуу бүрэн шалгаж хүлээн авсан бөгөөд гэрээний 3.2-т заасан хугацаа болох ашиглаж эхэлснээс болон доголдол илэрснээс хойш 3 хоногийн дотор доголдлын талаар ямар нэгэн гомдлын шаардлага гаргаагүй. Гэрээний 4.1-т заасны дагуу манай компани нийт 114 683 800 төгрөгийн бараа, сэлбэгийг өөрсдийн санхүүгийн эх үүсвэрээр бүрэн шийдвэрлэж гэрээний үүргээ биелүүлэн нийлүүлэлтийг хийсэн.

Харин хариуцагч нь гэрээний 4.2-т заасан барааны төлбөрийг барааг хүлээн авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор худалдагчид шилжүүлнэ гэх үүргээ өнөөдрийг хүртэл бүрэн биелүүлээгүй байна. Хариуцагч нь одоогийн байдлаар Х б ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 09-нд 14 000 000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 22 000 000 төгрөг, Х б ХХК-иар 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 10 000 000 төгрөг, мөн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 10 000 000 төгрөг тус төлсөн бөгөөд дээрх нийт 4 удаагийн гүйлгээгээр 56 000 000 төгрөг шилжүүлснээс 10 000 000 төгрөг нь хариуцагчийн манай компаниас 2016 онд авсан сэлбэгийн үлдэгдэл төлбөр ба үлдэх 46 000 000 төгрөг нь маргаан бүхий 3 гэрээний нийт төлбөрөөс төлсөн төлбөр болно.

Хариуцагч нь одоогийн байдлаар 68 447 586 төгрөгийн үлдэгдлээ төлөхгүй даруй 2 жил шахам хугацааг өнгөрүүлж, манай компанийг санхүүгийн эрсдэлд оруулж байна. 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2а/234 тоот манай компанид ирүүлсэн дансны үлдэгдэл тулган баталгаажуулах тухай албан бичигт 2017 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар танай байгууллагад төлөх өр төлбөрийн үлдэгдэл 88 447 586 төгрөг 36 мөнгө байгааг баталгаажуулж өгнө үү гэснийг манай компаниас баталгаажуулж тооцоо нийлсэн.

Үүнээс хойш хариуцагч талаас олон удаа шаардуулж чирэгдэл үүсгэж байж 20 000 000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хоёр удаагийн гүйлгээгээр төлсөн бөгөөд дахин ямар нэгэн төлбөр хийж гэрээний үүргээ биелүүлэх талаар хангалттай арга хэмжээ авахгүйгээр нэхэмжлэгч талыг хохироож байна. Гэрээнүүдийн 8.1 дэх хэсэгт зааснаар манай компани анз шаардах эрхтэй бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн алдангийг тооцоход хуульд заасан нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул хуульд нийцүүлэн үндсэн нэхэмжлэлийн шаардлага 68 447 586 төгрөгийн 50 хувь 34 233 793 төгрөгийн алдангийг нэхэмжилнэ.

Иймд, хариуцагч Ш О ХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл 68 447 586 төгрөг, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж алданги 34 223 793 төгрөг, нийт 102 671 379 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнаран шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бидний зүгээс нэхэмлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ш О ХК нь И х у ХХК-д 10 274 184 төгрөгийг төлөхөөр байгаа. Бусад шаардлагыг биелүүлэх боломжгүй гэсэн тайлбарыг хэлж байна. Нэхэмжлэлийн гаргасан нэхэмжлэл, иргэний хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд мэтгэлцэх ажиллагаа явуулах нь зүйтэй болов уу гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс анх 2017 онд Ш О ХК-тай гурван төрлийн гэрээ байгуулсан талаар тодорхой дурьдсан байна. Энэ дээр гэрээний үнийн дүн болон худалдан авалтыг хэмжээг тавьсан байна. Энэ дээр бол Ш-О ХК нь маргахгүй байгаа, харин төлбөр төлөлтийн болон худалдан авалтын ажиллагаа хууль зүйн үндэслэлтэй явагдсан уу үгүй юу гэдэг дээр маргаан үүсч байна. Ш О ХК-ийн хувьд хавтаст хэрэгт хэд хэдэн төлбөр төлсөн баримтыг өгсөн. Одоогийн байдлаар И х у ХХК-д нийт 104 409 620 төгрөгийг төлчихсөн байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан шаардлага бол өөрөө 114 683 800 төгрөг байгаа. Нэхэмжлэлийн үндсэн шардлагаасаа өөрийн өгсөн мөнгөө хасахаар 10 274 184 төгрөг гарч байгаа юм. Шилжүүлсэн мөнгөний хувьд талууд маргаангүй байгаа. Алдангийн хувьд тайлбар хэлье. Нэхэмжлэгч гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-д заасны дагуу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу 50 хувийн анз авах эрхтэй гэж маргаж байгаа. Харин хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Яагаад гэвэл Ш О ХК нь 2017 онд худалдан авалт огт төлөөгүй ажиллсан байна. Ш О ХК нь өөрөө төрийн өмчит хуулийн этгээд энэ хүмүүстэй гэрээ байгуулсан үе буюу 2017 оны 03 дугаар сараас 05 дугаар сарын хооронд О захирал ажлаа Э захиралд хүлээлгэн өгөх үе байсан. Тэгээд төлөвлөлгөө огт байхгүйгээр худалдан авалт хийсэн гэрээнүүд байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан журмыг ноцтойгоор зөрчсөн байгаа. Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анзын асуудал нь өөрөө бол гүйцэтгээгүй үнийн дүнгээс бодогдох ёстой байдаг. Гэтэл гэрээний нийт дүнгийн гэсэн хууль бус үг хэллэг орж ирсэн байгаа. Тэгэхээр шүүх гэрээний хүчин төгөлдөр заалтыг шалгах нь зүйтэй байх. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анзын зохицуулалтыг зөрчсөн. Гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-дэх заалт нь өөрөө хууль зөрчсөн заалт байна. Гэрээний үнэнд хүчин төгөлдөр бус тогтоогдох учраас талууд анзыг бичгээр тохиролцоогүй байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Яагаад гэхээр анзын гэрээг бичгээр хийнэ гэсэн зохицуулалт өөрөө Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д заасан байгаа. Иймд нэхэмжлэгч нь анз болон алданги нэхэмжлэх эрх байхгүй байна. Ш О ХК нь 10 274 184 төгрөгийг нэхэмжлэгч И х у ХХК-д төлөхөөр байна гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч И х у ХХК нь хариуцагч Ш О ХК-д холбогдуулан гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 68 447 586 төгрөг, алданги 34 223 793 төгрөг, нийт 102 671 379 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчаас “... Манай компанийн хувьд 104 409 622 төгрөгийн төлбөрийг барагдуулсан, одоо 10 274 184 төгрөгийг л төлнө” гэж маргана.

