Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 35

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

    Нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

    Улсын яллагч Б.Чимгээ,

          Шүүгдэгч Д.Галдандагва, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Галдандагвад холбогдох эрүүгийн 2016 2501 3720 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, Дорнод аймагт 1978 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн 1 дүгээр гудамжны 7 тоотод оршин суух бүртгэлтэй, Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 1 дүгээр гудамжны 19 тоотод оршин суудаг, урьд нь 5 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан,

          Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1997 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 87 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 6 сар хорих ял,

          Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 81 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 1 жил хорих ял,

          Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 296 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял,

          Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 203 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял,

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 241 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгүүлсэн, Йеншөөбү овогт Даваагийн Галдандагва /Регистрийн дугаар: ЖЮ78022374/,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

          Д.Галдандагва урьд нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдээд яллагдагчаар татагдан мөрдөн байцаалтын ажиллагаа хийж байхад 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул худалдааны төвийн түрээслэгч Д.Сугармаагийн гар цүнхийг хулгайлж, 1.271.000 төгрөгийн хохирол учруулан, хулгайн гэмт хэргийг давтан үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Галдандагвын өгсөн: “Би 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Нарантуул” зах дээр 14 цагийн үед очсон. Тэгээд 18 цагийн үед захаас гарахад гутлын лангуун дээр ягаан өнгийн цүнх байсан боловч ойролцоо хүн харагдахгүй байхаар нь авсан. Тэгээд цаашаа яваад уг цүнхнээс гар утас болон мөнгө зэргийг авсан. Тэгээд цаашаа яваад Ганзориг, Отгонбаяр, Эрдэнэсувд гуравтай таарч Эрдэнэсувдад энэ цүнхийг хаячих гээд өгсөн. Тэгээд Сансарт гар утсыг 80.000 төгрөгөөр зарж бааранд орж архи ууж байгаад тасарч Сансарт нэг байрны гадна үүрээр сэргэсэн. Мөн Ганзориг, Отгонбаяр, Эрдэнэсувд гуравт мөнгө, гар утасны талаар хэлээгүй” гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Сугармаагийн өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 05-ны орой 18.20 цагийн үед Нарантуул худалдааны төвийн лангууныхаа барааг хурааж дуусчихаад дээврийн цасаа буулгахаар цүнхээ лангуунаас өлгөчихөөд цасаа унагаачихаад цүнхээ авах гэтэл алга болсон байсан. Тэгтэл хажуу лангууны худалдагч Насаа сая энүүгээр нэг хүн явсан гэхээр нь араас нь хайж гүйгээд олоогүй. Тэгээд цагдаад өргөдөл өгсөн. Ягаан өнгийн даавуун цүнх байсан ба дотор нь Самсунг галакси А-8 маркийн гар утас, түрийвчтэй бэлэн мөнгө, Эрээн явах ирэх вагоны болон автобусны билет, эм ном гоо сайхны хэрэгсэл зэрэг зүйл байсан. Үүнээс бэлэн мөнгө, гар утас, гоо сайхны хэрэгслээс бусад бүх юм нь цүнхтэйгээ Баялаг ундраа худалдааны төвийн арын хогийн савнаас олдсон. Тооцоо хийж үзэхэд бэлэн 320.000 төгрөг байсан. Гоо сайхны хэрэгсэл нь нэг их олигтой зүйл байгаагүй, яг юу байсныг мэдэхгүй байна. Утас мөнгөө олж авмаар байна” гэх мэдүүлэг /хх.21-23, 40/,

 

          Мөрдөн байцаалтанд гэрч Г.Насангийн өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 19 цаг болох гэж байхад лангууныхаа барааг хурааж байгаад бор хүрэн өнгийн савхин курткатай 30-35 орчим насны залуу өнгөрөхөөр нь хулгайч биш байгаа даа гэж сэжиглэсэн. Төд удалгүй 4-5 минутын дараа Сугармаа юмаа алдчихлаа гээд орилсон. Сая наагуур чинь нэг хулгайч царайтай нөхөр өнгөрсөн гээд хамт урд талын төв хаалга хүртэл гүйгээд олоогүй. Царайг нь харсан, цүнх авч байхыг нь бол хараагүй. Энэ зурган дээрх хүн мөн байна. Энэ хүн ганцаараа явж байсан” гэх мэдүүлэг /хх.41/,

 

          Мөрдөн байцаалтанд гэрч Б.Ганзоригийн өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 05-

ны 17 цагийн үед Нарантуул захын хойд хаалган дээр зүс таних Эрдэнэсувд, Отгонбаяр 2-той таараад хүүхдийн бараа руу ороод найз Галдандагватай таарсан. Тэр гартаа шар тортой юм барьчихсан байснаа энийг хаячих гээд Эрдэнэсувдад өгсөн. Юу өгсөн талаар нь би асуугаагүй. Тэгээд бөөнөөрөө явж байгаад Баялаг ундраа төвийн баруун хойд талын хогийн саванд Эрдэнэсувд тортой зүйлийг нь хаясан. Би Сансарын тэндээс салаад гэр рүүгээ явсан. Хулгайн эд зүйл байсныг мэдээгүй. Эрдэнэсувдад өгөх үед нь юу юм бэ гэхэд юу ч бишээ л гэсэн. Тэр үед Галдандагва бор хүрэн өнгийн савхин куртка, хар өмдтэй байсан” гэх мэдүүлэг /хх. 43/,

 

          Мөрдөн байцаалтанд гэрч Б.Эрдэнэсувдын өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 05-ны орой 18 цагийн үед Отгонбаяр Ганзориг нартай 3-уулаа Нарантуул зах руу ороод хувцасны хажуугаар явж байтал Галдандагва таарсан. Нэг шар тортой юм барьсан байхаар нь юу яах гэж байгаа юм гэхэд яах ч үгүй хаячих гээд надад өгсөн. Би сонирхоод онгойлготол эмэгтэй хүний даавуун цүнх, дотор нь баахан эм шиг зүйл байсан. Тэгээд харж байтал Галдандагва наадхаа хаяач гэхээр нь Баялаг ундраа төвийн хойд талын хогийн саванд хаясан. Би тэр цунхнээс юу ч аваагүй. Галдандагва нэг цүнх авсан чинь хоосон юм байна гэсэн. Хаанаас авснаа хэлээгүй” гэх мэдүүлэг /хх.44-45/,

 

          Мөрдөн байцаалтанд Д.Галдандагвын яллагдагчаар өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн үед Нарантуул дээр ирээд хойд хаалганы тэнд архи ууж байгаад зах тарах үеэр18 цагийн орчим ганцаараа дотогш орсон. Захын урд төв хаалганы тэндээс микронд суух бодолтой гутлын лангуунуудын голоор явж байтал нэг лангуун дээр ягаан өнгийн цүнх байсан. Тэмтрээд үзтэл юм байх шиг болохоор нь ойр хавиа хартал хүн байгаагүй. Ингээд шууд аваад нэлээн баруун тийшээ яваад онгойлгож үзээд гар утас, түрийвч 2-г гаргаж ирээд түрийвчнээс нь 320.000 төгрөг байсныг аваад цүнхийг нь уутанд хийгээд бариад явж байтал Ганзориг, Эрдэнэсувд, Отгонбаяр нар таарсан. Тэгээд би Эрдэнэсувдад сая нэг цүнх авсан чинь хоосон юм байнаа гэж хэлээд тортой цүнхээ хаячих гээд өгсөн. Сувдаа Баялаг ундраагийн хавьд хаясан байх. Би авсан эд зүйлээ тэр 3-т хэлээгүй. Сансарын орчим тэд нараас салаад авсан гар утсаа гудманд явсан танихгүй хүнд 80.000 төгрөгөөр зараад бааранд орж архи уусан. Ямар бааранд орсноо санахгүй байна. Үүрээр Сансарын нэг байрны орцонд сэрсэн. Надтай таарсан 3 хүн үүнд огт хамаагүй” гэх мэдүүлэг /хх.47/,

 

          Эд зүйлийн үнэлгээний баримт /хх.16/,

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 241 дүгээр шийтгэх тогтоол /хх.51/ зэрэг болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирчээ.

 

          Д.Галдандагва урьд нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдээд яллагдагчаар татагдан мөрдөн байцаалтын ажиллагаа хийж байхад 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул худалдааны төвийн түрээслэгч Д.Сугармаагийн гар цүнхийг хулгайлж, 1.271.000 төгрөгийн хохирол учруулан, хулгайн гэмт хэргийг давтан үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтанд хохирогч Д.Сугармаа /хх.21-23, 40/, гэрч Г.Насан /хх.41/, Б.Ганзориг /хх. 43/, Б.Эрдэнэсувд /хх.44-45/ нарын өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд /хх.47/ болон шүүхийн хэлэлцүүлэгт Д.Галдандагвын өгсөн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Д.Галдандагвыг бусдын эд хөрөнгийг давтан хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Галдандагва урьд нь шүүхээс 5 удаа ял шийтгүүлж байсан бөгөөд сүүлд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт хорих ял шийтгүүлсэн шүүхийн шийтгэх тогтоол гарахын өмнө гэмт хэрэг шинээр үйлдэн шийтгүүлж байгаа тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын заримыг нэмж нэгтгэн гэмт этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй.

 

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Д.Галдандагвын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн ял хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж гэм хорыг арилгаагүй, гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзаж үзсэн болно.

 

Шүүгдэгч Д.Галдандагва нь оршин суугаа тодорхой хаяггүй, хувьд оногдох хөрөнгөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй байх тул түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй байна.

 

Шүүгдэгч Д.Галдандагвын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 20 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хохирогч Д.Сугармаагийн өөрөө олж авснаас бусад хулгайд алдсан эд зүйлс буюу гар утасны үнэ 750.000 төгрөг, бэлэн 320.000 төгрөг, нийт 1.070.000 төгрөгийг шүүгдэгч Д.Галдандагваас гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлүүд, 290 дүгээр зүйлийн 290.3 дах хэсэг, 291 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Йеншөөбү овогт Даваагийн Галдандагвыг бусдын эд хөрөнгийг давтан хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Галдандагвад эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Галдандагвад энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурван жилийн хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 241 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялын заримыг буюу 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгчийн биечлэн эдлэх нийт хорих ялыг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Галдандагвад оногдуулсан 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Галдандагвын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 20 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсгай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Галдандагваас 1.070.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Сугармаад олгосугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, уг шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Галдандагвад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

          10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР