Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 416

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо Нарны зам Саруул төвийн 201 тоотод байрлах Хайнань Жун Хэй ГХОХХК, БНХАУ-ын иргэн Ген Шо Чин /GENG XIAOQING/ -ний нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумын 1 дүгээр багт Партизаны 3-16 тоотод байрлах, Ногоон нарс ХХК, захирал Л.Адилбиш-д холбогдох

 

1.326.651.607 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тамир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Майцэцэг, Д.Энхзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пунцагдэлэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хайнань Жун Хэй ГХОХХК, БНХАУ-ын иргэн Гэн Шо Чин /GENG XIAO QING/ нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... БНХАУ-ын иргэн Хайнань Жун Хэй ХХК-ний гүйцэтгэх захирал ажилтай Гэн Шо Чин нь 2015 оны эхээр Монгол улсад оршин суугч, цагаач иргэн Жан Юн Ранаар дамжуулан А.Амаржаргал түүний төрсөн эцэг гэх Ногоон нарс ХХК-ний захирал Лхамсүрэнгийн Адилбиш нартай танилцсан.

Ногоон нарс ХХК-ний захирал Л.Адилбиш нь үйл ажиллагаа явуулж байгаад зогссон панерын үйлдвэртээ хөрөнгө оруулах мөн хуучирсан тоног төхөөрөмжүүдээ солих хүсэлтийг надад тавьж байсан. Л.Адилбиш нь 2015 оны 8 дугаар сард намайг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байрлах үйлдвэр дээрээ урьж танилцуулж манай компани энэ суманд 15.000 га ойн сан эзэмшдэг 569.837 м.куб модны нөөцтэй хөрөнгө оруулалт хийгдсэн тохиолдолд үйлдвэрлэл явуулж эхэлснээс хойш 6 сарын дотор оруулсан хөрөнгөө 100 хувь буцаан авах, цаашид хамтран өндөр ашигтай ажиллах бүрэн боломжтой гэж байсан ба манай эзэмшлийн ойн сангаас түүхий эдээ тасралтгүй ханган ажиллах боломжтой гэж надад итгүүлсэн.

Ингээд би Ногоон нарс ХХК-ний захирал Л.Адилбиштэй үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг шинээр авч суурилуулах, мэргэжилтнээр хангах, хөрөнгө оруулалт хийх тухай ярилцаж тохиролцон 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Модон хавтангийн үйлдвэрт хамтран ажиллах тухай гэрээ байгуулсан. Энэ гэрээнд ерөнхий зүйлийг тохиролцсон ба хөрөнгө оруулалтын үнийн дүнг тохиролцоогүй тул тусгаагүй боловч хөрөнгө оруулалтыг хийж эхэлсэн.

Гэтэл Ногоон нарс ХХК-ний нягтлан ирж танайхаас мөнгө орж ирэхээр компанийн орлого болж татварын асуудал үүсэх гээд байна. Иймд зээлийн гэрээ байгуулах нь зүйтэй юм байна гэж захирал хэллээ гэхээр нь уг саналыг зөвшөөрч 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр БНХАУ-ын иргэн Гэн Шо Чин /GENG XIAO QING/ Ногоон нарс ХХК-ийн хооронд 2.150.000 юань буюу 650.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан.

Зээлийн гэрээнд бэлэн мөнгийг Ногоон нарс ХХК-ийн ХААН банк дахь юанийн болон төгрөгийн дансанд шилжүүлэхээр тохиролцсон. Энэ тохиролцооны мөнгийг шилжүүлсэн ба 381.712.421 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгөн дүн нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон болно.

Үүнээс гадна Л.Адилбишийн эхнэр бэлнээр мөнгө авч байсан ба бид ч барилгын материалуудыг авч өгч байсан. Энэ нь тооцооны дэвтэр баримтуудаар нотлогдох ба эдгээр баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх болно.

Ингээд бид үйлдвэрийн барилгын ажил дуусах шатандаа орсон тул, Ногоон нарс ХХК, Хайнань Жун Хэй ХХК-ийн хооронд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Модон хавтангийн үйлдвэр байгуулж хамтран ажиллах тухай шинэчилсэн гэрээг байгуулсан.

Энэ гэрээгээр Ногоон нарс ХХК нь 258.000 юань буюу 90.300.000 төгрөг, Хайнань Жун Хэй ХХК нь 3.116.669 юань буюу 1.090.834.150 /нэг тэрбум ерэн сая найман зуун гучин дөрвөн сая нэг зуун тавин мянган/ төгрөгийн хөрөнгийг оруулан хамтран ажиллах ба Ногоон нарс ХХК татварын дараах ашгийн 51 хувийг, Хайнань Жун Хэй ХХК татварын дараах ашгийн 49 хувийг тус тус авах, талуудын хөрөнгө оруулалтаар оруулсан хөрөнгөө тус тус 6 сарын дотор эргүүлэн авахаар тус тус тохиролцсон.

Ингээд үйлдвэрийн барилгын ажил, тоног төхөөрөмж оруулах ажлууд хийгдэж нэмэлт зардал гарч манай компани болон Гэн Шо Чэнээс нийт 3.872.355 юанийн хөрөнгө оруулалт хийгдэж 2017 оны 03 дугаар сард үйлдвэр баригдаж дууссан үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон.

Анхандаа Л.Адилбиш их сайхан зантай бид хоёрын харилцаа маш сайн намайг миний хуурай хүү гэж дуудаад би ч аав гэж дуудаад ажил төрөл бүтэмжтэй сайхан байсан. Би гэрээний үүргээ шударгаар биелүүлж хөрөнгө оруулалтаа хийж үйлдвэрийг барьж тоног төхөөрөмжүүдийг суурилуулан удирдах баг болох мэргэжлийн долоон хүнийг БНХАУ-аас авчирч сар гаран ажиллуулсан.

Гэтэл үйлдвэрлэл баригдаад бэлэн болж үйл ажиллагаагаа явуулж эхлэнгүүт Л.Адилбиш гуайн зан ааш нь өөрчлөгдөж муухай ууртай болж гэрээний дагуу ажиллаж байсан үйлдвэрлэлийг удирдах багийн хятад ажилчдыг хөөж явуулсан. Түүнээс хойш харилцан тохиролцож олон гэрээ байгуулсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй гэрээгээ үл тоомсорлох байдал гаргаж өдийг хүртэл намайг хуурч мэхэлсээр байна.

