| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 184/2019/01092/И |
| Дугаар | 001/ХТ2021/01370 |
| Огноо | 2021-11-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 001/ХТ2021/01370
2021 11 11 001/ХТ2021/01370
“............” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч Л.Атарцэцэг, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/03101 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 464 дүгээр магадлалтай,
“............” ХХК-ийн нэхэмжлэлтэй
............д холбогдох
5,701,300 төгрөгийн үндсэн нэхэмжлэлтэй, ажлын хөлс 2,655,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэний гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ............ нь “............” ХХК-тай 2019.01.01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан борлуулагч жолоочоор ажиллахдаа харилцагч нарт түгээсэн орлогыг компанид оруулалгүй хувьдаа ашигласан. Сайн чулуун тулга ХХК-ийн өмчлөлийн 23-46 УНТ улсын дугаартай Тоёота раш маркийн автомашиныг барьцаанд үлдээсэн боловч уг машиныг 2019.03.18-ны өдөр хадгаламж зээлийн хоршооны хүмүүс барьцааны зүйлд аваад явсан. ............ нь 2019.01.23-ны өдрөөс 2019.03.03-ны өдөр хүртэл хугацаанд авсан бараанд тооцоо нийлсэн акт үйлдсэн бөгөөд 7,891,300 төгрөгийн баримт үйлдэж гарын үсэг зурсан. “............” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Баярсүрэнгийн Хаан банкны дансанд 2019.03.05-ны өдөр 740,000 төгрөг, 2019.03.06-ны өдөр 817,000 төгрөг, 2019.03.07-ны өдөр 633,000 төгрөг, нийт 2,190,000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс 5,701,300 төгрөгийн үлдэгдэлтэй тул компанид учруулсан хохиролд 5,701,300 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. Сөрөг нэхэмжлэлийн тухайд, цалинд 464,500 төгрөг өгөхийг зөвшөөрнө. Цалин сар бүрийн 5-10, 20-30-ны хооронд бодогддог ба 01 сарын 25-ны өдөр тооцоо нийлж 01 сарын 07-ны өдрөөс 01 сарын 15-ны өдөр хүртэлх цалингаа 01 сарын 25-ны өдөр авсан, 01 сарын 16-ны өдрөөс 01 сарын 31-ний өдөр хүртэлх цалин 313,792 төгрөг 02 сарын 01-ний өдөр тус тус авсан. 02 сарын 08-ны өдрөөс ажил эхэлсэн. Борлуулагч ............ нь 02 сарын 11-ний өдөр өндгийг зээлээр өгсөн гэж өдөр бүр мөнгөө дутуу тушаасан тооцоо өгч байсан тул 03 сарын 05-ны өдөр ажлыг нь зогсоож тооцоо нийлсэн акт үйлдсэн. Хариуцагч ............ын нэхэмжлээд байгаа хоол, шатахуун, гаражийн мөнгийг тооцоо нийлсэн актаас хассан тул уг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч, түүний өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар болон шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2019.01.07-ны өдөр өндөгний борлуулагчаар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон. Гэрээний гол нөхцөл нь өөрийнхөө машинаар борлуулалт хийх, үндсэн цалин, машины ашиглалт, борлуулалтын урамшуулал, хоолны мөнгө нийлээд сард 10,020,000-1,050,000 төгрөгийн цалин авахаар тохиролцсон. 2019.03.07-ны өдрийг хүртэл хугацаанд 23,121,000 төгрөгийн өндөгний борлуулалт хийсэн. Ажиллах хугацаандаа 01 сарын 15-ны өдөр 196,000 төгрөг 05 сарын 01-ний өдөр 313,000 төгрөг авсан. Гэрээ ёсоор 3,150,000 төгрөг авахаас 500,000 төгрөг хасаад ажлын хөлс 2,650,000 төгрөгийн цалин нэхтэл миний машиныг барьцаалан, дарамт үзүүлж байгаад тооцоо нийлсэн актад гарын үсэг зуруулсан. Миний бие нэхэмжлэгчид төлөх төлбөр байхгүй. Хөвсгөл аймагт өөрсдийнх нь даалгавраар 2019.02.19-ний өдрийн 18 цагт 11-44 ХӨА дугаартай автобусанд Хөвсгөл Отгон гэж хүлээн авагчийн нэрээр баримт бичиж ачуулсан 15 хайрцаг өндөгний тооцоо 1,620,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. 