Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2021/00371

 

Л.Х, Д.П нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 854 дугаар шийдвэртэй,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 95 дугаар магадлалтай,

Л.Х, Д.П нарын нэхэмжлэлтэй,

Э.Б холбогдох,

Өвлөгдсөн эд хөрөнгөөс хууль ёсны өвлөгчид ногдох хэсэг 260,666,666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын төлөөлөгч Х.Ганчимэг, хариуцагчийн төлөөлөгч Д.Гантулга, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Хишигсүрэн, Д.Пүрэвсүрэн нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Л.Хишигсүрэн, Д.Пүрэвсүрэн бид хүү Х.Баярсайханы төрсөн эцэг, эх юм. Бидний төрсөн хүү Х.Баярсайхан нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хорт хавдар гэх хүнд өвчний улмаас 42 насандаа нас барсан. Талийгаач хүүг нас барах эцсийн мөч хүртэл бид хамт байсан. Талийгаачийн эхнэр Э.Бямбажаргал нь 23 настай Цолмон, 14 настай Энэрэл, 4 настай Эмүжин гурван хүүхдийн хамт амьдарч байсан. Миний хүү эрүүл саруул ажил төрлөө хийгээд явж байхдаа аав, ээж, хэдэн төрсөн дүүгээ байнга харж хандаж явсан. Миний хүүгийн 49 хоногийг өнгөрөөгөөд бэр Э.Бямбажаргал нь эцэг, эх, ах, дүү бид нараас шууд хөндийрч ирж уулзахаа больж, бид хоёрын дугаарыг блоклон харьцахаа больж, хөндийрсөнд гомдолтой байна. Миний хүү амьд байхдаа уул уурхайн тоног төхөөрөмж ихтэй түүгээрээ уул уурхайн лицензтэй хүмүүстэй хамтран ажиллаж тоног төхөөрөмжүүдээ түрээслүүлж, орлого олдог байсан юм. Талийгаач хүүгийн өмчлөлд нас барахаас өмнө байсан эд хөрөнгүүдийг нас барсны дараа 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн тойргийн нотариатч дараах хөрөнгүүдэд өв хүлээн авах хүсэлтийг гаргасан. Үүнд Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 15 дугаар байрны 26 тоот 29,0 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууц одоогийн зах зээлийн үнийг 60,000,000 төгрөгөөр тооцож оногдох хувь 12,000,000 төгрөгийг, Дархан-Уул аймаг, Шарын гол сум, 1-р баг, Хайрхан 2 давхар, 45 байр, 15 тоот 27,0 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууц, зах зээлийн одоогийн үнийг 12,000,000 төгрөгөөр үнэлж байна, Уул, уурхайн тоног төхөөрөмж болох хөдлөх хөрөнгө Эксковатор LC-7-520 hyundai маркийн шар өнгөтэй газар ухах зориулалт бүхий техник, зах зээлийн үнийн шинэвтэр учраас 500,000,000 төгрөгөөр, Уул, уурхайн тоног төхөөрөмж болох хөдлөх хөрөнгө Эксковатор 3000 LC-7 hyundai маркийн шар өнгөтэй газар ухах зориулалт бүхий техник, зах зээлийн одоогийн үнийг он хуучин учраас 80,000,000 төгрөгөөр үнэлж байна, Уул, уурхайн тоног төхөөрөмж Эксгрүпер 80 маркийн техник /алт угаах зориулалттай усан буу/ зах зээлийн одоогийн үнийг 30,000,000 төгрөгөөр үнэлж байна, Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Мангирт 8-р хэсэг, 5-р гудамж, 5, 6 тоотод байх гэр бүлийн хэрэгцээний газар /одоогийн үнийг 12,000,000 төгрөгөөр үнэлж байна/, Toyota pickup маркийн 53-77 ДАР улсын дугаартай автомашин /одоогийн зах зээлийн үнийг 40,000,000 төгрөгөөр үнэлж байна/, Уул, уурхайн тоног төхөөрөмж Ковш-ZL 50 маркийн 2011 онд худалдаж авч байсан шар өнгийн техник /зах зээлийн одоогийн үнийг 50,000,000 төгрөгөөр үнэлж байна. Дээрх эд хөрөнгүүдийн нийт үнэ 784,000,000 төгрөгт үнэлэгдэж байгаа бөгөөд үүнээс талийгаачийн эхнэр Э.Бямбажаргал, хүү Б.Цолмон, охин Б.Энэрэл, охин Б.Эмүжин, төрсөн эцэг Л.Хишигсүрэн, төрсөн эх Д.Пүрэвсүрэн бид 6 хүнд адил хувааж тооцоход нэг хүнд ногдох нь 130,666,666 төгрөг болно. Иймд нэхэмжлэгч Л.Хишигсүрэн, Д.Пүрэвсүрэн бид талийгаач хүү Х.Баярсайханы төрсөн эцэг, эх хууль ёсны өвлөгч мөн тул талийгаач хүүгийн өмчлөл, эзэмшилд байсан эд хөрөнгөөс ногдох хувь 261,133,332 төгрөгийг гаргуулна гэжээ.

Хариуцагч Э.Бямбажаргалын шүүхэд гаргасан тайлбарт: ...Миний бие хань Х.Баярсайхантай 1991 онд 7-р ангийн сурагч байхдаа анх танилцаж, улмаар 1995 онд гэр бүл болсон. Бидний дундаас 3 охин мэндэлсэн. Том охин Б.Цолмон 1995.08.08-ны өдөр төрсөн, дунд охин Б.Энэрэл 2005.02.01-ний өдөр төрсөн, бага охин Б.Эмүжин 2014.02.28-ны өдөр төрсөн. 2013 оноос эхлэн нөхөр маань пара буюу шамбарам өвчнөөр оношлогдон хагалгаанд орсон боловч ануснаас цус алдалт нь зогсохгүй байсаар 2015 онд Сонгдо эмнэлэгт үзлэг шинжилгээнд орон шулуун гэдэсний хорт хавдрын 3-р шат гэж оношлогдон улмаар хавдрын хагалгаанд орсон 6 сарын хугацаанд ямар ч өвчин зовиургүй байж байгаад 2017 оны 5 сараас эхлэн өтгөн гадагшлуулдаг нүхний дэргэд хатуу зүйл гарч өвдөж эхэлж, эмчилгээ нь найдваргүй болж 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн хөнгөвчлөх тасагт нас нөгчсөн. Бид хоёр эмчилгээний зардалд нийт 168,106,484.6 төгрөгийг зарцуулсан. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Миний нөхрийн нэр дээр хөрөнгө байхгүй, талийгаачийн нэр дээр зохих байгууллагад бүртгэлтэй хөрөнгө байсан бол нэхэмжлэгч Л.Хишигсүрэн, Д.Пүрэвсүрэн нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар өвлөгч гэж үзэн гомдол гаргах эрхтэй байсан мөн Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 527 дугаар зүйлийн 527.1, 532 дугаар зүйлийн 532.1-д тус тус зааснаар хөрөнгө өвлөн авах талаар маргаан үүсэх байсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 854 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.6-д тус тус зааснаар хариуцагч Э.Бямбажаргалаас 32,233,333 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Хишигсүрэн, Д.Пүрэвсүрэн нарт олгож, 128,933,333 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 966,784 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Бямбажаргалаас 319,116 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 95 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 854 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтад ... 32,233,333... гэснийг ...30,566,667... гэж, ...128,933,333... гэснийг ...130,599,999... гэж, 2 дугаар заалтад ...Э.Бямбажаргалаас 319,116... гэснийг ...Э.Бямбажаргалаас 310,783... гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 319,117 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагчид буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Л.Хишигсүрэн Д.Пүрэвсүрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Нэхэмжлэгч бид Капитал зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ зах зээлийн ханшнаас хэт багаар үнэлэгдсэнд гомдолтой байсан ч өвчний улмаас одоог хүртэл хэвтэрт, эмчилгээнд явах шаардпагатай тул хэргийг хурдан шийдүүлэх үүднээс үнэлгээг хүлээн зөвшөөрсөн байдаг. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасан хуулийг хэрэглэх ёсгүй, 167.1.1-т заасныг хэрэглэх ёстой байсан. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэсэн журмыг зөрчин зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр Тоёото Ландкрузер пикап 70 маркийн 53-77 ДАР машин эзэмшигч Д.Батсүхийг хэмээн дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт Тоёото Ландкрузер 70 маркийн 53-77 ДАР улсын дугаартай хагас ачааны суудлын автомашины ззэмшигчийн талаар тээврийн хэрэгслийн бүртгэлийн архивын лавлагаагаар дээрхи дугаарт хар өнгийн Хьюндай Соната 7 маркийн авто машин бүртгэлтэй байх бөгөөд эзэмшигч нь Д.Батсүх бүртгэлтэй талаар ирүүлсэн нь дээрх өвлөгдөх эд хөрөнгөөс ноогдох хувь гаргуулахад саад болохгүй юм гэсэн байдаг. Капитал зууч ХХК-иар нэр бүхий 8 эд хөрөнгө үнэлүүлсний 6 дугаарт бидний нэхэмжлэлд дурдсан Тоёото Ландкрузер 70 маркийн 53-77 маркийн цагаан өнгөтэй хагас ачааны машин 25,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-т заасан үүргийн дагуу хэргийн 140-р хуудсанд бидний дурдаж байгаа машины талаар нотлох баримт гарган өгсөн. Хариуцагчийн төлөөлөгч Д.Гантулга нь хэргийн 142-р хуудсанд тухайн машины талаар хүлээн зөвшөөрсөн байдаг тул нэхэмжлэгч бидний зүгээс уг магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчийн төлөөлөгч Д.Гантулага нь үнэлгээнд гомдолтой байсан бол анхан шатны шүүх хуралдаанд баримт гарган мэтгэлцэх үгүйсгэх эрх нь бүрэн нээлттэй байсан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ямарч нотлох баримт гаргаж өгөөгүй. Хариуцагчийн төлөөлөгч Д.Гантулга нь үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахдаа ёс зүйн бүдүүлэг алдаа гарган Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т заасан үүргээ үл ухамсарлан шүүхийн өмнө худал ярьж байна. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан үндэслэлээр эцэг эх өвлөн авах ёстой. Мөн Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ. Хариуцагч Э.Бямбажаргал үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй байгаа тул шүүхэд хандсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн төлөөлөгч Д.Гантулгын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсонгүй гэж дүгнэж гомдол гаргаж байна. Шүүх Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар Э.Бямбажаргал Х.Баярсайхан нар нь гэр бүл болсноос хойш амьдарч байх хугацаанд нь бий болсон гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч болох нь дээрхи үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон учир хариуцагчийн өөрийн хувиарт хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэжээ. Гэтэл гэр бүлийн дундын эд хөрөнгө хуваах өв залгамжлал хоёр нь өөр өөр хууль зүйн зохицуулалт хэрэв талийгаач амьд сэрүүн байж байхдаа дундын хөрөнгийн маргаантай асуудлын шүүхээр шийдвэрлүүлсэн тохиолдолд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар зохицуулагдах байсан. Иймд шүүх хуулийн буруу хэрэглэсэн. Өв залгамжлах эрхтэй холбогдох хэрэг маргаанд дээрхи хуулийн зохицуулалтын шүүх хэрэглэхгүй байсан. Шүүхэд болон хөрөнгийн үнэлгээчинд нэхэмжлэлд дурдсан хөрөнгүүд хариуцагчид байхгүй гэдгийг удаа дараа тайлбарлаж байсан. Хөрөнгийн үнэлгээчинтэй уулзахад хөрөнгийн үнэлгээчин эдгээр хөрөнгүүд зах зээл дээр ийм үнэтэй байна гэдгийг үнэлж байгаа гэж тайлбарлаж байсан. Нэхэмжлэгч талын хэргийн материалд гаргаж өгсөн техникүүдийн зургийг харж капитал зууч ХХК нь үнэлгээ хийсэн. Үүнийг удаа дараа шүүхэд тайлбарласан. Хэргийн материалд хариуцагчийн өмчлөлд бүртгэлтэй хөрөнгийн талаарх нотлох баримт холбогдох байгууллагуудын лавлагаа байгаа. Гэтэл шүүх хөрөнгийн үнэлгээ хийгдсэн хөрөнгийн жагсаалтанд дурьдсан хөрөнгүүдийг шууд миний өмч мэтээр дүгнэж гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж хувааж байгаа нь хуулийг илтэд буруу хэрэглэж хэргийг буруу шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар талийгаачийн нэр дээрхи хөрөнгө эрх өвлөгдөнө миний нөхөр Х.Баярсайханы нэр дээр хөрөнгө бүртгэлгүй. Хэрэв хөрөнгө бүртгэлтэй байсан бол Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан өвлөгч нар хөрөнгөө тэнцүү хуваах байсан. Талийгаачийн нэр дээрхи бүртгэлгүй хөрөнгөнд өв хуваахгүй. Гэр бүлд хамтран амьдраагүй өвлөгч нар нь зөвхөн бүртгэлтэй эд хөрөнгөөс ноогдох хэсгээ шаардана. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Л.Хишигсүрэн, Д.Пүрэвсүрэн нар Э.Бямбажаргалд холбогдуулан 260,666,666 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа, ...хүү Х.Баярсайхан 2018.02.08-ны өдөр нас барсан, ...8 төрлийн хөрөнгө нь өвийн зүйл болж байгаа тул 784,000,000 төгрөгөөр үнэлж 6 өвлөгчид адил хувааж, ногдох хэсгийг гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 161,166,666 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...нэхэмжлэгч нар нь өвлөгч мөн боловч өвлөгдөх хөрөнгө байхгүй, зааж буй хөрөнгүүд улсын бүртгэлд миний нэр дээр бүртгэгдсэн байдаг гэж маргасан байна.

