Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 101/2018/05263/И |
Дугаар | 001/ХТ2021/01353 |
Огноо | 2021-11-09 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2021/01353
Эгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02692 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 429 дүгээр магадлалтай,
Эгийн нэхэмжлэлтэй,
Ут холбогдох,
“Зээлийн гэрээ”-ний үүрэгт 44,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Илүү төлсөн 303,378,660 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М, хариуцагчийн өмгөөлөгч Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Эр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Э нь Утай харилцан тохирч 2015.11.19-ний өдрөөс 2016.02.19-ний өдөр хүртэл 3 сарын хугацаатай сарын 18 хувийн хүүтэй 5,000,000 төгрөг, 2016.01.24-ний өдрөөс 2016.04.24-ний өдөр хүртэл 3 сарын хугацаатай сарын 18 хувийн хүүтэй 7,000,000 төгрөг, 2016.10.04-ний өдрөөс 2017.01.04-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай сарын 18 хувийн хүүтэй 5,000,000 төгрөг, 2016.12.30-ны өдрөөс 2017.03.30-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай сарын 18 хувийн хүүтэй 5,000,000 төгрөг, нийт 22,000,000 төгрөгийг амаар гэрээ байгуулж, 2016.08.05-ны өдрийн Зээлийн гэрээгээр 2016.07.27-ны өдрөөс 2017.07.27-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай сарын 18 хувийн хүүтэй 12,000,000 төгрөг, 2018.03.20-ны өдрийн Зээлийн гэрээгээр 2016.08.05-ны зээлийн гэрээний 12,000,000 төгрөг дээр 2018.03.09-ний өдөр 10,000,000 төгрөг нэмж, нийт 22,000,000 төгрөгийг 2018.06.09-ний өдөр хүртэл 3 сарын хугацаатай сарын 18 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Нийт 2015.11.19-ний өдрөөс эхлэн 5 удаагийн үйлдлээр 44,000,000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгчийг удаа дараа зээлээ төлөхийг мэдэгдсэн боловч зээлийн гэрээг сунгаж гэрээний хүүг төлж байсан боловч үндсэн төлбөрийг төлж барагдуулалгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх хугацаа дууссанаас хойш өнөөдрийг хүртэл үндсэн зээл 44,000,000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг үндэслэн хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 43,792,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Мө шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Э болон хариуцагч У нар нь хамаатан садангийн холбоотой бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч нар нь өмнө нь бие биедээ харилцан мөнгө өгөлцөж авалцдаг байсан. Хариуцагч У нь нэхэмжлэгч Эгаас авсан мөнгөө цаг тухай бүрд нь төлдөг байжээ. Тодруулбал, нэхэмжлэгч Э нь 2018.03.20-ны өдөр гэрээ хийх хэрэгтэй байна гээд нэхэмжлэлдээ хавсарган өгсөн зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зуруулжээ. Уг зээлийн гэрээгээр мөнгө өгөлцөж авалцаагүй нь мөнгөний гүйлгээ хийж байсан баримтуудаас харагдаж байна. Харин 2016.08.05-ны өдрийн зээлийн гэрээгээр Ут мөнгийг шилжүүлээгүй, уг гэрээнд заасан зээлийг Эгаас аваагүй болно. Мөн 2018.03.20-ны өдрийн зээлийн гэрээнд дурдагдаж буй мөнгийг Эгаас Ут шилжүүлээгүй байна. Зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэжээ. Энэ гэрээнүүдийн дагуу талуудын хооронд зээлийн гэрээний үүрэг үүсээгүй байна. Иргэн Э, У нар харилцан мөнгө төгрөг өгч, авч байсан нь баримтуудаар нотлогдож байна. Иргэн Уаас Эд хандаж харилцан тооцоо нийлэх тухай ярьж, бичиж байсан боловч Э нь өнөөдрийг хүртэл тооцоо нийлээгүй. Иргэн У болон Э нарын мөнгө авч, өгч байсан баримтуудаас үзэхэд У нь Эд маш их хэмжээний мөнгийг дансаар төлсөн байна. Иймд Эгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Мө шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: У болон Э нар нь 2014 оноос хэн хэндээ мөнгө өгөлцөж авалцдаг байжээ. У нь энэ хугацаанд Эгаас 98,000,000 төгрөгийг авсан байна. Энэ мөнгийг 100 хувь төлжээ. Харин У нь Эд анхан шатны нотлох баримтаар 403,827,580 төгрөгийг өгснөөс үзэхэд У нь Эд мөнгө төлөх биш харин авлагатай байна. Энэ байдлыг ярилцахаар У нь Эд хандан тооцоо нийлэхийг мэдэгдсэн боловч тэрээр хариу өгөөгүй байна. Талуудын хооронд мөнгө өгч, авч байсан баримтуудаас үзэхэд хэн хэндээ хүү, алданги тооцох үүрэг хүлээх хуулийн үндэс бүрдээгүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зааснаар хүү, алдангийг зөвхөн бичгээр байгуулсан гэрээг үндэслэн харилцан төлөх үүрэг үүсдэг. Гэрээг бичгээр байгуулаагүй бол талууд авсан мөнгөө харилцан буцааж төлөх үүрэг хүлээнэ. Эгаас Ут, Уаас Эд өгч, авч байсан мөнгө банкны гүйлгээний баримтуудаас үзэхэд Э нь Уаас 403,378,660 төгрөгийг авчээ. Э нь У нарын харилцан мөнгө өгч, авч байсан мөнгөний зөрүү 303,378,660 төгрөг болж байна. Э нь Ут энэ мөнгийг эргүүлэн төлөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1-т тус тус зааснаар Эгаас 303,378,660 төгрөгийг гаргуулан Ут олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Эр сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ 2014 оноос эхлэн зээлийн харилцаа үүсч зээлийн төлбөрт 403,827,580 төгрөг төлсөн гэх бөгөөд энэ нь зээлийн үүргийг бүхэлд нь төлсөн гэж маргаж, үүнийгээ нотлох баримт болгон төлбөрийн баримт хавсаргажээ. Бодит байдал дээр У нь зээлийн гэрээнд өөрийн хүслээр хүү тохирсон байдаг бөгөөд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч хүү төлөхөө өөрийн үйлдлээр, хангалттай тодорхой илэрхийлж сар бүр хүү төлсөөр ирсэн байдаг. Мөн сөрөг нэхэмжлэлдээ гэрээ бичгээр байгуулж байж хүү төлөх үүрэг үүснэ, гэрээг бичгээр байгуулаагүй тул талууд авсан мөнгөө харилцан буцааж өгөх үүрэг хүлээнэ гэж бичсэн байх бөгөөд үүгээр бичгээр байгуулаагүй гэрээнд хүү төлж байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Нэгэнт өөрийн үйлдлээр, хүү төлөх үүрэг хүлээж хүү төлсөн байгаа тул төлөгдсөн хүүг буцааж нэхэх нь үндэслэлгүй юм. Иймд хариуцагч Уын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02692 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Уаас 34,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Эд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 10,000,000 төгрөгийн шаардлага, хариуцагч Уын нэхэмжлэгч Эд холбогдуулан гаргасан 303,378,660 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2018 оны 11 сарын 19-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 378,000 төгрөгийн 377,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 50 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Уаас 327,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Эд олгож, хариуцагчаас 2018 оны 12 сарын 14-ний өдөр сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,675,843 төгрөгийн 1,674,843 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1,000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч Ут олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 429 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02692 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 186 дугаар зүйлийн 186.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Ут холбогдох 44,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, Эд холбогдох 303,378,660 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,675,843 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.19-ны өдрийн 429 дугаар магадлалыг хүчингүй болгуулж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.20-ны өдрийн 181/ШШ2019/02692 дугаар бүхий шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү хэмээн дараах гомдлыг гаргаж байна.
1. Давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт 7-р хуудсанд “хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй холбоотой гаргасан Голомт болон Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн мэдээллүүд гэх баримтаас үзвэл 2016, 2017 оны дээрх зээлийн гэрээ гэж үзэх баримтуудтай холбоотой, түүнээс хойших өр төлбөрийг 2018.10.26-ны өдрийг хүртэл төлсөн баримтууд хэрэгт авагдсан байх тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг буцаан төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна” гэсэн нь өөрөө нотлох баримтыг эргэлзээгүй үнэн зөв талаас үнэлнэ гэдэгтэй зөрөлдөж байна. Уг хэсэгт дурдагдаж буй хариуцагчийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудыг нэг бүрчлэн хянан үзвэл гүйлгээний утга тодорхойгүй, нэгэн хэвийн “орлого“ хэмээх утгатай байдаг. Мөн хавтаст хэргийн 2-р дугаар хавтасны 246 дугаар талд байх 2018.11.02-ны өдөр баримт үйлдснээс хойш нэг ч төгрөгийн төлөлт хийгдээгүй юм. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч Эгийн талаас дээрх шилжүүлгээр төлөгдсөн мөнгөн дүнд, нэхэмжилж буй зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 44,000,000 төгрөг багтаагүйг доорх баримтуудаар нотолж байсан. Үүнд:
- Нэхэмжлэгч болон хариуцагч, гэр нарын хооронд 2018.10.26-ны өдрөөс 2018.11.01-ний өдрийг хүртэл бичсэн цахим захидлууд буюу мессеж багтаж байгаа Уг мессежийг хуулийн дагуу шүүгчийн үзлэг хийлгэж хэрэгт нотлох баримтаар хавсаргасан бөгөөд уг мессежнүүдэд хариуцагч тал нь нэхэмжлэгч талд ямар нэгэн хэлбэрийн өглөгтэй гэдгээ шууд утгаар нь илэрхийлсэн байсан ба уг өглөгтэй хэмээн илэрхийлж буй мессежнүүдийн огноо нь 2018.10.26-наас хойш буюу магадлалд дурдсанчлан хариуцагчийг зээлийн төлбөрөө төлсөн гэж үзэж буй хугацаанаас хойш байгаа нь нэхэмжлэгч талд төлөх төлбөртэй гэдгийг шууд утгаар нь эргэлзээгүй харуулж байна. Мөн уг мессежнүүдэд дурдагдаад буй хариуцагч талын өглөгийг чухам яг юу вэ? гэдгийг тодруулж уг мессежийг хариуцагч талтай харилцан бичиж, биечлэн уулзаж байсан гэрчийг шүүхэд гэрчээр асуулгаж тодруулахад, хариуцагч тал нь нэхэмжлэгч талд зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 44,000,000 төгрөгийг өгөх үүрэгтэйг шууд зааж мэдүүлэг өгсөн байдаг.
- Хариуцагч тал нь уг цахим захидал болон гэрчтэй уулзсан уулзалт, мөн нэхэмжлэгч талд өглөгтэй гэдгээ илэрхийлсэн мессеж бичсэн өдөр буюу 2018.10.26-ны өдрөөс хойш нэхэмжлэгч талд ямар нэг төлбөр төлөөгүй ба, нэхэмжлэгч талын зүгээс хариуцагчаас ямар нэг төлбөр уг өдрөөс хойш аваагүй гэдгээ нотолж өөрийн Голомт болон Худалдаа хөгжлийн банкны дэлгэрэнгүй хуулгаа 2019.12.20-ны өдрийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлох баримтаар гаргаж өгсөн.
- Хариуцагч У нь нэхэмжлэгч Эд 2019.10.26-ны өдрөөс хойш зээлийн үндсэн төлбөрт 44,000,000 төгрөг өгсөн гэж буйгаа нотолж ямар нэг баримт мэдүүлэг өгөөгүй болно.
2. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт 7 болон 8-р хуудсанд “Харин хэргийн 2-р дугаар хавтасны 246 дугаар талд “2018.11.02-ны өдөр үйлдэгдсэн баримт авагдсан байх бөгөөд уг баримтад 04-ний өдөр 5,000,000 төгрөг, 19-ны өдөр 5,000,000 төгрөг, 24-ний өдөр 7,000,000 төгрөг, 27-ны өдөр 12,000,000 төгрөг, 30-ны өдөр 5,000,000 төгрөгүүдийг 18 хувийн хүүтэй авч байсан хүү болон алдангид төлбөрүүдийг төлж байсан. Энэ асуудлыг шүүхээр шийдүүлнэ” гэх агуулга бүхий баримт авагдсан байна. Уг баримтын агуулгаас үзвэл зээлийн гэрээний үүргийг хүлээн зөвшөөрсөн хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэх боломжгүй” гэсэн нь мөн нотлох баримтыг үнэн зөв талаас нь эргэлзээгүй дүгнэнз гэдэгтэй зөрчилдөж байна. Уг хэсэгт дурдагдаж буй баримт нь хариуцагч У нэхэмжлэгч болон гэрчийн этгээдтэй хэрэгт нотлох баримтаар авагдсан мессежнүүдийг бичиж тохиролцсоны дагуу тус иргэдтэй 2018.11.02-ны өдөр ажил дээрээ биечлэн уулзаж зээлийн гэрээний үндсэн төлбөрт төлөх ёстой, төлөгдөөгүй байгаа үндсэн төлбөрүүдээ шууд зааж бичсэн баримт бөгөөд уг баримтад үндсэн төлбөрийг төлж байсан гэх утга бүхий үг өгүүлбэр огт байхгүй бөгөөд зөвхөн хүү алдангийг төлж байснаа дурдаж байгаа юм. Шүүх хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч Эгийн талаас уг баримт нь яагаад хариуцагч талаас нэхэмжлэгч талд зээлийн гэрээний үүрэгт 44,000,000 төгрөг төлөх хүсэл зоригийн илэрхийлсэн болсон баримт мөн гэж үзэж байгааг доорх баримтуудаар нэхэмжлэгч талаас нотолж байсан. Үүнд:
- Уг баримтыг хариуцагч тал нь шүүх хэлэлцүүлэгт болон үндсэн нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа “Энэхүү бичсэн баримтын гарын үсгээс бусдыг нэхэмжлэгч Э өөрөө бичиж, ажил дээр ирж дарамталж гарын үсэг зуруулсан, гарын үсгээс бусад нь миний бичсэн зүйл биш” хэмээн мэдүүлж ирсэн байдаг бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсны дүнд уг гар бичмэл бүрэн эхээрээ бүх бичвэр нь хариуцагч Уын бичсэн бичвэр болох нь тогтоогдсон шинжээчийн дүгнэлт гарч хэрэгт нотлох баримтаар авагдсан. Уг байдлаас үзэхэд хариуцагч тал нь нэхэмжлэгчид уг гар бичмэлд дурдагдсан мөнгийг төлж барагдуулаагүй, тухайн үед хүлээн зөвшөөрч өөрийн гараар бичсэн хэмжээний буюу 44,000,000 төгрөгийн зээлийн үндсэн төлбөртэй гэдэг хүсэл зоригоо шууд илэрхийлсэн байх бөгөөд уг баримт нь хэрэгт авагдаж нэхэмжлэлд хавсаргагдсан мөчөөс эхлэн хариуцагч У нь өөрийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нараараа дамжуулан өөрийн хүсэл зоригийн илэрхийлэл болсон баримтаа үндэслэлгүйгээр үгүйсгэж, шүүхэд илтэд худал мэдүүлэг тайлбар өгч үгүйсгэж ирсэн зэргээс харвал гарцаагүй энэ хэргийг шийдэхүйц хэмжээний баримт мөн гэдэг нь тодорхой харагдаж байна.
- Нөгөөтэйгүүр уг хэргийн 2-р хавтасны 246 дугаар талд авагдсан баримтыг үйлдэхийн өмнө хариуцагч У нь өөрийн ...дугаар бүхий утаснаас гэрч С.Б-н ... дугаар бүхий утас руу 2018.10.31-ны өдөр харилцан мессеж бичсэн ба уг мессежэнд дурдсны дагуу гэрч нь нэхэмжлэгчийн хамтаар 2018.11.02-ны өдөр хариуцагчийн ажил дээр очиход У нь уг бичгийг хийж өгсөн байдаг бөгөөд бичигт дурдагдсан мөнгийг удахгүй өгнө, бүр ойлголцолд хүрэхгүй бол шүүхээр шийдүүлнэ биз хэмээн хийж өгснийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэрч мэдүүлсэн байдаг. Дээрх харилцан бичсэн мессеж хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа болно.
Анхан шатны шүүхийн шийдвэрт уг баримтын дээр буй 9-ний өдрийн 10,000,000 төгрөгийг анзааралгүй шийдвэр гаргасан боловч нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай ах дүүсийн холбоотой, мөн маргааныг даамжруулж цаг хугацаа алдаж, шүүх байгууллагын ачааллыг нэмэхгүй байх үүднээс анхан шатны шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаагүй болно.
