Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 586

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/00586

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШЗ2017/00219 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Т-т холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт нийт 4 300 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Номин-Эрдэнэ

Хариуцагч: Г.Т-

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Тэгшжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХХК нь Г.Т-тэй ажлын байр түрээслэх  281 дугаартай гэрээг 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2 жилийн хугацаатай байгуулсан.

Түрээсийн нэг сарын төлбөр нь 1 200 000 төгрөг бөгөөд түрээслэгч Г.Т- нь түрээсийн гэрээг 2015 оны 10 сарын сүүлээр цуцалж, түрээсийн байрнаас гарсан.

Түрээсийн төлбөрийн үлдэгдэл нийт 3 620 000 төгрөг болно. Үүнээс гэрээний 1.8 дахь хэсэгт зааснаар алданги тооцоход 1 810 000 төгрөг болж байна.

Иймд хариуцагч Г.Т-ээс түрээсийн төлбөрийн үлдэгдэл 3 620 000 төгрөг, алданги 1 810 000 төгрөг, эрэн сурвалжлуулах захирамж гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нийт 5 500 200 төгрөгөөс барьцаанд үлдээсэн 1 200 000 төгрөгийг хасаад 4 300 200 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Х” ХХК-ийн Хос худалдааны төвийн хоёр давхарт байрлах олон үндэстэний хоолны газарт 12 павилоныг 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түрээслэсэн.

2015 оны Улсын баяр наадмаас хойш өөрийн нагац эгч Т.Чагцалдуламд өөрийн павилоноо үлдээсэн боловч манай нагац эгч 2 cap ажилуулах гэж үзээд ашиггүй байсан тул би гэрээгээ 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр цуцалсан.

Нэхэмжлэгчийн агуулахад тоног төхөөрөмжөө хийсэн. Улмаар 2015 оны 10 сарын сүүлээр тоног төхөөрөмжөө ирж авах үед үлдэгдэл төлбөрөө нэхээгүй тул авахгүй юм байна гэж ойлгосон.

Би 4 300 200 төгрөгөөс 1 200 000 төгрөгийг Хос худалдааны төвд төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Г.Т-ээс түрээсийн гэрээний үүрэг, үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 3 700 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 600 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 74 153 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Шүүх манай өмгөөлөгчид хэргийн материал танилцуулалгүй шүүх хуралдааныг хийсэн нь миний хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчиж шийдвэр гаргасан.

Шүүх хурлын явцад хэргийн оролцогч надаас болон манай өмгөөлөгчид зөвхөн нөгөө талын гаргаж өгсөн нотлох баримттай холбоотой асуулт асууж, надад өөрийн татгалзал тайлбараа нотлох боломж олголгүй нэг талд давуу байдал үүсгэж, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг алдагдуулан шийдвэр гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

            Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Г.Т-т холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт нийт 4 300 200 төгрөг гаргуулахаар нэХснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Т- нь өмгөөлөгчөөр Г.Тэгшжаргалыг оролцуулах хүсэлт гаргасан ба нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хэргийн материалтай танилцсан байна. /хх 162/

 

            2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.Тэгшжаргал нь хэргийн материалтай танилцах боломжит хугацаа олгохыг хүсэж хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүсэлтийг хангаагүй нь хариуцагчид хуулиар олгогдсон өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн гэж үзнэ.

 

Нөгөө талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх, зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдлэх эрхийг зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасныг шүүх баримтлаагүй байна.

 

Анхан шатны шүүхийн дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээ, эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Мөн шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шийдвэрийн дугаарыг “ШЗ2017” гэж алдаатай бичигдсэнийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШЗ2017/00219 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Г.Т-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 153 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА