Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 95

 

Л.Х-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00368/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  09 дүгээр сарын 16-ны өдрийн 854 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Л.Х-,

Д.П- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.Б-д холбогдох

"Өвлөгдсөн эд хөрөнгөөс хууль ёсны өвлөгчид ногдох хэсэг 260.666.666 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулгын давж заалдсан гомдлыг үндэслэн

          Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ганчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Х-, Д.П- нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Тус шүүхэд нэхэмжлэл гаргасан Л.Х-, Д.П- бид хүү Х.Б-ы төрсөн эцэг, эх юм. Бидний төрсөн хүү Х.Б- нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хорт хавдар гэх хүнд өвчний улмаас 42 насандаа нас барсан. Талийгаач хүүг нас барах эцсийн мөч хүртэл бид хамт байсан. Талийгаачийн эхнэр Э.Б- нь 23 настай Ц-, 14 настай Э-, 4 настай Э- гурван хүүхдийн хамт амьдарч байсан. Миний хүү эрүүл саруул ажил төрлөө хийгээд явж байхдаа аав, ээж, хэдэн төрсөн дүүгээ байнга харж хандаж явсан. Миний хүүгийн 49 хоногийг өнгөрөөгөөд бэр Э.Б- нь эцэг, эх, ах, дүү бид нараас шууд хөндийрч ирж уулзахаа больж, бид хоёрын дугаарыг блоклон харьцахаа больж, хөндийрсөнд гомдолтой байна. Миний хүү амьд байхдаа уул уурхайн тоног төхөөрөмж ихтэй түүгээрээ уул уурхайн лицензтэй хүмүүстэй хамтран ажиллаж тоног төхөөрөмжүүдээ түрээслүүлж, орлого олдог байсан юм. Талийгаач хүүгийн өмчлөлд нас барахаас өмнө байсан эд хөрөнгүүдийг нас барсны дараа 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн тойргийн нотариатч дараах хөрөнгүүдэд өв хүлээн авах хүсэлтийг гаргасан. Үүнд:

- Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 15 дугаар байрны 26 тоот 29,0 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууц одоогийн зах зээлийн үнийг 60.000.000 төгрөгөөр тооцож оногдох хувь 12.000.000 төгрөгийг,

-Дархан-Уул аймаг, Шарын гол сум, 1-р баг, Хайрхан 2 давхар, 45 байр, 15 тоот 27,0 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууц, зах зээлийн одоогийн үнийг 12.000.000 төгрөгөөр үнэлж байна,

-Уул, уурхайн тоног төхөөрөмж болох хөдлөх хөрөнгө Эксковатор LC-7-520 hyundai маркийн шар өнгөтэй газар ухах зориулалт бүхий техник, зах зээлийн үнийн шинэвтэр учраас 500.000.000 төгрөгөөр,

-Уул, уурхайн тоног төхөөрөмж болох хөдлөх хөрөнгө Эксковатор 3000 LC-7 hyundai маркийн шар өнгөтэй газар ухах зориулалт бүхий техник, зах зээлийн одоогийн үнийг он хуучин учраас 80.000.000 төгрөгөөр үнэлж байна,

-Уул, уурхайн тоног төхөөрөмж Эксгрүпер 80 маркийн техник /алт угаах зориулалттай усан буу/ зах зээлийн одоогийн үнийг 30.000.000 төгрөгөөр үнэлж байна,

-Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 8-р хэсэг, 5-р гудамж, 5, 6 тоотод байх гэр бүлийн хэрэгцээний газар /одоогийн үнийг 12.000.000 төгрөгөөр үнэлж байна/,

Toyota pickup маркийн 53-77 ДАР улсын дугаартай автомашин /одоогийн зах зээлийн үнийг 40.000.000 төгрөгөөр үнэлж байна/,

-Уул, уурхайн тоног төхөөрөмж Ковш-ZL 50 маркийн 2011 онд худалдаж авч байсан шар өнгийн техник /зах зээлийн одоогийн үнийг 50.000.000 төгрөгөөр үнэлж байна.

Дээрх эд хөрөнгүүдийн нийт үнэ 784.000.000 төгрөгт үнэлэгдэж байгаа бөгөөд үүнээс талийгаачийн эхнэр Э.Б-, хүү Б.Ц-, охин Б.Э-, охин Б.Э-, төрсөн эцэг Л.Х-, төрсөн эх Д.П- бид 6 хүнд адил хувааж тооцоход нэг хүнд ногдох нь 130.666.666 төгрөг болно.

Иймд нэхэмжлэгч Л.Х-, Д.П- бид талийгаач хүү Х.Б-ы төрсөн эцэг, эх хууль ёсны өвлөгч мөн тул талийгаач хүүгийн өмчлөл, эзэмшилд байсан эд хөрөнгөөс ногдох хувь 261.133.332 төгрөгийг гаргуулна гэжээ.

Хариуцагч Э.Б-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.Б- миний бие хань Х.Б-тай 1991 онд 7-р ангийн сурагч байхдаа анх танилцаж, улмаар 1995 онд гэр бүл болсон. Бидний дундаас 3 охин мэндэлсэн. Том охин Б.Ц- 1995.8.8-ны өдөр төрсөн, дунд охин Б.Э- 2005.02.01-ний өдөр төрсөн, бага охин Б.Э- 2014.02.28-ны өдөр төрсөн. 2013 оноос эхлэн нөхөр маань пара буюу шамбарам өвчнөөр оношлогдон хагалгаанд орсон боловч ануснаас цус алдалт нь зогсохгүй байсаар 2015 онд Сонгдо эмнэлэгт үзлэг шинжилгээнд орон шулуун гэдэсний хорт хавдрын 3-р шат гэж оношлогдон улмаар хавдрын хагалгаанд орсон 6 сарын хугацаанд ямар ч өвчин зовиургүй байж байгаад 2017 оны 5 сараас эхлэн өтгөн гадагшлуулдаг нүхний дэргэд хатуу зүйл гарч өвдөж эхэлсэн. Хагалгаанд орж, хавдрыг дахин аван, дахин хүйсний баруун талд шинээр нүх гаргасан. 2017 оны 10 сард дахин Солонгос улс руу явсан боловч хавдар нугас болон маш олон эрхтэнд үсэрхийлсэн ямар ч найдваргүй гэсэн онош сонссон. 5 удаагийн туяа эмчилгээ хийж нурууны өвчинг түр намдаасан. Бид хоёр эмчилгээний зардалд нийт 168.106.484,6 төгрөгийг зарцуулсан. 2016 онд: 86.101.634,6 төгрөг: -эмчилгээ 35.700.743 вон /78.751.364,6 төгрөг/, -байр 100.000 вон /2.200.000 төгрөг/, -хоол хүнс, унаа 1.200.000 вон /2.640.000 төгрөг/, -тийз 2.500.000 төгрөг,

2017 онд: 82.004.850 төгрөг: -эмчилгээ 29.921.940 вон /74.804.850 төгрөг/, -тийз 5.200.000 төгрөг /бизнес аялал/, -бусад 2.000.000 төгрөг.

Найдваргүй онош сонссон нөхөр маань 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн хөнгөвчлөх тасагт нас нөгчсөн. Нэхэмжлэлд талийгаач нөхрийг минь нойр булчирхайн хорт хавдраар өнгөрсөн гэж дурджээ. Миний хань амьд сэрүүн байхдаа ланд крузер 80 маркийн машин унадаг байсан. Машины дугаараа Улаанбаатарынхаар авахын тулд өөрийн дүү Х.Б-гийн нэр дээр авсан байсныг отгон дүү Х.О- ахыгаа ятгасаар 49 хоног нь ч дуусаагүй байхад нь өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байсан. Би юу ч хэлээгүй өнгөрсөн.

Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Миний нөхрийн нэр дээр хөрөнгө байхгүй, талийгаачийн нэр дээр зохих байгууллагад бүртгэлтэй хөрөнгө байсан бол нэхэмжлэгч Л.Х-, Д.П- нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар өвлөгч гэж үзэн гомдол гаргах эрхтэй байсан мөн Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 527 дугаар зүйлийн 527.1, 532 дугаар зүйлийн 532.1-д тус тус зааснаар хөрөнгө өвлөн авах талаар маргаан үүсэх байсан гэжээ.

Нэхэмжлэгч Л.Х-, Д.П- нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан болон багасгасан шаардлагадаа:

Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан эд хөрөнгүүдээс Гэр бүлийн хэрэгцээний газрыг нэхэмжлэл гаргах үед Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 8-р хэсэг, 5-р гудамж, 5, 6 тоот хаягт байршилтай гэж тодорхойлсон. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэр бүлийн хэрэгцээний газар байгаа хаяг байршил хэрэгт цугларсан нотлох баримтаар Дархан-Уул аймаг, Хонгор сумын 1-р баг, Цог хэсэг 5 дугаар гудамж, №81Б тоотод байршилтай, 080301648 нэгж талбарын дугаартай 1208,2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр Э.Б-ыг бүртгэсэн Г-2005000638 дугаарт бүртгэж гэрчилгээ олгогдсон байна. Иймд өвлөгдсөн эд хөрөнгөөс хууль ёсны өвлөгчид ногдох хэсэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гэр бүлийн хэрэгцээний газартай холбоотой газрын хаяг байршлыг Дархан-Уул аймаг, Хонгор сумын 1-р баг, Цогт хэсэг 5-р гудамжны №81Б тоот байршилд хууль ёсны өмчлөгчөөр Э.Б- бүртгэлтэй байгаа тул тус газрыг гэрлэснээс хойш бий болсон гэр бүлийн дундын өмч гэж үзэж тус газрыг эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлтэд хийгдсэн үнэлгээ болох 3.500.000 төгрөгөөс 6 хүнд ногдох хувийг тодорхойлж, нэг хүнд ногдох хэсэг 583.333 төгрөгөөс нэхэмжлэгч Л.Х-, Д.П- бидэнд 1.116.666 төгрөгийг гаргуулна. Өөрөөр хэлбэл өвлөгдсөн эд хөрөнгөөс хууль ёсны өвлөгчид гэр бүлийн хэрэгцээний газраас ногдох хувийг бид нэхэмжлэлдээ 12.000.000 төгрөг гэж тодорхойлсныг 3.500.000 төгрөг гэж үнэлгээгээр тогтоосныг баримтлан багасгаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Л.Х-, Д.П- нар нь хариуцагчийн хариу тайлбартай холбогдуулан гаргасан тайлбартаа:

Э.Б- нь хариу тайлбартаа хар нялхаасаа ханилан хэнээс ч гуйхгүй амьдарч ирсэн гэж бичжээ. ...өөрсдийн амьдарч байсан Шарын гол сум дахь 4 өрөө байрныхаа 1 өрөөг суллан, гэр бүлдээ халуун дотноор хүлээн авсан. Тухайн үед /1996 он/ хөгшин бид хоёр хуучин Хотош банкнаас 3 сая төгрөгийн зээл авч, 2 том хүү болох Х.Гэрэлт-Од, талийгаач хүү Х.Б- нарт өгч, арьс нэхий эдлэлийн ченж хийлгэж, мөнгөний эх үүсвэрийг нь тавьж өгч, ажил амьдралынх нь анхны гарааг эхлүүлж байсан. ...талийгаач хүү Х.Б-д дэлгүүрийн байр гарган өгч, дэлгүүр нээн ажиллуулах боломж олгон, тухайн үед амьжиргаагаа залгуулах бүх нөхцөлийг хангаж өгч байсан. ...Улмаар хүү маань 2003 алтны ченж /жич: алтны ченж хийж эхлэхдээ/ хийж өсөж дэвжин 2011 оноос дүү Х.Б-, Х.О- нартай техник тоног төхөөрөмж худалдан авч, уул, уурхайн чиглэлээр хамтран ажиллаж эхлээд 2013, 2014 онд нэхэмжлэлд дурдсан Hyundai-LC-520 маркийн эксковатор Hyundai-LC-3000 эдгээрийг хүү маань өөрөө найз Ариунболдтойгоо хамтран Солонгос улсаас хэл дамнуулан оруулж ирж байсан. Нэхэмжлэлд дурдсан эдгээр бүх эд хөрөнгийг миний хүү талийгаач Х.Б- нь өөрийн хүч хөдөлмөр, найз нөхөд, ах дүү нартайгаа хамтран цаг наргүй ажиллаж, олон бэрхшээлийг даван туулж, эцэст нь эрүүл мэндээрээ хохирон байж эдгээр эд хөрөнгийг бий болгож байсан. Миний талийгаач хүүгийн гүйлгээний данс, эдлэл, мөн 99112041, 99196880 дугаарууд миний хүүгийн л дугаар, бас хүүгийн минь амьд ахуйдаа ашиглаж байсан дансууд болон уурхай дээр ашиглагдаж байсан маш олон нэр нь дурдагдаагүй эд хөрөнгийг үлдсэн гурван ач охиноо бодоод энэ нэхэмжлэлд дурдаагүй болно.

Нэхэмжлэгч Л.Х-, Д.П- нар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа:

1.Дархан-Уул аймаг, Дархан сум, 12-р баг, 6-р хороолол, 15-26 тоот 2 өрөө орон сууцыг 60.000.000 төгрөгөөр тодорхойлоход шинжээчийн дүгнэлтээр 45.000.000 төгрөгөөр үнэлэгдсэнд маргахгүй, үнэлгээний дагуу шийдвэрлүүлнэ.

2.Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 1-р баг, Хайрхан 2 давхар 45-р байрны 15 тоот 2 өрөө орон сууцыг зах зээлийн үнэлгээг 12.000.000 төгрөгөөр тодорхойлоход шинжээчийн дүгнэлтээр 10.000.000 төгрөгөөр эд хөрөнгийн үнэлгээ хийгдсэн дээр маргахгүй, үнэлгээний дагуу шийдүүлнэ.

3.Hyundai R520 Ic2-9s маркийн 78-89 УН улсын дугаартай шар өнгийн эксковатор маркийн газар ухах зориулалт бүхий техникийн зах зээлийн үнэлгээг 500.000.000 төгрөгөөр үнэлж тодорхойлоход шинжээчийн дүгнэлтээр 280.000.000 төгрөгөөр үнэлгээ тогтоосныг хүлээн зөвшөөрч, маргахгүй үнэлгээний дагуу шийдүүлнэ.

4. Hyundai 3000 LC-7 маркийн шар өнгийн эксковатор 80.000.000 төгрөгөөр зах зээлийн үнийг тодорхойлж нэхэмжилснийг шинжээчийн дүгнэлтээр 80.000.000 төгрөгөөр үнэлгээнд өөрчлөлт ороогүй энэ үнэлгээний дагуу шийдүүлнэ,

5.Ковш-ZL 50 маркийн шар өнгийн техникийн одоогийн зах зээлийн үнэлгээг 50.000.000 төгрөгөөр тодорхойлсныг шинжээчийн үнэлгээгээр 25.000.000 төгрөгөөр үнэлэгдсэнийг маргахгүй үнэлгээний дагуу шийдүүлнэ,

