Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 05

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга          Б.Алтансүх    

Улсын яллагч                                                       Б.Батбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                       Н.Ууганцэцэг

Гэрч                                                                     Д.Гандаваа,    Г.Эрдэнэбулган, Ц.Энхбаатар    нарыг    оролцуулан    шүүхийн    танхимд   нээлттэй   явуулсан    шүүх хуралдаанаар:

Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Жаргалсайханы Энх-Отгонд холбогдох эрүүгийн 201610010171 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, аав, эхнэр, 1 хүүхдийн хамт Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 2 дугаар баг, Үүдийн 1-47 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн эрүүгийн шүүхийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Жаргалсайханы Энх-Отгон /РД:НЕ94110714/

Прокурорын яллах дүгнэлтээр:  шүүгдэгч Ж.Энх-Отгон нь шунахайн сэдэлтээр шууд санаатай үйлдлээр 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 23 цагийн орчим Дорноговь аймгийн ЗамынҮүд сумын 2 дугаар баг Эрүүл мэндийн 2-19 тоотод оршин суух Д.Дашсамбуугийн гэрт нэвтрэн орж, бага бус хэмжээний буюу 350.000 төгрөгний үнэ бүхий Леново маркын нөүтбүүк хулгайлcaн,

Дээрх хэрэгт 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр сэжигтнээр тооцогдон шалгагдаж байхдаа 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хүртэл мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн  гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:                                          

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Энх-Отгон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр найз Энхээгийн хамт гэрт нь нэг шил архи, нэг пиво хувааж уусан. Тэгээд манай найз гараад явсан. Би араас нь гарч Номин-1 дэлгүүр рүү тамхи авахаар явах замдаа Эрүүл мэндийн гудамжаар явж байтал айлын цонх дээр нэг зүйл байсан. Тэгээд цонхоор нь авчихаад ямар зүйл байсныг мэдэхгүй Энхээ найзынхаа гэрт очиж довжоон доороос нь түлхүүрийг авч гэрт орж авсан зүйлээ үзсэн юм. Би 10 дугаар сарын 17-ны өдөр Замын-Үүд сумаас Сайншанд сум руу эхнэр хүүхэдтэйгээ уулзах гэж явсан. Тэгээд явж байгаад Эрдэнэбулган ахтай таараад хамт явсан. Тэгээд эхнэр хүүхэдтэй утсаар ярихад чамайг цагдаа нар хайгаад байна гэж хэлсэн. Тэгээд би мотоцикль унаад Улаан-Уул сумаар дайрч өнгөрөхдөө Энхбаатар найзынхаа мотоциклийг унаж яваад Замын-Үүдэд орой ирсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэв.

Гэрч Д.Гандаваа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр манай хэлтэс дээр хулгай гарсан талаар дуудлага ирсэн. Дуудлага ирсэний дагуу гэмт хэргийг шалгах бүрэлдэхүүнд миний бие орж ажилласан. Тухайн хэргийн газарт очиж шалгаж, ойр орчим үзлэг хийхэд гутлын мөр байсан. Тэгээд шинжээчтэй хамт биечлэн шалгахад Ж.Энх-Отгон гэж хүний гутлын мөр мөн болохыг тогтоосон. Тухайн үед энэ хүний гэрт очиход гэртээ байхгүй. Найз нөхөдтэй нь уулзахад найз нар дээрээ очоогүй байсан. Тэгээд тэр өдрийн шөнө эргүүлийн цагдаа нартайгаа эргүүлд явж байх үед Гилтак гэж хочтой найзтай нь таарч уулзахад Ж.Энх-Отгоныг асууж тодруулахад мэдэхгүй гэж хэлсэн. Хэд хоногийн дараа найз Чинбатын өөрийнх утсаар залгуулж Энх-Отгоныг асуулгахад би гэр байранд явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Чинбат найзаар нь утсаар яриулаад гэрт хүрээд ир гэж хэлүүлэхэд сэжиг авсан бололтой ирээгүй. Тэгээд эргүүлийн цагдаа нартай хамт явж байгаад барьж авсан юм. Дараа нь Цагдаагийн хэлтэс дээр ганц, хоёр удаа харагдаж байсан ба мөрдөн байцаагчтай уулзаж Ж.Энх-Отгоны талаар асууж тодруулахад сүүлийн үед ирэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд эрэн сурвалжлах зарлаж, тодорхой ажил хийсэн. Сүүлд нь Замын-Үүдэд ирсэн сураг гарч улаан хүрэн өнгийн мотоцикльтай явж байгаа талаар мэдээлэл авч шалгаж Октябр гэж хүнтэй уулзаж асууж тодруулахад саяхан манай гэрээс гараад явсан гэж хэлсэн. Тэгээд урд талын айлын дэргэд тэр мотоцикльтай адилхан мотоцикль зогсож байхаар нь уг айлд орж үзэхэд Ж.Энх-Отгон согтуу унтаж байсан юм... гэв.

Гэрч Г.Эрдэнэбулган шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 11 дүгээр  сарын 23-ны өдөр Ж.Энх-Отгонтой таарсан. Би энд хийсэн ажилгүй байна. Танайд очиж мал маллаж өгье гэж хэлсэн. Ер нь бол хөлс мөнгөөр мал маллуулдаг. Манайд 3, 4 хоног болсон. Мотоциклийн тал дээр гомдол саналгүй. Манай гэр бүлийн хүнд хэлээд мотоцикль унаад явсан байсан... гэв.

Гэрч Ц.Энхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өөрийнх нь мотоцикль гэрэлгүй болсон гээд надаас мотоциклио өгөөч Замын-Үүд ороод ирье гэж хэлсэн. Би өөрийнх нь унаж ирсэн мотоциклийг авсан. Одоо надад ямар нэг санал гомдолгүй байхгүй гэв.

Хохирогч Б.Нэргүй мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 08 дугаар сарын 16 оны 19 цагийн үед нөхөр Дашсамбуугийн хамт гэртээ нөүтбүүкээрээ кино үзэж байгаад манай нөхөр Дашсамбуу ажилтай болчихлоо гээд нөүтбүүк ээ унтраачихаад жижиг өрөөний цонхны давцан дээр тавьчихаад гараад явсан. Тухайн үед цонх онгорхой байсан. 22 цагийн үед манай нөхөр орж ирээд нөүтбүүк нь дээрээ кино үзэх гээд жижиг өрөө рүүгээ ороход нөүтбүүк алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Хулгайд алдсан гэх нөүтбүүк ээ 2014 онд Улаанбаатар хотоос Нехт цахилгаан барааны дэлгүүрээс 629.000 төгрөгөөр худалдан авч байсан. Шинж тэмдэг гэвэл Леново брендийн Г500-1005В загварын хар өнгийн нөүтбүүк байсан. Нөүтбүүкээ буцаан авсан тул нэхэмжлэх зүйлгүй.. гэжээ. /хх-ийн 14 тал/

Гэрч О.Долгормаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Энх-Отгон Сайншанд суманд ирээд надтай хамт байж байгаад 2016 оны 10 дугаар сарын 20-ны үед манайхаас явсан. Тухайн үед надад хаашаа явах гэж байгаагаа хэлээгүй юм. Түүнээс хойш манай гэрт дахин ирээгүй. Ж.Энх-Отгон 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Сайншанд суманд манай гэрт надтай хамт байсан. Тухайн үед надад цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаараа ямар нэг зүйл хэлээгүй би түүнийг хэрэгт холбогдсон гэдгийг мэдээгүй...” гэжээ. /хx-ийн 69 тал/

2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 167 шинжээчийн дүгнэлтэнд“...2014 оны 07 дугаар сард 630.000 мянган төгрөгөөр худалдан авсан гэх эвдрэл гэмтэлгүй, бүрэн ажиллагаатай “Леново” маркын G500-1005B загварын нөүтбүүк нь 350.000 төгрөг...” гэжээ /хx-ийн 19 тал/

  • Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-06 тал/
  • Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 9 тал/
  • Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 10 тал/
  • Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 тал/
  • Эрэн сурвалжлалт зарлах тухай баримт /хх-ийн 34-45 тал/
  • 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 5/34 дугаартай мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай тогтоол /хх-ийн 63-64 тал/
  • 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 5/04 дугаартай эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгэх тухай тогтоол /хх-ийн 65 тал/
  • Д.Энх-Энэрэлийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 112 тал/
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 113 тал/ зэрэг болно.

Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ж.Энх-Отгон нь 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 23 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Эрүүл мэндийн 2-19 тоотод оршин суух хохирогч Д.Дашсамбуугийн гэрийн цонхон дээр байсан 350.000 төгрөгний үнэ бүхий Леново маркийн нөүтбүүкийг хулгайлcaн, дээрх хэрэгт шалгагдаж байхдаа 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хүртэл мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн  гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгчийн болон гэрч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, хохирогчийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байна.

Шүүгдэгчийн энэ үйлдэлд улсын яллагч  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллагдана гэж үзсэн нь хэргийн нөхцөл байдалд тохирч байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Ж.Энх-Отгоныг бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсан, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага ногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ж.Энх-Отгоны ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт авагдсан тогтоолоос үзэхэд 2013 оны10 дугаар сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2-т заасан  ялтай байдал арилаагүй байгаа боловч уг хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болсон тул Ж.Энх-Отгоныг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д  зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч нь Ж.Энх-Отгон нь нийт 56 хоног цагдан хоригдсон ба бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Боржигон овогт Жаргалсайханы Энх-Отгоныг бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсан, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Энх-Отгонд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 /дөрөв/ сарын баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар  1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Энх-Отгонд Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 сарын баривчлах ялыг мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт  зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн  хорих ялд багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жилийн  хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Энх-Отгонд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Энх-Отгоныг  2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 56 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч Ж.Энх-Отгон нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримт ирээгүй бөгөөд битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй  болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Энх-Отгонд  авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Л.БАТЖАРГАЛ