Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 854

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00368/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ..-р баг, Хайрхан .. давхар, ..-р байр, .. тоотод оршин суух, .... регистрийн дугаартай, утас .., Л.Х

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ..-р баг, Хайрхан .. давхар, ..-р байр, .. тоотод оршин суух, .. регистрийн дугаартай, утас .., Д.П нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, Шинэ хорооллын ..-р байрны .. тоотод оршин суух, утас .., ... регистрийн дугаартай, Э.Б холбогдох

 

Өвлөгдсөн эд хөрөнгөөс хууль ёсны өвлөгчид ногдох хэсэг 260 666 666 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ө.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Л.Х, Д.П нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Тус шүүхэд нэхэмжлэл гаргасан Л.Х, Д.П бид хүү Х.Б төрсөн эцэг, эх юм. Бидний төрсөн хүү Х.Б нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хорт хавдар гэх хүнд өвчний улмаас 42 насандаа нас барсан. Талийгаач хүүг нас барах эцсийн мөч хүртэл бид хамт байсан. Талийгаачийн эхнэр Э.Б нь 23 настай Ц, 14 настай Энэрэл, 4 настай Э гурван хүүхдийн хамт амьдарч байсан. Миний хүү эрүүл саруул ажил төрлөө хийгээд явж байхдаа аав, ээж, хэдэн төрсөн дүүгээ байнга харж хандаж явсан. Талийгаач хүү маань залуу хүн байсан учир сэтгэлийн тэнхээ ихтэй байсан, цаашид хэдэн жил насална, амьдарна гэж их өөдрөгөөр өвчинтэйгээ тэмцэж байсан боловч гэнэт хүндэрч өөд болсон харамсалтай үйл явдал болсон юм. Миний хүүгийн 49 хоногийг өнгөрөөгөөд бэр Э.Б нь эцэг, эх, ах, дүү бид нараас шууд хөндийрч ирж уулзахаа больж, бид хоёрын дугаарыг блоклон харьцахаа больж, хөндийрсөнд гомдолтой байна. Миний хүү амьд байхдаа уул уурхайн тоног төхөөрөмж ихтэй түүгээрээ уул уурхайн лицензтэй хүмүүстэй хамтран ажиллаж тоног төхөөрөмжүүдээ түрээслүүлж, орлого олдог байсан юм. Талийгаач хүүгийн өмчлөлд нас барахаас өмнө байсан эд хөрөнгүүдийг нас барсны дараа 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн тойргийн нотариатч дараах хөрөнгүүдэд өв хүлээн авах хүсэлтийг гаргасан.

Үүнд:

- Дархан-Уул аймаг, Дархан сум, .. дугаар баг, .. дугаар хороолол, .. дугаар байрны .. тоот 29,0 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууц одоогийн зах зээлийн үнийг 60 000 000 төгрөгөөр тооцож оногдох хувь 12 000 000 төгрөгийг,

-Дархан-Уул аймаг,  Шарын гол сум, ..-р баг, Хайрхан .. давхар, . байр, .. тоот 27,0 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууц, зах зээлийн одоогийн үнийг 12 000 000 төгрөгөөр үнэлж байна,

-Уул, уурхайн тоног төхөөрөмж болох хөдлөх хөрөнгө Эксковатор LC-7-520 hyundai маркийн шар өнгөтэй газар ухах зориулалт бүхий техник, зах зээлийн үнийн шинэвтэр учраас 500 000 000 төгрөгөөр,

-Уул, уурхайн тоног төхөөрөмж болох хөдлөх хөрөнгө Эксковатор 3000 LC-7 hyundai маркийн шар өнгөтэй газар ухах зориулалт бүхий техник, зах зээлийн одоогийн үнийг он хуучин учраас 80 000 000 төгрөгөөр үнэлж байна,

-Уул, уурхайн тоног төхөөрөмж Эксгрүпер 80 маркийн техник /алт угаах зориулалттай усан буу/ зах зээлийн одоогийн үнийг 30 000 000 төгрөгөөр үнэлж байна,

-Дархан-Уул аймаг, Дархан сум, ..-р баг, Мангирт ..-р хэсэг, ..-р гудамж, .., .. тоотод байх гэр бүлийн хэрэгцээний газар /одоогийн үнийг 12 000 000 төгрөгөөр үнэлж байна/,

-Toyota pickup маркийн ... .. улсын дугаартай автомашин /одоогийн зах зээлийн үнийг 40 000 000 төгрөгөөр үнэлж байна/,

-Уул, уурхайн тоног төхөөрөмж Ковш-ZL 50  маркийн 2011 онд худалдаж авч байсан шар өнгийн техник /зах зээлийн одоогийн үнийг 50 000 000 төгрөгөөр үнэлж байна.

Дээрх эд хөрөнгүүдийн нийт үнэ 784 000 000 төгрөгт үнэлэгдэж байгаа бөгөөд үүнээс талийгаачийн эхнэр Э.Б, хүү Б.Ц, охин Б.Э, охин Б.Э, төрсөн эцэг Л.Х, төрсөн эх Д.П бид 6 хүнд адил хувааж тооцоход нэг хүнд ногдох нь 130 666 666 төгрөг болно.

Иймд нэхэмжлэгч Л.Х, Д.П бид талийгаач хүү Х.Б төрсөн эцэг, эх хууль ёсны өвлөгч мөн тул талийгаач хүүгийн өмчлөл, эзэмшилд байсан эд хөрөнгөөс ногдох хувь 261 133 332 төгрөгийг гаргуулна гэв.

 

Хариуцагч Э.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.Б миний бие хань Х.Б тай 1991 онд 7-р ангийн сурагч байхдаа анх танилцаж, улмаар 1995 онд гэр бүл болсон. Бидний дундаас 3 охин мэндэлсэн. Том охин Б.Ц 1995.8.8-ны өдөр төрсөн, дунд охин Б.Э 2005.02.01-ний өдөр төрсөн, бага охин Б.Э 2014.02.28-ны өдөр төрсөн. Бага балчираасаа ханилан суусан бид хоёр хорь гаруй жил хамт амьдрахдаа тал талаасаа юу ч үгүй нийлж, амьдралын төлөө зүтгэн хэнээс ч гуйхгүй амьдарч ирсэн. Хань минь ажилч, хичээнгүй сайхан хүн байсан. 2013 оноос эхлэн нөхөр маань пара буюу шамбарам өвчнөөр оношлогдон хагалгаанд орсон боловч ануснаас цус алдалт нь зогсохгүй байсаар 2015 онд Сонгдо эмнэлэгт үзлэг шинжилгээнд орон шулуун гэдэсний хорт хавдрын 3-р шат гэж оношлогдон улмаар хавдрын хагалгаанд орсон. Хавдрыг авахад бүтэн үлдээх боломжгүй байсан учраас анус буюу шулуун гэдсийг тэр чигээр нь авсан болно. Тиймээс нарийн гэдсийг хүйсний зүүн талыг цоолон гаргаж өтгөнөө тусгай уутанд гаргах болсон. Мөн хавдрын үсэрхийлэл гол судсан дээр байрлаж байсан болохоор авах боломжгүй гэж үзэн хими эмчилгээнд орохыг зөвлөсөн. 13 удаагийн хими эмчилгээнд орсон боловч бие нь сайжрахгүй байсаар 2016 оны 9 сард Солонгос улсын Ханьяанг эмнэлэгт очин 28 удаагийн туяа эмчилгээнд орсон. Энэ бүх цаг хугацаанд миний бие нөхрөө сайн асарч, хажуугаас нь нэг ч холдож байгаагүй. 6 сарын хугацаанд ямар ч өвчин зовиургүй байж байгаад 2017 оны 5 сараас эхлэн өтгөн гадагшлуулдаг нүхний дэргэд хатуу зүйл гарч өвдөж эхэлсэн. Мөн удаан хэвтэж чадахгүй, нуруугаар нь өвдсөн. Дахин хавдрын шинжилгээ өгөхөд шинээр хавдар үүссэн гэсэн хариу гарав. Хагалгаанд орж, хавдрыг дахин аван, дахин хүйсний баруун талд шинээр нүх гаргасан. Нурууны өвдөлт намдахгүй явсаар 2017 оны 8 сард хоёр хөл, бөгсөн бие нь мэдээгүй болсон. 2017 оны 10 сард дахин Солонгос улс руу явсан боловч хавдар нугас болон маш олон эрхтэнд үсэрхийлсэн ямар ч найдваргүй гэсэн онош сонссон. 5 удаагийн туяа эмчилгээ хийж нурууны өвчинг түр намдаасан. Өвчиндөө ёолоод хэвтэж ч чадахаа больсон нөхрөө тэргэнцэр дээр суулгаад хэл мэдэхгүй хүн танихгүй, харийн нутаг руу зорьж явахдаа эдгээчих юмсан гэсэн чинь хүсэлтэй байсан. бид хоёр эмчилгээний зардалд нийт 168 106 484,6 төгрөгийг зарцуулсан. 2016 онд: 86 101 634,6 төгрөг

-эмчилгээ 35 700 743 вон /78 751 364,6 төгрөг/,

-байр 100 000 вон /2 200 000 төгрөг/,

-хоол хүнс, унаа 1 200 000 вон /2 640 000 төгрөг/,

-тийз 2 500 000 төгрөг,

2017 онд: 82 004 850 төгрөг

         -эмчилгээ 29 921 940 вон /74 804 850 төгрөг/,

         -тийз 5 200 000 төгрөг /бизнес аялал/,

         -бусад 2 000 000 төгрөг

         Өнөөдөр энэхүү нэхэмжлэлийг хүлээж аваад маш их гайхаж гомдож байна. Найдваргүй онош сонссон нөхөр маань 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн хөнгөвчлөх тасагт нас нөгчсөн. Өвчтэй байх хугацаандаа бүрэн хүний асрамжид орж маш их тарчилж зовсон. Миний бие ганцаараа яавч асарч дийлэхгүй болсноор аав, ээж, ах, дүү нар нь ээлжлэн ирж харж хонодог болсон. Хэцүү цагт хажууд байж тусалсан ах, дүү нарт нь талархаж барахгүй байсан боловч энэ нь ах дүүгийн ачлал биш эргээд хариу нэхсэн ашиг хонжоо харсан ачлал байсныг мэдсэнгүй ээ. Талийгаач нөхөр маань амьд сэрүүн байхдаа хийж байсан ажлаа дахин хэзээ ч битгий үргэлжлүүлээрэй гэж надад чандлан захьсан билээ. Тийм учраас би одоо ч ажлыг нь үргэлжлүүлж хийгээгүй. Мөн өөрийн төрсөн дүү болох Х.Б энэ талаар захиж эхнэр хүүхдүүд минь туслаарай гэж гуйсан байдаг. Нэхэмжлэлд талийгаач нөхрийг минь нойр булчирхайн хорт хавдраар өнгөрсөн гэж дурджээ. Миний хань амьд сэрүүн байхдаа ланд крузер 80 маркийн машин унадаг байсан. Машины дугаараа Улаанбаатарынхаар авахын тулд өөрийн дүү Х.Б нэр дээр авсан байсныг отгон дүү Х.О ахыгаа ятгасаар 49 хоног нь ч дуусаагүй байхад нь өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байсан. Би юу ч хэлээгүй өнгөрсөн. Хань ижлээ алдсан миний бие тэр үед бусдыг ухаарч сэхээрэхч тэнхэлгүй явсан. Дүү Х.Г, Х.О нар над дээр ирэн нөхрийн маань хуучин ажлыг үргэлжлүүлэхийг ятгасан. Ах чинь надад захисан, дахин тийм зүйл хийхгүй гэж хэлснээс хойш над руу янз бүрээр зурвас бичин сэтгэлийн дарамтад оруулж эхэлсэн. Нөхрийн ээж болох Д.П бол нөхрөө асарч байх үеэс эхлэн намайг харааж зүхэж, нөхрөө алах гэж байна хэмээн хардаж бичдэг байсан. Тухайн үед ах, дүү нар нь тэр бичсэн зүйлийг нь мэдэж байсан. Хань ижлээ алдан 3 өнчин охинтой үлдсэн би тэдний хараал зүхлийг дааж дийлэхгүйн улмаас утсыг нь авдаггүй байсан. Над руу дайрсан хүмүүс болох Х.Г, Х.О, ээж Д.П нарын дугаарыг хаахад хүрсэн. Ах Х.Г, эгч Х.М, дүү Х.Б нартай холбоотой байдаг.

 

Улмаар миний зүрх өвдөн 4 сард эмнэлэгт хэвтэн эмлчлүүлсэн билээ. Нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгө бүгд Э.Б миний нэр дээр байдаг. Одоо би өөрийн гурван охин болон хүргэн Д.А, зээ А.Т нартай хамт ам бүл 6-лаа амьдарч байна. Миний хүүхдүүдийн амьдралын баталгаа болсон эд хөрөнгө, орон сууцуудыг булаацалдаж байгаад чин сэтгэлээсээ гайхаж байна. Талийгаач амьд сэрүүн цагтаа дүү нартаа ажлын байр гарган тэдэнд тусалж, дэмждэг байсан. Олон жил өвчний улмаас маш их мөнгө зарцуулсан. Надад бусдаас нуусан их хөрөнгө, эд хогшил байхгүй. Хань бид хоёрын бусдаас гуйлгүй хөдөлмөрлөж олсон амьдрал, үр хүүхдийнхээ төлөө юм. Би хадам талын хамтран ажиллах саналаас татгалзсаны дараа хуучин ажиллаж байсан газар болох Сэлэнгэ аймгийн Я гэх газар руу явсан. Тэр хойгуур хадам ээж уулзах гэж ирсэн байсан. Утсаар би байхгүй гэдгээ хэлэхэд намайг хамтрахыг дахин ятгасан. Эдгээр хүмүүс хүүгээ өнгөрөхөд харуусах байтал мөнгө, бизнесийн хамтран ажиллах талаар ярьдаг байсан. Тэр үед нөхрийн дүү Х.Б эхнэр болох О надтай хамт явсан. Маргааш өглөө биднийг хөдлөх гэж байтал дүү Х.О, Х.Г нар машинтай араас давхин ирж намайг хэл амаар доромжлон тал талаас дайрсан. Манаач болон тэдний гэр бүлийнхэн харж байсан. Удалгүй бид гурав хөдлөөд Дарханд ирсний маргааш манаач Б эгч над руу залгаж, тэд нар крантай машинтай ирсэн байна гэж хэлсэн. Тэд миний зөвшөөрөлгүй манаачийн гэрийн гадаа байсан 10 тн ёмкосын дизель хөдөлгүүр /25 000 000 төгрөгийн үнэтэй/, насос зэрэг зүйлсийг хүчээр авч явсан байсан. Энэ бүгд надад маш гутамшигтай санагдсан боловч цагдаад мэдэгдээгүй. Нас барсан нөхрийнхөө ясыг өндөлзүүлэхийг хүсээгүй юм. Энэ бүхний эцэст би өөрийн охин Б.Ц гийн хамт хадам аав, ээж дээр очсон. Надад үнэндээ хэцүү байсан. Бүх дотроо гаргаж, уйлж байгаад хэлсэн. Тэд яагаад өнчирч үлдсэн ач охидоо бодолгүй, та хэд биднийг яаж амьдарч байна гэж нэг ч удаа асуулгүй эд хөрөнгө рүү минь яаран дайрав. Яагаад намайг очно гэж хэлсээр байтал ийм байдал гаргав гэж асуусан. Хадам ээж уйлаад хүүхдүүд рүүгээ хэргийг чихсэн. Тэр үед дүү Х.Оын эхнэр З сонсож байсан. Миний сэтгэл рүү ус цацсан учраас тэд нартай дахин холбогдохыг хүсэхгүй охин Б.Ц амаржиж зээ хүүтэй болсон. Энэ баярт мэдээг би хамгийн түрүүнд хадам ээж рүү залгаж дуулгасан боловч ач охин луугаа нэг ч удаа залгаж биеийг нь асуугаагүй.

            Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Миний нөхрийн нэр дээр хөрөнгө байхгүй, талийгаачийн нэр дээр зохих байгууллагад бүртгэлтэй хөрөнгө байсан бол нэхэмжлэгч Л.Х, Д.П нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар өвлөгч гэж үзэн гомдол гаргах эрхтэй байсан мөн Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 527 дугаар зүйлийн 527.1, 532 дугаар зүйлийн 532.1-д тус тус зааснаар хөрөнгө өвлөн авах талаар маргаан үүсэх байсан гэв.

 

            Нэхэмжлэгч Л.Х, Д.П нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан болон багасгасан шаардлагадаа:

            Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан эд хөрөнгүүдээс Гэр бүлийн хэрэгцээний газрыг нэхэмжлэл гаргах үед Дархан-Уул аймаг, Дархан сум, ..-р баг, Мангирт ..-р хэсэг, ..-р гудамж, ..,.. тоот хаягт байршилтай гэж тодорхойлсон. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэр бүлийн хэрэгцээний газар байгаа хаяг байршил хэрэгт цугларсан нотлох баримтаар Дархан-Уул аймаг, Хонгор сумын ..-р баг, Цог хэсэг.. дугаар гудамж, .. тоотод байршилтай, .. нэгж талбарын дугаартай 1208,2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр Э.Б ыг бүртгэсэн .. дугаарт бүртгэж гэрчилгээ олгогдсон байна. Иймд өвлөгдсөн эд хөрөнгөөс хууль ёсны өвлөгчид ногдох хэсэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гэр бүлийн хэрэгцээний газартай холбоотой газрын хаяг байршилыг Дархан-Уул аймаг, Хонгор сумын ..-р баг, Цогт хэсэг ..-р гудамжны .. тоот байршилд хууль ёсны өмчлөгчөөр Э.Б бүртгэлтэй байгаа тул тус газрыг гэрлэснээс хойш бий болсон гэр бүлийн дундын өмч гэж үзэж тус газрыг эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлтэд хийгдсэн үнэлгээ болох 3 500 000 төгрөгөөс 6 хүнд ногдох хувийг тодорхойлж, нэг хүнд ногдох хэсэг 583 333 төгрөгөөс нэхэмжлэгч Л.Х, Д.П бидэнд 1 116 666 төгрөгийг гаргуулна. Өөрөөр хэлбэл өвлөгдсөн эд хөрөнгөөс хууль ёсны өвлөгчид гэр бүлийн хэрэгцээний газраас ногдох хувийг бид нэхэмжлэлдээ 12 000 000 төгрөг гэж тодорхойлсныг 3 500 000 төгрөг гэж үнэлгээгээр тогтоосныг баримтлан багасгаж байна гэжээ.

 

            Нэхэмжлэгч Л.Х, Д.П нар нь хариуцагчийн хариу тайлбартай холбогдуулан гаргасан тайлбартаа:

Э.Б нь хариу тайлбартаа хар нялхаасаа ханилан хэнээс ч гуйхгүй амьдарч ирсэн гэж бичжээ. Эцэг, эх нь болсон бид энэ охиныг анх манай гэрт бэр болон орж ирж байсныг тодоос тод санаж байна. Бага нялхаасаа үерхэж байгаад хүүгийн маань хүүхдийг гаргасан гээд ой гарантай ач охин Б.Цг дагуулан ирээд манай гэрт амьдарна гэхэд өөрийн охин шигээ хүлээн авч, өөрсдийн амьдарч байсан Шарын гол сум дахь 4 өрөө байрныхаа 1 өрөөг суллан, гэр бүлдээ халуун дотноор хүлээн авч, төдийгөөс өдий хүртэл хэзээ ч хүний хүүхэд гэсэн сэтгэлээр хандаж ирээгүй ээ. Тухайн үед /1996 он/ хөгшин бид хоёр хуучин Хотош банкнаас 3 сая төгрөгийн зээл авч, 2 том хүү болох Х.Г, талийгаач хүү Х.Б нарт өгч, арьс нэхий эдлэлийн ченж хийлгэж, мөнгөний эх үүсвэрийг нь тавьж өгч, ажил амьдралынх нь анхны гарааг эхлүүлж байсан. Мөн тухайн үед хүүгийн минь аав Л.Х Шарын гол сумандаа Спортын төв ордныг түрээсийн гэрээгээр ажиллуулж байсан учир талийгаач хүү Х.Бд дэлгүүрийн байр гарган өгч, дэлгүүр нээн ажиллуулах боломж олгон, тухайн үед амьжиргаагаа залгуулах бүх нөхцөлийг хангаж өгч байсан. Улмаар 2000 онд баар худалдан авч ажиллуулахаар болоход 1 сая гаруй төгрөгтэй баар худалдан авахад мөнгө нь хүрэлцэхгүй байхад бас л ах, дүү нар нь тухайн үед тус болж үлдсэн мөнгийг нь төлөөд бараа худалдан авч байсан. Тухайн үед өмссөн хувцаснаасаа өөр зүйлгүй бэр болон ирж байсан Э.Бд хэзээ ч муу муухай үг хэлж хандаж байгаагүй ээ. Улмаар хүү маань 2003 алтны ченж /жич: алтны ченж хийж эхлэхдээ/ хийж өсөж дэвжин 2011 оноос дүү Х.Б, Х.О нартай техник тоног төхөөрөмж худалдан авч, уул, уурхайн чиглэлээр хамтран ажиллаж эхлээд 2013, 2014 онд нэхэмжлэлд дурдсан хюндай LC 520 маркийн эксковатор Хюндай LC 3000 эдгээрийг хүү маань өөрөө найз А хамтран Солонгос улсаас хэл дамнуулан оруулж ирж байсан. Нэхэмжлэлд дурдсан эдгээр бүх эд хөрөнгийг миний хүү талийгаач Х.Б нь өөрийн хүч хөдөлмөр, найз нөхөд, ах дүү нартайгаа хамтран цаг наргүй ажиллаж, олон бэрхшээлийг даван туулж, эцэст нь эрүүл мэндээрээ хохирон байж эдгээр эд хөрөнгийг бий болгож байсан. Харин бэр болох Э.Б эдгээр уурхайн ажилд нэг ч оролцож байгаагүй, хүүхдээ хараад гэртээ суудаг байсан. Гэтэл ичихгүй бүх юм минийх гэж бичжээ. Талийгаач хүү минь амьд ахуйдаа эхнэр хүүхдээ хэнээс ч дутаахгүй элбэг хангалуун тэжээн тэтгэж байсан учир бэр Э.Б урд ардахаа мартан хэнээс ч гуйхгүй амьдарч байсан мэт санагдсан бололтой. Хүү маань хэдийгээр хүнд өвчний онош сонссон ч өвчинтэйгээ тэмцэн 2016 онд Солонгос улсыг зорин явахад нь ард нь 2 дүү болох Х.Б, Х.О нар ажил албыг зохицуулж, цаг наргүй ажиллаж эмчилгээнд хэрэглэх мөнгө санхүүг нь олж өгч байсан. Талийгаач хүү маань тухайн үедээ дүү нартаа маш их баярлаж явдгаа хэлж дүү нартаа хөрөнгөөсөө хувь тасалж өгнө гэдгээ хэлдэг байсан. Мөн талийгаач хүү минь Солонгос улсад очин туяа эмчилгээнд ороод өөрийгөө эдгэрсэн гэж ойлгоод л ажлаа хийн хэнээр ч асруулж тойлуулахгүй биеийн ч сэтгэлийн ч тэнхээтэй хэвийн ажил төрлөө хийгээд явж байсан. Харин 2017 онд дахин хавдар үүссэн дахин хагалгаанд орсон ч нуруу ууц нь өвдөж байх нэрийдлээр Э.Б хүүг маань бариа заслын эмчид аваачин 10 хоногийн бариа заслын эмчилгээ хийлгэсэн. Энэ бариулснаас болж хүүгийн маань хавдар олон газарт тархан үхэлд хүрэх шалтгаан нь болсон гэж ээж хүний хувьд бодож шаналдаг байсан. Хавдар нь тархаснаас болж нурууны үений мэдрэлийн судас дарагдан 2017 оны 8 сард талийгаач хүүгийн минь бөгсөн бие мэдээгүй болсон. Энэ цагаас эхлэн аав, ээж, ах, дүү нар болсон бид хажуунаас холболгүй асарч, тойлон эдгээгээд авчих гэсэн чин хүсэлтэйн дээр Э.