2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Ногоон нарс ХХК-ийн байранд хамтарсан хурал хийж протокол хөтлөн баримтжуулж хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэхийг харилцан хүлээн зөвшөөрч хөрөнгө үнэлгээний Адмо ХХК-иар үнэлгээ гаргуулсан. Гэтэл уг үнэлгээг Ногоон нарс ХХК хүлээн зөвшөөрөхгүй байна.

Харин цагдаагийн байгууллага шалгаж байх явцад Улаанбаатар хотын Найдвар Од Аудит ХХК-нийг шинжээчээр томилж мэргэжилтэн Г.Болормаагийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр Гэн Шо Чэнээс Ногоон нарс ХХК-ний төгрөгийн болон юаны данс руу 2016, 2017 онд нийт 381.712.421 төгрөг орсон байна гэдгийг тогтоож өгсөн.

Цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байхад өөрийн хүсэл зоригоо илэрхийлж биш хуулийн байгууллагын шахалтаар мөн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр үүрэг дуусгавар болгох тухай болон хөрөнгө оруулалтын нийт дүнг тооцоо нийлж бодох тухай гэрээнүүдийг байгуулсан боловч тэдгээр гэрээгээр хүлээсэн үүргээ мөн биелүүлэхгүй миний эрх ашгийг хохироосоор байна.

Миний бие нь Л.Адилбишд олон удаа хууртаж 2016 оноос хойш олон гэрээ байгуулж түүнийгээ үл ойшоон биелүүлэхгүй миний эрх ашгийг хохироосоор байна.

Иймээс миний хууль ёсны эрх ашгийг хамгаалж Л.Адилбишийн хуурч мэхэлж хийсэн гэрээнүүдийг хүчингүй болгож, компанийн болон миний өөрийн хөрөнгө болох нэг тэрбум хоёр зуун сая төгрөгийн эд хөрөнгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэж өгнө үү! гэжээ.

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Гэн Шо Чин /Geng Xiao Qing/ нь 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай нэхэмжлэлдээ:

...Нэхэмжлэгч Хайнань Жун Хэй ХХК нь хариуцагч Ногоон нарс ХХК-тай 2016 оны 06 сарын 30-ны өдөр Модон хавтангийн үйлдвэрт хамтран ажиллах тухай гэрээ, 2016 оны 12 сарын 20-ны өдөр Модон хавтангийн үйлдвэр байгуулж, хамтран ажиллах гэрээг тус тус байгуулж, хариуцагчийн эзэмшлийн газарт модон хавтангийн үйлдвэр байгуулан хамтран ажиллахаар болсон байдаг. Хамтран ажиллах гэрээнд заасан үүргээ нэхэмжлэгч Хайнань Жун Хэй XXК нь зохих ёсоор, шударгаар биелүүлж, хариуцагч Ногоон нарс ХХК-ийн эзэмшлийн газарт модон хавтангийн үйлдвэрийг барих, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зориулж нийт З,116,669 юань буюу 1,090,834,150 /Нэг тэрбум ерэн сая найман зуун гучин дөрвөн мянга нэг зуун тавь) төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, үйлдвэрийг барьж, тоног төхөөрөмжүүдийг суурилуулан, мэргэжлийн долоон хүнийг БНХАУ-аас авчирч сар гаруй хугацаанд ажиллуулсан.

Мөн нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Гэн Шо Чин /Geng Xiao Qing/ нь хариуцагч Ногоон нарс ХХК-тай 2016 оны 07 сарын 21-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж тус компанид Барилгын хэв хашмалын модон хавтангийн үйлдвэрлэлийн төслийг санхүүжүүлэх зориулалтаар буюу ажлын зурагт заасан модон хавтангийн үйлдвэрлэлийн сэндвичэн барилгыг барих ажилд зориулж 650,000,000 (зургаан зуун тавин сая) төгрөгийн зээл олгохоор харилцан тохиролцсоны дагуу нийт 381,712,421 (гурван зуун наян нэгэн сая долоон зуун арван хоёр мянга дөрвөн зуун хорин нэг) төгрөгийн зээлийг олгосон. Түүнчлэн тус модон хавтангийн үйлдвэрлэлийн сэндвичэн барилгыг барихад зориулж нэхэмжлэгч компаниас нийт 755,689.9 юанийн үнийн дүн бүхий барилгын бараа, материал худалдан авч, Ногоон нарс ХХК-д хөрөнгө оруулсан.

Ийнхүү Модон хавтангийн үйлдвэр байгуулж, хамтран ажиллах гэрээний дагуу үйлдвэр баригдаж, үйл ажиллагаа явуулж эхэлмэгц хариуцагч Ногоон нарс ХХК-иас гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж манай ажилтнуудыг үйлдвэрт нэвтрүүлэлгүй, хамтран ажиллахаас үндэслэлгүйгээр татгалзсан бөгөөд талууд 2017 оны 12 сарын 13-ны өдөр №06 дугаар бүхий Хөрөнгө оруулалтын нийт дүнг тооцоо нийлж бодох гэрээ-г байгуулж хариуцагч нь нэхэмжлэгч Хайнань Жун Хэй ХХК-д түүний оруулсан хөрөнгө оруулалтыг буцаан төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн болно. Гэвч хариуцагч нь өнөөдрийг хүртэл уг төлбөрийг төлөлгүй нэхэмжлэгч Хайнань Жун Хэй ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна.

Иймд 2017 оны 12 сарын 13-ны өдөр байгуулагдсан №06 дугаар бүхий "Хөрөнгө оруулалтын нийт дүнг тооцоо нийлж бодох гэрээ-ний дагуу нийт 3,872,355 юань буюу 1,004.939.186 /Нэг тэрбум дөрвөн сая есөн зуун гучин есөн мянга нэг зуун наян зургаа/ төгрөгийг хариуцагч Ногоон нарс ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Хайнань Жун Хэй ХХК- д олгож өгнө үү.

Түүнчлэн нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Гэн Шо Чин / Geng Xiao Qing / болон хариуцагч Ногоон нарс ХХК нарын хооронд 2016 оны 07 сарын 21-ний өдөр Зээлийн гэрээний дагуу олгосон 381,712,421 төгрөгийн зээлийг хариуцагч нь тогтоосон хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож, 2017 оны 12 сарын 13-ны өдөр №06 дугаар бүхий Үүрэг дуусгавар болгох тухай гэрээг байгуулсан ч зээлийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөлгүй, нэхэмжлэгч Гэн Шо Чин /Geng Xiao Qing/ -ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна.