6.Тоёото ланд крузер 70 маркийн 53-77 ДАР улсын дугаартай хагас ачааны суудлын автомашиныг зах зээлийн үнэлгээг 40.000.000 төгрөгөөр тодорхойлж үнэлснийг шинжээчийн дүгнэлтээр 25.000.000 төгрөгөөр үнэлгээ тогтоосны дагуу маргахгүй тус үнэлгээгээр шийдүүлнэ,

7.Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1-р баг, Цогт хэсэг 5-р гудамжны 81Б тоотод байрлалтай гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газрыг шинжээч 3.500.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дагуу шийдүүлнэ,

8. Эксгрүпер 80 алт угаах зориулалт бүхий усан бууг зах зээлийн үнэлгээг 30 000 000 төгрөгөөр үнэлж тодорхойлсныг 15.000.000 төгрөгөөр шинжээчийн үнэлгээгээр үнэлснийг зөвшөөрч байна.

Шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаар дээрх эд хөрөнгүүдийн нийт үнийг нэхэмжлэгчийн 784.000.000 төгрөгийн үнэлгээ гэж тодорхойлсон шинжээчийн дүгнэлтээр эд хөрөнгийн нийт үнэ 483.500.000 төгрөгөөр үнэлэгдсэнд маргахгүй.

Иймд үнэлгээний тайланд хөрөнгийн үнэлгээгээр 483.500.000 төгрөгийн эд хөрөнгийг хууль ёсны өвлөгч 6 хүнд адил тэнцүү хувааж нэг хүнд ногдох хувийг 80.583.333 төгрөгт тооцож, нэхэмжлэгч Л.Х-, Д.П- бидэнд 161.166.666 төгрөгийг гаргуулж өгнө үү хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  09 дүгээр сарын 16-ны өдрийн 854 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.6-д тус тус зааснаар хариуцагч Э.Б-аас 32.233.333 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Х-, Д.П- нарт олгож, 128.933.333 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 966.784 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б-аас 319.116 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга давж заалдсан гомдолдоо:

            Дархан уул аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Хариуцагч Э.Б- миний бие тус шүүхийн шийдвэр ИХШХШ тухай хуулийн 116-р зүйлийн 116.2 зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсонгүй гэж дүгнэж гомдол гаргаж байна.

шийдвэрийн үндэслэх: хэсэгт: /Ковш 21.50 маркийн шар өнгийн авто ачигч тээврийн хэрэгсэл, Эксрубер-80 алт угаах зориулалттай усан буу, Нyundai 3000LC-7 маркийн шар өнгийн эксковатор зэрэг эд хөрөнгүүд нь техникийн маркийн тодорхойлолт болон эзэмшигчийн гэрчилгээгүй бөгөөд Тоёота Ландкрузер 70 маркийн 53-77 ДАР улсын дугаартай автомашин бүртгэлтэй байх бөгөөд эзэмшигч нь Д.Батсүх бүртгэлтэй талаар ирүүлсэн нь дээрх өвлөгдөх эд хөрөнгөөс ноогдох хувь гаргуулахад саад болохгүй юм гэжээ. Гэтэл би шүүхэд болон хөрөнгийн үнэлгээчинд дээрх хөрөнгүүд над дээр байхгүй гэдгийн удаа дараа тайлбарлаж байсан шүүх буруу дүгнэлт хийсэн байна. Нэхэмжлэгч талын хэргийн материалд гаргаж өгсөн техникүүдийн зургийг харж капитал зууч ХХК нь үнэлгээ хийсэн .

