Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
Хэргийн индекс | 101/2019/02775/И |
Дугаар | 101/ШШ2019/02635 |
Огноо | 2019-10-01 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 101/ШШ2019/02635
2019 оны 10 сарын 01 өдөр Дугаар 101/ШШ2019/02635 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Г Б” ХХК байранд байрлах, УБД:*******, РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, Б /РД:*******/,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, А /РД:*******/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 89.518.492,64 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюун-Эрдэнэ,
Хариуцагч, хариуцагч Б.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхтөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г Б” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюун-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Ч.Б, Б.А нар нь 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Г Б”-тай ЗГ2405110112 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 80.000.000 төгрөгийг жилийн 8% хувийн хүүтэйгээр 240 сарын хугацаатай зээлж авсан болно.
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ЗБ2405110112 дугаартай Ипотекийн гэрээгээр Ч.Бийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, ******* ******* ******* байрны ******* тоот 58.11 м.кв, улсын бүртгэлийн ******* дугаар бүхий хоёр өрөө орон сууцыг барьцаалсан.
Гэтэл зээлдэгч Ч.Б, Б.А нар ЗГ2405110112 дугаартай зээлийн гэрээний хавсралтын дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хойш зөрчиж эхэлсэн.
Хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээл 1.232.276.83 төгрөг, хүү 6.015.963.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 337.39 төгрөг, нийт 7.248.577.78 төгрөг төлсөн.
Зээлийн гэрээний хуваарийн дагуу эргэн төлөлт хийхийг салбарын эдийн засагч нь зээлдэгч нарт утсаар мэдэгдсэн, мөн зээлийн эргэн төлөлт хийхийг мессежээр сар бүр явуулж байсан.
Мөн тус банкны тусгай активын газарт зээлийн асуудал шилжиж ирснээс хойш буюу 2019 оны 01 дүгээр сараас эхлэн зээлдэгч Ч.Б, Б.А нартай холбогдож, зээл төлөхийг сануулж байснаас гадна 2019 оны 06 дугаар сард эргэн төлөх хуваарийн дагуу зээл төлөх талаарх шаардлага хүргүүлсэн.
Зээлдэгч нарт зээлийг хуваарийн дагуу төлөхийг шаардаж байсан боловч эргэн төлөлтийн хуваарь 2017.10.26-ны өдрөөс эхлэн зөрчигдсөн нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д заасан ноцтой зөрчилд хамаарч байна.
Ч.Б, Б.А нар зээлийн гэрээний хавсралтаар тохиролцсон хуваарийн дагуу төлөх үүргээ удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөхийг мэдэгдсэн боловч төлөхгүй байсаар 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар зээл, зээлийн хүүний төлбөрийг 660 хоног хугацаа хэтрүүлсэн.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-д :“банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудна”, 4.4.1-д: “зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй” гэж заасан.
Зээлдэгч Ч.Б, Б.А нар зээл, зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хойш төлөөгүй байгаа нь ноцтой зөрчилд хамаарч байх тул гэрээний 4.4.1-д зааснаар зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцлах үндэслэл бий болсон гэж үзэж байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, 158 дугаар зүйлийн 158.1-т “Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана” гэж 174 дүгээр зүйлийн 174.1-т “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй" гэж тус тус заасан.
Иймд талуудын хооронд 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан №ЗГ2405110112 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Ч.Б, Б.А нараас үндсэн зээлийн үлдэгдэл 78.767.723,17 төгрөг, зээлийн хүү 10.703.778,27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46.991,20 төгрөг, нийт 89.518.492,64 төгрөг гаргуулж өгнө үү.
Зээлдэгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд талуудын хооронд 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан №ЗБ2405110112 тоот ипотекийн гэрээгээр барьцаалсан Ч.Бийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, ******* ******* ******* байрны ******* тоот 58.11 м.кв, улсын бүртгэлийн ******* дугаар бүхий хоёр өрөө орон сууцыг албадан худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч, хариуцагч Б.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Чойжилсүрэн овогтой Б, Батболд овогтой А бид 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Г Б”-тай “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулан 80.000.000 төгрөгийг, 240 сарын хугацаатай буюу 2036 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалттай зээлж авсан.
Зээлийн гэрээний үүргийг хангах арга болгож 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр №ЗБ2405110112 тоот ипотекийн гэрээ байгуулан Ч.Бийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, ******* *******, 55 а байр, ******* тоот хаягт байршилтай орон сууцыг барьцаалсан.
