Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2019/01358

 

2019 оны 06 сарын 11 өдөр

 

Дугаар 183/ШШ2019/01358

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, ... тоот хаягт оршин суух, Ж.А-ийн нэхэмжлэлтэй,

 

 

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ...  тоот хаягт оршин суух Ж.Н-д холбогдох,

 

 

 

            Зээлийн гэрээний үүрэгт 14 168 888 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, түүний өмгөөлөгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, түүний өмгөөлөгч З.Г нар оролцож, нарийн бичгийн дарга Г.Г тэмдэглэл хөтлөв.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.А миний бие 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэн Ж.Нд 14 168 888 төгрөгийг нэг жилийн хугацаатайгаар, хүүтэй зээлж, амаар зээлийн гэрээ байгуулсан. Ийнхүү зээлийг Хаан банкин дахь Ж.Нгийн нэр дээрх 5007959292 тоот дансанд шилжүүлснээр бидний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээ байгуулагдсан болно. 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ж.Н нь надаас зээлсэн 14 168 888 төгрөгийг буцаан төлөх байсан бөгөөд зээлээ буцаан төлөхийг шаардсан боловч надаас зээл аваагүй хэмээн дайрч, иргэн миний эрх ашгийг хохироосоор байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар бидний хооронд байгуулагдсан “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, иргэн Ж.Нгоос 14 168 888 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

 

Хариуцагч Ж.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Ж.Атай зээлийн гэрээг амаар болон бичгээр байгуулж, мөнгө зээлдэж аваагүй тул түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь анх Н гэж эмэгтэйн санал болгосноор G-time гэж сүлжээнд орох зорилгоор нийт 4 хүний бүртгэлийн хураамж болох 10 000 000 төгрөгийг (нэг хүний 2,500,000) нэхэмжлэгч гэх Ж.Ад 13 дугаар хороолол, бөхийн өргөөний хажуугийн байрны үүдэнд би өөрийн биеэр 2017 оны 4 сарын үед аваачиж өгсөн. Намайг мөнгө өгсөн өдрөөс хойш тэрээр G-time сүлжээнд бүртгэл хийнэ, нэр солино, Е гэдэг хүнийг авах уу, болих уу ороод хар гэх мэтээр утсаар ярьж, мессэж бичиж, надтай харьцаж явж байгаад 3 сар болсоны эцэст G-time зүгээр хэрэггүй мөнгөө авсан дээр гэсэн мессэжийг 2017.07.31-ний өдөр явуулахад нь мөнгөө авья хурдал гэхэд дансаа өгчих гэж байснаа гэнэт л бүртгэсэн, өөр хүний нэрийг өгсөн гэх мэт ор үндэслэлгүй зүйл ярьж байснаа 2017 оны 08 срын 14-нийг хүртэл ор сураггүй болсон. 2017 оны 8 дугаар сарын 14-нд уучлаарай хадам муудаад аргагүй болоод явсан Нгийн мөнгийг хийе гэсэн мессэж бичихэд нь дансаа явуулсан боловч ямар ч мөнгө шилжүүлээгүй ба хот ороод залгая хадмынхаас хот руу явж байна гээд дахиад хэсэг хугацаанд холбогдохгүй, алга болсон. Энэ мэтчилэн худлаа ярьж зугтааж удаан хугацаанд явсны эцэст 2017 оны 09 сарын 26-ны орчим над руу яриад байр, зоорь, газар гэх мэт үл хөдлөх эд хөрөнгүүд байна, газруудыг тавина, эсвэл барьцаанд тавимаар байна, би өөрийн нэр дээр зээлтэй болохоор банк эсхүл банк бус байж болохгүй тиймээс хувиараа мөнгө зээлдэх хүн олооч, урамшууллыг нь өгнө гээд гуйгаад байсан.

 

        Би арга буюу G-time гэх залилангийн сүлжээнд өгсөн мөнгөө Ж.Агаас олж авахын тулд мөнгөтэй хувь хүн хайя гэж хэлээд үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, барьцаалж зээл өгөх хүн сураглаж, хайж байгаад өөрийн найзаар дамжуулан мөнгө зээлэх хүн олоод энэ тухайгаа хэлэхэд би өөрөө хөөцөлдөж байна, зээл бүтэх гээд байна гээд 10 сарын 16 хүртэл явсан. Би мөнгөө авъя, эсхүл цагдаа хуулийн байгууллагаар асуудлаа шийдвэрлүүлье гэхээр сүрдүүлээд байгаа юмуу, нэрийг нь сольж өгсөн чамд ч гэсэн бүртгэл хийж өгсөн боллоо гэх мэтээр худлаа зүйл ярьж, гүтгэж эхэлсэн. Ингэж худлаа ярьж нэг хэсэг хугацаа өнгөрүүлсэний дараа чиний олсон хүнээс мөнгө зээлдэж авъя гэхээр нь найзынхаа олж өгсөн мөнгө зээлдэх хүнийг түүнтэй холбож өгсөнөөр тэрээр 90 000 000 төгрөгийг зээлдэж авсан байсан. Ингээд тохирсон ёсоор дээрх мөнгөний 10 хувь гээд 8 000 000 төгрөгийг болон  G-timeд гэх хуурамч сүлжээнд оруулна гээд надаас авсан мөнгөний үлдэгдэл нийт 14 168 888 төгрөгийг миний Хаан банк дах дансанд 2017 дны 10 дугаар сарын 24-ний өдөр Ж.А шилжүүлсэн байсан. Ж.А надад мөнгө зээлдүүлээгүй, түүнд зээлдүүлэх мөнгө ч байхгүй харин намайг залилан G-timeд гэх залилангийн хуурамч сүлжээнд оруулна гэж мөнгө аваад буцаагаад төлөхдөө дансаар төлчихөөд түүнийг мөнгө зээлдүүлсэн гэж байгаа нь ор үндэслэлгүй гүтгэлэг тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. Энэ үйл явдлыг гэрчлэх түүний надад бичсэн мессэж болон гэрчүүд байгаа. Иймд Ж.Агийн надад бичсэн мессэжинд шүүхээр үзлэг хийлгүүлж, гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулж мэдүүлэг авахуулж түүний нэхэмжлэлийн шаардлагыг няцаах болно гэжээ.