Э.Б- миний эзэмшил, өмчлөлд: 1. Дархан-Уул аймгийн Дархан сум 12-р баг 6-р хороолол 15-р байр 26 тоот 2 өрөө орон сууц Ү-2003009679, 2. Дархан-Уул аймаг Шарын гол сум 1-р баг хайрхан 2 давхар 45-р байр15тоот2 өрөө Ү-2001001319, 3. Hyundai R520LС-9s маркийн 78-89 УН улсын дугаартай шар өнгийн эксковатор, 4. Дархан-Уул аймаг Хонгор сум 1 баг Цогт хэсэг 5 гудамж 815 тоот Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар ийм хөрөнгүүд бүртгэлтэй байдаг. Иргэний хуулийн 515-р зүйлийн 515.1-д зааснаар талийгаачийн нэр дээрх хөрөнгө эрх өвлөгдөнө миний нөхөр Х.Б-ы нэр дээр хөрөнгө бүртгэлгүй байсан хэрэв хөрөнгө бүртгэлтэй байсан бол Иргэний хуулийн 520-р зүйлийн 520.1.1-д заасан өвлөгч нар хөрөнгөө тэнцүү хуваах байсан. Гэтэл миний нэр дээрх хөрөнгийн өвлөгдөж ирсэн хөрөнгө мэтээр дүгнэж гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзэн хувааж байгааг зөвшөөрөхгүй. Иймд иргэн миний өөрийн нэр дээрх эд хөрөнгийг өв залгамжилж буй хөрөнгө гэж хийсвэрээр дүгнэж надаас төлбөр гаргуулахаар шийдвэр гарсанд гомдолтой байна. Иймд Дархан уул аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангах хууль зүйн үндэслэлгүй  байна.

            Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж  шийдвэрлэхдээ  хариуцагч  Э.Б-ын  эзэмшилд байдаггүй Тоёото маркийн 53-77 ДАР дугаартай  машины  үнийн дүн болох  25.000.000 төгрөгөөс ногдох хэсгийг  гаргуулсан нь  хуульд нийцээгүй байх тул  шүүхийн шийдвэрт  үүнтэй холбоотой  зохих өөрчлөлтийг   оруулах нь  зүйтэй гэж  үзлээ.

Нэхэмжлэгч  Л.Х-, Д.П-  нар нь талийгаач  хүү  Х.Б-ы  өмчлөлд байсан эд хөрөнгө болох  Дархан сумын  12 дугаар баг, 6 дугаар хороолол, 15 дугаар байрны   26 тоот  29,0 м.кв талбайтай  хоёр өрөө орон сууц, Шарын гол сумын  1 дүгээр баг, Хайрхан  2 давхар 45 дугаар байр, 15 тоот  27,0 м.кв талбайтай  2 өрөө орон сууц, Хуандай маркийн  шар өнгөтэй газар ухах зориулалт бүхий эксковатор  2 ширхэг, эксрүпер 80 маркийн техник,  Дархан сумын 15 дугаар баг, Мангирт 8 дугаар хэсэг,  5 дугаар гудамж,  5-6 тоотод байх гэр бүлийн хэрэгцээний  газар,  Ковш-50 маркийн  техник, Тоёото маркийн  53-77 ДАР маркийн машин  эдгээр эд хөрөнгийн үнийн дүнгээс  хууль ёсны өвлөгчид ногдох хэсэг 260.666.666 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Э.Б- “...хань Х.Б-тай 1995 онд гэр бүл болсон, бидний дундаас 3 охин мэндэлсэн, 2013 оноос нөхөр маань шамбарам өвчнөөр оношлогдон энэ нь хорт хавдар болж, эмчлүүлсэн, эмчилгээний зардалд нийт 168.106.484 төгрөг  зарцуулсан, миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, миний нөхрийн нэр дээр хөрөнгө байхгүй, талийгаачийн нэр дээр зохих байгууллагад  бүртгэлтэй хөрөнгө байсан бол нэхэмжлэгч нар гомдол гаргах эрхтэй байсан...” гэж  маргасан байна.

