Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2019/01790

 

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2019/01790

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух Цоохор овогт Ж  Г  /РД:.../-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ... өөрийн байранд байрлах З ОНӨААТҮГазарт холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Г , хариуцагчийн төлөөлөгч Ц.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Г  шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны З ОНӨААТҮГазарт ажилд орж, 2016 оны 2 сарын 22-ны өдрийн Б/174 тоот тушаалаар газрын Захиргаа удирдлага, Хүний нөөцийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны 1 сарын 13-ны өдрийн Б/25 тоот тушаалаар 2018 оны 11 сарын 13-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөө авсан. Үүнээс хойш 2018 оны 12 сарын 26-ны өдөр ажилдаар орох өргөдлөө өгсөн боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байна. Тиймээс би Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргасан бөгөөд комиссоос Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд 2019 оны 5 сарын 16-ны өдрийн 2/18 тоот шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ажилд томилохгүй байна. Иймд намайг хуучин эрхэлж байсан Хүний нөөцийн хэлтсийн даргаар ажилд эгүүлэн томилж, 2018 оны 12 сарын 26-ны өдрөөс ажилд томилогдсон өдөр хүртэл хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг З ОНӨААТҮГазарт даалгаж өгнө үү. Мөн цалин хөлсийг хариуцагчийн төлөөлөгчийн тооцсон дүн буюу 13 729 560 төгрөгөөр тогтооход татгалзах зүйлгүй гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Г  нь 2016 оны 2 сарын 22-ны өдрийн Б/174 тоот тушаалаар Захиргаа удирдлага хүнийн нөөцийн хэлтсийн даргаар томилогдсон. Б/25 тоот тушаалаар хүүхэд асрах чөлөөг олгосон. Ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын хувьд хариуцагч байгууллагын зүгээс маргаан байхгүй. Жирэмсний амралттай байсан нь баримтаар тогтоогдож байгаа учир ажилд эгүүлэн тогтоолгох үүрэгтэй. Нэхэмжлэгч өргөдөлдөө 2017 оны 2 сарын 26-ний өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл ажлын 169 хоног байна. 169 хоногийн мөнгийг цалин хөлсний тооцооны картнаас харахад 2016 оны 7-9 сарын цалинг авсан. 2016 оны 9 сард 3 084 513 төгрөг, ээлжийн амралтын 1 317 113 төгрөгийг хасч тооцсон. Энэ мөнгө орохгүй. Энэ бичилт нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэртэй таарч байна. Тус мөнгийг хасахад 5 468 400 төгрөг болж байгаа бөгөөд 2016 оны 7-9 сарын хоол унааны хөнгөлт 228 000 төгрөгийг хасч тооцоод Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 55 дугаар тогтоолоор баталсан дундаж цалин хөлс бодох журамд зааснаар 21.5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 81 240 төгрөгийг ажлын 169 хоногт тооцоод 13 729 560 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Гэхдээ нэхэмжлэгчийн хувьд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрээр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Г  нь хариуцагч З ОНӨААТҮ Газарт холбогдуулан урьд эрхэлж байсан Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ж.Г  нь З ОНӨААТҮГ-ын захирлын 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Б/174 тоот тушаалаар тус нэгтгэлийн Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн даргаар томилогдсон ба 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Б/25 тоот Хүүхэд асрах чөлөө олгох тухай тушаалаар 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл чөлөөтэй байсан бөгөөд нэхэмжлэгч нь 2018 оны 12 сарын 26-ны өдөр З ОНӨААТҮГ-т урьд эрхэлж байсан ажилдаа орох хүсэлтээ гаргасан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь уг асуудлаар Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисст хандаж З ОНӨААТҮГ-ын захирал Г.Т  шаардлага хүргүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байх ба зохигчид энэ асуудлаар маргаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтай байгаа үед ажил албан тушаалыг хэвээр хадгална гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй... гэж зааснаар хариуцагч З ОНӨААТҮГ нь нэхэмжлэгч Ж.Г ийг тус нэгтгэлийн Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн даргын ажилд үргэлжүүлэн ажиллуулах үүрэгтэй байна.

Шүүх хуралдааны явцад хариуцагч тал Ж.Г ийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын хувьд маргахгүй гээд, уг ажилд нь эгүүлэн томилоход татгалзах зүйлгүй гэж тайлбарласан ба ажилгүй хугацааны цалинтай тэнцэх олговорт 2017 оны 2 сарын 26-ны өдрөөс тооцож, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд, цалин хөлс тооцох журмын дагуу тооцоход 13 729 560 төгрөгийг олгоход татгалзахгүй гэснийг нэхэмжлэгч Ж.Г  зөвшөөрснийг дурдах зүйтэй байна.

 

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч Ж.Г ийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2018 оны 11 сарын 14-ний өдрөөс 2019 оны 8 сарын 29-ний өдөр хүртэлх ажлын 169 хоногийн олговорт 13 729 560 төгрөгийг хариуцагч байгууллага нь олгох боломжтой гэж тайлбар гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрч байх тул энэ хэмжээнд хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Дээрх тохиролцоо нь Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын 7 дугаар зүйлийн а-д заасан журмыг зөрчөөгүйг дурдах нь зүйтэй.

 

Нөгөөтэйгүүр, хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгч Ж.Г  нь нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарласан нь дараах үндэслэлгүй байна.

Тодруулбал, ажилтан Ж.Г  нь чөлөөний хугацаа дуусч, улмаар ажилдаа орох тухай өргөдлөө байгууллагын удирдлагад өгсөн байх ба уг өргөдөлд албан ёсоор хариу өгч, шийдвэрлэсэн гэж үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд энэ талаар хариуцагч тал үгүйсгэсэн тайлбар гаргаагүй, маргаагүй болно.

 

Иймд ажил олгогч нь хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгч Ж.Г ийг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд уг асуудлыг шийдвэрлээгүй нь нэхэмжлэгчийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгч Ж.Г ийг З ОНӨААТҮГ-ын Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 13 729 560 төгрөг гаргуулж шийдэрлэсэн ба нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагч байгууллагаас хангаж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Г ийг З ОНӨААТҮГ-ын Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13 729 560 төгрөгийг хариуцагч З ОНӨААТҮГ-аас гаргуулан Ж.Г т олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Г ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг З ОНӨААТҮГазарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгч Ж.Г ээс 2190600823006 нэхэмжлэхийн дугаартай улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн 100200100941 тоот данснаас гаргуулан Ж.Г т олгож, хариуцагч З ОНӨААТҮГазраас улсын тэмдэгтийн хураамжинд 226 598 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