Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 56

 

 

                                      “Хайнань Жун Хэй” ГХОХХК, БНХАУ-ын

                                         иргэн Ген Шо Чин /Geng Xiao Qing/-ий

                                        нэхэмжлэлтэй  иргэний хэргийн тухай

 

 

                                                                           Хэргийн индекс: 148/2018/00087/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                            Даргалагч

                             Ерөнхий шүүгч                        Б.Батзориг

                             Шүүгчид                                  Д.Буянжаргал

                                                                            Г.Давааренчин

 

                             Оролцогчид 

                 Нэхэмжлэгч нарын

                 итгэмжлэгдсэн төлөөлөгч     Э.Тамир

                 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч    Д.Энхзул

                 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч    О.Майцэцэг

                 Хариуцагч                               Л.Адилбиш 

                 Хариуцагчийн

      итгэмжлэгдсэн төлөөлөгч     А.Пунцагдэлэг

                                      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул
нар оролцож,  Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 416 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Э.Тамирын давж заалдсан гомдлоор “Хайнань Жун Хэй” ГХОХХК, БНХАУ-ын иргэн Ген Шо Чин /Geng Xiao  Qing/ нэхэмжлэлтэй “Ногоон нарс” ХХК, захирал Л.Адилбишд холбогдох  иргэний хэргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч “Хайнань Жун Хэй” ГХОХХК болон  БНХАУ-ын иргэн Гэн Шо Чин /Geng Xiao Qing/  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тамир анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч нар нь “Ногоон нарс” ХХК-ны захирал Л.Адилбишийн үгэнд итгэн хууртаж 2016 оноос хойш олон гэрээ байгуулсан боловч түүнийгээ үл ойшоон биелүүлээгүйгээс  эрх ашиг нь хохирсон гэж  урьд байгуулсан гэрээнүүд нь  хуурч мэхэлж хийсэн гэрээнүүд гэсэн үндэслэлээр  хүчингүй болгож, компанийн болон миний өөрийн хөрөнгө болох нэг тэрбум хоёр зуун сая төгрөгийн эд хөрөнгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр  гаргуулах тухай шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 06 сарын 12-ны өдөр нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.  Тухайн нэхэмжлэлийн  шаардлагаа нэхэмжлэгч “Хайнань Жун Хэй” ХХК нь хариуцагч “Ногоон нарс” ХХК-тай 2016 оны 06 сарын 30-ны өдөр Модон хавтангийн үйлдвэрт хамтран ажиллах тухай гэрээ, 2016 оны 12 сарын 20-ны өдөр Модон хавтангийн үйлдвэр байгуулж, хамтран ажиллах гэрээг тус тус байгуулж, хариуцагчийн эзэмшлийн газарт модон хавтангийн үйлдвэр байгуулан хамтран ажиллахаар болсон байдаг. Хамтран ажиллах гэрээнд заасан үүргээ нэхэмжлэгч “Хайнань Жун Хэй” XXК нь зохих ёсоор, шударгаар биелүүлж, хариуцагч “Ногоон нарс” ХХК-ийн эзэмшлийн газарт модон хавтангийн үйлдвэрийг барих, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зориулж нийт З,116,669 юань буюу 1,090,834,150 /Нэг тэрбум ерэн сая найман зуун гучин дөрвөн мянга нэг зуун тавь) төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, үйлдвэрийг барьж, тоног төхөөрөмжүүдийг суурилуулан, мэргэжлийн долоон хүнийг БНХАУ-аас авчирч сар гаруй хугацаанд ажиллуулсан.

Мөн нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Гэн Шо Чин /Geng Xiao Qing/ нь хариуцагч “Ногоон нарс” ХХК-тай 2016 оны 07 сарын 21-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж тус компанид Барилгын хэв хашмалын модон хавтангийн үйлдвэрлэлийн төслийг санхүүжүүлэх зориулалтаар буюу ажлын зурагт заасан модон хавтангийн үйлдвэрлэлийн сэндвичэн барилгыг барих ажилд зориулж 650,000,000 (зургаан зуун тавин сая) төгрөгийн зээл олгохоор харилцан тохиролцсоны дагуу нийт 381,712,421 (гурван зуун наян нэгэн сая долоон зуун арван хоёр мянга дөрвөн зуун хорин нэг) төгрөгийн зээлийг олгосон. Түүнчлэн тус модон хавтангийн үйлдвэрлэлийн сэндвичэн барилгыг барихад зориулж нэхэмжлэгч компаниас нийт 755,689.9 юанийн үнийн дүн бүхий барилгын бараа, материал худалдан авч, “Ногоон нарс” ХХК-д хөрөнгө оруулсан.

Ийнхүү Модон хавтангийн үйлдвэр байгуулж, хамтран ажиллах гэрээний дагуу үйлдвэр баригдаж, үйл ажиллагаа явуулж эхэлмэгц хариуцагч “Ногоон нарс” ХХК-иас гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж манай ажилтнуудыг үйлдвэрт нэвтрүүлэлгүй, хамтран ажиллахаас үндэслэлгүйгээр татгалзсан бөгөөд талууд 2017 оны 12 сарын 13-ны өдөр №06 дугаар бүхий “Хөрөнгө оруулалтын нийт дүнг тооцоо нийлж бодох гэрээ”-г байгуулж хариуцагч нь нэхэмжлэгч “Хайнань Жун Хэй” ХХК-д түүний оруулсан хөрөнгө оруулалтыг буцаан төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн болно. Гэвч хариуцагч нь өнөөдрийг хүртэл уг төлбөрийг төлөлгүй нэхэмжлэгч “Хайнань Жун Хэй” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд 2017 оны 12 сарын 13-ны өдөр байгуулагдсан №06 дугаар бүхий "Хөрөнгө оруулалтын нийт дүнг тооцоо нийлж бодох гэрээ”-ний дагуу нийт 3,872,355 юань буюу 1,004.939.186 /Нэг тэрбум дөрвөн сая есөн зуун гучин есөн мянга нэг зуун наян зургаа/ төгрөгийг хариуцагч “Ногоон нарс” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч “Хайнань Жун Хэй” ХХК- д олгох,

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Гэн Шо Чин / Geng Xiao Qing / болон хариуцагч “Ногоон нарс” ХХК нарын хооронд 2016 оны 07 сарын 21-ний өдөр Зээлийн гэрээний дагуу олгосон 381,712,421 төгрөгийн зээлийг хариуцагч нь тогтоосон хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож, 2017 оны 12 сарын 13-ны өдөр №06 дугаар бүхий “Үүрэг дуусгавар болгох тухай” гэрээг байгуулсан ч зээлийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөлгүй, нэхэмжлэгч Гэн Шо Чин /Geng Xiao Qing/ -ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд 2017 оны 12 сарын 13-ны өдөр байгуулагдсан №06 дугаар бүхий “Үүрэг дуусгавар болгох тухай” гэрээний дагуу зээлийн төлбөрт нийт 381,712,421 (гурван зуун наян нэгэн сая долоон зуун арван хоёр мянга дөрвөн зуун хорин нэг) төгрөгийг хариуцагч “Ногоон нарс” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Гэн Шо Чин /Geng Xiao Qing /-д олгож өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч “Ногоон нарс” ХХК-ний  захирал Л.Адилбиш нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ... 2016 онд Гэн Шо Чин нь манай компани дээр ирж Л.Адилбиш надтай уулзаж Танд би зээл өгье, та үйлдвэрээ өргөтгөж, бүтээгдэхүүнээ нэмэгдүүл, харин би танай компанийн бүтээгдэхүүн /хусан хуулга, фанерь/-ыг БНХАУ-руу борлуулах эрхийг авъя" гэж санал тавьсан. Би түүний саналыг зөвшөөрч 2016.07.20-ны өдөр дугаар 2016/001 тоот Зээлийн гэрээ" байгуулсан. Тус зээлийн гэрээний дагуу БНХАУ-ын иргэн зээлдүүлэгч Гэн Шо Чин нь зээлдэгч “Ногоон нарс” ХХК-ийн доорх банкны юань, төгрөгийн харилцах дансанд:

а/. “Ногоон нарс" ХХК-ийн ХААН банкны 5031912573 тоот юанийн харилцах дансанд 2016 онд 629220 юань буюу 207.357,190 төгрөг, 2017 онд 160260 юань буюу 57.855.231 төгрөгийг

б/. “Ногоон нарс” ХХК-ийн ХААН банкны 5675421505 тоот төгрөгийн харилцах дансанд 2016 онд 104.500.000 төгрөгийг;

в/. Бэлнээр 12.000.000 төгрөг, нийтдээ зээлдэгч иргэн Гэн Шо Чин-ээс “Ногоон нарс” ХХК-д нийт 381.712.421 /гурван зуун наян нэгэн сая долоон зуун арван хоёр мянга дөрвөн зуун хорин нэгэн/ төгрөгийн зээлийг өгсөн байна.

Зээлийг эргэн төлөлтийг БНХАУ-ын иргэн Geng Xiao Qing-ний ХААН банкны 5113068160 харилцах дансны хуулгатай тулган шалгахад 2017 оны 04 дүгээр 17-ны өдрөөс 2017.08.03-ны өдрийг хүртэлх хугацаанд 40.600.000 төгрөгийг харилцах дансаар төлсөн.

Мөн зээлийн гэрээний 5.1.2-т Зээлдэгчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болох барилгын хэв хашмалын модон хавтан /фанер/-ийг үндсэн зээл, зээлийн хүүд авах гэж заасны дагуу “Ногоон нарс” ХХК нь иргэн зээлдүүлэгч Гэн Шо Чин-д 30.181.500 төгрөгийн материалыг зээлийн эргэн төлөлтнд тооцож өгсөн байна. 2017 оны 08-р сарын 03-ны байдлаар 70.781.500 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд төлсөн нь аудитын санхүүгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа.

..."Ногоон нарс” ХХК нь өнөөдрийг хүртэлх хугацаанд хамгийн сүүлд буюу 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан №05 тоот Үүрэг дуусгавар болгох тухай гэрээ-г хүчин төгөлдөр мөрдөж тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан "Төлбөр төлөх хуваарь”-ийн дагуу “Найдвар-Од Аудит” ХХК-ийн санхүүгийн аудитын Шинжээчийн дүгнэлт-ээр тогтоогдсон 381.712,421 төгрөгийг БНХАУ-ын иргэн Geng Xiao Qing-ний ХААН банкны 5113068160 тоот харилцах дансанд гэрээний төлбөрийг ямар нэгэн маргаангүйгээр шилжүүлэн төлж байгаа болно.

 “Ногоон нарс” ХХК нь өнөөдрийг хүртэлх хугацаанд Үүрэг дуусгавар болгох тухай №05 тоот гэрээгээ огт зөрчөөгүй, гэрээний үүргээ биелүүлж ирсэн бөгөөд тус гэрээг нэг талын санаачилгаагаар цуцлахыг зөвшөөрөхгүй. “Ногоон нарс” ХХК нь цаашид “Үүрэг дуусгавар болгох тухай №05 тоот гэрээ"-ний үүргээ биелүүлж төлбөрийг хугацаанд нь БНХАУ-ын иргэн Гэн Шо Чинд 100 хувь төлөх болно.

3. “Ногоон нарс” ХХК болон Хайнань Жун Хэй ХХК-ийн хооронд 2016.12.20-ны өдөр дугаар 16D20СN02 тоот Модон хавтангийн үйлдвэр байгуулж хамтран ажиллах гэрээ-г байгуулсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд тус гэрээ нь огт хэрэгжээгүй.

