Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 05

 

 

 

           

 

 

 

 

 

 

А л  ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 21 дүгээр шийдвэртэй, А л ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Зүүнговь сумын 01 дүгээр багт оршин суух Цагаагчууд овогт Шөвөөгийн Б-Ад холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, өмгөөлөгч П.О /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 10.180.039,50 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Ш овогтой Б нь А Л ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1 жилийн хугацаатайгаар Нордын хэлтэст Хүнд даацын авто машины жолоочийн албан тушаалд ажиллахаар Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан.

А л ХХК-ийн жолооч Ш.Б нь А Х ХХК-ийн өмчлөлийн 31-59 УНМ улсын дугаартай Норд Бенз маркийн тээврийн хэрэгслийг эзэмшиж, Уулын Баяжуулах Таяннуур үйлдвэрээс төмрийн хүдрийн баяжмал тээвэрлэх ажил гүйцэтгэдэг байсан.

Ш.Б-Ан нь 2014 оны 5 дугаар сард Дундговь аймгийн Гурван Сайхан сумын нутагт Алтайн Хүдэр ХХК-ийн 31-59 УНМ улсын дугаартай Норд Бенз маркын тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ компаний өмчлөлийн 15-18 УНО улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, Алтайн Хүдэр ХХК-ийн өмчлөлийн 31-59 УНМ улсын дугаартай Норд Бенз маркын тээврийн хэрэгсэлд нийт 6.883.273 төгрөгийн хохирол учруулсан. 2014 оны 9 сарын 12-ны өдөр Ш.Б-А нь А л ХХК-д Шөвөө овогтой Б-А миний бие Таяннуураас Их Говь руу явах замд норд бенз 47 маркын машиныг эзэмшиж явсан бөгөөд замд тээврийн осолд орж машины кабин бусад эд ангийг гэмтээсэн юм. Иймд би сарын цалингаасаа 800.000 төгрөгийг суутгуулж компанийг хохиролгүй болгох хүсэлтэй байна, нийт хохирлын хэмжээ 6.800.000 төгрөг болсон. Энэхүү хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү хэмээн компанид хохирол учруулсан болохоо хүлээн зөвшөөрч цалингаасаа сар тутам төлж, хохирлыг барагдуулж дуусгах хүсэлтэй байгаа талаар өргөдөл өгсөн. Энэхүү ажилтны гараар бичсэн өргөдлийн дагуу А л ХХК нь Ш.Б-А-тай учруулсан хохирлыг барагдуулах тухай Хариуцлагын гэрээг 2014 оны 9 сарын 12-ны өдөр байгуулсан. Уг гэрээгээр 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх хугацаанд учирсан хохирол болох нийт 6.883.273 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу цалингаасаа суутгуулах замаар төлөхөөр тохирсон. Энэхүү Хариуцлагын гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.2, 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу Ш.Б-А нь ажлаас чөлөөлөгдсөн ч гэрээний үүрэг үргэлжилж байна. Ш.Б-А нь 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 96.580 төгрөгийг А л ХХК-д төлж гэрээний үлдэгдэл 6.786.693 төгрөг байна. Талуудын хооронд байгуулагдсан Хариуцлагын гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-т зааснаар 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн гүйцэтгээгүй үүргийн нийт үнийн дүн болох 6.786.693 төгрөгөөс хоног тутамд 0.5 хувиар алданги тооцоход нийт 30.472.490.88 төгрөг болно. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэлгүй 3.393.346,50 төгрөгийн алдангийг, нийт 10.180.039,50 /арван сая нэг зуун наян мянга гучин есэн төгрөг, тавин мөнгө/ төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга: “Тухайн үед А л ХХК нь тээвэрт явуулахдаа бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй явуулсан. 31-59 УНМ улсын дугаартай Норд Бенз маркийн тээврийн хэрэгсэл нь дугуйгүй байсан, дугуй өгөөч гэхэд акталсан 24 өгсөн, түүнийг нь тавьж аваад явсан. Тэгээд замд явж байгаад осол болсон, цагдаа, даатгал дуудья гэхэд шаардлагагүй гээд дуудаагүй юм. ... Энэхүү нэхэмжлэл нь Увс аймгийн Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 310 тоот шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 112 тоот магадлалаар шийдвэрийн хэвээр үлдээсэн. Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 991 тоот тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн. Иймд А л ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү “гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 21 дүгээр шийдвэрээр: “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т заасныг баримтлан хариуцагч Ш.Б-А-гаас гэм хорын хохиролд 9.981.670 /есөн сая есөн зуун наян нэгэн мянга зургаан зуун дал/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч "А л" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч "А л" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177.840 /нэг зуун далан долоон мянга найман зуун дөч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:.” Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 21 дүгээр шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.

