Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 04

 

 

       Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,

            Насанд хүрээгүй хохирогч: Э.Буянхүү,

            Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Зулаа

            Шүүгдэгч: А.Элбэг,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж, Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Нурдолоо овгийн Агвааны Элбэгт холбогдох эрүүгийн 201620000325 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10-р баг 18-19 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:ОЗ80022110, Нурдолоо овгийн Агвааны Элбэг.

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.Элбэг нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 10-р багийн нутаг дэвсгэрт өөрийн гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас хүү Э.Буянхүүг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

       1. Насанд хүрээгүй хохирогч Э.Буянхүүгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цагаас 20 цагийн хооронд гэртээ байж байтал аав Элбэг эгч Дэжидмаагаас “Гар утсандаа нэгж авч хийсэн үү” гэж асуухад эгч Дэжидмаа өөрийнхөө цүнхийг онгойлгож үзээд “ миний мөнгө байхгүй байна, миний дүү эгчийнхээ цүнхэнд байсан мөнгө авсан уу” гэж надаас асуусан. Тэр үед дүү Золжаргал “Буянхүү ах Дэжидмаа эгчийн цүнхнээс мөнгө аваад чихэр авч идсэн” гэж хэлэхэд аав Элбэг над руу ойртож ирээд миний баруун чихнээс татаж босгоод гарынхаа ар талаар миний хацар луу ойролцоогоор 4-5 удаа алгадаад миний цээж рүү гараараа түлхсэн. Тэгээд аав надад “дахиад тэгээд үзээрэй” гэж хэлсэн бөгөөд өөрөөр аав намайг зодож, цохисон зүйл байхгүй. Би эгч Дэжидмаагийн цүнхнээс 3000 төгрөг авсан нь үнэн бөгөөд авсан мөнгөөрөө дэлгүүрээс чихэр авч идсэн юм. Аав Элбэг урьд өмнө нь намайг зодож цохиж байгаагүй. Би шинжээч эмчийн дүгнэлттэй танилцсан. Одоо аав ээж бидний харилцаа хэвийн сайхан байгаа. Миний буруугаас болж аав намайг зодсон. Би дахиж ийм буруу зүйл хийхгүй” гэх мэдүүлэг  /хх-ийн 9-р тал/,

       2. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Зулаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний хүү Буянхүү нь эгчийнхээ цүнхнээс зөвшөөрөлгүй мөнгө авсан байсныг аав нь мэдээд уурлаж гар хүрсэн байсан. Манай хүү ер нь жаахан хөдөлгөөнтэй, сэргэлэн зантай хүүхэд учраас байнга анхаарч байхгүй бол болохгүй . Манай нөхөр Элбэг өмнө нь хүүхдээ зодож байгаагүй, хааяа хичээлээ таслах асуудал гарах үед хэлж ярьж байсан. Сая хүний цүнхнээс нууцаар мөнгө авсан гэдгийг нь мэдээд уурлаад гар хүрэхдээ арай хэтрүүлсэн байсан. Одоо манай гэр бүлийн харилцаа хэвийн, хүүхдээ уурлаж загнасан зүйл байхгүй, цаашид дахин ийм асуудал гарахгүй байж чадна” гэх мэдүүлэг,