Иймд 2017 оны 12 сарын 13-ны өдөр байгуулагдсан №06 дугаар бүхий Үүрэг дуусгавар болгох тухай гэрээний дагуу зээлийн төлбөрт нийт 381,712,421(гурван зуун наян нэгэн сая долоон зуун арван хоёр мянга дөрвөн зуун хорин нэг) төгрөгийг хариуцагч Ногоон нарс ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Гэн Шо Чин / Geng Xiao Qing /-д олгож өгнө үү!... гэжээ. ./хх-ийн 4 дүгээр хавтас 94-96 тал/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тамир түүний өмгөөлөгч О.Майцэцэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... 2017 оны 12 сарын 13-ны өдөр №06 дугаар бүхий Хөрөнгө оруулалтын нийт дүнг тооцоо нийлж бодох гэрээ-г байгуулж хариуцагч нь нэхэмжлэгч Хайнань Жун Хэй ХХК-д түүний оруулсан хөрөнгө оруулалтыг буцаан төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн болно. Гэвч хариуцагч нь өнөөдрийг хүртэл уг төлбөрийг төлөлгүй нэхэмжлэгч Хайнань Жун Хэй ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна.

Иймээс 2017 оны 12 сарын 13-ны өдөр байгуулагдсан №06 дугаар бүхий "Хөрөнгө оруулалтын нийт дүнг тооцоо нийлж бодох гэрээ-ний дагуу нийт 3,872,355 юань буюу 1,004.939.186 /Нэг тэрбум дөрвөн сая есөн зуун гучин есөн мянга нэг зуун наян зургаа/ төгрөгийг хариуцагч Ногоон нарс ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Хайнань Жун Хэй ХХК- д олгож өгнө үү.

Мөн 2017 оны 12 сарын 13-ны өдөр байгуулагдсан №05 дугаар бүхий Үүрэг дуусгавар болгох тухай гэрээний дагуу зээлийн төлбөрт нийт 381,712,421(гурван зуун наян нэгэн сая долоон зуун арван хоёр мянга дөрвөн зуун хорин нэг) төгрөгийг хариуцагч Ногоон нарсХХК- иас гаргуулж, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Гэн Шо Чин / Geng Xiao Qing /-д олгож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.004.939.186 төгрөгийг нэхэмжилж байгаа үндэслэл нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хөрөнгө оруулалтын тооцоо нийлж бодогдохоор гэрээ хийсэн. Энэ гэрээ яагаад байгуулагдах болсон бэ гэхээр 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан мод боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулж хамтран ажиллах тухай гэрээ байгаа.

Хайнан Жун Хэй компани болон Ногоон нарс компани хамтран ажиллахаар анх 2016 оны 06 дугаар сард тохиролцоод гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Хайнан Жун Хэй компани Ногоон нарс компанийн эзэмшилд байгаа газар дээр мод боловсруулах үйлдвэр барихад шаардлагатай хөрөнгө оруулалт оруулах, тоног төхөөрөмж авах зэргийг өөрөө санхүүжүүлэн гаргах гэсэн байдлаар тохиролцоо хийгээд Ногоон нарс компани газар болон тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг оруулна тэгээд талууд үйл ажиллагаа явуулаад оруулсан хөрөнгө оруулалтаа буцааж аваад, ашгаа харин хуваарилна гэж тохиролцоод 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулдаг. Энэхүү гэрээг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шинэчлэн шинэ гэрээ байгуулсан байдаг.

Уг гэрээнийхээ дагуу бол талуудад ямар хэмжээний хөрөнгө оруулалт оруулах вэ гэдгийн гэрээний 2.1.1 дэх хэсэгт тусгасан байгаа.

Гэрээний 2.1.1 дэх хэсэгт Хайнань Жун Хэй компани бол юуг оруулах вэ гэдгийг тодорхой заасан байгаа энэ нь бол мөнгөн хөрөнгө. Энэ мөнгөн хөрөнгө нь 3.116.669 юань буюу өнөөдрийн нэхэмжлээд байгаа мөнгө юм. Энэ хөрөнгө оруулалтыг оруулсан гэх нотлох баримтыг гаргаж өгсөн байгаа.

Зээлийн гэрээний хувьд талууд 381.712.421 зээл олгосон нөгөө тал нь зээл авсан гэдэг дээр хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Мөн үнийн дүн дээр талууд ямар нэгэн маргаан байхгүй байна.

Энэ гэрээ байгуулсан өдөр зээлээс төлөгдөөгүй байсан үнийн дүн нь 381.712.421 төгрөг байна. Энэ мөнгөн дүнг хуваарийн дагуу төлнө гэдэг дээр талууд зөвшөөрөөд гарын үсэг зурсан байдаг. Хариуцагч тайлбартаа үүрэг дуусгавар болох гэрээнээс өмнө 80 гаруй сая төгрөг төлсөн ахиад 25.000.000 төгрөг өгсөн нийлээд 110.000.000 төгрөг төлсөн учраас энэ 381.712.421 төгрөгөөс хасагдана гэж буруу ойлгоод байна. Хэрвээ энэ төлсөн гэх мөнгийг хасаад гэрээ байгуулсан бол 381.712.421 биш 271.712.421 төгрөг гэж бичих байсан.

Талуудын хооронд хамтран ажиллах гэрээ Иргэний хуулийн 476.1-д заасны дагуу байгуулагдсан гэдэгтэй талууд санал нэг байдаг. Ногоон нарс ХХК-ийн захирал Л.Адилбиш гэдэг хүний охин нь одоо гэрчээр асуугдах гээд байгаа хүнтэй найз гэсэн. Тэгээд манай аав үйлдвэр барих гэж байгаа танайх энэ дээр хамтран ажиллах боломжтой юу хөрөнгө оруулаач гэдэг саналыг тавьсан. Тэгээд харилцан тохиролцоод ярилцаад хамтран ажиллах гэрээ байгуулаад үйлдвэрээ барьсан байдаг. Тэд ашгаа 51/49 харьцаагаар тохирсон байдаг. Ингээд үйлдвэр ашиглалтанд ороод үйл ажиллагаа хэвийн явагдаад нөгөө ашгаа хуваах болсон үед Монгол тал нь хятад талыг үндэслэлгүйгээр хөөсөн байдаг. Энэ үйлдвэр барьсан газар нь талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна гээд Иргэний хуулийн 477.3-т заасан. Энэ хамтран ажиллах гэрээний үндсэн дээр талуудын хооронд манай үйлчлүүлэгчээс оруулсан хөрөнгийн үндсэн дээр энэ газар дээр үйлдвэр баригдаад дундаа өмчлөх хөрөнгө бий болсон. Хамтран ажиллах гэрээ маань Монгол талаас болоод цаашдаа хэвийн үргэлжлэх боломжгүй болсон учраас бид та нараас оруулсан хөрөнгөө зээлүүлсэн мөнгөтэйгөө авъя гэтэл хэн нь хэдэн төгрөг оруулсан бэ гэдгийг нягтлан бодогч нараа байлцуулж байгаад үнийн дүнгээ гаргая гэсэн байгаа.

Гэрээний 5 дугаар зүйл дээр Б тал нь оруулсан хөрөнгө оруулалтын үнийн дүнг төлж барагдуултал үйлдвэрийн барилга тоног төхөөрөмжийг зарж борлуулж болохгүй гэсэн баталгаа гаргасан байдаг. Хайнань Жун Хэй компанийн оруулсан хөрөнгө оруулалтыг шинжээч томилоод 950.000.000 гэж үнэлэн тогтоосон байдаг.

Манай зүгээс бол нэхэмжилж байгаа мөнгөн дүнтэй холбоотой нотлох баримтыг өөрсдийн бололцоогоороо гаргаж өгсөн. Тэгэхээр бидний зүгээс энэ нэхэмжлэлийн шаардлага маань бүрэн хангагдана гэж үзэж байгаа 1.004.939.186 төгрөгийг нэхэмжилж байгаа үндэслэл нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хөрөнгө оруулалтын тооцоо нийлж бодогдохоор гэрээ хийсэн. Энэ гэрээ яагаад байгуулагдах болсон бэ гэхээр 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан мод боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулж хамтран ажиллах тухай гэрээ байгаа. Хайнань Жун Хэй компани болон Ногоон нарс компани хамтран ажиллахаар анх 2016 оны 06 дугаар сард тохиролцоод гэрээ байгуулсан.

Уг гэрээний дагуу Хайнань Жун Хэй компани Ногоон нарс компанийн эзэмшилд байгаа газар дээр мод боловсруулах үйлдвэр барихад шаардлагатай хөрөнгө оруулалт оруулах, тоног төхөөрөмж авах зэргийг өөрөө санхүүжүүлнэ гэсэн байдлаар тохиролцоо хийгээд Ногоон нарс компани газар болон тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг оруулна тэгээд талууд үйл ажиллагаа явуулаад оруулсан хөрөнгө оруулалтаа буцааж аваад, ашгаа харин хуваарилна гэж тохиролцоод 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулдаг. Уг гэрээг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шинэчлэн шинэ гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээнийхээ дагуу бол талуудад ямар хэмжээний хөрөнгө оруулалт оруулах вэ гэдгийг нь гэрээний 2.1.1 дэх хэсэгт тусгасан байгаа.

Гэрээний 2.1.1 дэх хэсэгт Хайнань Жун Хэй компани юу оруулах вэ гэдгийг нь тодорхой заасан байгаа энэ нь бол мөнгөн хөрөнгө. Энэ мөнгөн хөрөнгө нь 3.116.669 юань буюу өнөөдрийн нэхэмжлээд байгаа мөнгө юм.

Ингээд талуудын хооронд гэрээ байгуулахдаа энэ гэрээний дагуу тухайн Ногоон нарс компанийн эзэмшлийн газар дээр үйлдвэрлэлийн барилга байгуулагдаад тоног төхөөрөмж оруулж ирээд одоо үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Энэ ажиллагааг аль аль тал нь зөвшөөрч байгаа. Шинжээч хүртэл томилоод шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Энэ хөрөнгө оруулалтын тооцоо нийлж бодох гэрээ нь гэрээнийхээ 1 дүгээр зүйл зорилго дээрээ заасан байгаа. Талуудын хооронд өмнө байгуулагдсан 2016 оны 12 дугаар сарны 20-ны өдөр байгуулагдсан модон хавтангийн үйлдвэр байгуулж хамтран ажиллах гэрээ гэдэг өмнөх зорилгоор энэхүү гэрээг байгуулсан. Тэгэхээр хөрөнгө оруулалтын тооцоо нийлж бодох гэрээ, хамтран ажиллах гэрээний дагуу талуудын оруулсан хөрөнгө оруулалт буюу аль аль нь хэдэн төгрөгийн хөрөнгө оруулсан бэ гэдгийг харилцан тооцоо нийлье гэдгийг хүлээн зөвшөөрөөд, Ногоон нарс ХХК-ийн зүгээс хөрөнгө оруулалтын үнийн дүнг гэрээний 2.1 дээр заасан хоёр талын нягтлан бодогчдын тооцоо нийлж гаргасан хөрөнгө оруулалтын үнийн дүн үүрэг дуусгавар болгосон тухай гэрээ, өмнө нь бидний зээлийн гэрээтэй хобогдуулж яриад байгаа гэрээний төлбөрийг төлж барагдуулсан дараа төлбөр төлөх хуваарь гаргаж төлж барагдуулна. Хамтран ажиллах гэрээний дагуу бий болсон хөрөнгийг өөрсдөө хөрөнгийн авч үлдэж байгаа учраас талууд харилцан тооцоо нийлээд оруулсан хөрөнгө оруулалтыг бид буцаан төлнө гэдгийг Ногоон нарс ХХК зөшөөрсөн байгаа. Гэрээнд заасан хугацааны дотор тооцоо нийлээгүй. Нийлээгүй тохиолдолд яах вэ гэдэг асуудал нь гэрээний 4.1-д заасан байгаа. Өнөөдөр бид нар гэрээгээ үндэслээд өөрсдийн үйлдвэрт оруулсан хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, тухайн үйлдвэрт ажиллуулсан ажилчдын хөлс гэх мэт зүйлсийг нотлох баримт бичгүүдийг өгч нэхэмжлэлийн шаардлага тавьсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн хэмжээгээр дэмжиж байна! гэжээ

 

Хариуцагч Ногоон нарс ХХК, захирал Л.Адилбиш нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

... Ногооннарс ХХК-ийн захирал Л.Адилбиш би Хайнань Жун Хэй ХХК, БНХАУ- ын иргэн Гэн Шо Чин нарын манай компанид холбогдуулан Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Ногоон нарс ХХК-ийн захирал Л.Адилбиш би анх БНХАУ-ын иргэн Гэн Шо Чинтэй 2015 оны эхээр танилцаж байсан.Үүнээс хойш Гэн Шо Чин нь манай "Модон хавтангийн фанерын үйлдвэр" дээр удаа дараа ирж танилцаад явсан. Гэтэл 2016 онд Гэн Шо Чин нь манай компани дээр ирж Л.Адилбиш надтай уулзаж Танд би зээл өгье, та үйлдвэрээ өргөтгөж, бүтээгдэхүүнээ нэмэгдүүл, харин би танай компанийн бүтээгдэхүүн /хусан хуулга, фанерь/-ыг БНХАУ-руу борлуулах эрхийг авъя" гэж санал тавьсан. Би түүний саналыг зөвшөөрч 2016.07.20-ны өдөр дугаар 2016/001 тоот Зээлийн гэрээ" байгуулсан.

