Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2021/01289

 

 

Голомт банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/00013 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаар магадлалтай,

Голомт банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй,

Сэлэнгэ-Урал ХХК, Ж.Гэрэлт-Од, С.Энхболд, Э.Эрдэнэсувд нарт холбогдох,

Зээлийн гэрээ-ний үүрэгт 130,778,460.85 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Хаянхярваа, хариуцагч Сэлэнгэ-Урал ХХК-ийн төлөөлөгч Ж.Гэрэлт-Од, хариуцагч С.Энхболд нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Хаянхярваа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ-Урал ХХК нь 2018.04.25-ны өдөр Голомт банктай ЗГ4025104115 тоот Зээлийн гэрээ байгуулж 100,000,000 төгрөгийн Шуурхай зээлийг жилийн 30 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай авсан болно. ЗГ4025104115 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож ЗБ4025104115 тоот Ипотекийн гэрээгээр Сундуй овогтой Энхболд, Эрдэнэчимэг овогтой Эрдэнэсувд нарын өмчлөлийн Ү-2205027332 улсын бүртгэлийн дугаартай Нийслэлийн Баянгол дүүргийн 4-р хороо, Хатанбаатар Магсаржав гудамж 19 байр, 76 тоот хаягт байршилтай 89.9 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Сэлэнгэ-Урал ХХК нь гадаад худалдааны чиглэлээр бизнес эрхэлдэг бөгөөд 2018.03.27-нд Эрдэнэт үйлдвэр ХХК-тай байгуулсан түүхий резин-83 худалдах-худалдан авах 2018/10-21-96 тоот гэрээг санхүүжүүлэхэд зориулж Эргэлтийн хөрөнгийн /Шуурхай/ зээлийг авсан. Тус гэрээт ажлын төлбөрөө Эрдэнэт үйлдвэр ХХК-иас авсан боловч, тодорхойгүй шалтгааны улмаас зээл төлөгдөхгүй байна. ЗГ4025104115 тоот зээлийн гэрээний 2.4-д заасны дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж 2019.03.29, 2019.05.08-нд зээлийн хугацаа хэтэрсэн, зээлийн гэрээний хугацаа дууссан талаар анхааруулж зээлийн төлбөрийг төлөх тухай мэдэгдэл өгч, мөн утсаар байнга сануулсан боловч зээлээ төлөөгүй болно. Барьцаалуулагчид нь ЗГ4025104115 тоот зээлийн гэрээний төлбөр төлөгдөхгүй байгааг удаа дараа сануулж байсан ба 2019.05.10-ны өдөр зээлийн төлбөр төлөгдөхгүй тухай албан бичиг хүргүүлсэн.