Үүнд: Нэхэмжлэгч "А л" ХХК нь хариуцагч Ш.Б-А-д холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан хариуцлагын гэрээний үүргийн биелэлтийг хангуулахтай холбоотойгоор иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 497 дугаар зүйлийн 497.1 498 дугаар зүйлийн 498.1, 498.5-д заасныг тус тус удирдлага болгон нийт 9,981,670.5 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт " ... хэдийгээр өөрийн эзэмшиж явсан 31-59УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тодорхой хэмжээний хохирол учруулсан хэмээн 6,800,000 төгрөгийг сар бүрийн орлогоосоо төлөхөө хүлээн зөвшөөрөн хүсэлт гаргасан боловч осол нь жолоочийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас тухайн осол болсон эсэх, түүнчилэн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал алдагдсан эсэх талаар албан ёсны эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй, холбогдогч этгээдүүдийн гэм буруутай эсэхийг тогтоогоогүй байна" гэжээ. Иргэний хуулийн тусгай ангийн 497 дугаар зүйлийн 497.1, болон 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасан гэм буруугийн асуудал нь заавал цагдаагийн байгууллага, шүүхээр эцэслэн тогтоогдсон байхыг шаардахгүй бөгөөд тухайн гэм хор учруулсан этгээд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн явдал нь бусдад гэм хор учруулсанаас хариуцлага хүлээх үндэслэл болно гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Ш.Б-А нь тээврийн хэрэгсэл хоорондын зайг мөрдөөгүй, хүнд даацын тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэхтэй холбоотой компанийн дотоод журам (ХМ-ын 1-р хавтас, хуудас 777)-ыг мөрдөж ажиллаагүй, өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас урдаа явсан тээврийн хэрэгслийг мөргөж осол гаргаснаа хүлээн зөвшөөрч, уг ослын улмаас А Х ХХК-д учруулсан хохирлыг тодорхой хуваарь гарган төлж барагдуулах хүсэлт / 1-рхавтас, хуудас 9/-ээ ирүүлсэн байдаг. Энэ ч утгаараа компани өөрийн ажилтанд холбогдуулан хэрэг үүсгэж, асуудлыг цагдаагийн байгууллагаар эцэслэн шийдвэрлүүлэхийг зорилгүй түүний хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээ байгуулах саналыг хүлээн авч хариуцлагын гэрээ байгуулсан бөгөөд цагдаагийн байгууллага түүний гэм бурууг тогтоогоогүй нь өөрийн болгоомжгүй, хариуцлагагүй үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлыг арилгах үүрэг, аливаа хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн тухайн осол гарсан газар нь аймгийн төвөөс 90 гаруй км-ын зайтай бөгөөд тухайн үед ослын газарт хамгийн ойр байсан цагдаагийн хэсэгт дуудлага өгсөний дагуу Дундговь аймгийн Гурвансайхан сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч Х.Амарзаяа хэргийн газарт үзлэг хийн, тэмдэглэл хөтлөж, ослын нөхцөл байдлыг фото зургаар баримтжуулсан байдаг. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А л ХХК нь холбогдох баримтыг шүүхийн журмаар нотлох баримтаар гаргуулах хүсэлт тавьсан боловч шүүгч хүсэлтийг хангалгүй, Хариуцагч Ш.Б-А-гийн гэм буруутай эсэх үйл баримт "Алтайн Хүдэр" ХХК-ийн нэхэмжлэлтэй Ш.Б-Ад холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцсэн сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 310 тоот шийдвэрээр нэгэнд тогтоогдсон гэж үзэж 2017 оны 05 дугаар сард 1169 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авхаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан.