Тус зээлийн гэрээний дагуу БНХАУ-ын иргэн зээлдүүлэгч Гэн Шо Чин нь зээлдэгч Ногоон нарс ХХК-ийн доорх банкны юань, төгрөгийн харилцах дансанд:

а/. Ногоон нарс" ХХК-ийн ХААН банкны 5031912573 тоот юанийн харилцах дансанд 2016 онд 629220 юань буюу 207.357,190 төгрөг, 2017 онд 160260 юань буюу 57.855.231 төгрөгийг

б/. Ногоон нарс ХХК-ийн ХААН банкны 5675421505 тоот төгрөгийн харилцах дансанд 2016 онд 104.500.000 төгрөгийг;

в/. Бэлнээр 12.000.000 төгрөг, нийтдээ зээлдэгч иргэн Гэн Шо Чин-ээс Ногоон нарс ХХК-д нийт 381.712.421 /гурван зуун наян нэгэн сая долоон зуун арван хоёр мянга дөрвөн зуун хорин нэгэн/ төгрөгийн зээлийг өгсөн байна.

Зээлийг эргэн төлөлтийг БНХАУ-ын иргэн Geng Xiao Qing-ний ХААН банкны 5113068160 харилцах дансны хуулгатай тулган шалгахад 2017 оны 04 дүгээр 17-ны өдрөөс 2017.08.03-ны өдрийг хүртэлх хугацаанд 40.600.000 төгрөгийг харилцах дансаар төлсөн.

Мөн зээлийн гэрээний 5.1.2-т Зээлдэгчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болох барилгын хэв хашмалын модон хавтан /фанер/-ийг үндсэн зээл, зээлийн хүүд авах гэж заасны дагуу Ногоон нарс ХХК нь иргэн зээлдүүлэгч Гэн Шо Чин-д 30.181.500 төгрөгийн материалыг зээлийн эргэн төлөлтнд тооцож өгсөн байна. 2017 оны 08-р сарын 03-ны байдлаар 70.781.500 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд төлсөн нь аудитын санхүүгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа.

2.Зээлдүүлэгч иргэн Гэн Шо Чин нь 2017.09.12-ны өдөр гэнэт Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт "Ногоон нарс ХХК-ийн захирал Л.Адилбиш надад итгэл төрүүлэх замаар онц их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгуулж, улмаар тус цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн 1731001093 дугаартай хэрэг нээн хэрэг бүртгэлт явуулж 3 сар гаруй хугацаанд шалгаж, манай компанид Найдвар-Од Аудит ХХК-аар санхүүгийн аудит хийлгэж, шинжээчийн дүгнэлт гаргуулан шалгуулсан болно. Иргэн Гэн Шо Чин нь Ногоон нарс ХХКомпанийг цагдаагийн байгууллагаар 3 сар шалгуулсны эцэст өөрөө цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаж, улмаар түүний санаачилгаар талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр №05 тоот Үүрэг дуусгавар болгох тухай гэрээ, №06 тоот Хөрөнгө оруулалтын нийт дүнг тооцоо нийлж бодох гэрээ-г тус тус байгуулж, өмнө нь байгуулж байсан бүх гэрээ, тэмдэглэл, хэлцэлүүдийг хүчингүй болгосон билээ.

"Ногоон нарс ХХК нь өнөөдрийг хүртэлх хугацаанд хамгийн сүүлд буюу 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан №05 тоот Үүрэг дуусгавар болгох тухай гэрээ-г хүчин төгөлдөр мөрдөж тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан "Төлбөр төлөх хуваарь-ийн дагуу Найдвар-Од Аудит ХХК-ийн санхүүгийн аудитын Шинжээчийн дүгнэлт-ээр тогтоогдсон 381.712,421 төгрөгийг БНХАУ-ын иргэн Geng Xiao Qing-ний ХААН банкны 5113068160 тоот харилцах дансанд гэрээний төлбөрийг ямар нэгэн маргаангүйгээр шилжүүлэн төлж байгаа болно.

Талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан №05 тоот Үүрэг дуусгавар болгох тухай гэрээ байгуулахаас өмнө 80.000.000 төгрөгийг, Үүрэг дуусгавар болгох тухай гэрээ байгуулснаас хойш 2017.12.14-нд 15.000.000 төгрөг, 2017.12.16-нд 10.000.000 төгрөгийг нийт 105.000.000 гаруй төгрөгийг иргэн Гэн Шо Чингийн ХААН банкны харилцах дансанд шилжүүлсэн байна.

Гэтэл үүрэг гүйцэтгүүлэгч Гэн Шо Чин нь дараах байдлаар талуудын хооронд байгуулсан №05 тоот Үүрэг дуусгавар болгох тухай гэрээ-г ноцтой зөрчиж эхэлсэн.Үүнд:

а/. 2017.12.29-ний өдөр буюу Монгол улсыг Тунхагласны баяр өдөр БНХАУ-ын иргэн Гэн Шо Чин-аар удирдуулсан 3 машинтай, 7 иргэн гэнэт Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумын 1-р багт байрлах Ногоон нарс ХХК-ийн эзэмшлийн хашаанд хууль бусаар нэвтэрч, үйлдвэрийн барилга руу хүчээр дайран орж модон хавтангийн үйлдвэрийн хуулагч машины цахилгааны кабель утсыг сүхээр цавчиж тасдан танхайрч, улмаар үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг санаатайгаар удаан хугацаагаар тасалдуулж зогсоосон.