       3. Гэрч Д.Зулаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 20 цагийн үед ажил дээрээ байж байтал дүү Дэжидмаа миний 80685665 дугаарын гар утасруу залгаад “Элбэг ах Буянхүүг зодоод байна” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би ойролцоогоор 21 цагийн үед гэртээ ирэхэд нөхөр Элбэг, хүү Буянхүү, охин Буянзаяа, Золжаргал нар хоолоо идээд сууж байсан бөгөөд хүү Буянхүүгийн нүд, нүүр нь хавдчихсан, чихнээс нь цус гарчихсан байхаар нь юу болсон талаар хүү Буянхүүгээс асуухад “Би зүгээр байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний нөхөр Элбэг урьд өмнө нь 3 хүүхдээ айхтар зодож, цохиж байсан удаа байхгүй. Харин хүү Буянхүүгээ хичээл, сургалтаа тасалсан тохиолдолд хааяа нэг ганц, хоёр чичих тохиолдол байдаг. Түүнээс өөрөөр зодож, цохиж байгаагүй. Би нөхөр Элбэгтэйгээ 2004 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гэр бүл болж, хуримаа хийж байсан юм. Одоо бид хоёр 3 хүүхдийн аав, ээж болсон. Миний нөхөр Элбэг нь надтай гэр бүл болсон цагаасаа хойш гэрийн сайн эзэн, үр хүүхдийнхээ халамжит эцэг, айл гэрийн ноён нуруу болон амьдарч байгаа бөгөөд хүнд их тусархуу, ажилсаг, цэвэрч нямбай зэрэг олон сайн талтай. Манайх 3 хүүхэдтэй бөгөөд том хүү Буянхүү ахлах 3-р сургуулийн 6-р ангид, охин Буянзаяа ахлах 3-р сургуулийн 1-р ангид тус тус суралцаж байгаа ба бага охин Золжаргал 4 настай одоогоор гэртээ байгаа. Манай ам бүлийн сарын дундаж орлого 300.000 төгрөг бөгөөд манай гэр бүлээс би ганцаараа ажил хийдэг. Харин нөхөр Элбэг хааяа хүмүүсийн мал гаргах болон өөр хар ажил хийж мөнгө олдог. Ихэнхдээ  3 хүүхдээ хараад гэртээ байдаг юм. Нөхөр Элбэг баяр ёслолын үеэр архи бага зэрэг амсдаг. Архи уусан үедээ янз бүрийн ааш зан гаргаж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10, 11-р тал/,

       4. Гэрч Б.Дэжидмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 17 цагийн үед хүргэн ах Элбэгийн гэрт очсон. Тэднийд очиход хүргэн ах Элбэг “Гар утсандаа нэгж аваад хийчих” гэж хэлээд надад 1000 төгрөг өгсөн. Тэгээд байж байтал ойролцоогоор 19 цагийн үед хүргэн ах Элбэг “Гар утсандаа нэгж авч хийсэн үү” гэж асуухаар нь би “Нэгж авч хийгээгүй байна” гэж хэлчихээд дэлгүүр явж нэгж авахаар цүнхнээсээ мөнгөө авах гэтэл миний цүнхэн дотор байсан 3000 төгрөг байхгүй байсан. Тэгэхээр нь дүү Буянхүүгээс “Чи миний цүнхэн дотор байсан 3000 төгрөгийг авсан уу” гэж асуухад Буянхүү “Би таны цүнхнээс мөнгө аваагүй” гэж хэлсэн. Тэгтэл Буянхүүгийн дүү Золжаргал “Буянхүү ах таны 3000 төгрөгийг аваад чихэр авч идсэн” гэж хэлэхэд хүргэн ах Элбэг уурлаж дүү Буянхүүгийн чихнээс нь татаж босгоод баруун талынхаа гараараа алгадахад Буянхүү орон дээр унасан. Тэгээд хүргэн ах Элбэг дүү Буянхүүг орон дээрээс татаж босгоод хөл рүү нь өшиглөх үед Буянхүү газар унасан ба хүргэн ах Элбэг дээрээс нь болон хажуу талаас нь хэд хэдэн удаа өшиглөхөөр нь би хүргэн ах Элбэгийн гараас татаж Буянхүүгээс холдуулсан. Тэр үед  Буянхүү уйлаад байсан ба хүргэн ах Элбэг “Чамайг ингээд уйлаад байх юм бол алаад хаячихна шүү” гэж Буянхүүд хэлсэн боловч дүү Буянхүү уйлаад л байсан. Тэгтэл хүргэн ах Элбэг дүү Буянхүүг барьж авах гээд босох үед Буянхүү гал тойрч зугатааж байгаад гэрээс гараад явчихаар нь хүргэн ах Элбэг араас нь гараад явсан. Удалгүй гэрийн гадна Буянхүү уйлаад байх шиг байхаар нь гэрээс гарахад хашаан доторх “00” ын хажууд хүргэн ах Элбэг Буянхүүг цохиж байхаар нь би эгч Зулаагийн 80685665 дугаарын гар утас руу залгаад “Элбэг ах Буянхүүг зодож байна” гэж хэлчихээд гэрлүүгээ яваад өгсөн. Миний цүнхнээс 3000 төгрөг хулгайлсан гэх шалтгааны улмаас хүргэн ах Элбэг дүү Буянхүүг цохих болсон юм. Тухайн өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүргэн ах Элбэг дүү Буянхүүг цохих үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байх шиг байсан. Учир нь тухайн үед хүргэн ах Элбэгээс архи, согтууруулах ундааны зүйл үнэртэж мэдэгдээгүй тул архи уугаагүй гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/,