“Г Б”-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний хувьд маргах зүйлгүй. Зээлийн гэрээний үүрэгт 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээл 1.232.276.83 төгрөг, хүү 6.015.963.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 337.39 төгрөг, нийт 7.248.577.78 төгрөг төлсөн. Одоо нэхэмжилж буй үндсэн зээлийн үлдэгдэл 78.767.723,17 төгрөг, зээлийн хүү 10.703.778,27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46.991,20 төгрөг, нийт 89.518.492,64 төгрөгийн үнийн дүнд маргахгүй.
Ажлаасаа халагдаад байнгын орлогогүй болсон тул 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн зээлээ цаг тухайд нь төлж чадаагүй.
Зээл төлөх талаар банкны зүгээс удаа дараа шаардаж байсантай маргахгүй.
“Г Б”-ны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлагыг зөвшөөрөхгүй, 2020 оны 01 дүгээр сараас ажилд орж, зээлийг тогтмол төлөх боломжтой болчих тул гэрээг үргэлжлүүлэх хүсэлтэй байна. Өөрөөр хэлбэл 2019.07.09-ний өдөр хүртэлх хугацааны зээл, зээлийн хүүг хагас жилийн дотор хувааж төлөөд зээлийн гэрээг цааш үргэлжлүүлэх саналтай.
Энэ хүсэлтээ банкинд албан ёсоор тавьж байгаагүй. 2019.06.03-ны өдөр 3000 ам.доллар төлөх гэтэл банкны зүгээс хуримтлагдсан зээлийг бүхэлд нь төлөх шаардлага тавьсан учир төлөлт хийгээгүй юм.
Иймд “Г Б”-ны нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г Б” ХХК нь хариуцагч Ч.Б, Б.А нарт холбогдуулан талуудын хооронд 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 78.767.723,17 төгрөг, зээлийн хүү 10.703.778,27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46.991,20 төгрөг, нийт 89.518.492,64 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зээлдүүлэгч “Г Б” ХХК нь зээлдэгч Ч.Б, Б.А нарын хооронд 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр №ЗГ2405110112 тоот “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулан, 80.000.000 төгрөгийг, зээлийн жилийн хүү 8 хувь, 240 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалттай зээлдүүлсэн болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн тооцоо, хүү тооцоололын хүснэгт, зээлийн дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна.
/хх-ийн 10-14 тал/
Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож зээлдэгч Ч.Бийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-2204082832 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол //, ******* *******, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, №000508776 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, орон сууцны зориулалттай, 58.11 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууц барьцаалж, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр №ЗБ2405110112 тоот ипотекийн гэрээ байгуулсан байна.
/хх-ийн 15-18 тал/
Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ипотекийн №№ЗБ2405110112 тоот гэрээг талууд бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, мөн өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар хүчин төгөлдөр болжээ.
Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний талаар талууд маргаагүй, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан, гэрээгээр зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа болон зээлдэгч нар зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус тус тохиролцсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж заасантай нийцсэн байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д: “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасны дагуу зээлдэгч Ч.Б, Б.А нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д заасан зээл буцаан төлөх хуваарийг зээлдэгч нар удаа дараа зөрчсөн, гэрээгээр тохирсон эргэн төлөлтийн хуваарийг эс биелүүлж, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийг зээлдэгч нар биелүүлээгүй, тэдэнд үүргээ биелүүлэхийг шаардсан боловч зөрчлөө арилгаагүй нь ноцтой зөрчсөн гэж үзэх тул гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.1-т зааснаар зээлдүүлэгч нь Ч.Б, Б.А нартай байгуулсан орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас өмнө буюу 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөр тооцон гэрээг цуцалж зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан нь үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Ч.Б, Б.А нар зээлийн гэрээний хавсралтаар тохиролцсон зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй нь ажлаас чөлөөлөгдсөнтэй холбоотой, 2020 оны 1 сараас байнгын ажлын байртай болох тул зээл, зээлин хүүг гэрээнд заасны дагуу төлөх боломжтой болох тул гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №ЗГ2405110112 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-ний хугацаа 240 сар, тодруулбал 2036 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаатай, эргэн төлөх хуваарьт заасны дагуу төлж байхаар тохиролцсоноос үзэхэд уг гэрээ нь урт хугацаатай гэрээ байх бөгөөд талууд ийнхүү хугацаа, төлөлтийг тохиролцсон нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т зааснаар гэрээний гол нөхцөл болно.
