Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 00668

 

      Д.Г-ийн нэхэмжлэлтэй,

       иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/03423 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Г-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч З.О-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 6 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагч З.О, хариуцагчийн өмгөөлөгч Л.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд түүний гаргасан тайлбартаа: З.О надаас 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 10 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй амаар тохиролцож зээлж авсан. Хариуцагч З.О 2 жил гаруй хугацаанд 4 000 000 төгрөгийг төлж, үлдсэн төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. З.О-тай бичгээр гэрээ байгуулаагүй бөгөөд танилууд учраас амаар тохиролцсон. Иймд зээлийн үлдэгдэл 6 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч З.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид төрөл садангийн хүмүүс. 2005 онд Д.Г хадмындаа гологдчихлоо гээд над дээр ирсэн, би гэртээ байлгаж, тусалдаг байсан. Би н.Г-ийн гэр бүлд 10 жил тусалж, ажилд оруулж, мөнгө зээлж 20 000 000 гаруй төгрөг өгсөн. Эх, эцэг нь хэцүү амьдралтай учраас би мал авч, 8 нэрийн хүнс, барааны дэлгүүр түрээсэлж өгсөн, би маш их тус болдог байсан, надаас мөнгө бага багаар маш их авч байсан хирнээ надаас мөнгө нэхэж байгаад гайхаж байна. Д.Г 2015 оны 9 дүгээр сарын 01-нд надад 10 000 000 төгрөг өгсөн, надад зээлдүүлээгүй, надаас авсан мөнгөө буцааж өгсөн. Миний ээж нас барсан, намайг хүнд хэцүү байх үед мөнгийг минь буцаагаад өгсөн гэж бодсон, байшин барихад зээл өгөв гэж 4 000 000 төгрөг өгсөн. Д.Г Солонгос явах гэж байгаа, байрны зээл авах гэсэн юм гэж надаас тусламж авахад 2 140 000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг би  өөрөө зээл авч өгч байсан, миний ээжийг нас барахад нэг ширхэг ч мал өгөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

        Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.О-аас 6 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Г-т олгож,

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийнхураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 110 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 110 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

     Хариуцагч давж заалдах гомдолдоо: Миний төрсөн ахын охин нэхэмжлэгч Д.Г надад 10 000 000 төгрөг зээлүүлээгүй, харин би түүнд тодорхой хугацаанд янз бүрийн хэлбэрээр зээлүүлсэн мөнгөө авахаар би нэхсэн тул зээлүүлсэн мөнгөнөөсөө 10 000 000 төгрөгийг буцааж төлсөн юм. Би энэ тухай 65 хуудас нотлох баримтыг 2017 оны 12 сарын 15 ны өдөр шүүх хуралд гаргаж өгөхөд даргалагчаас “нэхэмжлэгч Д.Г надад 10 000 000 төгрөг зээлүүлсэн биш, харин надаас зээлсэн мөнгөө буцааж төлснийг нотлох 65 хуудас материалыг бүхэлд нь "нотлох баримтын шаардлага хангахгүй" гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан захирамж гаргаж, энэ захирамжид талууд гомдол гаргах эрхгүй гэж шийдвэрлэсэн. Уг захирамжидаа "65 хуудас нотлох баримтын аль нь ямар шалтгаанаар нотлох баримтын шаардлага хангаагүй, аль нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзсэн талаараа бичээгүйгээс гадна захирамжийн үндэслэлийг тайлбарлаж өгөлгүй, нотлох баримтуудыг хэрэгт хавсаргалгүй надад буцааж өгсөн.

    Мөн шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, мөнгө шилжүүлсэн баримт дээр "зээлийн тухай үг, өгүүлбэр ч байхгүй", нэхэмжлэгчийн хэлж байгаагаас өөрөөр “зээл” гэдэг нь нотлогдоогүй байхад шүүх "мөнгө шилжүүлсэн учир зээлийн гэрээ байгуулагдсан" гэсэн таамаглал дэвшүүлсэн. Зориулалт тодорхойгүй мөнгө шилжүүлсэн явдал зээлийн гэрээ байгуулагдсаныг хангалттай нотлох баримт биш юм. Энэ нь шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслэн, хууль зүйн үндэслэлтэй, ойлгомжтой байх шаардлагыг хангаагүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нөхцлийг бүрдүүлсэн. Шүүх шинээр гаргаж өгсөн 65 хуудас нотлох баримтуудыг "нотлох баримтын шаардлага хангаагүй" гэж хүлээн авахаас таггалзаж, хариуцагчид уг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судлуулах боломж олгоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна. Иймд шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Д.Г хариуцагч З.О-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6 000 000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.  

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх ажиллагааны явцад хариуцагч талаас гаргаж өгсөн 65 хуудас нотлох баримтуудыг хуульд заасан шаардлага хангахгүй гэж үзэн шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааны тэмдэглэлд “хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хүлээн авахаас татгалзаж шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдав” гэж тусгасан боловч хэрэгт уг хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамж бичгийн хэлбэрээр авагдаагүй тул хэргээс нотлох баримт хассан гэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад нотлох баримтыг хасах тохиолдолд хэргийн оролцогч энэ талаар гомдол гаргах эрхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар олгосон байна. Иймд анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Уг баримтуудыг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нотлох баримт гэж үзэх боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн нотлох баримт хасахтай холбоотой гомдол гаргах эрхийг хангах ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүйгээс хэрэгт цугларсан нотлох баримтад эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/03423 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                 ШҮҮГЧИД                                       Н.БАТЗОРИГ

                                                                                                         Д.БАЙГАЛМАА