Анхан шатны шүүх, хариуцагчаас 32,233,333 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож, 128,933,333 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 30.566.667 төгрөг гаргуулж, 130,599,999 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул тэдгээрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгдэх ба Х.Баярсайхан 2018.02.08-ны өдөр нас барсан тул уг өдрөөр өв нээгджээ.

Өвлүүлэгчийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрх өвлөгдөх ба өвлөгдөх хөрөнгийн талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй байна.

Хэргийн баримтаас үзэхэд, нэхэмжлэгч нар, Дархан Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 6 хороолол, 15 байрны 26 тоот, 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн аймгийн Шарын гол сумын 1-р баг, Хайрхан 2 давхар 45 байрны 15 тоот 27.0 м.кв тайлбайтай 2 өрөө орон сууц, мөн аймгийн Хонгор сумын 1-р баг, Цогт хэсэг, 5 гудамжны 81Б тоотод байрлаж буй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1208.2 м.кв талбай бүхий газар, 78-89 УН улсын дугаартай шар өнгийн эксковатор, 3000 LC-7 hyundai маркийн шар өнгийн эксковатор, эксгрүпер 80 маркийн техник /алт угаах зориулалттай усан буу/, Toyota pickup маркийн 53-77 ДАР улсын дугаартай автомашин, Ковш-ZL 50 маркийн техникийг нас барагч Х.Баярсайханы эд хөрөнгө гэж үзэж, эдгээрийг хууль ёсны зургаан өвлөгч адил тэнцүү өвлөнө гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна.

Шүүх нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгүүдийг нас барагч Х.Баярсайханы хуваарьт хөрөнгө бус, түүний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэн, тухайн хөрөнгөөс түүнд ногдох хэсгийг тодорхойлж, улмаар хууль ёсны зургаан өвлөгчид адил тэнцүү хэмжээгээр хувааж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ. Ингэхдээ шүүх 2 орон сууц, газар, 78-89 УН улсын дугаартай Hyundai R520LC-9S шар өнгийн эксковатор нь нэг хүний өмчлөлд буюу хариуцагч Э.Бямбажаргалын нэр дээр бүртгэгдсэн, эдгээр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл нь Х.Баярсайханыг нас барахаас өмнө 2015-2017 онуудад хийгдсэнийг анхаараагүйгээс хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 183 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй, мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Түүнчлэн шүүх Х.Баярсайханыг нас барах үед өвлөгдвөл зохих ямар, ямар эд хөрөнгө байсан, хэн аль хөрөнгийг эзэмшиж байгааг бүрэн тодруулаагүй байна. Тухайлбал, нэхэмжлэлд дурдснаас өөр эд хөрөнгө байсан эсэхийг тодруулах нь нийт өвийн хэмжээг тогтооход ач холбогдолтой.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй Hyundai 3000 LC-7 маркийн шар өнгөтэй эксковатор, Toyota pickup маркийн 53-77 ДАР улсын дугаартай автомашин, Ковш-ZL 50 маркийн техник нь улсын бүртгэлд хэний нэр дээр байгааг тодруулж лавлагаа гаргуулах нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн хүсэлтийг шүүх хангаж, лавлагаа гаргуулсан нь хэргийн 98-100-р талд авагдсан боловч шүүгчийн захирамжид дурдсан ажиллагаа бүрэн хийгдээгүй байна. Автотээврийн бүртгэлийн газраас Hyundai 3000 LC-7 маркийн шар өнгөтэй эксковатор, Ковш-ZL 50 маркийн техник улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх талаар хариу ирүүлээгүй байна. Toyota pickup маркийн автомашины 53-77 ДАР улсын дугаарт өөр Соната-7 маркийн автомашин, эзэмшигч нь Б.Батмөнх бүртгэлтэй байгаа гэснийг дахин тодруулаагүй атлаа анхан шатны шүүх өвлөгдөх эд хөрөнгө гэж, давж заалдах шатны шүүх өвлөгдвөл зохих хөрөнгө биш гэж зөрүүтэй дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай байна.

Дээрх үндэслэлээр хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгов.

Шүүх эдгээр байдлыг бүрэн тодруулж, хийвэл зохих дүгнэлтийг хийж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан аль нэг шийдвэрийг гаргавал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 854 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 95 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нар 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 41,617 төгрөг, хариуцагч 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 310,784 төгрөг тус тус төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

                                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.УНДРАХ

                                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                                                                  ШҮҮГЧИД                                   Х.СОНИНБАЯР

                                                                                                                                    Д.ЦОЛМОН

                                                                                                                                    Х.ЭРДЭНЭСУВД