Х.Б- 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нас барснаар Иргэний хуулийн  518 дугаар зүйлийн  518.1-д заасны дагуу  түүний өв нээгдсэн  гэж үзнэ.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагч  Х.Б-ы эхнэр  Х.Б-, төрсөн хүүхэд  Б.Ц-, Б.Э-, Б.Эмүүжин нас барагчийн төрүүлсэн эцэг, эх Д.П-, Л.Х- нар нь хууль ёсны өвлөгчид бөгөөд тэдгээр нь өвлүүлэгчийн  эд хөрөнгийг адил хэмжээгээр  өвлөх эрхтэй  байна.

Талийгаач Х.Б- нь эхнэр Э.Б-ын хамт  уул уурхайн чиглэлээр   үйл ажиллагаа эрхэлдэг ба нэхэмжлэлд дурдсан 8 төрлийн тоног төхөөрөмжийг  хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар,  техникийн хувийн хэрэг  зэргээр тогтоогдсон байна.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо шүүх өв залгамжлалтай холбоотой маргааныг шийдвэрлэхдээ гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгийг тодорхойлсон Иргэний хуулийн 126 дугаар зүйлийг хэрэглэсэн нь буруу гэжээ.

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4-т  гэр бүлийн гишүүн нас барснаар   өв нээгдсэн бол гэр бүлийн хамтран өмчлөх  дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлно гэсний дагуу Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж, 126 дугаар зүйлийн 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байхаар зохицуулсан ба анхан шатны шүүх уг хуульд үндэслэж дээрх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн  хамтран өмчлөх дундын  хөрөнгөд  тооцсоныг  буруутгах  үндэслэлгүй байна.

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын үнийн дүнгээс нь өвлөхөөр шаардсан нэр бүхий 4 хөрөнгийг өөрсдийн эзэмшилд байхгүй талаар баримт гаргаж мэтгэлцээгүй бөгөөд Э.Б-ын нэр дээр эд хөрөнгө бүртгэлтэй байгаа нь түүний хуваарьт эд   хөрөнгөд хамаарахгүй, гэр бүлийн бүх гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн.

Хариуцагч Э.Б- нь нэхэмжлэгч Л.Х-, Д.П- нарыг  талийгаач нөхөр Х.Б-ы хууль ёсны өвлөгчид биш гэж мөн эд хөрөнгийн үнэлгээний талаар анхан шатны шүүхэд нотлох баримт гарган  маргаж, мэтгэлцээгүйг  дурдаж  байна.

Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч байгаа бол энэ талаараа  тайлбартаа   тодорхой  дурдаж,  татгалзаж буй үндэслэлийн  нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар өөрөө нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх  үүрэгтэй  юм.

Анхан шатны шүүх өвлөгдөх эд хөрөнгийг өвлөгч нарт хувь тэнцүүлэн хуваасныг    зөв гэж үзнэ. Харин ТОЁОТО маркийн  53-77 ДАР дугаартай  машиныг Э.Б- эзэмшдэг эсэх  гэр бүлийн  гишүүдийн дундын  эд хөрөнгө мөн  эсэх нь  тодорхой биш  байхад уг эд хөрөнгөөс ногдохыг гаргуулсан нь буруу байх тул нэхэмжлэлийн  шаардлагыг хангасан хэсгээс 25.000.000:5=5.000.000:6=833.333 х2=1.666.666 төгрөгийг хасч тооцон шийдвэрт  өөрчлөлт  орууллаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  09 дүгээр сарын 16-ны өдрийн  854 дүгээр  шийдвэрийн  ТОГТООХ  хэсгийн  1 дүгээр заалтад “... 32.233.333...” гэснийг “...30.566.667...” гэж, “...128.933.333...” гэснийг “...130.599.999...” гэж , 

2 дугаар заалтад “...Э.Б-аас 319.116...” гэснийг “...Э.Б-аас  310.783...”  гэж  өөрчлөн шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 319.117 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагчид буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

                  

                                ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                                   ШҮҮГЧИД                                    Л.АМАРСАНАА

                                                                                                                        С.ЭНХЖАРГАЛ