Түүний уг гэмт үйлдэл нь талуудын хооронд байгуулсан №05 тоот Үүрэг дуусгавар болгох тухай гэрээ-г ноцтой зөрчсөн төдийгүй МУ-ын Зөрчлийн тухай хуулийн дагуу №1831000008 дугаартай зөрчлийн хэрэг үүсгэж, Гэн Шо Чинд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 8.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн холбогдох хятад улсын иргэн Ши Хай Шаны зөрчилд МУ-ын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тус тус арга хэмжээ тооцож шийдвэрлэсэн болно. /Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Энхжаргалын хариу мэдэгдэх хуудсыг хавсаргав /

б/. 2018.02.13-ны өдөр Үүрэг дуусгавар болгох тухай №05 тоот гэрээ-ний дагуу төлбөрөө шилжүүлэхээр Гэн Шо Чин-ий 99028881 дугаарын утас руу удаа дараа залгасан боловч миний утасны дуудлагыг аваагүй.

Иймд би түүний өмгөөлөгч Баасанжавтай утсаар холбогдоход Танай компанитай байгуулсан Үүрэг дуусгавар болгох тухай №05 тоот гэрээ"-г цуцлуулахаар шүүхэд өгөх эсэхээ шийдээгүй байна гэж хэлсэн. Иймээс Гэн Шо Чин-ий хятад хэлтэй өмгөөлөгч Тамиртай түүний утсаар холбогдоход Бид шүүхэд хандахаар болсон тул Үүрэг дуусгавар болгох тухай №05 тоот гэрээ"-ний дагуу танай компанийн одоо өгөх гэж байгаа мөнгийг авахгүй" гэсэн хариулт өгсөн.

Иймээс бид 2018.02.15-ны өдөр №2018/05 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг БНХАУ-ын иргэн Гэн Шо Чин-оос гэрээг цаашид үргэлжлүүлэх эсэх тухай албан ёсны хариуг бичгээр авахаар түүнд баталгаат шуудангаар илгээсэн.

Гэтэл Гэн Шо Чин нь манай компанийн албан бичигт ямар нэгэн хариу өгөөгүй төдийгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан бөгөөд 2018.02.26-нд шүүхээс нэхэмжлэлийг нь гардаж авсан.

Ногоон нарс ХХК нь өнөөдрийг хүртэлх хугацаанд Үүрэг дуусгавар болгох тухай №05 тоот гэрээ-гээ огт зөрчөөгүй, гэрээний үүргээ биелүүлж ирсэн бөгөөд тус гэрээг нэг талын санаачилгаагаар цуцлахыг зөвшөөрөхгүй. Ногоон нарс ХХК нь цаашид Үүрэг дуусгавар болгох тухай №05 тоот гэрээ"-ний үүргээ биелүүлж төлбөрийг хугацаанд нь БНХАУ-ын иргэн Гэн Шо Чинд 100 хувь төлөх болно.

3. Ногоон нарс ХХК болон Хайнань Жун Хэй ХХК-ийн хооронд 2016.12.20-ны өдөр дугаар 16D20СN02 тоот Модон хавтангийн үйлдвэр байгуулж хамтран ажиллах гэрээ-г байгуулсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд тус гэрээ нь огт хэрэгжээгүй.

Учир нь: Модон хавтангийн үйлдвэр байгуулж хамтран ажиллах гэрээ-ний 2.1.2 дахь хэсэгт Хайнань Жун Хэй ГХОХХК нь 3.116.669 юанаар хөрөнгө оруулна гэсэн боловч одоогийн байдлаар Хайнань Жун Хэй ХХК-ийн харилцах данснаас ганц ч юань, төгрөг бэлэн болон бэлэн бусаар Ногоон нарс ХХК-ийн дансанд шилжиж орж ирээгүй бөгөөд талуудын хооронд байгуулсан Дугаар 16D20СN02 тоот гэрээний ямар ч зүйл заалт нь бодит байдал дээр хэрэгжээгүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй.

Энэ нь БНХАУ-ын иргэн Гэн Шо Чин-ий гомдлоор Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт Ногоон нарс ХХК-ийг шалгуулах явцад аудитын шинжээчээр томилогдсон Улаанбаатар хотын Найдвар-Од Аудит ХХК-ын Шинжээчийн дүгнэлтээр нотлогддог.Үүнд:

а. Талууд бэлэн мөнгөөр оруулах хөрөнгө оруулалтаа төвлөрүүлээгүй. Тухайлбал: Ногоон нарс ХХК 258.000 юанийг, Хайнань Жун Хэй ГХОХХК нь 3.116.669 юанийг тус тус шилжүүлээгүй болох нь талуудын санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэл, мөнгөн хөрөнгийн дансны гүйлгээ, банкны хуулга зэрэг баримтуудаар нотлогдож байна.

б. Гэрээний дагуу хөрөнгө оруулалтын дүнгээр Ногоон нарс ХХК, Хайнань Жун Хэй ХХК ГХОХХК-уудыг улсын бүртгэлийн гэрчилгээнд дүрмийн сангийн өөрчлөлт, нэмэлт бүртгэл хийгдээгүй, компаниудын дүрэм шинэчлэгдээгүй, санхүүгийн тайланд дүрмийн сангийн өөрчлөлтийг тусгаагүй байна... гэсэн шинжээчийн дүгнэлтээр нотлогддог.

в. Ер нь "Хайнань Жун Хэй ХХК-тай 2016.12.20-ны өдөр байгуулсан №16D20CN02 тоот 'Модон хавтангийн үйлдвэр байгуулж хамтран ажиллах гэрээ-г анх байгуулах болсон гол шалтгаан нөхцөл нь зээл олгогч БНХАУ-ын иргэн Гэн Шо Чин-ий санаа байсан.

Ногоон нарс ХХК нь "Хайнань Жун Хэй ХХК-тай ямар ч бодит гэрээ хийгээгүй, тус компаниас ганц ч төгрөгийн хөрөнгө оруулалт аваагүй болно! гэжээ./хх-ийн 1 дүгээр хавтас 124-127 тал/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пунцагдэлэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Нэхэмжлэгчийн нэхээд байгаа 381.712.421 төгрөг бол тооцоо нийлээд гэрээ байгуулсан үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ 381.712.421 төгрөгөөс 110.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн байгаа. Гэтэл нэхэмжлэгч энэ төлсөн мөнгийг тооцолгүй 381.712.421 төгрөгийг нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй. Би энэ 381.712.421 төгрөг авсан гэдэгтэй бол санал нийлж байна.Үүнээ с 110.000.000 төгрөг өгөөд байхад хасахгүй 381.712.421 төгрөг нэхээд байгааг ойлгомжгүй байна.