       5. Гэрч А.Энхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “Миний төрсөн дүү Элбэг 1980 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн. Дүү Элбэг  3 наснаасаа 6 нас хүртэл 3 жилийн хугацаанд Увс аймгийн Наранбулаг суманд цэцэрлэгт явж байгаад 8 настайдаа буюу 1988 оны 09 сард Наранбулаг сумын 8 жилийн дунд сургуулийн нэгдүгээр ангид элсэж орсон. Сургуульд сурч байгаад 4 дүгээр ангидаа хөлөндөө бэртэл аваад сургуулиасаа гарсан. Сургуулиасаа гарсаныхаа дараа хөдөө гарч мал маллаж байгаад 2002 онд цэрэгт татагдаж Завхан аймгийн Завхан Тэс сумын 0277 дугаар ангид нэг жилийн хугацаанд цэргийн алба хаасан. Цэргийн албанаас халагдсаны дараа Увс аймгийн Наранбулаг суманд мал маллаж байгаад 2004 онд эхнэр Зулаатай гэр бүл болон өрх тусгаарласан. Одоо эхнэр Зулаа болон 3 хүүхдийн хамт Улаангом суманд амьдарч байгаа. Миний дүү Элбэг нь ямар ч хүнтэй зөв боловсон харьцдаг, төлөв даруу зантай, ажилсаг, гэрийн сайн эзэн, хүүхдүүдийнхээ сайн аав гэх мэтчилэн магтаад байвал олон сайн талтай. Элбэг нь цэргийн алба хааж байхдаа онц буудагчийн тэмдгээр шагнуулсан байсан. Миний мэдэхээр дүү Элбэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/,

       6. Монгол улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №630 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч Э.Буянхүүгийн  биед тухайн үед гэмтэл учирсан байна. Тархины доргилт, баруун нүдний эвэрлэгт цус харвалт, баруун чихний дэлбэнд зулгаралт, 2 нүдний эргэн тойрон хар хөхөрсөн хавдартай, баруун дал, цээжний хэсэгт эмзэглэлтэй зөөлөн эдийн гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.Дээрхи гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 15-р тал/,

            7. Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн Засаг дарга Ц.Сурвалжлагчийн  2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1980 тоот тодорхойлолт /хх-ийн 29-р тал/,