Учир нь: Модон хавтангийн үйлдвэр байгуулж хамтран ажиллах гэрээний 2.1.2 дахь хэсэгт “Хайнань Жун Хэй” ГХОХХК нь 3.116.669 юанаар хөрөнгө оруулна гэсэн боловч одоогийн байдлаар “Хайнань Жун Хэй” ХХК-ийн харилцах данснаас ганц ч юань, төгрөг бэлэн болон бэлэн бусаар “Ногоон нарс” ХХК-ийн дансанд шилжиж орж ирээгүй бөгөөд талуудын хооронд байгуулсан Дугаар 16D20СN02 тоот гэрээний ямар ч зүйл заалт нь бодит байдал дээр хэрэгжээгүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй.

Энэ нь “Найдвар-Од” Аудит ХХК-ын Шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. “Ногоон нарс” ХХК нь "Хайнань Жун Хэй” ХХК-тай ямар ч бодит гэрээ хийгээгүй, тус компаниас ганц ч төгрөгийн хөрөнгө оруулалт аваагүй болно гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 416 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ногоон нарс” ХХК, захирал Л.Адилбишээс 281.000.000 төгрөг гаргуулж, БНХАУ-ын иргэн Ген Шо Чин-д олгож, үлдэх 723.939.186 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7.091.208 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1.562.952 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар 8.800.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж шинжээч Л.Оюунзулд олгон, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тамир давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Сэлэнгэ аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 416 дугаар шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч  бичсэн давж заалдах гомдлоо дэмжин оролцож байна гэв.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Энхзул, О.Майцэцэг нар  давж заалдах шатны  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 416 дугаар шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргасныг дэмжиж оролцож байна.

Шүүх хариуцагчийг буруу тодорхойлсон, нэхэмжлэлийн зарим хэсгийг шийдвэрлээгүй орхигдуулсан, нэхэмжлэгч нь “Ногоон нарс” ХХК-ийг хариуцагчаар тодорхойлсон байхад шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 476.1, 480.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ногоон нарс” ХХК, захирал Л.Адилбиш нараас 281.000.000 төгрөг гаргуулж...” гэж шийдвэрлэсэн нь алдаатай болсон байна.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “Хайнан Жун Хэй” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгаагүй, хоёр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нийлүүлэн тогтоох хэсгийн нэг дэх хэсэгт бичихдээ хууль хэрэглээ, тооцооллын хувьд алдаатай бичсэн байна. Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлүүд өөр өөр гэрээний харилцаанаас үүдэлтэй шаардлагууд бөгөөд нэхэмжлэгч Гэн Шо Чин нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа бол нэхэмжлэгч “Хайнан Жун Хэй” ХХК нь Хамтран ажиллах гэрээнээс үүдэлтэй шаардлага гаргасан байдаг. Гэтэл шүүх зээлийн гэрээнээс үүдэлтэй харилцаанд Хамтран ажиллах гэрээний зохицуулалт Иргэний хуульд байхад шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 476.1, 480.1 дэх хэсгийг үндэслэн шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

 Шүүх тооцооллын алдаа гаргасан шүүх нэхэмжлэгч Гэн Шо Чиний нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ тооцооллын алдаа гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 75,212,421 төгрөгийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Ногоон нарс” ХХК нь 381,712,421 төгрөгийг БНХАУ-ын иргэн Гэн Шо Чинд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 20-ны хооронд төлөх үүрэг хүлээсэн боловч гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 25,500,000 төгрөг төлөгдсөн  тул /381,712,421/-гээс төлсөн 25,500,000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй” гэж дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт нийт 281,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн байна. Энэ нь илтэд тооцооллын алдаа буюу 381,712,421 төгрөгөөс 25,500,000 төгрөгийг хасаж тооцоход 356,212,421 төгрөг болно.

Хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримтыг үнэлээгүй тухай Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдол бүхий дор дурдсан нотлох баримтуудыг огт үнэлээгүй байна. Үүнд: шүүхээс томилсон шинжээч Л.Оюунзулын дүгнэлт, “Хайнан Жун Хэй” ХХК-ийн аудитаар баталгаажиж, санхүү төрийн сангийн хэлтэст илгээн баталгаажуулсан санхүүгийн тайлангууд, “Хайнан Жун Хэй” ХХК-ийн тоног төхөөрөмж худалдан авсан тухай санхүүгийн анхан шатны баримтууд гаргаж өгсөн, харин хариуцагч “Ногоон нарс” ХХК нь “Хайнан Жун Хэй” ХХК-тай хамтарч ажиллаж байгаагүй гэдэг боловч мод боловсруулах үйлдвэрийг ямар хөрөнгөөр босгосон талаар ямар ч нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж дүгнэсэн.  Шүүх шинжээч Л.Оюунзулын дүгнэлтийг огт үнэлээгүй нь нэхэмжлэгч “Хайнан Жун Хэй” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчиж байна. Нотлох баримтыг шүүх үнэлээгүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2-т заасантай нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Гэн Шо Чингийн нэхэмжлэлийн шаардлагаас 356,212,421 төгрөгийг ханган хариуцагч “Ногоон нарс” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч “Хайнан Жун Хэй” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон дүн болох 935,638,671 төгрөгийг ханган хариуцагч “Ногоон нарс” ХХК-иас гаргуулахаар тус тус шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар 416 тоот шийдвэрийг хуульд нийцсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүх талаас нь шинжлэн судалж, хууль зүйн үндэслэл бүхий шүүхийн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь  анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Ийнхүү өөрчлөхдөө “Хайнань Жун Хэй” ХХК-тай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураараа нэхэмжлэгч еөрөө татгалзсан гэж үзэж болохоор байна. Учир нь БНХАУ-ын иргэн Ген Шо Чин нь зөвхөн “Ногоон нарс" ХХК-тай хувь иргэн хүнийхээ хувьд байгуулсан дараах гэрээг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна. Үүнд:

а. “Ногоон нарс” ХХК болон иргэн Ген Шо Чин нарын хооронд 2017.12.13-ны өдөр байгуулагдсан №06 тоот бүхий “Хөрөнгө оруулалтын нийт дүнг тооцоо нийлж бодох гэрээ”-ний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн байна. Талуудын хооронд 2017.12.13-ны өдөр байгуулагдсан №06 дугаар бүхий “Хөрөнгө оруулалтын нийт дүнг тооцоо нийлж бодох гэрээ”-ний хувьд: “Гэрээний үндсэн зорилго”-д зааснаар “2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр “А” тал болон “Б” талууд өөрсдийн нягтлан бодогчоор “Зээлийн гэрээ”-ний тооцоог нийлнэ” гэсэн агуулга, зорилготой хэлцэл юм. Тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 “Гэрээний эрх, үүрэг”-д зааснаар “...Хоёр тал 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 10-н хоногийн дотор тооцоо нийлж, хөрөнгө оруулалтын үнийн дүнг гаргах болно. Хэрвээ заасан хугацаанд тооцоо нийлж дуусаагүй тохиолдолд талууд хуулийн байгууллагад хандах эрхтэй гэж...” заасан. Гэтэл гэрээний “А” тал болох БНХАУ-ын иргэн Гэн Шо Чин нь тус гэрээг хэрэгжих хугацаанаас нь өмнө 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр буюу 15 хоногийн өмнө гэрээнээсээ сайн дураараа татгалзаж Сэлэнгэ аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд '“нэхэмжлэл” гаргасан. Тиймээс тус гэрээ нь бодит амьдрал дээр огт хэрэгжээгүй байхад гэрээний “А” тал болох БНХАУ-ын Ген Шо Чин нь шүүхэд нэхэмжлэл гаргасанаар тус гэрээ хүчин төгөлдөр бус болсон.

Гэтэл нэхэмжлэгч тал нь “Давж заалдах тухай гомдол”-ынхоо 1 дэх хэсэгт “Шүүх хариуцагчийг буруу тодорхойлсон гэж бичээд байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй юм. Учир нь “Хайнань Жун Хэй” ХХК нь 2017.12.13-ны өдөр байгуулагдсан №06 тоот бүхий “Хөрөнгө оруулалтын нийт дүнг тооцоо нийлж бодох гэрээ”-ний аль нэг тал биш бөгөөд өөрөөр хэлбэл гэрээний оролцогч биш юм. Энэхүү гэрээ нь зөвхөн БНХАУ-ын иргэн Ген Шо Чин болон “Ногооннарс” ХХК-ийн хооронд байгуулагдсан бөгөөд “Хайнань Жун Хэй” ХХК-ийн нэр, тамга тэмдэг дарагдаагүй гэрээ юм.

Мөн нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо “...Гэтэл шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт “Хайнань Жун Хэй” ХХК-ийн нэхэмжпэлийн шаардлагын талаар хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгаагүй...”  гэж гомдол гаргасан нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй байна. Учир нь “Хайнань Жун Хэй" ХХК нь 2017.12.13-ны өдөр байгуулагдсан №06 тоот бүхий “Хөрөнгө оруулалтын нийт дүнг тооцоо нийлж бодох гэрээ”-ний оролцогч тал биш тул тус компанийн нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүхийн шийдвэрт тусгах шаардлагагүй юм.

БНХАУ-ын иргэн Ген Шо Чин-ийн “Ногооннарс” ХХК-ийн захирал Л.Адилбиш би анх БНХАУ-ын иргэн Гэн Шо Чинтэй 2015 оны эхээр танилцаж байсан. Үүнээс хойш Гэн Шо Чин нь манай “Модон хавтангийн фанерын үйлдвэр” дээр удаа дараа ирж танилцаад явсан. Гэтэл 2016 онд Гэн Шо Чин нь манай компани дээр ирж Л.Адилбиш надтай уулзаж “танд зээл өгье, та үйлдвэрээ өргөтгөж, бүтээгдэхүүнээ нэмэгдүүл, харин би танай компанийн бүтээгдэхүүн /хусан хуулга, фанерь/-ыг БНХАУ-руу борлуулах эрхийг авъя” гэж санал тавьсан. Би түүний саналыг зөвшөөрч 2016.07.20-ны өдөр дугаар 2016/001 тоот “Зээлийн гэрээ” байгуулсан. Тус зээлийн гэрээний дагуу БНХАУ-ын иргэн зээлдүүлэгч Гэн Шо Чин нь зээлдэгч “Ногооннарс” ХХК-ийн доорх банкны юань, төгрөгийн харилцах дансанд:

“Ногооннарс” ХХК-ийн ХААН банкны 5031912573 тоот юанийн харилцах дансанд 2016 онд 629220 юань буюу 207.357,190 төгрөг, 2017 онд 160260 юань буюу 57.855,231 төгрөгийг;

“Ногооннарс” ХХК-ийн ХААН банкны 5675421505 тоот төгрөгийн харилцах дансанд 2016 онд 104.500,000 төгрөгийг; Бэлнээр 12.000,000 төгрөг, нийтдээ зээлдэгч иргэн Гэн Шо Чин-ээс “Ногооннарс” ХХК-д нийт 381.712,421 /гурван зуун наян нэгэн сая долоон зуун арван хоёр мянга дөрвөн зуун хорин нэгэн/ төгрөгийн зээлийг өгсөн байна. “Ногооннарс” ХХК нь зээлийн эргэн төлөлтөд: Зээлдэгч “Ногооннарс” ХХК нь зээлдүүлэгч БНХАУ-ын иргэн GENG XIAO QING-ийн 5113068160 тоот харилцах дансанд 5007452455 тоот данснаас зээлийн эргэн төлөлтөөр  44.800.000 төгрөг,    5006328665 тоот данснаас 25.000.000 төгрөг,  өөрийн компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болох 57м/куб хусан хуулганы мөнгө 30,181,500.00 нийт 99,981,500 төгрөг төлсөн тул төлбөрийн тооцоотой байна.