ЗГ4025104115 тоот зээлийн гэрээний төлбөрт 130,778,460.85 төгрөгийг энэхүү нэхэмжлэлтэй холбогдуулан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 811,842.3 төгрөгийн хамтаар Сэлэнгэ-Урал ХХК, Сэлэнгэ-Урал ХХК-ийн хувьцаа эзэмшигч захирал Ж.Гэрэлт-Од, хамтран бизнес эрхлэгч С.Энхболд нараас гаргуулан Голомт банкинд олгож өгнө үү. ЗГ4025104115 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ЗБ4025104115 тоот ипотекийн гэрээнд заасан барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ-Урал ХХК-ийн төлөөлөгч, хариуцагч Ж.Гэрэлт-Од шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Сэлэнгэ-Урал ХХК-иас үндсэн зээлийн төлбөр 99,477,320.33 төгрөг, хүү гэж нэхсэн 20,084,283.77 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч үлдэх 6,084,283 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэмэгдүүлсэн хүү 5,216,856.75 төгрөгөөс 2,216,856 төгрөг, нийт 8,301,139 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй. Мөн батлан даагч нараас төлбөр гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 8,301,139 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч, хариуцагч Э.Эрдэнэсувдын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн С.Энхболд би иргэн Ж.Гэрэлт-Одод 2014.12.27-ны өдрөөс 2016.12.02-ны өдөр хүртэл увуулж цувуулаад 24,342,814 төгрөгийг зээлдүүлсэн. Мөн охин Э.Эрдэнэсувд өөрийн 5,000 ам.долларыг 2016.06.09-ний өдөр зээлдүүлсэн. Ингээд Ж.Гэрэлт-Од 2018 оны 05-р сард Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай түүхий резин нийлүүлэх гэрээ байгуулаад ирлээ, банкнаас зээл авахад үл хөдлөх эд хөрөнгө хэрэгтэй байна гэсний дагуу С.Энхболд, Э.Эрдэнэсувд бид хоёр Голомт банкнаас авах 100,000,000 төгрөгийн зээлд Улаанбаатар хот Баянгол дүүрэгт байрлах 4 хорооны Орчлон 19-р байрны 76 тоот 90 м.кв байраа барьцаанд тавьсан. Байраа барьцаанд тавихдаа наймааны ашгаас зээлдүүлсэн мөнгөнүүдээ бүрэн авах, барьцаанд тавьсан орон сууцыг зарж үрэгдүүлэхгүй байх зэрэг сайн, муу бүх зүйлийг ярьж тохирч Ж.Гэрэлт-Од байр орон сууцыг зарж үрэгдүүлэхгүй гэж амлалт өгч банкны барьцаанд тавьсан болно. Одоо энэ амлалт нь биелэгдэхгүй Голомт банкнаас авсан зээл нь төлөгдөхгүй болохоор банк арга буюу шүүхэд хандсан байна. Гэхдээ Голомт банкны бичсэн шиг Ж.Гэрэлт-Од бид хоёр банкны 100,000,000 төгрөгийг хамтарч бизнес хийж хувааж аваагүй ба 100 хувь Ж.Гэрэлт-Од энэ мөнгөө өөрөө захиран зарцуулсан. Бид хоёр тус тусынхаа компани дээрээ өөр өөрсдийн ажлаа л хийдэг. Ж.Гэрэлт-Од 100 хувь энэ банкны зээлийг төлөх ёстой. Банкны зээл нь төлөгдөхгүй шүүхэд очсон үеэс эхлэн миний амьдралын хүнд үеүүд эхэлсэн. Танил дүүдээ итгэж байраа барьцаанд тавьснаас болж гэр бүл, эхнэр хүүхдүүд, аав ээждээ гэнэт мулгуу, эргүүгээрээ дуудуулж, гэр бүлийн уур амьсгал гэнэт үгүй болж орон гэрээсээ хөөгдөөд явж байна. Энэ бүгдийг Ж.Гэрэл-Од дүүд бүгдийг хэлэхээр одоо төлнө гэсээр бүтэн нэг жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэхүү шүүхийн тайлбарт охин Э.Эрдэнэсувд, С.Энхболд бид хоёрын бодол санаа, хэлэх үг нэг болно гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/00013 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч Сэлэнгэ-Урал ХХК /захирал Ж.Гэрэлт-Од/-с зээлийн гэрээний үүргийн төлбөр 130,778,460.85 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-ийн Орхон салбарт олгож, хариуцагч С.Энхболд, Э.Эрдэнэсувд нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Хариуцагч Сэлэнгэ-Урал ХХК, Ж.Гэрэлт-Од нар нэхэмжлэгчид төлөх зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 130,778,460.85 төгрөгийг сайн дураараа эс төлбөл Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны зүйл болох Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2205027332 дугаартай Нийслэлийн Баянгол дүүргийн 4 хороо, Хатанбаатар Магсаржав гудамжны 19 байрны 76 тоот 89.9 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших эрхийг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 811,842.3 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ-Урал ХХК /захирал Ж.Гэрэлт-Од/-с 811,842.3 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-д заасныг баримтлан 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 6197 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг эрхлэн явуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид даалгаж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2020/00013 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг ...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч Сэлэнгэ-Урал ХХК /захирал Ж.Гэрэлт-Од/-с зээлийн гэрээний үүргийн төлбөр 130,778,460.85 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-ийн Орхон салбарт олгож, хариуцагч С.Энхболд, Э.Эрдэнэсувд нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож... гэснийг ...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч Сэлэнгэ-Урал ХХК-ийн захирал Ж.Гэрэлт-Одоос зээлийн гэрээний үүргийн төлбөр 128,561,604 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-ийн Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,216,856 төгрөг болон хариуцагч С.Энхболд, Э.Эрдэнэсувд нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай... гэж, шийдвэрийн 3 дахь заалтыг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 811,842.3 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ-Урал ХХК / захирал Ж.Гэрэлт-Од /-с 811,842.3 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай... гэснийг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 811,842.3 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ-Урал ХХК /захирал Ж.Гэрэлт-Од/-оос 800,758 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,420 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Хаянхярваа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.30-ны өдрийн 25 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Шүүхийн магадлалын үндэслэлээ: Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно... гэж заасны дагуу талууд зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцсон байх тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр нэмэгдүүлсэн хүүг гаргуулах нъ зүйтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн ... нэмэгдүүлсэн хүүг хасч, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү... гэх давж заалдсан гомдлыг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох торгуулийн хүү 2,216,856 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн. Дээрх үндэслэлийг гаргахдаа шүүх хууль зүйн бодит үнэлэлт, дүгнэлтийг өгч чадаагүй буюу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй гэж үзэхээр байна.

Учир нь Иргэний хуулийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан. Мөн Банк, Эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дах заалт, 24 дүгээр зүйлийн 3 болон 4 дэх заалтын дагуу банк тухайн зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдлээс хүүний хэмжээ болон нэмэгдүүлсэн хүүний хэмжээг тооцсон боловч давж заалдах шатны шүүх хүү тооцох аргачлалыг харгалзаж үзээгүй, Монгол банкнаас тогтоосон журмын дагуу бодолгүй хариуцагчийн гаргаж өгсөн буруу аргачлалаар хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэр нь уг хуулийн заалтуудад нийцсэн шийдвэр гаргасан болохыг энд дурдах нь зүйтэй.

Голомт банк, Сэлэнгэ-Урал ХХК нарын хооронд 2018.04.25-ны өдөр байгуулсан ЗГ4025104115 тоот Шуурхай зээлийн гэрээний:

- 2.2-т Зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн хугацаа дууссанаас үл хамааран сар бүр энэхүү гэрээний 2.1.1-т заасан хувийн хүүг төлнө.

- 2.5-д Зээлдэгч энэхүү гэрээний хавсралт №1-д заасан эргэн төлөх графикт хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараах өдрөөс эхлэн энэхүү гэрээний 2.1.1-т заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна 2.1.1-т заасан үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийг графикт хугацаанд нийцүүлэх хүртэл хугацаанд төлөхөөр талууд харилцан тохиролцов.

- 3.1.3-д Зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд Хавсралт №1-д дурдсан графикт хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн зээлийн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж заасан. Мөн энэ гэрээ нь 2 талын хүчин төгөлдөр гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажин нотариатаар гэрчлэгдсэн болно.

Голомт банк нь 2019.09.09-ний өдрийн байдлаар зээлийн хугацаа хэтэрсэн хоног 319 хоног байхад харилцагчаас үндсэн төлбөр 99,477,320.33 төгрөг, хүүний төлбөр 26,084,283.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,216,856.75 төгрөг, нийт 130,778,460.85 төгрөгийг зохих хууль ёсны дагуу нэхэмжилсэн.

Гэтэл давж заалдах шатны шүүх нэг талын тайлбарыг үндэслэн дүгнэсэн нь Иргэний хуулийн 453.1, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 3 болон 4 дэх заалтуудын дагуу шийдвэр гаргаагүй гэж үзэх үндэстэй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ-Урал ХХК-ийн төлөөлөгч, хариуцагч Ж.Гэрэлт-Од хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.25-ны өдрийн 142/ШШ2019/00013 дугаартай шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.1.30-ны өдрийн 25 дугаар магадлалын зарим хэсгийг Иргэний хуулийн холбогдох зүйл заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

Сэлэнгэ-УралХХК-ийн Голомт банк ХХК-иас 2018.04.25-ны өдөр авсан 100 сая төгрөгийг хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэгт нийт нэхэмжилсэн банкны шаардлагын тооцоолол бүрэн нотлогдоогүй байхад шүүх шууд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдсэн. Банкны манай компаниас зээлийн хүүд нэхсэн 26,084,284.77 төгрөгийг ямар тооцооллын аргаар яаж бодсон болохоо шүүхэд гаргаж өгөөгүй байхад таамгаар шийдвэрлэж эрхийг маань зөрчсөн. Би зээлийн хугацааны төлбөрөө /15 сая төгрөг/ бүрэн төлсөн байхад энэ төлбөр тооцоонд ч дүгнэлт хийсэнгүй. Банк зээлийн хүүгээ нарийн тооцоолоогүй бөгөөд миний тооцоогоор 26,084,284.77 төгрөг биш 20,084,283 төгрөгийн хүү шаардах учиртай байсан боловч 6 сая төгрөгийн хүүг илүү шаардаж шүүх хангаж шийдвэрлэсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэлийн шаардлагаас 6 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Энхболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.25-ны өдрийн 13 дугаартай шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.30-ны өдрийн 25 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Би Ж.Гэрэлт-Одын гуйлтаар өөрийн өмчлөлийн орон сууцыг банкны зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн. Учир нь:

1. Ж.Гэрэлт-Од нь Эрдэнэт үйлдвэрт түүхий резин нийлүүлэх гэрээ хийх гэж байгаа, түүнийгээ Хятад улсаас худалдаж авч ирэхэд мөнгө хэрэгтэй байна. Голомт банкнаас их хэмжээний зээл авах хэрэгтэй байна, туслаач, их ашигтай гэрээ юмаа, тэгээд чамаас авсан өмнөх мөнгөө ч өгнө, найдвартай гэх зэргээр гуйгаад байсан тул өмнө нь түүнд охиноосоо авч өгсөн мөнгө, өөрийн өгсөн мөнгө зэргийг авах боломж гарлаа гэж итгэсэн.

2. Ж.Гэрэлт-Од нь бас Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан гэрээг банкинд бас давхар барьцаална, үйлдвэрээс мөнгө орж ирэнгүүт манай данснаас банк зээлээ шууд авчих юм гэж ярьсан нь надад итгэл төрүүлсэн.

3. Би Голомт банкин дээр очиж барьцааны гэрээ хийхдээ тус банкны захирал Эрдэнэбатаас Эрдэнэт үйлдвэрээс гэрээний дагуу авах мөнгийг нь давхар барьцаалж байгаа эсэхийг асуухад үнэн гэж тэрээр хэлсэн тул итгэсэн. Ингээд би орон сууцаа давхар барьцаалахыг зөвшөөрсөн юм.

Ж.Гэрэлт-Од Голомт банкнаас 100 сая төгрөгийн зээл аваад Хятад улс руу түүхий резин авах гэрээ хийнэ гэж явахад нь би нүдээрээ харах гэж дагаж явсан. Үнэхээр Хятадад очоод гэрээ хийсэн нь Эрдэнэт үйлдвэрт тэр түүхий эдээ нийлүүлсэн зэрэг нь надад эцэстээ толгой хоргодох гэр орноо банкинд алдахгүй юм байна гэсэн итгэл төрсөн. Надаас авсан мөнгөнийхөө зарим хэсгийг надад өгсөн зэрэг нь бүгд намайг эцэст нь ингэж хохироох гэсэн бодол санаатай байсныг би мэдээгүй явсандаа маш их харамсаж байна. Голомт банк миний орон сууцыг барьцаалсан Ипотекийн гэрээнээс гадна Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан гэрээний мөнгийг барьцаалж тусдаа гэрээ байгуулсан мөртлөө тэр барьцаагаараа яагаад зээлээ төлүүлж аваагүй юм бол гэж би маш их гайхаж байна. Яах гэж тэр орж ирэх мөнгийг барьцаалсан юм бэ. Өгсөн мөнгөө маргаангүй төлүүлж авах л гэж тэр шдээ, бас ямар ч төвөггүй. Бас цаана нь байраа барьцаалсан иргэн ч хохирохгүй. Аль ч талаас нь бодсон Голомт банк өгсөн зээлээ эргүүлэн төлүүлэх тал дээр өөрсдөө зориуд Ж.Гэрэлт-Одтой хуйвалдсан байна гэж үзэж байна. Шүүх бас энэ талаас нь анхаарч үзэж шийдэхгүй банкны талд асуудлыг шийдсэн гэж үзэж байна. Ж.Гэрэлт-Од нь Голомт банкны дэмжлэгтэйгээр Эрдэнэт үйлдвэрт нийлүүлсэн барааныхаа мөнгөнөөс зээлээ төлөхөөс чөлөөлөгдөөд өөртөө машин авах, УБ хотод хүүхэддээ орон сууц авах зэргээр зарцуулж, харин би орон гэрээ алдахад хүрээд байна. Ж.Гэрэлт-Од нь энэ авсан зээлээ төлж миний байрыг чөлөөлүүлэх талаар огтхон ч санаа зовохгүй явна. Энэ хүн өөрийн гэсэн үл хөдлөх эд хөрөнгөгүй түрээсийн байранд нүүдэллэн амьдардаг, 9911 тэй дугаар барьж Эрдэнэт үйлдвэртэй гэрээ хийж чаддаг гэж бусдад ойлгуулж явдаг хүн юм байна. Би Голомт банкийг Ж.Гэрэлт-Одтой хуйвалдсан гэж үзэж байна. Голомт банк эрсдэлээ өөрсдөө хүлээх ёстой гэж үзэж байна. Тийм учраас банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох ёстой гэж үзэж байна. Мөн шүүх Ж.Гэрэлт-Одоос эхний ээлжинд мөнгийг нь гаргуулахаар шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна гэжээ. 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбар нь хариуцагч Сэлэнгэ-Урал ХХК, Ж.Гэрэлт-Од, С.Энхболд, Э.Эрдэнэсувд нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 130,778,460.85 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч Сэлэнгэ-Урал ХХК, Ж.Гэрэлт-Од нар нэхэмжлэлийн шаардлагаас 8,301,139 төгрөгийг зөвшөөрөхгүй, бусдыг зөвшөөрч байна гэж, хариуцагч С.Энхболд, Э.Эрдэнэсувд нар зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх Сэлэнгэ-Урал ХХК /захирал Ж.Гэрэлт-Од/-с 130,778,460.85 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-ийн Орхон салбарт олгож, хариуцагч С.Энхболд, Э.Эрдэнэсувд нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нь төлбөрийг сайн дураараа эс төлбөл барьцааны хөрөнгийг албадан худалдаж, үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад Сэлэнгэ-Урал ХХК-ийн захирал Ж.Гэрэлт-Одоос 128,561,604 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,216,856 төгрөг, хариуцагч С.Энхболд, Э.Эрдэнэсувд нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид холбогдох заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Хаянхярваа, хариуцагч Сэлэнгэ-Урал ХХК-ийн төлөөлөгч Ж.Гэрэлт-Од, хариуцагч С.Энхболд нар хяналтын журмаар гомдол гаргасан ба нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

1.   2018.04.25-ны өдрийн Шуурхай зээлийн гэрээгээр зээлдэгч Голомт банк ХХК нь Сэлэнгэ-Урал ХХК-д 100,000,000 төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө татан авах зориулалтаар олгохоор, зээлдэгч нь нь гэрээгээр тохирсон эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг төлж барагдуулах, авсан зээлээ бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэл төлбөрт гэрээний хугацаа дууссанаас үл хамааран гэрээгээр тохирсон хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож мөн өдрөө С.Энхболд, Э.Эрдэнэсувд нарын өмчлөлд бүртгэлтэй Баянгол дүүргийн 4-р хороо, Хатанбаатар Магсаржавын гудамж, 19-р байрны 76 тоот хаягт байршилтай 89.9 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууцыг барьцаалсан Ипотекийн гэрээ, Сэлэнгэ-Урал ХХК, Эрдэнэт үйлдвэр ХХК-тай байгуулсан №2018/10-21-96 тоот гэрээг барьцаалсан Барьцааны гэрээ, иргэн Ж.Гэрэлт-Од, С.Энхболд нартай тус тус Батлан даалтын гэрээг байгуулжээ.

Гэрээний дагуу зээлдэгч зээлийн хөрөнгө болох 100,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч төлбөрийг төлж барагдуулаагүй үндэслэлээр зээлдүүлэгч Голомт банк ХХК хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 99,477,320.33 төгрөг, зээлийн хүү 26,084,283.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,216,856 төгрөг, нийт 130,778,460.85 төгрөгийг Сэлэнгэ-Урал ХХК, Ж.Гэрэлт-Од, С.Энхболд нараас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Ипотекийн гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардлага гаргажээ.

2.   Голомт банк ХХК, Сэлэнгэ-Урал ХХК-ийн хооронд банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг тодорхойлсон Ипотекийн гэрээ, Барьцааны гэрээ, Батлан даалтын гэрээ нь тус тус хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., 156 дугаар зүйлийн 156.1., 156.2., 459 дүгээр зүйлийн 459.1.-д нийцжээ.

3.   Зээлдэгч гэрээний үүргийг биелүүлээгүй үндэслэлээр зээлдүүлэгчээс үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр, гэрээгээр тохирсон хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч, батлан даагчаас шаардаж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв боловч хариуцагч нарын үүргийг нэхэмжлэлийн шаардлагад нийцүүлэн тодорхойлоогүй байна.

Тухайлбал, хариуцагч С.Энхболд нь Батлан даалтын гэрээгээр нөхөх хариуцлага хүлээсэн тул зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцахгүй, нөхөх хариуцлага хүлээх үүрэг нь тодорхойгүй, тогтоогдоогүй гэж дүгнэсэн атлаа ижил үүрэг хүлээсэн батлан даагч Ж.Гэрэлт-Одоор нэхэмжлэлийн шаардлагыг хамтран хариуцуулахаар зөрүүтэй шийдвэрлэсэн, түүнчлэн хариуцагч Э.Эрдэнэсувдаас зээлийн төлбөрийг шаардаагүй байхад энэ талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэлт хийсэн атлаа түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Мөн батлан даагч нарт холбогдох нэхэмжлэлийг бус хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх байжээ.