Зээлдэгч Ч.Б, Б.А нар гэрээнд заасан зээлийн төлбөрийг тодорхой цаг хугацаанд, тогтсон дүнгээр төлж биелүүлэхээр гэрээний гол нөхцөл болгон зээлдүүлэгчтэй тохиролцсон тул энэ нь талуудын хувьд хугацаа, эргэн төлөлт нь гэрээний үүргээ тохирсон хугацаандаа зохих ёсоор биелүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.
Талуудын хооронд байгуулагдсан “Орон сууцны зээлийн гэрээ”-ний 4.4-д зээлийн гэрээг банкны санаачилгаар хугацаанаас өмнө цуцлах үндэслэлийг тохиролцсон байх ба 4.4.1-т :”Зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй” гэх үндэслэлийг зохицуулжээ.
Хариуцагч Ч.Б, Б.А нар зээлийн гэрээний үүрэгт эргэн төлөлтийн хуваарьт тусгагдсаны дагуу 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хооронд үндсэн зээлд 1.232.276.83 төгрөг, хүүд 6.015.963.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 337.39 төгрөг, нийт 7.248.577.78 төгрөг төлсөн байх бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн, мөн өдрөөс зээлийн эргэн төлөлт хийгдээгүй болох нь тогтоогдож байх ба зохигч үүнтэй маргасангүй.
/хх-ийн 19 тал/
Зээлдэгч нар гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан зээлийн эргэн төлөлтийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн зөрчсөн, зээлдүүлэгчийн зүгээс үүргээ гүйцэтгэхийг зээлдэгч нарт дээрх өдрөөс эхлэн сар тутамд цахим шуудан илгээх, 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдэл хүргүүлэх зэргээр мэдэгдэж байснаас үзэхэд зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлдүүлэгчийн зүгээс тэдэнд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн гэж үзнэ.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.1-т заасан зээлдүүлэгч гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд зээлдүүлэгч нь 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т тус тус зааснаар гэрээ цуцлах талаар зээлдэгчид мэдэгдсэн, үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, түүнчлэн үүргээ гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан зэргээс үзэхэд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй болох нь тогтоогдож байна гэж үзэхээр байна.
Зээлдэгч Ч.Б, Б.А нар гэрээний үүргийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу биелүүлээгүй, дутуу биелүүлсэн, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хойш гэрээний үүргийг биелүүлээгүй тул зээлдүүлэгч нь гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.1-т зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлах шаардлагыг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөр тооцож гаргасан тул мөн өдрөөр гэрээг цуцалж, цуцлах хүртэл хугацааны гэрээний үүргийг шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 зүйлийн 3 дах хэсэгт: “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заажээ.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болсон гэж тооцоход талуудын гэрээгээр тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг мөн өдрөөс хойш тооцох ёстой бөгөөд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар нэмэгдүүлсэн хүү нь гэрээний хугацаа дууссанаас хойш хүлээдэг үүрэг гүйцэтгэгчийн хариуцлага учраас гэрээг хугацаанаас өмнө цуцалж байх тул тэдний зээл ашигласан хугацаанд хариуцлага тооцох үндэслэлтэй.
Иймд хариуцагч Ч.Б, Б.А нараас 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 78.767.723,17 төгрөг, зээлийн хүү 10.703.778,27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46.991,20 төгрөг, нийт 89.518.492,64 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г Б” ХХК-д олгож шийдвэрлэлээ.Bottom of Form
Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан барьцааны зүйл болох Ч.Бийн өмчлөлийн
Эрхийн улсын бүртгэлийн Y-2204082832 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол //, ******* *******, 55 а байр, ******* тоот хаягт байршилтай, №000508776 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, орон сууцны зориулалттай, 58.11 м.кв талбайтай, хоёр өрөө, үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй байх тул хариуцагч Ч.Б, Б.А нар зээлийн гэрээний дээрх үүргийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар албадан дуудлагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Ч.Б, Б.А нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 78.767.723,17 төгрөг, зээлийн хүү 10.703.778,27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46.991,20 төгрөг, нийт 89.518.492,64 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г Б” ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ч.Б, Б.А нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Ч.Бийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-2204082832 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол //, ******* *******, 55 а байр, ******* тоот хаягт байршилтай, №000508776 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, орон сууцны зориулалттай, 58.11 м.кв талбайтай, хоёр өрөө, үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Ч.Б, Б.А нараас улсын тэмдэгтийн хураамжид 675.742 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г Б” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 675.746.46 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