Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2021/01297

 

 

 

 

 

 

2021           10            28                                          001/ХТ2021/01297

 

............, ............нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 654 дүгээр шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаар магадлалтай,

............, ............нарын нэхэмжлэлтэй

“............” ХХК-д холбогдох

49,480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч ............ийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ............ нь өөрийн хамаатны эгч болох Б.Тананцэцэгээр дамжуулан ............ ХХК-нд оффис менежерээр ажилд орсон. Тухайн үед тус компанийн захирал ............ нь Компанийн хөрөнгө оруулалт орж ирээгүй, санхүүгийн хувьд бэрхшээлтэй, удахгүй санхүүжилт орж ирнэ гэж хэлэн ............ түүний ээж ............нарт итгүүлэн 3 машиныг барьцаалан авто ломбарданд тус тус 5,000,000 төгрөгөөр тавьж төлбөрийг нь төлөөгүй учир машинаа барьцаанд алдсан. Зохигчид нь 2015.05.22-ны өдөр Ажилтан ............той хийх тооцооны тухай тэмдэглэл хийж 3 машины төлбөр болох нийт 52,500,000 төгрөгийг 2015.08.15-ны дотор төлж барагдуулахаар тохиролцсон байдаг. ...Иймд зохигчдын хооронд хийгдсэн Ажилтан ............той хийх тооцооны тухай тэмдэглэлд заасны дагуу 52,500,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнээс ............д цалингийн авлага 3,020,000 төгрөг өгөх ёстой гэж үзэн татгалзаж үлдэх 49,480,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ............ анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч тал Марк-Х болон Пикал машинаа тухайн онд зарагдсан үнэ болох 10,000,000 төгрөгөөр тус тус тооцон 20,000,000 төгрөг гэжээ. Үүн дээрээ Хайлюкс машиныхаа 35,000,000 төгрөгийг нэмээд 55,000,000 төгрөг гээд тэмдэглэл дэх цалингийн авлага 3,200,000 төгрөгийг хасаад 52,500,000 төгрөг гэж нэхэмжлэлийн дүнгээ гаргажээ. Энэ дүнгээс ломбардны 20,000,000 төгрөгнөөс газар дээр нь авсан 10,000,000 төгрөг болон анх өөрсдөө тавиад авч чадахгүй байсан Пикап машиныг сулласан ломбардны 4,500,000 төгрөг, Г.Саранчимэг, Н.Оюунсүрэн нарын авсан нийт 1,000,000 төгрөгийг тус тус хасаад өөрсдийнх нь тогтоосон үнэлгээгээр нийт тооцооны үлдэгдэл 37,000,000 төгрөг гарах учиртай. 37,000,000 төгрөгний үлдэгдэлдээ компанийн санхүүгийн тайлан балансад бүртгэлтэй 53,800,000 төгрөгний үнэлгээтэй эд зүйлсийг авч явснаар эдгээр хүмүүс компани болон надад 16,800,000 төгрөгний өглөг үүссэн юм. Компанийн санхүүгийн тайлангийн бүртгэл тооцоо Нягтлан бодох бүртгэлийн хуулийг журамлан хөтлөгдөх ба 11,300,000 төгрөгний зээлд нийт 53,800,000 төгрөгний эд хөрөнгө шилжүүлсэн бүртгэл хөтлөлт шүүхийн энэ шийдвэрийг үндэслэн бичигдэх учиртай болоод байгаа юм гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 654 шийдвэрээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5-д зааснаар нэхэмжлэгч нар нь ............ ХХК-ийн гүйцэтгэх захирал ............ээс 52,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс 3,020,000 төгрөгнөөс татгалзсан болохыг дурдаж, үлдэх 49,480,000 төгрөгнөөс 17,500,000 төгрөг гаргуулан ............од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 31.980.