Мөн нэхэмжлэгч өмнө нь гаргасан нэхэжмлэлийн шаардлагаа өөрчилсөн байсан. Энэ нь өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь худлаа гэдгийг харуулж байна. 1.004.939.186 төгрөгийг ямар шалтгаанаар нэхээд байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийг нь уншаад үзэхээр талуудын хооронд байгуулсан гэрээн дээр хөрөнгө оруулалтын нийт дүнг тооцоо нийлж бодох гэрээгээр тооцоогоо нийлээд байгуулсан гэсэн байна. Манайх ийм гэрээнд гарын үзэг зураагүй хүлээн зөвшөөрсөн асуудал нэг ч байхгүй. Тэгээд ийм их хэмжээний мөнгө нэхээд байгаа учрыг нь ойлгохгүй байна. Энэ гэрээний 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, гэрээний үндсэн зорилгод зааснаар 2018 оны 03 дугаар сарын 01-ны өдөр А тал болон Б талууд өөрсдийн нягтлан бодогчоор зээлийн гэрээний тооцоог нэгтгэх зорилготой хийгдсэн гэрээ. Энэ гэрээ нь ямар нэг хөрөнгө оруулалтын гэрээ биш. Тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4,1-д гэрээний эрх үүрэгт зааснаар хоёр тал 2018 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс 10 хоногийн дотор тооцоо нийлээд хөрөнгө оруулалтын нийт дүнг гаргасан болно.

Хэрвээ заасан хугацаанд тооцоо нийлж дуусаагүй тохиолдолд талууд хуулийн байгууллагад хандах эрхтэй гэж заасан байна. Гэтэл гэрээний а тал болох хятад улсын иргэн Гэн Шо Чин тус гэрээг хэрэгжих хугацаанаас нь өмнө нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр буюу энэ гэрээг дуусахаас 15 хоногийн өмнө гэрээнээс сайн дураар татгалзаад Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар энэ гэрээ дуусгавар болсон. Энэ хийгдсэн гээд байгаа гэрээ бодитоор хэрэгжээгүй. Энэ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна! гэжээ.

 

Гэрч Zhang Yongrong / Жан Юн Рон/ шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

... Би Ногоон нарс ХХК-ны захирал Л.Адилбиш гэдэг хүний охиныг танина. Тэднийг анх холбосон хүн нь би. Гэрээ байгуулахад би орчуулагчаар орж байсан. Хайнань Жун Хэй нь шаардлагатай бүх тоног төхөөрөмжийг Хятадаас авчруулсан. Хайнань Жун Хэй ХХК нь цаг тухай бүр тоног төхөөрөмжөө оруулж гэрээний үүргээ бүрэн биелүүсэн. Барилга баригдаж дууссанаас хойш үйлдвэрийг Ногоон нарс ХХК өөрөө ажиллуулсан. Гэрээгээр бол эхлээд оруулсан хөрөнгө оруулалтаа нөхнө, дараагаар нь орлогоосоо 80/20 хувиар хуваахаар заасан байсан. Энэ үүргээ Ногоон Нарс ХХК одоо болтол биелүүлээгүй. Оруулсан хөрөнгө оруулалтыг буцааж төлсөн талаар би сайн мэдэхгүй байна. Үйлдвэрийн барилга баригдаж дууссаны дараа манай Хятад ажилчдыг хөөсөн. Хайнань Жун Хэй компанитай хамтран ажиллаагүй бид нар ганцаараа үйлдвэрээ ажиллуулаад явна гэдэг байсан. Энэ талаар аль болох хоорондоо зөв ойлголцоод яваасай гэж миний хувьд боддог байсан. Сүүлдээ ч надтай харьцахаа больсон. Цаашдаа хамтран ажиллаж чадахгүй учраас бид шүүхэд хандсан. Үйлдвэр баригдаж дууссанаас хойш Ногоон нарс ХХК нь бүтээгдэхүүнээ бусдад зарж борлуулалтаа хийж байгаа. Миний мэдэж байгаагаар хэд хэдэн буйдангийн үйлдвэрт борлуулалт хийсэн. Мөнгөн хэлбэрээр хичнээн төгрөг оруулсан, тоног төхөөрөмжөөр хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн талаар би мэдэхгүй байна! гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад;

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хайнань Жун Хэй ГХОХХК, БНХАУ-ын иргэн Ген Шо Чин /GENG XIAOQING/ нь хариуцагч Ногоон нарс, захирал Л.Адилбиш-д холбогдуулан 1.004.939.186 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Учир нь: Зохигчдын хооронд 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 650.000.000 төгрөгийг Барилгын хэв хашмалын модон хавтангийн үйлдвэрлэлийн төслийг санхүүжүүлэх зориулалтаар сарын 1 хувь буюу жилийн 12 хувийн хүүтэй, 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн төслийн зээлийн хугацаа 2 жил, талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээрээ дуусгавар болсонд тооцохоор, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Модон хавтангийн үйлдвэр байгуулж хамтран ажиллах /шинэчилсэн гэрээ/ байгуулан Ногоон нарс ХХК нь №0209406 тоот гэрчилгээтэй, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, Партизаны гудамжид байрлах 2 га/м2 талбайтай өөрийн эзэмшлийн үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газар болон 258.000 юанийн бэлэн мөнгөөр хөрөнгө оруулж, Хайнань Жун Хэй ГХОХХК нь 3.116.669 юаниар хөрөнгө оруулах, Модон хавтангийн үйлдвэрлэлийн ашгаас Ногоон нарс ХХК нь үйлдвэрлэлийн ашгийн татварын дараах 51%-ийг авах, Хайнань Жун Хэй ГХОХХК нь үйлдвэрлэлийн ашгийн татварын дараах 49%-ийг авахаар, талууд олсон ашгаараа үйлдвэрлэлээ өргөжүүлэх шинээр бий болсон хөрөнгийн ашиг нь талуудын дундын хөрөнгө байхаар, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Үүрэг дуусгавар болгох тухай гэрээ байгуулж 381.712.421 төгрөгийг төлбөр төлөх хуваарийн дагуу төлөхөөр талууд тохиролцож, уг гэрээг байгуулснаар 2016 оны 7 дугаар сарын 21-ний байгуулсан 2016/001 тоот зээлийн гэрээ дуусгавар болж, үүрэг гүйцэтгэгч төлбөр төлөх хуваарийн дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулах, хэрэв үүрэг гүйцэтгүүлэгч Гэн Шо Чин нь энэхүү гэрээг зөрчиж, үүрэг гүйцэтгэгчийг дахин хуулийн байгууллагад өгсөн тохиолдолд төлбөр төлөхийг зогсоож, тухайн асуудал шийдвэрлэх хүртэлх хугацаагаар төлбөр төлөхийг хойшлуулах, гэрээний үйлчлэх хугацаа 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл байхаар талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, Модон хавтангийн үйлдвэр байгуулж хамтран ажиллах /шинэчилсэн гэрээ/,Үүрэг дуусгавар болгох тухай гэрээ болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Дээрх үйл баримт дээр хэн аль нь маргаагүй ба зохигчид харилцан ашиг олох зорилгоор дээрх гэрээг байгуулж, тодорхой хэмжээгээр хураамж төлж байгаа шинжээрээ тэдний дунд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 477.2-т талууд гэрээнд зааснаар тохирсон хувь хэмжээгээр хураамж төлөх бөгөөд хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болохоор заасан тул хураамжаа Хайнань Жун хэй компани нь Ногоон нарс компаний эзэмшилд байгаа газар дээр мод боловсруулах үйлдвэр барихад шаардлагатай хөрөнгө оруулалт оруулах, тоног төхөөрөмж авах зэргийг санхүүжүүлэхээр тохирсон байна.