Быг ч мөн аль болох сэтгэл санаагаар дэмжин охин Х.Г, хүргэн хүү Д.С, хүү Х.Г, Х.О нар ээлжлэн сахиж, хөгшин бид хоёр хоол ундыг нь хийн тус дэм болон сайхан сэтгэлээр хандаж байсныг мушгин уйваагүй бодлоороо муухай үг бичиж байгаад нь харамсаж байна. Тухайн үед ээж нь болсон Д.П миний бие хүүгээ асарч, сахиснаас болж ихэд ядарч, гэртээ хэд хоног амрахаар явж байх замдаа таяг халтирч унан, гар хөлөө хугалан Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хагалгаанд орж, өөрөө хэвтэрт орж, хажууд нь байж чадахгүй болсондоо шаналж, бэр Э.Б руу утсаар ингэвэл яасын, энэ тос сайн гэнэ, тэр ч эм сайн гэнэ гэж эх хүний хүүгээ эдгээчих юмсан, яавал өвчин зовлонгоос нь бага ч гэсэн хөнгөлчих бол гэсэн сэтгэл хандлагаар ярьдаг байсан. Хүүгийн маань бие муудахын хирээр бэрийн ааш авир эвдэрч, уцаарлан миний утсыг авдаггүй байсан. Мөн хүүгээс минь нууцаар тамхи татаж, архи уудаг байсан нь нүднээ ил болж том ахтай хээв нэг тагтан дээр гарч тамхи татдаг болсон, хүү маань мэддэггүй байсан. Хүүг минь өнгөрөхөөс 14 хоногийн өмнө төрсөн өдөр нь болж байна гээд гэрээр нь найз нөхдүүд нь шаваад байгаа сураг гарсан учир хэдэн удаа зурвас бичсэнийг нь дарамталсан гэж бичжээ. Эдгээр зурвас нэг ч доромж үг байгаагүй, хэн ч дарамталж доромжлоогүй байхад ингэж бичиж байгаа нь шалтаг шалтгаан гаргаж холбоогоо таслах гэснийх биз ээ. Хүн ер нь яаж ч явсан урд ямар явснаа мартаж болохгүй, хүний ач тусыг санаж явах нь хүний ёс гэдэгт маргах хүн үгүй байх. Өнөөдөр Э.Б бидэнд гомдох биш баярлаж талархаж явах учиртай хүн гэж бодож явдаг юу ч үгүйгээс юм юмтай болоход нь манай гэр бүл л тусалж дэмжиж өгсөн. Д.П миний бие хэвтэрт орон гэдсэндээ тээж, гэртээ багтааж өсгөсөн хөөрхий үрээ алдан жил гаруй хэвтэрт орон зовж хэвтэнэ. Үр хүүхдээ урдаа оруулчхаад шаналж зовдоггүй эх хүн гэж байх уу. Гэтэл ямар сэтгэлээр мөнгө бизнесийн талаар ярьж байсан гэж бичдэг байна аа. Хүү минь өнгөрөөд жил гаруй болж байна. Э.Б тэгэхэд нэг ч удаа эргэж тойрсонгүй, аяга цайны сүү ч дөхүүлээд өгсөнгүй, даанч яав даа. Хүүхдүүдийн минь хөдөлмөрлөж бий болгосон хөрөнгөөс хөгшин бид хоёрт хүүгийн минь тэргэнцэр л ирсэн. Хөгшин бид хоёр үлдсэн 3 ач охиноо бодоод нэхэмжлэлд маш олон эд хөрөнгө дурдаагүй орхисон. Маш олон гомдол цөхрөлийг ч дурдсангүй өнгөрсөн. Нэгэнт хүү минь өнгөрсөн, эргээд босоод ирэх биш, бэр минь арай ч тийм муу хүн биш, аав, ээждээ хүрээд ирнэ ээ гэх сэтгэлээр энэ жилийн цагаан сарыг дуустал жил гаруй хүлээсэн. Олон зүйл, алдаа эндэгдлийг нь залуу хүн алдаж эндээ биз гэсэн уучилсан хайралсан сэтгэлээр энэ хүнд хандаж ирсэн. Гэтэл тайлбартаа бичсэн зүйлүүдийг нь уншаад сэтгэл үнэхээр гонсойлоо. Өөрт нь ямар ч хамаагүй машин, тоног төхөөрөмжийг тайлбартаа дурдсанд нь үнэхээр гайхаж байна. Хөгшин хонины насгүй болсон 2 хүнд хүүг нь үхэнгүүт танихгүй хүн шиг хандаж байгаад нь үнэхээр гомдож байна. Арай ч ийм муу хүүхэд гэж бэр охиноо бодож явсангүй. Хорь гаруй жил ханилсан ханыхаа өвчтэй хөгшин настай эцэг, эхэд нь ингэж танихгүй хүн шиг хандаж байгаа нь өөрөө ямар муу хүн гэдгээ харуулж байна. Миний талийгаач хүүгийн гүйлгээний данс, эдлэл, мөн ..., .. дугаарууд миний хүүгийн л дугаар, бас хүүгийн минь амьд ахуйдаа ашиглаж байсан дансууд болон уурхай дээр ашиглагдаж байсан маш олон нэр нь дурдагдаагүй эд хөрөнгийг үлдсэн гурван ач охиноо бодоод энэ нэхэмжлэлд дурдаагүй болохоо дахин хэлье. Эцэст нь нэгэнт олон зүйлд шударга хүн шиг хандаж чадах ухамсаргүйн дээр эцэг, эхийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй байгаа тул шүүхийн байгууллагад хандсан болно гэжээ.