4.   Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа дээр дурдсан алдааг залруулаагүй бөгөөд улмаар хуулийн этгээдийн хариуцах төлбөрийг хувь хүнээс гаргуулахаар, нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүг хасч тооцохдоо хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үндэслэл бүхий үнэлээгүй байх тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 116 дугаар зүйлийн 116.2., 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү шаардсан аргачлал үндэслэлээ анхан шатны шүүх хуралдаанд тодорхой тайлбарласан /хх-194/ байгааг давж заалдах шатны шүүх үнэлээгүй, хариуцагчийн нэмэгдүүлсэн хүүг багасгахыг хүссэн шаардлага Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2. дахь заалтад нийцсэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэсэн нь үндэслэлгүй байна.

Тухайлбал, үндсэн зээлийн үлдэгдэл 99,477,320.33 төгрөгийг төлөлгүй шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаа хэтрүүлсэн 319 хоног, энэ үнийн дүнд ногдох зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг гэрээнд заасан хувь, хэмжээгээр тооцоход нэхэмжлэлд заасан үнийн дүнтэй тохирч байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзлаа нотлоогүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйл, 453 дугаар зүйлийн 453.1. дэх заалтад нийцсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. 40 дүгээр зүйлийн 40.1., 40.1. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнгээс 6,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн хариуцагч Сэлэнгэ-Урал ХХК-ийн гомдол үндэслэлгүй.

Харин хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар алдааг залруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5.   Хариуцагч С.Энхболд, Э.Эрдэнэсувд нар нь Голомт банк ХХК Сэлэнгэ-Урал ХХК-ийн хооронд байгуулсан Шуурхай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож өөрсдийн өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Хатанбаатар Магсаржав гудамж 19 байрны 76 тоот 89.9 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг барьцаалж 2018.04.25-ны өдөр Ипотекийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах зорилгоор хэд хэдэн зүйлийг барьцаалсан тохиолдолд гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагч нь шаардлагаа хангах барьцааны зүйлийг сонгох эрхтэй.

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Сэлэнгэ-Урал ХХК, Эрдэнэт үйлдвэрийн хооронд байгуулсан №2018/10-21-96/ тоот гэрээг барьцаалж Барьцааны гэрээ, иргэн С.Энхболд, Э.Эрдэнэсувд нарын үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан Ипотекийн гэрээг тус тус байгуулсан боловч гэрээнд аль нэг хөрөнгөөр тэргүүн ээлжинд төлбөрийг барагдуулахаар харилцан тохиролцоогүй тул үүргийн гүйцэтгэлийг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан Ипотекийн гэрээний үүргээр хангуулахаар шаардсан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

Иймд ...Голомт банк нь Сэлэнгэ-Урал ХХК-ийн Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан түүхий эд нийлүүлэх гэрээний үнийн дүнгээс зээлээ төлүүлж авах боломжтой байтал аваагүй нь Голомт банкийг Ж.Гэрэлт-Одтой хуйвалдсан гэж үзэж байна, ...Э.Гэрэлт-одоос эхний ээлжинд мөнгийг гаргуулах ёстой... гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагч С.Энхболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

6.   Дээр дурдснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хууль хэрэглээний болон найруулгын алдааг залруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШШ2019/00013 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар хариуцагч Сэлэнгэ-Урал ХХК-иас 130,778,460.85 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Орхон салбарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д зааснаар хариуцагч Э.Гэрэлт-Од, С.Энхболд нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар хариуцагч Сэлэнгэ-Урал ХХК нь төлбөрийг сайн дураар төлөөгүй бол барьцааны хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205027332 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Хатанбаатар Магсаржав гудамжны 19 дүгээр байрны 76 тоот, 89.9 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Хаянхярваагийн гомдлыг хангаж, хариуцагч Сэлэнгэ-Урал ХХК-ийн төлөөлөгч Ж.Гэрэлт-Од, хариуцагч С.Энхболд нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Сэлэнгэ-Урал ХХК-иас 2020.02.27-ны өдөр төлсөн 110,950 төгрөгийг, хариуцагч С.Энхболдоос 2020.02.28-ны өдөр төлсөн 811,842 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Голомт банк ХХК-иас 2020.02.20-ны өдөр төлсөн 50,419 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

П.ЗОЛЗАЯА

Х.ЭРДЭНЭСУВД