Энэ үүднээсээ тэдгээрийн хооронд үүссэн харилцаанд Иргэний хуулийн хамтран ажиллах гэрээний зохицуулалт хамаарна гэж үзлээ.

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна гэж, мөн зүйлийн 477.2-т Хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно гэж тус тус заасны дагуу талууд хамтран ажиллах хурамжийн хэмжээг үйлдвэр барихад Ногоон нарс ХХК нь №0209406 тоот гэрчилгээтэй, Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум Партизаны гудамжинд байрлах 2 га/м2 талбайтай өөрийн эзэмшлийн үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газар болон 258.000 юанийн бэлэн мөнгөний хөрөнгө оруулахаар, Хайнань Жун Хэй ГХОХХК нь 3.116.669 юанийн хөрөнгө оруулахаар тус тус харилцан тохиролцсон нь модон хавтангийн үйлдвэр байгуулж хамтран ажиллах гэрээ /шинэчилсэн гэрээ/ болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Талууд цаашид хамтран ажиллах буюу хамтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болсон нь талуудын тайлбараар нотлогдож байх тул Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.2-т заасан талууд шийдвэрлэсэн үндэслэлээр тэдний хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон тохиолдолд Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т зааснаар биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилахаар зохицуулжээ.

Дээрх зохицуулалтаас үзвэл гэрээ дуусгавар болсон энэхүү тохиолдолд зохигчдын гэрээ дуусгавар болох хүртэл оруулсан хураамжийн хувь хэмжээ тэнцүү байх ёстой бөгөөд хэрэв нэг тал илүү хэмжээгээр хураамж оруулсан бол нөгөө талаасаа илүү оруулсан хураамжаа тэр хэмжээгээр буцаан шаардах эрхтэй хэдий боловч зохигчдын хэн аль нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт байрлах Мод боловсруулах үйлдвэрт хэдий хэмжээний хөрөнгө оруулсан талаарх баримтыг шүүхэд хэн аль нь гаргаж өгөөгүй бөгөөд нэхэмжлэгч 2017 оны 12 сарын 13-ны өдөр байгуулсан №06 дугаар бүхий Хөрөнгө оруулалтын нийт дүнг тооцоо нийлж бодох гэрээний дагуу нийт 1.004.939.186 төгрөг хариуцагчаас нэхэмжилсэн ба энэхүү шаардлагаа баримтаар нотолж чадаагүй.

Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Үүрэг дуусгавар болох гэрээний дагуу Ногоон нарс ХХК нь 381.712.421 төгрөгийг БНХАУ-ын иргэн Ген Шо Чин-д 2017 оны 12 дугаар сарын 13-наас 2018 оны 8 дугаар сарын 20-ны хооронд төлөх үүрэг хүлээсэн боловч гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 25.500.000 төгрөг төлөгдсөн болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаагүй тул үүрэг дуусгавар болох гэрээний үнийн дүн /381.712.421/-гээс Ногоон нарс ХХК-ний төлсөн 25.500.000 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй байна.

Түүнчлэн шүүхээс томилогдсон шинжээч Л.Оюунзул нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт байрлах Мод боловсруулах үйлдвэрт оруулсан хөрөнгийн хэмжээ, битүүмжилсэн хөрөнгийн үнэлгээг 950.538.350 төгрөг гэж тодорхойлсон ч энэхүү дүгнэлтэд хэн нь хичнээн төгрөгийн хөрөнгө оруулсан талаар дурдаагүй байхад хариуцагчаас 1.004.939.186 төгрөг гаргуулахаар шаардсан нь учир дутагдалтай байна. 

Иймээс талуудын дундаа өмчлөх хөрөнгө болох үйлдвэрийн барилга түүнд талуудын оруулсан хураамжийн хэмжээ баримтаар тогтоогдоогүй байхад шүүх түүнийг хуваарилах боломжгүй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан баримт болох бэлэн мөнгөний зарлагын баримтууд нь дан ганц 1 талын үйлдсэн баримт байх төдийгүй авсан хүний болон олгосон няравын гарын үсэг зурагдаагүй, баримт дээрх он зөрүүтэй төдийгүй санхүүгийн баримтад тусгагдсан зэрэг нь эргэлзээ төрүүлж байх тул шүүх тэдгээр зарлагын баримтуудыг үнэн зөв гэж үзэх боломжгүй байна.

Иймд шүүх Ногоон нарс ХХК-аас 281.000.000 төгрөг гаргуулан БНХАУ-ын иргэн Ген Шо Чин-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 723.939,186 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгч Хайнань Жун Хэй ГХОХХК-наас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7.091.208 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ногоон нарс ХХК, захирал Л.Адилбиш-ээс 281.000.000 төгрөг гаргуулж, БНХАУ-ын иргэн Ген Шо Чин-д олгож, үлдэх 723.939.186 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7.091.208 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1.562.952 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар 8.800.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж шинжээч Л.Оюунзулд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МӨНХЗУЛ