Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2021/01368

 

 

 

 

 

 

2021           11            11                                          001/ХТ2021/01368

“............” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч Л.Атарцэцэг, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаар магадлалтай,

“............” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Сэлэнгэ аймаг дахь ............т холбогдох

СШГ дугаар тайлан, түүгээр тогтоосон хууль бус үнэлгээг тус тус хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Нарангэрэлийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов.

Нэхэмжлэгч “............” ХХК-н захирал Ц.Нарангэрэл анхан шатны шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймаг дахь ............ манай компанийн үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулан хураасан барьцаан дахь Сэлэнгэ Гурванбулаг ХХК-ийн үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг тогтоогдохдоо дараах байдлаар хууль зөрчсөн юм. Үүнд:...ноцтой зөрчсөн байна....Иймд хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шаардлагад үл нийцэх Баян модот ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн СШГ/2019021803 дугаартай тайлан, түүгээр тогтоосон хууль бус үнэлгээг тус тус хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Далайжаргал анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас “............” ХХК-нд холбогдуулан гаргасан 2018.02.09-ний өдрийн 67 дугаартай шийдвэр, Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.10.04-ний өдрийн 001/ХТ2018/01327 дугаартай тогтоолын дагуу “............” ХХК-ийн зээлийн барьцаанд ............, ............, ............, ............ дугаартай газар эзэмших гэрчилгээний дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж МТ Петролиум ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн шийдвэр, тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийж, зээлийн барьцаанд бүртгэгдсэн гэх үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хураах ажиллагаа явагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлд заасныг үндэслэн Баян модот ХХК-ийн шинжээч, үнэлгээчин С.Цэвээнроломыг 2019.01.23-ны өдрийн 18180106/08 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор томилсон. ...Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т ...үнэлгээчин үйл ажиллагаа аж ахуйн нэгжийн хэлбэрээр явуулж болно гэж заасан байх бөгөөд хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл аж ахуй нэгж байгууллага дээр биш зөвхөн мэргэшсэн үнэлгээчин хувь хүн дээр гардаг байгаа юм. Иймд үнэлгээчин С.Цэвээнроломын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар болон хариуцлагын даатгалын гэрээ зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг мэргэшсэн үнэлгээчин гаргасан бөгөөд уг үнэлгээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар болон төлбөр төлөгч, төлбөр авагч нь хөндлөнгөөс нөлөөлж оролцох эрхгүй байдаг. Иймд Ц.Нарангэрэлд холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байх тул хариуцагчийн гаргасан үнэлгээнд гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаартай шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т зааснаар хариуцагч буюу гомдол гаргагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............ ХХК-ийн захирал Ц.Нарангэрэлийн нэхэмжлэлтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гаргасан гомдол-ыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2283 дугаартай ............ ХХК-нд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.гээд эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-нй өдрийн 16 дугаар магадлалаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Нарангэрэл хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул энэхүү гомдлыг гаргаж байна: ...Бид шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан хөрөнгийн үнэлгээнд холбогдуулан шүүхэд гомдол гаргасан билээ. Өөрөөр хэлбэл, төлбөрт хураагдсан хөрөнгийг хэт үндэслэлгүй бага үнэлсэнд гомдолтой байгаа юм. ....Нэгдүгээрт: Өртөгийн хандлагын аргыг үнэлгээчин хэрэглэхдээ барилга ашиглалтанд орсон оныг 1965 он гэх хийсвэр тоо ашиглан хэт үнэгүйдүүлсэн үндэслэлээ шүүх хуралдаанд “...төлбөр төлөгчөөс энэ талаар асууж тодруулахад “тодорхой мэдэхгүй” гэсэн хариулт өгсөн” гэж шүүхэд миний гаргасан тайлбараас эсрэг тайлбарыг нотлох баримтгүйгээр амаар л мэдүүлснийг шат шатны шүүхүүд үнэлж үндэслэсэн. Миний тайлбарыг нотлох баримт хавтас хэргийн 112 дугаар талд бий. Уг 2019.01.28-ны өдрийн албан тоотоор аудитлагдсан тайлан хүргүүлэх тухай мэдэгдсээр байтал ............ болон үнэлгээчин тус тус үл хэрэгсэж Аудитын тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, тэдгээрийг дагалдах журмыг тус тус зөрчих байдлаар үнэлгээг хийсэн юм. Мөн 1965 онд ашиглалтанд орсон гэдгийг нотлох гэрч гэгчийн тодорхойлолт гэгдэх нотариатаар баталгаажаагүй, шүүхэд гэрчээр асуугдаагүй буюу хүчин төгөлдөр бус баримтыг үнэлгээчин үнэлгээний үндэслэлээ нотлох тайлбарын иш үндэс болгосныг шат шатны шүүхүүд үнэлж үндэслэсэн. Үнэлгээний үндэслэлийг гэрчилж тодорхойлж буй гэгдэх Ж.Жамбалдорж нь манайхтай худ ургийн холбоотой хүн билээ. Иймд Ж.Жамбалдорж нь шүүхэд биеэр ирж, нотариатад биеэр очиж ийм тодорхойлолт, мэдүүлэг өгсөн, өгөх эсэх нь тун эргэлзээтэй асуудал билээ. Хоёрдугаарт: Газрын үнэлгээг гаргахдаа бизнесийн зорилгоор ашиглаж байгаа капиталжуулалт, сайжруулалт хийгдсэн газрын үнэлгээнд хамаарахгүй Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг үндэслэн үнэлсэн гэж тайлбарладаг. Гэтэл Засгийн газрын 182 дугаар тогтоол нь Газрын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Чөлөөт бүсийн тухай хуулийн 22.3-т заалтыг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан тогтоол юм. Өөрөөр хэлбэл газар эзэмшигч ашиглагчаас авах газрын төлбөр хураамж тогтоохтой холбоотой асуудлыг зохицуулсан зохицуулалт билээ. Зүй нь газрын үнэлгээ тогтоохдоо Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институт, Газрын Харилцаа Геодизи Зураг Зүйн Газар, Барилга Хот Байгуулалтын Яам хамтран баталсан Газрын эдийн засгийн үнэлгээний аргачлалыг мөрдөх учиртай билээ. Гуравдугаарт: “Бизнесийн үнэлгээ хийх аргачлал”, “Татварын суурь үнэлгээний аргачлал”, эдгээр аргачлалыг мөрдүүлэхэд хэрэглэгдэхээр заагдсан Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институтын дэргэдэх Үнэлгээний мэдээллийн сан, Татварын ерөнхий газар, Сангийн яамны мэдээллийн сан, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санг тус тус ашиглан зах зээлийн жишиг үнийн хандлага, орлогын хандлагыг тус тус тодорхойлох байтал мэргэжлийн үнэлгээчин “тус унэлгээ хийж буй байршилд үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг түрээсэлсэн мэдээлэл хангалттай биш гэж үзсэн тул орлогын хандлагаар үнэлээгүй” гэх тайлбар нь бараа, ажил, үйлчилгээ явагдсан нь татварын албаны бүртгэлээр албажих хуулийн зохицуулалтаас давсан байтал шат шатны шүүхүүд үнэлж үндэслэсэн. Өөрөөр хэлбэл хууль ёсны нэгдсэн сангийн мэдээллээр үнэлгээний үндэслэлээ нотлоогүй байхад шүүх үнэлгээчний “...дурын тооцооны хүн аваад хийж болно” гэх хууль, журам, стандарт давсан “ам тайлбараарх” үнэлгээг бодитой, үндэслэл бүхий гэж үнэлж үндэслэсэн. Энэ байдал зах зээлийн хандлагаарх үнэлгээний тооцоололд мөн л давтагдсан. Жишээ нь /Сэлэнгэ аймгийн хэмжээний үл хөдлөх хөрөнгө зарагдсан мэдээлэл байхгүй учраас Ерөө суманд гэж бичсэн нь жишээ байдлаар тайланд тусгагдсан болохоос энэ нь үнэлгээнд ач холбогдолгүй юм гэх” зэрэг холбогдох хуулийн зохицуулалтаас давсан илэрхий худал тайлбарыг үнэлж үндэслэсэн. Дөрөвдүгээрт: Шат шатны шүүхүүд доор дурдсан асуудалд хуулийн хэрэглээг бүрэн орхигдуулсан нь “мөнгө угаах ажиллагааг” хууль хэрэглэж зөвтгөсөн хуулийн ноцтой “кэйс гажуудал” юм. Үүнд: •Аудитлагдсан санхүүгийн тайлангүй үнэлгээний компанитай Сэлэнгэ аймаг дахь ............ гэрээ байгуулсан, •ХХ-ийн 80-83-р талд авагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-нд ажлын хөлсийг тодорхой тусгаагүй буюу гэрээний стандарт нөхцөл хангасан гэрээ байгуулаагүй, •Үнэлгээчний хариуцлага 1 жилийн хугацаатай 3 сая төгрөгөөр хязгаарлагдаж байтал түүнээс хэдэн арав дахин үнэлгээтэй ажилд томилсон, үнэлгээний ажилтай холбогдон үүсэх хариуцлагын асуудал гэрээнд тодорхойгүй, •Үнэлгээний компани үнэлгээ хийснээс хойш 7 хоногийн дотор үнэлгээний ажлын хөлсний дахин давтагдашгүй дугаар бүхий нэхэмжлэлийг илгээж үнэлгээний ажил гүйцэтгэснээ татварын нэгдсэн системд тайлагнаагүй, тайлагнаснаа шүүхэд нотлоогүй. Ийнхүү дээр дурдсан олон хуулийн зүйл, заалтыг зөрчих замаар үнэлгээчин өөрийн зохиосон зохиомол тоо баримтаар “спорт заал”-ны обьектыг 3 өрөө байрны үнээр үнэлж хэт үнэгүйдүүлэх үйл ажиллагаа явагдаад байгаа юм. Иймд хууль ёсны үндэслэлгүй шийдвэр, магадлалыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, миний нэхэмжлэлийг ханган шийдэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