Ийм дээрх хөдлөшгүй баримт нотолгоог үндэслэн гомдлыг хянан үзэж магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.20-ны өдрийн 181/ШШ2019/02692 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.19-ны өдрийн 429 дугаар магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167-р зүйлийн 167.5, 172-р зүйлийн 172.2.1-д заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нийслэлийн давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд тус магадлалд гомдол гаргаж байна.
Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, үндэслэлгүй хэрэглэсэн байна. “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй, хариуцагч нь зээлийг буцаан төлөх үүрэгтэй байна” гэжээ. Мөн ИХШХШтХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заажээ.
Гэтэл давж заалдах шатны шүүх нотлох баримтуудад бодитой дүгнэлт хийгээгүй байна. Давж заалдах шатны шүүхийн “нэхэмжлэгч нь хариуцагчид 122,000,000 төгрөг зээлдүүлсэн, хариуцагч нь нэхэмжлэгчид буцааж 403,378,660 төгрөг төлсөн гэх үйл баримтын талаар талууд маргаагүй” гэснээс үзэхэд шүүх хэргийн бодит нөхцөл байдалд зөв дүгнэлт өгөөгүй байна. Харилцан мөнгө өгч, авч байсан 2 хүний нэхэмжлэгчийг мөнгө зээлсэн, хариуцагчийг мөнгө төлсөн гэж илэрхий буруу дүгнэсэн. Хариуцагч Уын хувьд зээлийн хүү, алдангийн талаар ямар нэг маргаан хийгээгүй. Зөвхөн Эд өгсөн мөнгөө буцаан авах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ. Талуудын харилцан бие биедээ мөнгө хөрөнгө шилжүүлж байсан талаар маргадаггүй, нэгэндээ мөнгө зээлэх сонирхол хүсэл зоригийн илэрхийлэл нэгдэж мөнгө өгөлцөж авалцаж байсан болох нь тогтоогдсон.
Давж заалдах шатны шүүхээс “Хөрөнгө үүссэн эрх зүйн харилцаанд үндэслэн шилжүүлсэн мөнгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй шилжүүлж, нөгөө тал хөрөнгөжихөөс үүсэх үүрэгт хамаарах боломжгүй” гэж дүгнэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ. Хариуцагч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Мөн “талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг хооронд нь харьцуулан дүгнэвэл Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д хэсэгт зааснаар гэрээний дагуу үүссэн өр төлбөрийг гүйцэтгэснээр гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзнэ. Иймээс хүлээн зөвшөөрч төлсөн буюу гүйцэтгэсэн үүргээ харилцан буцаан шаардах боломжгүй. Энэ үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.” гэжээ. Энэхүү дүгнэлт нь хуулийн болон бодит үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасны дагуу гэрээний дагуу үүссэн өр төлбөрийг гүйцэтгэснээр гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзнэ”. Гэтэл Э нь Уаас авсан ч 403,378,660 төгрөгийг бүрэн төлөөгүй нь 1 дүгээр хавтаст хэргийн 35-105 дугаар хуудсанд бэлэн мөнгөний гүйлгээний баримт, 110-280 дугаар хуудсанд бэлэн бусаар буюу интернет банкаар хийсэн гүйлгээний баримтууд, 2 дугаар хавтаст хэргийн 1-68 дугаар хуудсанд бэлэн бусаар хийсэн гүйлгээний баримтуудаар нотлогдсон бөгөөд зөрүү 303,678,660 төгрөгийг нэхэмжилсэн. Өөрөөр хэлбэл Э нь Уаас авсан мөнгөө эргүүлэн өгөх үүрэг дуусгавар болоогүй. Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.4-д “Хооронд нь тооцож дуусгавар болгох шаардлагуудын хэмжээ харилцан адилгүй байвал бага хэмжээний шаардлагыг бүрэн хэмжээгээр тооцох бөгөөд их хэмжээний шаардлагын нөгөө шаардлагаар нөхөгдөөгүй хэсэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж, мөн 239 дүгээр зүйлийн 239.1-д “Талууд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр өрийг хүчингүй болговол энэхүү үүрэг дуусгавар болно” гэсэн заалтуудтай зөрчилдөж байна. Талууд үүрэг дуусгавар болгох талаар тохиролцоогүй, тооцоо нийлэх тухай Уын хүсэлтийг Э нь хүлээж аваагүй. Э нь Уаас нийт 403,378,660 төгрөг авсан атлаа 98,000,000 төгрөг өгч 303,678,660 төгрөгийг буцааж өгөхгүй