2019.02.22-ны өдөр Сувдан бөөний төв-ийн захиалгаар 12 хайрцаг өндөг үйлдвэрээс ачиж урьд өдрийн борлогдоогүй үлдэгдэл 3 хайрцаг өндөгний хамт бүгд 15 хайрцаг өндгийг хүргэж өгөхөд жижиг, стандарт шаардлагад нийцэхгүй өндөг байна гээд хүлээн аваагүй тул борлуулалтын менежер Байгалмаатай ярихад үйлдвэр дээр аваачиж тушаа гэсний дагуу “............” ХХК-ийн нярав Ганбатад тушаасан. Иймд энэ компаниас би авлагатай болохоос өглөг төлбөр байхгүй. Хөдөлмөрийн гэрээгээр өөрийн хувийн машинаар борлуулалт хийж өдрийн 175,000 төгрөгийг 3 сарын хугацаанд 525,000 төгрөг, хоолны мөнгө өдөрт 5,000 төгрөг, 78 хоногт 390,000 төгрөг, сар бүр өндөг буцаагаагүй 70,000 төгрөгийг 3 сараар тооцоход 210,000 төгрөг, гараж өдрийн 12,000 төгрөгөөр тооцоход 540,000 төгрөг, шатахуун 758,000 төгрөг, цалин хөлс сарын 390,000 төгрөгийг 3 сараар тооцож 1,170,000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд нэхэмжлэгч нь 500,000 төгрөг өгсөн тул 2,655,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/03101 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ............ ХХК-аас 959 773 төгрөг гаргуулан хариуцагч ............д олгож, ............ ХХК-ийн ............аас 5 701 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь, хариуцагч ............ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 695 227 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106 171 төгрөг, хариуцагчаас төлсөн 57 430 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ............ ХХК-аас 27 585 төгрөг гаргуулан хариуцагч ............д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 464 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/03101 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 600 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ хяналтын гомдолдоо: ...Магадлалаар хэргийг хянан шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн 959,773 төгрөгөөс 398,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх 561,773 төгрөгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс хангасан 959,773 төгрөгийг 398,000 төгрөг цалин, 308,000 төгрөгийг авто зогсоол /дулаан гараж/-ын төлбөр, 253,773 төгрөгийг шатахууны төлбөр гэж тус тус тооцсон байна. Нэхэмжлэгч талаас хариуцагчийг ажиллуулсан хугацааны цалинд 398,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд авто зогсоолын төлбөр болон шатахууны зардал төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Байгууллага ажилтныг ажиллуулахдаа ажилласан өдөр тутамд авто зогсоолын төлбөрийг 8,000 төгрөгөөр, шатахууны зардлыг 20,000 төгрөгөөр тооцохоор харилцан тохиролцож, уг тохиролцооны дагуу ажиллаж байсан. Мөн 2019.01.21-нээс 2019.03,05-ны өдрийг хүртэл ажиллахад нь дээрх төлбөрийг суутган тооцоо нийлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гаргаж өгсөн бүтээгдэхүүн хүлээлцсэн акт нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хуурамч гэх акттай тоо ширхэг, үнийн дүн, огнооны хувьд яг таарах бөгөөд шүүх үүнийг анхаарч үзэлгүй үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хэдий ч энэ тухай шийдвэрийн хэсэгтэй маргахгүй. Иймээс шийдвэр, магадлалд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хангасан дүнгээс 561,773 төгрөгийг хасч багасгасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч “............” ХХК нь хариуцагч ............д холбогдуулан хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байхдаа учруулсан хохирол 5,701,300 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч нь ажлын хөлс, унаа, шатахуун, гаражийн зардалд нийт 2,655,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.
Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчээс 959,773 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, маргаантай харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлд хамаараагүй, маргааны үйл баримт, нотлох баримтын үнэлгээний талаар буюу “...398,000 төгрөгийн цалинг төлнө, харин автозогсоолын төлбөрийг 8,000 төгрөг, шатахууны зардлыг 20,000 төгрөгөөр тохирч, эдгээр төлбөрийг суутган тооцоо нийлсэн байхад шүүх үнэлж чадаагүй...” тухай гомдлыг хангахгүй орхив.
............ нь “............” ХХК-д 2019.01.07-ны өдрөөс жолооч, борлуулагчийн ажилд орж, өөрийн эзэмшлийн 23-46 УНТ улсын дугаартай Тоёото Раш маркийн автомашинаар өндөгний борлуулалт хийж байгаад 2019.03.07-ны өдрийн 0019/069 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн, талууд хөдөлмөрийн гэрээний харилцаатай байсан талаар маргаагүй байна. Харин хөдөлмөрлөх явцад ажилтан эд хөрөнгийн хохирол учруулсан эсэх, ажил олгогч гэрээний дагуу цалин хөлс, нэмэгдлийг бүрэн олгосон эсэх асуудал зохигчийн хоорондох маргааны зүйл болжээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ............... нь зарлагын баримтаар өндөг хүлээн авч, борлуулсан орлогыг байгууллагад өгөлгүй 7,891,300 төгрөгийн хохирол учруулсан, уг төлбөрөөс 2,190,000 төгрөгийг төлсөн, үлдэх 5,701,300 төгрөг гаргуулна...” гэж тооцоо нийлсэн акт /хх 32-33/, зарлагын баримтууд /хх 11-31/-ыг шүүхэд ирүүлсэн боловч шинжээч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019.08.16-ны өдрийн 3705 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ...хэргийн 16, 17, 19, 22, 23, 24, 25, 26, 31 дүгээр хуудсанд авагдсан зарлагын баримтуудын хүлээн авагч хэсэгт зурагдсан гарын үсгүүд нь ............ын гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна гэсэн дүгнэлт гарсан, түүнчлэн хариуцагчийн гэм буруу, учруулсан хохирлын хэмжээ тогтоогдоогүй, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон талаарх шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад үндэслэгдсэн байна.
Ажил олгогч нь ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан боловч ажилтны гэм буруу, түүний учруулсан хохирлыг нотолж чадаагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд тэр нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй. ............ байгууллагад хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохыг шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогоогүй, ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан этгээдэд хамаарахгүй, дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг эгүүлж төлөөгүй байдал тогтоогдоогүй тул эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно” гэж, 51 дугаар зүйлийн 51.1-д “Ажилтанд ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн нөхцөлийн болон бусад нэмэгдлийг хамтын гэрээгээр тогтоон олгоно.” гэж тус тус заасан.
Иймд ажилтанд олгоогүй дутуу цалин 398,000 төгрөгийг, хөдөлмөрийн гэрээний 3.2.2-т зааснаар цалин, нэмэгдэл, нөхөн олговрыг олгох үүргийг ажил олгогч хүлээсэн, ажилтанд автомашины гаражийн төлбөр, шатахууны зардлыг олгох тохиролцоог ажил олгогч маргаагүйгээс үзэхэд хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл болох автомашины дулаан гаражийн төлбөр 308,000 төгрөг, шатахууны зардал 253,773 төгрөг, нийт 959,773 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй байна.
Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/03101 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 464 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 17,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ
П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
Х.СОНИНБАЯР