Нэхэмжлэгч И х у ХХК нь хариуцагч Ш О ХК-тай 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр №ШО17-2/65 тоот сэлбэг, эд материал худалдах, худалдан авах гэрээ,

-2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр №ШО17-2/67 тоот сэлбэг, эд материал худалдан авах гэрээ,

-2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр №ШО17-2/72 тоот сэлбэг, эд материал худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулжээ. /хх8-19/

Зохигчдын байгуулсан гэрээний агуулга, зорилго, талуудын хүлээх эрх, үүргээс үзэхэд тэдгээрийн хооронд Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Хуулийн зохицуулалтаас үзэхэд хариуцагч нь №ШО17-2/65, №ШО17-2/67, №ШО17-2/72 дугаар гэрээний үүргүүдээ зөрчиж, нэхэмжлэгчид 68 447 586 төгрөгийн төлбөрийг барагдуулаагүй болох нь “Ш О” ХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Дансны үлдэгдэл тулган баталгаажуулах тухай” албан бичиг /хх-20/, И х у ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх23-25/, Ш О ХК-иас И х у ХХК-д төлсөн төлбөрийн жагсаалт /хх-62/, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн төлбөрийн даалгавар зэрэг нотлох баримтаар /хх-81/ тогтоогдож байна.

Хариуцагчаас “... Гэрээний 8.1-д заасан талуудын хариуцлага болох алдангийг “гэрээний үнийн дүн” гэж бичсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасантай нийцээгүй, иймээс анзын гэрээг бичгээр хийсэн гэж үзэхгүй ...” гэж мэтгэлцэнэ.

Нэхэмжлэгчээс “...манай компани дээрх 3 гэрээнд заасан бараа, сэлбэгийг гэрээнүүдийн хавсралтад заасан тоо, хэмжээгээр биет байдлын доголдолгүйгээр гэрээний 1.4-т заасны дагуу өөрийн тээврээр гэрээний 2.1-т заасан хугацаанд хүргэж өгч, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж тайлбарлана.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 8.1-д худалдагчийн буруугаас барааг хугацаанд нь нийлүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд нийлүүлээгүй үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцон худалдан авагчид төлнө, алдангийн нийт дүн нь гэрээний үнийн дүнгийн 25%-иас ихгүй байна,

Худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд төлбөрийг шилжүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тогтоон худалдагчид төлнө. Алдангийн нийт дүн нь гэрээний үнийн дүнгийн 25 хувиас ихгүй байна гэж Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1-т заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох анзыг хэрэглэхээр тохирчээ.

Гэвч нэхэмжлэгч нь №ШО17-2/65, №ШО17-2/67, №ШО17-2/72 гэрээнүүдийн төлбөр төлөх хугацаа хэзээнээс эхэлж хэтэрч эхэлсэн, хэдэн хоногийн хугацаа хэтэрсэн, гэрээ тус бүрийн төлбөрийн үлдэгдэл хэд байсан, түүнээс алданги тооцсон талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.  

            Иймд, хариуцагч Ш О ХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр 68 447 586 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, алданги 34 223 793 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 671 307 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш О ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 500 188 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И х у ХХК-д  олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ш О ХК-иас гэрээний үлдэгдэл төлбөр 68 447 586 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И х у ХХК-д олгож, алданги 34 223 793 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 671 307 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш О ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 500 188 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И х у ХХК-д  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.ЦОГЗОЛМАА