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 420,450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 245,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаар магадлалаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 17-ны өдрийн 654 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.5-д зааснаар хариуцагч............ ХХК-аас автомашины үнэ 42,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ............, ............нарт олгож нэхэмжлэлийн шаардлагаас 6,980,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаас 3,020,000 төгрөгт холбогдох хэсгээсээ татгалзсан болохыг баталсугай. гэж 2 дахь заалтыг: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 420,450 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж,хариуцагчаас 370,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ............ хяналтын гомдолдоо: Шүүхийн шийдвэр, магадлал нь тус тус хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэх замаар хуулинд захирагдаагүй байх тул энэхүү гомдлыг гаргаж байна. Нэгдүгээрт: Шийдвэр магадлал нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Шийдвэр, магадлалын үндэслэх хэсэгт иш татсан нотлох баримтуудыг ямар хуулийн зүйл заалт, ямар зарчим хэм хэмжээг баримтлан үнэлсэн тухай хуулийн хэрэглээг шийдвэр, магадлалын тодорхойлох, үндэслэх хэсэгт тус тус орхигдуулсан тул шийдвэр, магадлалын үндэслэлийг хууль ёсны гэж үзэх үндэсгүй юм.Үүнд: 1. Зүй нь нэхэмжлэлийг нотолж буй гэх үндсэн эх баримт болох Ажилтантай хийх тэмдэглэл-(“тэмдэглэл” гэх) нь эрх зүйн зөрчилгүй, хүчин төгөлдөр баримт бичиг мөн гэж шүүхүүд ямар үндэслэлээр шинжлэн үнэлснээ эхэлж дурдах ёстой. Үүнд: 1. ............ыг ээж нь төлөөлөх эсэх, 2. Тэмдэглэл үйлдэгдсэн нөхцөл байдал нь талуудын чөлөөт байдлыг хангасан эсэх. 3. Тэмдэглэл үйлдсэн огноо, хугацааг хэрхэн тооцох. 2. Мөн Тэмдэглэлийг агуулгын хувьд эсхүл үгийн шууд утгын хувьд эсхүл бичиглэлийн хувьд эсхүл баримт бичгийн стандарт шаардлагын хувьд “тооцоо бодсон акт” гэж шинжлэн үнэлсэн хууль ёсны үндэслэлээ шийдвэрт, “зээлийн гэрээ” гэж шинжлэн үнэлсэн хууль ёсны үндэслэлээ магадлалд тус тус орхигдуулсан. 3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг эргэлзээгүй болгон цэгцлэн бүрэн шинжлэн үнэлээгүй. Хэрэгт цугларсан нийт мөнгөн гүйлгээний баримтуудыг заримыг нь дурдаад орхих байдлаар орхигдуулсан ба ийнхүү тооцоонд оруулахгүй, үнэлэхгүй байх хууль ёсны үндэслэлээ шийдвэрт дурдаагүй байдлаар хуулийн хэрэглээг орхигдуулсныг магадлалд дурдаагүй, залруулаагүй. Үүний улмаас миний хохирол буюу “............” ХХК нь ажилтан ............од 2015.05 дугаар сарын тайлангаар 37 сая төгрөгний өглөгтэй байсан бол 3 сарын дараа буюу 8 дугаар сард 16.7 сая төгрөгний авлагатай болсон асуудал мөнгөн дүнгээр эцэслэгдэн илэрхийлэгдэх боломжгүй болсон буюу шийдвэрийг үндэслэн нягтлан бодох бүртгэлийн стандарт бичилт хийх боломжгүй байдал үүссэн. Өөрөөр хэлбэл, “...............