Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/01563

 

 

ХААН банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/00311 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 210/МА2020/00738 дугаар магадлалтай, 

ХААН банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Э.Сандагдорж, Т.Хүсэлзаяа нарт холбогдох  

Зээлийн гэрээний үүрэгт 50,355,223 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Э.Сандагдоржийн гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Идэрмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч нь 2016.01.27-ны өдөр 50,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Үндсэн зээлийн 29,835,941.16 төгрөгийн, зээлийн хүү 17,579,874.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,939,406.44 төгрөгийн үлдэгдэлтэй тул нотариатын зардал 19,900 төгрөгийн хамт 50,375,122.03 төгрөгийг гаргуулж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031092, Ү-2201031057, Ү-000495271 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан 19-р хороо 2-20-р байр 12 тоот байр 12 тоот хаягт байрлах 43 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хороолол, 2-р дан байрны 11 тоот хаягт байрлалтай 44 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо Зүүн салаанд байрлах 2609 м.кв эзэмших эрхтэй 18635319910097 нэгж талбарын дугаартай газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөр хангуулна. Зээлийн гэрээг байгуулахдаа зээлдэгчийн санал, боломжийг харгалзсан байдлаар зээлсэн үндсэн зээлийн төлбөрийн тодорхой хэсгийг, тухайн ашигласан хугацаанд нь хуримтлагдсан хүүгийн хамт сар бүр эргэн төлөх хуваарийг гарган зээлийн гэрээнд тусгадаг. Зээлдэгчийн сар бүр төлж буй төлбөрийн хэмжээнээс хамааран үндсэн зээлийн төлбөр буурдаг бөгөөд зээлийн хүү нь тухайн буурсан дүнгээс өдөр тутам бодогдон хуримтлагддаг. Иймд хариуцагч талын хариу тайлбарт дурдсан 81,000,000 гэдэг нь төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр болон үндсэн зээлийн үлдэгдлээс тооцон хуримтлагдсан хүү, хугацаа хэтрүүлсний торгууль буюу нэмэгдүүлсэн хүүгийн нийлбэр дүн болно. Зээлийн гэрээ байгуулах үед эргэн төлөлтийн хуваарьт тусгагдсан хүү болох 13,057,571 төгрөгийн хүү нь тухайн зээлээ гэрээнд тусгасан хуваарийн дагуу төлж барагдуулсан тохиолдолд банканд төлөх хүүгийн хэмжээг харуулдаг. Өөрөөр хэлбэл харилцагч авсан зээлээ хугацаандаа төлсөн тохиолдолд уг дүнгээр төлөгдөх ба харин өмнө нь төлж дуусгасан бол зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт тусгагдсан хүүгийн дүнгээс бага хүү төлөх бүрэн боломжтой гэсэн ойлголт юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. 

Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХААН банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие зээл авснаас хойш 30,711,364 төгрөг төлсөн. ХААН банкны зүгээс одоо дахин 50,355,223 төгрөг гаргуулахаар шаардаж байгаагаас үзвэл миний төлөх дүн 30,711,364+50,355,223=81,066,587 төгрөг болж байгаа нь зээлдэгч надад хэтэрхий хохиролтой байна. ....50 сая төгрөгийн зээл авсан атлаа 81 сая төгрөг болгож байгаа нь миний эрх ашигт нийцэхгүй юм. 2016.01.27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний төлбөрийн хуваарийн дагуу ХААН банк надаас 13,057,571 төгрөгийн хүү авахаар гэрээгээр тохирсон. ....би одоогийн байдлаар 10,121,828.20 хүү төлөөд байгаа бөгөөд ХААН банкны хүүний төлбөрт дахиад 17,579,874.43 төгрөг нэхэмжилж байна. ХААН банктай байгуулсан зээлийн гэрээний төлбөрийн хуваарийн дагуу зээлдэгч нь 13,057,571 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй байхад ХААН банк нийтдээ 10,121,828.20+17,579,874.43=27,701,702 төгрөгийн хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй, гэрээгээр төлөхөөр тохирсон хүүнээс илүү хүү нэхэмжилсэн. Нотариатын зардлыг би хариуцахгүй. Энэ зардлыг ХААН банк хариуцах ёстойгоос гадна зээлдэгч миний үйл ажиллагаатай холбогдуулж төлсөн зардал мөн эсэх нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/00311 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дах хэсэгт зааснаар Э.Сандагдорж, Т.Хүсэлзаяа нараас зээлийн гэрээний үүрэгт 32,347,652.4 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХААН банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18,027,469.63 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Э.Сандагдорж, Т.Хүсэлзаяа нар нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031092, Ү-2201031057, Ү-000495271 дугаарт бүртгэгдсэн хариуцагч нарын өмчлөлийн Сонгинохайрхан 19-р хороо 2-20-р байр 12 тоот байр 12 тоот хаягт байрлах 43 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хороолол, 2-р дан байрны 11 тоот хаягт байрлалтай 44 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо Зүүн салаанд байрлах 2609 м.кв эзэмших эрхтэй 18635319910097 нэгж талбарын дугаартай газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 411,229.62 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Э.Сандагдорж, Т.Хүсэлзаяа нараас улсын тэмдэгтийн хураамжид 319,688 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХААН банк ХХК-д олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 210/МА2020/00738 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/00311 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 32,347,652.4 гэснийг 50,355,223 гэж, олгож гэснийг олгосугай. гэж, нэхэмжлэлийн шаардлагаас 18,027,469.63 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг хасч, 3 дахь заалтын 319,688 гэснийг 411,229.62 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248,087.35 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.  

Хариуцагч Э.Сандагдорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Э.Сандагдорж миний бие ХААН банктай 2016.01.27-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан нь үнэн. Уг зээлийн гэрээний төлбөрийн хуваарийн дагуу ХААН банк надаас нийт 13,057,571 төгрөгийн хүү авахаар гэрээгээр тохирсон. Үүнээс миний бие одоогийн байдлаар 10,121,828.20 төгрөгийн хүү төлчихөөд байгаа. Гэтэл ХААН банк үндсэн хүүний төлбөрт 17,579,874.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,939,406.44 төгрөг, нийт 20,519,280 төгрөгийг үндэслэлгүйгээр надаас нэхэмжилсэн. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан надаас 18,007,570.6 төгрөгийг үндэслэлгүйгээр гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Банк зөвхөн гэрээгээр тохирсон хүү авах ёстой атал гэрээнд заасан хүүгийн хэмжээнээс их, гэрээгээр тохиролцоогүй хүүг гаргуулж байгаа нь хуульд нийцэхгүй юм. Давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар надаас 50,255,223 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснээс 18,007,570.6 төгрөгийг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул магадлалд зохих өөрчлөлтийг оруулж, хуульд нийцсэн шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ: 

ХААН банк ХХК нь Э.Сандагдорж, Т.Хүсэлзаяа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг, нотариатын зардал нийт 50,355,223 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар зээлийн хүүгийн зарим хэсгийг, нотариатын зардал зөвшөөрөхгүй гэж эс зөвшөөрч маргажээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, хариуцагч нараас зээлийн үүрэг болох зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж гаргуулахаар өөрчлөлт оруулжээ. 

Хяналтын шатны шүүхэд хариуцагч Э.Сандагдоржийн гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.  

1. Э.Сандагдорж, Т.Хүсэлзаяа нар нь 2016.01.27-ны өдөр ЗГ201542497795 дугаартай барьцаат зээлийн, БГ201542497795 дугаартай барьцааны гэрээнүүдийг ХААН банк ХХК-тай байгуулж, бараа татах зориулалтаар 50,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авч, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201031092, Ү-2201031057, Ү-000495271 дугаарт бүртгэгдсэн хариуцагч нарын өмчлөлийн Сонгинохайрхан 19-р хороо, 2-20-р байр 12 тоот байр 12 тоот хаягт байрлах 43 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хороолол, 2-р дан байрны 11 тоот хаягт байрлалтай 44 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Зүүн салаанд байрлах 2609 м.кв эзэмших эрхтэй 18635319910097 нэгж талбарын дугаартай газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан нь тогтоогджээ. 

Зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, бүртгүүлбэл зохих байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус заасантай нийцсэн гэж үзнэ. 

2. Банкнаас зээл олгох гэрээгээр банк, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

а/ Зээлийн гэрээний 2.1.3-т зээлдэгчийн ХААН банк дахь 5007522504 тоот төгрөгийн дансанд бэлэн бусаар шилжүүлснээр зээлийг олгосонд тооцохоор заажээ.  

ХААН банк ХХК 2016.01.28-ны өдөр Э.Сандагдоржийн эзэмшдэг 5007522504 тоот дансанд зээл 50,000,000 төгрөгийг шилжүүлснээр зээлдүүлэгч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлжээ. Энэ талаар талууд маргаагүй болно. 

б/ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 208 дугаар зүйлийн 208.1Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж үүрэг гүйцэтгэх газар, хугацааг зохицуулан хуульчилжээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.4.1-д Зээлийн төлбөрийг хавсралт 1-ээр тохиролцсон Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлнө, 4.2.2-т Зээлийн төлбөрийг сар бүр _05_ тоот харилцах дансанд төвлөрүүлж Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийн төлөх төлбөрийн баримтад гүйлгээний утгыг тодорхой бичих гэж хүсэл зоригоо илэрхийлж, зээл буцаан төлөх хуваарийг харилцан тохиролцон байгуулжээ.  

Нөгөөтээгүүр гэрээний 1.2.4, 2.1.6, 2.4.4, 8.1-д зааснаар зээлдэгч нар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй нөхцөлд гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээжээ.  

Нэхэмжлэгч дээрх гэрээнд заасан хэмжээнд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны/ 24 дүгээр зүйлийн 3, талуудын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний 5.1.10-т тус тус заасны дагуу шаардах эрхтэй. 

3. Барьцаат зээлийн гэрээний 4.3-т хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсон тул хариуцагч Т.Хүсэлзаяа нь зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үүрэгтэй.  

Шүүх хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн тооцоолол, ХААН банк ХХК-иас хариуцагч нарт хүргүүлсэн зээл эргэн төлөх тухай мэдэгдэл зэргийг үндэслэж, гэрээний үүргийг зээлдэгч нараас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцжээ.  

Учир нь хэрэгт авагдсан зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтаар хариуцагч нар гэрээний хугацаанд зээлийн үндсэн төлбөрт 20,562,608 төгрөг, зээлийн хүүд 10,121,828 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 26,927 төгрөг, нийт 30,711,364 төгрөг төлсөн, зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ 2017.03.04-ний өдрөөс хойш биелүүлээгүй болох нь нотлогджээ. 

Давж заалдах шатны шүүх хариуцагч нараас үндсэн зээл 29,835,941.16 төгрөг, зээлийн хүүд 17,579,874.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,939,406.44 төгрөг, нийт 50,355,223 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 174, 175, 242, 451, 452 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Хариуцагч Э.Сандагдоржийн хяналтын журмаар гаргасан ...Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн, ...Банк зөвхөн гэрээгээр тохирсон хүү авах ёстой атал гэрээнд заасан хүүгийн хэмжээнээс их, гэрээгээр тохиролцоогүй хүүг гаргуулж байгаа нь хуульд нийцэхгүй... гэсэн гомдол хангагдахгүй.  

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасныг баримталсан нь оновчгүй болсон байхад давж заалдах шатны шүүх уг алдааг зөвтгөлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулна. 

Түүнчлэн давж заалдах шатны шүүх ХААН банк ХХК-иас хариуцагч нарт холбогдуулж, үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол нотариатын зардал 19,900 төгрөг нэхэмжилснийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй тул зөвтгөх шаардлагатай.  

Иймд дээр дурдсанаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч Э.Сандагдоржийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 210/МА2020/00738 магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2020/00311 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар Э.Сандагдорж, Т.Хүсэлзаяа нараас зээлийн гэрээний үүрэгт 50,355,223 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХААН банк ХХК-д олгосугай гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Э.Сандагдоржийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,988 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН        Г.АЛТАНЧИМЭГ 

                           ШҮҮГЧИД                             Г.БАНЗРАГЧ 

                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                         Х.ЭРДЭНЭСУВД