 

            Нэхэмжлэгч Л.Х, Д.П нар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа:

1.Дархан-Уул аймаг, Дархан сум, ..-р баг, ..-р хороолол, ... тоот 2 өрөө орон сууцыг 60 000 000 төгрөгөөр тодорхойлоход шинжээчийн дүгнэлтээр 45 000 000 төгрөгөөр үнэлэгдсэнд маргахгүй, үнэлгээний дагуу шийдвэрлүүлнэ.

2.Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ..-р баг, Хайрхан .. давхар ..-р байрны .. тоот 2 өрөө орон сууцыг зах зээлийн үнэлгээг 12 000 000 төгрөгөөр тодорхойлоход шинжээчийн дүгнэлтээр 10 000 000 төгрөгөөр эд хөрөнгийн үнэлгээ хийгдсэн дээр маргахгүй, үнэлгээний дагуу шийдүүлнэ.

3.Hyundai R520 Ic2-9s маркийн ... улсын дугаартай шар өнгийн эксковатор маркийн газар ухах зориулалт бүхий техникийн зах зээлийн үнэлгээг 500 000 000 төгрөгөөр үнэлж тодорхойлоход шинжээчийн дүгнэлтээр 280 000 000 төгрөгөөр үнэлгээ тогтоосныг хүлээн зөвшөөрч, маргахгүй үнэлгээний дагуу шийдүүлнэ.

4.Hyundai 3000 LC 7 маркийн шар өнгийн эксковатор 80 000 000 төгрөгөөр зах зээлийн үнийг тодорхойлж нэхэмжилснийг шинжээчийн дүгнэлтээр 80 000 000 төгрөгөөр үнэлгээнд өөрчлөлт ороогүй энэ үнэлгээний дагуу шийдүүлнэ,

5.Ковш-ZL 50 маркийн шар өнгийн техникийн одоогийн зах зээлийн үнэлгээг 50 000 000 төгрөгөөр тодорхойлсныг шинжээчийн үнэлгээгээр 25 000 000 төгрөгөөр үнэлэгдсэнийг маргахгүй үнэлгээний дагуу шийдүүлнэ,

6.Тоёото ланд крузер 70 маркийн ... улсын дугаартай хагас ачааны суудлын автомашиныг зах зээлийн үнэлгээг 40 000 000 төгрөгөөр тодорхойлж үнэлснийг шинжээчийн дүгнэлтээр 25 000 000 төгрөгөөр үнэлгээ тогтоосны дагуу маргахгүй тус үнэлгээгээр шийдүүлнэ,

7.Дархан-Уул аймгийн Хонгор сумын ..-р баг, Цогт хэсэг ..-р гудамжны .. тоотод байрлалтай гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газрыг шинжээч 3 500 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дагуу шийдүүлнэ,

8. Эксгрүпер 80 алт угаах зориулалт бүхий усан бууг зах зээлийн үнэлгээг 30 000 000 төгрөгөөр үнэлж тодорхойлсныг 15 000 000 төгрөгөөр шинжээчийн үнэлгээгээр үнэлснийг зөвшөөрч байна.

Шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаар дээрх эд хөрөнгүүдийн нийт үнийг нэхэмжлэгчийн 784 000 000 төгрөгийн үнэлгээ гэж тодорхойлсон шинжээчийн дүгнэлтээр эд хөрөнгийн нийт үнэ 483 500 000 төгрөгөөр үнэлэгдсэнд маргахгүй.

 

Иймд үнэлгээний тайланд хөрөнгийн үнэлгээгээр 483 500 000 төгрөгийн эд хөрөнгийг хууль ёсны өвлөгч 6 хүнд адил тэнцүү хувааж нэг хүнд ногдох хувийг 80 583 333 төгрөгт тооцож, нэхэмжлэгч Л.Х, Д.П бидэнд 161 166  666 төгрөгийг гаргуулж өгнө үү хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Х, Д.П нар нь хариуцагч Э.Бд холбогдуулан өвлөгдсөн эд хөрөнгөөс хууль ёсны өвлөгчид оногдох хэсэг 260 666 666 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг бууруулж 161 166 666 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

Хариуцагч Э.Б нь маргааны зүйл болох эд хөрөнгүүд нь миний нэр дээр бүртгэлтэй миний хөрөнгө тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

Нэхэмжлэгч Л.Х, Д.П нар нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг бидний төрсөн хүү Х.Б хорт хавдрын улмаас 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 42 насандаа нас барсан. Миний хүү амьд байхдаа уул уурхайн тоног төхөөрөмж ихтэй түүгээрээ уул уурхайн лицензтэй хүмүүстэй хамтран ажиллаж тоног төхөөрөмжүүдээ түрээслүүлж, орлого олдог байсан юм. Талийгаач хүүгийн өмчлөлд нас барахаас өмнө байсан эд хөрөнгүүдийг нас барсны дараа 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн тойргийн нотариатч дараах хөрөнгүүдэд өв хүлээн авах хүсэлтийг гаргасан. Үнэлгээний тайланд хөрөнгийн үнэлгээгээр 483 500 000 төгрөгийн эд хөрөнгийг хууль ёсны өвлөгч 6 хүнд адил тэнцүү хувааж нэг хүнд ногдох хувийг 80 583 333 төгрөгт тооцож, нэхэмжлэгч Л.Х, Д.П бидэнд 161 166  666 төгрөгийг гаргуулж өгнө үү хэмээн тодруулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах эрхтэй учир шүүх нэхэмжлэлийн татгалзсан шаардлагаас бусад шаардлагын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр нэр бүхий 8 эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тогтоолгохоор шинжээчээр Капитал зууч ХХК-ийг томилсон байх бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Үнэлгээний тайлангаар нийт үнэлгээг 483 500 000 төгрөг болохыг тогтоож ирүүлсэнтэй зохигчид танилцаж, хэн аль нь санал хүсэлт гаргаагүй болно.