“Ногооннарс” ХХК, БНХАУ-ын иргэн Гэн Шо Чин нар нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр харилцан тохиролцож байгуулсан №05 тоот “Үүрэг дуусгавар болгох тухай гэрээ”-г байгуулснаар МУ-ын Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дах хэсэгт зааснаар “талууд өмнөх үүргийг солихоос тохиролцсон...”, мөн тус хуулийн 236 дугаар зүйлийн 236.2 дах хэсэгт зааснаар “...Энэ хуулийн 236.1.3-заасан тохиолдолд өмнөх үүргийн харилцаа дуусгавар болно” гэсэн хуульчилсаны дагуу талуудын хооронд өмнө нь байгуулсан 2016.07.20-ны өдрийн №2016/001 тоот “Зээлийн гэрээ болон бусад хэлцэлүүд дуусгавар болсон болно.  Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар 416 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй боловч  давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтад хууль зүйн зохих  дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт  өөрчлөлт оруулах замаар  хэргийн хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч:   “Хайнань Жун Хэй” ГХОХХК нь Сэлэнгэ аймаг Алтанбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг “Ногоон Нарс” ХХК-нд холбогдуулан Хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн нийт 3,872,355 юань буюу 1,004.939.186 /Нэг тэрбум дөрвөн сая есөн зуун гучин есөн мянга нэг зуун наян зургаа/ төгрөг гаргуулах,  БНХАУ-ын иргэн  Гэн Шо Чин /GENG XIAO QING/ нь  “Ногоон нарс” ХХК-нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг  381,712,421 (гурван зуун наян нэгэн сая долоон зуун арван хоёр мянга дөрвөн зуун хорин нэг) төгрөгийг  гаргуулах  тухай нэхэмжлэлийг тус тус гаргасныг хариуцагч “Ногоон нарс” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргасан  байна.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлоо анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримтыг үнэлээгүй Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2-т заасан “хэргийн оролцогчийн  гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэснийг зөрчсөн гэж тайлбарлажээ.

 

Хэргийг судлан үзвэл: “Хайнань Жун Хэй” ГХОХХК, “Ногоон нарс” ХХК-ны хооронд 2016 оны 06 сард хамтран ажиллах гэрээ, БНХАУ-ын иргэн  Гэн Шо Чин /Geng Xiao Qing/,  “Ногоон Нарс” ХХК нарын хооронд 2016 оны 07 сарын 21-ний өдөр  зээлийн гэрээ тус тус байгуулагдсан бөгөөд  нэхэмжлэгч “Хайнань Жун Хэй” ГХОХХК  хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээ дуусгавар болгож оруулсан хөрөнгөө буцаан гаргуулах,  БНХАУ-ын иргэн  Гэн Шо Чин нь “Ногоон нарс” ХХК-аас зээлийн гэрээний үүргийг  гаргулахаар тус тус  нэхэмжлэл гаргажээ.  

 

Хайнань Жун Хэй ХХК-ны  нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч  “Хайнань Жун Хэй” ГХОХХК  хариуцагч “Ногоон нарс” ХХК-ын хооронд   2016 оны 06 сарын 30-ны өдөр  Модон хавтангийн үйлдвэр хамтран байгуулах, 2016 оны 12 сарын 20-ны өдөр 16D20CN02 дугаар бүхий  “Модон хавтангийн үйлдвэр байгуулж хамтран ажиллах тухай /шинэчилсэн/ гэрээнүүдийг байгуулснаар талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасан хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.  

Тус гэрээгээр Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт Модон хавтангийн үйлдвэр байгуулах, “Хайнань Жун Хэй” ГХОХХК нь  үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж худалдан авах мөнгөн хөрөнгийг, “Ногоон нарс” ХХК нь үйлдвэрлэл эрхлэх газар болон тодорхой мөнгөн хөрөнгийг тус тус оруулахаар тохиролцож хамтран ажилласны үр дүнд үйлдвэр баригдаж, 2017 оны 03 сараас эхлэн  бүтээгдэхүүн үйлдвэрлэж  улмаар бүтээгдэхүүнээ  борлуулж эхэлсэн  болох нь хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан гэрээнүүд болон зохигчдоос ирүүлсэн санхүүгийн баримт, хөрөнгийн үнэлгээ тогтоосон тайлан болон  “Цагаан хулан” ХХК, “Шинэлэг сууц” ХХК, “Бэйст буйдан” ХХКомпаний цагдаагийн газарт  ирүүлсэн албан бичиг, бүтээгдэхүүн худалдсан тухай “Ногоон нарс” ХХК-ны зарлагын баримт, барааны үнэ шилжүүлсэн тухай төлбөрийн баримт /хх-2-ийн 61-66 ху/ зэргээр тогтоогдож байна. 

Талуудын хооронд хамтран ажиллах гэрээний үүргээ зөрчсөн, оруулсан хөрөнгийн талаар болон үйлдвэр нь хэний өмчлөлийн хөрөнгө болох талаар маргаж улмаар “Хайнань Жун Хэй” ГХОХХК нь “Ногоон нарс” ХХК-нд холбогдуулан оруулсан хөрнгөө буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна. 