той хийх кемпийн тооцоо гэх тайлбар нь энэ хэрэгт ач холбогдолгүй” гэж шүүхийн шийдвэрт дурдсан өгүүлбэрт хамаарах хуулийн хэрэглээг магадлалд залруулаагүй байдал нь шийдвэрт үндэслэх ёстой материаллаг зарчим, тасралтгүй зарчим хэрхэн тайлагдах нь тодорхойгүй болсон. Хоёрдугаарт: Шийдвэр, магадлалд Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Үүнд: 1. Хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг шийдвэрийн үндэслэлд Прокурорын газрын 2015.10.30-ны өдрийн 5/237 тоот гомдлын хариу зэрэг хэрэг хянах явцад няцаагдсан баримтыг л иш үндэс болгосон ба Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар зүйл заалтыг үндэслэснээ орхигдуулсныг магадлалд хянаагүй, залруулаагүй, 2. Хугацаатай холбоотой хуулийн тодорхойгүй буруу хэрэглээ нь шийдвэр, магадлалд ............ын нэхэмжлэх эрх сэргэсэн эсхүл хадгалагдсан эсэхийг дурдаагүй байдлаар илэрч байна. Үүний улмаас харилцан уялдаа бүхий миний сөрөг нэхэмжлэл гаргах эрх сэргэх эсхүл дуусгавар болох эсэх асуудал мөн тодорхойгүй болж хохироод дээр нь “............” ХХК нь Аудитын тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заагдсан торгуульд нэмж орох болоод байна. 3. Шийдвэрт Тооцоо нийлсэн акт хүрээнд тэмдэглэлийг хуулийн зүйлчлэлгүй үнэлэн үндэслэж Иргэний хуулийн 227 дугаар зүйл. Үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлага гэж тогтоосон бол магадлалд тэмдэглэлийг мөн хуулийн зүйлчлэлгүй үнэлэн үндэслэж, Иргэний хуулийн 281 дугаар зүйл. Зээлийн гэрээ гэж магадлан тогтоохдоо тус тус гэрээний стандарт нөхцөлийн асуудлыг бүрэн орхигдуулснаас гадна Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.10. “санал гаргагч тал нь өөрт учирсан бодит хохирлоос хэт давсан хэмжээний нөхөн төлбөр шаардахаар тогтоосон” 202.2.14. “санал гаргагч талын бэлтгэн нийлүүлсэн бараа, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний дутагдлын талаар хүлээх хариуцлагыг хуульд зааснаас бага хэмжээгээр тогтоосон” асуудлыг бүхэлд нь орхисон. Өөрөөр хэлбэл, Монголд орж ирээд 2 жил байтугай 1 сар явсан машиныг буцаан зарахад үнэ нь эрс унадагыг нийтээр илэрхий мэдэх атал бүх машинаа гааль дээр буусан монголд яваагүй шинэ машины үнээр үнэлэн “Тэмдэглэлд тусгасан, тооцоонд бодож авсан кемпийн эд хөрөнгө болох гэр, дагалдах эд хогшлууд нь шинэ байсан зэрэг өглөг, авлагын дүнд ихээхэн нөлөөтэй хөдлөх эд хөрөнгүүдийн чанар байдлын асуудлыг огт дурдахгүй орхигдуулах замаар миний хохирч буй асуудлыг үл хэрэгсэж байгаа нь хэтэрхий ноцтой юм. Гэтэл нэхэмжлэгч тал “кемп аваагүй” гэдгээ хэрэг хэлэлцэх явцад үгүйсгээгүй, нотлоогүй билээ. Үүний араас хөөцөлдөж явж чадахгүй байгаа ар гэрийн гачигдалтай байдал маань миний хохирлыг авч үзэхгүй, хэлэлцэхгүй байх үндэслэл, нөхцөл биш билээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх заалтын шийдвэр, магадлалыг хүчингүй болгож миний сөрөг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ............, ............нар нь хариуцагч “............” ХХК-д холбогдуулан 52,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан боловч нэхэмжлэлээ багасгаж 49,480,000 төгрөг шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...тооцоо нийлэхдээ машины үнийг зах зээлийн үнээс хэт өндөр тогтоосон, 1319УНН автомашиныг ломбарднаас чөлөөлөхөд төлсөн 4,500,000 төгрөг, 2 автомашиныг худалдаад Г.Саранчимэгийн авсан 10,000,000 төгрөг, мөн Саранчимэгийн авсан 1,000,000 төгрөгийг тус тус хасаад 37,000,000 төгрөгийн тооцоо байгаа боловч ............ нь 53,700,000 төгрөгийн кемп авч явсан, ...харин авлагатай байгаа...” гэж маргажээ.