Нэхэмжлэгч "А л" ХХК нь хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас тээврийн хэрэгслийн өмчлөгч болох "Алтайн Хүдэр" ХХК-ийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нөхөн төлсөн тухай баримт, техникийн хувьд бүрэн бүтэн тээврийн хэрэгсэл хүлээн авсан тухай Ш.Б-Агийн гарын үсэг бүхий техник хүлээлцсэн акт (ХМ-ын 1-р хавтас, хуудас 98) болон хэрэгт ач холбогдол бүхий бусал үйл баримтуудыг анхан шатны шүүх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой. үнэн зөв. эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй. Иймд Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 682 дугаар хүчингүй болгож. нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний болон Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцжээ.

            Нэхэмжлэгч А л ХХК-тай  Ш. Б-А  2013 оны 11 дүгээр 15-ны өдөр Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын болон  Хөдөлмөрийн гэрээ байгуулан хүлээн авсан 31-59 УНМ улсын дугаартай “Норд Бенз”маркийн авто машин жолоодож яваад зам тээврийн осол гарган  гэм хорын хохирол учруулсны 6.883.273 төгрөг түүний алдангид 3.383.346 төгрөг 50 мөнгө нийт 9.981.670 төгрөг 50 мөнгө нэхэмжилснийг хариуцагч Ш.Б-А хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

            Зохигчдын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан хариуцлагын 22/14 дугаартай гэрээ нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй /-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т ”бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх,гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө”, Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын,захиргааны,эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ”.гэх заалтуудад тус тус нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл Ш.Б-А зам тээврийн осол гаргасныг холбогдох хууль тогтоомжид зааснаар, эрх бүхий этгээдээс шинжээч томилж, Замын хөдөлгөөний дүрэмд  хориглосон буруутай үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр зөрчил гаргасан, гэм буруутай эсэхийг тогтоож дүгнэлт гаргаагүй байна. Түүнчлэн Иргэний хуульд зааснаар зөрчлийн улмаас хүлээх үүргийн талаар талууд харилцан тохиролцсон нь хуульд нийцээгүй учраас уг гэрээг биелүүлэхээс татгалзсан, нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариуцагчийн үйлдлийг хэрэгт авагдсан баримт, хуульд зааснаар үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Алтайн Хүдэр ХХК-ний ашиглалтын инженер, ахлах мастер, хуулийн мэргэжилтэн, нягтлан бодогч нар нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн дагуу авто техникийн ослын акт дүгнэлт гаргах эрх бүхий албан тушаалтнууд биш бөгөөд тэдгээрт хуулиар уг дүгнэлтийг гаргах эрх олгогдоогүй болно.

Х Э ХХК-нь А Х ХХК-ний захиалгаар 31 -59 УНМ улсын дугаартай “Норд Бенз” ачааны автомашинд учирсан хохирлын үнэлгээг тогтоосон ба энэ нь жолооч Ш.Б-А-г буруутай болохыг тогтоосон баримт биш юм. 

Хариуцагч Ш.Б-А-гийн буруутай үйлдлээс 31-59 УНМ ачааны автомашинд 9.981.670 төгрөг 50 мөнгөний гэм хор учирсныг эрх бүхий байгууллага, албан тушаалтан  тогтоогоогүй тул Хариуцлагын гэрээнд заагдсан 6.883.273 төгрөгийн хохирлыг 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Ш.Б-А хариуцан төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцон А л ХХК-д төлөх хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд  Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 21 дүгээртэй шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З-гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Нэхэмжлэгч А л ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 174.700 /нэг зуун далан дөрвөн мянга долоон зуу/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

            1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 21 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 174.700 /нэг зуун далан дөрвөн мянга долоон зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                           Д.КӨБЕШ

 

                                                                        Д.ЖАМБАЛСҮРЭН