“............” ХХК нь Сэлэнгэ аймаг дахь ............т холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч зөвшөөрөхгүй маргажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо газар эзэмших эрхийн үнэлгээнээс бусад хөрөнгийн үнэлгээний талаар Шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн дүгнэлтийг хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

“............” ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу 385,122,600 төгрөгийг МТ Петролиум ХХК-д төлөх, үүргээ гүйцэтгээгүй бол барьцаа хөрөнгө болох агуулах, дэлгүүрийн зориулалттай 3 үл хөдлөх эд хөрөнгө, 4449м2 талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхээс үүргийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан, талууд дуудлага худалдаанд оруулах хөрөнгийн үнийг харилцан тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгч 2019.01.28-ны өдрийн 01/02 тоот тогтоолоор шинжээч томилсон, шинжээч “Баян модот” ХХК нь барьцааны зүйл болох “Сэлэнгэ гурван булаг” ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн ............дугаартай 490м2 талбайтай агуулах, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 76,751,399 төгрөгөөр, Y-............ дугаартай 296м2 талбайтай дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 46,364,110 төгрөгөөр, ............дугаартай 315,8м2 талбайтай агуулах, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 49,465,493 төгрөгөөр, Сүхбаатар сумын 3-р баг, 5-х хэсэгт байршилтай 4449м2 талбай бүхий газар эзэмших эрхийг 53,388,000 төгрөгөөр нийт 225,969,000 төгрөгөөр үнэлж, 2019.02.19-ний өдрийн тайланг ирүүлжээ. /хх-33-42/

Шинжээч нь агуулах, дэлгүүрийн зориулалттай 3 үл хөдлөх хөрөнгийг өртөгийн хандлагын аргаар, газар эзэмших эрхийн үнэлгээг Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын хавсралтаар баталсан суурь үнэлгээг баримтлан тус тус үнэлсэн ба нэхэмжлэгч нь үнэлгээг эс зөвшөөрөхдөө “...шинжээч орлогын, зах зээлийн жишгийн хандлагын аргыг хэрэглээгүй, баримт, судалгааг үндэслэхгүйгээр барилгыг 1965 онд баригдсан гэж хийсвэрээр зохиож, ашиглалтын хугацааг буруу тодорхойлж эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн, газрын үнэлгээг тогтоохдоо газрын засч сайжруулсан зардлыг орхисон, газрын үнэлгээнд хамаарахгүй Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг баримталсан, үнэлгээний тайланд тусгавал зохих зүйлийг бүрэн тусгаагүй, баримт хавсаргаагүй... хариуцагч нь үнэлгээний тайланг гардуулаагүй...” гэжээ.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл, шийдвэр гүйцэтгэгчээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар санал ирүүлэх, үнэлгээний талаар гомдол гаргах тухай мэдэгдэл хүргүүлсэн хэлбэр, хугацаа хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан шүүхэд хандах хугацааг хэтрүүлээгүй байна.

Хөрөнгийн байршил, шинж чанар, барилга ашиглалтад орсон ойролцоо барилгыг харьцуулан агуулах, дэлгүүрийн зориулалттай 3 үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй, төлбөр төлөгч нь үнэлгээчний зүгээс шаардсан баримтыг өгөөгүй, шинжээчийн дүгнэлт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1,  Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй, хариуцагчаас шүүхэд ирүүлсэн баримт нотолгоог нэхэмжлэгч нь баримтаар үгүйсгэж чадаагүй, эдгээр хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Харин шинжээч газар эзэмших эрхийг үнэлэхдээ уг газрын шинж байдлыг засч, сайжруулалт хийсэн эсэхийг тодруулаагүйгээс гадна зах зээлийн үнэлгээ тогтооход шууд хамаарахгүй буюу төрийн өмчийн газрыг эзэмшиж, ашигласны төлөө төлбөр ногдуулах, уг төлбөрийг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулсан Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын хавсралтаар баталсан суурь үнэлгээг баримталсан байхад хоёр шатны шүүх энэ талаар хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй, шинжээч газар эзэмших эрхийн зах зээлийн үнэлгээг тогтоосон гэж үзэх боломжгүй байна.

Иймд газар эзэмших эрхийн үнэлгээг хүчингүй болгон, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, ...баримтлан Сүхбаатар сумын 3-р баг, 5-р хэсэгт байршилтай 4449м2 талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг 53,388,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлээс улсын бүртгэлийн ............дугаартай 490м2 талбайтай агуулах дэлгүүрийн зориулалттай, Y-............ дугаартай 296м2 талбайтай дэлгүүрийн зориулалттай, ............дугаартай 315,8м2 талбайтай агуулах, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                       Г.БАНЗРАГЧ

                        ШҮҮГЧИД                                        Л.АТАРЦЭЦЭГ

                                                                                 П.ЗОЛЗАЯА

                                                                                 Б.МӨНХТУЯА

                                                                                 Х.СОНИНБАЯР