байгаа нь нотлох баримтаар нотлогдсон. Талуудын хооронд бичгээр зээлийн гэрээ хийгээгүй нь Эг Уаас авсан мөнгөө бүрэн төлөхгүй байх, зээлсэн мөнгөө эргүүлэн төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалд ИХШХШтХ-ийн 176.2.2-д заасны дагуу Уын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Э Ут холбогдуулан “Зээлийн гэрээ”-ний үүрэгт 44,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, илүү төлсөн 303,378,660 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх хариуцагчаас 34,00,00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Магадлалыг эс зөвшөөрч зохигч гомдол гаргасан ба гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
Хариуцагчаас “...бид хамаатан садангийн холбоотой, хоорондоо харилцан мөнгө өгч авалцдаг байсан, хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан мөнгөө цаг тухайд нь төлж байсан. Бичгээр хийсэн гэрээний дагуу нэхэмжлэгч нь мөнгө шилжүүлж байгаагүй тул гэрээний дагуу үүрэг үүсээгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй...” гэж маргаж, харин “...бидний хооронд 2014 оноос мөнгө өгч авч байсан, энэ хугацаанд нэхэмжлэгчээс 98,000,000 төгрөгийг авсан. Энэ мөнгөө 100% төлсөн, нотлох баримтаар энэ хугацаанд 403,827,580 төгрөгийг Эд өгсөн нь нотлогдсон тул илүү төлсөн 303,378,660 төгрөгийг нэхэмжилнэ...” гэжээ.
Зохигчийн хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д нийцсэн, шүүх маргаантай харилцааг зохицуулсан хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Талууд 2016 оны 07 сард зээлсэн 12,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2016.08.05-ны өдөр, 2018.02.27-ны өдрийн 12,000,000 төгрөг, 2018.03.09-ний өдрийн 10,000,000 төгрөгийн хүлээн зөвшөөрч 2018.03.20-ны өдөр нийт 22,000,000 төгрөгийн зээлийн гэрээг тус тус бичгээр үйлдэж, үлдэх мөнгийг зээлдүүлэхдээ амаар харилцан тохиролцсон байна.
Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч Э 2014 оноос хойш нийт 122,000,00 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, үүнээс 44,000,000 төгрөгийг 2015.03.23-ны өдрөөс 2018.03.09-ний хооронд 5 удаагийн үйлдлээр шилжүүлсэн, хариуцагч нь 2014.05.14-ний өдрөөс 2018.10.26-ны хооронд нийт 403,378,660 төгрөгийг, үүнээс гэрээ байгуулснаас хойш 307,408,660 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.
Тухайлбал, анхан шатны шүүх зохигчийн хооронд 34,000,000 төгрөгийн зээлийн гэрээ хийгдсэн байна гэж үзсэн атлаа гэрээний хугацаанд болон түүнээс хойш хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн мөнгөн гүйлгээг ямар үндэслэлээр гэрээний үүрэгт тооцоогүй талаар дүгнэлгүй, зөвхөн гэрээнд заасан үнийн дүнгийн хэмжээгээр хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг хариуцуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, үндэслэл муутай болжээ.
Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг залруулж, зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч хэрэгт цугларсан баримтаар гэрээний үүрэг дуусгавар болсон үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч нь хэдийгээр нэхэмжлэгчид их хэмжээний мөнгө дансаар шилжүүлсэн нь нотлогдсон боловч дээрх мөнгийг буцаан шаардах эрхтэй болохоо нотлоогүй, энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй гэж дүгнэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, маргааны эрх зүйн үндэслэлд холбогдох Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 236 дугаар зүйлийн 236.1.1., 186 дугаар зүйлийн 168.1., 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцжээ.
Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 429 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Эгаас 2020.03.16-ны өдөр төлсөн 377,950 төгрөгийг, хариуцагч Уаас 2020.03.13-ны өдөр төлсөн 1,676,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ
Б.МӨНХТУЯА
Х.СОНИНБАЯР
Х.ЭРДЭНЭСУВД