Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2019/ДШМ/15

 

Ч.Пү-т холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж Улсын яллагч Б.Одонтуяа Шүүгдэгч Ч.Пү- Шүүгдэгчийн өмгөөлөгч/ШЕЗ-с онлайнаар/ С.Батболд Хохирогч Л.Нарханд Хохирогчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэн /Говь-Алтай аймгаас онлайнаар/ Ж.Дорждэрэм нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэнгийн давж заалдах гомдлоор Ч.Пү-т холбогдох эрүүгийн 1823000080019 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв. 1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Идэр суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Завхан аймаг Идэр сумын Загастай багийн Төвийн хэсэг 2-27 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Хөх овгийн Ч-гийн Пү-, /Регистрийн дугаар: ИЖ*******/

Шүүгдэгч Ч.Пү- нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон болон 2 хүний эрүүл мэндэд хүнд, 9 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Хөх овгийн Ч-гийн Пү-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон болон 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 9 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ч.Пү-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял ногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Пү-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Пү-аас 458.000 төгрөг гаргуулж, хохирогч Л. Нархандад олгож, нэхэмжлэлээс 66.450.456 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ч.Пү- нь хохирогч Л.Нархандад 20672389 төгрөг төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ч.Пү-т оногдуулсан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шүүгдэгч Ч.Пү- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн иргэний үнэмлэх шүүхэд ирүүлээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хураагдсан иргэн Р.Батхуягийн өмчлөлийн 59-87 УНО улсын дугаартай “Маздо бонго” маркийн машины 01494638 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгчид буцаан олгож, цагаан шаргал өнгийн даавуун зүйл, хар өнгөтэй речакны толгой, 59-87 УНО улсын дугаар, хар өнгийн рулийн хүрдний бүрээс, машины гуперны хагархай болох саарал зүйлүүдийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Ч.Пү-ын хувьд ногдох хөрөнгөнөөс Завхан аймгийн Идэр сумын Загастай багийн төвийн хэсэг 2-27 тоотод байрлах 8х8 метрийн харьцаатай палкаар барьж шавраар өнгөлсөн байшин 500 метр квадрат газрын хамт нас бие гүйцсэн сарлагын үнээ 6 ширхэг, сарлагийн шүдлэн эм үхэр 6 ширхэг, сарлагийн эр бяруу 3 ширхэг, сарлагийн эм бяруу 3 ширхэг, эм хонь 1 ширхэг, төлөг 1 ширхэг, хурга 1 ширхэг, эм ямаа 12 ширхэг, борлон 12 ширхэг, эр ямаа 3 ширхэгийг тус тус битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Ч.Пү-ын В,С ангилалын 209852 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Пү-т урьд авсан хувийн баталгаа гаргах талсан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. Хохирогч Л.Нархандын өмгөөлөгч Э.Долгорсүрэн нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ч.Пү-т холбогдох, эрүүгийн 1823000080019 тоот хэргийн хохирогч Л.Нарханд, түүний өмгөөлөгч Э.Долгорсүрэн бид Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.03.21-ний өдрийн 34 тоот Шийтгэх тогтоолыг гардан аваад эс зөвшөөрч, хуульд заасан эрхийнхээ хүрээнд давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Гомдлын үндэслэл: 1. Анхан шатны шүүх хохирогчийн сэтгэл санааны хохирол буюу олох ёстой байсан ашиг орлого 50.000.000 төгрөг, амь хохирогчийн сургалтын төлбөр 7.239.100 төгрөг, эцэг, эхийнх нь ажилгүй байсан хугацааны цалин болох 4.211.356 төгрөг, хашаа худалдан авсан 5.000.000 төгрөг нийт гэм хортой холбоотой хохирол болох 66.450.456 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх энэхүү шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа “гэмт хэргийн улмаас учирсан эдийн болон эдийн бус гэм хор бусад сэтгэл санааны хохиролтой холбоотой асуудлыг гагцхүү хуульд тусгайлан заасан нөхцөлд мөнгөөр нөхөн төлөхөөр Иргэний хуулийн 230-р зүйлийн 230.1 дэх хэсэгт зохицуулсан бөгөөд хүний амь насыг хохироосон гэмт хэргийн улмаас бусдад учирсан сэтгэл санааны хохирлыг хэрхэн тооцож илэрхийлэх, үүнийг гаргуулах талаар хуулиар тусгайлан зохицуулаагүй тул иргэний хариуцагч болон шүүгдэгчээс хохирогчийн сэтгэл санааны хохиролд тооцон нэхэмжилж байгаа 50.0 сая төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна...” гэжээ. Мөн талийгаач охин Э.Жамъянхоролын сургалтын төлбөр, талийгаачийн эцэг, эхийн ажлаас чөлөө авсан 4 сарын цалин, хашаа худалдаж авсан төлбөр зэргийг шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотойгоор үүссэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэх зардлууд биш учир хохирогчийн нэхэмжлэлийн энэ хэсгийг мөн хангаж шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэжээ. Гэтэл сэтгэл санааны хохирол буюу олох ёстой байсан ашиг орлого болох 50.000.000 төгрөгийг хохирогчийн зүгээс талийгаач охин нь хэрэв энэхүү гэмт хэргийн улмаас амь насаа алдаагүй байсан бол 55 нас хүртлээ хөдөлмөрлөж олох ёстой байсан цалин хөлсний тодорхой хэсгийг нь Иргэний хуулийн 229-р зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжилсэн. Энэ нь ямар нэгэн хийсвэр нэхэмжлэл биш бөгөөд гэмт хэргийн улмаас амь хохирогчийн ар гэрийнхэн нь олох ёстой байсан ашиг орлогыг нь шаардах эрхтэй юм. Өөрөөр хэлбэл, энэхүү гэмт хэргийн улмаас амь хохирогч нас барсан учраас түүнд учирсан гэм хорыг өв залгамжлагч нь шаардах эрхтэй. Иймд шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан гэж үзэж байгаа учраас хохирогчийн нэхэмжлэлийн 66.450.456 төгрөгийг давж заалдах шатанд хангаж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. 2. Хохирогч талаас Ч.Пү-ыг “согтуурсан үедээ машин жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэж дүгнэлт гаргасныг анхан шатны шүүх Шинжээчийн дүгнэлтээр Ч.Пү-ын цусанд спиртийн агууламж илрээгүй, гэрч А.Даваасамбуугийн мэдүүлгээр Ч.Пү- нь архи уугаагүй гэдэг нь нотлогдсон учраас шүүгдэгчийг осол гаргах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж дүгнээд, хүлээн аваагүй. Гэтэл хэргийн газар дээр очсон цагдаагийн алба хаагч нар нь цаг тухайд нь Ч.Пү-ын биеэс цус авахуулаагүй, мөн драгер буюу согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоох багаж үлээлгээгүй байдаг бөгөөд хэрэг гарсанаас хойш олон цагийн дараа буюу 2018.01.10-ны өдрийн өглөөгүүр жолоочийн биеэс сумын эмнэлэг нь цус авсан тухай мэдүүлэг баримтууд хавтаст хэрэгт байдаг. Мөн энэ цус нь Ч.Пү-ын биеэс авсан цус мөн эсэхэд хохирогчийн зүгээс эргэлзэж, цусны бүлгийг тогтоолгохоор хүсэлт гаргахад уг цусны эс задарсан учраас шинжилгээ хийх боломжгүй гэсэн хариу гарсан нь хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл, Ч.Пү-ын биеэс спиртийн агууламж тогтоохоор хэрэг гарсаны маргааш Идэр сумын эмнэлэг түүний биенээс цус авсан гэх боловч хөндлөнгийн гэрч оролцуулсан талаар баримт байдаггүй. Мөн яагаад ослын газар дээр очсон цагдаагийн алба хаагч нар жолоочийн биеэс тухайн үед нь цус авахуулж, драгер үлээлгээгүй болох, яагаад гэмт хэргийн ул мөрийг арилахаас өмнө яаралтай бэхжүүлж авах арга хэмжээнүүдийг аваагүй зэрэг нь хохирогчийн талд эргэлзээ төрүүлж байна. Мөн жолоочийн биеэс олон цагийн дараа цус авахад спиртийн агууламж нь цуснаас арилсан, саарсан байх бүрэн боломжтой тул Ч.Пү-ын цусанд спиртийн агууламж тогтоосон уг Шинжээчийн дүгнэлт нь тухайн хэргийн хувьд архи уугаагүйг нь нотлох үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт мөн эсэх нь өөрөө эргэлзээтэй юм. Гэтэл анхан шатны шүүх ийм эргэлзээтэй нотлох баримтанд үндэслэн Ч.Пү-ыг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх нь тогтоогдохгүй байна гэж дүгнэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Ч.Пү-ыг архи уугаагүй гэж мэдүүлсэн гэрч А.Даваасамбуугийн мэдүүлэг нь мөрдөн байцаалтын шатанд өөр байсан бөгөөд эхний мэдүүлэгтээ тэрээр осол гарсан өдөр Ч.Пү- надаас өлөнгийн мөнгө авах гэж 1 удаа манайд ирсэн гэж, дараагийн мэдүүлэгт орой нь Ч.Пү-тай баазын цэргийн ангийн үүдэнд таарсан гэж зөрүүтэй мэдүүлсэн. Мөн уг гэрч нь баазын урд талд Ч.Пү-тай таараад шилтэй архиа задлах гэтэл Пү- би уухгүй гэхээр нь архиа задлаагүй гэсэн мэдүүлэг нь хохирогч Г.Ганболдын шүүх хуралдаанд гаргасан “баазын цэргийн ангийн урд А.Даваасамбуу нь Пү-ын машин дээр ирээд шилтэй архи авчирсныгаа задлаад уусан” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд авсан гэрч М.Түвшинжаргалын “цэргийн ангийн үүдэнд Даваасамбуу, Өлзийбаяр нарыг очиж авахад бага зэрэг архи уусан байсан” гэх мэдүүлгүүдтэй ноцтой зөрүүтэй байсан. Гэтэл шүүх өөр бусад гэрчийн мэдүүлгүүдтэй ноцтой зөрүүтэй гэрчийн мэдүүлгийг үндэслэн Ч.Пү-ыг согтууруулах ундаа хэрэглсэн эсэх нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн хохирогч Л.Нархандын зүгээс мөн хохирогч Г.Ганболдтой хувиараа уулзсан утасны бичлэгт Ч.Пү-ыг хэрэг гарсан өдрөө цэргийн ангийн үүдэнд А.Даваасамбуу, Өлзийбаяр гэх хүмүүстэй архи уугаад Идэр сумруу гарсан талаар баримт хавтаст хэрэгт хяналт тавьсан прокурорын тогтоолоор нотлох баримтаар авагдсан байдаг. Энэхүү СД буюу нотлох баримтыг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1-р зүйлийн дахь хэсэгт заасан нотлох баримтыг хууль бусаар цуглуулж, бэхжүүлэн хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн гэж үзэж нотлох баримтаар үнэлээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн оролцогч нь тухайн гэмт хэргийн талаар мэдээлэл баримт, сэлт гаргаж өгөх эрхтэй бөгөөд энэхүү мэдээллийн үнэн зөвийг мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан байгууллагууд нь шалгаж тогтоох үүрэгтэй. Иймд хавтас хэрэгт байх СД-г хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан баримт мөн гэж үзэж байгаа тул нотлох баримтаар үнэлээгүйг үндэслэлгүй гэж үзэж байна. Дүгнэж хэлбэл, дээрхи үндэслэлүүдээр анх гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн газар дээр ажилласан эрх бүхий алба хаагчид жолоочийг согтуугаар гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар гэмт хэргийн ул мөрийг бэхжүүлж авах үүргээ биелүүлээгүй байхад хэрэг үйлдсэний маргааш өглөө буюу олон цагийн дараа авсан цусны шинжилгээ, хоорондоо ноцтой зөрүүтэй, өөр баримтуудтай нийцэхгүй байгаа гэрчийн мэдүүлэгт үндэслэн Ч.Пү-ыг архи уугаагүй гэж дүгнэж, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн шүүхийн энэхүү үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Мөн Ч.Пү- нь гэмт хэрэг гарсаны өглөө нь тухайн замаараа Идэр сумаас аймгийн төврүү машинаараа ирсэн гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн атлаа орой явахад нь зам хаасан овоолгоостой шороо гэнэт гарч ирсэн мэт мэдүүлэг өгсөн нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, 2018.01.09-ний өдөр болон ойрын хугацаанд нь тухайн зам дээр Завхан АЗЗА ХХК нь зам засварын ажил хийгээгүй гэж мэдүүлсэн учраас уг овоолгоостой шороо нь Ч.Пү-ыг өглөө Идэр сумаас ирэхэд ч байсан болж таарч байгаа. Мөн Ч.Пү- нь Идэр сумаас аймгийн төв рүү ирж очиход 61-ийн гарам орчимд 1 л зам байдаг гэж мэдүүлсэн. Эндээс үзвэл хэрэг үйлдэх үедээ Ч.Пү- нь эрүүл ухаангүй, согтуу байсан байх магадлал өндөр байна. Мөн аймгийн төв, Идэр сумын хооронд өмнө нь олон удаа явж байсан жолооч хүн байнга шахуу явдаг зам дээрээ цаг агаар тааруу байхад хурдаа тохируулахгүй, хурд хэтрүүлж давхина, замын нөхцөл байдлаа мэдэхгүй байна гэдэг бол эрүүл хүнээс гарахгүй зүйл юм. Ч.Пү-ыг тухайн үед жолоо барьж явахдаа архи уусан байсан эсэх дээр шүүх дүгнэлт хийхдээ энэ мэтчилэн хэргийн бодит байдалтай хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулж үзэлгүйгээр эргэлзээтэй баримтуудыг үндэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. 2. Мөн анхан шатны шүүх Ч.Пү-ыг Эрүүгийн хуулийн 27.10-р зүйлийн 3 дахь хэсэгт заасан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон болон 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 9 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн Тогтоох хэсгийн хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1-р зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан байна. Гэтэл Ч.Пү-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл, тодруулж хэлбэл, 3 хүний суудалтай ачааны машинд мах ачиж байгаа мэт 13 хүн чихэж, тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүнийг ачиж, зориулалтын суудалгүй буюу тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй ачааны хэсэгт хүмүүс чихэж, замын нөхцөл байдал, тээврийн хэрэгслийн онцлог, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл байдалд хурдаа тохируулж яваагүй гэм буруутай санаатай үйлдлээс болж, 1 хүний алтан амь хохирч, 11 хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн гэмтэл учирсан байдаг. 11 хүний эрүүл мэнд нөхөн сэргээгдсэн байлаа гэхэд нас барсан амь хохирогч охинд болон түүний ар гэрийнхэнд учирсан хохирол, хор уршиг нь яагаад ч арилахгүй юм. Гэтэл шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан үзэлгүйгээр шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 1 дэх хэсэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ мөн гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг арилгасан эсэхийг харгалзан үзэхээр зохицуулсан байна. Гэтэл Ч.Пү-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг буюу хүний амь насанд учруулсан хор уршиг нь арилаагүй, арилах боломжгүй юм. Иймд түүний гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийн шинж чанарыг харгалзан үзэж тэнссэн шийдвэрийг өөрчилж, Ч.Пү-т хорих ялыг биечлэн эдлүүлэхээр өөрчлүүлэх хүсэлтэй байна. Дээрхи үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэргийн бодит байдалд нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа тул Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.03.21-ний өдрийн 34 тоот Шийтгэх тогтоолыг өөрчилж өгнө үү. Хохирогчийн өмгөөлөгч Э.Долгорсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч Л.Нархандын өмгөөлөгч би хохирогч Нархандын зүгээс Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.03.21-ний өдрийн 34 тоот шийтгэх тогтоолыг гардаж аваад эс зөвшөөрч давж заалдах эрхийнхээ хүрээнд давж заалдах журмаар гомдол гаргасан байгаа. Гомдлынхоо үндэслэлүүдийг товч тайлбарлавал: 1. Хохирогчийн зүгээс анхан шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс сэтгэл санааны хохирол буюу олох ёстой байсан ашиг орлого 50 сая төгрөг, амь хохирогчийн сургалтын төлбөр 7239100 төгрөг эцэг эхийнх нь ажилгүй байсан хугацааны цалин болох 4211356 төгрөг, шашны зан үйлтэй холбоотой хашаа худалдаж авсан 5 сая төгрөг гээд нийт гэм хортой холбоотой болох 66450456 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг энэхүү нэхэмжилсэн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа гэмт хэргийн улмаас учирсан эдийн болон эдийн бус гэм хор бусад сэтгэл санааны хохиролтой холбоотой асуудлыг гагцхүү хуульд тусгайлан заасан нөхцөлд мөнгөөр нөхөн төлөхөөр иргэний хуулийн 230.1 дэхь хэсэгт зохицуулсан байгаа учраас нэхэмжилж байгаа сэтгэл санааны хохирол 50 сая төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн байдаг. Хохирогчийн зүгээс бол иргэний хуулийн 229.1 буюу хэрвээ хохирогч амьд байсан бол хөдөлмөрийн идэвхтэй насандаа буюу 21 насандаа нас барсан гэж үзэхээр 55 нас буюу тэтгэвэрт гартлаа хөдөлмөр эрхлэх болвол олох ёстой байсан ашиг орлого болох хөдөлмөрийн хөлсийг тооцож үзээд эндээс 50 сая төгрөгийг олох ёстой ашиг орлого гэж үзээд гаргуулахаар нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарласан байдаг. Гэм хор учруулагч бол иргэний хуулийн 229.1-д зааснаар хохирогчийн олох ёстой байсан ашиг орлогыг төлж болохоор заасан байдаг. Тэгэхээр нэхэмжлэлийн энэ хэсэг буюу 50 сая төгрөгийг сэтгэл санааны хохирол гэж үзэхээс илүүтэйгээр амь хохирогчийн өв залгамжлагч нар нь хохирогчийг амьд ахуй байсан бол олох ёстой байсан ашиг орлогыг нь гэм хор учруулагчаас шаардан гаргуулах эрхтэй үүний дагуу анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэж болохоор байсан учир энэ хэсгийг хангаж шийдэж өгөөч гэж давж заалдах шатны шүүхээс хүсч байгаа. 2. Анхан шатны шүүх дээр хохирогчийн талаас болон хохирогчийн өмгөөлөгч нар зүйлчлэлийг өөрчлүүлэхээр мэтгэлцсэн байгаа. Өөрөөр хэлвэл шүүгдэгч Пү- нь тухайн хэрэг болох үед согтуурсан үедээ автомашин жолоодож явсан байна гэж хохирогчийн зүгээс үзэж байгаа. Энэ нь ямар баримтаар нотлогдох вэ гэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн гэрч нарын мэдүүлэг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн зүгээс гаргаж өгсөн гар утасны бичлэгийг CD дээр буулгасан бичлэгээр нотлогддог. Энэ бичлэгийг прокуророос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар тооцож хавтаст хэрэгт бэхжүүлсэн байдаг. Энэ нотлох баримтыг анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 зүйлийн 16.1 дэхь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг хууль бусаар цуглуулж бэхжүүлж авсан учраас энийг нотлох баримтаар үнэлэхгүй гэж дүгнэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд бол хэргийн оролцогч нар тухайн гэмт хэргийн талаар мэдээлэл, баримт сэлт гаргаж өгөх эрхтэй байдаг. Харин энэ мэдээллийн үнэн зөвийг мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан шалгаж тогтоох үүрэг бүхий байгууллагууд нь хуульд заасны дагуу энэхүү мэдээллийн үнэн зөвийг шалгаж тогтоох үүрэгтэй байдаг. Энд бол Пү-ыг согтуугаар автомашин жолоодсон гэдгийг гэрчилж байгаа гэрчийн мэдүүлгийг буулгасан мэдээллийг агуулсан энэ CD-г нотлох баримтаар тооцож шүүгдэгч Пү-ыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осол гаргасан гэж үзэж байгаа учраас энэхүү нотлох баримтыг нотлох баримтаар тооцож анхан шатны шүүхийн шийдвэрт зүйлчлэлийг хүндрүүлж өөрчлөлт оруулж өгнө үү гэж хүсэж байна. 3. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн хохиролын хэмжээ, хохирол хор уршигийг арилгасан байдлыг үндэслэж эрүүгйин хуулийн ерөнхий ангийн 7.1 зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэн энэ хэсгийн мөн хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 зүйлийн 1 дэхь хэсэгт хорих ял оноохгүйгээр тэнсэхдээ гэмт хэргийн улмаас учирсан учруулсан хор уршигийг арилгасан эсэхийг харж үзэхээр зохицуулсан байдаг. Анхан шатны шүүхээс бол шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигийг арилгасан байна гэж үзээд байгаа. Хохирогчийн зүгээс хүний амь нас эрсэдсэн тухайн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг буюу хүний амь насанд учруулсан хор уршиг нь арилаагүй байна мөн арилах боломжгүй цаашид эцэг эхийн сэтгэл санаа ар гэрт нь учирсан хор уршигийг арилгах боломжгүй. Ийм учраас гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигийн шинж чанарыг арилгаагүй учраас мөн 1 хүний амь эрсэдсэн дээрээс нь 11 хүний биед гэмтэл учирсан мөн дээрээс нь шүүгдэгч нь өөрөө замын хөдөлгөөний маш олон дүрэм журмыг зөрчиж 3 хүний суудалтай ачааны машинд 13 хүнийг чихэж тээврийн хэрэгслийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүнийг ачиж зориулалтын суудалгүй ачаа ачдаг хэсэгт хүмүүсийг ачаан дээр суулгаж хариуцлагагүй үйлдлийг өөрөө хор уршиг учрахыг мэдсээр байж хүсэж хүмүүст хор уршиг учруулсан энэ зэрэг гэм буруугийн шинж чанар зэргийг харгалзан үзээд шүүхээс хорих ял оногдуулах ёстой байсан, ял нь хөнгөдсөн гэж үзэж байгаа хохирогчийн зүгээс. Тийм учраас энэ давж заалдах шатны шүүх зүйлчлэлийг хүндрүүлээгүй анхан шатны шүүхийн оногдуулсан зүйлчлэл дотор ялыг өөрчлөхийг хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс ял хүндрүүлж байгаа гэж үзэхгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлвэл зүйлчлэл өөрчлөхгүйгээр ял өөрчлөх юм болвол тэнсэх ялыг хорих ялаар солих юм бол ялыг хүндрүүлж байна гэж хохиорогч, хохирогчийн өмгөөлөгч нарын зүгээс үзэхгүй байгаа. Тийм учраас Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.03.21-ний өдрийн 34 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж сэтгэл санааны хохирол буюу олох ёстой байсан ашиг орлого бусад хохиролтой холбоотой зардлууд болох 66450456 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж тэнссэн ялыг хорих ялаар сольж өөрчлөлт оруулж өгнө үү гэж хүсэж байна гэв. Хохирогч Л.Нарханд давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Миний хувьд маш их гомдолтой байна. Дуудлагаар очсон цагдаагийн албан хаагч анхнаасаа энэ хэрэг дээр маш дутуу дулмаг ажилласан. Хэргийн газрын үзлэгийг маш дутуу хийсэн. Ослын дуудлагаар очсон цагдаагийн албан хаагч энэ хүнд газар дээр нь дариагар үлээлгээгүй, цусны шинжилгээ аваагүй байсан. Осол болсны маргааш буюу 12 цагийн дараа цусны шинжилгээ авсан байсан. Цусны шинжилгээ авахад ямарч хөндлөнгийн гэрч байлцуулаагүй. Энийг бол бид анхнаасаа хүлээн зөвшөөрөхгүй. Мөн 12 цагийн дараа цусны шинжилгээ авахаар ямарч согтуу хүн эрүүл болно биз дээ. Ийм осол гаргаснаас хойш 12 цагийн дараа цусны шинжилгээ авах нь бодит байдалд нийцэхгүй иймээс бодит байдалд нийцэхгүй дүгнэлт гаргасан гэж бодож байна. Осол гарсан замаар энэ жолооч байнга явдаг. Осол гарсан өглөө энэ замаар Идэр сумаас аймгийн төв орж ирсэн. Тэгээд хэдхэн цагийн дараа орой буцахдаа ийм аймар осол гаргасан байна. Өөрөө болохоор анх удаа энэ замаар явж байхад нь гэв гэнэт овгор шороо гараад ирсэн юм шиг ярисан байна. Энэ бол үнэхээр бодит байдалд нийцэхгүй байна. Машинаар 30-аас 40 миллтэй явж байхад машин тусгалд нь овгор шороо харагдаж, тоормоз 150 метр л тусдаг юм байна. Би үүнийг судалсан. Тэгэхэд энэ хооронд бол арга хэмжээ боломж байсан гэвч энэ хүн машинаа зогсоохгүйгээр үнэхээр асар их хурдтай явсан байна. Намуун 2 гэрч байгаа. Даваасамбуу анхны мэдүүлэгтээ бол Пү-тай нэг л удаа уулзсан уулзахдаа энэ хүн бүртгэлийн мөнгө авах гэж манайд ирсэн. Дахиж тэр өдөр уулзаагүй гэсэн. 2 дахь мэдүүлэгтээ 8 сар байнуу 9 сард өгөхдөө цэргийн ангийн урд гаргаж өгсөн тэгэхдээ архи Пү-т өгөөгүй гэсэн байгаан. Ингэж хаа хамаагүй хууль уншуулчаад яагаад худлаа яриад байгаан. Бас Ганболд гэсэн гэрч байгаа. Анхны мэдүүлэгтээ архи дарс цэргийн ангийн урд архи болсон гэж ганц үг тусгаагүй. Тэгээд бид нарыг очиход бүх юмаа ярьсан. Энэ 2 гэрчийн ярьсныг CD дээр бичиж авсан. Энэ хүмүүс бид нарт өөр юм ярьсан. Хуулийн байгууллага, цагдаагийн газар болон анхан шатны шүүхэд энэ хоёр гэрч 2 өөр мэдүүлэг өгсөн. Энэ хүмүүс яагаад худлаа яриад байгаа юм бэ? Энэ бол согтуу хүний хийсэн үйлдэл. Би энэ хэргийг дахин шалгаж, энэ зөрүүтэй мэдүүлгийг арилгаж өгөөч гэж та нараас хүсч байна. Энэ хэрэг санаатайгаар болсон. Жолооч хүн чинь хурдаа тохируулж явдаг шүүдээ. Энэ хэргийг үнэн зөв шийдэж өгөөч дахиж хянаж өгөөч гэж гуйх байна гэв. Хохирогчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм/Говь-Алтай аймгаас онлайнаар/ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн 2019.03.21-ний өдрийн 34 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдолыг гаргасан. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсгийн 1 дэхь хэсэгт Ч.Пү-ыг эрүүгийн хуулийн 27.10-ын 3 дугаар хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэт нэг талыг барьсан хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг хийсэн гэж үзэж байна. Учир нь хэргийн материалд жолооч Пү-ыг архи уусан талаарх Даваасамбуу, Ганболд нарын өгсөн мэдүүлэг хэрэгт хавсрагдсан байдаг. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад зэрэгцүүлж авсан CD бичлэг нотлох баримтаар хавсрагдсан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс тухайн нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой талаас нь авч үзэж үнэлэлт дүгнэлтийг өгөөгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-ын 3 дугаар хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж Пү-ыг хөнгөрүүлж тооцсон байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2 дугаарт Мөн Анхан шатны шүүхээс тухайн шийтгэх тогтоолын 2 дугаар хэсэгт шүүгдэгч Пү-ыг эрүүгийн хуулийн 27.10-ын 3 дугаар хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож хорих ялыг эрүүгийн хуулийн 7.1-ын 1 дэхь хэсгийг удирдлага болгон 3 жилийн хугацаатай тэнссэн байдаг. Гэтэл эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг тэнссэн ял болгоход нөхцөл нь хор уршиг арилсан бол гэж заасан. Гэтэл тухайн хүний амь эрсэдсэн энэ хор уршиг арилаагүй. Хор уршиг арилаагүй энэ нөхцөл байдалд анхан шатны шүүх хэт нэг талыг барьсан, Пү-т ялыг хөнгөрүүлж тэнссэн байдаг. Энэ хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна ялыг биечлэн эдлүүлэх бүрэн боломжтой гэдгийг давхар хэлмээр байна. Дараагийн дугаар 3 дахь хэсэгт хохирогч хор уршгийг тооцож гаргахдаа иргэний хуулийн 401, 508 дугаар хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 508 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас учирсан гэм хор хохиролыг тодорхой заагаад өгсөн байна. Олох ёстой байсан орлого гэж зааж өгсөн, гэмт хэргийн улмаас учирсан хор бодит хохирол хор уршиг 66450465 төгрөг нэхэмжилсэн байхад энэ нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Бас л хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан анхан шатны шүүх. Тухайн гэмт хэргийн улмаас учирсан энэ хор уршиг, тухайн олох ёстой байсан орлого мөн нас барсан хохирогчийн ээж аав ажлаа хийж чадахгүй байгаа, ажилгүй байсан үеийн цалин, эрүүл мэндээр хохирсон холбогдох бүхий л нотлох баримтуудыг шаардлага хангаж хавсаргасан. Гэтэл энэ нотлох баримтуудыг үнэлээгүй. Мөн зан үйлийн зардал, охинтойгоо хамт амьдарж байсан тэр хашаанд амьдрах боломжгүй болсон. Тэр хашаан дотор байнга охин нь гүйж байгаа юм шиг харагддаг болсон. Ийм нөхцөл байдалд ахиад шинэ хашаа авсан. Энэ нөхцөл байдлыг тухайн гэмт хэргээс үүссэн хор уршиг гэж үзэж байгаа. Гэтэл энэ дээр анхан шатны шүүх бас хандаагүй. Шүүгдэгч Пү-т ашигтай шийдвэрийг гаргасан. Хор уршиг арилаагүй байхад тэнсэн ялыг өгсөн. Хор уршиг арилаагүй байхад холбогдох бүх гэм хорыг хэрэгсэхгүй болгосон. Хэрэгт цугласан нотлох баримтыг тал бүрээс үнэлээгүй. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хүний амь нас хохироосон нөхцөл байдал байхад энийг үнэлээгүй. Анхан шатны шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн хүсэлтэй байгаа гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батболд/ШЕЗөвлөлөөс онлайнаар/ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх нотлох баримтын хүрээнд шийдвэрээ гаргадаг. Иймээс анхан шатны шийдвэрийг хууль ёсны үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувьд болгоомжгүйгээсээ болж осол аваар гаргасан. Үүндээ маш их гэмшиж байгаа. Нотлох баримтанд тулгуурласан баримтын хүрээнд хохирлыг сайн дураар нөхөн төлсөн. Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж хохирогчийн талаас гомдол гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад согтуурсан эсэх асуудлыг шалгасан. Мөн гэрч нараас мэдүүлэг авсан. Тэгэхэд Ч.Пү-ыг архи амсаагүй гэж мэдүүлсэн. Шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааг нотлох баримтын хүрээнд явагдаагүй гээд байна. Энэ нь шүүхийн дотоод асуудал руу оролцож байна гэж үзэж байна. Шүүх хуулийн хүрээнд болон цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэдэг. Энэ нотлох баримт нь хууль ёсны байх бөгөөд шүүгдэгчийн сэтгэл санааны хохирол гэдэг зүйлийг Иргэний хуулийн 230 дугаар зүйлд хуульчилаад өгсөн байгаа. Энэ үйлдэл дээрээ манай үйлчлүүлэгчийн хувьд гэмшсэн учирсан хохирлын талаар нөхөн төлөх талаар байнга ярьж хэлж байгаа энэ гэмт хэрэг нь санаатайгаар үйлдэгдээгүй. Анхнаасаа осол гэмтэл болохыг мэднэ гэж байхгүй тийм учраас хохирогч болон өмгөөлөгчид санаатай осол гаргаж алчихсан юм шиг ярих нь буруу байх. Эрүүгийн хуулийн 7.1.1-ийг хэрэглэж шийдвэрээ гаргасан нь шүүхийн эрхийнхээ хүрээнд шийдвэрийг гаргасан. Шүүгдэгч анх удаа хэрэг санаандгүйгээр үйлдсэн мөн энэ хэрэгтээ гэмшиж байгаа. Анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 34 дүгээр шийдвэрээр хэргийн бодит байдалд нийцүүлэн тогтоон шийдвэрлэсэн. Мөн Эрүүгийн хуулийн 7.1.1-г хэрэглэсэн нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул энэ шийдвэрийг тогтоох хэсгийг үнэн зөв гэж үзэж байна гэв. Прокурор Б.Одонтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг сонслоо. Анхан шатны шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан нь буруу гэж хохирогчийн талаас дурдаж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд хууль сануулаад гэрчүүдээс мэдүүлэг авахад шүүгдэгчийг архи уусан эсэх талаар огт ярихгүй байсан. Мөн анхан шатны шүүх хэт нэг талыг барьсан гэж хохирогчийн өмгөөлөгчид яриж байгаа нь буруу байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн өмгөөлөгч Л.Нарханд, Э.Долгорсүрэн нарын гомдлыг үндэслэн Ч.Пү-т холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. Анхан шатны шүүх Ч.Пү- нь 2018 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумаас Идэр сумын чиглэлд өөрийн эзэмшилийн 59-87 УНО улсын дугаартай “Мазда Бонго” маркийн тээврийн хэрэгсэлд 13 зорчигч тээвэрлэн явахдаа Завхан аймгийн Идэр сумын Дархан-Уул багийн нутаг “Жаран нэгийн гарам” гэх газарт зам тээврийн осол гаргаж нэг хүний амь нас хохироон 2 хүний биед хүнд, 9 хүний биед хөнгөн хохирол учруулсан үйл баримтыг тогтоож, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохиролоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэжээ. Анхан шатны шүүх Ч.Пү-т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэлийн баримтуудаас аль баримтыг ямар үндэслэлээр нотлох баримтын шаардлага хангасан, эсхүл хангаагүй тодорхой дүгнэлт хийгээгүй, нотлох баримтуудыг нарийвчлан судлалгүйгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хор уршиг арилсанд тооцон Ч.Пү-т хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4-т заасан “... дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй... байна гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл: Ч.Пү- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тодорхой хэмжээний хохирлыг нөхөн төлсөн байгаа хэдий ч түүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан бодитой дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээг хэрэглэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, хохирогч Л.Нарханд түүний өмгөөлөгч Э.Долгорсүрэн нарын давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлэхүүн үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хохирогч Л.Нарханд түүний өмгөөлөгч Э.Долгорсүрэн нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ш.БАТТОГТОХ

Б.АРИУНБАЯР