 

Хариуцагч Э.Б нь талийгаач Х.Бтай 1996 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ батлуулан хамтран амьдарч байхдаа 1995 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Б.Цг, 2005 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Б.Э, 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Б.Э нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний наториатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан сумын ... дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Х.Б нь 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр нас барсан байх бөгөөд Иргэний хуулийн 518 дугаар зүйлд заасны дагуу өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгджээ.

 

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол өвийг хүлээн авсан гэж үзнэ, 528.2-т Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэжээ.

 

Хариуцагч Э.Б нь өв хүлээн авахаас татгалзсан тухай хүсэлт гаргаагүй, нэхэмжлэгч Л.Х, Д.П нар нь 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн тойргийн нотариатчид хандан өв хүлээн авах хүсэлт гаргасан нь дээрх хуулийн шаардлагыг хангаж байх тул тус тус өвийг хүлээн авсанд тооцно.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх хууль ёсны өвлөгч байх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж зааснаар талийгаач Х.Б эхнэр Э.Б, түүний хүүхдүүд болох Б.Ц, Б.Э, Б.Э, төрсөн эцэг Л.Х, эх Д.П нарыг хууль ёсны өвлөгч гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд тэдэнд Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө.

Өвлөгдөх эд хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Хонгор сумын ..-р баг, Цогт хэсэг .. гудамж, .. тоот, эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 1208,2 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Дархан-Уул аймгийн Дархан сумын ...-р баг, .-р хороолол, ..-р байрны .. тоот, 29 мкв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн ....... дугаарт бүртгэгдсэн, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ..-р баг, Хайрхан .. давхар ..-р байр, .. тоот, 27 мкв талбайтай, 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн .......  дугаарт бүртгэгдсэн, Нyundai R520LC-9s маркийн .....  улсын дугаартай шар өнгийн эксковатор зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүд нь хариуцагч Э.Бын нэр дээр өмчлөх эрхийн бүртгэлтэй боловч Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасан Э.Б, түүний нөхөр талийгаач Х.Б нарын гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болох нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчийн өөрийн хувиарт хөрөнгө гэж татгалзсан татгалзал үндэслэлгүй байна.

 

Мөн Ковш ZL50 маркийн шар өнгийн авто ачигч тээврийн хэрэгсэл, Экскрубер-80 алт угаах зориулалттай усан буу, Нyundai 3000LC-7 маркийн шар өнгийн эксковатор зэрэг эд хөрөнгүүд нь техникийн тодорхойлолт болон эзэмшигчийн гэрчилгээгүй бөгөөд хариуцагчийн эзэмшилд байгаа талаар хэн аль нь маргаагүй бөгөөд Тоёота Ландкрузер 70 маркийн .. улсын дугаартай хагас ачааны суудлын автомашины эзэмшигчийн талаар тээврийн хэрэгслийн бүртгэлийн архивын лавлагаагаар дээрх дугаарт Хьюндай Соната 7 маркийн ... улсын дугаартай авто машин бүртгэлтэй байх бөгөөд эзэмшигч нь Д.Б бүртгэлтэй талаар ирүүлсэн нь дээрх өвлөгдөх эд хөрөнгөөс ногдох хувь гаргуулахад саад болохгүй юм.

  

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6-д Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн гишүүнд оногдох хэсгийг гагцхүү энэ хуулийн 520.1.1-д заасан этгээд биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр өвлөх эрхтэй гэж зааснаар өвлөгдөх эд хөрөнгүүдийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээ болох 483 500 000 төгрөгийг гэр бүлийн гишүүдэд тэнцүү хуваахад /483 500 000 : 5 хүн Х.Б, Э.Б, Б.Ц, Б.Э, Б.Э нарт/ нэг хүнд ногдох буюу талийгаачид ногдох хувь 96 700 000 төгрөг болно.

 

Үүнийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгчид болох Э.Б, Б.Ц, Б.Э, Б.Э, Л.Х, Д.П нарт тэнцүү хэмжээгээр хуваахад /96 700 000 : 6/ нэг хүнд 16 116 666 төгрөг оногдох тул хариуцагч Э.Баас 2 хүнд оногдох хэсэг болох 32 233 333 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, 128 933 333 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хариуцагч Э.Б нь талийгаач Х.Быг Солонгос улсад эмчлүүлсэн талаар нотлох баримтууд, Улаанбаатар Сонгдо эмнэлгээр үйлчлүүлсэн талаар нотлох баримтууд ирүүлсэн боловч энэ талаар шаардлага гаргаагүй бөгөөд өвлөгдөх эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах шаардлагад хамааралгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно. /хх-ийн 5-24 хуудас/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.6-д тус тус зааснаар хариуцагч Э.Баас 32 233 333 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Х, Д.П нарт олгож, 128 933 333 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 966 784 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Баас 319 116 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн                119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

    

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.АЛТАНТУЯА