Хариуцагч “Ногоон нарс” ХХК нь  нэхэмжлэлийн шаардлагын татгалзалаа хамтран ажиллах гэрээг байгуулж “Хайнань Жун Хэй” ГХОХХК нь 3.116.669 юанаар хөрөнгө оруулна гэсэн боловч одоогийн байдлаар  ганц ч юань, бэлэн болон бэлэн бусаар “Ногоон нарс” ХХК-ийн дансанд шилжиж орж ирээгүй гэрээ бодит байдал дээр хэрэгжээгүй, талуудын хооронд байгуулсан  2016 оны 12 сарын 20-ны өдөр 16D20CN02 дугаар бүхий “Модон хавтангийн үйлдвэр байгуулж хамтран ажиллах тухай /шинэчилсэн/ гэрээний үйлчлэл нь 2017 оны 12 сарын 13-ны өдрийн  Хөрөнгө оруулалтын нийт дүнг тооцоо нийлж бодох гэрээ  байгуулснаар  дуусгавар болсон тул хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т зааснаар Хамтран ажиллах гэрээний дагуу  нэхэмжлэгч Хайнань Жун Хэй” ГХОХХК нь үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж худалдан авах  мөнгөн хөрөнгийг гэрээний А тал буюу “Ногоон нарс” ХХК-нд  шилжүүлсэн болох нь  хэрэгт авагдсан  дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хайнань Жун Хэй” ГХОХХК, “Ногоон нарс” ХХК-ын хооронд   2016 оны 06 сарын 30-ны өдөр  “Модон хавтангийн үйлдвэрт хамтран ажиллах тухай”   гэрээ, /хх 1-ийн 9/  гэрээ байгуулж, гэрээнийхээ зорилгоо “Ногоон нарс” ХХК-ны үйлдвэрлэлийн бааз суурийг ашиглан хөрөнгө оруулалт хийж, дэвшилтэд техник  технологийг оруулж ирж,  орчин үеийн хавтангийн үйлдвэр байгуулж, мэргэжлийн багийг томилон ажиллуулна гэж  тодорхойлж,  гэрээнийхээ 5 дахь хэсэгт  гэрээний Б тал болох Хайнань Жун Хэй ХХК нь санхүүжилт босгох, баг бүрдүүлэх, тоног төхөөрөмж худалдан авах ажлуудыг хийж эхэлсэн тул гэрээний А тал болох “Ногоон нарс” ХХК  нь ямар нэгэн шалтгааны улмаас гэрээг зөрчиж болохгүй. А тал гэрээг зөрчвөл үүнээс гарах  бүх зардлыг төлөх тухай тохиролцоо,

- 2016 оны 12 сарын 20-ны өдөр 16D20CN02 дугаар бүхий    “Модон хавтангийн үйлдвэр байгуулж хамтран ажиллах тухай /шинэчилсэн/ /хх-1-ийн 18 ху/  гэрээг байгуулж, гэрээний 2 дахь хэсэгт  гэрээний талуудын  оруулсан анхны хөрөнгө оруулалтын төрөл хэмжээг гэрээний 2-ийн 2.1.1-д “ А тал буюу “Ногоон нарс” ХХК нь №0209406 тоот гэрчилгээтэй, Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, Партизаны гудамжинд байрлах 2 га/м2 талбайтай өөрийн эзэмшлийн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтай газар болон 258.000 юанийн бэлэн мөнгөөр хөрөнгө оруулж байна.

Гэрээний  2-ийн 2.1.2-т “ Б тал болох Хайнань Жун Хэй ГХО ХХК нь 3.116.699  юаниар хөрөнгө оруулж байна.

Гэрээний 2-ийн 2.1.3-т  хоёр талуудын хөрөнгө оруулалт нь бэлэн мөнгөөр 3.374.600 юань байна гэж  гэрээний талууд  тус тус тодорхойлсон.  

            - Гэрээний талуудын  2017 оны 09 сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэл /хх 1-ийн 71ху/

            -Талуудын захиалгаар хийгдсэн  Хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХКомпаний  2017 оны 09 сарын 15-ны өдрийн   Хөрөнгийн үнэлгээний тайлан   /1 хх-ийн 233-р ху/

-“Найдвар Од Аудит” ХХК-ны 2017 оны 10 сарын 30-ны өдрийн 123 дугаартай шинжээчийн дүгнэлт  / 1хх-ийн 103-107-р ху/ зэрэг болно.

Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож хийсэн хэлцлийг болзол тавьж  хийсэн хэлцэл гэнэ” гэж заасан. Талуудын хооронд байгуулсан  2017 оны 12 сарын 13-ны өдөр  “Хөрөнгө оруулалтын нийт дүнг тооцоо нийлж бодох тухай” гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний зорилго нь 2018 оны 03 сарын 01-ний өдөр гэрээний талууд  өөрсдийн  нягтлан бодогчоор тооцоо нийлж, гаргасан нийт хөрөнгө оруулалтыг бодож гаргаснаар 2016 оны 12 сарын 20-ны өдөр 16D20CN02 дугаар бүхий “Модон хавтангийн үйлдвэр байгуулж хамтран ажиллах тухай /шинэчилсэн/ гэрээний үйлчлэл дуусгавар  болохоор заасан байна.

Энэхүү тооцоо нийлэх тухай  болзолт тавьж хийсэн хэлцэл нь хэрэгжээгүй өөрөөр хэлбэл талууд өнөөдрийн хүртэл хөрөнгө тооцоо нийлж хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлоогүй маргаантай  байгаа тул  Иргэний хуулийн 46 дугаар зүйлийн 46.1–т “...болзол тавьж хэлцэл хийсэн нөхцөлд уг үйл явдал дурдсан хугацаанд болоогүй бол болзол  хүчин төгөлдөр бус болно”  гэж заасан тул зохигчдын хооронд байгуулсан  2016 оны 12 сарын 20-ны  өдрийн 16D20CN02 тоот  Хамтран ажиллах  гэрээ  хүчин төгөлдөр байна.