 

 

 

          Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад          

 

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

          Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

 

 

Хариуцагч Ж.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14 168 888  төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч Ж.А нь шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүхийн хэлэлцүүлгийн явцад 170 000 төгрөгийг Ж.Нгоос үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулахад гарсан зардлыг зээлж авсан тул нэхэмжлэлийн шаардлагаа 168 888 төгрөгөөр багасгаж, үлдэх 14 000 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна.

 

 

 

Хариуцагч Ж.Н жи-тайм сүлжээнд оруулна гэж 11 200 000 төгрөг авсан ба зээл олж өгсний урамшуулал 3 000 000 төгрөг өгч нийт 14 168 888 төгрөгийг надад өгсөн, надаас худалдах-худалдан авах гэрээтэй холбогдон гарсан зардал 170 000 төгрөг авсан нь үнэн, нэхэмжлэгчээс ямар ч мөнгө зээлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

 

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д “шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах” үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч Ж.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа “...чиний олсон хүнээс мөнгө зээлдэж авъя гэхээр нь найзынхаа олж өгсөн мөнгө зээлдэх хүнийг түүнтэй холбож өгсөнөөр тэрээр 90 000 000 төгрөгийг зээлдэж авсан байсан. Ингээд тохирсон ёсоор дээрх мөнгөний 10 хувь гээд 8 000 000 төгрөгийг болон  G-timeд гэх хуурамч сүлжээнд оруулна гээд надаас авсан мөнгөний үлдэгдэл нийт 14 168 888 төгрөгийг миний Хаан банк дах дансанд 2017 дны 10 дугаар сарын 24-ний өдөр Ж.А шилжүүлсэн....” шүүхийн хэлэлцүүлэгт “... жи-тайм сүлжээнд оруулна гэж 11 200 000 төгрөгийг 13 дугаар хорооллын Хөх нуруутын тэнд машин дотор надаас авсан. Мөн 90 000 000 төгрөгийн зээл олж өгсөн гэж урамшуулалд нь 3 000 000 төгрөг өгөөд 14 168 888 төгрөгийг надруу шилжүүлсэн ...” гэх тайлбар гэрч Л.Уийн мэдүүлэгт “... Харсан. Ж.Н бид 2 ярьж байгаад бэлнээр 10 000 000 төгрөг өгсөн, ... Баянзүрх дүүргийн 13 хорооллын тэнд Хөх нуруут гээд барны тэнд байшингийн ард гадаа гудамжинд 10 сая төгрөг өгсөн” гэх мэдүүлэг зэргийг харьцуулан үнэлэхд хариуцагчийн хариу тайлбар, шүүхэд гаргаж буй тайлбар зэрэг нь зөрүүтэй байх ба хариуцагчийг үнэн зөв мэдүүлэг өгч байгаа гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл 90 000 000 төгрөгийн урамшуулалд хариу тайлбартаа 8 000 000 төгрөг авсан, шүүхийн хэлэлцүүлэгт 3 000 000 төгрөг авсан гэх, гэрч жи-таймд 10 000 000 төгрөг гадаа өгсөн, хариуцагч өөрөө жи-таймд 11 200 000 төгрөг машинд өгсөн гэх нэлээн зөрүүтэй мэдүүлэг, тайлбар өгч байна.

 

         

 

          Хариуцагч Ж.Н жи-тайм сүлжээнд 11 200 000 төгрөгийг  нэхэмжлэгч Ж.Ад өгсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн татгалзал нотлогдохгүй байна.

 

 

 

           Нэхэмжлэгч Ж.А 2017 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Ж.Нгийн 5007959292 тоот Хаан банкны дансруу 14 168 888 төгрөг шилжүүлсэн болох нь хх-7 хуудасд авагдсан баримтаар тогтоогдож байх ба уг мөнгөн төлбөрийг авсан талаар хариуцагч маргаагүй, өөрийн авах ёстой мөнгөө авсан гэж тайлбарладаг.      Хариуцагч Ж.Н Ж.Агаас авах ёстой мөнгөн төлбөрийн үүргийн оронд авсан гэдгээ нотолж чадаагүй тул зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Ж.Нгоос 14 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ад олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг баримтлан хариуцагч Ж.Нгоос зээлийн гэрээний үүрэгт 14  000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ад олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 795  төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ж.Нгоос  улсын тэмдэгтийн хураамжинд 228 795 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ад олгосугай.

 

 

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

 

 

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Ц.ОЮУНБИЛЭГ