Анхан шатны шүүх 17,500,000 төгрөгний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх 42,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Хэргийн нөхцөл байдал, маргааны зүйлийн талаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн эрх зүйн дүгнэлт хийх, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх үүргээ анхан болон давж заалдах шатны шүүх хангалттай биелүүлсэн гэж үзэх боломжгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 2015.05.22-ны өдрийн Г.Саранчимэг, “............” ХХК-ийн хооронд үйлдсэн “тооцооны тухай тэмдэглэл”-д тусгаснаар ............нь өөртөө зарцуулсан учраас нэхэмжлэгч нарт 3 автомашины үнийг төлөхөөр тохирсон агуулга тусгагдсан байх ба анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний төрлийг тодорхойлох, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хийвэл зохих дүгнэлтийг хийгээгүй Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5 дах хэсгийг баримталж нэхэмжлэлийг шийдвэрлэсэн, талуудын хооронд мөнгө буюу эд хөрөнгө шилжүүлсэн, түүнийг буцааж төлөх үүрэг үүсээгүй байхад давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь хууль хэрэглээний хувьд тус тус алдаатай болсон гэж үзнэ.

Шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй маргаан эрх зүйн ямар харилцаанаас үүссэн болохыг зөв тодорхойлсноор тухайн харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэглэх үндэс бүрдэх бөгөөд шүүх эрх зүйн уг ажиллагааг хийх үүрэгтэй болно.

Гэрээг ............байгуулсан боловч нэхэмжлэгч ............ түүнтэй ашиг сонирхол нэг, эрх зүйн харилцаанд оролцсон гэрээний нэг тал болохыг зохигч аль аль нь маргаагүй байна. Мөн нэхэмжлэгч нар нэхэмжлэлээ багасгасан агуулгатай байхад шүүх багасгасан хэмжээнд буюу 49,480,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг шийдвэрлэх байтал 3,020,000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзсэн эсвэл уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон аль аль нь үндэслэлгүй байв. Нэхэмжлэгч нь нэг төрлийн харилцаанаас үүссэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзах нь нэхэмжлэлээ багасгасан агуулгатай болно.

Талуудын гарын үсэг бүхий дээрх баримтын 5.2-т “...9918 УНИ улсын дугаартай L200 маркын автомашины тооцоонд 2015.05.30-ны дотор иж бүрдэл монгол гэрийг авч хэрэглэсэн орны хамт буцаан өгөх...” гэж заасан байхад шүүх энэ талаар тодруулаагүй, хариуцагчийн татгалзлын үндэслэл болох “...автомашин зараад нэхэмжлэгч 10,000,000 төгрөг авсан, ломбарднаас чөлөөлөхдөө 4,500,000 төгрөг, мөн 1,000,000 төгрөгийг авсан гэснээс гадна нэхэмжлэгч ............ 53,700,000 төгрөгийн кемпийг авч явсан...” гэсэн нь үүргийг харилцан тооцуулах агуулгатай эсэх үйл баримтад нэхэмжлэгч нарын зүгээс тайлбар, баримт гаргаагүй, шүүх тодруулаагүй, уг үйл баримтын талаар зохигч мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлээгүй тул хяналтын шатны шүүхээс эцэслэн дүгнэлт өгөх боломжгүй байна.

Иймд хэргийг дахин хянан хэлэлцүүлэх шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 17-ны өдрийн 654 дүгээр шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.БАНЗРАГЧ

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                  П.ЗОЛЗАЯА

                                                                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                              Х.ЭРДЭНЭСУВД