 Иймд  хариуцагчийн “Хайнань Жун Хэй” ГХОХХК нь гэрээний дагуу нэг ч төгрөгийн хөрөнгө  оруулаагүй, талуудын хооронд байгуулсан 2016 оны 12 сарын 20-ны өдөр 16D20CN02 дугаар бүхий “Модон хавтангийн үйлдвэр байгуулж хамтран ажиллах тухай /шинэчилсэн/ гэрээний үйлчлэл дуусгавар  болсон гэсэн татгалзал үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь  татгалзалаа  нотлоогүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн шаардлагын хувьд зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасан Хамтран ажиллах гэрээ байгуусан гэрээний үр дүнд Модон хавтан үйлдвэрлэх  үйлдвэр байгуулагдаж  улмаар  үйлдвэрлэл явагдаж бүтээгдэхүүнээ тодорхой хэмжээгээр  борлуулж эхэлсэнтэй холбоотойгоор үйлдвэрийн орлого зарлагатай холбоотой тайлан ирүүлэх, бүтээгдэхүүн борлуулалтын орлогоос тодорхой хувийг шилжүүлэх болон хөрөнгө оруулалтаас төлөх гэрээний үүрэг биелүүлэх талаар  талууд маргасан бөгөөд  нэхэмжлэгч Хайнань Жун Хэй”  ГХОХХК нь  талууд маргаанаа шийдэж чадаагүй тул хамтран ажиллах гэрээнээс гарч оруулсан хөрөнгөө “Ногоон нарс” ХХК-аас гаргуулах тухай шаардлагыг  гаргасан. 

Иргэний хуулийн 479 дугаар зүйл, 480 дугаар зүйлд хамтран ажиллах гэрээнээс гарах болон гэрээ дуусгавар болох  харилцааг зохицуулсан.  Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.2-т заасан “...хүндэтгэн үзэх  шалтгаанаар  хугацаанаас өмнө  гэрээнээс гарч болно” гэж заасан.  Талууд хамтран ажиллах гэрээний үргэлжлэх хугацааг 2026 он хүртэл гэж заасан боловч  талуудын хооронд үүрэг зөрчсөнтэй холбоотой маргаан гарч талуудын хооронд үл ойлголцол бий  болсон нь  хүндэтгэн үзэх  шалтгаан болжээ. 

Энэ нь  хэрэгт авагдсан   “Хайнань Жун Хэй” ГХОХХК  нь хариуцагч “Ногоон нарс” ХХК-нд  гэрээний үүргээ биелүүлэхгүй зөрчиж байгаа  талаар  хүргүүлсэн   2017.08.01-ний өдрийн 48, 2017.08.16-ны өдрийн 50 дугаартай албан бичиг болон  2017 оны 09 сарын 07-ны өдрийн талуудын хамтарсан хурлын тэмдэглэл зэрэг  нотлох баримтаар тогтоогдож  байгаа бөгөөд  гэрээний талууд хамтран ажиллах гэрээнээс гарч байгаа талаар маргаагүй  тул Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.2-т  зааснаар талууд  хамтран ажиллах гэрээг дуусгавар болгосон гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3-т  гэрээнд өөрөөр заагаагүй бол  талуудын төлсөн  хураамж нь  дундаа өмчлөх  хөрөнгө байна.  477 дугаар зүйлийн 477.4-т  дундаа өмчлөх хөрөнгийн үр шим түүний нэгтгэсэн, нийлүүлснээр  бий болсон хөрөнгө талуудын  дундаа өмчлөх хөрөнгө байна  гэж заасан.

Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон тохиолдолд Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т зааснаар биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилахаар зохицуулжээ.

Дээрх зохицуулалтаас үзвэл гэрээ дуусгавар болсон энэхүү тохиолдолд зохигчдын гэрээ дуусгавар болох хүртэл оруулсан хураамжийн хувь хэмжээ тэнцүү байх ёстой бөгөөд хэрэв нэг тал илүү хэмжээгээр хураамж оруулсан бол нөгөө талаасаа илүү оруулсан хураамжаа тэр хэмжээгээр буцаан шаардах эрхтэй  байхаар заажээ.

Хэргийн зохигчид буюу гэрээний талууд хамтран ажиллах гэрээний дагуу  үйлдвэр байгуулахад оруулсан хөрөнгийн хэмжээ болон   үйлдвэрийн хөрөнгийг талуудын хэн аль нь өмчлөх талаар маргаж байгаа бөгөөд гэрээнд заасны дагуу тухайн маргаанаа шийдвэрлэхийн тулд  талууд өөрсдийн нягтлан бодогчоор тооцоо нийлж, гаргасан нийт хөрөнгө оруулалтыг тооцон гаргахаар  2017 оны 12 сарын 13-ны өдөр  “Хөрөнгө оруулалтын нийт дүнг тооцоо нийлж бодох тухай” /1хх-ийн 42-р ху/  06 дугаартай  гэрээг   байгуулсан  боловч энэ гэрээний дагуу ямар нэгэн тооцоо хийгдээгүй тул 2017 оны 09 сард  талууд  дахин харилцан тохирч хөндлөнгийн байгууллага болох  Хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-иар үнэлгээ  хийлгэсэн байна. Энэхүү хөрөнгийн үнэлгээний тайланг “Ногоон нарс” ХХК  нь тухайн үнэлгээ хэт нэг талыг барьсан, зах зээлийн үнээс өндөр гүйцэтгэсэн гэсэн үндэслэлээр Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт  руу гомдол гаргаснаар хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан хөрөнгөө  талууд тодорхойлж чадаагүй байна.

 Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хамтран ажиллах гэрээний дагуу  “Хайнань Жун Хэй” ГХОХХК нь хэдий хэмжээний хөрөнгө оруулсан болох нь тодорхойгүй байгаа бөгөөд талууд хөрөнгөө тогтоолгох талаар Хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХКомпани болон “Найдвар Од Аудит” ХХК-иар тус тус дүгнэлт гаргуулсан боловч тухайн дүгнэлтүүдийг талууд зөвшөөрөөгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  зохигчидоос  нэхэмжлэлийн шаардлага болон татгалзалаа нотлохын тулд  өөр өөрсдийн  компаний  санхүүгийн тайлан болон мөнгөн  шилжүүлэгийн  баримт, бараа материал худалдан авсан тухай баримт ирүүлсэн  боловч зохигчдын ирүүлсэн санхүүгийн баримтууд болон  Хөрөнгийн үнэлгээний компаниудын гаргасан дүгнэлтүүд нь өөр хоорондоо зөрүүтэй байх тул   шүүх  тухайн баримтуудыг үндэслэн  зохигчдын хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан хөрөнгийг  тооцон гаргах боломжгүй байна.

Харин  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хүсэлтээр Шүүгчийн 2019 оны 01 сарын 17-ны өдрийн 99 дугаартай  захирамжаар томилогдсон  шинжээч Д.Оюунзулын “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт байрлалтай “Ногоон нарс” ХХК-ний шүүхээс битүүмжилсэн хөрөнгийн хөрөнгө оруулагчийн оруулсан хөрөнгийн үнэ тодорхойлсон тухай  тайлан дүгнэлт” /2хх-ийн 228-р ху/ нь хуулийн дагуу хийгдсэн гэж байх тул тухайн тайланг  үндэслэн  шүүх маргааныг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Шинжээчийн дүгнэлтээр “Ногоон нарс” ХХК-ний  мод боловсруулах үйлдвэрт зарцуулсан хөрөнгийг 370.093.844 төгрөг, “Хайнань Жун Хэй” ГХОХХК-ний  мод боловсруулах үйлдвэрт зарцуулсан  хөрөнгийн зарцуулалт  нийт 935.638.671 төгрөг,  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт байрлах “Ногоон нарс” ХХК-ийн мод боловсруулах үйлдвэрийн  нийт хөрөнгө  2016 оны 06 сарын 30-ны өдрийн байдлаар 950.538.350 төгрөг гэж тогтоосон.

 Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т зааснаар шинжээчийн дүгнэлтийг үндэслэн  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт байрлах Мод боловсруулах үйлдвэрийн  нийт хөрөнгө  950.538.350 төгрөгөөс “Ногоон нарс” ХХК-ний үйлдвэрт зарцуулсан хөрөнгө 370.093.844 төгрөгийг хасаж, нэхэмжлэгч  “Хайнань Жун Хэй” ГХОХХК   нь  Хамтран ажиллах гэрээний дагуу нийт 580.444.506 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан байна гэж үзлээ.

Иймд  нэхэмжлэгч “Хайнань Жун Хэй” ГХОХХК-ний  нэхэмжлэлийн шаардлагаас заримыг буюу 580.444.506 төгрөгийг хариуцагч “Ногоон нарс” ХХК-аас  гаргуулан нэхэмжлэгчид  олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Гэн Шо Чин-ий нэхэмжлэлийн талаар:

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Гэн Шо Чин хариуцагч ”Ногоон нарс” ХХК нар 2016 оны 07 сарын 21-ний өдөр 650.000.000 /зургаан зуун тавин сая/ төгрөгийн зээлийн гэрээ байгуулж зээлийг хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр  тохиролцсон бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Талууд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаагүй байна. Харин зээлийн гэрээний төлөлтийн хэмжээний талаар маргасан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч 381.712.421 төгрөгийг төлөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлдог бол хариуцагч “Ногоон нарс” ХХК нь зээлийн төлбөрт 99.981.500 төгрөг төлж 281.730.921 төгрөг төлнө гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтаар  2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Үүрэг дуусгавар болох  тухай  гэрээг байгуулснаар 2016 оны 07 сарын 21-ний өдөр Зээлийн гэрээг  дуусгавар болгохоор талууд тохирч зээлийн  төлбөрийг  381.712.421 төгрөг гэж тогтоон  тухайн мөнгийг  тодорхой хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон байна.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч “Ногоон нарс” ХХК нь зээлдэгчид  нийт 99.981.500 төгрөг төлсөн  тухай баримтууд ирүүлсэн боловч  тухайн төлбөрийг  2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ байгуулахаас  өмнө  төлсөн байх тул хариуцагчийн тухайн төлөлтийг  нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох үндэслэлгүй   байна.

 Харин хариуцагч “Ногоон нарс” ХХК нь үүрэг дуусгавар болох тухай гэрээ байгуулснаас хойш 25.500.000 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ген Шо Чин-ий нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхэд анх нэхэмжлэгч Хайнань Жун Хэй” ГХОХХК, БНХАУ-ын иргэн  Гэн Шо Чин /GENG XIAO QING/ нар нь  “Ногоон нарс” ХХК болон  иргэн Л.Адилбиш нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж иргэн Л.Адилбишид холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 416 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

   1 дэх заалтыг:

   “1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.2, 480 дугаар зүйлийн 480.1.4, 480.3-т зааснаар хариуцагч “Ногоон нарс” ХХК-аас 580.444.506 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Хайнань Жун Хэй” ГХОХХК-д олгож, Иргэний хуулийн 281 дүгээр  зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч “Ногоон нарс” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 356.212.421 төгрөг гаргуулан БНХАУ-ын иргэн  Гэн Шо Чин /GENG XIAO QING/-нд олгож, нэхэмжлэгч Хайнань Жун Хэй ГХО ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагаас 424.494.680 төгрөгийн, БНХАУ-ын иргэн  Гэн Шо Чин /GENG XIAO QING/ нэхэмжлэлийн шаардлагаас 25.500.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

  

  2 дахь заалтыг

  “2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс  тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7.091.208 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас  4.841.235 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн  тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 5.286.704 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.   

 

  3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                          Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                              Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                   Г.ДАВААРЕНЧИН