            8. Шүүгдэгч А.Элбэгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-р тал/,

            9.  Шүүгдэгч А.Элбэгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цагийн үед гэртээ байж байгаад хадам дүү Дэжидмаагаас “Ахынхаа өгсөн 1000 төгрөгөөр гар утсандаа нэгж авч хийсэн үү” гэж асуухад Дэжидмаа “Би гар утсандаа нэгж авч чадаагүй байна” гэж хэлээд өөрийнхөө хичээлийн цүнхийг онгойлгож үзээд “Миний цүнхэнд байсан 3000 төгрөг байхгүй байна, чи авсан уу” гэж хүү Буянхүүгээс асуухад Буянхүү “Би таны цүнхнээс мөнгө аваагүй” гэж хэлсэн. Тэгтэл охин Золжаргал “Дэжидмаа эгчийн цүнхнээс Буянхүү ах мөнгө аваад чихэр авсан” гэж хэлэхээр нь миний уур хүрээд “Чи яахаараа хүний цүнхнээс мөнгө авч байгаа юм бэ?. Чи хулгайч болох гээ юу” гэж хэлээд Буянхүүгийн баруун талын чихнээс зүүн гараараа татаж барьж байгаад баруун гарынхаа ар талаар хоёр хацар руу нь хэд хэдэн удаа алгадаж, цээж рүү нь хэд хэдэн удаа гараараа цохисон. Би хүү Буянхүүгээ цохих болсон шалтгаан нь хүний цүнхнээс эзнийх нь зөвшөөрөлгүйгээр эд зүйл авсан явдал байсан юм. Би хүү Буянхүүгээ цохих үедээ бага зэрэг пиво уучихсан байсан. Би урьд өмнө нь хүү Буянхүүгээ зодож цохиж байгаагүй. Би Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн гэмтлийн зэрэг тогтоосон 630 дугаартай дүгнэлттэй танилцсан. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Манай хүү жаахан хөдөлгөөнтэй учир үг биднээр үг хэлүүлэх гээд байдаг, хүүгээ буруу зүйл хийгээд муу зуршилтай болчих вий гээд айж сэрэмжилж байнга анхаарч байдаг, гэхдээ хүүгээ цохиж гэмтэл учруулсан нь миний буруу, маш их гэмшиж байна. Бидний гэр бүлийн харилцаа хэвийн сайхан байгаа, би хүүтэйгээ сайн харилцаатай байгаа, тухайн үедээ хүүгээ буруу зүйл хийсэнд уурласандаа ийм асуудал гаргасан. Дахиж ийм зүйл гаргахгүй байж чадна, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”  гэх  мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

           Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл: Шүүгдэгч А.Элбэг нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 10-р багийн нутаг дэвсгэрт байх гэртээ өөрийн хүү Э.Буянхүүг  зодож,  бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч Э.Буянхүү, гэрч Д.Зулаа, Б.Дэжидмаа нарын мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №630 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

                  Энэ гэмт хэрэг нь гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн бөгөөд шүүгдэгч А.Элбэг өөрийн хүү Э.Буянхүүг “Хүний цүнхнээс зөвшөөрөлгүй мөнгө авлаа, хулгайч болох гээ юу” хэмээн уурлаж зодсон болох нь нотлогдож байна. Хэдийгээр  хүүхдээ буруу зүйл хийхээс, муу дадал зуршилтай болохоос сэрэмжлүүлэх санаа сэдлээр хүүгээ буруушааж зэмлэх нь эцэг хүүгийн харилцаанд байж болох боловч А.Элбэг нь  хүүдээ хүч хэрэглэж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан буюу бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзнэ. Иймд шүүгдэгч А.Элбэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

                  Шүүгдэгч А.Элбэг нь гэм буруугаа ойлгож ухамсарлан насанд хүрээгүй хохирогч болох хүү Э.Буянхүүгээс уучлалт гуйж эвлэрсэн, насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч Д.Зулаа, шүүгдэгч А.Элбэг нар /гэр бүлийн гишүүд/-ын харилцаа хэвийн сайн байгаа зэрэг нь тэдний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байгаа, түүнчлэн шүүгдэгчийн зүгээс энэ хэрэгтэй холбогдуулж гэр бүлийн гишүүддээ дарамт үзүүлсэн, эвлэрэхийг тулгасан шаардсан, зохисгүй харьцсан зэрэг үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй болно.  

                  Шүүгдэгч А.Элбэг анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан, насанд хүрээгүй хохирогч Э.Буянхүү, түүний хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн нь нотлогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч А.Элбэгт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж дүгнэв.

                  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй  байна.  

                       Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.3, 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 294-296,  297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Нурдолоо овгийн Агвааны Элбэгийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан  шүүгдэгч А.Элбэгт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар А.Элбэгийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

            3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч А.Элбэгээс гаргуулах хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч А.Элбэгт өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн Давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН